В.Ганзориг: Иргэний оролцоо гэдэг холбоо үг сүүлийн үед ардчилал, даяаршил гэдэг үгс шиг хүмүүсийн дунд яригддаг болов. Гэвч олон нийтийн дунд ойлголтын зөрүү байна. Энэ нэр томъёог мэргэжлийн та бүхэн тодорхойлж өгнө үү.

Д.Сүнжид: Иргэдийн оролцоо гэдэг нь амьдрах орчинг сайжруулж, тэдэнд үйлчлэхийн тулд төр болон орон нутгийн байгууллагууд шийдвэр гаргахдаа иргэдийн дуу хоолойг сонсож байх ёстойг хэлдэг. Гэхдээ энэ бол зөвхөн иргэний зүгээс гардаг нэг чигийн урсгал биш. Харин төр ба иргэн хоорондын хамтын ажиллагаа, зөвлөлдөх, түншлэх замаар иргэд шийдвэр гаргах бүх үйл явц ба үр дүнд нь оролцох тухай ойлголт юм. 

Д.Амартүвшин: Иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх нь маш сайн хангагдсан байж гэмээнэ иргэний оролцоо бодитоор яригдана. Жишээ нь, ЛБГТ төв бахархлын өдрөөр жагсаал зохион байгуулах гээд төрийн байгууллагуудаас зөвшөөрөл авч чадаагүй. Уг нь энэ анхнаасаа зөвшөөрөх эсэх тухай асуудал огт биш юм. Хуулин дээрээ бүртгэнэ гэснийг манай төрийн байгууллагууд зөвшөөрөх болгоод л иргэдийнхээ үзэл бодлоо илэрхийлэх эрхийг боомилдог болсон. Түүнчлэн талбай дээр асар засч, нээлттэй өдөрлөг зохион байгуулах нэрийдлээр саад болдог. Төв талбай дээр Засгийн газрын нээлттэй өдөрлөг болж буй эсэхээс үл хамаарч Монгол Улсын иргэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй байх ёстой. Ингэж байж л иргэдийн оролцоо гэдэг зүйл утгаараа хангагдана. Энэ бол хүний суурь эрх. Энэ эрх Монголд маш эмзэг болсон. Төрөөс энэ эрхийг иргэндээ олгодог мэт болчихлоо. Иргэний оролцоог боомилж буй хамгийн том асуудал энэ гэж надад сүүлийн үед харагдаж байгаа. 

Э.Бат-Идэр: Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй 498 хуулийн 100 гаруй нь иргэдийн оролцоог хангасанд тооцогддог. Төрийн мэдээлэл иргэдэд ил тод байх тухай хууль бий. Иргэдийг шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцуулахын тулд төр эхлээд иргэдээ үнэн, зөв мэдээллээр хангах үүрэгтэй. Ингэж байж үр дүнтэй иргэний оролцоо бүрэлдэнэ. Дутуу, буруу мэдээлэл дээр суурилсан иргэдийн оролцоо шийдвэр гаргах үйл ажиллагаанд алдаа гаргах эрсдлийг үүсгэдэг.

Г.Одгарав: Иргэн ба оролцоо гэдэг нь маш чухал үгс. Сошиал медиа өндөр хөгжсөн өнөө үед иргэд оролцоогоороо дамжуулан төрд нөлөөлөх боломжтой болсон. Жишээ нь, сэтгүүлчид иргэдийн мэдээлэлд үндэслэн нийтлэл, сурвалжлагаа бэлдэж, эерэг үр дүнд хүрсэн тохиолдол зөндөө бий. Энэ сэдвийг хөндөж буйд маш баяртай байна. 

В.Ганзориг: Тосгоныхон хуралдаад дэлхий хавтгай гэдгийг батлав гэдэг онигоо байдаг. Төлөөллийн ардчиллыг сонгосон манай улс давхар иргэний оролцоо гэж ярих нь хоорондоо зөрчилдөхгүй юу? Эсрэгээр зарим хөдөлгөөн, холбоо, ТББ эрхээ хэтрүүлэн хэрэглэж бусдын эрх чөлөөнд халдсан тохиолдлууд гарлаа. Энэ бүхний алтан дундаж юу вэ?

