Одоогоос 16-17 жилийн өмнө Казиногийн хэрэг гэгч мандав аа. Монголд казино байгуулах хууль гарсан, хуулийн дагуу тендэр болсон, Макаогийн нэгэн компани хөрөнгө оруулсан, үйл ажиллагаагаа эхэлсэн. Гэтэл гэнэт хэдэн эх оронч гишүүд казинотой газар биеэ үнэлэх явдал (санаж байна, яг үгчилбэл “янханчлал” гэж оросоос болов уу, орчуулж хэлж байсан юм) газар авдаг гээд өнөө хуулийг хүчингүй болгож орхидогийн. Хууль гаргаж гаднаас урьж оруулж ирчихээд хөрөнгөө оруулсных нь дараа хөөж гаргаснаар Монгол ч хэсэгтээ нүдний булай болсон л доо. Ингээд казиногийн хууль санаачилсан гурван гишүүнийг (Түүний дотор Хууль зүйн сайдыг өөрийг нь) авилга авсан гээд баривчилчихдаг байгаа. Сум Дашзэгвэ гээд нэг ёоёотой гишүүн (тэр үед мэдрэлийн согогтой гишүүн одооныхыг бодвол хавьгүй цөөн байж, ердөө 13 орчим л!) баривчлагдсан гишүүдийг өрөөндөө хэдэн сая доллар тоолоод хувааж суухад нь харсан гэж мэдэгдсэнээс болоод тэд хэрэгт татагдсан юм шүү дээ. Мөрдөн байцаалтын дүнд тэдний хахууль авсан нь батлагдаагүй учир шүүх цагаатгасан. Харин тэднийг нэгэнт баривчилж шоронд хатаасан учир ямар нэг хэрэгт холбох шаардлагатай учир татварын хэргээр хэдэн жилийн ял өгсөн.  Шоронд байсан хөөрхий Батчулуун сайд тэгсхийгээд нас барж билээ. Ганц өрөө байранд тарчигхан амьдардаг түүнд татвар гээд ч юу байх билээ. Бэлгэнд авсан гэх ямбий гар утас л хөөрхийг хөөдсөн дөө.

“Ард” хэмээх Батсүх Америкт консулаар томилогдлоо. Бат-Үүлийг Зоригийг алсан гээд шоронд хийчихсэн байсан үе. Эмгэнэлт өдөр Батсүх Үүлтэй уулзаж байсан, маргааш нь Америк руу ниссэн гээд нэг нь матаж. Ингээд хөөрхий Батсүхийг АНУ-аас хулгайлж авчраад шоронд жил хатаав. Эцэст нь яасан гээ, сургууль төгссөн диплом нь хуурамч байсан учир энэ хэрэгт нь шүүхээс нэг жилийн ял өгөөд, хүн алсан гэх сэжиглэлд суусан жилийг нь дүйцүүлэн гаргаж байв. Монголын дээд сургууль төгсөгчдийн тал нь угаасаа хуурамч дипломтой шүү дээ.

Монголд татварын хэргээр баривчлагдсан хүн бараг байдаггүй мөртөө энэ хэргээр ял авч шоронд суусан нь хичнээн олон гээ. АТГ гээд хуучны Намын хянан шалгахаас доор газар гараад ирсэн, өнгөрсөн богино хугацаанд 3500 орчим хувийн хэвшлийн нэгжийг шалган зовоож, 600-д нь эрүү үүсгэжээ. Авилга уг нь төртэй холбоотой асуудал юмсан. Тэд ихэнхдээ л эцэст нь татварын хэрэгт орооцолдоно. Энэ нийгмийн баялагийг бүтээж атэгэхийнхний цалин цавуу төсвийг бүрэлдүүлж өгч буй хүмүүс шүү дээ. Гутлыг нь өмсөөд эзнийг нь амбаардав гэдэг энэ л дээ. Адгийн амьтадын матаас бичиж хорслоо тайлж, хөрөнгийг нь булаахад тусалдаг байгууллага уу? Үндсэн хуулийн бус энэ байгууллага өөрөө мөрдөх, тагнах, прокурордох, яллах, хүчирхийлэх, бие даан хардах, гүтгэх мэдэлтэйгээрээ Үндсэн хуулийн бүхий л инстүүцүүдийн дээр гарч тэднийг айлгаж байх “эрхтэй”. 1935 онд байгуулагдангуутаа л нам төрийн дээр гарч улс орон удирдаад явсан Дотоод явдлын яамтай нэн төстэй. Одоохондоо захиалагч, захирагч, удирдан чиглүүлэгч эзэнтэй юм шиг боловч ийм тогтолцоонд удахгүй эзнээ барьж иддэг үр могой болон хөрөвждөгийг түүх бидэнд хэлж өгсөнсөн. Ийм тогтолцоонд аль л хүний адаг болсон нэг нь дээш мандан улс орныг хорлон сүйтгэдэгийг хүний түүх мэднэ. Адгийн шаарууд хувийн хорсол, эдийн шуналаа “эх оронч“ болгон харуулж хаданд гардаг.

