Монголчууд бид яагаад эр нөхрөө та гэж дуудаад  хоймортоо тахиад, халамжлаад байдаг вэ гэвэл  өөрийг нь үр хүүхэдтэй нь сайхан авч явж байгаа болохоор тэр жаргалаа удаан хадгалах гэж тэр шүү дээ. Аль нэг нам хүчин, ерөнхийлөгч, ерөнхий сайд яг л “сайн гэрийн эзэн” шиг байвал “эхнэр” “хүүхэд” бид хоймортоо шүтээд л халамжлаад л та нарыг  удаан л байлгахыг бодно шүү дээ!

Өөрийн нүүр номоос.

 “Эзэнгүй айл” гэдэг киногоор манай телевизийн олон ангит кино анх гараагаа эхэлсэн байдаг. Ч.Гомбо агсан тэр киног бичиж байхад манай орон үнэхээр ч эзэнгүй айл шиг болоод байжээ. Өмнөх эзэд бол мэдээж Ю.Цэдэнбал Х.Чойбалсан… гэх мэт МАХНамын дарга нар байлаа. Бүр эртний эзэд гэвэл Чингис хаан түүний  хойдох, өмнөх хаад Богд хаан хүртэлх хаад.

Харин өнөөдөр бол өрх толгойлсон олон хүүхэдтэй  эх шиг ч юм шиг. Бүр лавшруулан бодвол дөрвөн жилд нэг эр сольдог өрх толгойлсон эм ч юм шиг... “Эзэнгүй төрийн эмгэнэл” гэх мэт нэртэй нэвтрүүлэг, нийтлэл хаанаас л бол хаанаас та олж харж болно. Эзэн нь хэн юм бэ гэхээр дөрвөн жил уралдаж иддэг хөрөнгөтөн голдуу зуу гаруй хүн гэхээр нэг л бууж өгөхгүй.

Одоо эзэн хайсан сэтгэлгээ яв явсаар гаднынхан орж ирээд эзэн суучихлаа гэж дээр дооргүй ярих боллоо. Угтаа бол гаднынхан огтоос оо ч бидний эзэд болох гэж ирдэггүй бөгөөд хамжаад, элбэлцээд бизнес хийж ашиг олох л гэсэн улс байх шиг.

Эзэн гэдэг доороо байгаа хүмүүсийг тэжээх, өмгөөлөн хамгаалах үүрэгтэй байдаг. Тэгвэл гаднынханд бол тийм үүрэг угаасаа байхгүй. Тэд бодвол их ашиг олох болохгүй бол ижил ашиг олох тухай л бодно. Энэ тухай нүүрний номондоо нэг залуу ингэж бичжээ

 “Оюу толгойн 34%-ийг Засгийн газар Риод зарах  санал тавьсан талаарх яриа хальт сонсоход эх орноо худалдсан муусайн юмнууд гэж сонсогдох нь ойлгомжтой. Мэдээж, УИХ-аараа ч оруулалгүй ийм том шийдвэрийг ярих нь буруу. Бас тэр хувьцаагаа өгссөнийхөө оронд авах роялти  хэд байх талаар тодорхой биш болохоор шүүмжлэх нь бас зүйтэй. Гэхдээ, эдийн засгийн ямар ч мэдлэггүй хүмүүс шууд юмыг сэтгэлийн хөөрлөөрөө шүүмжлэх нь, улс төрчдийн хар явуулгаас өөр зүйл биш шүү дээ.

Хялбараар тайлбарлая л даа.

Оюутолгой бол маш сайн байрлалтай яг хотын төвд баар ажиллуулах газар гэж бодьё. Энийгээ өөрөө ч ашиглахгүй, хүнд ч ашиглуулахгүй бол тэр байр чинь чамд нэг ч төгрөг өгөхгүй.

Хоёр янзаар мөнгө олж болно.

а) Зүгээр л хэн нэгэн баар ажиллуулж чаддаг хүнд нь түрээслээд, тэр   нөгөө хүн нь бүх тохижуулалт, тоног хэрэгсэл, хүнээ татах зэрэг ажлаа хийнэ. Мэдээж бааранд зарах архины үнэ бол бусад баартай адилавтар, зах зээлийн үнэ байна. Тэгээл сайн түрээс аваад ажлыг нь дэмжээд сууна гэсэн үг. Их амар.

