Аравдугаар бүлэг

Миний хувьд 1969 он хөл алдам намаг шиг санагддаг юм. Алхах бүр гутал сугарчих шиг болж, нүд алдам намаг дундуур туучиж, хүмүүсийн бараа сураггүй энэ хүйтэн хөндий орчинд өдөр хоногийг ганцаар туулж явлаа.

Хорвоо ертөнц өөрчлөгдөж, хаа сайгүй өөрчлөлт шинэчлэлийн хуй салхи дэгдэвч нүдэнд үзэгдэж, гарт баригдахаар юм болсонгүй.

Харин би гэдэг хүн хаяа хязгааргүй энэ намаг дундуур толгой гудайлган туучиж явлаа. Энэтээгээс тэртээ хүртэл уудам их зайд сунаж тогтсон энэ орчинд хаа хүрэхээ мэдэхгүй хөлөө зөөсөөр л.

Хорьж болохгүй хорин насны минь намар шувтарч, цас мөстэй өвөл хаяанд ирлээ. Амьдралын хүрдэн эргэсээр, алаг өдрүүд ээлжилсээр байлаа. Долоо хоногтоо гурван өдөр ажиллаж, хааяахан Аугаа Гэтсби- г сөхөж, ням гараг болуут Наокод захиа илгээж, угаалга хийнэ. Заримдаа Мидоритой уулзаж, амьтны хүрээлэн, кино театр орно.

Кобаяшигийн номын дэлгүүр шинэ эзэнтэй болж, Мидори эгчтэйгээ Мёгадани буудлын ойролцоо хоёр өрөө байр хөлсөлж суув. Эгч нь нөхөрт гармагц Мидори нүүнэ гэж билээ.

Тэр хоёр наран талдаа цонхтой, цэвэрхэн байр олжээ. Мидори номын дэлгүүрийн дээд давхарт амьдарч байснаасаа хавьгүй сэтгэл хангалуун байлаа.

Нагасава хэд хэдэн удаа “анд явахаар” уруу татсан ч би завгүй хэмээн бултав. Эмэгтэй хүнийг хүсэмжилж байсан ч таарч тохирох бүсгүйн эрэлд шөнийн гудамжаар сэлгүүцэж, архи дарсанд мансуурч, охид бүсгүйчүүдийн толгойг эргүүлж, ор хөнжилд орно гэхээс нэг бодлын залхаж билээ. Энэ адармаатай үйлийг ахин дахин гүйцэлдүүлэхийг тэмүүлэх Нагасавад гайхшрав.

Хацүмигийн хэлснийг дурсах бүр нэр усыг нь мэдэхгүй бүсгүйчүүлтэй нэг шөнийг өнгөрөөхөөс илүүтэй Наоког санагалзан суухад дотор уужирна. Хээр талд эрхлэн наадсан намрын тэр налгар өдөр санаанд тодхон үлджээ.

Арван хоёрдугаар сарын эхээр Наокод өвлийн амралтаараа очиж болох талаар захиа бичсэнд Рэико хариу илгээлээ. Наокогийн өмнөөс хариу илгээсэн ч хоёул намайг тэсэн ядан хүлээж буй гээд Наокод санаа зоволтгүй, бага зэрэг тавгүйрхнээс цаашгүй гэжээ.

Ингээд өвлийн амралт эхлэнгүүт би хувцсаа цүнхэлж, өвлийн гутлаа өмсөөд Киото руу гарлаа. Нөгөө эмчийн хэлсэнчлэн цасан нөмрөгтэй уулс ажин түжин дүнсийх нь зүйрлэшгүй сайхан ажээ.

Би урьдын адил тэр хоёрын өрөөнд хоёр хонож, өмнөхөөсөө ялгаагүй гурав хонолоо. Оройдоо Рэикогийн гитарын аялгуунд хууч хөөрч, өдөртөө цанаар гулгав.

Нэг цаг гулгахад хөлс цувж, амьсгал давхцана. Үүний сацуу цаг заваараа цас цэвэрлэхэд гар бие оролцов. Үдийн хоолны үеэр Мията эмч манай ширээнд сууж, хүний гарын дунд хуруу ямар учраас долоовор хуруунаас урт хийгээд хөлийн дунд хуруу долоовор хуруунаасаа богино байдгийн учрыг тайлбарлалаа. Манаач өвгөн Омүра мөнөөх л Токиогийн гахайн махны тухай яриа дэлгэнэ. Рэикод пянз бэлэглэсэнд магнай хагартлаа баярлаж, хэд хэдэн шинэ дууг нь ноотолж аваад гитар дээр тоглоно.

Намраа бодвол Наоко дуу цөөтэй болжээ. Гурвуулаа байхад “Санаа зоволтгүй ээ. Ийм үе байдаг. Ярихаасаа илүү сонсож суумаар байна” хэмээн хаа нэг үг унагаж, буйдан дээр инээмсэглэн суух агаад Рэико ам хамхилгүй ярина.

Рэиког гарсан хойгуур Наокогийн булбарай уруул, энгэр цээжийг үнсэн таалахад тэр минь урьдын адил хагсаж тачаадсан сэтгэлийг минь тайтгаруулна. Өөрийг нь төсөөлөөд гар хангалга хийж байснаа хэллээ.