Урьд Гадаад яаманд ажиллаж байхдаа “ховч хар” цол хүртэтлээ хутгууш хийж, чадвар мэдлэгээрээ ч, увайгүй аашаараа ч амьтан хүнд адлагдаж явсан нэгэн АН ялалт байгуулсны шанд анх удаа овоохон том албан сандлын түшлэг шүүрээд авч. Эргэж яамандаа очиж хорслоо тайлахын тулд өөрийг нь олон жил ивээлдээ авч, өөд нь татаж явсан сайдыг шиншлэн мөн л АТГ-д матаж дээ. Ийм юманд төрлөхийн авъяастайн хувьд тухайн хүнийг буруутгасан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж гаргуулж чадсан байгаа юм даа. Хүн буруутгасан ийм тохиолдол урьд Улс төрийн товчооноос гардаг байсан болохоос сүүлийн 25 жилд мартагдсан зүйл. Ингээд шалгах комисс байгуулуулж даргаар нь өөрийгөө томилуулсан байгаа юм. Идэвхитэй гэж жигтэйхэн, шуудай дүгнэлттэй бөөн амьсгаадсан баяр хөөр. Цаадах нь ч бас хэрэгт оруулбал оруулчихаар факттай л байсан байх л даа, гэхдээ үнэндээ өөрөө матаад, өөрөө тогтоол гаргуулаад, өөрөө шалгасан матаачийн материалын 80 хувь нь худал гүжирдлэг, эсвэл ажлын бага сага алдаа. Одоо хэргийг углуурганд нь хийх гээд АТГ-ын гадаа өнжөөстэй. Шоронд хий, шонд дүүжил! Гадаад яамны төрийн нарийн бичиг байгаад хүнд өвчний учир ажлаасаа гарч өдгөө хэвтэрт байгаа турж эцэн өрөвдөм болсон нэгнийг орон тоо хэтрүүлсэн хэргээр АТГ-ээр дуудуулжээ. Өнөөх нь хэдэн хүнээр дамжлуулан очиж мэдүүлэг өгөх жишээтэй. Мань садист харин мишээл дүүрэн. Одоо хүссэндээ очин сайд болж аваад өөр АТГ-д мэдээлчихээр юу байгааг хайн байгалиас заяасан үндсэн ажлаа хийж яваа. Удахгүй хуучин сайд баривчлагдан шүүхээр орж, мань хутгууш гэрчээр оролцон шударга эх оронч цогтой үгээ хэлэх биз.

