Л.Хүрэлбаатар: Бид барууныхнаас их зүйл сурч, хөрш хоёр орны геологичдоос хол тасарсан
Алтны үндсэн ордын хайгуулын чиглэлээр 27 жил дагнан ажиллаж байгаа геологич Л.Хүрэлбаатартай ярилцлаа. Тэрээр олон оронд ажиллаж байсан туршлагатай нэгэн юм.
Англо Американ ХК-ийн Төслийн ахлах геологич Л.Хүрэлбаатар: Бид барууныхнаас их зүйл сурч, хөрш хоёр орны геологичдоос хол тасарсан
Алтны үндсэн ордын хайгуулын чиглэлээр 27 жил дагнан ажиллаж байгаа геологич Л.Хүрэлбаатартай ярилцлаа. Тэрээр олон оронд ажиллаж байсан туршлагатай нэгэн юм.
-Юуны өмнө та өөрийгөө манай сэтгүүлийн уншигчдад товч танилцуулна уу. Таны ажлын түүхийг харахад техник-геологич, зураглалын инженер, эдийн засагч, төслийн ахлах геологичоор ажиллаж байсан туршлагатай юм билээ. Ер нь таны үндсэн мэргэжил юу вэ?
-Намайг Л.Хүрэлбаатар гэдэг. Би 1987 онд Политехникийн дээд сургуулийг геологи хайгуулын зураглалын инженер мэргэжлээр төгссөн. Ажлынхаа гарааг Дорнодын экспедицид Цавын ордоос эхэлснээс хойш энэ салбарт 27 жил тасралтгүй ажиллаж байна.
-Геологич мэргэжлийн нэг онцлог нь өөрийн орондоо төдийгүй дэлхийн бусад улс оронд ажиллаж болдог. Тиймээс ч таныг олон оронд ажиллаж байсан гэж дуулсан. Сүүлд та Якутад ажиллаад ирсэн. Якутад ямар төрлийн ашигт малтмалын орд дээр ажилласан бэ?
-Өнгөрсөн найм, есдүгээр сард Якутад ажиллаад ирлээ. Тэнд Канадын Элдорадо Гоулд компанийн зөвлөхөөр алтны үндсэн ордын эрэл-хайгуулын ажил хийсэн. ОХУ-ын Якут, Эрхүү, Дорнод Сибирийн алтны үндсэн ордууд нь хар өнгөтэй терриген хурдсанд голдуу оршдог. Энэ нь манайхаар графиттэй занар, элсэн чулуулаг юм уу даа. Алт нь кварцын судалд, мөн брекч, хагарал, shear бүсэд оршдог. Үүнийг барууны ангиллаар orogenic төрлийн систем гэдэг.
-Оrogenic төрлийн алтны үндсэн орд Монголд байдаг уу?
-Манайд оrogenic төрлийн орд, илрэлүүд бий. Гэхдээ ногоон занарт ихэвчлэн оршдог. Жишээлбэл, Бороогийн алтны үндсэн орд юм.
-Якутад ажилласан төсөл тань хэр үр дүнтэй байв. Явсан зорилгоо биелүүлсэн үү?
-Миний бие болон залуу геологич Бадрах, мөн швецарь, австралийн хоёр геологич гээд дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй баг Якутад ажилласан. Бид Оросын геологичидтой хамтарч дээж авч, талбайг нь үнэлж өгсөн. Дээжний лабораторын шинжилгээний хариу одоогоор гараагүй байна. Хариу гарсны дараа хэтийн төлөв нь тодорхой болно. Ер нь уг төслүүд их сонирхолтой юм билээ.
-Якутын геологийн тогтоц манайхаас ямар ялгаатай байдаг вэ. Тэдний геологийн салбарын үйл ажиллагаа хэрхэн явагддаг юм бол. Манайхаас давуу болон сул тал юу байсан бэ?
-ОХУ-д уул уурхай, геологи-хайгуулын салбарт төрийн оролцоо ихтэй учир надад төвөгтэй санагдсан. Хайгуулын тусгай зөвшөөрлийг РосНедра буюу манайхаар АМГ нь тендерийн болон үнэ хаялцах зарчмаар олгодог бөгөөд тэр нь их төвөгтэй. Харин нэгэнт төр шийдвэр гаргаж лиценз олгосон л бол геологичдийн ажлыг орон нутгийн иргэд эсэргүүцдэггүй нь таатай санагдсан. Ер нь тэр тайгад эсэргүүцээд байх хүмүүс байхгүй юм даа.
-Манайхан саяхныг хүртэл Зөвлөлт-Оросын арга аргачлалыг геологи хайгуулын ажилдаа ягштал мөрдөж ирсэн. Тэгвэл бидний даган дуурайж ирсэн Оросууд өдгөө геологи хайгуулын салбартаа ямар шинэлэг зүйлийг ашиглаж байна вэ?