Д.Сүнжид: Бат-Идэр даргын хэлсэнчлэн 181 хуулийн 860 заалтанд иргэний оролцоог хангасан утга байдаг. Гэвч эдгээр хуулийн хэрэгжилтийг судлахаар 44 хувь л хангалттай, үлдсэн хувь нь хэсэгчлэн хэрэгждэг буюу огт хэрэгждэггүй юм. Нийгмийн янз бүрийн бүлэг, нэгжүүдийг хүлээн зөвшөөрч, тэдний ашиг сонирхол, хүсэл зоригийг эн тэнцүү буюу байж болох хэмжээгээр нь харгалзан шийдвэр гаргах нь ардчилсан төрийн үндсэн шинж. Ийм учраас иргэний оролцоо яригддаг. Гэхдээ төр нийгмийн бүлэг бүрийн төлөөллийн хүсэл бүрээр нь шийдвэр гаргах албагүй. Иргэдээс асуух нь нэг арга бөгөөд нэмээд судалгаа, шинжилгээ, шинжлэх ухааны тооцоо үндэслэл дээр суурилж төр шийдвэрээ гаргах ёстой. Ингэж шийдвэр гаргах нь төрийн үүрэг. Өөрөөр хэлбэл, иргэний оролцоо гэдэг нь шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцдог зайлшгүй нэг арга хэрэгсэл юм. Иймээс иргэд шийдвэр гаргахад оролцохын тулд өөрсдөө хангалттай мэдээлэл, баримт, судалгаа, үндэслэлтэй байх ёстой болдог. Учир нь нийгмийн бүлгүүдийн хүсэл сонирхол хоорондоо зөрчилтэй байдаг.

Г.Одгарав: Дуртай нь нийгэмд “орилоод” л төрд шууд нөлөөлнө гэдэг ойлголт байхгүй. Иргэдийг зөв талаас нь залуурдаж байж нийтийн эрх ашгийн төлөө оновчтой шийдвэр гаргана. Тухайлбал, 52 дугаар сургуулийн хөлбөмбөгийн талбай дээр хууль бусаар барилга барих гэж байхад нь иргэд эсэргүүцэн тэмцсэн. Тэд хэвлэл мэдээллийнхэнд хандсан. Миний хувьд зөвхөн мэдээлээд орхих нь хангалттай санагдаагүй тул газрын хууль бус шийдвэрийг хэн гаргасныг үргэлжлүүлэн сурвалжилсан. Тэр нь ерөнхий төлөвлөгөөний газрын нэг дарга болж таарсан. Тэр хүн хэд хоногийн дараа хууль бус газрын зөвшөөрлөө цуцалсан. Энэ бол төрд нөлөөлсөн бодит кэйс. Иргэдийн оролцоо зөв байвал энэ нь сэтгүүлзүйд нөлөөлж, улмаар төрийн шийдвэрийг зөв болгож чаддаг.

 

Д.Амартүвшин: Хүмүүсийг оролцуулах ёстой. Анхнаасаа нийгэмдээ идэвхитэй оролцдог иргэн гэж хаана ч байдаггүй. Бид олон нийтэд иргэний боловсрол хангалттай олгоогүй байж нийгэмдээ зөв буруу, эсвэл дутуу оролцлоо гэж болохгүй. Бид одоо л төлөвших чиглэл рүүгээ явж байна. Ядаж 1111 рүү утсаар ярьж асуудлаа хэлж сурч байна. Фэйсбүүк, твиттер дээр ч гэсэн эхлээд учиргүй могой шэйр хийдэг байсан нь багасч байгаа нь ажиглагддаг. Бидний сурах процесс явагдаж байна. Иймээс хүмүүсийн оролцоог бүрэн дүүрэн хангах тал руугаа хурдтай явах ёстой. Хүмүүс алдаж онож байж л сурдаг. Эрхээ давуулан эдлэх гэдэг ойлголт байдаггүй. Эрх угаасаа хамгийн дээд хэлбэрээрээ өгөгдсөн байдаг. Гэмт хэрэг үйлдэх, бусдын эрх чөлөөнд халдсан байдлыг бид эрхээ давуулан эдэлсэн гэж ойлгох гээд байдаг. Ийм зүйл байдаггүй. Энэ бол гэмт хэрэг.

