БҮРЭН ЭРХЭЭ ХЯЗГААРЛУУЛСАН ТУСГААР ТОГТНОЛ
Хятадын тал Монголыг өөрийн бүрэлдэхүүн хэсэг мөн гэсэн чиг бодлогоо үргэлжлүүлэн, монголчуудын үндэстний өөртөө засан тохинох эрхийг хүлээн зөвшөөрөхгүй, энэхүү байр суурь нь есөн гүрний 1922 оны гэрээгээр улам бэхэжсэн байна. Иймд Хятадын тал Үндсэн хуулиндаа Монголыг муж болгон тодорхойлж, Монголд цэрэг суулгах бодлоо орхилгүй завдсаар байжээ.
Зөвлөлт Оросын зүгээс Монголын ард түмний “өөртөө засан тохинох эрх”-ийг хүлээн зөвшөөрнө гэж тунхаглаж байсан боловч хэрэгжүүлсэн чиг бодлого нь Монголд “хамгийн ихдээ Хятадын сюзеренитет, хамгийн багадаа Хятадын суверенитет тогтоох” явдал байжээ. Энэ нь хаант Оросоос 1912-1915 онд явуулсан Монгол, Хятадын хооронд зуучлах гэсэн чиг бодлогын үргэлжлэл байв. Энэхүү зорилгоор Хиагтын загвараар гурван талын уулзалт хийж Монголын автономит статусыг сэргээхэд зуучилна гэдэг бодлогоо Монголын талд тулгаж, Хятадын суверенитетийг Монголоор өөрөөр нь хүлээн зөвшөөрүүлэх зорилгоор Монгол, Хятадын хооронд хоёр талын уулзалт хийлгэхийг оролдож байжээ. Зөвлөлт Оросын зүгээс Ардын хувьсгалын дараах жилүүдэд үзүүлж байсан тусламж нь Монгол Улсыг бие даахад нь чухал ач холбогдолтой байв. Гэхдээ энэхүү бие даасан байдал нь бэхэжмэгц Зөвлөлт Оросын зүгээс тусгаар тогтносон улс болгохыг нь дэмжинэ гэсэн алсын ямар нэгэн бодлого, зорилт тухайн өгүүлэн буй үед байгаагүй байна. Харин ч эсрэгээр монголчуудын тусгаар тогтнох үзэл бодлыг “Зөвлөлтийн бодлогод үл нийцэх шугам” хэмээн эсэргүүцэн, хэрэгжүүлэх гэж оролдсон удирдагчдыг нь “зайлуулжээ”. Зөвлөлтийн тал Хятадын ард түмэн “империализмын дарлал”-аас чөлөөлөгдсөний дараа БНМАУ сайн дураараа Холбооны Бүгд найрамдах Дундад Улсын бүрэлдэхүүнд багтана гэж үзэж байв. Харин тэр хүртэл Хятадын суверенитетийн дор Москвагийн нөлөөнд орших автономит Монгол Улс байна гэсэн чиг бодлогыг явуулсан байна. Монголчууд тусгаар тогтносон Бүгд найрамдах засаглалыг тунхаглаж, Үндсэн хуулиа баталсан нь Холбооны бүгд найрамдах Хятад Улсын бүрэлдэхүүнд алсдаа “сайн дураар” нэгдэх гэдгийг илтэд эсэргүүцэн хийсэн үйлдэл байв. Ардын хувьсгалын ялалтаас дутахгүй ач холбогдолтой энэхүү чухал үйл явдлыг бүдгэрүүлж болохгүй юм. Монголд Хятадын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрснөөр ЗХУ нь Хятадтай дипломат харилцаагаа сэргээн, ДХТЗ-ыг түр боловч мэдэлдээ авч, хаант Оросын үеийн зарим өмчид хяналтаа тогтоож, Орост төлөх ёстой өмнөх төлбөрүүдийг төлүүлэх зэргээр нэг ёсондоо наймаалцсан байна.
