Тусгаар тогтнолын ойд зориулав.


Сүүлийн үед манай түүхийн судалгаанд балархайдуу явж ирсэн нэгэн сэдвийг манай судлаачид, ялангуяа цэргийн түүхийнхэн ихэд сонирхох болсон нь Богд хаант Монгол Улсын цэргийн Өвөрмонголыг нэгтгэх дайн буюу “Таван замын байлдаан” гэгдэх дайны түүх билээ. Энэ талаар өмнө нь “Улстөрийн сонин”-ы 2009 оны 5 дугаарт “400 монгол 10 000 гаминг ялна” өгүүлэл бичиж, “Ялагдаагүй арми” нэртэй нэвтрүүлэг бэлтгэж “25 дугаар суваг” телевизээр гаргаж байсан билээ. Уг өгүүлэл “Тойм” сэтгүүл, baabar.mn сайт болоод бусад олон сайт блогт тархсаны дээр зарим нь өөрөө бичсэн мэт “гайхуулж” байсан тохиолдол ч бий. Энэ сэдвийг хийрхэл бардамналаас ангид судлах нь бидэнд туйлын чухал болов уу? Учир нь өгүүлэл гарснаас хойш энэ талаар ихэд ярьдаг болсон атал лав л ихээхэн сонирхдог миний л уншсанаар төдийлөн ахиц гараагүй нь харамсалтай. Доктор З.Лонжид энэ талаар сайхан өгүүлэл бичсэн нь миний өгүүллийн гол хана болсныг шударгаар хэлэх ёстой. Тиймээс энэ талаарх судалгааны сайн бүтээлийг хэрхэн олж болох талаар удтал сурсны эцэст доктор Д.Базардоржоос их сайн сурвалж олж сонссон юм.

БНХАУ-д энэ хэрэг явдлыг “Үхэр жилийн үймээн” гэж нэрлэдэг бөгөөд Өвөр Монголын эрдэмтэн Өргөдэй Тайван энэ талаар хамгийн гүнзгий судалсан хүн ажээ. Бид болгоомж хэтэрсэндээ юу, эсхүл түүхийн ээдрээгээ тайлж чадахгүй мунгинаж байгаадаа болов уу, ямар боловч энэ талаар сүрхий судалсан зүйлгүй атал өмнөд хөршид гүнзгий судлаж, чөлөөтэй хэвлэж, нийтийн хүртээл болгодог ажээ. Ө.Тайван эрдэмтний энэ тухай бичсэн ном Хятадад хамгийн гүйлгээтэй номын нэгд тооцогддог юм байна. Тиймээс эрдэмтний бичсэн “Үхэр жилийн үймээний тухай нягтлал” өгүүллийг товчлон хүргэж байна. Тайлбар зүүлт сэлттэй нь бүрэн уншихыг хүсвэл “Хятад дахь Монгол судлал” сэтгүүлийн хоёрдугаарт хэвлэгдсэнийг дурдая.
 
Энэ өгүүлэл анх манай залуу хятад судлаачдын эрхлэн гаргадаг багтаамж, судалгаа, орчуулга нь гайхалтай чанартай “Хятад дахь Монгол судлал” сэтгүүлд гарсан ба мөн “МонЦаМэ” агентлагаас гаргаж байсан “МонЦаМэ тойм” сэтгүүлд товчлон хэвлэж байсан юм. Агентлагаас хятад хэл дээр гаргадаг “Монголын мэдээ” хятад сонины редактор байсан, одоо олон улс судлалын хүрээлэнд ажиллаж байгаа доктор Д.Базардоржийн хөрвүүлснийг гуйж, тусгаар тогтнолын баярыг тохиолдуулан уншигчиддаа толилуулж байна. Найруулгыг нь их зассангүй, өвөрлөгч хэллэг найруулгатай ч тун ойлгомжтой гэж бодож байна.


1.    Эхлэл

1911 оны 10 сарын 10-ны өдөр, Дайчин гүрний өмнөд Учань хотод бослого гарч, Цагаагчин гахай жилийн хувьсгал үүсэв. Манж Чингийн эсрэг энэхүү бослого нь Ар, Өвөр Монголын үндэсний тусгаар тогтнолд түүхэн тохиол болсон юм. Үүнээс өмнө, мөн жилийн 7 сард, Ар Монголд Жибзундамба хутагт тэргүүлсэн Монголын дээд давхаргатан болон чуулган, орон нутгийн хамаарах хүмүүс нууцаар хуралдаж, Дайчин гүрний Монголд явуулсан “Шинэ засаг”-ийн бодлого болон Монголын шахамдсан байдлыг нягтлан ярилцав. Энэхүү нууц хуралдаанд өвөр Монголын төлөөлөгч бас оролцжээ.

Хуралд оролцогсод  Дайчин  гүрнээс ангижран салах гэсэн зорилгоо нэгтгэж, Оросоос тусламж гуйхаар тогтов. Үүнээс үзвэл, Монголчуудын улс төрөө тусгаарлах ажиллагаа нь эртнээс явагдаж, Цагаагчин гахай жилийн хувьсгал үүсэх үед нэгэнт нилээд бэлтгэлтэй болоод байсан юм байна.

1911 оны 11 сард, Монголын түр цагийн засгийн газар байгуулагдаж, мөн сарын 30-ны өдөр тусгаарласнаа тунхаглаад, Богд хаант засаг төр тогтсон байна. Богд хаант засаг байгуулагдсан даруйдаа өвөр Монголын хошуу, чуулган ба ван, гүн нарт Монголд нэгдэн орохыг уриалсан бичиг тараав. Дахин 1912 онд Богд хаант засгийн “ван, гүн ноёд түшмэдийн (дээд) хурал” дээр “Өвөр Монголын 6 чуулган 24 аймгийг үлдээлгүй дайлан түвшитгэх” чиглэлийг тогтоосон бөгөөд хурлын дараагаар удалгүй Өвөр Монголд нууц элч нарыг томилон илгээж, Өвөр Монголын ван гүн ноёдыг хамжин дэмжихийг хүсэв. 1912 оны 9 сард “Орос-Монголын гэрээ” байгуулахаар зөвлөлцөж байсан үед, Богд хааны засгийн газар дотооддоо Өвөр Монголд цэрэг оруулах төлөвлөгөө зохиож эхлэв. Мөн оны доор хагас жил болоход, Богд хааны засгийн газрын цэрэг Өвөр Монголд орж ирсэн нь энд тэндгүй харагдах болов. Богд хааны цэрэг болон Өвөр Монголын босогчдын дайчилгаагаар Өвөр Монгол оронд мөн “тусгаарлах” шинжтэй тэмцэл өрнөж байв. Нөгөө талаар, 1912 оны 9 сарын сүүлчээс хойш Дундад Иргэн Улсын цэрэг Ар, Өвөр Монголын хил заагаар гол болгон Өвөр Монгол оронд хурданаар төвлөрч эхлэв.

ДИУ болон Монголын хоорондох мөргөлдөөн хурцдаж, хэрэг хурцдах зүгтээ хандаж, эцэстээ зэвсэгт мөргөлдөөн гарах болов. Ингээд 1912 оны сүүлчээс эхлэн жил гаруй хугацаанд Иргэн улсын Бээжингийн засгийн газар ба Монголын Богд хааны засгийн газар Өвөр Монголд дайтжээ. Энэ бол даруй 1913 онд Өвөр Монголд гарсан дайн, өөрөөр хэлбэл “үхэр жилийн үймээн” болно.


2.    Дайны эхний шат

ДИУ болон Монголын цэргийн анхны байлдаан Өвөр Монголд хэзээ болсон цаг нь тодорхойгүй боловч Японы гадаад яамны Дайшёогийн тэргүүн (1912) оны (1912) 9-р сарын 9-ний тэмдэглэлд “Жэн Жиатүнд билгийн улирлын долоон сарын 8-наа Хятад, Монгол хоёр цэргийн хооронд нэгэн их дайн болов” гэсэн мэдээ бий.

Бидэнд олдсон материалаас үзвэл, энэ нь Өвөр Монголд болсон ДИУ-ын цэрэг болон Монголын цэргийн хамгийн анхны зэвсэгт мөргөлдөөн болно. Түүнээс хойш мөргөлдөөн олон гарах болж, “Хятад, Монголын цэргийн байлдааны байдлын тухай мэдээ, ам хүнс зөөвөрлөх байдал ба Хятад, Монголын цэрэг их дайн хийх гэж байх цуу чимээнүүд” тухайн үед Японы гадаад явдлын яаманд тасралтгүй хүрч байжээ.

Эдгээр материалаас үзэхэд тэр үед ДИУ ба Монголын талын цэргийн туршуул ангиуд тааралдвал хоёр тал нэгнээ нутаг түрэмгийлсэн болгож байлддаг бөгөөд тэгээд тэр нь ихдэн хурцдаж байсан байна.

Гэхдээ дайнд оролцож буй хоёр талын аль нь ч өөрийн засгийн газрын  удирдлага ба дайны тактикаар хөдлөж байсан гэж дурдагдаагүй. Эдгээр зэвсэгт мөргөлдөөнийг үнэхээр хоёр талын засгийн газрын жинхэнэ бодлогоор явагдсан гэж хэлэхийн аргагүй. Монголын талаас үзвэл, Богд хаант засагт оролцсон Өвөр Монгол гаралтай ноёд Тогтох, Удай нар тухайн дайн байлдааныг биеэ дааж өөрсдөө өрнүүлж байснаас биш, тэр болтол Богд хаант засгийн газар, Өвөр Монголыг цэргээр чөлөөлөх зарлиг буулгасан тухай материал олдохгүй байна. ДИУ-ын талаас үзсэн ч 1912 оны дунд үе болтол Монголыг довтлох заавар гаргасан тухай тэмдэглэл олдохгүй байна.

Гэтэл зэвсэгт мөргөлдөөний үеэр Өвөр Монголын нийгмийн самуун байдал улмаас улам хэцүүдэн, бүх хошуу чуулган нь түүний нөлөөг хүртэж дайны уур амьсгалд хамрагдан орсон байв.

Энэ тухай тэмдэглэсэн нь бий: “Гадаад Монголын үймээн самууныг цуурайтан дагаж Өвөр Монголын Засагт хошууны ван Удай бээр ноднигийн найман сард тусгаарласнаа тунхаглан Тао Нанфүг эзлэн авахын цагт Тогтох бээр мөн урван босч зүүн Монголын умард хэсгийг нэг үе халдан сүйтгэсэн боловч хэрэг нь томорсонгүйгээр намдахад хүрэв”

Энэ мэтчилэн Ар Монголын тусгаарласан нөлөө нь Өвөр Монголын Хорчин, Горлос зэрэг аймгийн хошуудад хүрч байв. Монгол хүн ам хамгийн олон байсан Түшээт хошуу, тухайлбал, Хорчин баруун гарын дунд хошууны Монголчууд “Хүрээний хаант улсыг цуурайтан дагавай хэмээмүй” гэсэн мэдээ гарч байв.

Үүнийг доорх материалаас мэдэж болно: “Түшээт вангийн хошууны харъяат монголчууд нь дэргэдэх хошуудын Монгол хүмүүс болон нутаг усанд үндэс бүхий Манж, Монголын морьт хулгай лугаа холбоолж Өвөр Монголын тусгаарлахыг тунхаглаж хэдийн буу зэвсэг хөдлөж, Ли Чуан шианыг эзлэн аваад одоо улмаар Тао Нанфү-г дайрав хэмээмүй” гэжээ.

Мөн 12-р сарын 19-ний өдрийн гадаад яамны мэдээнд: “11-р сарын 26-ны шөнө Даагын сүмд хүрсэн Монгол хулгай нар Кай Лү шианыг эзлэхийн зэрэгцээ Гахай сүмд их цэргээ үлдээж суурин газар балгасыг тагнан мэдээд явган ба буут хоёр ангийн хүрч ирэхийг хүлээж зам хуваан дайрахаар болов” гэж мэдээлжээ.

Энд дурдаж байгаа “Монгол хулгай” гэдэг нь Ар Монголоос орж ирсэн цэрэг анги уу, Өвөр Монголын боссон цэрэг үү гэдэг нь тодорхой мэдэгдэхгүй боловч ямар ч гэсэн энэ үед боссон Монгол хүмүүс Өвөр Монголын зүүн хэсгийн төв  Кай Лү шиан (Түнлиёогийн баруун бие) орчмыг эзэлсэн нь тодорхой байна.
 
Богд хааны засгийн газрын цэргээс хамгийн эрт Өвөр Монголд томилж ирүүлсэн цэрэг бол Баргын Дамдинсүрэнгийн удирдсан хошууч анги байв. 1912 оны эцсээр Дамдинсүрэнгийн цэрэг Ар, Өвөр Монголын хил зах оронд сууж Өвөр монголын зүг довтлохоор бэлтгэж байв.

Тэр үед (мөн оны эцсээр) Богд хаант засгаас “Улсын түшээ гүн” ба “Их жанжин”-ы хэргэм цол хүртсэн Бавуужав мөн өөрийн цэргээ удирдаж Богдын зарлигаар Өвөр Монголд орж ирсэн бөгөөд түүнд Егүзэр хутагт Галсандаш нууцаар туслаж байв гэдэг мэдээ ч бий. Хэдийнээс Дарьгангыг дайрах санаатай байсан Бавуужавт бол түүний өмнөх Шилийн голын нутаг нь анхаарлыг нь аяндаа татах юм. Дамдинсүрэн, Бавуужав хоёрын цэрэг холбоолон өмнөш орсон гэдэг мэдээ ч бий.

Бээжингийн засгийн газар “Хүрээний цэрэг (Богд хааны цэрэг) өмнөш халдсан мэдээ бий” гэж мэдэж байсан боловч “Цэргийн тоо нь олон бус, сэргийлж устгах өдөр бас ч хялбар” гэж үзэж байсан бөгөөд “Чухал боомтыг сахин сэргийлж, холхилдон үймүүлэхийг нь бөглөн хааваас цэрэг томилон устгах хэрэггүй” гэдэг чиглэл авч, сэргийлэх бэлтгэлээ бэхжүүлж, зэвсэгт мөргөлдөөнөөс зайлахыг цэрэгтээ зааварлаж байв. Гэхдээ түүний цаана нь Оросын ба Бээжингийн засгийн газрын харилцааны санаа зорилт оршиж байсан гэдэг юм. Гэхдээ Бээжингийн засгийн газраас Монголын зэвсэгт халдлага болон өдлөгө өдөр тутмын болж байгаа нөхцөлд Монгол цэргийг эсэргүүцэн байлдахыг хориглож байсны уг шалтгааныг мэдэгдэхгүй байна.

Монголын цэрэг, Өвөр Монголын газрыг эзлэн урагштай дотогшлож байсан үеэс Иргэн улсын засгийн газар шахагдан бодлогоо өөрчилж дайтаж эхлэжээ. Одоо болтолх түүх судлалын маргаанд энэ нь нэг асуудал болж ирэв. Тухайлбал, Иргэн улсын талаас үзвэл Өвөр Монгол нь мөн Ар Монголын адил тусгаар тогтнох байдалд орох түгшүүртэй тул Бээжингийн засгийн газрын хувьд аргагүй Монголын эсрэг гэдрэг довтолж эхэлсэн юм гэдэг.

Энэ тухай Монгол улсын түүхийн сурах бичигт: “Бээжингийн засгийн газар Монголыг Иргэн улсын нэгэн муж болгох гэж түрэмгийлэх бодлого явуулав. ...1913 оны эхээр Өвөр Монголд Иргэн улсын их цэрэг хэдэн газраар орж Өвөр Монголын ард түмний үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг харгисаар дарангуйлж, мөн цаашдаа Ар Монголыг довтлох болов. Ингээд Монголын цэрэг хүнд бэрх байдалд байлдаан өрнүүлж Иргэн улсын довтолгооныг эсэргүүцсэн байв” гэжээ. Монгол улсын талын энэхүү ойлголтоор бол, Өвөр Монголын нутагт Иргэн улс цэрэг суулгасан нь мөргөлдөөний шалтгаан болох ажээ.

Монголын цэргийн ажиллагаа нь Иргэн улсын тухайд, Дайчин гүрний сүүлчээр Монголын асуудал үүссэнээс нааших хамгийн муу хэрэг болсон байв. Иргэн улсын сонин сэтгүүлд түүнийг ширүүнээр хэлэлцэж Дуан Чи Рүй, Сюй Шү Жан, Ян Ши Шан, Гү Хан Мин нарын “Цэргийн хүчээр номхотгох бүлэгтэн” хэмээгдэгч хүмүүс идэвхтэй хөдөлцгөөж байв.

Энэ үед 1912 оны 10 сарын 11-ний өдөр Бээжингээс Оросын элчингийн явуулсан цахилгаанд: “Дундад улсын сонин сэтгүүлийнхэн ба нам бүлгийнхэн Оросын эсрэг ухуулгаа үргэлжлүүлэн чангатгаж байна. Хүрээг дайлах аяны цэргийг зэвсэглэхээр илээр хандивын мөнгө цуглуулж байна. Зөвлөлгөөний хурлын дарга тэргүүлсэн улс төрчид цөм энэхүү учирт оролцов. Засгийн газар яг улсын доторх цэргийн зээллэгийн төсвийг ярилцаж, аян цэргийн төлөвлөгөө хийж, эл газарт үүний төлөө идэвхтэй бэлтгэл арга хэмжээ авч байна” гэжээ. Бээжингийн засгийн газрын зөвлөгчийн яам ба хуурай цэргийн яамны удирдлага дор, юуны өмнө Дарьгангад дайран Монголын цэргийг устгах дайны зорилгыг тогтоов. Үргэлжлүүлээд Халуунгол (Рехө), Цахар, Шаанси, Сүйюаньд суугаа цэргийн дайралт бараг нэгэн зэрэг эхэлсэн байв.

Дарьгангад довтолсон Иргэн улсын цэрэг ихэд ялагдаж, Дарьгангын өмнө талд байгаа Шилийн голын газар Ар Монголын цэрэгт эзлэгдэв. Энэ үед Иргэн улсын цэрэг бүгд Шилийн голоос ухарсан байв. Тэгээд “Хятадын засгийн газар Улаанхад ба Кайлүд цэргийн зохион байрлуулалт хийж Дарьгангыг эзэлсэн Ар Монголын цэргийг хөөн гаргахаар Жинжоүгээс И Жүн (毅军) цэргийн явган цэрэг 2 000, морьт цэргийн дунд анги нэг, буут анги, нэг дунд ангийг, Халуун голоос И Жүн цэрэг 2 000, Хуай Жүн (淮军) цэрэг 1 000, шадар цэргийн хоёр хороог, Жанчхүүгээс 500 цэрэг, Гүй Хуачэн /Хөх хот/ хотоос шадар цэргийн хоёр хороог, жич Шаансийн хуурай замын цэргийн нийлмэл багаас нэг бригадыг” татан төвлөрүүлж Дарьгангыг дайрах хүчээ зузаатгав. Гэвч 1919 оны 11-р сард Ар Монголын автономитыг үгүйсгэх болтол, Иргэн улсын цэрэг Дарьгангад орж чадаагүй юм.
 