Д.Сүнжид: Хүн эрхээ эдлэхдээ дараах гурван зүйлийг гажуудуулж болохгүй гэж үндсэн хуульд заасан. Эхлээд бусдын эрх, эрх чөлөө, эд хөрөнгө, бие махбодод нь халдаж болохгүй. Энэ бол эрүүгийн болон зөрчлийн хуулиар шийдэгдэх зөрчил, гэмт хэрэгт тооцогдоно. Энэ бол иргэний оролцоо биш. Мөн нийгмийн хэв журмыг гажуудуулах, үндэсний аюулгүй байдалд харшлах зүйл хийх замаар эрхээ эдлэх боломж Монгол Улсад байхгүй. Үүнийгээ бид ялгахгүй бол сүүлийн үед иргэний оролцоо гэх нэрийдлээр анархи үйлдлүүд багагүй гарах боллоо. Энэ нь иргэний оролцоог зөв ойлгох гээд ядаж буй хүмүүстээ буруу ойлголт өгөөд байна даа гэж эмзэглэж явдаг.

Э.Бат-Идэр: Иргэн бүрийн хүсэл, шаардлагыг шийдвэрлэх хэцүү гэж бид ярьж байна. Гэхдээ нийгэмд бухимдал, асуудал байгаа учраас л иргэдээс төрийн байгууллагуудад санал, гомдол ирдэг. Эдгээр эдгээр санал, гомдлыг судлах, шийдвэрлэх гарцыг олохдоо олонхийг байр суурийг харгалзах нь төрийн үүрэг. Зөвхөн 1111 төвөөр дамжуулан жилдээ 15 мянга орчим санал, гомдол, хүсэлт Засгийн газарт ирдэг. Үүний 6 мянга орчим нь гомдол, 8 мянга нь санал, мянга орчим нь талархал байдаг. Төрийн гаргасан шийдвэр яг иргэн дээрээ бууж байна уу, асуудлыг нь бодитой шийдвэрлэж байна уу гэдгийг бид ТББ, түнш байгууллагуудтайгаа хамтраад хянан, тогтмол шалгаад явах ажлыг эхлүүлсэн. Иргэдээс ирсэн санал, гомдлууд дээр анализ хийн асуудлыг томоор харж шийдлийг нь төрийн бодлогод оруулах талаас нь ажиллаж байгаа. Нийт гомдлын дийлэнх нь иргэний хувийн эрх ашиг нь хөндөгдсөнтэй л холбоотой байдаг.

В.Ганзориг: Иргэд яагаад заавал идэвхтэй байх ёстой гэж? Идэвхтэй байвал төрөөс урамшуулал, шагнал өгдөг юм уу гэдэг асуулт зарим хүнээс гарч байсан. Хувийн эрх ашгаас гадна утаа, ус, хөрсний бохирдол, замын түгжрэл зэрэг нийтийн эрх ашигтай холбоотой асуудлууд байдаг. Нийтийн эрх ашгийг төлөөх иргэний оролцоог хэрхэн идэвхжүүлэх вэ?

Д.Амартүвшин: Хувийн эрх ашигтай холбогддоггүй нийтийн эрх ашиг гэж байдаггүй. Зам дээр түгжирснээр би л хохирч байгаа. Энэ хохирч буй бүлгүүд нэгдэн эрх ашгаа хамгаалдаг. Хэрвээ миний эрх ашиг хөндөгдөөгүй, сонирхол төрөөгүй асуудал дээр намайг хичнээн гуйж, загнаад ч би хөдлөхгүй. Түгжрэл, утаанд эрүүл мэнд, эдийн засгаараа хохироод ирэхээр иргэд аяндаа энэ асуудал руу орж ирдэг. Иймээс иргэд нийгмийн асуудлаа ухаж бүрэн дүүрэн ойлгож ухамсарладаг байх ёстой. Ингэж байж тухайн хүнээс бодит үйлдэл гардаг. 