-Геологи хайгуулын салбарт төрийн оролцоо их байх тусам сөрөг хандлагууд гарч ирдэг. Төр дэндүү хатуу хяналттай байдаг тул Оросын геологи хайгуулын салбарын хөгжил удааширч, хоцрогдож эхэлсэн. Энэ байдлыг судлаачид нь хүлээн зөвшөөрч гадны хөрөнгө оруулагчдыг уриалан дуудах хэрэгтэйг хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр байнга сануулдаг ч төрийнх нь зүгээс өөрчлөлт хийдэггүй юм билээ. Мөн Оросуудын геологи хайгуулын ажилдаа ашиглаж буй багаж техник нь манайханы 10 жилийн өмнө хэрэглэж байсан зүйл байх жишээтэй. Түүний дээр геологичдийн ажиллаж байгаа байдал нь надад ерөөсөө таалагдаагүй. Тэд хоцрогдсон арга барилаар ажилладаг учраас ордуудын гарал үүслээ танихгүй нь элбэг. Тиймээс хайгуулаа буруу хийдэг байдал ажиглагдсан. Орос, Хятад хоёр орон гадны компаниудыг геологи хайгуулын салбартаа оруулахыг хязгаарласан, оруулсан ч ямар нэг байдлаар шахсаар байгаад гаргадаг. Энэ байдал нь надад огт таалагддаггүй.
-Уг нь Оросод геологийн шинжлэх ухаан асар өндөр хөгжсөн гэдэг биз дээ?
-Социализмын үеэс л Оросуудаас өөр мундаг геологич байхгүй гэж боддог байсан шүү дээ. Бид тухайн үед 69 шиг сайн машин байдаггүй гэж боддог байлаа. Гэтэл зах зээлийн тогтолцоонд ороод 69-өөс илүү сайн машин байдаг юм байна гэдгийг мэдэж авлаа шүү дээ. Дэлхий дээр оросуудаас илүү геологичид байдаг юм байна гэдгийг бид мэдсэн. Мундаг эрдэмтэд одоо ч олон байгаа. Гэхдээ төрийн тогтолцоо нь тэдэнд тааламжгүй байна. Зөвлөлтүүд тухайн үед зардал ихтэй, хэцүү төслүүдийг хоригдлуудын хүчээр явуулдаг байсан. Магадан, Колыма, Якутад маш олон хорих ангиуд байсан. Тэнд байсан хоригдлууд бараг бүгд уурхайд ажиллаж байсан юм. Хятадууд ч Оросуудаас ялгарах зүйлгүй. Би нэг хэсэг хятад геологичидтой хамт ажилладаг байлаа. Тэд надад дэлхийн хамгийн мундаг геологичид нь Оросууд, дараа нь бид нар орно гэж хэлдэг байсан. Үнэн байдал дээрээ бол тийм биш.
-Тэгэхээр манай хоёр хөршийн геологичид хөгжлийн хувьд хоцрогдсон түвшинд явж байхад бид хэдийнэ барууны аргачлалаар ажлаад сурчихсан учраас давуу талтай гэж ойлгож болох уу?
-Тэгэлгүй яахав. 1997 оны “Ашигт малтмалын тухай хууль” гарснаар Монголд барууны хөрөнгө оруулагчид ихээр орж ирж, манай мэргэжилтнүүд гадны компаниудад олноор ажиллах нөхцөл бүрдсэн шүү дээ. Өнгөрсөн хугацаанд бид барууныхнаас техник технологи, аюулгүй ажиллагаа, байгаль орчныг хамгаалах гээд их зүйл сурч, хөрш хоёр орны геологич ах нараасаа үндсэндээ мэдлэг, чадвар тал дээрээ хол тасарсан. Нэг зүйл хэлэхэд Орос болон Хятадын геологичид геологи хайгуулын ажлын үе шат, дэс дараалал гэх мэтийн дүрэм журамд хэтэрхий баригдаж ажилладаг нь сул тал болдог. Харин бид хамгийн оновчтой аргыг хэрэглэж ажилладаг учир илүү зардал гаргахгүйгээр үр дүнд түргэн хүрдэг. Үүнийг барууны арга барил гэж хэлж болно.
Манай Монголын геологичид мэргэжил, мэдлэг, ур чадварын хувьд давуу талтай болсон ч улс төр, эдийн засгийн хүчин зүйлээс шалтгаалан бүрэн дүүрэн ажиллах нөхцөл бүрдэхгүй байна. Одоо маш олон геологич ажилгүй болж өөр салбарт орж амиа зогоож байна.
-Манайхан барууныхнаас их зүйл сурчээ. Гэхдээ нарийн зүйлсийг манайханд хэлж өгдөггүй гэсэн. Тэр үнэн болов уу?
