Тефис майнинг компанийн гүйцэтгэх захирал Д.Ганболд: Манайх шиг жижиг улс өөрсдийгөө дэлхийн зах зээлээс стандартаар хязгаарласан нь буруу жишиг

Энэ удаагийн ярилцлагын зочноор Тефис майнинг компанийн гүйцэтгэх захирал Д.Ганболдыг урилаа. Тэрээр геологийн салбарт 25 жил ажилласан туршлагатай нэгэн бөгөөд сүүлийн 10 гаруй жилийн турш нүүрсний чиглэлээр дагнан ажилласан юм. Түүнээс чулуун болон хүрэн нүүрсний хайгуул, олборлолтын онцлог, технологийн ангилал, баяжуулалт, боловсруулалт, худалдааны талаар асууж сонирхлоо.



-Цаг гаргаж ярилцлага өгч байгаад баярлалаа. Та өөрийгөө манай сэтгүүлийн уншигчдад товчхон танилцуулна уу. Та геологийн салбарт хэдэн жил, ямар чиглэлээр ажиллаж байна вэ?
-Намайг Дугарын Ганболд гэдэг. Би ЗХУ-ын геологи уул уурхайн сургуулиудаас шатах ашигт малтмалын чиглэлээр сургаж байсан цөөн сургуулийн нэг болох Свердловск хотын уулын дээд сургуулийг уулын инженер-геологич мэргэжлээр төгссөн. Надтай хамт найман Монгол залуу тус сургуулийг төгссөн ч би ганцаараа геологийн салбарт ажиллаж байна.

Надтай хамт суралцаж байсан Ганбаатар, Баянхишиг нар маань Монголын анхны шатах ашигт малтмалын чиглэлээр мэргэжил эзэмшсэн геологичид байсан. Уг нь тэд энэ чиглэлээр, тэр тусмаа Уралын металлургийн комбинатуудтай танилцаж, үйлдвэрийн чулуун нүүрсний баазыг хэрхэн бүрдүүлж, яаж хайгуул хийж байсныг маш сайн судалсан хамгийн сайн мэргэжилтнүүд хэдий ч харамсалтай нь 1990 оноос хойш мэргэжлийнхээ дагуу ажилласангүй. Харин миний хувьд уулын инженер геологич мэргэжлээрээ 25 жил ажиллахдаа төмөр, ховор металл, алт, нүүрсний ордуудын хайгуулын ажилд оролцож байсан.

Би ажлынхаа гарааг Олон улсын геологийн экспедицид техник-геологич, ахлах геологичоор ажиллаж эхэлж байлаа. Түүний дараа Төмөртэйн төмрийн ордын төсөлд оролцсон. Мөн Монгол газар компанид ажиллаж байхдаа олон төсөл дээр ажилласны нэг нь Олон Овоот юм. Уг орд нь монголчуудын гараар боссон анхны орд учир их туршлага хуримтлуулсан гэж боддог. Миний хувьд нүүрсний салбарт гол ажилласан төсөл маань Хөшөөт. Харин одоо Тефис майнинг компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Манай компани цагийн сайханд 200 гаруй лиценз эзэмшиж байсан ч өдгөө орд болж, эдийн засгийн үр өгөөж өгөх түвшинд хүрсэн дөрвөн төсөлтэй үлдсэн.

Ер нь урт хугацаанд улс орны эдийн засагт үр ашгаа өгч, дэд бүтэц бий болгодог ашигт малтмал нь төмөр, нүүрс, хөнгөнцагаан, фосфорит байдаг. Харин алт, зэсийн төсөл нь богино хугацаанд хэрэгждэг, хот суурин байгуулах шаардлагагүй тул ихэнхдээ дэд бүтэц үүсгэгч болж чаддаггүй онцлогтой.

1970-1980-аад оны үед үйлдвэрлэлийг Улаанбаатарт төвлөрүүлэх бус орон нутагт жигд тараан байршуулж хөгжүүлэх тухай их ярьдаг байлаа. Гэтэл түүнээс хойш 40 жил өнгөрсөн ч өдгөө ярьсан хэвээрээ л байна. Нутгийн зүүн, өмнөд хэсэгт аж үйлдвэрийн төвүүд байгуулагдаж эхэлж байгаа ч баруун талд алга. Магадгүй Хөшөөтийн уурхай баруун бүсийн аж үйлдвэрийн төв байгуулах үндэс суурь болж болох байх.

