Манай уншигчдын нэгээхэн хэсэг нь өдгөө Финландын нэрт эрдэмтэн Рамстедтай танилцсан буй. Түүний Монголд аялсан сонирхолтой тэмдэглэлийг “Дорно этгээдэд долоон удаа” нэрээр монгол хэлнээ орчуулан гаргаад удаагүй байна. Одоо тэгвэл та бүхэндээ нэрт монголч эрдэмтэн Поппегийн “Дуртгал”-ыг өргөн барихад бэлэн боллоо. Өмнө 2009 онд цөөн хувь хэвлүүлсэн маань дуусаад, уншигчид байнга асуусаар ирсэн юм. Нэрсийн жагсаалт, Рамстедтын захидал, Позднеевийн тухай шинэ баримт сэлтийг нэмсэн, өмнөхөөсөө дэлгэрэнгүй хувилбар юм.

Поппе бол Рамстедтын дараа үеийн, хэдийгээр яг өөрөөр нь  хичээл заалгаагүй боловч Рамстедтын үзэл баримтлалыг үргэлжлүүлэн хөгжүүлснийхээ хувьд шавь нь гэж үзэж болохуйц судлаач. Энэ хоёр агуу эрдэмтний захидал харилцаа, бие биедээ болоод бусад судлаач нарт, ерөөс Монгол судлалын аливаа асуудалд хандсан хандлага зэрэг нь Монгол судлалын түүхэнд нэн сонирхолтой юм.

Поппе хориод оны сүүлээс Рамстедттай захидлаар харилцаж эхэлсэн бололтой.  30 оны нэгэн захиандаа Поппе Рамстедтад Алаар Буриад, Халх Монголын аман зохиолоос цуглуулснаа, Хайлаар Солооны эх болон салангид үгс түүснээ, Латин үсэгт суурилсан Халх Монгол шинэ бичгийн хэлний хэлзүй дээр ажиллаж буйгаа бичжээ. “Латин Монгол бичгийн хэлний асуудал дээр ажиллаж байна” гэсэн нь сонирхолтой үг юм. Латин үсгийн хоёр өөр цагаан толгой буй. Анхны тэр Ш, Ч-г доороо садилла хэмээх тэмдэгтэй бичдэг цагаан толгойг боловсруулахад Поппе голчлон оролцсон нь энэ өгүүлбэрээс тодорхой байна. 

Дараачийн захидалдаа Поппе Монгол хэл аялгуудыг харьцангуй сайн судлагдсан гэж үзэж байгаа тул Манж хэлний судлалд анхаарлаа хандуулж байгаагаа бичээд, Түрэг судлаачдыг зөвхөн Түрэг хэлнүүдийг л салангидаар судлаад байгааг шүүмжилж бичсэн байв. Поппегийн бодлоор бол эрт цагт хэлний хувьд харьцангуй нэгдмэл байсан, дараа нь түүхэн нэн удаан хугацааны туршид салцгаасан бөгөөд 13-р зууны их үйлээр эргэн нэгдсэн хэмээсэн нь сонирхолтой дүгнэлт юм.

Поппе Монголд 1926, 1929 онд хоёронтоо айлчилсан билээ. Энэ тухайгаа “Дуртгал”-даа тусгай бүлэг болгон, дэлгэрэнгүй өгүүлсэн буй. Шастин эмчийнд зочилсон, монголчуудын үнэнч шударга улс болохыг нэн сонирхолтой явдлаар баталсан зэрэг олон сонин баримт энэ бүлэгт орсон. Харамсалтай нь үүнээс хойш гарах виз гээчийг нь авч чадаагүй учраас Поппе ахин Монголд ирж чадаагүй юм. Поппе, Рамстедт хоёул Монголд ирэхийг ихэд хүсэж байсан нь захидал харилцаанд нь тэмдэглэгдэн үлджээ. Нас өндөр гарсан Рамстедтыг Поппе Монголд ахин очихыг ятган бичихдээ “...Та одоо морь унах хэрэггүй, өдгөө Монголд өчнөөн машин байгаа. Мориор аялах чинь түүх болсон хоцорсон шүү дээ. 2-3 хоногт машинаар хүссэн газраа хүрч чадна, эргээд тэр машин чинь тан дээр сардаа 1-2 удаа ирээд байх боломжтой. Гэхдээ судалгааныхаа цэг дээр хүрсэн хойноо бол ойрхон зайд мориор очоод байж болно л доо. Судар Бичгийн Хүрээлэнгийнэхн танд дуртайяа тусална. Хэрвээ намайг хилээр гарахыг зөвшөөрвөл хамтдаа хоёулаа ихийг бүтээх сэн.Хэцүү асуудал гарах бүрийд хоёул хэлэлцэн шийдэхэд амар байх сан...” хэмээн бичжээ.