Хятадын тал Монголыг өөрийн бүрэлдэхүүн хэсэг мөн гэсэн чиг бодлогоо үргэлжлүүлэн, монголчуудын үндэстний өөртөө засан тохинох эрхийг хүлээн зөвшөөрөхгүй, энэхүү байр суурь нь есөн гүрний 1922 оны гэрээгээр улам бэхэжсэн байна. Иймд Хятадын тал Үндсэн хуулиндаа Монголыг муж болгон тодорхойлж, Монголд цэрэг суулгах бодлоо орхилгүй завдсаар байжээ. Ингэснээр Хятадын тал Монголд суверенитет эрхээ ЗОУ-аар хүлээн зөвшөөрүүлж чаджээ. Зөвлөлт, Хятадын 1924 оны хэлэлцээр нь “Хятадын газар нутаг, засаг захиргааны бүрэн байдлыг хадгална” гэсэн Вашингтоны гэрээг ЗХУ нь тусдаа хүлээн зөвшөөрсөнтэй адил акт болсон юм. Монголд Хятадын ашиг сонирхлыг тодорхойлж байсан үндсэн хүчин зүйлс нь Монголыг Хятадын бүрэлдэхүүнд ёс төдий ч хэвээр байлгах, Монголоос Зөвлөлт Оросын цэргийг гаргах асуудлыг ЗОУ-ыг хүлээн зөвшөөрөх хөзөр болгох, Монголд худалдааны давуу байдлаа хадгалж үлдэхэд оршиж байв. Энэхүү зорилгодоо Хятадын тал хүрсэн байна. Бээжин нь Хятад, Зөвлөлт, Монголын гурван талын уулзалт хийх Москвагийн саналыг няцааж, харин Оросын зуучлалгүйгээр Монголд автономит мужийн статус олгох талаар Хятад, Монголын хоёр талын яриа хэлцээ явуулах гэж ятгасныг Монголын тал хүлээн аваагүй байна. Хятадын тал “түүх давтагддаг” гэсэн томьёоллыг Монголын хувьд олонтоо хэрэглэж байсныг мартах учиргүй.
Зөвлөлтийн санал болгосноор Монголын тал Хятадтай хоёр талын хэлэлцээр байгуулж, “өргөн автономит эрхтэйгээр Хятадын бүрэн эрхийн дор ёс төдий” байхыг зөвшөөрсөн бол Монголын тусгаар тогтнолын асуудал бүрмөсөн хаагдах хүртэл эрх зүйн аюултай үр дагавартай байжээ. Гурван талын уулзалт хийх Зөвлөлтийн саналыг Монголын тал хүлээн авч байсан боловч ийм уулзалт хийхийг Бээжин няцааж байв. Гэхдээ байдлаас үзэхэд Хятадын тал гурван талын уулзалтаас татгалзаж байгааг ашиглан Монголын тал гурван талын уулзалт хийх Зөвлөлтийн саналыг зөвшөөрч байсан байна. Зөвлөлтийн ятгалга, зуучлалаар Монгол, Хятадын хоёр талын уулзалт хийхэд Монголын тал дурамжхан байсан боловч хүчинд автаж байв. Харин Хятадын талтай яриа хэлцээ явуулахдаа Зөвлөлтийн талын хүсэж байсан байр суурийг илэрхийлэлгүй, зөвхөн хоёр тал эрх тэгш харилцаа тогтоох саналаа илэрхийлж байжээ. Ингэснээр Москвад тал алдалгүйгээр Хятадын бүрэлдэхүүнд автономит статустай байлгах гэсэн хоёр хөршийн чиг бодлогыг нь няцаасан байна. Энэ нь Монголын удирдагчдын оновчтой маневр байв. Зөвлөлт, Хятадын аль аль нь ийнхүү Монголын тусгаар тогтнолыг дэмжихгүй байсан өгүүлэн буй 1921-1925 онд тэдгээрийн дээрх дээрэнгүй чиг бодлогыг дангаараа сөрсөн Монголын удирдагчдын ухаалаг алхмуудын дүнд л бүрэн эрхгүй ч гэсэн тусгаар тогтнолоо хадгалж чадсан байна.