Хувь тэнцүүлэх сонголт
Монголын ардчилал 20 жилийнхээ босгон дээр шинэ сонголт, шинэ сорилын өмнө ирлээ.
Г.ОТГОНБАЯР
Монголын ардчилал 20 жилийнхээ босгон дээр шинэ сонголт, шинэ сорилын өмнө ирлээ. Энэ нь олигархжсан, бүлэглэлүүдэд үйлчилж тэрбумтан төрүүлдэг одоогийн төрийн бүдүүвчийг ардчилсан төрийн байгууламжаар задлах тайван замын хувьсгал юм. Ийм хувьсгал хийх үгүй нь, хийлээ гэхэд үр дүнд хүрэх эсэх нь гишүүдийн өнөөдрөөс хэлэлцэх УИХ-ын Сонгуулийн тухай хуулиас шууд хамаарна. Сонгуулийн хуулийг өөрчилж байсан туршлага Монголын парламентад бий. Харамсалтай нь, тэр болгонд улс орон, ард түмэнд тустайг нь бус, аль болох өөрсдөө сонгогдох магадлалтайг нь хуульчилж ирсэн билээ.
Нэг
Дэлхийн улс орнуудад сонгуулийн үндсэн гурван том тогтолцоо бий. Можаритор, пропорциональ буюу хувь тэнцүүлсэн, холимог гэж. Можаритор нь ердийн олонхи, 50+1, нэг ба олон мандаттай зэрэг хэд хэдэн хувилбартай. Энгийнээр тайлбарлахад нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан нь сонгогдохыг можаритор тогтолцоо гэдэг. УИХ-ын 1992, 2008 оны сонгуулийг олон мандат бүхий томсгосон 26 тойргоор, 1996-2004 оны сонгуулийг нэг тойрог-нэг мандат бүхий можаритороор явуулсан. Харин Үндсэн хуулийг батлахаас өмнө Улсын Бага Хурлыг пропорциональ хувилбараар бүрдүүлсэн юм. Можаритор тогтолцоо нь нэг сонгогч-нэг санал гэсэн ардчилсан сонгуулийн үндсэн зарчмыг зөрчсөн, нэг гишүүний УИХ-д төлөөлөх сонгогчдын тоо харилцан адилгүй, Сонгуулийн ерөнхий хороонд хэт эрх мэдэл олгосон, маш их савлагаатай буюу сонгогчдын саналыг олноор гээгдүүлдэг зэрэг сул тал ихтэй. Жишээ нь, 1992 оны сонгуульд ардчиллын төлөөх намууд сонгогчдын 47, МАХН 53 хувийн саналыг авсан байдаг. Гэтэл парламентын суудлын хуваарилалт нь МАХН 70, ардчиллын төлөөх намууд дөнгөж зургаан суудал. 2004 онд МАХН нийт сонгогчдын 52 хувийн саналаар л 76 суудлын 72-ыг авч, үлдсэн 47 хувийн санал парламентын гадна үлдэж байв. Нэг Их хурлаас нөгөө Их хуралд төлөөлөх гишүүдийн чадвар муудаж, сонгууль мөнгөнд хөлбөрөх болсон нь ч можаритор тогтолцооны гажиг билээ.
Ийм савлагаагүй, сонгогчдын саналыг гээдэггүй тогтолцоо бол пропорциональ хувилбар. Сонгогчид намуудын төлөө саналаа өгч, тухайн намын авсан саналын хувиар парламентын суудлыг хуваарилахыг пропорциональ тогтолцоо гэдэг. Энд улсаа тойрог болгож 76 хуваахгүй. Монгол Улс бүхлээрээ нэг тойрог болно. Гэхдээ нийт сонгогчийн тодорхой босгыг давсан нам парламентад суудал авна. Ингэж босго тогтоохгүй бол олон жижиг нам парламентад орж ирээд засгаа байгуулж чадахгүйд хүрдэг. Үүний хамгийн том жишээ бол Израиль. Энэ улсын сонгуулийн хуульд нэг хувийн босготой. Харин хамгийн өндөр босго тавьсан улс бол Грек. 17 хувь байдаг гэж уншиж байсан санагдана. Ихэнх улс таван хувийн босготой. Таван хувийн босго бол манай улсад хамгийн тохиромжтой. Нийт сонгогчийн таван хувийн саналыг авсан нам УИХ-ын 76 суудлын таван хувь буюу дөрвөн суудлыг авна. Парламентад өнөөдрийнх шиг ганц хоёрхон суудалтай нам гэж пропорциональ тогтолцоонд байхгүй. Таван хувийн босгыг давсан буюу хамгийн цөөндөө дөрвөн суудалтай нам байх нь. Намыг сонгодог болохоор пропорциональ хувилбарт бие даагч гэсэн ойлголт байхгүй. Энэ нь улстөрийг ганц хүн биш, нийгэм дэх сонирхлыг өөртөө “цуглуулж” түүний илэрхийлэл болж байдаг улс төрийн нам хийдэг гэдэг сонгодог утгатай ч дүйнэ. Намаараа хариуцлага хүлээдэг учраас өнөөдрийнх шиг ганцаарчилсан богино зайн улстөр хийх шаардлагагүй. УИХ-д сонгогдсон хойноо ямар нэгэн эрх ашиг, албан тушаалын төлөө нам сольдог гаж үзэгдэл ч алга болно. Улсаараа нэг тойрог учир төсвийг батлахдаа тойргийн нэрээр тэрбумаар нь өөртөө хуваарилах боломжгүй. Ер нь л улс төрийн системээ дархлаажуулахын тулд популист улстөрчдийг, нэг хүний, компанийн намуудыг УИХ-д орж ирээд улс орны хэмжээний асуудалд хувийн тоглолт хийх боломжийг пропорциональ тогтолцоо, түүний босгоор хаадаг. Манай улсад аажимдаа хүчирхэг 2-3 намын тогтолцоо бий болоход сонгуулийн энэ тогтолцоо чухал ач холбогдолтой.
Хоёр
Пропорциональ тогтолцоог хоёр шалтгаанаар манай улсад хэрэглэх боломжгүй гэж зарим улстөрч хэлдэг. Нэгд, пропорциональ тогтолцоо бол намыг дугуйлдаг тул хүний төлөө санал өгөх Үндсэн хуулийн зарчимтай зөрчилдөнө. Хоёрт, тухайн намыг сонгуульд төлөөлөх 76 улстөрчийг урьдчилан эрэмбэлдэг учраас намын удирдлагуудад хэт эрх мэдэл төвлөрнө гэдэг. Намууд 76 нэр дэвшигчээ тодруулахдаа дарга нар, олигархууд нь жагсаалтын эхэнд багтаж, шударга нь жагсаалтын адагт бичигдэнэ гэсэн болгоомжлол байдаг. Гэтэл пропорциональ тогтолцоо олон хувилбартай. Ихэнх улсад пропорционалийн арав гаруй хувилбарыг л өөрийн орныхоо онцлогт тохируулан илүүтэй хэрэглэдэг. Пропорциональ хувилбараар сонгууль явуулахад намуудын авсан саналаар парламентын суудлыг хуваарилах ч, УИХ-ын гишүүдийг тодруулахдаа Үндсэн хуульд нийцүүлж болно.
Пропорциональ тогтолцооны загварт нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтыг нээлттэй ба хаалттай гэж ангилдаг. Нээлттэй гэдэг нь нийт нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтыг сонгогчдод өгч тодорхой нэг нэр дэвшигчийг сонгох боломжийг ард түмэнд өгдөг. Сонгогч МАХН-ын төлөө саналаа өгсөн ч, АН-ын хүнийг сонгох боломжтой. Сонгогч намын төлөө саналаа өгөхийн зэрэгцээ намуудын санал болгосон нэр дэвшигчдээс нэгийг нь сонгоно. Энэ бол сонгогч хүний төлөө санал өгөх Үндсэн хуулийн зарчимтай нийцэж байгаа юм. Намууд УИХ-ын нийт гишүүдийн тоогоор буюу 76 хүртэлх нэр дэвшигчээ тодруулж тодорхой эрэмбэнд оруулж жагсаагаад СЕХ-оор батлуулна. Сонгууль дууссаны дараа намын жагсаалтын 76 хүнээ ард түмнээс авсан хамгийн олон саналын дарааллаар дахин эрэмбэлж сонгуулийн дүнд авсан суудалдаа хуваарилна. Жишээ нь, Ерөнхий сайд асан С.Баяр намын дарга гэдэг утгаараа МАХН-ын 76-гийн нэгдүгээрт эрэмбэлэгдэнэ. Гэтэл тэр суудлын хуваарилалт хийх мөчид ард түмнээс авсан саналынхаа тоогоор дээрх 76-гийнхаа аравдугаарт эрэмбэлэгдэж болно. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр МАХН-ын жагсаалтын 76-д бичигдэж болно. Харин тэр суудал хуваарилах үед сонгогчдоос авсан саналынхаа тоогоор 76 дотроо дээшлээд эхний аравт багтах ч боломжтой. Өөрөөр хэлбэл, намын листэд жагсаасан 76 нэр дэвшигчээ ард түмнээс авсан саналынх нь тоогоор дахин эрэмбэлж авсан суудалдаа хуваарилна гэсэн үг.
