УИХ-ын дарга М.Энхболд Олон улсын парламентын холбооны ассамблейн 136 дугаар чуулганд Гималайн нуруу давж очин оролцлоо. Тэрбээр тэнд ингэж ярилаа. “...Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд бодлогын тогтвортой байдал юу юунаас чухал билээ. Тиймээс Монгол Улсын парламент 2015 онд Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хууль, 2016 онд “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” бодлогын баримт бичгийг баталсан. Бид эдгээр баримт бичигт ядуурлын бүх төрлийг эцэс болгох, хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ажилгүйдлийн түвшинг бууруулах зорилт дэвшүүлсэн. Манай улс Мянганы хөгжлийн зорилтуудыг амжилттай хэрэгжүүлж, 38.7 хувьтай байсан ядуурлын түвшинг 21.6 хүртэл бууруулсан. Улмаар 2020 онд 18 хувьд, 2025 онд нэг оронтой тоонд хүргэж, 2030 онд ядуурлыг эцэс болгох томоохон зорилт дэвшүүлсэн юм. Ядуурлыг эцэс болгоход бичил, жижиг, дунд бизнесийг бодлогоор дэмжих нь ихээхэн чухал тул жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй, зарим төрлийн үйлдвэрлэл эрхлэгчдийн албан татварыг 1.0 хувь болгох хуулийг саяхан гаргасан. Жижиг, дунд үйлдвэрийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг 2018 он хүртэл гаалийн албан татвараас чөлөөлөхөөр шийдвэрлэлээ. 2030 он гэхэд манай улсад орлогын тэгш бус байдал дорвитой багасч, нийт хүн амын 80 хувь нь дундаж болон чинээлэг дундаж давхаргын ангилалд орно...” гэж.

М.Энхболд даргын Гималайн нурууны өвөр бэл дэх Бангладешийн Дака хотод энэ сарын 2-ны өдөр хэлсэн энэ үг чихэнд үнэхээр чимэгтэй мэдээ юм. Энэхүү чихэнд наалдацтай үгийг Монголын ард түмэн эхлээд эх орондоо яагаад сонссонгүй вэ гэх гайхшрал бас төрлөө. Ямартай ч УИХ-ын даргын зүгээс “Монголын нийт хүн амын 80 хувь нь 2030 он гэхэд дундаж давхаргад шилжсэн байна” гэсэн тодорхой үр дүнг, цаг хугацаатай нь хэллээ. 

Үнэндээ өнөөдөр нийгмийн тэгш бус байдал, орлогын тэгш бус хуваарилалт, цөөн хэдэн хөрөнгөтэй хүний зах хязгааргүй бизнесийн тэлэлт, иргэдийн бухимдал, дундаж давхарга улам багассаар байгаа байдал нь энэ үгийг сэртэс сортосхийн хүлээж авахад хүргэлээ. “Өдрийн сонин” сүүлийн үед нийгмийн дундаж давхаргын төлөө нийтлэлийн бодлогоо онцгой хандуулах болсон. Сая гэхэд “Монголын дундаж давхаргыг манай 200-гаадхан олигархи хувааж идсэн” нэртэй нийтлэл гарч шуугиан тарьсан байгаа. Энэ сэдвээр цаашид ч томоохон нийтлэлүүд манай сонинд бичигдэх болно. Монголын хөрөнгө чинээтэй 200 гаруй гэр бүл бүх зах зээлийг хамж, бизнесийн бүх орон зайг эзэлж, өөрсдийн хяналтдаа оруулж байгаа нь дундаж давхаргыг устгаж байгаа юм. Шулуухан хэлэхэд Монголын нийгмийн дундаж давхаргыг тэд багалзуурдаж, хөгжлийг нь зогсоож байна.