б) Хэн нэгэн баар ажиллуулж чаддаг хүнтэйгээ хамтраад компани байгуулаад, ашгаа тэндээсээ авах. Мэдээж, байршилаа хэдээр үнэлэх вэ, нөгөө хүний оруулж байгаа мөнгийг яаж үнэлэх вэ гэдэг бол хэлэлцээрийн асуудал. Чи бол байршилаа өндөрөөр үнэлж их хувь авахыг бодох нь мэдээж. Харин нөгөөх чинь бол оруулж байгаа мөнгөө, ажилах хүчээ, аргаа өндөрөөр үнэлэхийг бодно.
Аль аргаар нь мөнгө олох нь илүү ашигтай гэсэн тогтсон формула угаасаа байхгүй.

Хэрвээ чи тэр газрын түрээсээ маш өндрөөр тавиад, нөгөө газар чинь тэрийг нь зөвшөөрвөл чиний хувьд эрсдэл багатай, тогтмол орлоготой болно.      Эсвэл, компани байгуулаад хувь эзэмших нь илүү ашигтай гэж үзэж бас болно. Мэдээж компани байгуулсан тохиолдолд, хүмүүс орж ирэхээ болиод ч юм уу, архи пивоны үнэ унаад  чамд ашиг орж ирэхгүй эрсдэл байгаа, эсвэл хэрвээ чи тэр компаниа сайн хянаж чадахгүй бол нөгөө гар чинь зардлаа их харагдуулаад, чамд ашиг хүртээхгүй байх эрсдэл бүр их бий.

Оюутолгойн хувьд, 2 дугаар хувилбарыг сонгосон байсан нь ойлгомжтой. Мэдээж, байршил аа хэдээр үнэлэх нь зөв байсан, хэдэн хувь эзэмших нь хамгийн зөв байсан бэ гэдэг асуудал байгаа.

Энэ үнэлгээг хийдэг мэргэжлийн зөвлөх компаниуд (банкнууд) байгаа, хэлэлцээр хийх хуулийн зөвлөхүүд байгаа. “Наадах чинь 20%-ийн ашиг олж л байвал подойгоод явчихна. Тэгэхээр, чи 20% олгох боломжийг нь бүрдүүлсэн юм чинь газраа нэлээд өндрөөр үнэлж болно шүү дээ” гэдэг ч юм уу, шургадаг бачканууд, тэрийгээ гэрээнд тусгахад тусалдаг бачканууд…гэх мэт олон зүйл бий.

За тэр ч яахав. Сая 34%-иа зарна гэсэн санаа нь болохоор, уг нь хамтраад компани байгуулаад баар ажиллуулбал лаг ашигтай юм байна гэж бодож байсан, яс юман дээрээ хүн орж ирэхгүй миараад , би бас туршлагагүйгээ мэдээд “ Мань чинь ер нь чамтай компани байгуулахаа болилоо. Надад ямар ч ашиггүй юм байна. Үнийгээ чи буцаагаад ав. Харин оронд нь надад Роялти буюу түрээс өгөөд явчих, тэр нь хамаагүй дээр юм байна ” гэсэн санал тавьсан л гэсэн үг. Нөгөө тал нь зөвшөөрсөнгүй. Эрсдэлээ адилхан хүлээнэ ээ хөгшөөн гээд гүрийчихсэн. Заавал компанийн хувь эзэмшиж байж ашигтай байна гэсэн үг биш шүү дээ.

Гэхдээ хэлэлцээрийн стратегийн хувьд маш буруу байсан мэт.

Хямралтай үед түрээсийн үнээ урт хугацаагаар тохирвол, нөгөө тал чинь хамгийн хямдаар л авна шүү дээ. Бас, роялтигаа (түрээсээ)хэд байлгавал болох талаар мэргэжлийн зөвлөх компанийн үнэлэмж энэ тэр авсан эсэх нь их тодорхойгүй.

 Зүгээр л нөгөө муйхар зангаараа аягүй бол зарж байгаа мөнгөний чинь 40% байхад л болно! гэдэг ч юм уу, нэг тонн ээсэнд 5 доилуур байхад л болно гээд өөрсдийн болон цаад талын ашгийг огт тооцохгүйгээр, санаа орж ирэнгүүт нь яаруу давчуу санал болгосон байх магадлал өндөр болов уу…

 Бизнес гэдэг чинь, аль аль талдаа ашигтай байж байж л хамтран түншлэл болно шүү дээ. Мэдээж, ашгийн хэдэн хувийг хэн нь авах вэ гэдэг нь хэлэлцээрийн асуудал. Тэрнээс биш, нөгөөхийгөө дээрэмддэг, эсвэл өөрөө дээрэмдүүлдэг бизнес бол бизнесийн түншлэл биш...