Э.Бат-Идэр: Эрхээс гадна иргэн хүний үүрэг гэж байдаг. Төр байнга шүүмжлүүлдэг. Шүүмжлүүлэх нь муу зүйл биш. Гэхдээ манай иргэд тэр бүр үүргээ ухамсарладаггүй. Утаагүй түлш дөнгөж хэрэглэж эхэлж байхад л үр дүнг нь бүрэн үзээгүй байж бухимдаад эхэлж байна. Гал түлж үзээгүй шахуу байранд амьдардаг хүмүүс ч шүүмжилж байх шиг. Иргэдийн сэтгэл ханамжийн судалгааг хийж төр өөрийгөө иргэдээр үнэлүүлдэг. Дарханы иргэд жишээ нь эмнэлгийн ачаалал, гудамжны гэрэлтүүлэг гэх мэт 12 асуудлыг гаргаж ирсэн байдаг. Энэ судалгаан дээр суурилан бид асуудлыг шийдэх төлөвлөгөө, төсвийг нь гарган эзэнжүүлж бодит ажлуудыг хийдэг. Энэ нь аймгуудын засаг даргын ажлын үнэлгээнд тооцогдож явдаг. Энэ бүх мэдээллийг олон нийтэд хүргэх, таниулах, сурталчлах тал дээр бид дутагдалтай ажиллаж буй тал бий. 

Д.Сүнжид: Төр ба иргэн аль аль нь идэвхтэй оролцоотой, хоёр талын урсгалтай байх ёстой. Энэ тал дээр Монголд сүүлийн 10 жилд үсрэнгүй ахиц гарсан гэж судалгааны нэг баг дүгнэсэн байсан. Яагаад вэ гэвэл Захиргааны ерөнхий хууль, Нийтийн сонсголын тухай хууль, Хууль тогтоомжийн тухай, Төсвийн тухай, Орон нутгийн хөгжлийн сан зэрэг хуулиудаар дамжуулан шийдвэр гаргахдаа иргэдээс заавал асуух ёстой гэдгийг төрийн байгууллагууд үүрэг болгосон. Өмнө нь сонголттой байсан бол одоо үүрэгтэй болсон гэсэн үг. 

Иргэний оролцоо сэдэв дээр дурдахгүй өнгөрч болохгүй нэг сэдэв бол ТББ. Хуулийн хэрэгжилтэнд хяналт тавихдаа иргэд ТББ, иргэний нийгэм, сонирхлын бүлгээрээ дамжуулан ажилладаг. Хамгийн сүүлийн байдлаар Монголд 20 мянган ТББ бүртгэгдсэнээс нийтийн ашиг сонирхлын төлөө ажилладаг нь ердөө 1.3 хувь нь. Энэ бол маш чамлалттай тоо. Нийтийн ашиг сонирхол гэдэгт хүрээлэн буй орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмч гэсэн дөрвөн зүйлийг хуульчилсан байдаг. Нийтийн өмч гээд ЖДҮ-ийн асуудал одоо явж байна. Энэ бүхэн бид бүгдийн асуудал, нийтийн эрх ашигт тооцогдоно. Бусдын эрх хангагдсанаар миний эрх хангагддаг гэж жишээ нь Германчууд ярьдаг. Амиа бодсондоо би бусдыг боддог гэж тэд хэлдэг. 