- Чи өөр хүнтэй дотносоогүй гэж үү?

- Үгүй ээ гэвэл Наоко:

- Тэгвэл энэ мөчийг битгий мартаарай хэмээгээд доош бууж өмдний минь цахилгааныг буулгаад зөөлөн хэлээрээ намайг энхрийлэхэд үс нь гэдэс гижигдэнэ. Би хоёр дахиа дур тавилаа.

Наоког “Мартахгүй биз дээ?” гэж асуухад би “Хэзээ ч мартахгүй санаж явна аа” хэмээн хариулсан сан. Түүний жижигхэн төгөлд гараа хүргэвэл хуурай байлаа. Наоко толгой сэгсрээд гарыг минь холдууллаа.

- Би энэ хавраас байр хөлсөлж суухаар шийдсэн. Оюутны байранд байхаас залхаж байна. Ажил хийвэл амьдарч болох юм билээ. Чи надтай хамт амьдрах уу? Намар ирэхдээ хэлж байсан даа.

- Баярлалаа. Ингэж хэлж байгаад чинь үнэхээр баярлаж байна.

- Энд нам гүм аятайхан л газар. Рэико ч сайн хүн. Гэлээ гээд удаад байх газар биш. Удах тусам эндээс явахад хэцүү.

Наоко будрах цасан ажиглан цонхны дэргэд чимээгүй зогсоно. Газар, тэнгэр хоёрын савслаганд хэсэгхэн орон зай л үлджээ.

- Би гурван сард байрнаасаа нүүх байх. Сайн бодоод хүссэн үедээ ирээрэй гэхэд Наоко толгой дохино. Хэвхэг шилэн эдлэл барих мэт түүнийг зөөлөн тэвэрвэл хоёр гараараа хүзүүгээр минь ороов.

Би нүцгэн, Наоко цагаан жижиг дотуур өмд өмссөн байлаа. Сайхан бие цогцсыг нь хараад ханамгүй.

- Сэрэл мэдрэхүй минь чамтай учирсан тэр шөнөөс хойш дахиж сэргэсэнгүй. Би зөвхөн тэр өдөр л норсон. Хорин насныхаа төрсөн өдрөөр.

- Сэтгэл санаанаас болоо биз. Тайван байвал аандаа болно. Яарах хэрэггүй.

- Миний бүх асуудал сэтгэл санааных шүү дээ. Насан туршдаа хөрчихвөл, секс хийж чадахгүй болвол чи намайг хайрласаар л байх уу? Үргэлж гараараа, амаараа хийлгэхийг тэвчих үү? Эсхүл өөр эмэгтэйтэй унтаж шийдэх үү?

- Амьдралд өөдрөг байх хэрэгтэй гэхэд Наоко футболк, цамц, цэнхэр жийнсээ өмссөнд би ч хувцаслалаа. Наоко:

- Чамтай хамт амьдрах тухай сайн бодъё. Чи ч бодож үзээрэй хэмээв.

- Тэгнэ ээ. Чи сая гайхалтай байлаа гэхэд яльгүй улайж инээмсэглэв.

- Кизүки ч бас тэгж хэлдэг байлаа гэсэнд:

- Бид хоёр санаа бодол нийлэх нь их шүү гээд инээлээ.

Хоёул гал тогоонд кофе уунгаа хуучнаа дурсав. Наоко аажмаар Кизүкигийн талаар ярьж чаддаг болсон юм. Энэ гурван өдөр цас бударч нар цухуйсангүй. Гурван сард эргэж ирнэ гээд явахад минь Наоко “Баяртай” гэсээр хоцорч билээ.

Төдхөн 1970 он гарч, өсвөр нас минь тэртээ хол одох шиг боллоо. Би ондоо нэг намагт алхаж орлоо. Хичээлээ таслалгүй идэвхитэй сууж, курсийн шалгалтуудаа амжилттай өглөө.

...

Нагасава хоёр хоногийн дараа Мита руу нүүж билээ.

- Хоёулаа хэсэгтээ л уулзахгүй болов уу. Гэхдээ хорвоо бөөрөнхий хойно дээр хэлсэн шиг олон жилийн дараа хаа нэгтээ таарна вий.

- Болох биз дээ.

- Одоо бодоход зочид буудалд өрөөгөө сольсон тэр өдөр царай муутай бүсгүй нь хамаагүй дээр байсан санагдана.

- Би ч тэгж бодсон. Гэхдээ чи Хацүмид санаа тавьсан нь дээр. Сайн хүний сэтгэл сэвтэх нь амархан гэдэг.

- Бодох л юм. Хацүми надаас холдож чамтай нийлбэл сайхан л байх сан.

- Тоглох юмаа мөн олж дээ гэхэд Нагасава инээмсэглээд:

- Тоглосон юм. Ямартаа ч аз жаргал хүсье. Элдэв асуудал байгаа л бололтой. Гэхдээ чи чадалтай хүн амьдралд хөлөө олно. Зөвөлгөө гэмээр юм хэлэх үү?

- Хэл л дээ.