Анх удаагийн баруун замын байлдаанд Шилийн голын нутаг бараг бүхэлдээ хамрагдав. 1912 оны сүүлчээр Иргэн улс ба Монголын цэргийн мөргөлдөөн үүссэнээс нааш, Шилийн голын чуулган ба зүүн талын Зуу-Удын чуулган тун хэцүү байдалд ороод байв. Энэ хоёр чуулган нь Хөлөнбуйрынх шиг Богд хаант засгийг дагахаар эрс тэс хөдлөөгүй бөгөөд Цахарын зарим хэсэг ч бас ялгаагүй байв. Мөн Их зуу, Улаанцавын чуулган мэт өнгөн дээрээ Иргэн улсыг дагаад үнэндээ Богд хаант засагтай үргэлжлэн харилцаж байсангүй. Өдөр ирэх тутам шахамдаж байгаа нөхцөл байдалд энэ хоёр чуулган ямар байдлаар хандвал зохихоо өөрсдөө тогтоож чадалгүй хар шар нийгмээрээ самгардаж байв. Тэгээд ч 1913 оны зэвсэгт мөргөлдөөнд хамгийн их хохирол амссан нь энэ хоёр чуулган болжээ. Шилийн голын чуулганы нутаг нь дунд ба баруун Өвөр Монголын хойд хэсгийг бүрхэж Ар Монголтой шууд залгагдаж байдаг. Тухайн чуулган нь Иргэн улс ба Монголын хоорондох халхавч орон болж байсан учраас түүний өмнөх Цахар орон цохилтонд учирсан боловч хохирол нь бага байв.

Монголын талаас Шилийн голын дайнд оролцсон нь Дамдинсүрэнгийн удирдсан баруун замын цэрэг болон Бавуужав, Хайсан хоёрын удирдсан дунд замын цэрэг байв. Дамдинсүрэнгийн 1000 цэрэг бүгд Өвөр Монголын хүн бөгөөд Дамдинсүрэн 1912 онд тэднийг Хөлөнбуйр, Шилийн гол, Цахараас элсүүлсэн юм.

1913 оны 1-р сарын дундуур Дамдинсүрэн Иргэн улсын цэргийн Долнуурын хуаранг авахаар довтлоход Иргэн улсын умардын шинэ цэргийн нэгдүгээр дивизийг хөдөлгөж Долон нуурын баруун хойнох элсэрхэг газарт ширүүн байлдаан хийв. ”Монгол цэргийн дайралт эхэлмэгц хөдөлгөөн шаламгай Монголын морьт цэргийн салбар анги Долон нуур орчим дайран орж Иргэн улсын цэргийн буцах замыг тасалсан тул Иргэн улсын цэрэг бүслэгдэж, цэргийн хагас нь алагдаж, үхэж шархдагсад зууны наяд хүрч тун ихээр хохирчээ. Иргэн улсын талынхан энэ тулаан ач холбогдол өгч, гол хүчний шинэ цэрэг очтол  дайсны дайралтыг Шангуан голд (Долон нуурын хойгуур урсах гол) тогтоо гэж тушааж байв.

Тэгээд умардын хуурай замын цэргийн 3-р дивизийн 3-р бригад, 8-р дивизийн 16-р нийлмэл бригад, Хуайжиүн цэргийн морьт цэргийн нэгдүгээр бригадыг Долнуур орчим томилоод, бас Халуун голын И Жиүн цэргийг нэмж туслуулахаар дайны бэлтгэл хийлгэв.

Энэ үед буюу 1913 оны эхээр Цахарын зүүн хэсэг ба Халуун голын хойд дахь Иргэн улсын цэргийн хүч 21 400 хүн болсон гэдэг. Долнуурын батлан сахих сайд Ван Хуайчин Монголын цэргийг устгахаар шийдэж, буут цэргийн галын хамгаалалт доор тооны хувьд давуу цэргийн хүчнээр гэдрэг дайралт хийв. Гэвч илэрхий ялалт олсон байдал мэдэгдэхгүй. “Тус газарт суугаа Иргэн улсын явган цэрэг, морьт, буут ангийг хамтруулсан 4 000 орчим цэргүүд дайнд гарсан гэдэг боловч тодорхой тоо нь мэдэгдэхгүй бөгөөд ерөнхийдөө цэргийн сүр алдагдсан байна” гэж Мүгдэнд суусан ерөнхий консулын газраас Японы гадаад яаманд явуулсан 4-р сарын 30-ны өдрийн мэдээнд тэмдэглэсэн байв.

1913 оны эхэнд Бавуужав, Хайсан, Наваангомбо нарын удирдсан Дарьгангын чиглэлийн цэрэг, Өвөр Монгол руу олонтаа дайрч байв. Эдгээр цэрэг юуны өмнө 1-р сард Дарьгангад ялаад, Бэйсийн сүмээр (Одоогийн Шилийн голын төв Шилийн хот жич түүний орчим) дамжин зүүн өмнөш урагшлав. Бавуужав Лиан Күйсү нар хэдэн мянган цэргийн хүчээр Бэйсийн сүмийг довтолсонд Иргэн улсын цэрэг анх удаа Монголын цэргийг эсэргүүцэн байлдсан бөгөөд түүний дараа Монголын цэрэг Шилийн голын Үзэмчин хийгээд Зуу-Удын Их вангийн сүм, Мисан сүм, Шавартай, Шар даваа зэрэг газрыг эзэлсэн байв. Бэйсийн сүмийн байлдаанаас хойш Иргэн улсын хамгаалах цэрэг удаа дараалан ялагдан ухарч байв. Дөрөвдүгээр сараас өмнө, Шилийн голын зүүн хэсэг Зуу-Уд аймгийн Хишигтэн хошуу Монголын цэрэгт эзлэгдэв.

Одоогийн засаг захиргааны хуваариар үзвэл, их төлөв Шилийн голын зүүн баруун Үзэмчин, зүүн баруун Сөнид, Шилийн хот, Эрээн хот, Улаанхадын баруун Баарин, Хишигтэн зэрэг газар эзлэгдсэн байв.

Энэ үед Их вангийн сүмийн чиглэлд Иргэн улсын гол хүч хуралдсан байв. Монгол цэрэг өмнө зүгт давшсанд “Их вангийн сүм (Долнуураас 230 газарт бий) дэх явган цэргийн нэг хороо, Умардын И жиүн цэргийн нэгэн ангийг онцгойлон урагшлуулан оруулж суулгасан хэмээмой”. Буут цэрэг нэгэн хороо (харъяа нь тодорхойгүй) өнгөрсөн 4-р сарын 4-ний шөнө 500 гаруй Монгол цэргийн (хагас нь монгол морьт хулгай хэмээмүй) дайралтад учирч, гэнэтийн хэрэгт ямар ч бэлтгэлгүй тул буут цэрэг нь нэг буу ч буудалгүй зугтаан, явган цэрэг нь үхэж шархадсан хорин хэдэн хүнээ хаяж, Долнуурын зүгт зугтаав” гэжээ.
 
Энэ явдлын тухай дээрх Гадаад яамны тэмдэглэл нь “Мүгдэний цагийн сонин”-ы мэдээтэй адилавтар байна. Тус сонинд: “Тийнхүү байлдсан учир бий бөгөөд Дундад улсын шинээр бүрдүүлсэн нэгэн анги оролцсон мэт. Шөнөөр нэгэн анги Монгол цэрэг болон дээрэмчид, Хятад цэргийг гэнэт дайрсанд төдий л эсэргүүцсэнгүй, 40 хүн үхэж, Монголын цэрэг их буу гурвыг булаав. Энэ бол 4-р сарын 4-ний учир болой” гэжээ.

Үүнийг мэдсэн Иргэн улсын туслах анги “хэдэн мянган Хятад цэрэг мордож тухайн газарт очсонд Монгол цэрэг хэдийн буцаж яваад бараа нь харагдахгүй байжээ” гэжээ. Дөрөвдүгээр сарын 8-ны өдөр Халуун голын захирагч Шиүн Шилин Бээжингийн засгийн газарт Хишигтэнд суусан Иргэн улсын цэрэг ялагдан ухарсныг мэдүүлж байв. Мөн Жин Пөн (Бяруу хот), Лин Ши (Баарины баруун тал) бүгд автсан байв. Энэхүү хүнд байдалд Шиүн захирагчаас Мүгдэний захирагчид цахилгаан явуулж “Кай лүд суугаа Мүгдэний умард замын сэргийлэн цагдах цэрэг ангийг Лин Шид шилжүүлэхийг хүснэ. Бас Улаанхадад зөөврийн товчоог байгуулж цэргийн хэрэгсэл зөөвөрлөсүгэй хэмээн засгийн газарт цахилгаан илгээж гуйсан” байв.

Дараа нь 5-р сарын 11-нд “Нэгдүгээр дивизийн командлагч Ли Күйюань  баруун Сөнид хошууны сүмийн орчим давуу хүчтэй Монголын цэргийн нэгэн ангид дайрагдаж цусан байлдаан хийж шөнө болоход Ли ноёны бөгсөнд сум нэвтрэн шархдаж, доорх цэргүүдийн ихэнх нь үхэж шархдаад пулемёт буу хоёр, жич ам хүнсийг орхиод ухарсан бөгөөд нөгөөдөх Шаансийн хязгаар дахь байлдаанд Иргэн улсын цэрэг гашуун бэрх дайнд автаж, улмаар Бугат балгас (Өвөр Монголын дунд хэсэг), Тао Линшиан (Өвөр Монголын Улаанцавын зүүн хэсэг) зэрэг газар Ар Монголын цэрэгт автах болов” гэжээ.

4-р сарын 8-нд Бугатын чиглэлд Хятад явган болон морьт отряд дайралт хийж Монголын 30 гаруй цэргийг буудаж алсан боловч Монголын талын жагсаал эвдэрсэнгүй ширүүн тулалдаан үргэлжилсээр байж, эцэстээ Иргэн улсын их бууны ширүүн галлалтад Монголын цэрэг цохигдон ухрав. 4-р сарын хуучдаар Долнуурын дэд захирагч Фү Лиан Зуо Бээжингийн засгийн газарт дараахь байдлаар мэдүүлж байв: “Арван дөрөвний өдөр Монголын цэрэг 1500 гаруй хүн шөнө дөлөөр бэлтгэл гүйцэдгүй байхад гэнэт дайрав. Хятад цэрэг үхэж шархдагсад олон бөгөөд булаагдсан буу зэвсэг ч багагүй. Хишигтэн нутгийн ард айн эмээж тогтворгүй болов. Учир иймийн тул суугаа тусгаар бригадын дарга Чэн Вэнюнийг харъяат цэргийг нь авахуулж түргэн ирүүлж туслуулав” гэж бий.

