ДЭЛГЭР-туужийн хэсгээс
Олон жилийн өмнө энэ явдал болсон билээ. Намайг Дэлгэр гэдэг. Тэр үед би Украйнд уул уурхайн их сургуульд сурдаг байсан юм.
Нэгдүгээр бүлэг
Олон жилийн өмнө энэ явдал болсон билээ. Намайг Дэлгэр гэдэг. Тэр үед би Украйнд уул уурхайн их сургуульд сурдаг байсан юм. Тэр жил 1974 оны зун би оюутны зуны амралтаараа Улаанбаатар хотод ирсэн байлаа. Тэгэхэд би үнэндээ юу ч хийдэггүй байв. Хаяа ном уншина, ерөнхийдөө ихэвчлэн унтана. Телевиз харж хэвтэнэ. Заримдаа би хийх ажилгүй дэмий алхана. Хаана хамаагүй, шөнө дүл болтол тэнүүчлэнэ. 7-р сарын эхний долоо хоногийн тэр нэгэн орой, би хотын төв гудамж «Энхтайван»- ны өргөн чөлөөгөөр алхаж гарав. Нам гүм, нам гүмхэн тийм нэг хачин сайхан орой байсан санагдана. Хаа нэгтэйгээс авто машины хурц шар гэрэл гэнэт цацран гарч ирээд, төдий удалгүй бүдэгхэн цайвар цагаан гудамжны гэрэлд ойж, солонго татуулан хоосон харанхуй агаарт шингэж алга болно. Замын хоёр талаар ойр ойрхон хоёр эгнээ тарьж ургуулсан өндөр өндөр хуш, улиас моднууд байх бөгөөд бас явган хүний цардмал зам, түүний захыг нь эмжиж жижигхэн сөөг бут моднуудыг их л шигүү тарьсан ажээ. Би Улсын их дэлгүүрийн урдуур өнгөрч төв шуудан чиглэн алхав. Гэрэл муутай боловч гоё модот өргөн гудамж дуусахад, миний зүүн гар талд төв шуудангийн том шар барилга үлдлээ. Би зам хөндлөн гарч, Сүхбаатарын талбайн урд талд байдаг цэцэрлэгт хүрээлэн рүү эргэж оров. Миний хүүхэд ахуй насны минь дотно танил дүр зураг, сэтгэл татам уянгалаг сайхан төсөөлөл тэрхэн зуур надад төрлөө. Тэгээд би улирч одсон гэгээн сайхан дурсамжаа санагалзан, өөрийн эрх үгүй санаа алдан түр зогсов. Би цэцэрлэгт талбайг урдаас нь хойшоогоо нэвт өнгөрч, Сүхбаатарын талбай руу ордог хуучин цагийн хийцтэй, бат бөх чулуун хаалганы хажууд ирэв. Хаалганы хажууд хоёр залуу бүсгүй зогсож байлаа. Тэдний нэг арай ахмад болов уу? гэмээр нарийхан туранхай биетэй, цагаан царайтай тэр бүсгүй царайлаг сайхан бүсгүй байлаа. Би тэдэнтэй мэндлэв. Зөрүүд гэмээр ширүүн төрхтэй тэр бүсгүй надад бараг анхаарал хандуулсангүй. Харин нөгөө нэг нь 20 орчим насны бүсгүй байсан бөгөөд, нарийхан туранхай биетэй, том алаг нүдтэй тунчиг их царайлаг бүсгүй байлаа. Тэрээр намайг гайхан харж, ямар нэг юм амандаа шивнэн хэлэв. Тэгээд тэр надаас харцаа буруулан буруу тийшээгээ харж зогслоо. Тэр бүсгүй дээшээгээ тэнгэр өөдөөгөөн харан зогсох ажээ.
Тэрхэн агшинд би биеэ барин сандарч эхлэв. Би бага зэрэг зориг ороод «Намайг уучлаарай» гээд «Уг нь би энд Сүхбаатарын талбайд нэг найзтайгаа уулзах гэж ирсэн юм л даа. Одоо цаг хэд болж байгаа бол?» хэмээн би ямар ч гэмгүй нэгэн билээ гэх аялгаар, тэднийг аргадаж, учирлаж тайлбарлан хэлэх аядав. «Залуу минь цаг...тэр байна» гээд гудамжны гэрлийн шонд өлгөсөн том шар цагийг заагаад «Сүхбаатарын талбай бол энэ дээ» хэмээн арай ахмад насны ширүүн төрхтэй тэр бүсгүй надад хандан хүйтэн хөндий аялгаар хэллээ. Би бүсгүй хүний ер бусын сайхан, тэр өнгө аясыг мэддэг хэдий ч ингэтэл чочирдон сандарч байгаагүй билээ. Чухам ямар хэргийн учраас би тэр бүсгүйчүүдийн хажууд очоод, зовлон тоочин зогсох учрыг би өөрөө ч үл ойлгоно.