Ингээд Монголын бүх бизнесийг тоотой хэдэн баячуул авлаа. Гэхдээ бид тэдний хөрөнгө чинээг тоолоогүй. Бизнесийнх нь нэр төрд огтхон ч халдаагүй, халдах ч үгүй. Гагцхүү бизнес эрхэлж буй салбартаа л эзэн шиг эзэн байгаачээ гэж байгаа юм. Тэгээд бусад орон зайг жижиг дунд бизнес эрхлэгчдэдээ өг гэсэн үзэл санаа юм. Та нарыг дагаж, та нарын бий болгож өгсөн бусад орон зайд чинь дунджууд аж ахуйгаа өөд нь татаж, амьдрал ахуйгаа дээшлүүлэх тэр боломжийг, тийм чөлөөт зах зээлийн соёлыг 200 гэр бүлээс хүсч байгаа юм. Дэлхийн жишиг өөрөө тийм байна. Тэрнээс Өмнөговийн нүүрсний уурхайгаас олсон хангалттай ашгаараа нүүрс угаах, боловсруулах үйлдвэрээ барьж, дэд бүтэцдээ хөрөнгө оруулах байтал ашгаа хотод авчирч зочид буудал ажиллуулж байгаа хүмүүстэй бизнесийг нь булаацалдах ямар хэрэг байгаа юм бэ. Ядаж нүүрсний хий ашиглах төсөлд хөрөнгө оруулаач, түүхий эд нь хангалттай байгаа юм чинь Азидаа өрсөлдөөч, дэлхийд гараач. Том сэтгэж, том хөдлөөч. Барилгын бизнес эрхэлж байгаа бол түүнээ дагна. Барьсан орон сууцныхаа хороолол доторх дэлгүүрийг, сургуулийг, цэцэрлэгийг бусдад өг. “Эмийн санг бусдад өгмөөргүй байна, эхнэрийнхээ дүүд хариуцуулдаг юм бил үү” гээд зогсож байгаа барилгын том компанийн захирлыг хараад хэлэх үг олдохгүй юм байна шүү дээ.  Хяналтын камерын чиглэлээр Германд дажгүй сайн мэргэшиж, стандартыг нь мэдээд ирсэн хоёр залууг мэдэх юм. Одоогоос арван жилийн өмнө тэд эх орондоо ирж томоохон байгууллагууд, гудамж талбайг камержуулах ажлыг эхлүүлсэн. Бизнес нь ч өргөжсөн. Тендерт тэднийхтэй өрсөлдөх компани цөөн байсан. Тэд олсон ашгаараа Европын орнуудаас илүү чанартай, сүүлийн үеийн технологийг оруулж ирэх болсон.

Тэр бүү хэл Германы нэг үйлдвэрээр Монголын хүйтний нөхцөлд тохируулсан камерыг захиалан хийлгэж, гялалзуулж байтал нэг өглөө босоод ирэх нь ээ манай нэг нэр хүнд бүхий том компанийн зүгээс камержуулалтын шинэ компани байгуулан хөрөнгө мөнгө, төр засаг дахь нөлөөгөөрөө түрий барин бүх тендерийг нь булааж авсан юм. Гуч гаруй охин компанитай тэр нөхөр амьдрахын төлөө алс холоос нутгаа зориод зүтгэж ирсэн тэр хоёр залуугийн бизнесийг алгасаад явчихаж болно доо. Монгол хүнд байдаг хомхой зан гэж энэ. Манай 200 гаруй гэр бүл өнөөдөр үнэхээр ёозгүй байна. Юм бүгдийг хамж байна. Тэдэнтэй бусад монголчууд нь өрсөлдөх чадваргүй юм. Нэг уул ухаж, нэг жалгыг хүрздэж баяжсан хэдэн хүн Монголын бүх салбарыг худалдаж аваад дунджуудыг сөнөөж байгаад л өнөөдрийн эмгэнэл оршиж байна шүү дээ.