-Та нүүрсний талаар нилээд судалсан учир нүүрсний ордын хайгуул, олборлолтын онцлог, хэрэглээ, технологийн ангилал, баяжуулалт, боловсруулалт, худалдааны талаар асууж тодруулах гэсэн юм. Та нүүрсний чиглэлээр хэзээнээс ажиллаж бэ?
-Би 2005 оноос нүүрсний чиглэлээр ажиллаж эхэлсэн. Тухайн үед ахмад геологич Б.Банзрагчийн санаачлагаар Монгол, Солонгосын хөрөнгө оруулалттай Хэнсүл ХХК-ийн захирал Б.Батням их зориг гаргаж Хөшөөтийн нүүрсний жижиг ордуудын лицензийг худалдан авч нэгтгэн нэг төсөл болгож байлаа. Энэ залууд одоо ч гэсэн талархаж явдаг. Тухайн үеийн лиценз олгох журам, хүмүүсийн сэтгэхүйнээс хамаарч Хөшөөтийн орд нь олон жижиг лицензид хуваагдсан нь томоохон төсөл хэрэгжүүлэхэд саад болж байлаа. 2007 онд Хөшөөтийн төсөл Монголиа Энержи Корпорайшнийн охин компани болох Мо Эн Ко ХХК-д шилжсэн. Бид Хятад болон Америкийн геологичид, зөвлөх компаниудтай хамтарч хайгуулын ажлыг хурдан хугацаанд маш эрчимтэй хийсэн. Тэр үед хөрөнгө оруулагч Хонконгийн тал нүүрсээр дагнан ажилладаг “Хятадын нүүрсний геологийн 129 дүгээр анги”-тай гэрээлэн Монголд 50 өрмийн машин оруулан ирж жилийн дотор 50 мянган тууш метр өрөмдөж байлаа. Энэ бол тухайн үедээ Монголд байгаагүй том хөрөнгө оруулалт байлаа. Мөн үүний хажуугаар хатуу хучилттай хүнд даацын замын судалгаа ба үйлдвэрлэлийн усны хайгуул, судалгааг удирдан гүйцэтгэж байлаа.

Ер нь Монголын чулуун нүүрсний тархалт баруун ба өмнөд талдаа байдаг. Гэхдээ Монголын баруун бүс нутагт Хархираагийн сав газар, Хөшөөтийн савыг бүрэн судлаагүй байна. Мо Эн Ко ХХК Хөшөөтийн ордын өөрийн хэсгийг JORC стандартаар 149 сая тонн нүүрсний нөөцтэй болохыг тогтоосон. Ер нь сав газрын нөөц 300-500 сая тонноор өсөх боломжтой. Энэ хэмжээний баялаг, нөөцөд үндэслэн Хөшөөтийн уурхай нь баруун бүсийн нүүрсний олборлолтын төв болж, аж үйлдвэрийн цөм үүсэх боломжтой юм. Гэхдээ Хөшөөтийн сав газрын нүүрсний нөөц бүхий талбайн ихэнх хэсэг нь “урт нэртэй” хуулийн хүрээнд хязгаарлагдсан бүсэд хамаардаг. Магадгүй 50-60 жилийн дараа монголчуудад уг нүүрсийг олборлох боломж бүрдэх байх. Гэхдээ Хөшөөтийн нүүрсний орд ойрын хугацаанд ч монголчуудад үр ашгаа өгнө гэж боддог.

-Чулуун нүүрсний ордын хайгуулын шатанд бидэнд хүндрэлтэй ямар асуудлууд тулгарч байгаа вэ. Тухайлбал, лабораторийн шинжилгээний бааз суурь гэх мэт асуудлууд бий байх?
-2005 онд Тавантолгойн нүүрсний ордыг BHР компани “үнс” хэмээн үзэж тоохгүй хаяад явах үед одоогийн УИХ-ын гишүүн “Ажнай”-н Д.Бат-Эрдэнэ нүүрсийг анх экспортлон Монголын нүүрсийг үнэд оруулсан юм шүү дээ. Д.Бат-Эрдэнэ хэн ч тоогоогүй нүүрсийг “алт” болгож чадсанаараа Монголын нүүрсний салбарт эргэлт хийн, монголчуудад хамгийн том гавъяа байгуулсан хүн. Түүнээс хойш манайд чулуун нүүрсний хайгуул эрчимжиж, лаборатор, өрөмдлөг зэрэг үйлчилгээний салбар бүрэн хөгжиж, үндэсний мэргэжилтнүүдтэй болсон. Өнөөдөр манайд нүүрсний хайгуул хийх бүрэн боломж бүрдсэн. Харин чулуун нүүрсийг боловсруулж, худалдах маркетинг хийх мэргэжилтнүүд илт дутагдаж байгаа нь Тавантолгой болон Ухаа худаг, Хөшөөтийн ордын олборлолт, экспортын байдлаас харагдаж байгаа.