- Өөрийгөө өрөвдөж л болохгүй. Ухаан дутуу, харалган улс л өөрийгөө өрөвдөж явдаг юм.

- Санаж явъя.

Бид гар барин салцгаав. Нагасава шинэ ертөнцдөө хөл тавьж, харин би нөгөө л эцэс төгсгөлгүй үргэлжлэх намган дундаа үлдэх шиг боллоо.

...

Ингээд нэг өдөр будаг түрхэх зуураа Мидориг гэнэт саналаа. Бодоод байх нь ээ, нүүх тухайгаа цухас дурдсанаас хойш гурван долоо хоног түүнтэй холбоо барьсангүй.

Утасны автоматаас Мидори рүү залгавал эгч нь бололтой бүсгүй харилцуур авч нэрийг минь асуугаад “Жаахан хүлээж байгаарай” гэсэн ч Мидори надтай ярьсангүй.

- Мидори их ууртай байна. Өөртэй чинь ярьмааргүй байна гэнэ. Сураг ажиггүй алга болж болж гэв гэнэт гарч ирдэг сонин хүн юмаа. Мидори нэг уурлавал тайтгардаггүй хүн дээ. Одоо яая гэхэв гэдэг юм байна.

- Мидоритой уулзаж ярилцах гэсэн юм. Та дуудаад өгөөч.

- Тайлбар сонсмооргүй байна гэнэ.

- Тэгвэл хэлснийг минь дамжуулаад өгөөч.

- Би ямар нохойнд барьдаг мод уу? Эр хүн байж өөрөө учраа олно биз гэсэнд арга буюу уучлал эрж харилцуураа тавьлаа. Мидори бухимдах нь аргагүй.

Нүүдэл суудал, ажил төрөл гэсээр би Мидори байтугай Наоког тоотой хэдэн удаа бодсон. Хар багын л унтах нойр, идэх хоолоо умартан зорилго өөдөө тэмүүлдэг байлаа.

Мидори хэл үггүй нүүгээд гурван долоо хоног сураг чимээгүй болвол би ч яриангүй гомдоно. Хэдийгээр бид хоёр хайр сэтгэлтэй хосын адил уулзаж учирч яваагүй ч зарим талаар хос хоёроос илүүтэй нэгнээ ойлгох дотны андууд болжээ. Сэтгэлд минь ойр хүнээ санаандгүй гомдоосондоо гуниглаж гэмшив.

Ажлаа дуусгаад гэртээ ирж, ширээндээ суугаад Мидорид захиа бичлээ. Бодсоноо шулуухан буулгав. Өөрийгөө зөвтгөж тайлбар тавилгүй, анзааргагүй загнасандаа уучлал эрж, гэртээ авчрахыг чин сэтгэлээсээ хүсч буй, хариу хүлээж суугаагаа хэллээ. Захиагаа шуурхай шуудангаар илгээсэн боловч хүлээгээд хүлээгээд хариу ирсэнгүй.

Тэр хавар миний хувьд захиа занаа хүлээсэн хавар байж билээ. Гэртээ харьж, аялал зугаалгаар явалгүй, цагийн ажил хийлгүй Наокогийн хариу захиаг хүлээж суулаа. Өдөртөө Кичижоүжигийн кино театрт кино үзэж, эс бөгөөс жааз хөгжмийн клубт ном уншиж сууна. Хэн нэгэнтэй уулзаж, үг сольсонгүй. Долоо хоног бүр Наокод будагчны өдөр тутмын ажил, Цахлай муужгай, дүфү худалдаалдаг сайхан сэтгэлтэй эмгэн, ногооны лангууны ааш муутай хүүхэн, цэцэрлэгт ургах тоорын мод, ганц бие эрийн хийж болох хоол ундны талаар бичих ч хариу нэхэж шавдуулсангүй. Гэсэн ч хариу ирсэнгүй.

...

Шуудангийн хайрцаг урлаж, улаанаар будаад нэрээ бичиж, үүдэндээ өлгөлөө. Дөрөвдүгээр сарын гурван хүртэл ирсэн ганц захиа нь Кизүкитэй хамт сурч байсан ангийн нөхдийн уулзалтын зар. Тэгэвч ангийнхантайгаа уулзах хүсэл даанч төрсөнгүй. Учир нь тэр ангид би Кизүкитэй хамт сурч байлаа. Тэр захиаг би шуудхан хогийн саванд чулуудав.

Харин дөрөвдүгээр сарын дөрвөнд Рэикогоос захиа ирлээ. Дугтуйны ард Ишида Рэико гэжээ. Муу совин татаж захиаг задалвал үнэндээ сайн мэдээ дуулгасангүй.

Наокогийн сэтгэл тавгүйтэж, захиа занаа бичиж чадахааргүй болжээ. Рэико өмнөөс нь хариу илгээе гэсэн боловч тэрээр өөрөө бичнэ гээд халгаагаагүй юмсанж.

