Баатрууд
Баатрууд гэхээр хуяг дуулга бөгтөрч, нум сэлэм агссан эртний монгол эр Тогорул, Шилүүстэй, эсвэл америк кинон дээр гардаг Сталлоне,
Баатрууд гэхээр хуяг дуулга бөгтөрч, нум сэлэм агссан эртний монгол эр Тогорул, Шилүүстэй, эсвэл америк кинон дээр гардаг Сталлоне, Арни шиг буудаад буудаад үхдэггүй булчинтай нөхдүүд санаанд ордог байх л даа. Гэхдээ өнөөдөр ч бидэнд өөрийн баатрууд байна. Сүүлийн 100 жилийн Монголын түүхэнд 1911, 1921, 1990 оны гурван удаагийн их хувьсгалаар жинхэнэ түүхэн баатрууд тодорсон юм. Эдгээр баатрууд, ухаантнууд, эр зоригтнуудын тугийн дор боссон монгол түмэн бараг 100 жил тэмцэж байж эрх чөлөө, тусгаар тогтнолтой улс шиг улс болсон.
1911 оны хувьсгалыг бараг 30-40 жил бэлтгэж, төлөвлөж байж эхэлсэн. Да лам Цэрэнчимэд, Чин ван Ханддорж, Сайн ноён хан Намнандорж, VIII Богд, Хайсан гүн, Хатанбаатар Магсаржав, манлай ван Дамдинсүрэн, Цэвээн Жамсрано нар энэ үеийн баатрууд байлаа. 1870-аад онд буриад халимаг оюутнууд Санкт Петрбургт Банзаровын гимназид анх зөгнөн, Өвөр монголчууд барга харчингаас Шинжаан хүртэл бүх нутагтаа дугуйлан байгуулж босч тэмцэн тэмүүлж, Халхууд хэзээ зөв цаг бэ гэж хүлээн ядан Оросоос удаа дараа тусламж гуйн, хоорондоо уулзан зөвлөн мөрөөдөн байж хийсэн үндэсний тусгаар тогтнолын төлөө их тэмцэл. Их ч удаан хүлээсэн. Дэлхийн газрын зургаас алга болоод 200 жил болсон Монголыг хамгийн зөв цаг үеийг олж, байж боломгүй хамгийн эгзэгтэй үйл явдлын сүлжээс дундаас дахин тусгаар тогтнуулсан хувьсгал. Үр дүнд нь 200 жилийн дараа анх удаа тусгаар тогтносон Монгол Улсын суурь тавигдаж, энэ л замаар ухарч няцалгүй тэмцэх ёстой нь тодорхой болсон. Энэ үеийн баатруудыг бараг бүгдийг нь толгой дараалан алж устгаж байж 1911 оны хувьсгал лидергүй болж зогссон. Баатрууд бидэнд тусгаар тогтнолын төлөө тэмцлийн замыг үлдээгээд өөрсдөө амиараа ивээс болон тэнгэрт одсон.
1921 оны хувьсгал бол арван жилийн өмнө язгууртан ноёдын эхлээд дуусгаж чадаагүй мөхөстсөн тусгаар тогтнолын төлөө тэмцлийн хоёр дахь үе. Язгууртан ноёд эхний эгнээнд гаралгүй харин бүрэн дэмжлэгийг нь авсан дунд ангийнхан сэхээтнүүд оройлон боссон тэмцэл байлаа. Бодоо, Данзан, Догсом, Дугаржав, Сүхбаатар, Цэвээн Жамсрано, Жалханз хутагт нар энэ үеийн баатрууд. Нэгэн зэрэг хятад цэрэг, оросын цагаан цэргийн дарлалаас улс орноо чөлөөлсөн үе. 1911 онд эхэлсэн шинэтгэлүүдийг гүнзгийрүүлж феодалын хоцрогдсон хараат улсаас үйлдвэржсэн, боловсорсон, орчин үеийн төр засагтай европ маягийн улс байгуулах үндсийг тавьсан үе. Хамгийн гол нь хятадын улстөр, эдийн засаг, цэргийн ноёрхлын аюулаас бүрэн ангижарч тусгаар тогтнолоо бусад улсаар хүлээн зөвшөөрүүлэх замд орсон үе. Энэ үе маш хэцүү, дэндүү үнэтэй гэмээр золиос төлөөсийг төлсөн он жилүүд. Хэдэн арван мянган лам, язгууртан, сэхээтнүүдээрээ орос мангадын ходоодыг дүүргэн байж оршин тогтносон үе. Энэ үеийн баатрууд ч өөрсдөө толгой дараалан амь насаа алдаж хоёрдугаар эгнээнд байсан Чойбалсан ганцаар амьд үлдсэн үе. Харамсалтай нь энэ эмгэнэлтэй, өр өвдөм, хорсон жигшим замаас өөрөөр явахыг мангад бидэнд зөвшөөрөөгүй. Ер нь өөр зам, боломж бараг байгаагүй биз. Японыг дагаж савсан бол 1945 онд японтайгаа хамт бүрэн ялагдаж хоёр хөршдөө хуваагдаж, хядуулж дуусах байсан бизээ. Яг л Японыг дагаж байсан Өвөр монгол шиг Хятадын давхар өшилд хэрчүүлэх байсан биз. Гэхдээ хоёр хөршийн ашиг сонирхлыг харшилдуулан байж зөв тоглон орчин үеийн боловсрол, эрүүл мэнд, хөгжлийг улс орондоо авчирч хоёр сая гаран эрүүл чийрэг, боловсролтой хүн амтай, НҮБ-ын гишүүн, олон арван орноор хүлээн зөвшөөрөгдсөн улс болсон гайхам түүх энэ үеийнх билээ. Энэ үеийн баатрууд бүгд амь насаараа энэ дэвшил ололтын төлөө золиос болон одсон. Амар, Гэндэн, Чойбалсан гурвыг Монголын гуравхан баяр: наадам, улс тунхагласан баяр, цагаан сараар алахыг харахад их эртний өшил зуулт байж дээ мангадад. Хамгийн сүүлд 1990 он гарсан хойно ч Бал даргыг маань барьцаалж тамлаж хороосон.
