С.Баяр + Ерөнхийлөгчийн бүлэг = МАХН-ын дарга
Тавин нэгэн настай С.Баяр 1990 оноос хойшхи МАХН-ын тав дахь дарга боллоо.
МАХН Н.Энхбаярын нөлөөнөөс салах гэж зүдэрч явна. М.Энхболд өөрөө улстөрийн лидер байж чадаагүй ч, өөрөөсөө хүчтэй хүний хүүхэлдэй байгаагүйгээрээ энэ намд гавьяа байгуулсан. Чухамдаа түүний энэ гавьяагаар МАХН өмнөхөөсөө илүү эрчимтэй ардчилагдаж, Элснийхэн мэндэлж, ээлжит бус хурлаа хийж, их хурал нь хүртэл анх удаа АН-ынх уу гэж андуурмаар болж, эцэстээ шинэ даргатай боллоо. Намын их хурлын төлөөлөгчид энэ удаа өмнөх даргаа хувь улстөрчийнх нь чадвар, зангаргын хувьд чанаржуулсан сонголт хийсэн болов уу. Түүнээс биш, эргэж буцсан, өмнөх үеийн сценараар явдаг их хурлаа санагалзаагүй байх. Гэхдээ их хурлын өрнөл өөрөө нийгэмд эргэлзээ үлдээлээ. Эргэлзээг тайлах үүрэг намын шинэ даргад ногдов. Одоо С.Баяр М.Энхболдын эхлүүлсэн намын дотоод ардчилал, нэг хүний нөлөөнөөс салгах үйл явцыг үргэлжлүүлэх үү, эсвэл өөрийг нь дэмжиж дарга болгосон бүлэглэлдээ үйлчлээд явах уу гэдэг эсрэг хоёр сонголтын өмнө зогсч байна. Хэрэв намын дарга өр төлөх замаар асуудалд хандвал олон түмэн дургүйцнэ.Шинэчлэл биш, ухралт болно. М.Энхболдыг сольсноосоо ч дор юм болно. Гэтэл Элснийхэн гавьяагаа үнэлүүлэх гэж нэхнэ.. Шинээр байгуулах Засгийн газарт багтаагүй хэсэг нь гомдоно. С.Баярыг дэмжсэн хот, дүүргийнхэн нийсэлийн Засаг дарга, хотын ерөнхий менежерийн суудлыг нэхнэ. Энэ бүхнийг нь биелүүлэхгүй бол өнөөдөр эсрэг явсан бүлэглэлүүд эцэстээ нэгдээд эргэж С.Баяр руугаа ноцно.
Ноцуулахгүй гээд өр төлнө гээд М.Энхболдын танхимын бүх сайдыг огцруулбал хоёрдугаар ээлжийг хоолонд оруулснаас өөрцгүй. Жишээ нь чадварлаг, олон түмэнд нэр хүнд сайтай яваа Д.Одбаяр, Н.Энхболд нарыг Элснийхний хэн нэгнээр сольж, Д.Загджавыг хотын дарга, Э.Мөнх-Очирыг хотын ерөнхий менежерээр тавьбал өр төлж байна гэснээс өөрөөр ойлгогдохгүй. Зарим сайдыг солихгүй цааш явах бүр ч хүнд. Тухайлбал, хоёр ч Засгийн газар огцруулсан /Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг гарын үсэг зурж, М.Энхболдын Засгийн газрыг Элсний 13-аар/ Д.Тэрбишдагвыг дахиад сайд болгохыг МАХН боловсон хүчин сайтайнх гэж ойлгох уу. Эс бөгөөс өмнөх Засгийн газруудаа огцруулсан улстөрийн гавьяаг нь үнэлж байгаа хэрэг үү.
С.Баяр бол улс төрд олон жил явсан, лидерийн зиндаатай улстөрч ч, өөрөө залуур дээр сууж байсан удаагүй билээ. Оросын талыг баримталдаг гэж зарим хүний тодорхойлсон энэ эрхэм Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга байхдаа ч, ОУ-д Элчин сайд байхдаа голдуу сөрөг хүчний байр сууринаас асуудалд ханддаг, хожим намын ерөнхий нарийн бичгийн дарга үедээ намын удирдлагага, жигүүр, хөдөлгөөнүүдийн дундын зууч маягтай явсан. Одоо тэр өөрөө жолооны хүрдэн дээр суулаа. Хүнд бүхэн түүний өмнө байна. Найман жилийн бялуурсан эрх мэдлийнхээ шарыг саяын их хурлаараа тайлсан МАХН-ыг С.Баяр удирдах болсноор АН-ынхны тус намд хандах хандлага ч өөрчлөгдөнө. Уг нь АН-ын “Алтангадас”-ын зарим гишүүд МАХН-ын их хуралд шууд бусаар оролцож С.Баярыг дэмжсэн. Гэхдээ түүнийг дэмжих гэж биш л дээ, М.Энхболдыг унагах гэж МАХН-ын бүлгийн захиалгын гүйцэтгэгчээр АН-ын гишүүд ажилласан нь алсуураа С.Баярт дэмжлэг болсон юм. Одоо энэ дэмжлэг зөвхөн “Алтангадас”-т биш, АН-д хожмоо улстөрийн үр нөлөө үзүүлэхийг таамаглахад эрт байна. Ер нь сайнаасаа саараар л илүү тусна даа. С.Баяр гэдэг хувь хүнээс нь болоод одоо АН-ынхан өмнөх шигээ дуртай үедээ МАХН, түүний удирдлага руу “нулимаад” байхгүй л болов уу
Аливаа бүлэглэлийн тэмцэл, улс төрчдийн зөрчил бол эрх мэдэл, мөнгө дагаж л үүсдэг. Өнөөдрийн АН бол сөрөг хүчин, эрх мэдэлгүй, хуваах төсвийн учраас адууныхаа хэрээр исгэрч яваа. Харин МАХН-д бол эрх мэдэл, мөнгөтэй учраас ганц дарга сольсноор эв зүйдээ орохгүй. Намын Бага хурал, удирдах зөвлөл дэх бүлэглэлүүдийн хүчний харьцаа, лидерүүдийн албан тушаалын хуваарилалт зэргээс олон зүйл шалтгаална.