Нүүрсийг боловсруулахаас гадна хайгуул хийхдээ зорилгодоо нийцүүлэн бодлоготой ажиллах ёстой гэдгийг ойлгох цаг хэдийнэ болжээ. Өдгөө Засгийн газар нутгийн хойд талаас Хөвсгөлийн Овоот толгой орд (Аспайрын)-ыг дайруулан Оросоос төмөр зам татна гэж ярьж байна. Гэтэл Овоот толгойн ордын нүүрсний технологийн чанар нь Тувагийн Элигэстийн ордынхтой яг адилхан байдаг. Ийм нөхцөлд Овоот толгойн нүүрс Тувагийн Элигэстийн нүүрстэй өрсөлдөх шаардлага тулгарна. Уг нь Тавантолгойн ордын нүүрсний тодорхой хэсгийг Овоот толгойн тослог нүүрстэй хольж чанарыг нь сайжруулан худалдах маркетинг хийх ёстой. Гэтэл яг ийм чанартай нүүрсийг Оросоос Хятад руу тээвэрлээд эхлэхээр Тавантолгойн үнэ цэнийг шууд унагаж байгаа хэрэг юм. Хэрэв Элигэст ордын нүүрсийг баруун Монголоор дамжуулан Дунд болон Өмнөд Азийн зах зээлд гаргах төмөр зам тавьбал манай Овоот толгойн нүүрс Тувагийн Элигэстийн ордтой өрсөлдөх шаардлагагүй болно. Хэрэв өрсөлдүүлэх л юм бол Тавантолгойд буй технологийн шаардлага хангаагүй, хямд үнэтэй овоолгоотой байгаа нүүрс үнс болж хувирна шүү дээ. Үүнээс харахад Тавантолгойн нүүрс зөвхөн төмөр замгүйн улмаас үнэгүйдэх юм биш. Уг ордын нүүрс нь коксжих болон дулаан, исэлдсэн зэрэг олон янзын технологийн чанартай тул бүгдийг нь иж бүрэн ашиглах боломж одоогоор байхгүй. Бидэнд нүүрсээ тээвэрлэх төмөр зам мөн технологийн ялгалт алга. Тавантолгойн овоолгоотой нүүрс магадгүй 5-10 жилийн дараа экологийн том хүндрэл үүсгэж мэдэхээр байна. Тиймээс Овоот толгойн нүүрсийг хурдан хугацаанд тээвэрлэж Тавантолгойн нүүрстэй хольж, борлуулах шаардлагатай харагддаг. Тэгж байж Тавантолгой үнэ цэнэтэй төсөл болж чадна. Үүний тулд Чойр эсвэл Сайншандаас Тавантолгойг төмөр замаар холбох ёстой. Төмөр замын чиглэл, сүлжээ зөвхөн улс төрөөс хамаарах биш томоохон ордуудын технологийн хэрэгцээ, боловсруулах үйлдвэрийн төлөвлөлт, байршилтай нийцүүлсэн байх шаардлагатай юм болов уу гэж боддог. 

-Манай улсад тогтоогдоод байгаа чулуун нүүрсний ордуудын олборлолтод онцгой анхаарах ямар зүйлс байдаг вэ?

-Ер нь Нарийн сухайт, Тавантолгой, Хөшөөтийн ордод технологийн нарийн судалгаа харьцангуй муу хийгдсэнээс худалдан авагчийн шаардлагыг хангахуйц нүүрс олборлож чадахгүй байна. Нарийн сухайтаас олборлож буй хамгийн сайн нүүрс л гэхэд чанарын стандартад хүрэхгүй, хагас хатуу кокжих нүүрс байх жишээтэй. Гэтэл уг ордын нүүрсний чанарыг сайжруулах боломжтой Сүмбэрийн орд хажууханд нь байж л байна. Бид Австралиас ирж буй сайн чанарын нүүрстэй өрсөлдөх хэмжээний нүүрс бий болгохын тулд нүүрсээ угаах шаардлагатай. Тиймээс чулуун нүүрсний олборлолт баяжуулалтын явцад олон төрлийн бүтээгдэхүүн гаргаж, технологийнх нь чанарыг сайжруулж сурах хэрэгтэй. Үүнийг уулын болон баяжуулагч инженерүүд сайн хийж Хятадын зах зээлийн эрэлтэнд тулгуурлан маркетингтэй ажиллах ёстой. Тавантолгойн Ухаахудагийн стандарт нүүрс сайн ч гэлээ бид өөр нүүрс санал болгож чадахгүй байна. Энэ менежментийг хэзээ нэгэн цагт хийх хэрэгтэй.    