-Энэ бол ёстой худал яриа. Өнөөдөр геологийн шинжлэх ухаан, хайгуулын арга аргачлал болоод ер нь геологитой холбоотой сүүлийн үеийн бүх мэдээ, ололтуудын талаарх мэдээлэл нээлттэй болсон. Техник технологи хөгжсөн энэ цаг үед интернэтээс бүх талын мэдээлэл авч болно. Мөн гадаадын мэргэжлийн сэтгүүлүүдийг захиалж унших хэрэгтэй. Бид өөрсдөө хичээснээр барууны геологичдоос ч илүү мэдээлэл, мэдлэгтэй болж чадна.
-Та 2013 онд манай сэтгүүлд хэвлүүлсэн “Геологи хайгуул ба уул уурхай” нийтлэлдээ “...Оросын боловсон хүчин, техник технологи нь нэлээд хоцрогдсон учир шинээр металлын орд нээгдэх нь бараг зогссон...” хэмээн бичсэн байсан. Тэгвэл өдгөө Орос улсад шинэ ордууд нээгдэж байна уу. Тухайлбал?
-Би Оросын геологи-уул уурхайн салбарын тухай мэдээллийг байнга хардаг. Оросод өнгөт металл, алт зэрэг металлын шинэ ордууд бараг нээгдэхгүй байгаа боловч нөөц нь нэмэгдэж байгаа статистиктай байдаг. Энэ юутай холбоотэй вэ гэвэл өмнө нээгдсэн ордууд дээр нэмэлт хайгуул хийж нөөцөө өсгөж байна, мөн нөөцийг өөр системээр тооцоолж нөөцөө өсгөж байгаа юм. Тухайлбал, дэлхийн хоёрдугаар дайны үед нээгдсэн Магадан мужид орших Наталка ордод сүүлийн үед нэмэлт хайгуул хийж, нөөцөө JORС стандартаар бодсоноор дэлхийн хэмжээний том орд болсон. Харин шинээр бараг орд нээгдэхгүй байгаа. Оросын нийт төсвийн бараг 70 хувь нь нефть, байгалийн хийн борлуулалтаас бүрддэг учир тэд энэ төрлийн орд нээх сонирхолтой байдаг. Тиймээс нефть, байгалийн хийн шинэ ордууд л нээгдэж байгаа.
-Харин БНХАУ-ын геологи хайгуулын салбар ямар түвшинд байдаг вэ?
-Хятадууд уул уурхайн салбарт гадны хөрөнгө оруулагчдыг их хавчдаг. Хятадад хүнд суртлын олон шатны аппарат ажлаа маш сайн хийдэг учир тэнд ажиллахад тун хэцүү. Хятадад ажиллахын тулд заавал тухайн орны хувь хүн эсвэл компанитай хамтрах ёстой гэсэн хуулийн заалттай. Энэ нь маш буруу заалт. Энэ заалтаас болж гадны хөрөнгө оруулалт хязгаарлагддаг. Угаасаа буруу гэдэг нь батлагдчихаад байхад манайхан энэ жишгээр явах гээд байх юм. Бусдын алдаанаас суралцах ёстой байтал алдааг нь давтаж байгаа нь харамсалтай санагддаг. Миний хувьд Хятадын хэд хэдэн орд дээр очиж үзэж байсан. Ерөнхийдөө уурхайнууд нь менежмент муутай. Хятадын нэгэн дундаж уурхайг Австралийнхтай харьцуулвал хог новшиндоо баригдсан шавар амбаар, нөгөө нь гялалзсан шилэн байшин гэсэн үг. Хэйлуунжан мужийн нэгэн алтны уурхай дээр нэг ажилчин бүр углааштай явж байсан. Тэд аливаа ажлыг техник технологийн хүчээр биш хүний олноор хийдэг нь ажиглагдсан. Ер нь геологи-хайгуул, уул уурхайн салбар нь Оросынх шиг бас л хоцрогдсон.
-Та БНХАУ-ын харьяанд орших Төвдийн өөртөө засах оронд ажиллаж байсан. Тэнд та ямар чиглэлээр ажиллаж байсан бэ?
-Миний ажиллаж байсан компанид Төвдөд байдаг алт-зэсийн хэдэн төсөл санал болгосон юм. Тэгээд Төвдөд компанийнхаа геологичдийн хамт хоёр удаа очсон. Нэг төсөл нь 5000м-ээс дээш өндөрт байсан. Бид 5600м-ийн өндөрт маршрут хийж сорьцлолт авсан. Мөн Төвдийн өөр хэсэгт байрлах 2-3 төсөл дээр очиж байсан.
