Эвсэл гэж жинхэнэ утгаараа жишиг болохоор олон улсын практик бий
Ардчилсан Намын Үндэсний Зөвлөлдөх Хороо УИХ дахь намын бүлэгтээ хандан парламентад суудалтай бүх намуудтай зөвшилцөх, яриа хэлэлцээ явуулах үүрэг чиглэл өгөөд байна. Ер нь олон улсын жишиг, практик, туршлага, сургамж талаасаа манай улсад тусгаад авчих зүйл юу байгаа талаар News агентлагийн сурвалжлагч А.Тулгад зохиогчийн өгсөн ярилцлагыг бүрэн эхээр нь (politics.news.mn, 2014.11.11) толилуулъя.
Ардчилсан Намын Үндэсний Зөвлөлдөх Хороо УИХ дахь намын бүлэгтээ хандан парламентад суудалтай бүх намуудтай зөвшилцөх, яриа хэлэлцээ явуулах үүрэг чиглэл өгөөд байна. Ер нь олон улсын жишиг, практик, туршлага, сургамж талаасаа манай улсад тусгаад авчих зүйл юу байгаа талаар News агентлагийн сурвалжлагч А.Тулгад зохиогчийн өгсөн ярилцлагыг бүрэн эхээр нь (politics.news.mn, 2014.11.11) толилуулъя – baabar.mn
- Парламентад зөвшилцөөн эхэлж байх шиг байна. Энэ талаар Танд туршлага сургамж болгоод хэлчихээр олон улсын жишээ баримт олон байдаг байх?
Олон улсын гэхгүйгээр өөрийн үндэсний туршлага сургамж хангалттай байгаа шүү дээ. Түүнийг эргээд нэг сануулахад илүүдэхгүй. Олон улсын гэдэг рүү дараа оръё, тэгэх үү?
- “Өөрийн үндэсний” гэж Та их зөв томъёоллоо. Тэгвэл энэ талаар Таны хэлэх зүйлийг эхлэн сонсоё?
Ардчиллын 24 жилийнхээ түүхийг эргээд нэг сөхчих. 1990 оны намар, МАХН-аас дэвшсэн Ерөнхийлөгчтэй, МСДН-аас дэвшсэн Дэд ерөнхийлөгчтэй, УБХ-ын дарга нь сөрөг хүчний, УБХ-ын олонхи нь МАХН-ынхан, Ерөнхий сайд нь МАХН-аас, Тэргүүн шадар сайд нь МҮДН-аас, нэг Шадар сайд нь МоАН-аас гээд жинхэнэ үндэсний эвлэрлийн их эвслийн төр-засаг бүрдэн ажиллаж байсныг Та бид мартаагүй дээ. 1996-2000 онд МҮАН-МСДН-ын Ардчилсан Холбоо эвсэл төр барьсан. 2004-2008 онд бүр ч эрээн мяраан эвсэл гарч ирсэн байдаг юм. МАХН, АН хоёр УИХ-д яг тэнцчихээд, жинхэнэ их эвслийг буй болгосон, 1990 оных шигээ. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нь МАХН-ын, Ерөнхий сайд нь АН-ын, гишүүдэд нь энэ хоёр намаас гадна, “Эрлийн” хэмээх тодотголтой Эх орон нам сайдын хоёр ч суудал авч байлаа. Гэтэл 2006 оны эхээр хоёр дахь Засгийн газраа байгуулахдаа бүр ч олон нам төрүүлж бүрэлдэхүүнд нь оруулсан. МАХН, МҮАН, БННН, Ард түмний нам гэхчлэн эвссэн. Тэгснээ гурав дахь Засгийн газарт нь эдэн дээр ИЗН нэмэгдсэн шиг санагдана. 2008-2011 онд МАН+АН Засгийн газрын бүрдүүлсэн. 2012 оны УИХ-ын сонгуулийн дараа ч шинэчлэлийн, эвслийн, 4 намын төлөөлөл бүхий Засгийн газар ажиллаж байлаа. Тэгэхлээр монголчуудад эвсэж Засгийн газраа байгуулдаг туршлага бас хангалттай байнаа.
- Гадаадын төгс төгөлдөр эвсэл гэж Та нэрлэхээр жишээ баримт байна уу? Ер нь тэнд ямар зарчмаар эвслээ байгуулдаг юм бэ?