Гэхдээ тэгээд Монголд мэргэжлийн зөвлөх компанид 5-10 цаас шидэхээр л урвагч, авилгач нэр зүүдэг юм шиг байгаа юм. Уг нь бол, нөгөө хэсэг гадаадуудтай нь уралцуулж зодолдуулах ийм мэргэжлийн шургаа хүмүүсийг авч ажиллуулах нь цааш цаашдаа ашигтай шүү дээ...” гэж бичсэн байхыг олзуурхан уншиж энд орууллаа.

Бас нэг өөр жишээ авч болно. Монгол зохиолч маш сайн кино зохиол бичжээ гэж бодъё. Тэр кино зохиолоо англи хэлрүү орчуулаад Холивүүдэд явуултал кино хийе гэжээ. Киноны төсөв хэдэн арван сая доллар. Олох ашиг мэдээж түүнийгээ хэд хэд нугалсан  давсан тоо байгаа. Гэхдээ бас киног нь хэн ч үзэхгүй бол мэдээж шатна.

Зохиол байхгүй бол кино байхгүй. Энэ бол яг л Оюу толгой гэсэн үг. Бараг ямар ч ялгаа байхгүй. Монгол хүний ухаанаар бүтсэн баялгаар тэд кино хийгээд мөнгө олоё гэж. Гэтэл кино хийхэд өнөөх жүжигчдийн хөлс мөнгө аппарат техник гээд бөөн зардал хэрэгтэй.

Тэхээр хөрөнгө оруулж  хамтраад кино хийгээд их ашгаа оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр хүртэх үү, эсвэл зүгээр л зохиолоо зарчих уу? Эсвэл зохиолоо хөрөнгө оруулалт болгоод  роялтигаа аваад явах уу гэсэн асуудал босч ирнэ. Зохиолчид маань нэг ч цаас байхгүй болохоор нэг бол зохиолоо зарах эсвэл 34 хувийг зээлээр ч болтугай олоод хамтарч хийгээд орлого хуваах тухай яриа гарна.        

Ганцхан ялгаатай зүйл байгаа нь зохиолчдын Монгол толгой хоосрохгүй  дахиад өөр кино бичиж болно. Бүр нэрд гарчихвал тэрийгээ түрүү бариад бүр ч гүйлгээтэй шинэ зохиол өнөөх монгол толгойгоос гарна. Бүр ч сайн гарч мэднэ.
Харин газрын баялаг бол гарч ирээд мөнгө болчихдог болохоор нөхөгдөхгүй. Гэхдээ буцаагаад сайхан янзлаад сэргээчихвэл гаднаас нь харахад юу ч мэдэгдэхгүй. Доороо баялаггүй газар дэлхийгээр дүүрэн байгаатай адил болж хоцорно.

Одоо бас нэг дээрх кино зохиолтой тун ч адилхан өөр зүйлийн тухай дурдъя. Лиценз гэж нэг сүрхий наймаа байлаа. Кино зохиол шиг А 4 ын л цаас. Анх бүр энэ “кино зохиолыг” ашигт малтмалын хэрэг эрхлэх газарт ердөө л 30 мянгаар ч гэлүү тараадаг байсан юм билээ. Өнөөх  цаас арилжааны гол хэрэглэгдэхүүн болоод удсан. Зарим хүнд 200 гаруй лиценз байна ч гэх шиг. Хавтгай дөрвөлжин км ээр бодвол Монгол орны гуравны нэг тэр нөхөрт байгаа ч юм шиг.

Тэгээд өнөөх “кино зохиол” цуглуулагч нэг гаднын хүн олоод өнөөхөө зарна. Голдуу Хятадуудад. Тэр нь А буюу ашиглалтын Х буюу хайгуулын гэх хоёр “жанртай”. Ийм цаасаар бүх нутгаа зарсан гэж маш их ярина. Нээрээ ч лизэнцээр  баяжсан улс бол олон байгаа.