Д.Амартүвшин: Диктатуртай нийгэмд хүмүүс хатуу үүрэг хүлээж, энэ үүргээ биелүүлэхгүй бол санкц орж ирдэг. Иргэний оролцоо бүхий ардчилсан нийгмийн иргэдийн бараг ганц үүрэг нь татвар төлөх байх. Үндсэн хуулийг харвал билэгдлийн шинжтэй санкцгүй хэдхэн үүрэг байдаг. Санкцгүй үүрэг бол тунхаглал. Өөрөөр хэлбэл, иргэд идэвхтэй байх нийгмийн өмнө хүлээсэн үүрэг байхгүй. Нөгөө талаас хүмүүс үүрэг гэхээр хэтэрхий өргөн хүрээнд хамруулж сав л хийвэл иргэний үүрэг гэж ярьдаг. Жишээ нь, твиттер дээр өөрийн үзэл бодлоо илэрхийлж бичсэний дараа цагдаа дуудаад та иргэний үүргээ биелүүлсэнгүй гэдэг. Би яг ямар үүрэгтэй билээ гэхээр хариу хэлж чаддаггүй. Олон нийтийн сүлжээ ашиглан нийгмийн хэлэлцүүлэг хийж байсан олон жиргээний нэгийг нь сугалж аваад намайг хар тамхи сурталчилсан гэж үзсэн. Улмаар шалган байцаан, нүцэглэн нэгжлэг хийж, нэмээд надаас биологийн дээж авсан. Энэ бол хар тамхины эсрэг үзэл бодлоо илэрхийлэн нийгмийн сүлжээний хэлэлцүүлэгт оролцож байхад миний энэ оролцоог ямар нэгэн байдлаар хяхаж хавчсан үйлдэл. Намайг хамгийн их эмзэглүүлсэн зүйл цагдаагийн “Даагнаас унаж биш дарвагараасаа болж үхдэг юм шүү” гэдэг үг байсан. Энэ үг бол иргэдийн оролцоог хамгийн ихээр хязгаарлан, хүний үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хяхан хавчиж буй зүйл юм. Ийм байхад иргэдийгээ нийгмийн идэвхгүй байна гээд шийтгэж байгаа бол энэ дарангуйлал бүхий нийгэмтэй болсны шинж шүү. 

Г.Одгарав: Миний хувьд иргэдийн идэвхтэй оролцоо өнөөгийн амьдралтай уялдаад яах аргагүй үүсч байгаа гэж хардаг. Бид идэвхтэй оролцоотой байхаас өөр аргагүй нийгэмд амьдарч байна. Тайван, аюулгүй, стрессгүй орчин бүрдсэн нөхцөлд иргэдийн үүрэг гэж нэг их ярих шаардлага үүсэхгүй болов уу. Иймээс иргэд өөрсдийн эрх ашигтаа нийцсэн зөв оролцоогоо бий болгож чадвал төрийн шийдвэр гаргах процесст нөлөөлж чадна. Энэ оролцоог бий болгохын тулд иргэд өөрсдөө л үлгэрлэх ёстой. Жишээ нь, манай байрны замын нэг урсгалыг хааж нэг байгууллага шат гаргаж байсан. Үүнийг хараад манай байрныхан фэйсбүүкээр нэг шаагилдан шүүмжилсэн атлаа ямар ч оролцоо гаргаагүй. Би сэтгүүлчийн хувиар биш иргэнийхээ хувиар энэ асуудлыг шийдэхийн тулд яах ёстойг судлан Нийслэлийн шуурхай удирдлагын төвтэй холбогдсон. Үүгээр дамжин асуудлыг шийдүүлэхийн төлөө явахын бол төрийн байгууллагууд асуудлыг шийддэг. Иргэд энэ тухай мэдээлэл, мэдлэгтэй болох ёстой, төрийн байгууллагууд ч энэ үйлчилгээгээ сурталчилан түгээж олон нийтэд таниулах хэрэгтэй.

Э.Бат-Идэр: Иргэдийн энэ бүх асуудлыг манай 1111 төв төрийн байгууллагууд хооронд зохицуулалт хийн дамжуулдаг. Програмын шинэчлэл дууссаны дараа өдөрт нь багтан тухайн иргэний асуудлыг яг хариуцсан мэргэжилтэнд нь хүргэх боломжтой болно. Өөрөөр хэлбэл асуудлыг зөвхөн дамжуулдаг тоон үзүүлэлт бус асуудлыг шийддэг чанарын үзүүлэлт рүү явж байна гэсэн үг.

Д.Сүнжид: Иргэдэд мэдээлэл хүргэхийн чухлыг ярьж байна. Гэхдээ манай нийгмийн бүлгүүд ялгаатай. Боловсролтой, сошиал орчноос шуурхай мэдээлэл авч чаддаг хэсэг байхад ингэж чаддаггүй бүлэг манай нийгэмд байгааг бид мартаж болохгүй. Иймээс төр мэдээллээ гаргахдаа зөвхөн цахим суваг ашиглаад нийгэмд мэдээлэл хүргэсэн гэж үзэж болохгүй. Мэдээлэл дутуугаас болж хамгийн ихээр хохирдог нийгмийн бүлэг бол орлого багатай, эмзэг бүлгийн, өндөр настай, алслагдмал амьдардаг, хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг.