-Чулуун нүүрсний хэрэглээний ямар чиглэлүүд байдаг вэ. Үнэ цэнэ нь юунд оршдог юм бол?

-Чулуун нүүрсний үндсэн хэрэглээ нь металлургийн үйлдвэр, дулааны цахилгаан станцад ашиглах байдаг. Тэр дундаа хамгийн үнэ цэнтэй нь металлургийн үйлдвэрт ашигладаг коксжих нүүрс юм. Манай орны нүүрсний нөөцийн маш бага хувь буюу 6-7 тэрбум тонныг чулуун нүүрс бүрдүүлдэг. Ер нь чулуун нүүрс үнэ цэнэтэй эд. Тиймээс чулуун нүүрсэн дотор хямд үнэтэй урт дөлт, хий эсвэл PCI буюу тоосонцор нүүрсийг үлээж төмрийн хүдрийг халаадаг технологийг ашиглан дэлхий дахинд коксжих нүүрсний хэрэглээг багасгаж байна. Ер нь Хятад, Энэтхэг зэрэг хэрэглээ ихтэй орнуудын хөгжлийг дагаад ойрын 50 жилийн хугацаанд чулуун нүүрс  ховордож дэлхийн хөгжлийн бас нэг зовлон болох төлвийг шинжээчид хэлдэг. Чулуун нүүрсний том бассейн бүхий экспортлогч орнууд Африкийн Мозамбек, Колумб, Австрали, Индонез, Монгол, Оросоор хязгаарлагддаг. Мэдээж Хятад улс нүүрсний байнгын худалдан авагч байх нь ойлгомжтой. Хятадын нүүрс олборлох технологи нь байнга хүндэрч байна. Хятад улс хичнээн триллион тонн-оор яригдах нүүрсний нөөцтэй гэж зарладаг ч эдийн засгийн хувьд үр ашигтай нүүрснийхээ хэмжээг хэзээ ч зарлаж байгаагүй. Үр ашигтай нүүрсний нөөц нь бага учраас тэр. Өнөөдрийн үнээр нүүрсний компаниудынх 70 хувийн алдагдалтай ажиллаж байна шүү дээ.



-Тэгэхээр чулуун нүүрсний үнэ цэнэ улам өсөх юм байна даа.
-Өсөх нь өснө, гэхдээ өнөөдөртөө Хятад улсын хөгжлийн хурдцаас л хамаарч байна. Хүрэн нүүрс ч ялгаагүй хүн төрөлхтөний хамгийн хэрэгцээтэй эрчим хүчний эх үүсвэр, химийн үйлдвэрлэлийн түүхий эд байх нь тодорхой. Бид зөвхөн эрчим хүч үйлдвэрлэгч биш химийн аж үйлдвэрийн том үйлдвэрлэгч орон болох зорилго тавьж байгааг их талархан дэмждэг.

-Манай улсад чулуун нүүрсэнд хэрэглэдэг Оросын болон Барууны ангиллуудын хооронд ямар ялгаа, онцлогууд байдаг вэ?
-Оросын чулуун нүүрсний ангилал нь хэрэглээ, технологи тал нь давамгайлсан байдаг. Харин барууны ангилал илүү генетик тал руугаа буюу чулуун нүүрсний физик, хими чанарт тулгуурладаг. Хятадууд Оросын чулуун нүүрсний ангилал дээр үндэслэн одоогийн ангиллаа бий болгосон. Бид Хятад руу нүүрсээ экспортлохоос хойш тэднийд ойр ангиллыг ашиглах ёстой. Гэтэл манайхан нүүрсний ангилалтай болсон. Ер нь нүүрсийг их хэмжээгээр ашигладаггүй, хэрэглэгч биш улс орнууд өөрийн ангилалтай байдаггүй. Манайх одоогоор экспортлогч орон учраас олон улсын худалдааны нүүрсэнд тавьдаг шаардлагуудыг хүлээж авахад л болох байсан. Орос, Хятад болон барууны орнууд өөрийн орны аж үйлдвэрт тохируулан нүүрсний ангилал боловсруулдаг. Манайх шиг жижиг улс өөрсдийгөө дэлхийн зах зээлээс стандартаар хязгаарласан нь буруу жишиг.