-Төвд ямар төрлийн ашигт малтмалын нөөц ихтэй вэ. Геологийн салбартаа Төвд хүмүүс өөрсдөө ажилладаг уу, эсвэл хятадууд болон гадаад хүмүүс ихэвчлэн ажилладаг юм болов уу?
-Төвд орон ашигт малтмалын хувьд баялаг ч гэлээ өндөр уулс, эрс тэрс уур амьсгалтай учраас ажиллах нөхцөл нь маш хүнд. Автомашинаар хүрч боломгүй газар маш олон. Геологи хайгуулын салбар нь төдийлөн сайн хөгжөөгүй юм билээ. Биднийг явж байхад Төвд хүмүүс туслах ажилчин хийж, харин геологичид нь хятад хүмүүс байсан.
-БНХАУ-д та ямар төсөл /орд/ дээр ажиллаж байсан бэ. Тухайн ордын гарал үүсэл, тогтцыг танилцуулна уу?
-Би өмнөд Хятадад байдаг Гүйжоу мужид орших Жинфун гэдэг нэртэй ордын региональ тогтцын 3D моделийг Канадын компанийн захиалгын дагуу хийж өгч байсан. Уг ордын гарал үүслийг карлины төрлийн гэж үзэж байсан ч сүүлд orogenic төрлийнх болж байх шиг байна. Orogenic төрлийн ордууд хагарлын структуртай нягт холбоотой байдаг. Ер нь маш том ордуудыг үүсгэдэг.
-Та геологич болоод Оросын геологи хайгуулын аргачлалаар ажиллаж байгаад барууныхныг манайд орж ирэхэд барууны аргачлалаар ажилласан хүн. Тиймээс энэ хоёр аргачлалын ялгааг маш сайн мэдэж байгаа. Энэ тухайд?
-Барууныхан ажлаа явуулахдаа хамгийн оновчтой, хамгийн бага зардлаар, хамгийн орчин үеийн техник технологи ашигладаг. Мөн байгаль орчныг хамгаалах, хөдөлмөр хамгаалалтын тал дээр мөнгө хайрладаггүй. Түүнчлэн ажилчдынхаа мэдлэгт маш их анхаарал хандуулж байнга сургалт явуулдаг. Харин манай дотоодын компаниуд, цаашилбал орос, хятадууд ийм байж чадах уу. Маш цөөн тооны компани л ийм байгаа. Гэхдээ голдуу хувийнх.
-Та өнгөрсөн хугацаанд олон орны ордуудтай танилцсан. Тэр үед Монголд олдоогүй ямар төрлийн ордтой танилцаж байсан бэ?
-Миний хувьд алтны үндсэн ордын хайгуулаар дагнан ажилладаг. Ер нь дэлхийд байгаа алтны үндсэн ордын төрлүүд Монголд бараг бүгд байгаа. Одоогоор манайд карлины төрлийн орд олдоогүй байна. Би карлины төрлийн орд дээр ажиллаж үзээгүй.
-Таны ажиллаж байсан Төвд, Орос, Индонез, Хятад зэрэг улс орны геологийн салбарт манайд тулгардаг шиг хүндрэлүүд байдаг уу. Тухайлбал, орон нутгийн иргэдийн эсэргүүцэл, ойлгомжгүй, ажилд саад болдог “сонин” хууль тогтоомжууд ч гэдэг юм уу тиймэрхүү зүйл ажиглагдсан уу?
-Индонез, Хятад, Орос орнууд манайхаас хөгжлийн хувьд өмнө явдаг ч барууны орнуудтай харьцуулахад хөгжил нь мэдээж дутуу, ер нь хөгжиж буй орны ангилалд хамаардаг. Тиймээс хууль эрхзүйн хувьд адилхан зүйлс байдаг. Тухайлбал, Индонез улс 2010 оныг хүртэл геологи хайгуулын салбартаа хөрөнгө оруулагчдад таатай бодлого явуулж олон улсын бараг бүх том компаниуд тэнд ажилладаг байсан. Гэтэл сүүлийн хэдэн жилд хөрөнгө оруулагчдад халгаатай, геологи, уул уурхайн салбарт саад болсон хуулиуд баталж эхэлсэн. Мөн орон нутгийн иргэд нь геологи хайгуулын ажлыг эсэргүүцдэг юм билээ. Гэхдээ тэнд газар нь хувийн эзэмшилд байдаг учраас тухайн газрын өмчлөгчтэй тохиролцож чадаагүйн улмаас хүндрэл учирдаг. Сүүлд Индонезийн Засгийн газар зэсийг баяжмалаар нь экспортлохгүй, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгож гаргана гэж хориг тавьж гадаад дотоодын эзэмшилтэй том уурхайнууд нь шууд зогсож эхэлсэн. Ньюмонт болон Сумитомогийн эзэмшдэг “Бату Хижау” гэж алт-зэсийн порфирын том орд нь нэлээд удаан хугацаанд зогссон. Сүүлдээ аль аль тал нь алдагдалд орж саяхнаас Индонезийн Засгийн газартай тохиролцож шийдэлд хүрснээр дахин ажиллаж эхэлсэн. Уурхай байгуулахын тулд ямар их хөрөнгө зарцуулдаг билээ, хэдэн жил болж байж ашиглалтанд өгдөг билээ. Түүний дээр халуун оронд байдаг уурхайнууд ганц хоёр сар зогсоход л усаар дүүрч, ургамал ургаж ажиллах боломжгүй болдог онцлогтой. Уг нь Индонезын Засгийн газрын гаргасан зэсийг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгож экспортлох тухай шийдвэр нь зөв зүйтэй боловч хуулийг шууд хэрэгжүүлэхээр батлах буруу, ийм юмыг аажмаар, үе шат дараалалтай хэрэгжүүлэхээр хийх ёстой. Хэрэв Эрдэнэтэд маргаашнаас эхлээд баяжмал гаргахыг хориглоод зөвхөн катодын зэс гарга гэсэн хууль батлагдвал манай орон эдийн засгийн хувьд хүнд байдалд орно биз дээ. Индонез улс манайхыг бодвол том орон ч гэлээ олон уурхайнууд зогссон учир алдагдалд орж байгаа юм. Энэ мэт зүйлс бас байдаг л юм билээ.