Рамстедтыг Ринчен гуай бас урьсан юм. Рамстедт хариу захидалдаа “Ах как охотно я бы еще раз в жизни посетил Монголию! Ведь много изменилось и переминилось с 1901, 1909 и 1912 когда я там оглядывался на степи и аулы...” хэмээн орос хэлээр бичсэн байдаг. Мөн Монголын зах дээр зэрлэг сонгино зардаг хэвээрээ юү? Энд Финландад нэг суулгаад үзэх юм сан. Таримал сонгино энд хүйтэнд хөлдөөд муудчихаад байх юм. Монголд гэтэл өвлийн хүйтэнд зэрлэг сонгино зарж л байдаг, ер муудсан юмгүй байдаг сан гэх мэт олон сонин зүйл бичжээ. Харамсалтай нь Поппе ч, Рамстедт ч Монголд дахин айлчилж чадаагүй, хамтдаа судлаад хамтдаа асуудлыг хэлэлцээд явах тэр сайхан санаа нь  бүтээгүй билээ.

Дараа жил нь Фин-Угрын Нийгэмлэгийн 50 жилийн ойгоор, идэвхтэй гишүүн нь болохын хувьд Рамстедт Поппег Финландад урьсан боловч аанай л Оросын эрх баригчид Поппед эх орноос нь гарах зөвшөөрөл олгоогүй юм. Поппе яах вэ, баярын цахилгаан л илгээсэн аж.

Өөр нэгэн захидалдаа Поппе 35 жилийн өмнө буюу 1900 онд Рамстедтыг Монгол судлалыг үүтгэж ахуйд өөр хэн ч тэр салбарт байгаагүй бол өдгөө Олон Улсын Монгол Судлалын Хурал хийхэд ч тун ойрхон болж байна гэж бичжээ. Энэ бол үнэхээр алсын хараатай үг байж. Түүний энэ үг 20 гаруй жилийн дараа биеллээ олж, 1959 онд Монгол улс анх удаагаа тэр хурлыг зохион байгуулсныг бид  мэднэ. Олон Улсын Түрэг Судлалын Анхдугаар Хурал гэвэл харин, 1926 онд Баку хотноо болж, Поппе тэнд оролцсон тухайгаа, зохион байгуулагчид анзааргагүйгээсээ болж хүлээн авалтад баахан хиам зайдас бэлдсэн, гахайн мах иддэггүй лал шүтлэгт түрэг хүндэт зочид юу ч идэж чадаагүй тухай олон сонин мэдээг Поппе “Дуртгал”-даа бичжээ.

Монгол судлаачдыг тусгай хурал хийх хүртлээ өргөжин дэвжиж буйг бичихдээ Поппе Бельгийн нэрт монголч, хар лам Мостартыг ихэд магтахын хажуугаар Германд Монгол судлалын томоохон төлөөлөгч үгүйд сэтгэл дундуур байгаагаа өчжээ. Рамстедтыг насан өөд болсны дараа Поппе Мостартыг “Манай үеийн хамгийн агуу монгол судлаач” хэмээн “Дуртгал”-даа тодорхойлон бичсэн буй.

Поппе мөн Мэргэн гүн Гомбожав, Б. Ринчен нарыг магтан сайшааж, өндөр боловсролтой бас бус буриад сэхээтнүүд ч байгааг Рамстедтад дуулгаад, “10-15 жилийн өмнө бол монголчуудыг өөрсдөө шинжлэх ухааны ийм түвшин тогтоож чадна гэдэгт хэн ч итгэхгүй сэн” хэмээжээ.

Рамстедтын 60 насны ойн баярын захидалдаа Поппе олон сайхан үг бичсэн байдаг: “Олон жилийн өмнө та Монгол судлалыг эхлүүлсэн. Тэр үед та ганцаараа байлаа. Гэвч таны бүтээл олон залуу судлаачийг араасаа дагуулж, өдгөө миний бие танд их үйл бүтээлийн тань төлөө баярыг хүргэн, судалгаа бүтээлийг тань олон дахин уншдаг болохоо, унших бүрийдээ шинийг сурдаг болохоо илтгэн энэхүү захидлыг бичиж байна...” гэжээ.