“Монгол газрын ойллого”-оос үзвэл, 10-р сарын үеэс Монголын цэрэг Шилийн гол дахь Иргэн улсын цэргийн хуаранг устгаад, хэд хуваагдан давшиж Цахарыг түрж, Зуу-Удын хойд хэсэгт гүн орж, Шилийн голын бүх нутгийг эзэлсэн байв. Тухайн үеийн ДИУ-ын цэргийн удирдах газраас Бээжингийн засгийн газарт өгсөн мэдүүлэлтэнд: “Хүрээний цэрэг (Монгол цэрэг) жинхэнэ төв жагсаалгүй бөгөөд ердөө манай санаандгүй байхад дайран, манай цэрэг байлдсугай хэмээтэл хэдийн холдон бараагүй замхармой. Тэдний морины туурайн хурдац нь аймшигтай бөгөөд илрэх арилахыг нь төсөөлөхийн аргагүй тул манай цэрэг үнэхээр мунгинан зүдэрч байна” гэж тэмдэглэв. Тэр нь хөдөлгөөнт чадвар бүхий цөөн морьт цэргээр гэнэдүүлэн дайрч, дайсныг самууруулах гэдэг Монголын уламжлалт партизаны дайны арга байв. Иргэн улсын Монголыг тагнан байцаах ангийн тэмдэглэлийг (1913 оны дөрөвдүгээр сарын 11-12-ны өдөр) үндэслэвэл, Өвөр Монголын эл хошуу нутгийнхан Монголын цэргийг туслан дэмжиж байжээ.

Дээр дурдсанчлан Шилийн голын бүх нутаг, Зуу-Удын их хагас, Өвөр Монголын дунд бие, Улаанцавын зүүн хэсэг зэрэг газар Монгол цэрэгт эзлэгдэв. Ингээд Богд хааны засгийн газрын цэрэг “Давшин орох газар бүрдээ угсаа нэгтэй Өвөр монголчуудын дэмжлэгийг олсоор, Бээжингээс хоёр зуу хүрэхгүй километрт Долнуур балгаст шахан хүрэв. Монгол үндэстний тархаж бүхий нутгийг 1913 оны намрын үеэр ийнхүү бараг бүхнээр нь буцаан авсан” байв.

3-р сарын 14-ний өдөр, Лондонгийн “Таймс” сонины олон улсын хэлтсийн эрхлэгч Брахам (Braham, Dudley Disraeli)-д илгээсэн Моррисоны (G.E.Morrison, Юань Шикайн улс төрийн зөвлөгч) захидалд “Хүрээнээс Чуулалт хаалга хүртэлх цахилгаан утасны гуравны хоёр нь нэгэнт тусгаар тогтносон Монголчуудын гарт оров. Үлдсэн нь Хятадын тариалагчдын бүсэд байвч Монголчуудын довтолгоонд өртөх аюултай болоод байна” гэжээ.

Иргэн улсын цэрэг дайн эхэлснээс хойш үндсэндээ ялагдав. Моррисон шаламгайлан урагшлах Богд хааны засгийн газрын цэргийн ажиллагааны тухай өгүүлэхдээ: “Монголын цэрэг Монголын бүх нутгийг үймээн бужигнаанд оруулав” гэж гайхсан бөгөөд нөхцөл байдал хэрэв энэ мэтээр үргэлжлэвэл “Одоогийнхоос ч илүү цочирдмоор юм болно” гэж байв. 7-р сарын 1-нд Бээжингийн засгийн газарт дэвшүүлсэн бичигтээ тэрээр дээр дурдсан байдлыг задлан шинжлээд “...иймд дайтаж байгаа хоёр талаараа түргэхэн эвсэхгүй бол болохгүй” (мөн тэнд) гэж, ач тач мөргөлдөхөөс зайлж аль түргэнээр эвсэх бодлого авбал сайн” гэж дурдав.
 
Оуэн Латтимор (Owen Lattimore) бас Богд хааны Засгийн газрын цэргийн тухай “Хүрээнээс томилсон аян цэрэг бүтэмжгүй биш” гэж байсан бөгөөд “Тэд нар хүрсэн газар бүртээ Хятадын цэргийг ялсан бөгөөд түр зуур Жанчхүүгээс умарших дайнд их ялалт олж байсан” гэж тэмдэглэжээ. Тэрээр “Иргэн улсын цэрэг шинээр сургуулилж, орчин үеийн зэвсгээр зэвсэглэсэн тухайн үеийн шилдэг ангиудаас бүрдэж байсан боловч байлдаан бүрт ялагдаад байсан тул аргагүй хэлэлцээр хийхийг хүсэх болов” гэжээ.

Ийнхүү явцад Иргэн улсын төлөөлөгч болон Монголын цэргийн хошууч ангийн дарга Дамдинсүрэнгийн хооронд хэлэлцээр хийх болов. Тэр үед Иргэн улсын төлөөлөгч “Дамдинсүрэн хэрвээ Иргэн улсыг дагавал Их Жунтан өөрийн биеэрээ вангийн зэрэг хүртээж ёсыг гүйцэтгэн угтах болно” гэсэн Бээжингийн саналыг уламжлав. Гэвч Дамдинсүрэн Бээжингийн саналыг хүлээн авсангүй тул хэлэлцээр бүтэлгүй төгсөв.

Иргэн улсын эвсэх “Зөөлөн бодлого” нь Дамдинсүрэнд нөлөөлсөнгүй боловч, зарим талаар харин бүтэмжтэй байв. Жишээлбэл, тэр үед Сөнидийн чиглэлийн цэргийн ерөнхий удирдагч байсан Насанравжих Иргэн улсын хүсэлтийг хүлээж Бээжингийн засагт бууж өгөв. Насанравжих “Үндэсний чөлөөлөх хөдөлгөөнөөс урвасан” мэдээ Богд хааны засгийн газрыг ихэд хүнд байдалд оруулав. Энэ урвалт Богд хааны засгийн цэргийг тун ашиггүй байдалд оруулсан гэдэг. Богд хааны засгийн газрын цэргийн удирдагч урвасан энэхүү учир нь үнэхээр тухайн Засгийн газрын Өвөр монгол дахь дайны ажиллагааг дотор нь үймүүлсэн хэрэг болох юм. Түүний дараа баруун замын Монголын цэрэг эмх цэгцээ алдаж, ялагдаж эхэлсэн нь Богд хааны цэргийн төлөвлөгөөнд оролцож байсан Насанравжихын урвасантай холбоогүй биш байх аа. Богд хааны цэргийн байлдааны нууцыг тэр нарийн мэдэж байсан нь дамжиггүй.

Моррисоны бичсэнээс үзвэл, Бээжингийн засгийн газар Насанравжихын 7-р сарын 21-ний өдрийн цахилгааныг авсан байв. Үүнээс үзвэл долдугаар сарын дундуур Бээжин болон Насанравжихын хооронд хэдийн холбоо тогтсон байсан бололтой. Төдийд Насанравжихаас өөр хоёр хүнтэй холбоо тогтоосон гэдэг. Гэвч тэр хоёр хүний нэрийг дурдаагүй. 11-р сарын 29-ны өдөр Юань Шикайн бичээч Цай Тинганд өгсөн Моррисоны захидалд бичсэнээр Ларсон (Larson, Frans August, Швед хүн. Бээжингийн засгийн газрын Монголын асуудлын зөвлөгч) өөрөө Сөнидийн байлдааны талбарт очиж Насанравжихыг Бээжинд аваачсан гэдэг.

Бээжингийн засгийн газар, цэрэг нь Өвөр Монголын дайнд удаа дараалан ялагдсаныг чухал том хэрэг болгон үзэж, цэргийн хүчээ зузаатгахаар чармайж сэргийлэлтээ чангатгав. Энэ байдлын тухай “Мүгдэний захирагчид тушаан 28-р хороог суулган Луухын голын баруун дахийг сэргийлүүлэн, Ү Жиүн шэний удирдсан ар замын цагдах ангийг бүхлээр нь, жич Халуун голын цагдан сэргийлэх ангийн дарга Ми Жэнбиаог Луухын голын баруунаа гаргаж Долнуурын цэрэгтэй холбоолуулж, Монголыг дайрах цэргийн захиргааг Улаанхадад (Зуу-Уд аймгийн төв) байрлуулж, цэрэг зэвсгийг сайжруулахын зэрэгцээ Монголын цэргийг умард зүг шахан, Өвөр Монголын хэмжээнд дайсны барааг тасалтугай. Үүнийг болбоос Иргэн улсын хоёрдугаар оны найм, есөн сарын завсарт болгомой” гэсэн байв. Түүнчлэн 1913 оны наймаас есөн сарын завсрын үеэс фронтын зүүн жигүүрийн дайны байдалд эргэлт гарч, иргэн улсын цэрэг хамгаалалтаас дайралтад шилжиж байв.
 
Онцгойлон баруун хэсэгт мөн тэр намраас Богд хааны цэргийн хүнсний хангалт бэрх болж эхлэв. Байлдааны газраас Богд хааны засгийн газарт хандан, буу сум хурдан хүргэж ирүүлтүгэй гэсэн шаардлагуудыг дахин давтан явуулж байсан боловч засгийн газраасаа хариу олсонгүй билээ. Энэ үед Богд хааны засгийн газар Оросын шаардлагаар Иргэн улстай Өвөр Монголын дайныг зогсоохоор хэлэлцэж байсан ажээ. Нөгөөтэйгүүр мөн 1913 оны сүүлчийн хагасаас Орос, Хятад, Япон зэрэг улсуудад хэрхэн хандах тухай Богд хааны засгийн газрын ноёдын санал нэгдэлгүй болж, улс төрийн хямралд орсон байв.