“Сар гаруй хариу хүлээлгэсэнд өршөөгөөрэй. Энэ зуур Наоко нэлээд хүндхэн байлаа. Цаадах чинь тайвшрахыг хичээж байгаа ч байдал сайнгүй л байна. Арван хоёр сарын сүүл, нэг сарын эхээр захиа бичиж чадахаа больж, хий юм сонсож эхэлсэн юм. Одоо бодоход, энэ нь өвчин сэдэрсний анхны шинж тэмдэг байж. Үзэг бариад суухад нь элдвийн яриа дуулдаж, үг үсгээ холбож чадахгүй болсон. Чамайг ирэхэд энэ байдал хүн анзаарахуйц байгаагүй. Сэтгэлийн өвчтэй улс хааяахан хий юм үзэж дуулах нь бий.

Гэсэн ч явснаас чинь хойш Наоко өдрөөс өдөрт сэтгэлээр унаж, өдгөө ойр зуурын юм ярихдаа ч ээрч муурдаг боллоо. Өөрөө үүндээ сэтгэл зовниж, айж шаналдаг болоод хий юм сонсох нь ихсээд байна.

Бид хоёр өдөр болгон эмчтэй ярилцаж байгаа боловч үр дүн муутай л байна. Чамтай хамт дөрвүүл ярилцъя гэсэн ч Наоко дургүйлхсэн. Өвчин зовлонгоосоо ангижирч, сэтгэлдээ сэвгүй чамтай уулзах хүсэлтэй юм. Аль болох хурдан эдгэх нь чухал гэж ятгаад дийлсэнгүй.

Энд хэдий мэргэжлийн эмч нар зөвлөгөө өгдөг ч эрчимтэй эмчилгээ хийдэггүй бөгөөд энэ байдал нь даамжирвал Наоког эмнэлэгт шилжүүлэхээс өөр аргагүй. Хэсэг хугацаанд эмчилгээ хийлгэж байгаад буцаад ирж болно л доо. Эмчилгээ нь үр дүнтэй байваас эмнэлгээсээ шууд гарах ч боломжтой. Ямартаа ч бид бүгд Наокод тусалж байна. Наоко ч хичээх юм. Чи ч мөн адил түүний төлөө залбираарай. Урьдын адил захиа бичиж байгаарай.

3-р сарын 31.
Ишида Рэико”

 

Би Рэикогийн захиаг уншиж дуусаад цэцэрлэг рүү харсаар байлаа. Урин хавар ирж, хөгшин уд цэцэглэжээ. Сэвшээ салхи үлээж, нар дулаан илчээ илгээнэ. Төдхөн Цахлай гүйж ирээд, тагтны шалыг хэсэг маажилж байгаад хөлд тэрийгээд унтлаа.

Энэ тухай бодож эргэцүүлсэн ч оюун санаагаа төвлөрүүлж дөнгөсөнгүй. Цаг нь ирэхээр болно хэмээн сэтгэлээ тайтгаруулж, өдөржин гадаа суулаа.

Тамираа барсан хөгшин шиг жаргах наран, үдшийн бүрий, сакүрагийн цэцэгсийг ажиглан суулаа. Цахлай Хэдийн нэг тийш оджээ. Харанхуйд сакүрагийн модод арьсаа түрсэн мах мэт үзэгдэнэ. Ялзарсан махны үнэр цэцэрлэгээр нэг тарна. Наокогийн төгс бие цогцсыг санагалзлаа. Харанхуйд хэвтэх биеэс нь түмэн нахиа ургасан нь үл мэдэг салхинд чичрэн найгана. Байгаль эхийн урлан байж бүтээсэн энэ бүсгүй юуны учраас өвчин зовлонд энэлэн шаналах учиртай юм бэ? хэмээн хэдэнтээ бодож билээ.

Өрөөндөө орж хөшгөө хаасан ч хаврын үнэр анхилна. Хавар айлчилж, хаа сайгүй навч ногооны анхилуун үнэр тархах ч сэтгэл минь ялзрах мэт. Энэ хаврын дайж ирсэн гашуун мэдээ биеэр минь нэвчиж, эхээс төрсөн тэр цагаас хойш мэдэрч байгаагүй үзэн ядах сэтгэлийг өдөөгөөд явлаа.

Би тэнгисийн ёроолоор алхах мэт орчин тойрноос тасарч, өлсвөл ус ууж, тааз ширтэн гөлийж хэвтээд, гуниглавал виски балгаж унтсаар гурав хонолоо. Өнгөт орчлонгоос тусгаарлагдаж, хэн бугай ч надад хүрч мэдэрч чадахгүй мэт санагдах болов.

Үүний сацуу 4- р сарын 6- нд Мидоригоос захиа ирлээ. Аравны өдөр их сургуулийн цэцэрлэгт хүрээлэнд уулзъя гэжээ. Арванд хичээлийн шинэ жилийн цагийн хуваарийг зарлах учиртай.

Мидори намайг хэл үггүй алга болсонд унтууцаж, сэтгэлээ зогоох гэсэндээ зориуд хэд хоног шаналгаад хариу бичсэн нь энэ байж. Түүнийхээр ингэснээр хайнцсан юмсанж. Тийм ч учраас одоо эвлэрье. Ганцаардаж байгаа тул андын холбоогоо сэргээж, хоолонд оръё гэжээ. Захиаг нь дөрвөнтөө уншсан ч энэ хэдэн өгүүлбэрийн учир начрыг ойлгосонгүй. Энэ захиа ямар учиртай сан билээ? Үг өгүүлбэрүүдийн утга агуулга нь авцалдахгүй гэлтэй. Лекцийн хуваарь зарлах өдөр уулзах нь бид хоёрын хайнцсантай хамааралтай сан уу? Ямар учраас хамт хооллоё гэв? Би ч эргүү болсон дог оо. Тэр өдрүүдэд толгой дүүрч эргээд, байх суух газраа олж ядаж явлаа.