Тиймээ. Тэгэхэд надад харуусал, гуниг хоёр хамтдаа зэрэг төрсөн билээ. Би өөртөө байдаг хамаг сайхан юмсаа, итгэл ийгээд сэтгэлээ сохор зоосны үнэгүй алдсан мэт надад бодогдов. Харуусал гэхийн учир гэвэл энэ билээ. Би тэднээс түргэн холдон явахыг хүсэж эхлэв. Тэглээ гээд би яах билээ? Сайхан бүсгүйг харахад жаргал мэт санагддаг тийм нас, тийм л үе байсансан. Төдий их удсангүй улаан өнгөтэй «Москвич» маркийн авто машин бидний хажууд ирж зогссоноор, би тэдэнтэй салах ёсыг гүйцэтгэн «Баяртай. ...сайхан амраарай. ...дараа уулзана шүү» гээд гар даллан хоцров. Тиймээ би санаж байнаа. Тэр өдөр баасан гариг байсан юм.
Тэгээд тэндээс би гэр рүүгээ алхав.
Би бодлоо. Эцсийн эцэст сайхан муухай, баян ядуу энэ хамаагүй. Тэр мөнх бус. Бүү гунигла. Битгий харамс. Сайхан юмны өмнө нүд бөхийдөг. Оюун ухаан, итгэл сэтгэл бодлын өмнө орчлон ертөнц тэр өөрөө бөхийдөг бус уу? Тийм учраас зоригтой бай. Бас бодолтой бай. Зорилготой байх хэрэгтэй. Ямар ч үед өөр өөр юманд, яаж хандахыгаа мэддэг байх хэрэгтэй. Бүх зүйл бүгдэд ижилхэн байдаггүй билээ хэмээн би бодов.
Тиймээ. Мунхаг явдал болбоос мунхаг сэтгэлээс үүсдэг ажээ. Би үүнийг бодож явах ёстой ажээ хэмээн би өөрөө өөртөө хэлсэн билээ.
Тэгэхэд тэр 2 бүсгүйн тухай би юу ч мэдэхгүй үлдсэн байлаа. Тэднийг хэн хэн гэдэг, тэд нар хаана амьдардаг тухай би юу ч мэдэхгүй. Би сэтгэл гонсгор харамсаж явдаг байв. Гэсэн хэдий ч би тун их удалгүй, тэдний тухай мартаж эхэлсэн бөгөөд хааяа нэг хийх юмгүй уйтгарлан суух аваас тэд миний сэтгэлд үе үе, үүр түүрхэн бодогддог байв. Тэднийг би хааяа нэг дурсан санадаг байлаа. Тэгээд яагаад ч юм мэдэхгүй. Тэд намайг бас дурсан санаж, миний тухай ярьж байгаа бөгөөд бид тун удахгүй дахин уулзах мэтээр бага багаар санагалзан хүлээх болов.
Тэгэхэд би Гандангийн дэнжид байдаг ахындаа амьдардаг байсан юм. Миний ах эхнэр хүүхэдгүй ганц бие хүн байсан бөгөөд тэр жилийн хавар Кавказад эм судлалын их сургууль төгсөж ирсэн юм. Ах хотын эм зүйн газарт ажилладаг байсан.Ах хөдөө их явдаг ажилтай. Бүтэн 7 хоног, зарим үед бүтэн сар гэртээ ирэхгүй алга болно. Ахад ажилладаг газраас нь гэр барьж өгсөн бөгөөд тэр гэр хана туурга, шал бүрээс муутай борооны ус тусаал гоождог хуучин 5 ханатай гэр байсан юм. Гэрт тавилга эд хогшил гэхээр юм бараг байсангүй. Хуучны том модон ширээ, орос хийцийн 2 ширхэг малтмал сандал ба 2 төмөр ор байсан санагдана. Аан тийм. ... гарахаасаа гарахгүй нь их «ТЕМП» нэртэй том хүнд орос телевизор байсан юм байна.
Цаг агаар тааруу муу, салхи бороо аянга цахилгаантай тийм үед тэр муу гэр салгалан чичирч хэдэн хэсэг болон салах алдана. Шөнө орой ялангуяа би гэртээ ганцаараа байх үед, энэ байдал надад аймшигтай санагддаг байв.
Улсын их баяр наадмын дараахан цаг агаар тогтуун сайхан нэгэн өдөр байлаа.