-Манай нүүрсний гол хэрэглэгч болсон БНХАУ-ын чулуун нүүрсний ангилал, тавигддаг шаардлага ямар байдаг вэ?
-Хятад, Оросын нүүрсний ангилал нь хэрэглээ, технологи, генетикийн бүх шинж чанарыг агуулсан байдаг. Оросын дунд болон өндөр чанартай нүүрсний ангилал нь бүр их нарийн, зарим талаараа генетикийн талыг оруулсан байдаг. Харин барууны нүүрсний ангилал илүү хялбар, цөөхөн элементээр ангилдаг.

Хятадын нүүрсний бирж дээр худалдан авагчид ямар төрлийн нүүрсийг ямар үнээр худалдан авч байгаа нь манай нүүрсний жишиг үнэ болдог. Бид уг шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадахгүй бол Хятадын зах зээл дээр хэзээ ч гарч чадахгүй. Тиймээс өөрийн стандарт гаргах гэж яарсан нь маш буруу алхам болсон гэж би хэлээд байгаа юм. Бид экспортлох нүүрсээ олон улсын худалдааны стандартад нийцүүлнэ үү гэхээс та нар манай стандартыг хүлээн зөвшөөр гэж тулгаад Хятадуудад нүүрсээ борлуулна гэж хэзээ ч байхгүй. Энгийн ийм логикийг буруу хийсэнд би их гайхдаг.

-Би танаас Хятад улс руу нүүрс экспортлоход аль ангиллыг баримтлах нь бидэнд илүү дөхөмтэй вэ гэж асуух гэж байлаа. Та бараг хариулчих шиг боллоо?
-Бидний хувьд одоохондоо Хятадын нүүрсний ангиллыг барихаас өөр арга байхгүй. Худалдааны нүүрсэнд олон улсын худалдааны тодорхойлолтыг л хэрэглэх хэрэгтэй.

-Чулуун нүүрсийг хэрхэн баяжуулж, боловсруулдаг вэ. Энэ талаарх гадаадын тэргүүний технологи, туршлагаас хуваалцана уу?
-Миний хувьд баяжуулалтын мэргэжилтэн биш учраас өөрийнхөө мэдэж буй ойлголтыг л хэлж болох юм. Баяжуулж буй нүүрс нь ямар ч тохиолдолд стандарт гэхээсээ илүү олон улсын худалдааны тодорхойлолтод нийцэж байх учиртай. Бид ус бага ашигладаг, байгаль экологид ээлтэй барууны технологийг нэвтрүүлэх шаардлагатай.

Аливаа үйлдвэрлэл бүтээмжинд тулгуурлан өрсөлддөг. Олон хүн ажиллаад үр бүтээл гаргадаггүй технологи манайд хэрэггүй. Тиймээс аль болох өндөр технологитой, бүтээмжтэй ажиллах хэрэгтэй байна.

-Хятад улс барууны аргуудаас алиныг нь түгээмэл ашигладаг вэ?
-Хятад улсын нэг зовлон нь гадаадын тэргүүний технологийг нэвтрүүлээд түүнийгээ манайхны монголчилно гэдэг шиг хялбаршуулж, аль болох үнэ хямд болгон хятадчилж олон хүн ажиллуулж, түргэн зуур ашиглаад хаядаг. Тэр нь нэг талаар тэдэнд хэрэгтэй ч бидний хувьд ойлгомжгүй зүйл. 
 
-Чулуун нүүрсийг хуурай аргаар баяжуулж болох уу. Ямар чанартай нүүрс гаргаж авах боломжтой вэ?
-Дэлхий дахинд Германы технологиор хуурай аргаар нүүрсийг баяжуулдаг. Япончууд хуурай аргаар нүүрс баяжуулж байна гэж сонсогдсон ч уг технологийг нь дэлхий нийт түгээмэл ашигладаггүй. Хятадууд олон газар Германы технологийг ашиглаж байгаа.