-Тэгэхээр геологи, уул уурхайн салбартаа дарамт учруулдаг орон ганцхан манайх биш юм байна. Улстөрчид харалган шийдвэр гаргасан ч хамгийн гол нь алдаагаа хурдан хугацаанд засч залруулж чадаж байгаа эсэх нь асуудал болж байх шиг.
-Уул уурхай өндөр хөгжсөн Австрали улсын Засгийн газар манай “Гэнэтийн ашгийн 68 хувийн татварын тухай хууль”-тай төстэй хууль баталж татвараа нэмж байсан. Гэхдээ тэд хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч алдаагаа хурдан ойлгож хуулиа хүчингүй болгосон. Сүүлдээ Засгийн газар нь ч огцорсон.
-Манайд төрөөс ажил хийх эрхийг нь олгосон ч орон нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй байнга тулгардаг. Харин таны ажиллаж байсан улс орнууд геологийн ажлаа иргэддээ хэрхэн ойлгуулж, хамтран ажиллаж байсан бэ?
-Миний бодлоор төр ашигт малтмалын салбарт бодлого гаргаад түүний хэрэгжилтэд анхаарч хяналтаа тавьж ажиллах ёстой. Төр засаг өөрөө хаана хайгуулаа хийх, уурхайгаа хаана байгуулахаа шийдэж байх ёстой. Ашигт малтмалын салбар чинь маш чухал, улс орны ирээдүй, эдийн засгийн хөгжлийг тодорхойлж буй салбар учир төр энд төмөр нүүртэй байх ёстой юм. Монгол бол унитар буюу нэгдмэл төрт улс. Гэтэл манай салбарт төр холбооны улс шиг загнаж байна. Орон нутаг зөвшөөрсөн тохиолдолд лиценз авах буюу ажил явуулах эрх олгож байна. Төрөөс тусгай зөвшөөрлийг нь аваад геологи хайгуулын ажил хийх гэж байхад орон нутгийн Дорж “Энэ миний нутаг, та нар зайл” гэж хэлж байх жишээтэй. “Юу яриад байна” гэхээр “Манай Ерөнхийлөгч сонгуулийн үеэр тэгж хэлсэн” гэж өмнөөс хэлж байгаа юм. Хүмүүс улстөрчдийн үгийг шууд утгаар хүлээж авдаг юм байна. Ер нь орон нутгийн удирдлага бүх шатандаа шахалт дарамт үзүүлдэг. Энэ нь бидний ажилд саад болоод байна. “Ашигт малтмалын тухай хууль”-д Засгийн газрын гаргасан шийдвэрийг орон нутгийн удирдлага хэрэгжүүлэх, хэрэгжилтэнд хяналт тавих ёстой гэж заасан байдаг болохоос, эсэргүүц гэж заагаагүй шүү дээ. Тэгээд ч эсэргүүцэж байгаа хүмүүсийн дийлэнх нь хувийн ашиг хонжоо хайж, хэдэн төгрөг авах сонирхолтой нөхдүүд байх юм.
-Якут, Төвд, Орос улс цаг уурын хувьд манайхтай төстэй. Харин Австрали, Индонез бол халуун дулаан уур амьсгалтай учраас Монгол хүнд ажиллахад хүндрэлтэй байдаг болов уу?