Рамстедтын “Халимаг толь” хэвлэгдэхэд Поппе үнэн сэтгэлээсээ баярлан, Оросынхоо судлаачдад зориулан орос хэлээр, гадаад  уншигчдад зориулан герман хэлээр шүмж бичиж өгье хэмээсэн байдаг. Жамцарано, Базар Барадин хоёр ч бас нэг хувийг явуулаач хэмээн хүссэн нь бий.

Удалгүй дайн эхэлж, хоёр их эрдэмтний захидал харилцаа тасарчээ. Тэр хооронд юу болсон, Поппед ямар их гай зовлон нүүрлэснийг “Дуртгал”-аас нь уншиж болно. “Дуртгал”-ыг ахин хэвлүүлэхдээ хавсралт болгон Рамстедтын Поппед бичсэн сүүлчийн захианы орчуулгыг орууллаа. Тэр захиандаа Рамстедт Зөвлөлт засаг, ялангуяа Громыко дарга Финландыг хэрхэн дарамталж байгаа тухай бичиж эхлээд эцэст нь Монгол судлалыг цаашид хөгжүүлэх үг захиасаа бичсэнийг та бүхэн бүрэн эхээр нь уншина биз ээ. Энэ захиан дахь нэг чухал үг бол Рамстедт Поппег “Би таныг өөрийн шилдэг шавиа хэмээн үздэг” гэсэн хэсэг юм.

Поппе хариу захиандаа Финланд нөхөд нь санаа зовж, нутагтаа орогнол олгохыг хөөцөлдье гэсэнд нь талархал илэрхийлээд Германыг найрсаг угтан авсных нь төлөө Халимаг, Крымийн Татаар, Чечень, Ингуш, Карачай Балкарын ард иргэдийг хаа сайгүй цөлснийг бичжээ. Ижил мөрний германчуудын хувьд бүр дайн дөнгөж эхлэхэд л цөлж эхэлсэн, тэднээс амьд үлдсэн хүн бараг үгүй гэнэ. ЗХУ-ын хүн амын зураг зүй өдгөө огт өөр болсон шүү хэмээн Поппе Рамстедтад сануулж.

Поппе ер нь их шүүмжич сэтгэлгээтэй, ёжтой хүн. Оросын “Литературная Газета” дээр гарсан нэг өгүүллийг Рамстедтад шоолон бичиж. Тэр өгүүлэлд “Монголын Нууц Товчоо”-г “Чингис хааныг бялдуучлан магтсан түүх, цуст харгислалыг нь зөвтгөсөн бүтээл” гэхчлэн дайрсан аж. Мөн нэг монгол судлаач монгол хэлийг барууны шинжлэх ухааны үүднээс судлан бичсэн анхны хэл зүйг Германы хэл шинжээч Исаак Якоб Шмидт бичжээ хэмээснийг өөр нэгэн монгол судлаач ихэд буруутган дайрч, герман хүн анхдагч байж боломгүй, анхны монгол хэл зүйг “Оросын нэрт дорно дахины судлаач Ковалевский бичсэн юм” гэсэн ажээ. Поппе Рамстедтад:

“Та ч мэдэж байгаа, Ковалевскийн хэл зүй Шмидтийнхээс нэлээд хэдэн жилийн хойно гарсан, за тэгээд ч Ковалевский “Оросын нэрт  судлаач” байсангүй, харин Оросуудын өөрсдийнх нь Казань руу цөлж орхисон “Польшийн нэрт судлаач” байв шүү дээ” хэмээн ёжлон бичжээ.

Энэ мэтээр хоёр их эрдэмтний захидал харилцаанаас ихийг ойлгож, албан ёсоор хэвлэсэн бүтээл туурвилдаа бичээгүй санаа оноог нь мэдэж болохоор байна.   

Энэ хоёр агуу хүний хоёулангийнх нь тэмдэглэл, дуртгалыг монгол хэлнээ албан ёсоор орчуулан гаргалаа.

 Энэ 4 сарын 5-ны Лхагва гарагийн орой 5 цаг 30 минутаас 8 цаг гучин минутын хооронд Рамстедт Поппе нарын амьдрал, бүтээл, урьд хэвлэгдээгүй сонин сайхан захидал сэлт, ерөөс Монгол судлалын сонин сайхнаас чөлөөтэй хэлэлцэн, санал солилцъё хэмээн уншигч, судлаач та бүхнийг урьж байна. Манай хаяг, МУИС-ийн 2-р байрны ард, Япон –Монголын төвийн хойно, Шихихутаг дээд сургуулийн баруун тал дахь 15-р байрны 5 тоот. Гарын үсэгтэй ном авах боломжтой.