Гэтэл 2009 онд урт нэртэй хууль гэж гараад бөөн хэрүүлийн эх тавигдав.

Уг хуулийн нэр нь “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль” түүнийг  дагаж мөрдөх журмын тухай хууль гэх бөгөөд энэ хуулийг өлсгөлөн энэ тэр зарлаж сүйд майд болж байхад анх Б.Бат-Эрдэнэ гишүүн санаачлан батлуулсан бөгөөд нээрээ ч их сүрхий байгаль хамгаалсан хууль шиг харагдаж байлаа.

Сонгуулийн үеэр Монгол нутгийг бүхэлд нь гаднын туг зоосон хэдэн мянган лиценз зургийг бараг л улс төрч болгон үзүүлж ярьж байсан цаг. Харин тэр олон эрээн тугууд бас лицензийн төлбөр гэж манайд мөнгө төлдөг байсан тухай хэн ч ярьдаггүй. Энэ тоог интернетээс хайгаад олсонгүй. Багагүй тоо байх ёстой.

 “Харин хууль гарсны дараа юу болсон бэ гэвэл дараа жил нь “Урт нэртэй” хуулиар хориглож, үйл ажиллагааг нь зогсоосон компаниудад Сү.Батболдын Засгийн газар нөхөн олговор олгохоор 2010 онд журам батлуулав. Энэ журмын дагуу 63 аж ахуйн нэгжид 222 тэрбум төгрөгийн нөхөн олговор төсвөөс гаргах тооцоо гарч байлаа. “Урт нэртэй” хуульд хамаарагдаж байгаа компаниудыг тоогоор нь хэлбэл 827 аж ахуйн нэгж хамрагдаж байна. Эдгээр аж ахуйн нэгжүүд хайгуулын 909 тусгай зөвшөөрөл, ашиглалтын 427 тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа. Хөрөнгө оруулалтын бүтцээр нь аваад үзвэл гаднын 100 хувийн хөрөнгө оруулалттай 161 компани байна. Гадна дотнын хамтарсан 67 компани байгаа бол дотоодын хөрөнгө оруулалттай 599 компани байгаа юм.

Тэгэхээр “Урт нэртэй” хуульд өртөгсдийн 74 хувь нь үндэсний хөрөнгө оруулалттай компаниуд байгаа нь эмзэглэх л асуудал. “Урт нэртэй” хуульд хамрагдаж байгаа компаниудын зөвхөн тусгай зөвшөөрөлд оруулсан бас хайгуулын талбайд хөрөнгө оруулсан хөрөнгө оруулалтын зардал гэхэд 660 тэрбум төгрөг болжээ. Тэгэхээр та бүхэнд дурдсан тусгай зөвшөөрлүүдийг цуцалснаар улсын төсвөөс буюу татвар төлөгчдийн мөнгөнөөс багаар бодоход 660 тэрбум төгрөг нөхөн олговорт гарах тооцоог УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх гэж байна…” хэмээн тоймч Ц.Ганзориг 2013 онд бичиж байжээ.

Энд гадны 100 хувийн хөрөнгө оруулалттай 161, хамтарсан 67 компани байгаа бөгөөд гэнэт  төр нь өөрсдөө хууль гаргаж бизнесийг зогсоосон болохоор төр нөхөн төлбөр төлөх нь гарцаагүй шүү дээ. Зарим хэвлэлд энэ тоо бүр нэг их наядаар ч яригдаж байлаа.

Эндээс нэг хардлага төрөөд байгааг бас дуугүй өнгөрч чадахгүй болоод  энд оруулж дурдаж байгаа юм.  Энэ хууль гарсан явдал хэнд ашигтай байсан бэ? гэсэн асуултад хариу эрэе. Манай төрд л ашиг байтугай бөөн хохирол байгаад байдаг. Өмнө нь авдаг байсан төлбөрөө ч авахаа байсны дээр хөөж гаргасан хэрэгт унаж нөхөн төлбөрт унах нь хэнд ч ойлгомжтой. Дээр нэг залуугийн жишээ авсан шиг хэн ч ашиглахгүй байхад хэнд ч мөнгө орж ирэхгүй.

Тэгвэл харин лиценз гэх энэ зүйлийг үнэгүйдүүлэх цаашлаад “Хэл амтай орон юм, өглөө босоод л өчигдөр гаргасан хуулиа өөрчлөх юм…” гээд бараг гарч явах гэж байсан өнөөх гаднынхан ийм хууль гаргуулж аваад нөхөн төлбөр нэхээд суучихъя гэсэн бодлоор ийм юм хийсэн байж болох биш үү?     
  
