Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурцыг Англид албан ажлаар явж байхад нь баривчилжээ. Энэ хэргийн тухайд албаны эх сурвалжууд ямар нэгэн тайлбар хийлгүй удсанаас болж дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслээр эмх замбараагүй дуулиан өрнөж, бүх л хэвлэлүүд өөр өөр байр сууринаас  хандацгааж байна. Нэгэнт хяналтаас гарсан шуугианыг эргэж хямгадах аргагүй тул албаны байр сууриуд шил шилээ даран гарч эхэллээ.

Тэдний эхнийх нь Гадаад харилцааны яам, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба зэрэг газруудаас хэвлэл мэдээллийнхэнд зориулж хийсэн мэдээлэл болов. Уг тайлбарын дараа бид „ 2003 онд Б.Хурцыг Франциас Бельги, Германы нутгаар дамжуулан хууль бусаар хүн хулгайлан тээвэрлэсэн, хууль бус гүйцэтгэх ажиллагаа явуулсан хэрэгт буруутгаж, Европын холбооны орнуудад зорчсон тохиолдолд саатуулж, ХБНГУ-ын хууль хяналтын байгууллагад шилжүүлэн өгөх тухай 2006 онд тавьсан хүсэлтийн дагуу Их Британийн тал Б.Хурцыг саатуулсан байна” гэсэн л ерөнхий мэдээлэлтэй болж хоцров.

Энэ бүх дуулианыг хүлээж аваад төрсөн эхний сэтгэгдэл маань үнэндээ эгдүүцэл байлаа. Арай ч дээ, гадныхан манай тагнуулын газрын  сөрөг тагнуулын албаны экс дарга, эдүгээн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга хүнийг  хэл сураг ч үгүй, гэнэтхэн албан үүргээ гүйцэтгэж явахад нь баривчилжээ. Зүгээр нэг саатуулаад долоон жилийн өмнөх хэрэг явдлыг тодруулсан биш хорьж цагдаад тогтохгүй, шүүх хурал зарлан хэдэнтэй хуралдуулсан байх юм. Тэднийг ийнхүү дураараа авирлаж байхад манай эрх мэдэлтнүүд таг дуугүй сууж сууж, арга буюу хэвлэлийнхэн дуугараад эхлэхээр дуу дуугаа авалцан хөдөлж эхэлж байх шиг байна. Тухайлбал, манай Гадаад харилцааны яам Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яам гэдэг рүү манай хүнийг нэн даруй суллахыг шаардсан ноот бичиг явуулжээ. Мөн манай Хууль зүй дотоод хэргийн сайд Их Британийн дотоод хэргийн сайдад хандан „Ноён Б.Хурц нь албан ажлаар зорчиж байсан, дипломат халдашгүй эрхтэй болохыг сануулсан захидлыг хүргүүлсэн бол Монгол улсын шадар сайд М.Энхболд Их Британийн Ерөнхий шүүгчид албан захидал илгээж, нэн даруй суллахыг шаардаад байна.

Одоо хамгийн ээдрээтэй нь францийн тал Б.Хурцыг шилжүүлэн авах хүсэлт гаргачихаад байгаа явдал. Энэ мэдээлэл тэнд ер нь манайхны шувуу болгоноор дайж байгаа дээрх бичиг цаасыг тоох амьтан байна уу , үгүй юу гэж эргэлзэхэд хүргэж байна.

Ардчилсан хүчний нөлөө бүхий лидер С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шалгах явцдаа иргэн Д.Энхбатыг Франц улсаас хууль зөрчин барьж авчирсан тэрхүү үйл явдлын дараа Францийн тухайн үеийн эрх баригчид  тун эгдүүцэж байгаа тухай албан бус мэдээллүүд цацагдаж байсан нь үнэн. Эрх баригчид хэмээсэн нь жаахан халил орсон явдал байсан биз. Харин Гадаад хэргийн яамнаас нь „Харамсаж, гайхаж байна” гэсэн утга бүхий нэг бичиг ирүүлсэн санагдаж байна. Харин одоогийн байдлаар бол тэнд тэгтлээ сүржигнээд байгаа юм юу л бол. Гэвч эл хэрэг ямар ч байдлаар явсан манай тухайн үеийн төр засгийн толгойд байсан ганц нэг эрхмүүд олон улсын тавцан дээр өөрсдийн үйлдсэн бохир хэргээ тайлбарлах шахаа руу очиж таарах нь бололтой.Тэгж байж  өнөөдөр золиос болон баривчлагдаад буй нэгэн тусгай албаны ажилтнаа салгаж авна. Хэрэв тэгэхгүй нүүрээ ширлүүлчихээд гүрийгээд хоцорвол хэрэгтээ цагт нь төрд бие хайргүй, нэр гамгүй зүтгэж явсан гүйцэтгэх албаны ажилтан нэгэн сайхан залуу хохирч үлдэнэ. Ингүүлэхгүйн тулд сэтгүүлчид бид зөв ажилламаар байна.