Шинэ Засгийн газар бүрэлдэн өөрийгөө “шийдлийн” гэдэг нэрээр адислаад гадаадын хөрөнгө оруулалтыг хөөж гаргасан өмнөх Засгийн газруудын алдааг засахаар зориг шулуудлаа. Хуулиудыг ч засч эхэллээ, үүнээ итгэл төгс гадна дотногүй сурталчилан “ороод ир ороод ир, одоо яах ч үгүй” гэсэн зар тараав. Үнээ хэлж дуусаагүй байхад нь АТГ “май чи!” гээд Сауз Гоби компаний гурван ажилтныг баривчлаад гялс “прокурордуулаад” шүүхдүүлээд хэдэн жил ял өгөөд хаядаг байх нь! Мань хэд өдөртөө ачигдан Монголын шоронтой танилцах дадлагын хичээлд сууж орхив. Энэ бол Монголд хөрөнгө оруулбал яадгийг харуулсан амьд үзмэр. Прокурордсон байдал, шүүхэдсэн зураглал, өмгөөлөл, шалгасан дүгнэлт, хөндлөнгийн аудит бүгдээрээ өнөөдөр Монголд хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн бараг заалт болгоноор зөрчижээ. Уг нь уг компанийг гурван жилийн өмнөөс шал өөр асуудлаар шалган, янз бүрийн заалтаар сэжигтэн болгож, эсвэл эрүү үүсгэж явсан даа, манай атэгэчүүд. Лав л татварын асуудал эхэндээ байгаагүй. Мөнөөх казиногийн хэрэгтэй их төстэй. Яахаараа ч жижигхээн Монголд яавч томд орохгүй компани энэ улсын үндэсний нийт бүтээгдэхүүнтэй дөхөж очихуйц үйлдвэрлэл явуулж татвараа нуусан байдаг юм?! Ер нь маш их лоосуутай хэрэг дээ. Гээндээ ч бий, гоондоо ч бий, гэхдээ цаана нь нуугдан буй авилгын хэрэг бараг л үндэсний нийт бүтээгдэхүүнтэй тоон утгаараа дүйж ч магадгүй шүү. Сонирхуулахад Япон болон Өрнөдийн “гуравдахь хөршүүдийн” хөрөнгө оруулалтыг Монголоос системтэйгээр шахан зайлуулж байгаа тухай саяхан Оросын “Огонёк”, “Аргументы и факты” зэрэг  төвийн том хэвлэлүүдэд бахархан бичсэн байна билээ. Сауз Гоби ч хувьцаагаа ердөө хэд хоногийн өмнө Хятадад зарчихлаа. Удахгүй АТГ “гуравдахь хөршийн” тухай яриа дэлгэсэн хүмүүст эрүү үүсгэх бизээ. Бид ч зурсан зургийн дагуу гольдорлоороо л урагшилж байна даа.
 
Энэ өгүүллийг бичиж байх явцад сая дууллаа, гадаадын гурван ажилтныг Ерөнхийлөгч уучилжээ. Ёо-оох, ашгүй дээ. Сократад залуусыг уруу татсан хэргээр цаазын ял оноожээ. Шүүхийн шийдвэр илэрхий бүдүүлэг, гүтгэлэгийн шинжтэй байв. Аугаа гүн ухаантны шавь нар шоронд ирж багшийгаа оргуулахаар шийдэн ятгасан боловч суут эрдэмтэн татгалзсан байна. “Шүүх илэрхий буруу шүүсэн, гэвч би шүүхийн нэгэнт гарсан хүчин төгөлдөр шийдвэрийг үл хүндэтгэвээс Афины хуулийн тогтолцоог хэн ч хүндэтгэхгүй үл тоомсорлох болно. Иймээс тогтолцоогоо аврахын тулд би цаазлуулж үхэх ёстой”.

Шүүх прокурорын буруугаас хэлмэгдсэн мань гурван хоригдлыг шоронгоос чөлөөлнө гэдэг тун хүнд асуудал. Буруу ч бай шүүхийн шийдвэрийг үл тоомсорлох арга үгүй. Тэгвэл манай тогтолцоонд гажиг сууна. Тэд давж заалдах аваас шүүхийн сунжирсан процесс болж мөдгүй асуудал үүснэ. Гэтэл тухайлбал нэг хоригдлынх нь аав түүнийг энд гурван жил мөрдүүлж байхад нас барсан ба, ээжийнх нь бие өдгөө тун тааруу байгаа. Тэднийг хуулиар өршөөж болно, гэвч энэ нь УИХ-аар орж хуулиар биелэгдэх мөн л унжирсан процесс. Ганц гарц нь хуулинд заасан Ерөнхийлөгчийн уучлал. Олон түмний янз бүрийн хэл яриа, матаач нарын үндсэн ажлын сэдэл, уг хэрэгт орооцолдсон далд авилгачдын занал зүхэл, үүнийг далимдуулж цээжээ цөмөртөл нүдэн хойтонгийн сонгуульд бэлдэх эх орны эрэлхэг хөвгүүдийн хараал ерөөл, эргэж бухах шүүх прокурорынхны (мэдээж бас атэгэхний, гэхдээ энэ удаа тэд гайгүй өнгөрөх байх?) хариу үйлдлээс айлгүй иргэний зориг гаргаж, өөрт нь олдсон хууль ёсны эрхийг эдэлж уучлал үзүүлж буй Ерөнхийлөгчийг уг нь энэ үйлдэлд нь магтах л ёстой юм байгаа юм л даа.  Улс орныхоо нэр хүндийг авардаггүй юм гэхэд (одоо ч аврах хэцүү болсон л доо) ядахнаа бага ч гэсэн цайруулж буй түүний зориглолд талархжийнээ.

2015.2.26