-Урин дулаан зуны цагт Оросын алс Дорнодын Магадан, Якут манай хойд нутгийн хөвч тайгатай их адилхан. Харин өвөлдөө -60-700С градус хүрч хүйтэрдэг. Харин Индонез халуун, чийглэг уур амьсгалтай орон. Баруун Австралид зундаа +45-500С хүрч халдаг хуурай уур амьсгалтай газар. Халуун нь эхний хэд хоногт тэсэхийн аргагүй хэцүү мэт санагддаг ч аажимдаа дасан зохицдог юм.
-Индонез нь тектоникийн идэвхтэй бүсэд ордог, хавтангууд шүргэлцэж дээр доороо ордгоос шалтгаалаад газар хөдлөлт их байдаг, идэвхтэй галт уул ихтэй. Ийм нөхцөлд тэнд ямар төрлийн ашигт малтмал элбэг байдаг вэ. Хувирал, эрдэсжилт нь манайхаас хэр ялгаатай байдаг вэ?
-Индонези нь тектоникийн хувьд нэг хавтан нь нөгөө хавтан доогуур шургасан арлан нум бөгөөд үүнийг субдукцын бүс гэдэг. Тэгээд галт уулын бүс үүсгэдэг. Суматрад ажиллаж байхад хүчтэй болон сулавтар газар хөдлөлт байнга л явагдаж байдаг. Ийм арлан нумын нөхцөлд эпитермаль болон порфирын төрлийн ордууд үүсдэг онцлогтой. Манайд энэ төрлийн орд илрэлүүд олон байдаг. Ганц ялгаа нь нас. Суматра аралд дөрөвдөгчийн боржин, диорит гэж ярина шүү дээ. Хамгийн хөгшин чулуулаг нь цэрдийн офиолит (далайн ёроолд үүсдэг комплекс) байх жишээтэй. Харин манайд бол дөрөвдөгчийн хурдас чинь сэвсгэр чигээрээ л байна. Боржин бол энд ч боржин, дэлхийн хаана ч боржин, адилхан.
-Та Австрали улсад ажиллаж, суралцаж байсан. Австраличуудаас сурсан хамгийн чухал зүйл тань юу вэ?
-Би Англогоулд Ашанти компанид ажиллаж байхдаа нэг сар гаруйн хугацаанд Австралийн Sunrise Dam гэдэг алтны уурхайд мэргэжил дээшлүүлэх зорилгоор очиж байсан. Тэрнээс тэнд ажиллаж байгаагүй. Уг орд нь 100 тонноос дээш нөөцтэй. Тус уурхайд бид геологичдийн хийдэг бүх л ажил болох керний бичиглэл, геофизикийн зургийн тайлал, янз бүрийн програм дээр ажиллан мэргэжлийн түвшнээ дээшлүүлсэн. Мөн төгсгөлд нь Баруун Австрали мужид байдаг ордуудтай танилцсан. Уурхайнууд нь ёстой гоё, мундаг зохион байгуулалттай, маш цэвэрхэн байдаг. Хөдөлмөр хамгаалалт гэж дээд зэргийн. Хамгийн сүүлд үзсэн болон хамгийн том орд Калгурлид байдаг Суперпит байсан. 1000-аас дээш тонн алтны нөөцтэй.
-Таны ажиллаж, суралцаж байсан улс орнуудаас хамгийн их сэтгэлийг тань хөдөлгөсөн нь ямар улс байсан бэ. Юу нь таны сонирхлыг ихээхэн татсан бэ?
-Бүх улс орон өөрийн гэсэн онцлог, сайхан муухай зүйлтэй байсан. Оросын алс дорнод, Якутын хойд хэсэг нь хойд мөсөн далайд ойрхон байдаг учир моднууд нь тэнгэр өөд тэмүүлж бус газраа дагаж ургадаг. Тухайлбал, хуш мод нь жижиг боргоцойтой, газраа дагаж ургадаг нь сонин санагдаж байлаа. Харин халуун орны ширэнгэн ойд явахад бас л өөрийн онцлогтой. Аварга том моднуудтай, чийглэг, халуун уур амьсгалтай. Зэрлэг заан, бар, баавгай элбэг. Австралийн халуун цөл, Төвдийн өндөр ууланд ажиллахад мэргэжилтнийхээ хувьд ч, хувь хүнийхээ талаас ч гэсэн сайхан байсан.
-Та ямар орд, уурхайг хараад ямар гайхалтай юм бэ гэж дуу алдаж байсан бэ?
-Миний очиж үзсэн ордуудаас Калгурлигийн Суперпит буюу Голден Майл гэдэг орд үнэхээр уулга алдмаар том байсан. Тэрнээс том орд уурхай дэлхий дээр байгаа л даа. Уг уурхайн дээр гараад харахад доор байгаа машин өчүүхэн жижиг харагддаг. Уг карьерын дунд хэсэгт буюу 100 гаруй метрийн гүнд дээр үед хятадуудын малтаж байсан малталтуудын ул мөр байдаг нь гайхмаар юм билээ. Манай Бороогийн ордод 60-аад метрийн гүнд тийм ухсан нүхнүүд байдаг гэж сонссон.
