С.Баярын дараалсан гурван Ялалт
Эхний ялалт. МАХН-ын даргаар сонгогдсон нь С.Баярын анхны ялалт.
Удаахь ялалт. Энд хэвлэлүүдээр гарч байгаагаас өөр, тэрслүү гэмээр гаргалгаа хиймээр байна. “Элсний-13”-аар өнгөлсөн Ерөнхийлөгчийн бүлэг МАХН-ын даргыг сольж санасандаа хүрсэн. Харин зорилгодоо хүрсэнгүй. Тэд М.Энхболдыг ялж чадсан ч, намын даргад дэмжсэн С.Баяртаа эргэж ялагдлаа.
МАХН-ыг шинэчлэхэд Ерөнхийлөгчийн хүчийг ашиглах бодолтой ганц, хоёр гишүүн Элснийхэн дотор эхэндээ байсан л байх. Эцэстээ тэд бүхлээрээ, 13-уулаа Ерөнхийлөгчийн ивээлд багтав. Хэрэв М.Энхболд намын даргаар үлдвэл “Элсний 13”-ынхны улстөрийн карьер МАХН-ын XXV Их хурлаар дуусах байлаа. Карьераа дуусгахгүйн тулд элсний шинэчлэгчид улайрч, ашиглах гэж байсан Ерөнхийлөгчийн бүлэглэлдээ өөрсдөө ашиглагдахаас өөр сонголтгүй хоцров. Тэд Ерөнхийлөгчийн бүлэг гэсэн нэг бүтэц дор нэгдлээ. Зорилгоо нэг болгов. УИХ, Засгийн газрын гишүүн бус, хэн нэгэн сул хүнийг намын даргаар сонгож, түүнийг Цагаан байранд хорионд оруулах нь М.Энхболдын эсрэг бүлгийн гол зорилго байлаа. “Сул хүн” гэдэг нь төрийн албан тушаалын хувьд сул болохоос, намын даргын өрсөлдөөнд М.Энхболдыг ялах хүчтэй нэгэн байх шаардлагатай. Энэ шалгуурт ерөнхий нарийн бичгийн даргаас өөр албан тушаалгүй, түрүүчийн Их хурлаар 20-иодхон саналаар ялагдсан, намын дарга болох урт хугацааны сонирхолдоо үнэнч яваа С.Баяраас өөр хүн олдсонгүй. Ингээд Элснийхнээр “туг” хийсэн Ерөнхийлөгчийн бүлэг үндсэн зорилгодоо хүрэхийн тулд эхлээд С.Баярыг ашиглахаар, хэрэглэхээр сонгож, түүнд зохиомол дэмжлэг үзүүлж намын дарга болгов. Энэ бол тэдний үндсэн зорилгынх нь нэг л хэсэг. Үлдсэн хэсгийг нь МАХН-ын байранд биш, Төрийн ордонд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Хэрэв үйл явдал С.Баярыг МАХН-ын даргаар сонгосон тэр өдөр хүртэлх шиг цааш өрнөсөн бол алсдаа хоёр “Э” дахин эвлэрч, намын дарга С.Баярын эсрэг нэг блок болох, эсвэл Элснийхнээс хэн нэг нь Ерөнхий сайдаар тодрох. Улмаар Засгийн газар, түүний тэргүүн нь улстөрийн хариуцлагаас суларч, Ерөнхий сайд нь саарал ордонд, намын дарга нь цагаан байранд тус тусдаа, бие биедээ томорч сууж байгаад сонгуульд орсон 1996 оны МАХН-ыг дахин бүтээх ирээдүйг улстөрийн тоглолтууд өөрөө зурж байлаа. Гэвч үйл явдал ингэж өрнөсөнгүй. С.Баяр хүний ач санахдаа тааруу нэгэн юм уу, эсвэл улстөрийн “шатар”-ыг арай илүү нүүдэг юмуу, ямар ч гэсэн дэмжигчдийнхээ эсрэг гэнэт ноцов. Ноцох ноцохдоо, Элстэй нь, Ерөнхийлөгчийн бүлэгтэй нь, өөрийг нь эсэргүүцсэн М.Энхболдын багтай нь гээд бараг бүгдийнх нь эсрэг гэнэт хөдлөв. Тэрээр “МАХН-ын дарга нь Ерөнхий сайд байна” гэсэн тогтоолын төслийг намынхаа Их хуралд орууллаа. Энэ үеэс МАХН-ын Их хурал зөвхөн байгууллагынхаа дотоод асуудлыг биш, Монгол Улсын Засгийн газрын хувь заяаг хэлэлцэж эхэлсэн юм. Энэ үед дээрх хоёр албан тушаалыг салгана гэж зүтгэсэн Элснийхэн шоконд орж, намын дарга нь Ерөнхий сайд байна гэсэн хатуу үзэлтэй лидерүүд, хотын бүлгийнхэн гурван сар ярьснаасаа гуравхан минутын дотор буцав.