Э.Бат-Идэр: Бүх асуудлыг бас Засгийн газар рүү шидэж болохгүй. Хуулийн хүрээнд чиг үүргийнхээ дагуу шийдэх эрхтэй байгууллагууд орон нутагт жишээ нь байгаа. Иргэд үүнийг мэдэхгүйгээс Засгийн газар руу эхэлж бухимдаад, бид саналыг нь судлаад буцаагаад орон нутаг, харъяа дүүрэг рүү нь буцаадаг. Иргэдийн хуулийн мэдлэг, иргэний боловсролыг сайжруулах ажлуудыг хийх шаардлагатай байгаа.

Д.Сүнжид: Ойлгомжтой, энгийн байдлаар ярьдаггүй гэж хуульчид бид бас шүүмжлүүлдэг. Бид гурван сумтай хамтран ажиллаж үзэж байна. Нэг сумын дарга нь бүх процесс, алдаа, оноогоо илэн далангүй иргэдтэйгээ ярьж тайлагнадаг. Тэр сумын иргэд мэдээлэлтэй, даргаа шүүмжилдэг ч итгэл хүлээлгэдэг. Нөгөө сумын засаг дарга ер бол асуудал, ажлаа нуугаад байдаг. Мэдээлэлгүй иргэд ийм шийдвэр гаргагчдад итгэдэггүй юм билээ. Сайн, саар юу ч ярьсан итгэхгүй. Мэдээлэлтэй иргэд сумын нөөц хязгаарлагдмал гэдгийг ойлгодог, зарим асуудлыг шийд гэж шаардах нь боломжгүй гэдгийг мэдээд хүлээн зөвшөөрсөн байдаг. Харин гэнэт нэг өдөр энэ бүхнийг гаргаж тавихаар иргэд шууд эргэлздэг. Иймээс мэдээллийг тогтмол нээлттэй байдлаар иргэддээ хүргэх нь төр өөрийнхөө асуудлыг шийдэхэд нь хамгийн том ач холбогдолтой төдийгүй иргэдийнхээ итгэлийг хүлээх, цаашлаад хамтран ажиллах суурийг тавьдаг шүү. 

Д.Амартүвшин: Нийгэмдээ нөлөөлдөг иргэдийн оролцоог бид бас ярих ёстой. Иргэд иргэддээ хамгийн их нөлөөлдөг. Сүүлийн үед активизм гэж их ярьдаг болсон. Бие биенээсээ суралцан тухайн асуудлын ач холбогдлыг ойлгон, шийдвэр гаргах төвшинд аваачдаг. 24 цагаас хойш шөнийн цэнгээний газруудыг хаадаг байдаг. Тэр үед би клубуудэд арга хэмжээ зохион байгуулдаг байсан. Энэ шийдвэрийг цуцлуулахын тулд янз бүрийн холбоо байгуулж нэлээд ажилласан. Сүүлдээ энэ асуудал улс төрийн төвшинд очсон. Сүүлдээ залуусын саналыг авахын тулд улс төрийн намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт хүртэл орсон байдаг. Улмаар хуулиас нь яг тэр заалтыг авахуулж хүчингүй болгуулж байсан. Энэ бол зургаа, долоон жил үргэлжилсэн урт хугацааны ажлын үр дүн. Хүмүүс эхлээд та нар архидалтыг дэмжиж байна гэж шүүмжилдэг байсан бол яриад байх тусам согтууруулах ундааны хууль бус худалдаа, авилгын хэргийг хүмүүс ойлгон бага багаар дэмжсээр байгаад амжилттай ажил болсон. Миний энэ идэвхи хувиа бодсон үзлээс минь үүдэлтэй байсан. Өөрөөр хэлбэл, тэр шийдвэр миний бизнест сөргөөр нөлөөлж, намайг хэдэн сая төгрөгийн өрөнд оруулсан. Саяны хар тамхитай холбоотой асуудал ч гэсэн адилхан. Би өөрийн хүүхдээ ирээдүйд мафитай, хар тамхины асуудал нь улсынхаа хууль хүчний байгууллагуудтай холбогдсон нийгэмд амьдрах вий дээ гэж санаа зовсондоо твиттер дээр нийтийн хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

В.Ганзориг: Иргэдийн оролцоо гэдэг сэдэв дотор Монголын хэвлэл мэдээллийн салбарын үүрэг ямар байх ёстой вэ?