Жишээ нь,  сая хөдөл­мөрийн баатар болсон Л.Чинбатын “Гачуурт” компани байна. Алт олборлодог компани. Алтнаас олсон асар их мөнгөөрөө Монголын ХАА, газар тариаланг эзэлж авсан. Дараа нь зочид буудал руу орсон. Одоо хэвлэл мэдээллийг ид эзлэн түрэмгийлж байна. Төр үүнийг нь өндрөөр үнэллээ. Түүний байгуулсан “Монгол HD” телевиз өнөөдөр хүсвэл Монголын бүх телевизийг дампууруулж чадна. Учир нь түүний ард асар их мөнгө авчирдаг алтны уурхайнууд нь ажилласаар байгаа. Тэр дэлхийн хэмжээний контентуудыг хэдэн тэрбумаар нь худалдан авчирч телевизээрээ цацаж байна. Бусад телевизүүд яаж өрсөлдөх юм бэ. Телевизийн гайгүй гэж байгаа хамаг боловсон хүчинг тэд бас хамна. Тэр бүү хэл “Монгол телевиз” гэсэн нэрийг хүртэл авчихсан байна шүү дээ. Тус телевизийн уран бүтээлийг харахад хилийн цаанаас хэдэн тэрбумаар авчирсан ганц нэг нэвтрүүлэг, киноноос өөр мэргэжлийн түвшний сайн уран бүтээл гэх юм байхгүй. Алт, уул уурхайгаас асар их ашиг олж, түүгээрээ нийгмийн бусад салбарт утгаар нь монополдоно гэдэг энэ.

Бүх салбарт ийм байдал хэрээс хэтэрлээ. Сүүлдээ хэний хаанахын мөнгө, хаанаас орж гарч байгааг ч мэдэхээ байлаа. Мөнгө хэрхэн угааж байгаа нарийн технологийг ч барьж авахад бэрх боллоо. Багцаалж байгаа зүйл гэвэл дээр дурдсан 200 гаруй олигархи гэр бүлийн хүрээнд л эдгээр их хөрөнгө мөнгөний ихэнх нь эргэлдэж байгаа нь үнэн. Хор хохирол нь Монголд дундаж давхарга байхгүй боллоо.

Үүний эсрэг үгийг л УИХ-ын дарга М.Энхболд сая Гималайн цаана очиж хэллээ гэж олзуурхаад байгаа юм. Гэхдээ манай дарга нарын нэг сонин занг бид ойлгохгүй юм. Монгол Улсыг удирдан чиглүүлж байгаа том дарга нар юу хийх гэж байгаагаа Монголынхоо хэвлэл мэдээллээр тоож хэлдэггүй, ярилцлага өгдөггүй. Тэдний улс орондоо юу хийж хэрэгжүүлэх гэж байгааг ард түмэн нь гадны янз бүрийн мэдээллийн сувгууд, телевизээс олж мэддэг. Урьд нь ч монголчууд төр засгийнхаа олон чухал мэдээллийг гадаадын мэдээллийн сувгуудаас  мэдэж байсан удаа олон бий. Үүний нэг илрэл нь сая УИХ-ын дарга М.Энхболдын Бангладешт хэлсэн үг боллоо. “Монголын нийт хүн амын 80 хувь нь 2030 он гэхэд дундаж давхаргынхан болно” гэсэн ийм чухал үгийг Гималай давж хэлдэг нь ямар учиртай юм бол оо. Эх оронд нь дундаж давхаргын талаар ганц нэг эдийн засагчид яриад л байсан. “Өдрийн сонин” өдөр шөнөгүй дуугараад л байсан. Мань дарга түүнийг нэг их мэдрэхгүй байгаад сая гадаадад очтол тэнд нь жинхэнэ энэ талаар яриа хөөрөө өрнөж байхыг анзаараад цочоод хэлчихээгүй байлтай. Тэгээгүй бол Их хурлын даргын ОУПХ-ны чуулган дээр хэлсэн энэ үгийг Монгол даяараа анзаарсан, үр дүнг нь нэхэхээр тийм л нэхэл хатуутай үг боллоо доо. Их хурлын дарга ирээд дундаж давхаргын төлөө, тэднийг хамгаалах, бизнес хийх таатай орчинг бүрдүүлэхийн төлөө хууль эрх зүйн ямар орчинг бүрдүүлэх, хэрхэн ажиллахыг нь та бид харах л үлдлээ.