Тэглээ гээд намын дарга С.Баярыг дийлсэнгүй. Түүний энэ саналыг өөрийг нь намын дарга болоход гар өргөснөөс ч олон төлөөлөгч дэмжжээ. Магадгүй, энэ нь Элснийхэн, М.Энхболдын бүлэг хоёр тэрхэн зуур нэгдсэн ч, зааландаа цөөнх байсан, төлөөлөгчдийн олонхи дээрх хоёр албан тушаалыг салгавал Засгийн газар МАХН-аас хөндийрөөд явчихна гэдгийг ойлгосонтой холбоотой болов уу. Дээрх тогтоол нэг талаас С.Баярыг дараагийн Ерөнхий сайд болохыг зарлаж, нөгөө талаас Элснийхэн, Ерөнхийлөгчийн хамтарсан бүлгийн үндсэн зорилгын хоёр дахь буюу Төрийн ордонд хэрэгжүүлэх хэсгийг нураалаа. Энэ нь С.Баярын удаахь ялалт, МАХН-ын Их хурлын оргил шийдвэр болов. Ерөнхийлөгчийн бүлэг мэхэндээ бүдэрч, С.Баяр ашиглагдаж байсан Элснийхнээ эргэн ашиглаж “Засгийн газар-МАХН-ын удирдлага”-ыг нэг баг болгон авч үлдсэнээр хоёр дахь ялалтаа байгуулсан хэрэг. Өөрөөр хэлбэл, сонгогдсон дарааллынхаа эсрэг “МАХН-ын дарга -Ерөнхийлөгчийн бүлэг = С.Баяр” болж үлдлээ гэж ажиглагчид харж, дүгнэж байна.
Одоо намын дарга С.Баярыг Ерөнхий сайд болгохгүй гэж, МАХН-ын дээд байгууллагынхаа улстөрийн шийдвэрийн эсрэг зогсох ямар ч лидер-гишүүн энэ намд гарахгүй нь тодорхой.
Гурав дахь ялалт. Энэ хэсэг бол С.Баярын эхний хоёр ялалтын шууд үр дүн. Дэмжсэн, дэмжүүлсэн талууд одоо бие биедээ өргүй тийшээ хандсан. Намын удирдлагууд, удирдах зөвлөлийн бүтэц ч үүнийг ямар нэгэн хэмжээгээр илтгэнэ. Хэрэв өр төлөх байсан бол ганцхан Т.Гандигаа удирдах зөвлөлд багтаах нь Элснийхний хүч чадалд таарсан “шагнал” уу. Албан тушаалаараа орж байгаа Т.Билэгт болон У.Барсболд, Ё.Отгонбаяр нар Удирдах зөвлөлд Ерөнхийлөгчийн бүлгийг хангалттай төлөөлөх квот мөн үү гэсэн асуулт гарна. Дээр нь Ерөнхийлөгчийн бүлгийн Ё.Отгонбаярыг ерөнхий нарийн бичгийн даргаар, Элсний 13-аас Т.Гандийг нарийн бичгийн даргаар сонгууллаа. Энэ бүгдийг нам, бүлэглэлүүдийн эв нэгдлийг бодсон сонголт байгаасай гэж найдаж байна. Хотын бүлгийг М.Энхболдоор, жигүүр хөдөлгөөнийг У.Барсболдоор төлөөлүүлэн нарийн бичгийн даргаар томилсныг ч бас эв нэгдэл талдаа, Их хурлын төлөөлөгчдийн 44 хувийн саналд үзүүлж буй хүндэтгэл байгаасай гэдэг утгаар нь зарим хүн хүлээн авч, тийм байхыг хүсч байна. Удирдах зөвлөлд харин Онц их хурлын төлөө хөдөлгөөний тэргүүлэгчдээс төлөөлөл оруулсангүй, Засгийн газарт багтаах юм болов уу. Ингэж намын дэргэдэх албан болон албан бус бүтцүүдийн төлөөллийг намын удирдлагад жигд багтааснаас гадна удирдах зөвлөл нь уламжлалт лидерүүдийн цугларалт байсныг өөрчиллөө. Үүнийг зарим хүн хүчгүй удирдах зөвлөл гэж байгаа. Удирдах зөвлөлийнхөө өмнө хүчгүйдэх үе М.