3.    Дайны дунд үе

Өмнө дурдсанчлан 1913 оны сүүлийн хагасаас хойш, ДИУ-ынхан “Зөөлөн илбэн тохинуулах” эвсэх бодлого авч, байдалд тааруулан дайны бодлогоо шинээр тохируулав. Гэтэл түүнээс өмнө “Зургаадугаар сарын эхээр Хүрээний засгийн газрын Жанчхүү дэх туршуулын мэдээнээс Иргэн улсын цэрэг үргэлжлүүлэн Монгол газар орж Хүрээг дайлахаар шалавлаж байхыг мэдэж цэргийн нууц хурал хуралдуулж Иргэн улсын цэргийн давшилтыг хориглох бэлтгэл хийж, бараг гурван түм таван мянган цэргийг тухайн газар оронд тохируулав” хэмээсэнчлэн хариуцах арга авсан байв.

Японы Гадаад яамны тэмдэглэлийг үзвэл, Богд хааны засгийн газар, дайны дэд шатанд байлдах тактикаа чангатгасан байв. 6-р сарын 4-ны “Мүгдэний цагийн сонин”-г уншвал: “Монгол цэрэг  Жинпэнд (Хишигтэн хошуу) орсныг сэргийлэх мэдээ: Иргэн улсын Цахарын цэргийн захирагч Зүн Лиан, дэд захирагч Лиан Зуо засгийн газартаа яаралтай цахилгаан илгээж, Монголын цэргийн шилдэг анги 1 000 гаруй хүн пулемёт авч өмнөш буугаад Жинпэн зүг орсонд хоёр захирагч эдүгээ чанга сэргийлэн хааж байна” гэжээ.

Мөн Гадаад яамны тэмдэглэлд: “6-р сарын 12-ны өдөр, Шуаньхуагийн тусгай морьт цэргийн нэгдүгээр бригадын дарга Чен Юй чэнээр морьт анги хорин хүнээр хамгаалуулан, хүнс сум зэргийг хүргүүлэхээр Долнуурын зүг мордоод Шавартайгаас зуун газар зайтайд Монголын дээрэм зуун хүнд цохигдож цэргийн хангалтаа цөм булаалгав” гэж байгаа бөгөөд дайралтын тухай тэр материалд “Булаах зорилготой Монгол дээрэм болон Хүрээний хутагттай холбоо бүхий Монголын цэргийн ажиллагаа нь адилгүй байгаа боловч түүнийг ялгаж мэдэхэд хэцүү” гэж байна.

Тэр үед Хятад Оросын хоорондох гадаад харилцааны хэлэлцээр явагдаж байсан бөгөөд Оросын элчин сайд Крупенский Бээжингээс Гадаад яамныхаа тэргүүн сайдад цахилгаан (1913.07.01) явуулахдаа: “Монголын асуудлын тухай, өнөөдөр Жунтан (Юань Шикай)-тай учрах үед миний бие түүнд зургадугаар сарын 30-ны цахилгаан дахь саналаа хэлсэнд Юань абугай асуудлыг хурдхан дуусгах гэсэн миний саналыг зөвшөөрсөн бөгөөд манай эцсийн төлөвлөгөөг энэ өдөр Лү Жэншиантай ярилцахаа илэрхийлэв” гэжээ. Үүнээс үзэхэд Хятад, Оросын хэлэлцээр нилээд урагштай болж байсан бололтой.

Энэхүү байдлыг ажиж ойлгосон Богд хаан “Хятад, Оросын хэлэлцээр бүтэхээс айж” өмнөш дайлж Ар, Өвөр Монголын нийлэх зорилгыг хурдхан биелүүлэхээр  түшмэд сайд, ван гүн нарыг цуглуулан төрийн хурал хийв. Хурлын дүнд хамгийн тэргүүнд шинэ явган цэрэг ангийн гучин хороо, морьт, буут хоёр цэргийн 15 хороог гучин анги хувааж бүх чуулган хошуудад мордуулан, өмнөш дайлахад хэрэглэх морь, тэмээ, хөсөг, хүнсийг цуглуулахын хамт, Өвөр Монголын нутагт хоёр хүн томилон очуулж, тэндэх ван гүн нартай уулзуулан Хүрээнд дагахыг тушааж, болох эсэхийг арван өдрийн дотор үл тогтоовоос шууд цэргээр дайрч сүрдүүлэх болов” гэжээ. Энэ үеэр Монголын цэргийн давшилт эрчимжив.

Зургаадугаар сарын 4-ний өдрийн мэдээлсэн Монголын цэргийн давшилтаас Цахарын дайн хамгийн түгшүүртэй болов. Японы гадаад яамны тэмдэглэлээс үзвэл, Иргэн улсын талынхан “6-р сарын эцсээр Цахарын цэргийн Монголд авах төлөвлөгөө”-г батлав: “Цахар аймагт тэргүүн фронтын байдал өдөр тутам давчуу болсон бөгөөд олон мэдээнээс үзвэл Хүрээний цэрэг өмнөшлөх буюу эсвэл төсөөлөшгүй гэнэтийн учир гарч мэдэх тул гуравдугаар дивизийн тавдугаар бригадын дарга Лү Шао Жианийг Цахарыг сахих командлагчаар дэвшүүлж, цэргийн гол хүчээ Шавартай орчимд төвлөрүүлж, Долнуур ба Хүрээ-Жанчхүүгийн зам зүгийн алинд ч боловч тохиол алдахгүй хөдөлж болохоор төлөвлөсөн” гэж бий. Монголын тал ч давших шинэ төлөвлөгөө гаргасан бөгөөд Тогтох, Хайсан нар түүний гол болов.

“Тогтох, Хайсан нарын удирдсан зургаан мянган цэрэг 5-р сарын сүүлээр Дарьгангад хүрч өмнөш халдах эрс бодлогын бэлтгэл хийж байгаа бөгөөд түүний гол хүч нь 6-р сарын сүүлчээр мөн өмнөшлөж эхэлсэнчлэн 6-р сарын дундаас хойш эл газар ирж довтолсон нь түүний тэргүүн шугамын морьт цэрэг мөн болох юм” гэжээ.

Энд Тогтох, Хайсан нарын цэрэг Дарьгангад ар талын хүчийг бататгаж байхад Бавуужав Дарьгангын тэргүүн фронтын цэргийг удирдаж хошуучлан байлдсан байна. Тухайлбал, Зуу-Удын чуулган зүг дахин дайрсан нь Бавуужавын цэрэг байв.

Зуу-Уд зүг дайрсан Монголын цэргийн тэргүүн фронтын салбар анги нь Хурх сүм, Тата сүм, Шавартай зэрэг газрын хэдэн удаагийн байлдаанд олон хүнээ үрэгдүүлэв. Иргэн улс ялалтын эрчин дээрээ Монголын талын цэргийн тооноос хол давсан цэргийн томоохон хүчийг төвлөрүүлэн оруулав.

Монгол цэргийн салбар анги нь зарлигаар дайны талбараас гарч Шилийн голын баруун Сөнид дэх Монголын цэргийн суурин зүг буцаж ирэв. Үүнд “Зургаан сарын 23-наа, явган цэргийн гуравдугаар хорооны гол нь болох Гүн-ийн салбар анги болон морьт цэргийн хорооны Мэн даргын удирдсан цэрэг баруун Сөнидийг эзлэхэд бараг 400 монгол дээрмийг дайлж хэдэн цаг байлдсаны эцэст тэднийг цохин ухруулав. Монгол цэргийн үхэж шархдагсад зуу гаруй, Хятад цэргийн үхэж шархдагсад дөч гаруй болов” гэж бий.

Мөн энэ үеэр Хайсаны цэрэг Дарьгангаас урагшлаж Хөх хотын баруун биеэр орж хуарагнажээ. “7-р сарын 18-ны өдөр, Булан (Бугатаас баруунш бараг наян газрын зайд бий) гэдэг газарт умард Шаанси-гийн командлагч Лиү Тинсэний удирдсан явган цэрэг нэг хороо, морьт цэрэг гурван суман, буут цэрэг нэг салаа болон хоёр пулемёт Хүрээний дээрэмд (Хайсаны цэргүүд) их төлөв 1 200 хүнтэй мөргөлдөөн болж зургаан цаг илүү явагдсан ширүүн байлдааны эцэст Хятад цэргүүд ялагдаж 400 хүн шархадсан бөгөөд их буу 1, винтов 180-тай тэсч, Тулуй худагт (Бугатаас дөчин газар зайтай) ухарч одов”. Энэ мэтээр Жанчхүү Хүрээний зам дагуу Хөх хот, Зуу-Удын Их вангийн сүм орчмын байлдаан туйлын ширүүн болов.

Энэ үед Иргэн улсын морьт болон буут цэрэг нь умард хил дагуу төвлөрч эхлэв. 7-р сарын 18-нд морьт цэргийн гуравдугаар бригад (Морьт цэргийн 6-р хороо) явган цэргийн нэг суманг туслаж, турших зорилгоор Цахараас умарш оруулав. Урагшлах замдаа тэд “мөн хошуунаас (Цахарын хөвөөт шар) умарш хорин газрын үзүүрт 500 орчим Монгол дээрэмтэй тааралдаж тэднийг ухруулав. Монгол дээрэм 30 гаруй үхдлээ орхиж алс умарш ухрав” гэж бий. Энэ мэтээр зуны улиралд амжин Иргэн улсын хэсэг цэрэг хилийн бүсэд оров.

