ЖАГСАЖ СУРСАН МОНГОЛ
Товчхондоо монголчууд жагсаж сурч буй үндэстэн. Жагсаж сурна гэдэг нь дундын үзэл санаа, үйл хэргийнхээ төлөө өөрийн эрх ашгийг огоорон тэмцэхийн нэр. Үүнд биднийг иргэншил сургаж буй. Иргэншилдээ ч бид суралцаж буй.
Нүүдэлчин соёлтой, тогтвортой хотжоод 100 жилийн ч нүүрийг үзэж амжаагүй монголчуудын жагсаж, тэмцэж чаддаггүй гэж хэлвэл доромжилсон болно. Францчууд шиг хүн төрөлхтний түүх, сэтгэлгээг өөрчилсөн цуст хувьсгал хийж амжаагүй ч, монголчууд эрх чөлөө, үзэл санааныхаа төлөө ч, үгүй ядахнаа хэсэг бүлэг, амин хувийнхаа эрх ашгийн төлөө жагсаж тэмцсэн түүхтэй ард түмэн мөн.
Иргэншилд суралцсан нь
Монголчууд нэг зорилгод нэгдвээс дийлддэггүй хэмээлдэх нь дэмий нэг ший янгууны үг биш гэдгийг манай түүх нотолдог. Нүүдэлчдийн хувьд орших, эс оршихын дэнсэн дээр л нэгэн зорилгод нэгддэг, тийнхүү нэгдсэн үедээ л тив, дэлхийг донсолгосон их гүрэн болж байсныг түүх нотолдог. Харин гар газар, хөл хөсөр суух үедээ амин хувийн эрх ашгаа харан мөр мөрөө хөөхийг урьтал болгодог нь манай үндэстний түүхийн энхэл донхолоос илхэн. Тийм ч учраас суурин иргэншилд урт түүхтэй жагсаал тэмцлийн түүх монголчуудын хувьд тун ч богинохон. Товчхондоо монголчууд жагсаж сурч буй үндэстэн. Жагсаж сурна гэдэг нь дундын үзэл санаа, үйл хэргийнхээ төлөө өөрийн эрх ашгийг огоорон тэмцэхийн нэр. Үүнд биднийг иргэншил сургаж буй. Иргэншилдээ ч бид суралцаж буй.
Сүсэг, бослого, суртал, жагсаал...
Монголчуудын жагсаж тэмцсэн түүх үндсэндээ “сүсэг бишрэл, бослого тэмцэл, үзэл суртал, жинхэнэ жагсаал” гэсэн дөрвөн хэв шинжтэй аж. Эхэндээ сүсэг бишрэлийнхээ үүднээс жагсаж гороолдог байв. Харин Манж Дайчин гүрний албадлага хэрээс хэтрэх үед харин хэсэг хэсгээр босч тэмцэх болжээ. Цэргийн эсэргүүцэл шинжтэй, хуаран орчимд гарч байсан тэмцлүүд хожмын эрх чөлөөний хувьсгалын үүдэл, партизаны дайны бэлтгэл болж, монголчууд 1911 онд тусгаар тогтнолоо эргүүлэн авч чаджээ. Хоёр их гүрний нууц тохиролцоонд хэрчүүлж хоцорсон 1920-иод онд монголчууд тусгаар тогтнолынхоо төлөө илээр биш далд тэмцэж эхэлсэн. Энэ далд тэмцлийн үрээр газар нутаг дээрээ өөрийн толгойгоо мэдэхтэйгээ болж, асар их үнээр тусгаар тогтнолоо олж авсан. Социализмын үеийн жагсаал гэдэг үзэл суртлын үзүүлэн тоглолт шинжтэй, их л үзүүштэй эд байжээ. Ямар нэг үзэл санаа, үйл хэрэг эрх ашиг гэхээсээ даян дэлхийн энхтайван гэх мэт хийсвэр зорилгыг магнай дээрээ мандуулж явжээ.
Хөдөлмөрийн хөлсгүйгээр жагсахгүй...
Монголчууд түүхийн тохиол, боломжийг алдалгүй тэмцэж чаддагийг 1990 оны Ардчилсан хувьсгал батална. Энэ үед монголчууд эрх чөлөөнийхөө төлөө илээр тэмцэн жагсаж, эрх чөлөөгөө жинхэнэ утгаар нь эдлэх боломжийг олж авсан. Хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлоохыг зорьсон сүүлийн 30 гаруй жил монголчууд бид жагсаал, цуглаанаар амьсгалах шиг л болжээ. Жагсаж ч сурчээ. Иргэд улс төрийн хийрхэл биш эрх ашгийнхаа төлөө жагсдаг болжээ. Хэрэв хэн нэгний өмнөөс жагсах хэрэгтэй болвол хөдөлмөрийн хөлсөө авахаас нааш хөдлөхөө ч байжээ. Монгол хүн өөрийн хийгээд нийтийн эрх ашгийнхаа төлөө жагссан шиг жагсдаг ч болох шинжтэй. Монгол жагсаал маш төгөлдөрших болтугай!
Айсуй хаврын халуун өдрүүд...
2000-аад оноос Монголд жагсаал улам бүр ашигтай түр ажлын байр болж буй. Зүгээр суухаар хэдэн төгрөг аваад жагсчих бодолтой сул иргэнээс, ардын зовлонд дөрөөлж төрийн сэнтий рүү мярайчих санаатай хэн хүн, үзэл санаандаа үнэнч ясны тэмцэгчид, зүгээр хэрэгт дурлагсад гээд жагсаалын дуудлагаа хүлээж буй хүн олон.
Үндэстний ТОЙМ сэтгүүл (№ 355,356 - 2018.02.12)
Жич:
Монголчуудын жагсаж мунхарсан, жагсаж тэмцсэн, жагсаалаа худалдсан, жагсаалаа хулгайлуулсан арвин түүхийг жич дараагийн нийтлэлээр хуваалцана.