Чухам энэ үед энэ мэт сууж болохгүйгээ ухаарч, Нагасавагийн “Өөрийгөө бүү өрөвд” гэснийг санаж сэхээрсэн юм. Нагасава минь, чи голыг нь олж хэлжээ. Санаа алдаад өндийлөө.

Ингээд хэдэн өдөр гар хүрээгүй орон байраа эмхэлж цэгцлээд усанд орж, үс зүсээ янзлаад, дэлгүүр орж хүнсээ цуглуулж, хоол хийж идлээ. Хэдэн өдөр өлсгөсөн Цахлайгаа ч цатгав. Шар айрагнаас өөр хатуу ундаа уусангүй, хагас цаг дасгал хийлээ. Сахлаа хусахаар толинд харвал энэ хэдэн өдөр би гэж хүн чамгүй туржээ.

Маргааш өглөө нь дугуйгаар нэлээн хол явж ирээд Рэикогийн захиаг дахиж уншив. Алсдаа хэрхэх тухайгаа нухацтай бодлоо. Энэ захиа Наокотой хамт байхыг тэмүүлж хөөрсөн сэтгэлийг минь царцаасан юм. Наоко эртнээс сэтгэлийн зовиуртай болсноо хэлж байсан ч хоёр удаа очиход илаарших мэт санагдаж билээ. Уг нь бодит ертөнцтэй нүүр тулж чадваас эдгэрэх нь гарцаагүй хэмээн бодсон сон. Гагцхүү энэ бүхнийг даван туулах эрч хүч, хүсэл эрмэлзэлтэй байхад ард нь гарч л таарна.

Ийнхүү төсөөлж цогцлоон бүтээсэн орд харшийг минь Рэикогийн захиа юү ч үгүй нураажээ. Энэ удаа Наоко эдгэрлээ ч урьд урьдынхаасаа илүүтэй шанална гэдгийг би гадарлахтай. Гэсэн ч оюун бодлоо хурцалж, амьдралыг сөрж, Наоког илааршихыг хүлээхээс өөр аргагүй.

Кизүки минь, чамаас ялгаатай нь би зөв амьдрахаар шийдлээ. Чамд хэцүү байсан ч чи энэ будант орчлонд Наоког орхиж явсан учраас надад ялгаагүй хүнд байна. Гэлээ ч би Наоког орхихгүй. Би түүнд хайртай, түүнээс эрч хүчтэй. Энэ бие сунаж, эрийн цээнд хүрч, ухаан тэлж, уужим хорвоог туулах болно. Үүнээс өөр нэгээхэн ч зам үгүй.

Эдүгээ хүртэл арван долоо, наймтай хөвгүүн чигтээ үлдэхийг хүсч явсан ч өдөр хоногийг элээх тусам үүрэг хариуцлага гээчийг ухамсарладаг болох юм. Кизүки минь, бид хоёрын нөхөрлөж явсан арван долоон нас минь Хэдийн ард хоцорчээ. Хорь хүрч хотол олны дунд орох үе минь хаяанд иржээ.

 - Ватанабэ, чи чинь ямар их тураа вэ?

- Турсан байна гэж үү?

Мидориг “Нөгөө нөхөртэй бүсгүйтэйгээ их наргижээ дээ” гэсэнд би инээд алдан толгой сэгсэрлээ.

- Арван сараас хойш бүсгүй хүний өвөрт орсонгүй гэвэл Мидори дуу шуутай исгэрээд:

- Хагас жил тийм юм хийгээгүй гэж үү?

- Тийм ээ.

- Бүр нүднээс гарчихаж.

- Буурь суусан байлгүй.

Мидори мөрөн дээр минь гараа тавиад, өөдөөс ширтэж хэсэг ширтээд, хөмсгөө зангидаж байснаа инээмсэглэлээ.

- Нэг л өөр болжээ.

- Том болоод тэр биз.

- Сүрхий юм боддог хүн буурь суух нь аргагүй ээ. Өлсчихлөө, явж хоолонд оръё гэсээр сургуулийн арын жижиг цайны газар орлоо.

Хоёул иж бүрдэл захиалж энгүүн ярилцав.

- Хариу бичихгүй удсанд уурлав уу?

- Хаанаас даа.

- Чамайг сураг чимээгүй болохоор нь зориуд удсан юм. Чамайг уучлал гуйгаад байхад арай ч дэндүүлэв үү? Юу гэж бодож байна?

- Миний буруу хойно яая гэхэв.

- Эгч намайг ууч сэтгэлгүй, хүүхэд шиг аашлаад гээд загнаж байна лээ.

- Одоо бол надаас хариугаа авч санаа амарсан биз?

- Тийм ээ.

- Тэгвэл болж дээ.