Бидний сайн мэдэх жишээ бол Германд парламентын сонгуулийн дүнгээр Эвслийн Засгийн газар бүрдүүлж ирсэн туршлага байна. Түүхэн гэхээр жишээ баримт олон бий л дээ. Ерөөсөө барууны ба посткоммунист орнуудын бэлээхэн жишээнээс ямар ч заcваргүйгээр хуулбарлахад болохгүй гэх газаргүй. Тэгж хуулбарлахдаа эхлээд намууд аливаа “изм”-ээсээ салж, үндэсний нийтлэг асуудал, бүр тодорхой хэлбэл “нэгдмэл нэг үндэстэн” гэдэг зарчмаа намынхаа дээр гаргаж тавина гэсэн үг. Нэгэнт л нэгдмэл нэг үндэстэн гэдгээ ухаараад ирэхийн цагт энэ үндэстэнд чинь ямар бэрхшээл зовлон байгаа, түүнийг гэтэлгэхийн тулд танай намаас эвслийн нөгөө намтайгаа юугаараа ижилсэх, ижилсэхгүй бол ижилсүүлэхийн тулд хэрхэн буулт хийх зэргээ гаргаж тавих хэрэгтэй болдог юм билээ л дээ.
- Үндэсний нийтлэг асуудал, “нэгдмэл нэг үндэстэн” гэдэг зарчмаа намынхаа дээр гаргаж тавина гэдэг бол манай улсад амин чухал болоод байна л даа. Энэ талаар ямар жишээг олон улсаас Та нэрлэх вэ?
Юуны өмнө эргэн тойрон ямагт дайсагналтай явж ирсэн Израиль хэмээх жижиг улсаар жишээлмээр санагдлаа. 1984 онд барууны Ликуд, зүүний Лейбор буюу социал-демократ хоёр нам хоёр талаасаа угталцан Үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулж, суудлаа их өвөрмөц байдлаар хуваарилсан байдаг. Лейбор намын Ш.Перес Ерөнхий сайдаар хоёр жил, Ликуд намын И.Шамир Шадар сайд бөгөөд ГЯЯ-ны сайдаар хоёр жил, хоёр жилийн дараа тэр хоёр байраа солих, энэ хугацаанд сайд нарыг яам дамжуулан сэлгэх гэрээ байгуулж байв. Жишээ нь хөдөлмөрийн нам БХЯ-ыг авсан бол хоёр жилийн дараа Ликудэд байраа тавьж өгөөд, Ликудын мэдэлд байсан Дотоод хэргийн яамыг авна гэх мэт. Палестины террористууд хүчрэгдэхээ больж, дээр нь Ерөнхий сайд И.Рабинаа жүүдүүд дотроосоо нухчихсаны дараа бүр шал өөр эвсэл Израильд гарч ирсэн байдаг. Ликудын Б.Нетаньяху толгойлсон Засгийн газарт Ликуд, Үндэсний шашны Мафдал нам, шашны ШАС нам, сионист Цомет нам, орос цагаачдын Исраэль ба-Алия нам, “Гурав дахь зам” нам орж байв. “Үндэсний эв нэгдэл” гэж энэ л дээ. Баруун зүүн, ардчилсан, ардчилсан социалист зэрэг “изм”-үүдээ энэ улсад хэдийнэ халчихсан бололтой юм билээ.
- Та дээр Германы жишээ гээд дурдаадхалаа. Тодруулбал?
1960-аад оны үед юм. ХБНГУ-д анхны канцлер К.Аденауэр хорвоог орхиж Германы улс төрд маш том онгорхой гарч, бас “Хүйтэн дайн” оргилдоо хүрч, Берлиний хана, Карибын хямрал, Вьетнамын дайн, Чехословакийг Варшавын гэрээний цэрэг эзэлсэн зэрэг түүхэн эгзэгтэй мөчид Германы барууны Христосын Ардчилсан Холбоо нам, зүүний ГСДН хоёр талаасаа угталцан “Их эвслийн Засгийн газар” гэдгийг гаргаж ирж байв. Чингэхдээ барууны консерватив Христосын Ардчилсан Холбооны дарга К.Г.Кизингер Холбооны канцлер, Социал-демократын намын дарга В.Брандт Шадар сайд бөгөөд ГЯЯ-ны сайд, хэрэв эвсэл задарвал аль нэг нь дангаараа Засгийн газар байгуулж болохооргүйгээр заавал либерал Чөлөөт Ардчилсан Намтай эвсэх тохиролцоотойгоор. Үнэмлэхүй эрхийг нэг нам дангаараа эдэлж болохгүй гэсэн энэ зарчмаар Герман орон эдүгээ 50 орчим жил тууштай замнаж байна.