Одоо тухайн үед тэрхүү хууль бус ажиллагааг зохион байгуулсан нөхдүүдийг олж тогтоох ёстой. Төрийн нэрийн өмнөөс хууль бус үүрэг өгч гүйцэтгүүлсэн албан тушаалтнуудыг илрүүлж байж энэ хэргийн ээдрээ нэг мөсөн тайлагдана. Өнөөдөр тэр зүгээс ирж буй хамгийн увайгүй, бүр дэндүү гэмээр худрагагүй мэдээ бол өөрсдөө хууль бус даалгавар өгч ажиллуулчихаад, эргээд тэрхүү ажиллагаанд оролцсон гүйцэтгэх ажилтнуудынхаа нэрсийг гадны талд өгчихсөн явдал болоод байна. Тагнуулын ерөнхий газрынхаа гүйцэтгэх ажилтнуудын нэрсийг гадныханд өгчихдөг ийм улс манайхаас өөр хаа ч байхгүй биз. Энэ нэрсийг илгээсэн нөхдүүдийг олох нь л чухал. Манай сэтгүүл зүй ч төрийн өмнөөс үүрэг гүйцэтгэсэн тусгай албаны ажилтнаа яллаж цоллож, энгийн утгаар бол харийнхантай хамсаж дайрах биш Монгол төрийн нэр нүүрийг ингэтэл уландаа гишгээд байгаа цаад алдаа гаргасан улсуудыг нь олохын төлөө ажилламаар байна. Бид асуудлын юуг чухал гэж харах дээрээ алдаж байна. Францийн сэтгүүлчид өөрийнхөө улсаас хууль бусаар нэгэн цагаач иргэнийг баривчлуулчихаад, тэр нь хожмоо амь насаа алдсан эмгэнэлтэй хэрэг явдал болсны төлөө өнөөдрийг хүртэл тавьж тонилохгүй араас нь нэхэж байгаа нь улсынхаа нэр нүүрийг л олон улсын тавцанд хамгаалж үлдэх гэснийх. Гэтэл бид болохоор улсаа ч унагасан, харийн тусгай албаны гарт орсон иргэнээ ч улам түлхсэн мунхаг дуулианыг хөөргөдөж байна.

Б.Хурц угаасаа л өөдгүй амьтан. Ашгүй баригдаа юу. Алаад өг. Тэнд нь хатаа...үү...үүү...гээд л. Ямар муухай, хүний үнэргүй харагдана вэ.
Тухайн үед бүхэл бүтэн хүнийг хэд хэдэн улсаар дамнуулан нууж хааж, арай амийг нь тасалчихалгүй монголд авчирсан хэдэн ажилтнуудыг бид хангалттай зүхсэн. Гол нь цаад эздийг нь биш наана үүрэг гүйцэтгэсэн тусгай албыг л балбаад байсан. Тэр нь хальсаар яваад манай зарим өөдгүй амьтдын гараар Германы талд мөнөөх тусгай ажилтнуудын нэрсийг өгөх хэмжээнд хүртэл хүргэж биднийг юутай хээтэй маань доош нь хийсэн өнөөдрийн ичгүүрт тулгаж ирээд байна.

Гүйцэтгэх албаныхаа нууцыг л „худалдчихаж” байгаа улсыг юу ч гэхэв дээ. Одоо энэ ичгүүрийн араас зарим нь нэхэж байна. Нэхэх нь ч зүй ёсны хэрэг болон хувирлаа. 2004 онд ХБНГУ-ын Тагнуулын газрын хоёр хүн сэм ирж  Н.Энхбаяртай уулзсан гэдэг тэнэмэл ярианы үзүүрийг ч чангахан атгах шаардлага гарч ирж байж мэднэ. Хэрэв УИХ комисс гарган ажиллавал тэр үед үүрэг өгч гүйцэтгүүлсэн улс дуудагдаж ирж л таарна. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хороо энэ асуудал дээр анхаарал тавих байх. Тэгэхдээ цаад эзэнтэй нь биш тушаал гүйцэтгэсэн цэрэгтэй ярьж доошоо орохгүй биз.

Өнөөдөр ТЕГ-ын Сөрөг тагнуулын албаны даргаар ажиллаж байсан Б.Хурцыг зүгээр нэг мальчик байсан мэтээр түүнийг мэдэхгүй зарим улсууд чалчиж байна.     

Золиос болгож, золигт гаргахдаа манайхан гаргуун юм аа. Зүгээр л машинуудыг зэрэг зэрэг ажиллуулчихаж байх жишээтэй. Нэг тал нь Б.Хурцыг одоогийн ерөнхийлөгчтэй холбох гэж үзээд л, нөгөө хэсэг нь Б.Хурц өөрөө л сайн дураараа гүйж очоод баривчилгаа зохион байгуулчихсан юм шиг гүжирдээд л...байж боломгүй бохир мэдээллээр нийгмийн тархийг угжиж байна. „Гадны тусгай албад энэ удаа арай ч даварчээ. Манай улс чинь гүйцэтгэх ажилтнуудаа зүгээр л сугалуулаад явуулчихдаг болоо шив дээ” гэж хэлэхийн оронд эцэс төгсгөлгүй худал үнэн холион бантан цацаж байх гэж.

Төр үүргээ тулган хүлээлгэж, өөрийн буулган дороо номхон зогсоож байгаад зүтгүүлдэг ажилтнууд бол аливаа улс орны хүчний байгууллагын үүрэг гүйцэтгэгчид байдаг. Тийм улсуудаа эрээ цээргүй барьж өгчихөөд, холбогдох яамд нь олигтой мэдээлэл ч байхгүй хоёр гурван шүүх хурлыг нь хийлгэчихээд сууж байхад сэтгүүл зүй нь тэднээсээ жул аашилж болно гэж үү дээ...