Түүнчилэн намын нэрсийн жагсаалтын эрэмбэ, сонгогчдоос авсан саналын тоо хоёрын дундаж рейтингээр авсан суудалдаа хуваарилалт хийдэг арга ч бий. Жишээ нь, АН Үндэсний зөвлөлдөх хороогоороо 76 нэр дэвшигчээ тодруулж, тэднийг намд оруулсан хувь нэмэр, олон түмний итгэлийг даах чадвар зэрэг улстөрчийн шинжээр нь чансаа тогтоож эрэмбэлсэн гэж үзье. Ингээд сонгуулийн дүнд сонгогчдын 50 хувийн саналыг авсан бол УИХ-ын 76 суудлын мөн тавин хувь буюу 38 нь тус намд ногдоно. Энэ 38 суудлаа хуваарилахдаа намын жагсаалтын эхний 38 хүн, мөн сонгогчдын саналаар хамгийн олон санал авсан 38 хүн энэ хоёрын дунджийг харьцуулан дахин эрэмбэлнэ. Нэлээд олон оронд хэрэглэдэг пропорциональ тогтолцооны энэхүү хоёр арга бол хүний төлөө санал өгөх Үндсэн хуулийн зарчимтай нийцэхийн дээр, суудал хуваарилахдаа сонгогчдоос авсан саналын тоогоор улстөрчдөө эрэмбэлдэг учраас намын удирдлагуудад хэт эрх мэдэл төвлөрөхөөс хамгаалах бүрэн боломжтой. Тэгэхээр пропорциональ хувилбар Үндсэн хуультай зөрчилдөнө гэх яриа бол үнэндээ улстөрчийнхөө нэр хүндээр биш, мөнгөөрөө УИХ-д сонгогддог хүмүүсийн сонгуулийн тогтолцоог өөрчлүүлэхгүй гэсэн л шалтаг. Үндсэн хуульд гар хүрэхгүй гэдэг нь ч сонгуулийн одоогийн тогтолцоог өөрчлүүлэхгүй гэсэн популистуудын санаархал юм.
Гурав
Пропорциональ тогтолцоог дэмжихгүй гэсэн хэсэг ялангуяа МАХН-ын бүлэгт хүчтэй байна. Тэдгээр нь УИХ-д шинээр орж ирсэн залуус, бизнесмэнүүд, нам дотроо эрэмбэлэхэд эхний 38-д багтахгүй ч, хэтэвчний зузаанаар аль нэгэн жижиг тойргийг өөртөө автономит болгож чадах мөнгөтэй хүмүүс бололтой. Харин МАХН-ын бүлгийн дундаас дээш насныхан пропорциональ хувилбарыг дэмжиж буй. Тэд парламентад олон удаа сонгогдож нийгэмд танигдсан учраас намдаа дээгүүр эрэмбэлэгдэх магадлалд л найдаж пропорционалийг дэмжиж байгаа болов уу. МАХН-ын бүлэг дотор байгаа энэхүү хоёр байр суурийн зөрүү нь улстөрчид аль болох өөрсдөө сонгогдох магадлалтай хувилбарыг л дэмждэгийн нотолгоо юм. Улстөрд мөнгөнөөс туршлага нь илүү хэрэгтэй л дээ. Хэрвээ өнөөдрийн можаритор тогтолцоо хэвээр үлдвэл ирэх сонгуулиар Г.Өсөхбаяр, А.Сүхбат аварга, Б.Гантогтох гарьд, магадгүй Аасашёорюү Д.Дагвадорж, зарим дуучин аймаг орон нутгаасаа сонгогдоод гараад ирэхийг үгүйсгэхгүй. Зарим нь нэр дэвших санаагаа ч хэлсэн байна лээ. Тэдэн дээр одоо УИХ-д байгаа Б.Бат-Эрдэнэ аварга, Кёкүшүюзан Батбаяр нарыг нэмбэл парламентад бараг бөхчүүдийн бүлэг байгуулагдана. Ийм нутгийн фактор өндөртэй алдартнуудыг тохиолдлын, гэнэтийн улстөрч болгох боломжийг пропорциональ тогтолцоо л хаадаг. Үүгээрээ пропорциональ тогтолцоо парламентын хөгжилд ч хувь нэмэртэй.