- Эвслийн хамгийн муу жишээг үзүүлсэн орон бий юү?
Муу жишээ гэх нь хаашаа юм, гэхдээ этгээд сонин жишээ, сонин туршлага. Намайг Нью Делид дипломат алба хашиж байхад тохиолдсон үйл явдал учраас би Энэтхэгийн улс төрийг нэлээд гадарлана. Эвсэнэ гээд Энэтхэгийн жишээг арай хуулж болохгүй хэмээн улс төр судлаачид үздэг. Зарим талаар улс төр судлалын ном зохиолд Энэтхэгийн эвслүүдийг гашуун сургамжийн жишээ болгосон нь бас бий. 1989-1991 онд “Үндэсний фронт”, 1996-1998 онд “Нэгдсэн фронт” гэх 10 гаруй намын эвслийн Засгийн газар ажиллаж байснаа 1998 оноос “Үндэсний Ардчилсан Холбоо” эвслийн 25 намын Засгийн газар ажиллаж байгаад 2004 оны хавар парламентын сонгуульд ялагдсан л даа. Бодоод үз дээ, 25 нам нэг Засгийн газрыг бүрдүүлнэ гээд. Тэд арай ядан парламентын олонхи болж байсан даа. Эвслийн намууд нь бие биенээ “холбоотон нам” гэж нэрлэнэ. Насанд хүрсэн 700 сая гаран хүн хэнээс ч хамааралгүй шууд, нууц, ардчилсан сонголтоо хийнэ. Хэдийгээр жижиг сажиг бэрхшээл зовлон байдаг ч парламентаризм, олон намын систем, бие хүний чөлөөт сонголт, хараат бус шүүх засаглал, чөлөөт хэвлэлийг ингэж тууштай хөгжүүлсэн тэрбум давсан хүн амтай улс дэлхийд өөр байхгүй. Тэгээд ч 2000 оны байдлаар 550 улс төрийн намтай, парламентын 545 гишүүнийг мажоритариар сонгоно гэхэд нэг тойрог нь 3 сая сонгогчтой, хэт нүсэр том улсын жишээ л дээ.
- Тэрбум хүн амтай Энэтхэг, эсвэл Герман шиг хэт хөгжилтэй орны жишээ бол манайхаас холуур юм болов уу. Манайд тохирох жижиг улсын туршлага гэж байна уу, Таны судалгаагаар?
Манай мэтийн жижиг улс жишээ сургамж авчихмаар посткоммунист ба Бенилюксийн орнуудын туршлага хангалттай байнаа. Тэдгээр улсад угаасаа намчирхал гэдэг нь алга болсон буюу алга болж байгаа, социал ялгарал нь бас нэг стандарт руу явж буй, ерөөсөө л “Нэг ард түмэн” ба “Үндэсний эв нэгдэл” гэдэг зарчмаар намууд нь ажиллаж, дээр нь сонгуулийн хууль нь туйлын оновчтой тул “эрх барих”, “сөрөг байх” гэдгийг халж байх шиг санагддаг. Манайхтай ойролцоо хүн амтай Прибалтикийн гурван улс байна. Латвид “ногоонтон” Ерөнхий сайдтай (дэлхийн бараг анхных нь байх) цөөнхийн баруун төвийн эвсэл, дотор нь Ардын Нам, Анхдугаар Нам гэсэн засаглал өнгөрсөн намрын сонгууль хүртэл байлаа. Эстонид 37 настай Европын хамгийн залуу Ерөнхий сайд гэгдэх нэг залуу толгойлсон БНУ-ын төлөө Холбоо, Баруун төвийн реформист нам, Зүүн төвийн Ардын Холбоо намууд төр барьж байсан жишээг гаднын улс төр судлаачид онцолдог. Баруун зүүнгүй эвсчихсэн байгаагийн жишээ гэдэг. Ах дүү болгарчууд бүр ч хачин засаглалыг сонгож үзсэн. Эзэн хаан байсан хүн хагас зуун жил харьд цагаачилж яваад эргэж ирээд шинэ нам байгуулаад экскоммунист-хуучинсаг энэ улсад засаг авчихсан, Үндэсний