Г.Одгарав: Ирээдүйгээ харсан иргэдийн оролцоог бий болгоход нөлөөлөх гол зүйл бол хэвлэл мэдээлэл. Эмзэглэж явдаг нэг зүйл бол өнөөдөр иргэд ч тэр, сэтгүүл зүй ч тэр нийгмийн чухал асуудлыг хөндөх нь дутмаг болсон. Харин улс төр, хов жив, шар мэдээ гэх зэрэг хар зүйл рүүгээ төвлөрч, түүнийгээ тойроод ажиллаж амьдраад байна уу даа гэж би хардаг. Нөгөө талаас урамгүй зүйл бас байдаг. Хотын тулгамдсан асуудал, байгаль орчин, иргэдийн оролцооны сэдвийг хөндөөд явахаар хүмүүс уншдаггүй. Ийм контент хандалт авдаггүй. Иймээс бид өөрсдөө асуудлыг сайн дэлгэн гаргаж хүмүүст нөлөөлөх ёстой. Ингэж байж л чанартай үзэгч, уншигчдыг бэлдэнэ.

Gogo сайтад байхдаа би цэвэрлэх байгууламжийн асуудлыг хөндөж байсан. Тухайн үед айхтар үнэр нэг их үнэртдэггүй байв. Иймээс хүмүүс анхаардаггүй байсан. Уг асуудлыг хоёр жил тасралтгүй цуврал байдлаар хөндөн сурвалжласны үр дүнд асуудал Засгийн газрын чихэнд хүрч, салбарын сайд нь газар дээр нь очиж ажиллаж эхэлсэн. Тухайн үед анзаараагүй байсан хүмүүс уг үнэр хэдэн жилийн дараа хамарт нь үнэртэж эхлэхэд бухимдан, энэ сэдэвт оролцож эхэлсэн. Иймээс хэвлэл мэдээллийн байгууллагууд зөвхөн өнөөдрийн талхны асуудал биш, харин холыг харсан иргэдийн оролцоог бий болгох ёстой. 

В.Ганзориг: Иргэний сонгодог оролцоог бий болгохын тулд төрийн байгууллагын төлөөллийн хувьд Бат-Идэр дарга хажуудаа сууж буй иргэн, ТББ, хэвлэл мэдээллийн байгууллагаас юу хүсмээр байна? Бид хамтраад төрийг яаж дэмжих ёстой вэ?

Э.Бат-Идэр: Төр хийсэн ажлаа тэр бүр тайлагнаад сурталчилдаггүй. Бодит үр дүн дээр л өөрсдийгөө дүгнэх ёстой. Нийгэмд бухимдал байхгүй үед төрийг хэн ч шүүмжлэхгүй. Өнөөдөр энэ бухимдлыг бид арилгаж чадахгүй байгаа учраас л иргэд төрийг шүүмжилж байгаа. Иймээс бид улам сайн ажиллах ёстой. Төрийн үүрэгтэй адил орцондоо хогоо хаяхгүй байхаас авахуулаад иргэн хүний үүрэг гэж бас бий шүү. Гудамжинд өөрсдөө хог хаячихаад манай орчин заваан байна, төр ажлаа хийхгүй байна гэж шүүмжлэх нь өрөөсгөл. Бид бие биендээ зөв шаардлага тавьж, хоорондоо ойлголцон ажиллах ёстой. 

В.Ганзориг: Төр асуудлаа шийдэхийн тулд ТББ, иргэний нийгмийн байгууллагуудыг ашиглан харилцан ашигтай хамтран ажилладаг загвар барууны улсуудад байдаг. Ийм загвар Монголд байна уу, ажиллах болов уу?