-Манайхан нүүрсийг гүн боловсруулах талаар ярьдаг болсон. Уг гүн боловсруулалтаар ямар бүтээгдэхүүн гаргаж авдаг вэ. Тухайлбал, бид дотооддоо кокс үйлдвэрлээд гадаадад гаргах боломж хэр байдаг вэ?
-1990-ээд оны үед Оросоос импортолдог нефть хязгаарлагдсантай холбоотойгоор Монгол Улс эрчим хүчний хомсдолд ороход монголчууд анх удаа нүүрсийг гүн боловсруулах шаардлагатай бөгөөд энэ нь асар их ирээдүйтэй юмаа гэдгийг ойлгосон байдаг. Тиймээс “Нүүрс судалгааны төв”-ийг байгуулж олон залуусыг нүүрсний гүн боловсруулалтын чиглэлээр гадаад улс оронд сургаж эхэлсэн. Эдгээр мэргэжилтнүүд гадаад, дотоодын томоохон компаниудад энэ чиглэлээрээ ажиллаж байгаа.

Гүн боловсруулалтаар хүн төрөлхтөн нефтиэс нүүрс устөрөгчийн нэгдлээс нийлэг бүтээгдэхүүн гарган авч байна. Дэлхий дээр хамгийн түгээмэл, их нөөцтэй оршин буй органик бодис бол нүүрс. Уг дарагдмал түүхий эд болох нүүрсийг гүн боловсруулан дараагийн шатанд хүргэх нь манай орны төдийгүй дэлхий нийтийн зорилт юм. Үүний тулд хүн төрөлхтөн асар их хөрөнгө зарцуулж байгаа. Үүний нэг жишээ нь 2010 онд АНУ болон БНХАУ-ын Засгийн газар хамтарч ажиллах гэрээ байгуулсан явдал юм. Технологийн хөгжилд хүрсэн том гүрнүүд нэг зорилго дор нэгдэж ажиллах уг гэрээний дагуу АНУ-ын Засгийн газар тодорхой лицензүүдийг БНХАУ-д үнэ төлбөргүйгээр эзэмшүүлдэг. Нэгэнт нүүрс устөрөгчийн нэгдлүүдийг гаргаж авч болж байхад цаашид нийлэгжүүлж нефтиэс түүхий эд гаргаж авдагтай адил, янз бүрийн түүхий эд гарган авах нь хязгааргүй юм.

Харин манай улс кокс гарган авч экспортлох тухайд би огт дэмждэггүй. Учир нь тухайн металлургийн үйлдвэр өөрийн авч буй төмрийн хүдэрт зориулан коксын шинж чанарыг байнга тохируулан өөрчилдөг. Гэтэл бид нэг л чанарын кокс үйлдвэрлэх учир худалдан авсан металлургийн үйлдвэрт тохирохгүй учир алдагдалтай юм болно. Түүний дээр тээвэрлэлтийн алдагдал бас үүснэ. Тиймээс металлургийн үйлдвэрүүд дэргэдээ нүүрс коксжуулах үйлдвэртэй байдаг юм. Коксжуулах явцад гарсан хийг төмрийн хүдрээ халаахад ашигладаг. Мөн гарсан кокс нь тухайн төмрийн хүдэртээ яг тохирсон байдаг тул коксыг барагтай бол худалдаж авдаггүй. Тэгээд ч кокс үйлдвэрлэхийн тулд олон уурхайгаас нүүрс авч бленд хийх шаардлагатай байдаг.

-Төмрийн хүдэр нь ямар найрлагатай байдаг вэ?
-Төмрийн хүдэр нь янз бүрийн найрлага, технологийн шинж чанартай байдаг. Харин манайхан үүнийг их энгийнээр ойлгодог. Хэрэв тийм энгийн байсан бол Австраличууд кокс үйлдвэрлэж худалдах л байсан биз дээ.        

-Дэлхийн зах зээл дээр чулуун нүүрсний хэрэглээ ямар хэмжээнд байна вэ. Ойрын жилүүдэд Хятад улсын хэрэглээ ямар түвшинд байх бол?
-Би тийм том зүйл судалдаг хүн биш. Дэлхий дахины зөвлөх компаниуд, түүхий эдийн шинжээчдийн хийдэг ажил шүү дээ.

-Бид нүүрсээ дотооддоо боловсруулаад гаргах, түүхийгээр экспортлох хоёрын хувьд эдийн засгийн хувьд бидэнд аль нь ашигтай вэ?
-Ер нь нүүрсээ боловсруулж, мөн түүхийгээр нь гаргахаас өөр арга байхгүй. Тавантолгойн олборлож буй эрчим хүчний нүүрсийг гэхэд боловсруулж экспортлох шаардлагатай. Төмөр замаа ашиглалтанд оруулсан ч зарим төрлийн нүүрсээ түүхийгээр худалдах нь бидэнд ашигтай. 