7-р сарын үед Монголын цэрэг Өвөр Монголын олон газрыг эзлээд байсан тул Богд хааны засаг Дарьгангад байсан Монголын цэргийн “Өмнөш дайлах захиргааны газар”-ыг хилээс урагшлуулах хэрэгтэй болов. “7 дугаар сарын эхээр Агваандорж 800 гаруй монгол дээрмийг дагуулж Сайр Ус орчим ирж довтлоод тухайн газрыг эзлэж, хөмрөг барьж, өмнөш халдах хязгаарын хэргийн товчоо байгуулав. Үүнд Сүйюань хотын жанжин Жан Шаоцэн нэгэн салбар ангийг томилж (7-р сарын) хорин гурванд тэднийг довтлон байлдаад Монгол дээрэм 30, 40–н хүнийг алж умарш үлдэн хөөв” гэж бий тул Богд хааны цэргийн захиргаа өмнөш орох учир хэрэг дээрээ биелэгдсэнгүй бололтой.

Долоон сарын дундуур Монголын цэрэг вангийн сүмийг дахин довтолж, 22-ны өдөр түүнийг эзлэв. Энэ газар бол Иргэн улсын Хуай жиүн цэрэг ба И жиүн цэргийн чухал суурин нь байсан тул хожим нь тэд хамжин байлдаж Монголын цэргийг хөөн гаргаад Их вангийн сүмийг буцаан авав.

8-р сар болоход хоёр талын цэргийн Жанчхүүг булаалдах дайн ширүүсэв. 10-ны өдөр Монголын цэрэг Жанчхүүг эзлэх дайнд  ялагдаж ухрав. 8-р сарын дундаас хойшхи байлдаанд Иргэн улсын цэргийн хүч давуу болж ирэв. 7-р сарын дундуур хийсэн Иргэн улсын дээд ноёдын хуралдаанаар баталсан дайны төлөвлөгөөний тохируулалт нь түүний нэг шалтгаан болсон нь дамжиггүй юм. Японы Гадаад яамны тэмдэглэлийг үзвэл тэрхүү дайны төлөвлөгөө нь:

“Нэг. Жанчхүүгээс Долнуур, Бяруу хот зэрэг Монголын чухал боомт газар хүрэх замд уулын морин улааг халж хурдан цахилгаан утас тавин цэргийн хөтөлбөрийг хурдатгах хэрэгтэй.
Хоёр. Үүнээс хойш Жанчхүүд суусан нэгдүгээр дивизийг цөм монгол газар суулгаж, Жанчхүү орчимд гуравдугаар дивизийн тавдугаар нийллэг бригадыг байршуулна.
Гурав. Монголын байдал улам давчуу болж Монголын эл газар суух цэрэг нэмэгдэн байгаа тул урьдын цэргийн өртөөний дүрэм бэрх болов. Жанчхүүд хурдхан цэргийн өртөө гаргаж зөөвөрлөх байгууламжийг бүрдүүлэн, эл газрын цэргийг хангах хэрэгтэй
Дөрөв. Угийн Монголыг дайлах цэрэг нь Цахар, Халуун гол, Сүйюань хэмээх гурван газрын цэрэгт хуваагдаж байх тул тус тусдаа хөдөлж хоорондоо ямарч холбоогүй байсан шалтгаанаар удаа дараалан ялагдав. Иймээс хойшдоо гурван замын цэргийн хуаран нягт холбоо авч хөдөлгөөнөө хамтруулж байдлаа хоорондоо мэдэгдэх хэрэгтэй”

Монголын тал ч мөн 8-р сарын дундуур дайны бодлогоо сайжруулж “Өмнөш орох төлөвлөгөө”-гөө шинээр нийтлэв. Тухайн үеийн Богд хааны засгийн газрын цэргийн явдлын яамны хуралдааны тэмдэглэлийг үзвэл, “8-р сарын дундуур Шулуун хөх хошууны байлдаанд монгол цэрэг ялагдаж уулын эл газрын ашгийг цөм алдсан бөгөөд морьт хулгайн ёс дүрэмгүй балмад зангаар хүрсэн газар бүхэндээ булаан галдсанаар Ар, Өврийн Монгол ардын хорслыг багагүй хүргэв. Хутагтын морьт хулгайг ашиглан зарсан нь үүгээр ялагдав” гэж бий.

Тэгээд “Дайны бодлогыг шинээр тогтоож, Шэнюнь, Сүнянь нараар дахин давших бодлогыг яриулав. Шэнюний ярьснаар бол одоогийн ялагдсан нь голдуу цэргийн ажиллагааны нэгдэлгүйд шалтгаан бий тул Өмнөш орох эл цэргийн анги нэгэн сэтгэлээр хамжилцан, Долнуураар харалт болгон түүнийг эзлэх нь чухал хэмээсэнд Богд хаан үүнийг илэрхий зөвшөөрсөн байв хэмээмүй. Сүнянь бол зүүнш орохыг зорин, Хятадын сэргийлэлт сул байгаа Чанчүны арын Батна-гаар түшиц болгон тухайн газрыг эзлэхийг зорилт болгов. Бас Хар мөрөн зүгт Орос цэрэг нэмэгдэн хятад цэргүүдийг татаж байх тохиолыг завдан цэргийн хүчнээ нэмэн өмнөш орох хэрэгтэй гэв. Наймдугаар сарын 7-нд цэргийн зөвлөгч Чичин (Цэцэн?)-ийг Хармөрөнд томилж Орос цэргийн ноёнтой уулзуулан, тэдний ухрахыг удаашруулахаар хэлэлцүүлбэл зохино гэв. Удай болвоос Сэцэн хан аймаг ба зүүн Монголын хооронд хэдэн мянган морьт хулгайг цуглуулж Хүрээний цэргийн арван хороо, Оросын гурван хороог нэмсэн хэдэн цэргийг цэгцлэн зохиож ойрын үед зүүнш халдахаар мордохоор байна гэнэ” гэжээ.

Түүнчлэн Богд хааны цэргийн Хятадтай байлдах дайны бодлого нь Шэнянь, Сүнянь, Чичин, Удай нараар дамжин боловсруулагдаж байв. Энэ үед (Олноо өргөгдсөний гуравдугаар оны долоон сарын 9) бас Богд хаан Өвөр Монголд байлдаж байгаа Монголын цэрэгт зарлиг буулгаж “Улсын мандаж мөхөх нь тэнгэрийн цагийг дагана... хэрвээ энэхэн чөлөөг алдвал гэмшвээс юуны тус...” гэж “Монгол газартаа хүрвээс барав аа, бусдын газар нутагт халдаж эс болмой”  гэсэн сэрэмж өгч байв.

Ийнхүү дайны дунд шатанд Иргэн улсын цэрэг дайны шугамыг ухруулж сэргийлэлтээ эрс бэхжүүлж дайсны эсэргүүцлийг бут цохих шинэ бодлогыг тогтоож цэргийн ажиллагаагаа өрнүүлэв. Нөхцөл байдлаас болж фронтын шугам эвдэрч байгааг мэдсэн Монголын талынхан ч дайны төлөвлөгөөгөө дахин тохируулан өөрчилж байв. Багцаалбал, дунд шатанд дайны байдал эсэргүүлэн тэнцэж хоёр талаараа цөм цэргийн тохируулалт хийж цэргийн хүчнээ нэмж дайны бодлогын бэлтгэл хийсэн байв.

4.    Дайны сүүлчийн шат

Хоёрдугаар хэсэгт дурдсанчлан Иргэн улсын талынхан 1913 оны есдүгээр сард дайны байдалд эргэлт гаргахын хамт Монголыг дайлах цэргийн захиргаагаа Улаанхадад шилжүүлж Монголын цэргийг умарш шахсан байна.

8-р сарын 14-нд зүүн Сөнидийн зүүн өмнө байгаа Шулуун хөх орчимд Иргэн улсын Хуай Жиүн цэргийн үндсэн анги болон Монгол цэргийн гол хүч (мянга шахам хүн) тулалдав. Энэхүү ширүүн дайнд Иргэн улсын цэрэг монгол цэргийг цохин устгав. Түүнээс хойшхи том мөргөлдөөн болох Шулуун шарын дайнд ч Монгол цэрэг дийлэгдэн цохигдон ухрав.

Монголын цэрэг энэ үеэс эхлэн дайны байдал хэцүү болсныг мэдэж Иргэн улсын цэргийн далд сууриныг эрэн дайрч байв. “Есөн сарын 11-нд Монгол дээрэм 6, 7 мянган хүн Бяруу хотоос Долон нуур зүг довтолсонд тухайн газрын батлан сахигч сайд Ван Хуайчин цэргийг шаардан сэргийлэн сахисан боловч Хятад цэрэг цөм ашиггүй байдалд орсон” гэж байгаагаас үзэхэд тэд гол хүчнээ төвлөрүүлэн Иргэн улсын цэргийн сууринг эвдэх гэсэн байна.

Богдын цэрэг мухардаж байсан боловч бүх дайны талбарт санаачлагаа алдахгүйг чармайж байв. Гэвч тэдэнд өөр маягийн хохирол учрах болов. Энэ үеийн дайны тухай хэдэн зүйлийн сурвалж материал байх боловч Японы Гадаад явдлын яамны тэмдэглэл болон Дундад улсын ном бичигт тэмдэглэгдсэн агуулга хоорондоо тун их зөрөөтэй. Дундад улсын судалгааны номноос үзвэл Иргэн улсын цэрэг есөн сараас эхлэн бүх талын дайралт хийж Монгол цэргийг мөхтөл цохьсон байна. Гэтэл тухайн үеийн дайныг бараг л өдөр бүр тодорхой мэдээлж байсан Японы Гадаад яамны тэмдэглэлд Хятад цэрэг Цахараас хойшхи газарт нэг л хэсэг цэрэг оруулсан төдий байв. Богд хааны засгийн газрын цэрэг давшилтаа үргэлжлүүлж 11-р сарын эхнээс хориглолтод шилжиж, эзэлсэн газраасаа бараг ухраагүй сэргийлэн сахисаар байжээ.