- Уужуухан хүн юмаа. Чи үнэндээ хагас жил иймээ тиймээ болоогүй гэж үү?

- Тийм ээ.

- Тэгвэл манайд хоносон тэр өдөр их л хүссэн байх даа.

- Магадгүй л юм.

- Тэгээд яаж...

- Чи бид хоёр дотно андууд болсноос хойш тийм харьцаанд орж алдмааргүй санагдсан.

- Тэр шөнө чи намайг оролдсон бол би ч буцахааргүй байсан шүү.

- Миний нөгөө юм томоо гэдгийг чи мартжээ дээ гэвэл Мидори инээд алдан гараас минь хөтөллөө.

- Би аль Хэдийн чамд бүрэн итгэдэг болсон. Тэгээд л тэр шөнө тайван унтсан. Дэргэдээ байхад юунаас ч айхгүй шүү. Тэр шөнө нам унтсан байна лээ.

- Тийм ээ.

- Гэхдээ л чи “Мидори, чамайг хүсч байна. Бүх юм сайхан болно” гэсэн бол өвөрт чинь яваад л орох байлаа. Чамайг өдье гэсэндээ ингэж хэлээгүй шүү. Тэр үед үнэндээ тэгж л бодсон.

- Би мэднэ ээ.

Мидори бид хоёр энэ жил хоёр хичээлд хамт суухаар болжээ. Энэ нь долоо хоногт хоёр удаа уулзана гэсэн үг. Мидори эгчтэйгээ шинэ байрандаа айвуу тайвуу орчинд дасах гэж чамгүй уджээ. Аавыгаа асрах, дэлгүүрээ ажиллуулах гээд толгой өндийх завгүй байсан бүсгүйчүүлд тааваараа амьдрах нь их л сонин санагдсан гэдэг.

- Хүн гэдэг амьтан ингэж эрх дураараа амьдрах шиг сайхан юм үгүй биз дээ. Эхлээд хийх юмгүй санагддаг байсан ч эгч бид хоёр дэндүү давчуухан орчинд амьдарч байсан юм билээ. Хэзээ мөдгүй тэр өдрүүд эргээд ирнэ гэхээс тайвширч чадахгүй байлаа. Одоо бага багаар дасч л байна. Зовох цаг байхад жаргах өдөр ирдэг гэж үнэн юм.

- Та хоёр шиг улс чадна аа. Эгч чинь юү хийж байна?

- Найз охин нь саяхан гоёл чимэглэлийн дэлгүүр нээсэн. Тэнд долоо хоногтоо гурван өдөр ажиллаж байгаа. Чөлөө заваараа хоол хийж сураад, найз залуутайгаа уулзаж кино үзнэ. Гэртээ суугаад их л баяртай байгаа.

Мидори аж байдлыг минь асууж, би байрныхаа зохион байгуулалт, цэцэрлэг болоод Цахлай муужгай, байрны эздийн талаар ярьлаа.

- Тэнд хөгжилтэй байна уу?

- Дажгүй шүү.

- Тэгээд юу болоод уруу царайлаа вэ?

- Харин тийм ээ, хавар болсон ч...

- Хайртай бүсгүйнхээ нэхэж өгсөн улаан цамцыг өмссөн ч барайгаад л суух юм.

Гайхсандаа “Чи яаж мэдсэн юм бэ?” гэвэл Мидори:

- Гэнэн гэдэг нь. Харваас л илт байхад. Юу болоод барайчихаа вэ?

- Уг нь хөгжилтэй л байгаа юм сан.

- Чи амьдралыг хайрцагтай жигнэмэг л гэж бодох хэрэгтэй.

- Хэлснийг чинь заримдаа ойлгохгүй би гэж хүн тэнэг юм шиг байна аа даа.

- Хаанаас даа. Жишээ нь, тэр хайрцганд чиний дуртай болоод дургүй төрөл бүрийн жигнэмэг байлаа гэж бодъё. Дуртайгаа эхлээд идчихвэл дургүй жигнэмэг нь үлдэнэ. Амьдрал үнэндээ хайрцагтай жигнэмэгээс огт ялгаагүй шүү дээ. Зовж шаналсан үедээ би энийг даваад гарчихвал сайхан цаг ирнэ дээ гэж боддог доо.

- Амьдралын тухай нэг ёсны үзэл бодол юмаа даа.

- Ингэж бодвол хүн сэргээд л явчихна. Би ч хал үзэж, хашир суусан хүн шүү.

Бид хоёрыг кофе уух зуур Мидоригийн ангийн бололтой хоёр бүсгүй орж ирээд, гурвуул цагийн хуваариа харж, герман хэлний шалгалт шүүлэг, улс төрийн бүлгэмийнхний үймээн самуун, хэн нэгний дэгжин гутлын тухай хэд гурван үг солилоо. Бүсгүйчүүдийн яриа орчлонгийн нөгөө захаас дуулдах шиг хол хөндий сонсогдоно. Кофе уунгаа цонхоор ширтлээ.