Энхболдод хэдэнтээ тохиолдож байсныг биеэр мэдэх учраас зориуд ийм хүчгүй, намын даргынхаа нөмөрт явах удирдах зөвлөлийг байгуулсан болов уу. Эдийн засгийн бүлэглэлийн төлөөлөл, “улстөрийн олигархи” хэсгээс чөлөөлж намын даргатайгаа эрх мэдэл булаацалдахгүй тийм “жижиг” удирдах зөвлөлийг өөрийн санаснаар, бусдын шахалтгүйгээр байгуулж чадсан нь С.Баярын хувьд гурав дахь ялалт нь юм. Харин намдаа ялалт мөн эсэхийг цаг хугацаа харуулна. С.Баярын гурав дахь ялалт Засгийн газрын бүрэлдэхүүний томилгоогоор баталгаажна. Намын удирдах зөвлөлөө байгуулахдаа ашиглаагүй өр төлөлтөө Засгийн газрын бүрэлдэхүүний томилгоонд хэрэглэхгүй байх эсэхээс хамаарна гэсэн үг.
Эдгээр ялалт бол МАХН-д л илүү хамаатай. Сайн, муу үр дүнг нь тус намынхан илүү хүртэнэ, үүрнэ. Харин ард түмэн үр дүнг нь шууд хүртэх тийм ялалтыг С.Баяраас олон нийт хүлээж байна. Энэ нь шинэ Засгийн газрыг хэрхэн бүрдүүлэхээс, ажлынх нь гараанаас эхэлнэ, хамаарна.
Сөрөг хүчнийхний хувьд Н.Энхбаяр, С.Баяр, М.Энхболд, Н.Багабанди нарыг хооронд нь сөргөлдүүлэн МАХН-ын хагарал бутралын эхийг энэ Их хурлаас хүлээж байлаа. Эцэстээ Н. Энхбаяр+С. Баяр ба М. Энхболд+Н. Багабанди гэсэн тэмцэл ил, далд явсаар Их хурал дээр Ерөнхийлөгчийн баг Ерөнхийлөгч асаны багийг 56:44 харьцаагаар яллаа. Энэ нь зөвхөн МАХН доторхи ялалт. Харин тэдний ялалт шударга байсан эсэхийг нийгэм одоо гадна талаас нь шүүнэ. С.Баяр ба түүний баг тэрхүү шүүлтүүрийн өмнө ирлээ.
XXV Их хурал бол шинэчлэлийн салхин дор болсон хурал. Ардчилсан намынх уу гэж андуурмаар ардчилалтай хурал болсныг сөрөг хүчнийхэн ч хүлээн зөвшөөрлөө. Гэхдээ энэ нь МАХН доторхи л шинэчлэл. Харин энэ намын гаднахь шинэчлэл үнэ хөөрөгддөг цалин тэтгэврийн ээлжит нэмэгдлээр цааш явахгүй ээ. Хамгийн түрүүнд тус намын “бай”-гаа оносон боловсон хүчний бодлогоор үргэлжлэх учиртай. С.Баяр ч өөрөө энэ шалгуураар намын дарга болсон билээ.
С.Баяр дээр өгүүлснээр дараалсан гурван ялалт байгуулснаар ирээдүйд, бүр хэн нэгэнтэй, намын удирдлагын аль нэгэн бүтэцтэй ч хуваалцахгүйгээр хүлээх хариуцлагатайгаар дүйцэхүйц эрх мэдлийг нам нь түүнд өглөө. Зарим хүний тодорхойлсноор С.Баяр өөрөө шаггүй стратегичийн хувьд бүх эрх мэдлийг өөртөө төвлөрүүлж чадлаа. Төвлөрүүлсэн эрх мэдлээ буруу ашиглаж, Их хурлынхаа эхлүүлсэн шинэчлэлийг шилгээвэл МАХН-ын өмнөх дарга М.Энхболдынх шиг ирээдүй С.Баярыг хүлээж байна, 2008 онд.
Б.Утаа