Дөрөв
Намууд авсан саналынхаа хувьд тохирох парламентын суудлыг хэрхэн хуваарилах нь хамгийн чухал. Хэрэв сонгуулийн хуулийг ач холбогдлоор нь жагсаавал пропорциональ хувилбар өөрөө нэгдүгээрт, ийм хувилбараар явуулсан сонгуулийн үр дүнгээр авсан хувьдаа харгалзах суудлыг намууд хэрхэн хуваарилах нь хоёрдугаарт орно гэж судлаачид үздэг. Намуудын гаргаж буй нэрсийн жагсаалт үнэхээр намын удирдлага, эсвэл цөөн хүн, бүлэглэлийн үзэмжээр шийдэгдэх өндөр магадлалтай. Мөн жагсаалтын тавиас хойш бичигдсэн нэр дэвшигчид “тэртэй тэргүй сонгогдохгүй, суудлын хуваарилалтад багтахгүй” гэдэг шалтгаанаар сонгуулийн үеэр ажиллахгүй байх талтай. Энэ эрсдэлээс гарах гарц нь сонгогч намыг дугуйлж, үүний сацуу нэг сонгогч нэг саналын эрхээр хангагдах буюу нийт дэвшигчдээс нэгийг сонгох хувилбар юм. Энэ бол манай Үндсэн хуульд нийцсэн, сонгогчдын шууд сонгох эрхэд халдаагүй хамгийн оновчтой арга. Сонгогчдын нэр дэвшигчийн төлөө саналаа өгч сонгох эрх хадгалагдана. Харин зөвхөн намын эрэмбэлсэн жагсаалтаар авсан суудлаа хуваарилдаг “хаалттай нэрсийн жагсаалт” бүхий хувилбар бол УИХ-д суудалтай намууд болон бүлэглэлүүдийн хуйвалдаан болно. “Хаалттай буюу хатуу” нэрсийн жагсаалтыг маш цөөн оронд хэрэглэдэг. Хэрвээ энэ хувилбарыг сонговол ард түмний сонголтыг хааж, дээр нь Үндсэн хуулийн “УИХ-ын гишүүнийг ард түмэн сонгоно” гэсэн заалтыг зөрчих болно.
Тав.
Төр засгийг намаар дамжуулж байгуулдаг нь үнэн л юм бол намын хариуцлагыг дээшлүүлж парламентын ардчиллыг хөгжүүлэхэд пропорциональ тогтолцоо хамгийн чухал. Түүнчилэн одоо манай хавтгайраад байгаа намаар дамжсан томилгоо, намын дарга-Ерөнхий сайд нэг байх нь пропорциональ тогтолцооны зарчимтай хамгийн их нийцнэ. Өнөөдрийнх шиг өөх ч биш, булчирхай ч биш явснаас л дээр. Судлаачид можаритор тогтолцоог дунд сургуулийн, пропорционалийг их дээд сургуулийн, холимог хувилбарыг академик боловсролын программ гэдэг юм билээ. Бид 20 жилийн турш дунд сургуулийн хөтөлбөрөөр сонгуулиа хийж ирлээ шүү дээ. Одоо их, дээд сургуулийн хөтөлбөр үзье л дээ. Хүний амьдралаар бодсон ч, 20 жил дунд сургуульд сурдаггүй биз дээ. Дунд сургуулийн боловсролтой хүн, их дээд сургуулийн боловсролтой хүн хоёрын амьдралаа аваад явах чадвар ч, улс орондоо оруулах хувь нэмэр ч харилцан адилгүй билээ. УИХ бол үндэсний хэмжээний бодлого боловсруулах ёстой төрийн байгууламж болохоос тойргийн хэмжээнд сэтгэдэг “уран сайханчдын цуглуулга”, юм уу эдийн засгийн бүлэглэлүүдийн төрөөс тэрбумтан төрүүлдэг түшиц газар нь биш билээ. Сонгууль бол төлөөллийн ардчиллаар дамжуулж засгийн эрхийг барьдаг ард түмний өмч болохоос санхүүгийн эрх мэдэлд хүрсэн олигархуудын төрийн эрх мэдлийг хадгалж байх хэрэгсэл нь биш билээ. Сонгуулийн үр дүнг сонголт хийсэн ард түмэн нь хүртдэггүй, сонгогдсон гишүүд нь л хөлждөг одоогийн тогтолцоог ядаж хоёулаа хувь тэнцүүхэн /пропорционалиар/ хөлждөгөөр солих юмсан.
Зочин
Зочин
цолмон
Зочин
Зочин
Zaya
иргэн
Boldoo
Зочин
chimed
Мэдээлэлд баярлалаа
zochin
Зочин
SS