1990 оны цагаан морин жилийн хувьсгал. Зуун жилийн хүнд тэмцлийн эцсийн эцэст жинхэнэ утгаар нь улс төр, эдийн засгийн, хувь хүний эрх чөлөөгөө бүрэн олж авч чадсан гайхамшигт хувьсгал. Энэ үеийн баатрууд: Зориг, Элбэгээ, Үүл, Баабар, Да Ганболд, Ж.Батмөнх, “Хонх”-ны Цогтсайхан, Бямбасүрэн. Энэ баатруудын тугийн дор жагссан мянга мянган монголчууд 300 жилийн мөрөөдлөө биелүүлж сая нэг бүрэн тусгаар тогтнол, эрх чөлөөтэй Монгол Улсыг байгуулсан. Одоо сайн явах, муу явах нь зөвхөн бидний өөрийн хэрэг. Энэ хувьсгалаар монголчууд анх удаа бид хэнээс ч дутуугүй адилхан хүн гэдгээ мэдэрсэн, хувьдаа өмчтэй, малтай, байртай болсон. Эрх чөлөөтэй сонгууль хийж төр засгаа байгуулах болсон. Эрх чөлөөтэй бизнес хийж хөгжих болсон. Эрх чөлөөтэй дэлхийн улс орноор аялж явах болсон. Эрх чөлөөтэй ярьж бичиж, сэтгэж эхэлсэн. Эрх чөлөөтэй амьдрах болсон. Юутай золтой, юутай бахдалтай вэ. Монгол хүн эрх чөлөөтэй боллоо. Гэхдээ энэ хувьсгал бас л амар хялбар байгаагүй. 300 жилийн дараа монгол хүн аймхай хулчгар, боолын сэтгэхүйтэй болсон нь одоо ч арилаагүй байна. Хоёр хөршөөсөө огтхон ч айлгүй адил тэгш харилцаж сураагүй л байна.
Өмнөх хоёр хувьсгалын дараахь шиг түүхэн баатруудаа алж устгаагүй боловч тэднийг үл тоодог, муу хэлдэг, доош нь хийдэг хэвээр байна. Тийм ээ энэ үеийн баатрууд ямар бодолтой, санаатай, үйлдэлтэй 1990 оны хувьсгалд оройлон орсон, дараа нь хэн нь хэн болсон, ямар алдаа оноо хийсэн гээд хүн бүр дээр яриад байвал өөр өөр зураг түүх байх болно. Гэвч түүхэн тэр мөчид энэ залуус л баатрууд байж хувьсгалыг хийсэн. Харин хувьсгалын дараахь энхийн цагт энэ баатрууд эгэл даруу байж бидний дунд амьдарсан. Мөн хувьсгалын үр дүнд өдий хүртэл хэн хэн засгийн эрхэнд байж, хүндэтгэл эрх ямбыг эдэлж байна гэвэл бүр хачин зураг тодрох болно. Гэхдээ энэ завшаан ашиглагчдыг түүх мартах болно. Магад заримыг нь Бадамдорж, Цэрэндорж нар шиг жигшин шүүх болно.
Жинхэнэ баатрууд 1990 оны хувьсгалыг хийж монголчуудын 300 жилийн мөрөөдлийг биелүүлж эрх чөлөөг бидэнд авчирсан түүхэн үнэн нь хэзээ ч өөрчлөгдөхгүй, балрахгүй. Тэд бол баатрууд. Тэдний нэрийг дахин бахархалтайгаар дуудахад: Зориг, Элбэгээ, Үүл, Баабар, Ж.Батмөнх, Да Ганболд, Цогтсайхан, Бямбасүрэн. Ирэх цагийн монголчууд өнөөгийн та бүхнийг Да лам Цэрэнчимэд, Чин ван Ханддорж, Сайн ноён хан Намнандорж, Цэвээн Жамсрано, Жалханз хутагт, Бодоо, Данзан, Хатанбаатар Магсаржав, Манлай баатар Дамдинсүрэн, Цэдэнбал нарын нэгэн адил бүр цаашилбал Хүннү, Сяньби, Жужан, Кидан, Их Монгол Улс, Зүүн гарын хаант улсыг байгуулсан түүхт их хүмүүсийн адил хүндлэн хайрлаж, бахархаж явах болно. Та бүхэн монгол түүхийн агуу их баатрууд.
Та бүхний өмнө гүнээ мэхийн хүндэтгэе баатрууд аа.
Б.Болдсайхан эмч 2009 оны IV сар 18
Narantungalag