хөдөлгөөн гэх тэр шинэ нам нь нутгийн уугуул цөөнхи түрэгүүдийн намтай эвссэн сонин жишээ байна. Чехид социал-демократ нам нь төвийн бүлгийн Христосын ардчилагчид, Эрх чөлөөний Холбоо намуудтай эвсэж баруун зүүнгүй нэг л зорилгын төлөө явж байсан, одоо ч мөн тиймэрхүү. Словакийн баруун төвийн эвслийн Засгийн газарт Словакийн ардчилсан нам, христосын нам, нутгийн уугуул унгарчуудын нам, Христосын Ардчилсан Нам, Шинэ иргэдийн Холбоо гэхчлэн урд хожид сонсогдоогүй намууд нэг дээвэр дор 2012 хүртэл ажиллаж байв. Унгарт банкны эзэн, нам бус Ерөнхий сайд толгойлсон социалистууд Чөлөөт ардчилагчдын Либерал Холбоо намын өвөрмөц эвсэл засаг барьж байснаа 2010 оноос Иргэний Холбоо буюу Фидес нам, Христосын–Ардчилсан ардын нам эрх барьж, цаана нь социалист нам, үндсэрхэг Сайн сайхан Унгарын төлөө Йоббик нам, Өөрөөр байя нам сөрөг хүчин болж байна. Ердөө 20 гаруй жилийн тэртээ социалист хамтын нөхөрлөл гэдэг эвсэлд хамт явсан хуучин социалист анд нар маань эвсэх гэдгийг ингэж төвхнүүлж байна. Лав тэнд үхэх сэхээ үзсэн намчирхал байхгүй, ерөөсөө парламентын гишүүн болохыг тэгтлээ үхэлдэн хүсдэггүй юм билээ.
- Орост нам эвслийн ямар жишээ байна вэ?
Орос чинь Ерөнхийлөгчийн засаглалтай улс. Төрийн Думд аль нам, хэдэн суудалтай байхаас үл шалтгаалан Ерөнхийлөгч Засгийн газраа томилдог хуультай. Нэгдмэл Орос нам буй болсноор коммунистууд ба эх оронч бусад улс төрийн бүх намын гарцыг хаасан, тэр л хэвээрээ байна. Байх ч болов уу. Нэгдмэл Орос намын дарга нь Ерөнхий сайд хэн ч болсон давхар байдаг. Гэхдээ Засгийн газрын гишүүдээ Төрийн Думын гишүүнд давхар сонгодоггүй, Засгийн газрын гишүүд нь намын албан тушаалтан байдаггүй нь манайхны “давхар дээлээ тайлах” гэдэгтэй адилхан байж болох тул тэр талын туршлагаас нь суралцахад гэмгүй.
- Баруун Европын уламжлалт, түүхэн намуудын эвссэн туршлагыг Та юу гэж боддог вэ?
Ардчиллын баялаг уламжлалтай, бидэнд ардчиллыг сургамжилж буй Баруун Европт ерөөсөө сөрөг хүч гэдэг ойлголтыг сонгодог утгаар нь үгүй хийчихэж гэж би хэлмээр байна. Бельгид социалистууд нь христосын ардчилагчидтайгаа эвсчихээд олон жил тогтвортой төр барьж ирсэн. Нам хагарах нийлэх нь тэнд бишгүй тохиож байсан ч нийгэмдээ гай тариагүй, иргэд нь тоож цочирдохгүй, баялаг амьдрал нь баталгаатай тул улс төр нэгдүгээрт биш. Люксембург хэдий жижиг улс боловч 60 гишүүнтэй парламенттай, барууны Христосын нийгмийн ардын нам, зүүний Социалист ажилчны намтай эвсээд 1994 оноос хойш тасралтгүй тогтвортой ажиллаж байна. Нидерландад социалистууд нь барууны либерал – Эрх чөлөө, ардчиллын төлөө ардын нам, зүүний либерал – “Ардчилагчид-66” намтай эвсээд 8 жил засаглал явуулсан гээд дурдаад байвал нэг ярилцлагад багтахгүй л дээ.