-Манайд Оюутолгойгоос өөр том орд олдох боломж бий юу?
-Шинэ орд нээх нь хөрөнгө оруулалттай шууд холбоотой байдаг. Хэр их хэмжээний хөрөнгө зарцуулна тэр хэрээр орд олдох боломж нэмэгддэг. Канадын SNL Metals Economics Group’s (SNL MEG) гэдэг судалгааны компани дэлхийн улс орнууд геологи хайгуулын салбартаа хэр хэмжээний хөрөнгө зарцуулж байгааг улс, тивээр нь ангилж гаргасан байдаг. Түүнээс харахад дэлхий даяар геологи хайгуулын ажилд зарцуулсан нийт хөрөнгө 16 хувь нь Канадад ноогдож байна. Канад 2012 онд геологи хайгуулын ажилд хамгийн их хөрөнгөний зарцуулсан байна. Тэгэхэд ОХУ гурван хувийг л зарцуулсан байсан. Ийм том улсад энэ бол маш бага мөнгө. Хөрөнгө оруулалт нэмэгдэх тусам шинэ орд нээгддэг нь статистикаар харагддаг. Манай орны хувьд социализмын үед геологи хайгуулын судалгаанд хөрөнгө хаясны хүчээр Эрдэнэтийн зэс-молибдений ордыг нээсэн. Харин зах зээлийн нийгэмд нэлээд хэдэн жил ажиллаж байж Оюутолгойг нээлээ. Сүүлд хайгуулын лиценз олгохыг зогсоосон нь Монголын геологи хайгуулын салбарын хөгжил болоод шинэ орд нээгдэх боломжийг нэлээд хэдэн жилээр хойш нь татсан зүйл болсон. Одоо ч лицензээ олгож чадахгүй байна. Уг нь хайгуулын салбарт хөрөнгө оруулвал Оюутолгой шиг ордууд нээгдэх бүрэн боломжтой юм.
-Нэг үеэ бодвол манай геологичид дэлхийн олон улс оронд очиж ажиллаж байна. Дотооддоо ажилгүй сууж байснаас бараг гадаад улс оронд таатай нөхцөлд ажиллах нь илүү сэтгэл амар ажиллах боломж бүрдэх юм шиг ээ. Энэ тал дээр та ямар бодолтой байдаг вэ?
-Сүүлийн хэдэн жил геологи хайгуулын салбар зогсонги байдалд орсон. Тиймээс миний хувьд гадаадад ажиллая гэсэн бодол төрж байсныг нуугаад яахав. Өдгөө төр эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогоо тодорхойлж, “Ашигт малтмалын тухай хууль”-д өөрчлөлт оруулж, мөн “Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль”, “Алтны борлуулалтын тухай хууль” гаргаж өөрчлөлт хийж байна. Тиймээс байдал дээрдэх байх гэж найдаж байгаа. Миний хувьд гадаад улс оронд гэхээсээ илүү эх орондоо ажиллаж юм бүтээмээр байна.
-Та олон жил гадныхантай ажиллалаа. Тэднээс мэдлэг ур чадварын хувьд болон хувь хүнийхээ хувьд ямар сайн зүйлс сурсан гэж боддог вэ?
-Барууныхан ажилдаа хариуцлагатай хандаж инноваци, шинэ технологи нэвтрүүлж ажилладаг. Харин төрийн оролцоо ихтэй орнуудын хувьд та сайн ажилласан ч, өдөржин ажлаа хийхгүй компьютер тоглосон ч адилхан цалин авдаг учир мэргэжилтүүд нь өсөж хөгждөггүй. Барууны жижиг компаниуд маш бага зардлаар ашигтай орд нээхийн тулд богино хугацаанд эрчимтэй ажилладаг. Тиймээс ажилтнууд нь шинийг эрэлхийж, цагийг үр бүтээлтэй ашиглаж чаддаг. Түүнээс гадна шинжлэх ухаан, техникийн хөгжлийг ажилдаа ашигладаг.
-Таны хувьд гадаад дотоодод ажиллаж байсан туршлагатай. Тиймээс манай орны геологийн салбарт ямар зүйлийг зайлшгүй нэвтрүүлэх шаардлагатай гэж боддог вэ?
-Барууныхны ажилдаа ханддаг арга барилыг л нэвтрүүлж хэвшүүлмээр санагддаг. Мөн уул уурхайн салбарт тэдний уурхайн менежментийг ашиглаж сурах хэрэгтэй байна. Геологийн салбарт төрийн оролцоог бага болгох бодлогоо баталсан. Одоо хэрэгжүүлэх хэрэгтэй. Төр тоглоомын дүрмээ тогтоогоод хяналтаа тавих ёстой.