Яриангүй, бусад материалтай адилаар өгүүлэн бүхий гадаад явдлын яамны материал нь ч японы талаас ажигласан нэг л талыг тусгаж байгаа нь магад гэвч энэ их материал нь түүхийн судлалд орхигдуулж болшгүй үнэ цэнэтэй байгаа  тодорхой юм.

Мөн Гадаад яамны тэмдэглэлээс үзвэл аравдугаар сард Богд хааны цэрэг Зуу-Удын чуулганы баруун захаас дайрч тус чуулганы Баарин хошууны газарт Иргэн улсын цэрэгтэй олонтаа мөргөлдөж байжээ. Үүний тухай 1913 оны аравдугаар сарын 22-ны өдөр илгээсэн “Квантуны захирагчийн мэдүүлэг” дэх “Линши-гийн зүгийн Монгол хулгайн дайралтын байдал” гэдэг гарчигаар бол:

“9-р сарын 30-ны шөнө Лиү Жиа Инзийг сахисан И Жиүн цэргийн салбар ангиас томилсон бага суман дарга Лиү Жиүншигийн удирдсан хоёр зуун цэрэг мөн тэр газарт найман зуу гаруй монгол цэрэгт дайрагдаж Лиу ангийн дарга байлдаанд үхсэн бөгөөд үхэж шархадсан цэрэг ная шахаж эдүгээ мөн Лиу Жиа Инз-ыг бат сахисаар байна” гэжээ. Түүний дараа өдөр нь “Аравдугаар сарын 1-ний өдөр Монгол цэрэг Лиү Жиа Инзийг дайран байлдаан бүхэл өдөр үргэлжлэн бага суман дарга ч байлдаанд үхэж, үхдэл шархдал үлэмж гарсан” (мөн тэнд) байв.

Нөгөө талаар Юань Шикайн бичээч Цай Тинганд өгсөн Моррисоны 1913 оны арван нэгдүгээр сарын 28-ны захидал болон дуртгалд, тухайн үеийн Иргэн улсын цэргийн “Дайны ялалтын байдал”-ыг ярихдаа: “Тэр бол зэвсэггүй Өвөр Монголын ардыг дарангуйлсан төдий юм. Монголын цэргийн дайралтыг тэд мөн л эсэргүүцэж чадахгүй байсаар” гэж хатуу шүүмжилж байв.

Тэрээр “(өвөр) Монголын байдал гэвэл миний хэлснээс их муу байна... Хаалган (Жанчхүү)-аас Өргөө, Долнуур, Гүй Хуачэн хүртэлх зам үнэхээр муу” (мөн тэнд) гэжээ. “Гол чухал газраас Монгол цэргийг ухруулж чадсангүй” гэдгийг ярьсан нь тухайн үеийн зөв оновчтой магадлалт юм. Моррисон дайны байдлыг задлаад хүнд хэцүү байгалийн орчин бол Иргэн улсын цэргийн ялагдсан нэгэн шалтгаан мөн гэжээ. “Монголын цэрэг тухайн газрын уур амьсгалд тэсвэртэй” боловч “Хятад цэрэг уур амьсгал ус шороонд дасаагүй” (мөн тэнд) нь Хятад цэрэгт тун ашиггүй байгааг дурдав. Моррисон тэдгээр шалтгааныг бодолхийлээд, Иргэн улсын цэргийн байлдах арга ба цэргийн суртлыг эртхэн өөрчлөхгүй бол Өвөр Монгол бас тусгаар тогтнох аюултай гэж Иргэн улсын засгийн газарт сануулга өгч байв.

Өвлийн улиралд хоёр талын цэрэг хэцүү байдалд оров. Иргэн улсын цэрэг дахин дайрсан боловч амжилт олсонгүй. Гэвч хохирол нь Богд хааны цэргийнхээс цөөн байв. Гол гол байлдаанд дараалан ялагдсан Богд хааны цэрэг дайралтаас хориглолтод орж дайн сунжрах төлөвтэй болов.

Хүйтэн өвлөөс өмнө дайныг дуусгах зорилготой Иргэн улсын цэргийн Ү Жиүншэний дайралт нь Монголын талын удаан хориглон байлдах бодлогын бэлтгэлд аминд нь тулсан хүчтэй цохилт болов. Энэ бол зүүн хэсгийн дайны байдал болно.

Баруун хэсгийн дайнд, тэр намрын тэргүүн сард Цахарын фронтоос Монголын цэрэг мөн л зэвсэг нэмэхийг хүсэж байсан бөгөөд сум дарь тасарсан мэдээ Хөх хотоос Богд хааны засгийн газарт хүрч ирж байв. Гэвч энэ үед Богд хааны засгийн газар, Өвөр Монголын дайны хэрэгцээг хангах үлэмж хэмжээний тусламжийн төсвөө батлаж чадаагүй тул Монголын цэрэг дайныг амжилттай үргэлжлүүлэхэд туйлын хүнд байдалд оров.

10-р сараас хойш Богд хааны засгийн газар Өвөр Монголын дайнд тусламж олох зорилгоор Японтой дахин харилцахаар шийдэж Богд хаанаас Японы Тианно хаанд өгсөн гарын бичгийг 1913 оны арван нэгдүгээр сарын 16-нд Токиод хүргэв. Тэр бичигт Хятад цэргийг Өвөр Монголоос татаж гаргахад Японы засгийн газрыг хамжиж өгөхийг хүссэн байв. Гэвч Японы засгийн газар тэрхүү Хутагтын гарын бичгийг нээж ч үзсэнгүй, битүүмжилсэн хэвээр нь Оросын элчин сайд Малевский Малевичаар дамжуулж 1914 оны нэгдүгээр сарын 19-ны өдөр Богд хаанд буцаажээ.

Жилийн эцэс болоход байдал онцгой сайжирсангүйд Богд хааны засгийн газар Өвөр Монголын дайныг түр шийдвэрлэхийн төлөө дайныг сунжруулах төлөвлөгөөгөө орхив. Тэгээд Оросын хүсэлтээр Өвөр Монгол дахь дайнаа зогсоох хэлэлцээр хийхэд хүрчээ.

11-р сарын 10-ны өдөр, Оросын засгийн газраас Монголд суугаа Ерөнхий консул Миллер Александр Яковлевичид нууц цахилгаан илгээж “Монголын засгийг хүчлэн ятгаж Өвөр Монголын цэргийн ажиллагааг нь зогсоотугай” гэж захиад Хятад цэргийн дайралт энэ мэт үргэлжилвэл “Монголын цэрэг мөхөн сүйрэх аюултай” (мөн тэнд) гэсэн сүрдүүлэг явуулав.

Богд хааны засгийн газрын гуйсан зэвсгийн тусламжийг Оросууд Өвөр Монголын дайныг дэмжихгүй шалтгаанаар өгсөнгүй. Хүсэж байсан Оросын зэвсгийн тусламж бүтээгүйгээс Өвөр Монгол дахь цэргийн байдал улам хүчирдэж, Богд хааны засгийн газар Өвөр Монголоос цэргээ татахгүй байхын аргагүй болов.

Богд хааны засгийн газрын Японтой харилцаа тогтоохоор чармайхын зэрэгцээ Оросын засгийн газарт Өвөр Монголын байдлыг мэдүүлэн, Иргэн улсын цэргүүд зэвсэггүй ардыг дарангуйлсан ёс бус үйлийг заалдаж байв. Мөн 11-р сарын 10-ны дээр дурдсан Миллерийн Оросын засгийн газарт илгээсэн цахилгаанд “Хятад цэрэг Өвөр Монголын Зуу-Удын чуулганы Баарин аймаг болон бусад чуулганы Монголчууд жич Цахар, Түмэдийн хүнийг олон хядав” гэж байв.

Оросууд Богд хааны засгийн газарт “Монголын цэрэг Халхын нутагт ухраахгүй бол болохгүй. Цэргээ эртхэн татаж дайныг зогсоовол Өвөр Монгол ба Богд хааны засагт ашигтай” гэх мэтээр дайн зогсоохыг чухалчлав.
 
Эцэст нь аргагүй байдалд орсон Богд хааны засгийн газар “Зарлиг буулгаж цэргээ дуудан эргүүлж дайныг зогсоов”. Гэхдээ Өвөр Монголчуудыг үймүүлэн хядаж болохгүй гэж Дундад улсад шаардав. Японы гадаад яамны тэмдэглэлд илэрхий тэмдэглэснээр дайны дунд сүүлчийн шатанд Зуу-Удын чуулганд дайн ширүүн явагдсан тул тухайн газрын байдал тун хүнд байв. Зуу-Удын олон газарт Хятадаас нүүдэллэн ирэгчид тариалан эрхэлснээс үндэстний зөрчил тун хурц болсон орон байв. Эндхийн Монголчууд Монголын тусгаар тогтнолын тунхаг гарснаас хойш Богд хааны засгийн газарт хүчтэй нөлөөлөгдөж байв.

Богд хааны засгийн газрыг дэмжсэн Зуу-Удын чуулганд болсон ширүүн бослого нь “Ү Жиүншэн (Мүгдэний ар талын цагдан сэргийлэх ангийн дарга)-ын гарт харшилтайгаар дарангуйлагдав. Орчин цагийн цэргийн зэвсэггүй Монгол ард хэдийгээр тэсвэртэй байлдсан боловч тэд нэгэнтээ суурьшин тариалаад урьдын уламжлалт дайны хөдөлгөөнт шинжээ алдсан тул эцэстээ эрмэлзэл алдсан байв”

Оросын засгийн газар Ар Монголыг ятгаж цэрэг татуулахын зэрэгцээгээр Бээжингийн засгийн газарт ч Өвөр Монголоос цэргээ татахыг ятгав. Оросууд Бээжинд хандан: “Дундад улсын цэрэг Монгол суугуул ардыг ихээр хядсан явдлыг Дундад улсын засгийн газар чухалчлан үзэх хэрэгтэй. Ийм байдлыг зөвшөөрч болохгүй” гэжээ. Хэрэв Бээжингийнхэн үгийг сонсохгүй үргэлжлэн хөдөлбөл Оросын засгийн газар Монголын цэргийн дахин дайрахыг хориглож чадахгүй” хэмээн мөн сүрдүүлж байв. Гэхдээ Өвөр Монголоос цэрэг татуулах гэсэн Орос Хятадын харилцаа маш бэрхшээлтэй байсан тул Оросууд Японы үйлдлийг санаандаа авч “Зуу-Удын чуулган бол Японы хүчний хүрээнд харъяалагдах тул хамгийн сайн нь Японы элчин сайдтай холбоо тогтоож хэлэлцээр хийх” бодлогыг ч анхаарч байжээ.