- “Эвсэх”, “эвсэхгүй” гэсэн хоёр өмнөө ойлголтын тухай бид ярьж байгаа гэж ойлгож байна. “Эвсэхгүй” гэдгийг угаасаа эвсэх үндэсгүй, эвсэж болдоггүй гэсэн утгаар ойлгох уу? Энэ талаар Та юу гэж үзэж байна вэ?
Үүнийг одоо цаг дээр бус, түүх рүү орж ярья л даа. Эвссэн ч тэр нь тактик, заль мэх, дараагийн алхамд хүрэх шат байх тухай асуудал юм л даа. Ийм тоглоомоор амжилттай тоглосон түүхэн жишээ бол Зөвлөлт Орос, нацистын Герман байна. 1917 оны Октябрийн хувьсгалын дараа Ленин, Троцкий тэргүүтэй большевикууд хувьсгал хамтран хийлцсэн, анхны Засгийн газраа эвсэн байгуулалцсан Эсер, меньшевикуудийг 1919 он гэхэд бүрэн шахаад, иргэний дайнтай цуг алж устгаж арилган, түүхээс арчсан, 1930-аад онд коммунист нам доторхи фракцуудаа зүйл дуусгасан жишээ бий. 1932 онд Рейхстагийн сонгуульд Гитлер тэргүүтэй нацист нам 37.2 хувийн санал авч, эвслийн Засгийн газарт 12 суудлын 3-ханыг авсан байдаг. Тэгснээ Үндсэн хуулийг цоорхойгоор 1933 онд дахин сонгууль хийн “Бид засгийн эрх авбал тэндээс зөвхөн үхсэн хойноо л гарна“ хэмээх Геббельсийн афоризмаар сөрөг гэх бүх хүчнээ устгаж, газрын хөрснөөс арчсаныг түүх гэрчилдэг.
- Угаасаа эвсэх үндэсгүй гадаадын засаглалын жишээнээс Та дурдах уу? Ямар ямар улсад эвсдэггүй юм бэ?
Даян дэлхийд улс төрийн янз янзын тогтолцоо бүхий аль улс бүрийг нэрлэж барах билээ. Лав авторитари, монархи, теократ, дарангуйлах засаглалтай ямарваа улсад “Эвслийн Засгийн газар” гэх ойлголт байхгүй. Жишээ нь Хятад, Хойд Солонгос, Вьетнам, Куба, Иран, Казахстан ба Төв Азийн бусад улсуудад эвслийн Засгийн газар байх ямар шаардлага байна вэ? Мөн Ерөнхийлөгчийн хатуу засаглалтай, парламентаризм нь хоёрдугаарт явдаг ОХУ, Беларусь, БНСУ, Латин Америкийн улсуудад Засгийн газраа хэрхэн бүрдүүлэх, ямар намаас сайд тавих нь чухал биш. Жишээ нь ОХУ-д Засгийн газрын бүх гишүүд нь намын харьяалалгүй, Төрийн Думын гишүүн бус гээд би дээр хэлчихлээ шүү дээ. Мөн хоёр намын уламжлалт засаглалтай, хэзээ ч олон намын тогтолцоо байгаагүй, АНУ, Британид хоёр гол намаас Эвслийн засгийн газар байгуулсан тохиолдол байхгүй, бий болохгүй, тийм ойлголтгүй. Улс төрийн аливаа намыг хуулиараа хориглосон улсад бас ийм практик байхгүй. Жишээ нь Иордан, Бутан, Арабын Эмиратууд, Африкийн зарим орныг нэрлэж болно.
- Эндээс Таны хийх дүгнэлт сонин байна?
Нэгэнтээ л Монгол Улс барууны парламентаризмыг сонгон авч, нэг биш, хоёр биш, олон намыг хуульчилсан л бол “Эвслийн Засгийн газрын” сонгодог практикийг хөрсөн дээрээ соёлтойгоор суулгахаас өөр зам алга даа л гэж дүгнэмээр байна.
- Танд баярлалаа.