 “Монгол  улс жилд 25 тонн алт худалдаалж, дэлхийн зах зээлд нийлүүлж байснаа одоо 2-3 тонн болж буурсан нь энэ хуультай шууд холбоотой…”хэмээн О.Чулуунбаатар тэр үед хэлж байжээ.

Одоо бол яахав популистууд гэсэн бас нэг үл үзэгдэгчрүү бүхнийг чихэж байгаа.
Манайх шиг хүн болгон нь улс төр хийх “хоббитой” оронд энэ маш амархан. Улс төрч болгоны ярих дуртай эдийн засгийн алуурчид гэх мөн л үл үзэгдэх хүмүүс иймхэн юмыг бодож олох маш амархан. Өмнө нь ч зөндөө  улсад хийж л байсан ажил. Гэтэл өнөөх гадны хатгалгаар хийсэн байж болох “урт нэртэй” хууль бас үйлчлэхгүйгээ хүрвэл мөнөөх л гадныханд үйлчилдэггүйн нэг тод  жишээ одоо шуугиад байгаа Гацууртын орд буюу Ноён уулын тухай яриа.

Зохиолч Г.Аюурзана саяхан өөрийн цахим хуудсандаа ингэж бичжээ.

Сүүлийн үед хүмүүс 200 сая долларын ашигтай тул Хүннүгийн ихэс дээдсийг тавьсан Ноён уулыг бушуухан ухацгаая гэж хээвнэг яриад байх юм. Жэксон Поллакын нэг зурагны үнэтэй, тийм хямдхан уул байдаг юм уу? Хүннүчүүд ихэс дээдсээ тийм хямд газар залж нойрсуулсан хэрэг үү? Өнөөдөр уулаа үлдээчихвэл үр хойч маань тэнд түүхэн цогцолбор байгуулахад юун 200 сая, бүр 200 тэрбум байтугайг ч олоод авна. Гэтэл ухаад эх дүр төрхийг нь эвдчихсэн уул үгүйдээ л, ирээдүйн тэр их цогцолборын үзэгдэх харууцыг гутаана биз дээ? Яагаад Кайлаасыг шүтдэг, яагаад Австралийн Улаан уул онцгой бүс болдог вэ гэвэл ер бусын тогтоцдоо л байгаа. Дотоод, гадаад хэнээр ч бай ухуулалгүй бүрэн бүтэн авч үлдэхийг төр өөрөө хариуцах ёстой. Энэ нутагтаа мөнхөд амьдрах бид үр ачдаа бас өв үлдээх ёстой биз дээ? 6 км зайтай учраас асуудалгүй гэнэ. 6 км чинь монгол хүний хувьд хэр зай юм бэ? Манай говийнхонд бол, ердөө л саахалт шүү дээ. Саахалтын газар тэсэлгээ хийхэд хүннүгийн онгонд ямар ч доргилт хөнөөл учрахгүй юу? Саахалтын айлд нь аянга бууж, газар орвонгоороо эргэж дэлбэрвэл ямар ч аюулгүй юу? Аюул ч яамай, хамгийн гол нь Ноён уул тийм хямдхан юм уу? Түүхэн утга учир гэдэг ингэтлээ үнэгүйдсэн хэрэг үү? Монгол өөрийгөө Хүннү гүрний жинхэнэ, магадгүй цорын ганц залгамжлагч гэдгээ нотолж баталж чадвал манай тусгаар тогтнол батаас бат, бэхээс бэх болно. Төв Азийн хамгийн том эзэнт гүрэн байгуулж явсан Хүннү гүрэн хаад ихсээ онголж асан уул дэлхий дээрх хамгийн үнэтэй уул байж таарна. Гэтэл юун 200 сая доллар вэ? Хамгийн аймшигтай нь бидний сэтгэлгээ ийм хямд, бүр гуйлгачны зиндаанд байна!!!

"…Тэрбумыг хулгайлахын тулд хууль гаргуулах хэрэгтэй
Хуу хамахын тулд үзэл суртал хэрэгтэй" гэсэн үгээр Эдийн засгийн алуурчдын золиосууд ном эхэлсэн байдаг..?!