-Одоо хоёулаа хүрэн нүүрсний хэрэглээний талаар ярилцъя. Манай улс хүрэн нүүрсний асар их нөөцтэй ч бид одоогоор хайгуул хийхээс хэтрээгүй байдалтай байна. Хүрэн нүүрснээс ямар бүтээгдэхүүн боловсруулан гаргадаг вэ?
-Герман, Өмнөд Африк, АНУ, Хятад зэрэг орнуудад хийж буй гүн боловсруулалтын туршлагын дараа хүн төрөлхтөн хүрэн нүүрсийг гүн боловсруулах чиглэл рүү явж байна. Гүн боловсруулалтын арга нь одоогоор байгаль орчинд тодорхой хэмжээний эрсдэл дагуулсаар байгаа. Хүрэн нүүрсний гүн боловсруулалтаас үүссэн нүүрсхүчлийн хийг хэрхэн хадгалж, хувиргах асуудал өнөөг хүртэл хүн төрөлхтөний өмнө сорилт болсоор байна. Хэдийгээр ирээдүй байгаа ч энэ нь байнгын эрсдэл дагуулна гэдгийг ойлгох хэрэгтэй юм. Манайд усны нөөц хэр билээ, хүрэн нүүрсний боловсруулалтаас гарах хүлэмжийн хийг хэрхэн зохицуулах вэ гэсэн хоёр асуудал тулгарна. Эдгээр эрсдэлийг сайтар тооцоолон тохируулж байх шаардлагатай. Магадгүй эхний үед өндөр эрсдэлтэй харагдаж байж болох ч зөв тооцоолж хийвэл болохгүй гэх зүйлгүй.

-Дэлхий нийт хүрэн нүүрсийг ямар түүхий эд гаргахад зориулан боловсруулж байгаа вэ?
-Дэлхий нийт хүрэн нүүрсийг төрөл бүрийн зориулалтаар боловсруулж байна. Тухайлбал, бордоо гаргах, хийжүүлэхэд голчлон ашигладаг. Мөн цөөн тооны үйлдвэрт шингэн түлш үйлдвэрлэх зорилгоор ашиглаж байгаа. Метанол болон нийлэг эдлэл, нүүрс устөрөгчийн нэгдлээс гаргаж авдаг түүхий эд, бүтээгдэхүүн гаргах нь хязгааргүй юм билээ.

-Манай орны аль хэсэгт дулааны цахилгаан станц байгуулахад хэрэглээ болоод эдийн засгийн хувьд хамгийн боломжтой вэ. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ?
-Улаанбаатар хотын хүн ам өсөхийн хэрээр орон сууцжуулах ажил өрнөж байна. Орон сууц олноор баригдсанаар ундны усны асуудал хүндэрч байна. Гэр хороололд өдөрт 9л ус хэрэглэдэг байсан хүн орон сууцанд амьдарснаар өдөрт 140 л ус ахуйн хэрэгцээндээ хэрэглэнэ. Түүний дээр тэдгээр орон сууцыг дулаан, цахилгаанаар хангахын тулд V цахилгаан станц байгуулна гэж байна. Гэтэл нэмж цахилгаан станц байгуулснаар Улаанбаатар хотын иргэд хэрэглээний усны гачаалд орох аюул нүүрлэнэ. Тиймээс усны судалгааг сайтар хийх шаардлагатай харагддаг. Харин нутгийн төв болон зүүн хэсэгт дулааны цахилгаан станц байгуулах хамгийн их боломжтой ч мөн л усан сан, усны асуудлаа шийдвэрлэх хэрэгтэй байгаа.

-Нүүрснээс шингэрүүлсэн түлш гаргаж авахад тухайн ордын онцлог, усан хангамжаас эхлээд гол нөлөөлдөг хүчин зүйлүүд нь юу байна вэ?
-Усны асуудал нэн түрүүнд шаардлагатай болно. Ийм учраас усан сан байгуулах шаардлагатай. Тэрхүү усан санг байгуулахад 5-10 жилийн хугацаа шаардлагатай болдог. Мөн нүүрсний давхаргын унал их нөлөөлнө. Тухайлбал, Багануур, Шивээ-Овоогийн ордууд нь нүүрсний давхаргын унал ихтэй учир хүндрэлтэй тал бий.