Э.Бат-Идэр: Бүх ажлыг төр хийж чадахгүй. Хамтран ажиллах бүх зүйл нээлттэй байгаа. Төр, иргэд, хувийн хэвшил, ТББ бүгд хамтран хүчээ нийлүүлэн, хоорондын уялдаа холбоогоо сайжруулан урагшаа явах ёстой. Харин бие биенээ шүүмжлээд үйлдэл хийхгүй суугаад байвал тамын тогооны үлгэр шиг хэн нь ч хожихгүй. 

Д.Сүнжид: Сая Засгийн газрын хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн яамнаас өргөн барьсан Ашгийн бус хуулийн этгээдийн хуулийн төсөл дэмжигдсэн. Монголд ТББ олон байдаг ч төрийн ачааг үүрэлцэн эрхийг нь шилжүүлж авдаг, цогц хэмжээнд түншлэх хэмжээний чадавхитай нь цөөхөн байна гэдэг судалгаа бий. Үүний шалтгааныг санхүүтэй холбодог. Хоёрт, ТББ-уудыг ялгаж чанаржуулах цаг нь болсон байна. Халаасны гэж ярьдаг, эсвэл татвараас зугтах зорилгоор байгуулсан ТББ-ууд энэ институцийн утгыг нь алдагдуулдаг. Бид эндээс л асуудлаа хайх ёстой болов уу. Орон нутгийн төвшинд ажиллаж буй үндэсний хэмжээний ТББ гэвэл бараг байхгүйтэй адил байна. Шинэ хуулиараа ТББ-ыг төрийн түнш гэж үзэх ёстой. Ингэснээр төрийн үйлчилгээний чанарын хяналт бүрэн утгаараа хэрэгжиж боломжтой болно.

Д.Амартүвшин: Төрийн эрх мэдэл их байх тусам шүүмжлэл тасрахгүй. Иймээс шүүмжлэлээс салахын тулд төр өөрт буй жишээ нь янз бүрийн зөвшөөрөл өгдөг олон эрх мэдлээ багасгах хэрэгтэй гэж санагддаг. Нийгмийн даатгалын үйлчилгээг хувийн хэвшил элбэг хийгээд явчих бүрэн боломжтой байхад л төр өөр дээрээ алдагдалтай хэвээр нь одоог хүртэл байлгаад байдаг. Чаддаг байгууллагуудад нь төр эрх мэдлээ шилжүүлэх нь зүйтэй. Ингэснээр ТББ-ууд ч зөрөөд чанаржина. Чанаржихийг нь хүлээвэл хэн нь ч хөгжихгүй бас ямар ч алдаа гарахгүй. Хийж, алдаж үзэж байж суралцан хөгждөг. Иргэдэд мэдээ, мэдээллийг урлаг, эмоци ашиглан энгийн бөгөөд сонирхолтой байдлаар хүргэх ёстой юм билээ. Ийм ажлыг амжилттай хийдэг тусгай технологи байдаг гэдэг мэдрэмж надад төрсөн.

Г.Одгарав: Хэвлэл мэдээлэл бол хүчтэй зэвсэг. Төр болон ТББ энэ хүчийг хамтдаа ашиглан, нийгмийн сайн сайхны төлөө үр дүнтэй зүтгэх бүрэн боломжтой. 

Д.Сүнжид: Хэвлэл мэдээллийн байгууллагуудын эздийн мэдээлэл ил тод байх ёстой тухай дүгнэлтийг судлаачид мөн гаргасан байгаа. Эзэд нь улс төр болон бусад бизнесээс хэр хамааралтай, ямар оролцоотой гэдгийг нь шууд олон нийтэд нээлттэй болгох шаардлага бий. 

В.Ганзориг: Бидний эргэн тойронд болж буй, болохгүй байгаа бүхий л асуудал бидэнтэй л холбоотой ажээ. Иймээс бултаараа иргэн бүрийн эерэг оролцоотой нийгмийг хамтдаа бүтээх ёстой юм байна. Нийгэмдээ улам идэвхтэй байцгаая аа үзэгч, уншигч нар минь ээ!

Нэвтрүүлгийг бүрэн эхээр нь видео форматаар үзэхийг хүсвэл та доорх холбоос дээр дарна уу.