Уд модод цэцэглэж, хаврын урь орьсон энэ өдөр шинэхэн оюутнууд сурах бичгээ сугавчилж явна. Энэ жил сургуульдаа орж чадаагүй Наоког санахуйя харуусмаар. Бүх зүйл гэв гэнэт утгагүй санагдсан сан. Хоёр бүсгүй явсны дараа Мидори бид хоёр гарч, гудамжаар зугааллаа.

Хуучин номын дэлгүүрээс хэдэн ном авч, дахиж кафе орж кофе уугаад пинбол тоглож, цэцэрлэгт хүрээлэнгийн модон сандал дээр суугаад ярьлаа. Ихэвчлэн Мидори ярьж, би аан уун гэсээр суув. Мидоригийн ам цангаж, дэлгүүрээс кола авчрах зуур тэрээр нэг юм бичиж байв.

- Юу бичээ вэ? гэвэл Мидори:

- Онц юм биш ээ гээд гурав гуч болмогц эгчтэйгээ Гинзад уулзана хэмээн явлаа.

Бид хоёр метроны буудал дээрээс тус тусын чиглэлдээ суухын өмнөхөн Мидори гэртээ очоод уншаарай гэсээр дөрөв нугалсан цаас халаасанд минь шургуулав. Би метронд суугаад Мидоригийн захиаг уншлаа.

“Чамайг кола авахаар явсан хойгуур энэ захиаг бичлээ. Амьдралдаа анх удаа дэргэдээ суух хүндээ захиа бичиж байгаа минь энэ. Хэлэх гэсэн үгээ үүнээс өөрөөр хүргэх арга алга. Хэлсэн ярьсныг минь чи анзаарч дуулсан нь юу л бол.

Чи өнөөдөр муухай зан гаргаснаа мэдэж байна уу? Үсээ засуулсныг минь хүртэл анзаарсангүй. Үсээ ургуулж, эмэгтэй хүний шинжтэй болох гэж хэрэндээ их л хичээлээ. Уулзаад анзаарах байх гэж бодсон ч чи ер тоосонгүй. Сайхан зохисон учир гайхуулъя гэж байтал ер анзаарсангүй. Дэндүү биш гэж үү?

Хувцас хунарыг минь ч тогтож хараагүй биз дээ. Би ч гэсэн ялгаагүй эмэгтэй хүн. Өөрийн бодолдоо дарагдлаа гэхэд дэргэдэх эмэгтэй хүнээ хальт харчихаж болно доо. “Үсээ сайхан засчээ” гээд хэлчихсэн бол хэлсэн ярьсныг минь дуулаагүй ч би ойлгох байлаа.

Би одоо чамд эгчтэйгээ уулзана гэж худал хэлнэ. Уг нь өнөөдөр танайд хоноё гэж бодоод унтлагын хувцас, шүдний сойзоо цүнхлээд явж байсан ч чи намайг урьсангүй. Тийм ч учраас эгчтэйгээ уулзана гэж худал хэлэхээс өөр арга мухардлаа.

Би гэж гэнэн хүн юм. Чамд над шиг хүн хэрэггүй юм байна. Ганцаараа байхыг хүсээд байвал дураараа бол доо. Садаа болохоо больё.

Хүнд хэцүү үед минь түшиж тулсан чамд хань болъё гэж бодсон юм. Сэтгэлийн чинь хаалгыг хичнээн тогшоод чи онгойлгохгүй нь. Гэхдээ чамд уурлаагүй. Хүнд хэцүү үед тусалсан чамд тусалж чадахгүйдээ гуниглах юм.

Чи одоо ундаа аваад бодолд дарагдан ирж явна. Тээгэлдэж унаад сэхээ ороосой гэж хүсэх ч хүслээр минь болсонгүй.

Хажууд минь суугаад “Чи үсээ засуулчихаа юу?” гэхэд би энэ захиаг урж хаяад “Танайд очиж үзье. Хоёулаа сайхан хоол хийж идье” гэж хэлэх байлаа. Гэсэн ч чи аанай л намайг анзаарсангүй. Чи хүйтэн хөндий хүн юм.

Баяртай.

Лекцэн дээр тааралдвал надтай битгий дуугараарай.”

Би Кичижоүжигийн буудал дээр бууж, Мидори руу залгасан ч хариу өгсөнгүй. Ингээд хийх юмгүй сэлгүүцэн хичээлийн хажуугаар хийчих ажил хайлаа.

Бямба, Ням гарагт бүтэн, Даваагаас Пүрэв гарагийн оройн таван цагаас хийчих ажил олоход хэцүү. Оройн хоолны хүнс авах далимдаа Мидори руу дахиж залгавал эгч нь “Эргэж ирээгүй байна. Хэзээ ирэхийг нь мэдэхгүй” гэж билээ. Би баярлалаа гээд утсаа тавилаа. Оройн хоолны дараа Мидорид захиа бичихээр суусан ч дорвитой юм санаанд орсонгүй. Ингээд Наокод захиа илгээхээр шийдлээ.

Хавар болж, хичээлийн шинэ жил эхэлж, уулзаж чадаагүйдээ харамсаж буйгаа бичлээ. Ямар ч атугай уулзах хүсэлтэй байсан ч санаснаар болсонгүй. Гэхдээ сэтгэлийн хаттай байхаар шийдсэн. Учир нь өөр хийж чадах зүйл алга гэлээ.