Тэр өдөр үдийн алдад миний хамт сурагч Тулга гандангийн дэнжид байх манай гэрт ирэв. Бид хоёр манайд сууцгааж байгаад гадагшаа гарлаа. Бид олонд урт цагаан гэж нэрлэгдэх хотын худалдаа үйлчилгээний гол төвийн нэг, урт цагаан байшингийн урдуур өнгөрөв. Туул рестораны зүүн талд байдаг. “Туул- Нисэх яармаг” автобусны буудлын ойролцоо би тэр хоёр бүсгүйг дахин олж харлаа. Бид тэнд түр саатав. Тэдний танил дүр төрх байдал, сэтгэл татам үзэсгэлэнтэй сайхан байдал хоромхон зуур намайг дахин эзэмдэв. Би баярлах санагалзах, ичингүйрхэн тээнэгэлзэх зэрэгцэн чимээ үгүй дуугүй зогсоно. Хоёр бүсгүй Тулгааг их л танимхайран түүнтэй ярилцах бөгөөд тэдний нэг болох арай эгчмэд тэр бүсгүй надтай гэхээсээ Тулгаатай илүү их дотночлон ярилцана. Тэрээр Тулгаагаас хэзээ ирсэн? ...болон хичээл сургууль бусад зүйлийн талаар шалгаан асууна. «Тулгаа чи биднийг харахгүй өнгөрөх байлаа шүү дээ. Нэг орцны хөрш хүмүүс бие биенийгээ танихгүй юм шиг өнгөрч болохгүй биз дээ!» гээд тэр бүсгүй чанга дуугаар инээнэ. Тэр их ярих боловч тэр бүсгүйг сонсох нь надад сонирхолтой сайхан байлаа. Түүнийг сонсох надад тааламжтай сайхан байсан юм. Харин арай залуувтар, давхраатай том алаг нүдтэй, туранхай цагаан царайтай тэр бүсгүй намайг сонирхон харах бөгөөд тэр ярианд үл оролцох ба хөнгөхөн инээвхийлэн зогсоно. Би тэр бүсгүйн нимгэн уруул, гэзэг ба бүсэлхийгээрээ чавхийлгэн чанга бүсэлсэн туранхай боловчиг өө сэв үгүй цэвэрхэн биеийг ажиглан зогсоно. Дэмий утга үгүй өнгөрсөн тэр амьдралдаан би харамсан зогсоно.
Тиймээ. Би тэдний сэтгэлийг үл татна. Тэднийг явж одоход Тулгаа ярьж гарлаа.
Тэд нэг гэр бүлийн эгч дүү бүсгүйчүүд ажээ. Том алаг нүдтэй тэр бүсгүйг Хулан гэдэг. Тэр аав, ээж, эгчтэйгээ нисэх тосгонд амьдардаг. Түүний эгч Халиунаа дунд сургуульд багшаар ажилдаг ажээ. Харин Хулан тэр бүсгүй нисэхийн нэгэн даргын туслахаар ажилладаг гэв. «Мундаг сайхан гэр бүл» хэмээн Тулгаа хэлээд «Хоёулаа дараа нэг тэднийд очиж хоёр бүсгүйтэй сайхан танилцаж болно шүү дээ» гэж хэлээд цааш нь үргэлжлүүлэн «Манай орцонд нэг давхарт амьдардаг юм. Тэд нисэх тосгонд олон жил амьдарч байгаа ба аав нь алдартай сайн нисгэгч хүн байдаг юм» хэмээн ярьж байлаа.
Тэгээд би тэндээс гэр рүүгээ буцлаа. Тэгэхээр би гэдэг хэн билээ? хэмээн би бодож явав. Би бол итгэл даадаг, энэрэнгүй зөөлхөн сэтгэлтэй сайн хүү билээ. Би ингэж бодов. Хүн болгонд тэр бүр байдаггүй, тийм онцгой сайхан нэгэн чанар бол надад бий. Тэр бол аливаа юмсыг бодож ойлгож, ухаарч харахыг хичээдэг, миний элгэмсүү зөөлхөн ухаалаг зүрх сэтгэл минь билээ. Энэ бол бурхан бээр надад итгэж хайрласан өгсөн. Бурханы хишиг мөн билээ. Миний энэ сайхан сэтгэл надад туслаж, намайг өргөж дэмжиж явдаг билээ. Тийм учраас би өөрөө өөрийгөө дутуу үнэлж болохгүй. Би өөрөө өөртөө итгэж амьдрах хэрэгтэй билээ. Хэрвээ би өөрөө хүсвэл бүгдийг чадна. Тийм ээ. “Харуусал харамсал гуниглалыг хүч чадал оюун ухааны ундарга болгоё” гэсэн Төвд үг байдаг билээ. Тийм учраас. Гутрал гуниглал зовлон зүдгүүрт бүү сөгд. Дотоод сэтгэлээ хурцал. Бас дахин хурцал. Итгэл найдвар, хүсэл мөрөөдлөө бүү алд. Битгий гээ. Хэрвээ би хүсвэл нь бүгдийг чаднаа. Би чадна. Би ингэж бодов.
Энэ нэгэн уулзалтаас үлдэж хоцорсон юм гэвэл ийм л билээ. ...
“ДЭЛГЭР” туужийн 1-р бүлэг.
БАДАМХАНД МУЗЕЙ