-Бид усан хангамжийг хэрхэн бий болгож болох вэ?
-Төвийн бүсэд усан сан байгуулах зайлшгүй шаардлагатай. Энэ ажлыг бүр өнөөдөр эхлүүлэх хэрэгтэй. Усан сан барих гэхээр эх орондоо хайртай хүмүүс нутаг орноо хамгаалаад тэдэнтэй ойлголцох асуудал үүсч магадгүй юм даа.

-Манай орны хүрэн нүүрсэнд агуулагдах боломжтой зарим үнэ цэнэтэй дагавар элемент, цацраг идэвхит элементийг ялгаж авах технологийн хувьд боломж бий юу. Энэ нь цаашид байгаль орчин болоод хүн амын эрүүл мэндэд холбогдож болох юм.
-Шарын голд ажиллаж байхад хүрэн нүүрснээс үнэ цэнэтэй дагавар элемент гарч байгаагүй. Харин Адуунчулуун зэрэг ордуудын хувьд газрын гадаргуу дээр цацраг идэвхит элемент болох уран агуулагдаж байсан баримт бий. Гэхдээ энэ нь газрын гадаргууд ойрхон хэсэгт нь азсорбц байдлаар уран агуулдаг боловч доошоо гүн рүүгээ илэрсэн тохиолдлыг сайн мэдэхгүй байна.

-Сүүлийн жилүүдэд нүүрснээс метан хий гаргаж авах талаар ярьдаг болсон. Ер нь бидэнд ийм боломж бий юу?
-Чулуун нүүрсний зарим ордуудад метан хийн сорьц авч байсан баримтууд байдаг. Гэхдээ агууламж нь бага учир эдийн засгийн ач холбогдолгүй харагддаг. Таван толгойн ордын метан хийг ашиглах гэж байгаа гэж сонссон. Харин манай хүрэн нүүрсэн дэх метан хийн агуулга харьцангуй бага байдаг.

-БНХАУ-ын дарга Си Жинпин манай улсад албан ёсны айлчлал хийх үеэрээ далайн гарц, томоохон боомтуудаа ашиглуулах талаар ярилцсан. Манай улсын хувьд далайн чанад руу тээвэрлэх нүүрснээс илүү овор хэмжээ ихтэй бүтээгдэхүүн одоогоор байхгүй болов уу гэж ойлгож байгаа. Энэ тухайд таны бодол?
-БНХАУ-ын томоохон боомтуудыг ашиглах, тээврийн хямд үнийн тохиролцоо хийсэн нь бидэнд алдаж болшгүй түүхэн боломж юм. Бид дан нүүрс гэлтгүй фосфорит, төмрийн хүдэр зэрэг овор хэмжээ ихтэй бүтээгдэхүүн тээвэрлэн гаргаж болно шүү дээ. Эдгээр боломжийг цаашид яаралтай судлах хэрэгтэй. Хөвсгөлийн фосфоритын ордыг бид ашиглах нь гарцаагүй асуудал гэж хардаг.

-Металлургийн үйлдвэр байгуулахын тулд юу анхаарах шаардлагатай байдаг вэ?

-Өмнө нь Төмөртэйн ордын төсөлд оролцож явсаны хувьд бага сага зүйлийг ажигласан. Монголд металлургийн аж үйлдвэрийн гол түүхий эдийн зөвхөн нүүрс, төмрийн хайгуул хийсэн. Гэтэл түүнийг дагаад металлургид шаардлагатай марганцын хүдэр, хромын хүдэр, элс, шавар, галд тэсвэртэй материалын хайгуул хийгдээгүй нь том хүндрэл болохоор байна. Дархан-Уул аймагт металлургийн үйлдвэр барина гээд байгаа ч галд тэсвэртэй сайн чанарын материал, кварцын элсний хайгуулын ажил огт хийгээгүй. Үйлдвэр байгуулах гэж байж хэрэглэх түүхий эдүүдийн хайгуул, судалгааг хийгээгүй гэхээр Орос, Хятадаас элс хүртэл зөөх болж байна уу. Тэгэхээр дутуу дулимаг судалгаатай хийж байгаа учир металлургийн үйлдвэр байгуулах асуудал нь хүндрэлтэй, боловсруулсан металлын өөрийн өртөг өндөр болно.

-Цаг зав гаргаж сонирхолтой ярилцлага өгсөнд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.

Д.ОЮУНЖАРГАЛ