“Өөр нэг зүйл хэлэхэд, би хэнтэй ч унтаагүй. Чиний зөөлөн гар, булбарай уруулыг санах төдий өөр нэгэнтэй өвөр түрийдээ орох хүсэл төрөхөө болилоо. Миний хувьд тэр мөчийг дурсан санагалзах нь юу юунаас чухал.”

Захиагаа дугтуйлж, марк наагаад хэсэг харж суув. Энэ удаагийн захиа богинохон ч гэлээ бодол санаагаа шингээж чадсан шиг санагдана. Би виски хундагалж, түүнээ хоёр балгаж уугаад унтахаар хэвтэв.

Маргааш нь Кичижоүжигийн буудлаас холгүй байрлах италь хоолны газарт амралтын өдрүүдээр хийж болох ажил оллоо. Цалин багатай ч хоол ундтай, унааны мөнгө нэмж өгдөг байлаа. Үүнээс гадна ажлын өдрүүдэд оройн ээлжийн зөөгч чөлөө авсан үед оронд нь ажиллах боломжтой. Пянзны дэлгүүрийн луйварчин зохион байгуулагчийг бодвол энэ газрын менежер нь дажгүй хүн юм. “Гурван сарын дараа цалин хөлсөө нэмнэ. Энэ долоо хоногоос ажиллаж эхэлвэл сайн” гэж билээ.

Мидори руу дахин залгасан ч эгч нь түүнийг өчигдөр гараад ирээгүй гэхээс өөр юм хэлсэнгүй. Би ч ялгаагүй хаа явсныг нь мэдэх сэн. Танд мэдэх юм алга уу? гэж дорой дуугаар асуув. Цүнхэндээ унтлагын хувцас, шүдний сойзоо хийчисэн явааг нь л мэдэж байлаа.

 

Лхагва гарагийн лекцэн дээр Мидориг олж харлаа. Ногоон ноосон цамц, зун зүүдэг байсан хар нүдний шилээ зүүжээ. Арын суудалд нүдний шилтэй шавилхан бүсгүйтэй суугаад ярина. Дөхөж очоод хичээл тараад ярилцъя гэвэл эхлээд өнөө бүсгүй, дараа нь өөрөө өөдөөс харлаа. Үсээ засуулсанд урьдынхаас илүү эмэгтэйлэг болжээ. Гэхдээ бага зэрэг овор суусан мэт.

Мидори хариу болгож “Би хүнтэй уулзах ёстой” гэдэг юм байна.

- Би удахгүй ээ. Таван минут л болно гэсэнд “Чамтай ярих хүсэл алга” гэлээ.

Энэ үед нүдний шилтэй бүсгүй “Чамтай ярих хүсэлгүй гээд байхад” гэсэн шиг хулмалзана.

“Теннеси Уильямсын шог жүжгүүд ба Америкийн уран зохиолд түүний эзлэх байр суурь” хэмээх энэ удаагийн лекц тармагц гурав тоолоод эргэж харвал Мидори гараад явчихжээ.

Над шиг гон бие гозон толгой хүнд нар ээсэн дөрөвдүгээр сар уйтгар гунигаар дүүрэн өнгөрлөө. Залуус хувцсаа нимгэлж, хос хосоороо зугаалаад, хүүхдүүд бөмбөг хөөнө. Харин би орь ганцаараа.

 Наоко, Мидори, Нагасава гээд дотны андууд минь Хэдийн холджээ. Мэнд мэдэлцэх хүнгүйдээ Довтлогчийг хүртэл санагалзах боллоо. Дөрөвдүгээр сарыг ийн тайтгаршгүй ганцаардсаар үдэв.

Мидоритой хэдэнтээ үг солих гэсэн ч болж бүтсэнгүй. Ярьмааргүй байна гэх нь үнэн голоосоо тэгж бодсон аястай. Мидори нүдний шилтэй бүсгүй, эс бөгөөс богино үстэй өндөр залуутай хамт явдаг байлаа. Тэр залуу жигтэйхэн урт хөлтэй бөгөөд сагсан бөмбөгийн цагаан пүүзнээс өөр гутал өмсөхгүй.

Таван сар гарч, би байж суух газраа олж ядан, ганцаардаж гиюүрэх боллоо. Нар жаргах цагаар цэцэрлэгтээ суухад замбага цэцгийн үнэр сэнгэнэж дотор бачуурна. Нүдээ анин бүхий л ертөнцийг далдханаа мэдрэхийг хичээвч сэтгэл зүрх минь хоосорч, битүү өвдөх шиг.

Энэ мөчүүдэд би Наокод захиа бичиж, сэтгэлд таатай, баяр хөөртэй хором бүрээ цаасан дээр буулгадаг сан.

Өвс ногооны үнэр, хаврын салхи, унших дуртай ном, сонсох дуртай хөгжим, саяхан үзсэн киноныхоо талаар бичнэ. Захиагаа уншихад хүрээлэн буй орчин минь өнгө будгаар алаглаж, дур булаам болох аж. Хэд хэдэн захиа илгээсэн ч Наоко, Рэико хоёроос хариу ирсэнгүй.

 

НЭПКО хэвлэлийн газар