-Гэхдээ улстөрчдийн эрх ашиг, хувийн амбиц нөлөөлж ойрын хэдэн жилдээ төрийн оролцоо хумигдах шинжгүй байгаа нь харамсалтай.
-Улстөрчдийн хувийн амбиц, эрх ашиг маш их нөлөөлж байгааг бүгд л мэдэж байгаа.
-Манайд геологи, уул уурхайн маркетинг, менежмент гэдэг зүйл дутагдаж байна. Үүнийг хэрхэн зохицуулах ёстой вэ?
-Энержи Ресурсын Ухаа худгийн ордын менежмент нь манайд уул уурхайг яаж авч явах яруу тод жишээ шүү дээ. Төрийн оролцоогүйгээр хувийн хэвшлийнхэн хэрхэн амжилттай ажиллаж байгааг тэднээс харж болно. Хажууд нь байгаа орон нутгийн оролцоотой “жижиг” гэдэг Тавантолгой ямархуу билээ, өдөр шөнө шиг ялгаатай байна.
-Та өдгөө Англо Американ ХК-д ажиллаж байна. Та гадныхантай харилцаа холбоотой ажилладаг. Ер нь гадны хөрөнгө оруулагчдын манай улсын төрийн бодлогын талаарх бодол нь өөрчлөгдөж байна уу?
-Ер нь гадныхан манайд их болгоомжтой хандаж байгаа. Тэд Оюутолгойн асуудал хэрхэн шийдэгдэхийг ажиглаж байна. Манай улс шаардах ёстой зүйлээ шаардах нь зүй ёсны асуудал ч УИХ-ын зарим гишүүдийн хариуцлагагүй үг гадныхныг цочироож байна. Түүнчлэн өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдөр “Ашигт малтмалын тухай хууль” шинэчлэгдэж хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг зөвшөөрсөн ч одоо хэр нь олгож чадахгүй байна. Янз бүрийн асуудал байх шиг байна. Ер нь хөрөнгө оруулагчид маш сайн ажиглаж байгаа нь ойлгомжтой. Гэхдээ байнга хараад байна гэж юу байхав, өөр таатай улс руу хөрөнгөө оруулаад алга болно шүү дээ. Хөрөнгө оруулагчийн төлөө бид тэмцэлдэх ёстой юм шүү дээ.
Жишээ нь Казахстан манай алдаанаас суралцаж хууль эрхзүйн орчноо өөрчилж, улам таатай болгож байгаа. Хөрөнгө оруулагчид Казахстаныг сонирхож эхэллээ. Казахстан бол бидний өрсөлдөгч шүү дээ.
-Лицензийг наймаалцдаг жишиг олон улсад хэвшсэн зүйл биз дээ?
-Жижиг компани лиценз авч хайгуул хийгээд аз таарч орд нээлээ гэхэд голдуу тэр ордоо өөрөө ашиглах чадваргүй байдаг. Тиймээс том компанид зардаг. Энэ бол дэлхийд хэвшсэн зүйл. Ихэнх ордуудыг жижиг компаниуд нээдэг. Жижиг компани тооны хувьд олон байдаг учраас тэр хэрээр орд олох магадлал их байдаг биз. Манай төрийнхөн лицензийн наймаа гэхээр л ёстой болохгүй зүйл гэж ярьдаг. Лицензийг далд наймаа гэж ярьдаг. Лиценз шилжүүлэхэд 30% татвар авна гээд хуулиараа заачихаар далд хэлбэрт оролгүй яахав дээ. Уг нь лицензийг зарж болно гээд татвар нь 10 хувь байна гэвэл бүгд л татвараа төлөөд явахыг хичээнэ гэж бодож байна.
-Төр засаг хууль эрхзүйн орчноо хурдан хугацаанд өөрчилж, хөрөнгө оруулагчдад боломж гаргаж өгөхгүй бол дэлхий нийт биднийг үргэлж сонирхоно гэсэн гэнэн бодол мөрөөдөл болж хувирах юм байна даа.
-Хөрөнгө оруулагчид биднийг үргэлж хүлээж сууна гэж байхгүй. Аль нэг оронд таатай нөхцөлтэй байна гэж үзвэл тийшээ яваад өгнө. Харин бид хөрөнгө оруулагчаа алдаж байгаа хэрэг болно.
-Цаг зав гаргаж ярилцсан танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.
Д.ОЮУНЖАРГАЛ
Бат
Монгол
Зочин
tumur
уурхайчин
Монгол
Зочин
Зочин
Зочин
buunii nohoi
Зочин
Зочин
Зочин
geologch