Гэтэл Бээжинд суугаа элчин сайд Крупенский арван нэгдүгээр сарын 15-ны өдөр Оросын засгийн газарт өгсөн нууц цахилгаандаа Японтой хамжилцаж болохгүй гэж мэдүүлсэн байв. Орос нь ганцаараа Дундад улстай хэлэлцэхийг зорьжээ. Оросын тал үүнээс хойш ч Япон, Хятад хоёрын ойртохоос сэргийлж байв. Оросын гадаад яамны сайд Сазонов арван нэгдүгээр сарын 18-нд Крүпенскийд өгсөн нууц цахилгаандаа Хятадын цэргийг Өвөр Монголоос ухруулах хэлэлцээрт Японыг оролцуулахгүй гэсэн албаны саналыг уламжлав. Нөгөө талаар Бээжингийнхэн ч Оросоор дамжуулж Богд хааны засгийн газарт дарамт үзүүлж байв.

Арван хоёрдугаар сарын 16-ны өдөр, Богд хааны засгийн газар Оросын шаардлагыг дагаж Өвөр Монголоос цэрэг татахаа илэрхийлэв. Мөн өдөр Орост өгсөн Монголын засгийн газрын ерөнхий сайд Намнансүрэнгийн бичигт: “Гурван талын хуралдаанаар Өвөр Монголын асуудлыг шийдвэрлэхийг зорьсон Орос, Хятадын хүсэлтийг хүлээж, Хятад, Монголд бүр ашиггүй энэ их дайныг бүх хүчнээрээ эцэслүүлж, дайн зогсоох зарлиг нийтлэж цэргээ дайны талбараас татан авчирна” гэж мэдэгдэв. Үүний хамт “Дундад улс ч байран дороо манай нэг угсааны Өвөр Монголын нутгаас цэргээ татах хэрэгтэй” гэж шаардав. Энэхүү шаардлагыг Оросоор дамжуулж Бээжинд мэдэгдэв. Богд хааны засгийн газар бас “(Гурван этгээдийн хуралдаанаар дамжиж) өөрийн дураараа Монголд дагах гэсэн Хөлөнбуйр, Жирим, Шилийн гол, Зуу-Уд, Улаанцав, Их зуу, Цахар зэрэг газрыг Монгол улсад оруулах асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй” гэснийг Оросын засгийн газарт чухалчлан шаардаж байв.

Энэ мэтээр Богд хааны засгийн газрын Өвөр Монголд байсан Монгол цэргийг татаж, Өвөр Монголоос элссэн цэргийг нутагт нь буцаахаар тушааж, цэргийн удирдагчдыг Хүрээнд дуудан аваачив. 12-р сарын сүүлчээр Монгол цэргүүд байлдааны талбараас уулын сууриндаа буцаж эхлэв. Богдын цэрэгт ороод байсан Өвөр Монголын цэргийн зарим нь их цэргээ дагаж Ар Монголд очсон бол зарим нь цэргээс халагдаж нутагтаа буцав.

Монголын талынхан дайныг зогсоохоор цэргээ татаж байхад Хятадын талынхан харин том хэрэг үйлдэж байв. “Тухайн үед Мүгдэний цэрэг ялалтандаа эрдэж Баарин вангийн ордныг галдаж, дөчин байшинг шатааж үнсэн товрог болгохын зэрэгцээ ялгүй Монгол ардуудыг жаран хэдийг хядаж, үхэр мал гурван түмийг булаасан” гэх мэтийн харшилт хэргүүд Өвөр Монголын хошуу чуулганд гарч байв. Хятад цэргүүдийн энэхүү байдлыг Намнансүрэнгээс Оросын Гадаад яамны тэргүүн сайд Сазановт өгсөн бичигтээ: “Монголын цэрэг орхиж гарсны хойно, Иргэн улсын цэрэг довтлон дайрч Авга да вангийн хошууны Дархан уул сүм ба Батхаалга сүмд гэнэт хүрч ирээд сүмийг галдан, ламыг булааж аливааг сүйтгэв. Баарин, Сөнид, Үзэмчин зэрэг хошууд гайд дайрагдав...” гэж бичиж байв. Монгол цэрэг гарсны дараа Хятад цэрэг Өвөр Монголд халдсан хэрэгт “Монголын засгийн газар энэхүү чимээг сонсоод ихэд цочсон бөгөөд бидэнд дуртайяа дагасан манай нэг угсааны Өвөр Монголын чуулгануудыг Хятадын цэрэг энэ мэтээр харгислан дарангуйлахыг бид үзэж байгаад зүгээр сууж чадахгүй” гэж чанга эсэргүүцэл тавив. Гэвч Богд хааны засгийн газрын зэвсэг дутагдаж байсан тул дахиж Өвөр Монголд орж ирэх боломж нэгэнт байхгүй болов. Тэгээд гадаад харилцааны замаар таслахыг хүсэж “Найрамдлын хэлэлцээрээр аливаа бүхнийг шийдвэрлэхээс өмнө, Иргэн улсын цэрэг яасан ч дахин манай нэг угсааны Өвөр Монголыг довтолж хөнөөж болохгүй бөгөөд Хятад цэргийг Өвөр Монголоос татаж гаргах хэрэгтэй” гэж шаардсаар байв.

Энэ үеийн Хятад цэргийн ажиллагааны тухай “Тухайн үед Монголын цэргийн гарсан газрыг хятадын цэрэг эзэлсэн бөгөөд ихээр хөнөөв... Монголчуудын шүтдэг Ганжуур гэгээн ч Хятад цэрэгт алагдав. Энэ байдалд бид юуны урьд Дундад улсын засгийн газрын Өвөр Монгол дахь цэргийн ажиллагаагаа зогсоохыг шаардана” хэмээн Оросын талаас эрс шаардлага тавьж байжээ.

Богд хааны засгийн газар Өвөр Монголын асуудлыг цэргийн хүчээр шийдвэрлэж чадсангүй тул түүний дараах гурван этгээдийн хэлэлцээрээр шийдвэрлэх гэв.

Тэр цагийн байдлын тухай Японы Гадаад яамны тэмдэглэл дэх 12-р сарын 12-ны өдрийн цахилгаан мэдээнд: “Монголын цэрэг энэ сарын эхээр Өвөр Монголын нутгаас ухарч гараад одоо Цахар зэрэг газрын эмх дэглэм сэргэж байгаа бөгөөд цэрэг ухрахад ямар ч хатуу эсэргүүцэл гарсангүйгээс үзвэл Хятадын засгийн газрын хүсэлтээр гаргасан Оросын элчингийн сануулгыг мөрдөж Хүрээний засгийн газар цэргээ ухраасан байна” гэж үзэв. Монголын талынхан ганцаараа цэргээ татсан ажээ.

Гэвч Богд хааны цэрэг Өвөр Монголоос ухарч гарах явц дайны дараах байдалд ч тийм шулуун биш байжээ. Бидний дээр үзсэн Японы талын баримт бичгүүд үндсэндээ Оросын хаант төрийн гадаад бодлогын архивын баримт бичигт тэмдэглэж байгаа зүйлтэй нийцэж байна. 1913 оны сүүлчээс наашхи байдлын тухай Оросын архивын материалыг үндэслэн нилээд лавшруулан ярьмаар байна.

Орос, Хятадын гэрээнд (Орос-Хятадын тунхаг бичиг ч гэдэг) холбогдох хоёр тал гарын үсэг зурсны дараа Петербург болон Бээжингээс Богд хааны цэрэг Өвөр Монголоос ухарч гарахыг хамтаар шаарджээ. Богд хааны засгийн газар Петербург болон Бээжингийн зүг эсэргүүцэхдээ, өөрийнх нь Өвөр Монголоос ухрахын нөхцөл нь Иргэн улсын цэргийн анги ч Өвөр Монголоос ухрах хэрэгтэй гэжээ. Гэтэл Бээжингийн засгийн газар цэргээ ухруулах санаагүй байж, ялангуяа Орос-Хятадын тунхаг нь тэдний Өвөр Монголын талаар баримталсан бодлогыг улам тогтвортой болгожээ. Богд хааны цэрэг Халх нутаг руу ухарч гарахдаа эцсийн өдөр болтлоо Иргэн улсын цэрэг ангийг байлдаж байжээ. Арван нэгдүгээр сарын эцсээр Богдын цэрэг Улаанцавын чуулган, Чуулалт хаалгаас умарших оронд Иргэн улсын цэрэг рүү дахин ширүүн довтолгоон явуулж хэдэн зуун хүнийг нь олзолжээ.

Гэтэл эцэстээ 1913 оны арван хоёрдугаар сараас 1914 оны нэгдүгээр сарын хооронд Богдын цэрэг Өвөр Монголын нутаг дэвсгэрийг орхижээ. Энэ үед Богд хааны цэргийн нэг салаа ангийн хамт Өвөр Монголын цэрэг ард 2000 орчим хүн Халх руу явсан байна. Тэд нутагтаа үлдвэл Иргэн улсын засгийн газрын дарангуйлалд учрахаас болгоомжилжээ...