Ердөө жил шахмын өмнө, өнгөрөгч 2013 оны арваннэгдүгээр сард байх. Монгол Улсын Ерөнхийлөгчийн саначилгаар “Том төрөөс ухаалаг төр лүү” сэдэвт үндэсний зөвлөлдөх уулзалтыг Төрийн ордонд зохион байгуулсансан. Салбар салбарын мундагчууд тус тусдаа зөвлөлдөж, тэдний нэгэнд хэвлэл мэдээллийн байгууллагынхан ч багтсан билээ. Уг уулзалтын үеэр манай нөхдүүд маш “ухаантай” олон санаачилга гаргасны дотор нэгэн сэтгүүлч “Төрийн байгууллагууд хэвлэл мэдээллийн байгууллагатай гэрээ байгуулж, мөнгө төлдгийг зогсоомоор байна. Энэ чинь шударга өрсөлдөөнийг хааж байна” хэмээн загнаж билээ. Тухайн үед олон юм бодсон ч үгүй, хошин шог дээр гардаг шиг “Юутай гэж гэрээ шатаадаг байна аа” хэмээн хөх инээд хүрээд өнгөрч билээ. Харин сүүлд сураг сонсохнээ хувьдаа хэд хэдэн сонин, нэг бус телевизтэй манай “оля”-нуудын нэгнийх нь төлөөний хүн байж таарсан. 

2010 оны Монголын хэвлэлийн хүрээлэнгийн тайланд дурдсанаар Монгол Улсын хэмжээнд нийтдээ 430 гаруй хэвлэл мэдээллийн байгууллага үйл ажиллагаа явуулдаг байна. Эдгээрийн 70 гаруй хувь нь нийслэлд, 30 шахам хувь нь хөдөө орон нутагт үйл ажилладаг. Зөвхөн 2010 онд буюу нэг жилийн дотор нийслэлд 12 сонин сэтгүүл, хоёр FM радио шинээр “мэндэлжээ”. Үүнээс хойш хэд болсоныг тоолох аргагүй. “Мaxima” гэж монирторингийн компанийн тайланд дурдсанаар тэднийх лав өдөр тутмын 23 сонинд хэвлэлийн мониторинг хийдэг юм байна. Үүн дээр өргөн нэвтрүүлгийн хорь гаруй телевиз, кабелийн 50 орчим суваг ажилладаг юм гэсэн. Мэдээллийн сайтууд бол бүр тоогоо алдсан. 5000 хол даваад эхний 500-гаар тасалж рейтинг энэ тэрийг нь гаргадаг болсон байна лээ. Харин Монголын нийт уншигч, үзэгч, сонсогчдыг тоолбол нэг ам бүлийн шүдтэй, шүдгүй бүх гишүүнийг оруулаад ч гурван сая хүрэхгүй. Үүнээс “төлбөрийн чадвартай” буюу ажил эрхэлдэг нь ердөө 800 мянга орчим. Нэг нэг иймэрхүү л “өрсөлдөөн” дунд манай хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчид ажиллаж байна. Хэвлэн нийтлэх нь Үндсэн хуулиар олгогдсон хүний үндсэн эрх юм хойно яана гэх вэ, хэнбэгуай ч үүнийг хорьж чадахгүй юм.

Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлд бүртгэлтэй сэтгүүлчид нь 1000 орчим байдаг гэсэн. Бүртгэлгүйгээ оруулах юм бол энэ тоо дахиад 5000 шахах магадлалтай. Тэгээд тэднийгээ хэвлэлийн байгууллагууд нь яажшүү тэжээдэг юм бол... Мянга, үсрээд 5000 хувь хэвлэгддэг сонин /хэрвээ та амьдралдаа нэг удаа сонин захиалж үзсэн бол тооцоог нь хялбархаан хийчихэж дөнгөнө/ захиалга, борлуулалтынхаа орлогоор редакцийнхаа 20-30, 50-60 /энэ бол манайдаа томд орох хамгийн том редакци/ ажилтныг тэжээж чадах уу? Мэдээж үгүй. Хорь гаруй сувгийн телевизүүд хураамжийн 800 төгрөгөө хувааж аваад амьдардаг уу? Бас л үгүй. Хөөрхий нөгөө дээрээсээ ч дарлуулж, доороосоо чангаалгасаар арай ядан амь зууж байгаа муу хувийн хэвшлийнхэн л тэднийг тэжээдэг юм шүү дээ. Үүнийг уншигч та ч гэсэн интернет сайтад хэдэн төгрөг төлж өдөр бүрийн мэдээллээ авдгаа бодоод үзээрэй!

Өөрөөр хэлбэл, манай хэвлэл мэдээллийн байгууллагуудын бусдаас ялгаатай нь хэн сайн мэдээлэл нийлүүлэх вэ гэдгээсээ илүү, хэн илүү реклам цацах вэ гэж уралддаг. Яагаад гэвэл оршин тогтнох ганц үндэс нь энэ юм. Тэр хүмүүс ч бас ууж идэж, өмсч зүүдэг юм байгаа биз дээ. Харин реклам сурталчилгаагаа тавьж байгаа компани эрхбиш тэнэг биш учраас арай олон үзэгчтэй, уншигчтайд нь мөнгө төлөхийг хүснэ.

Өнгөрсөн оны сүүлчээр манай хэвлэлийнхэн “Засгийн газар хэвлэлүүдтэй гэрээ байгуулж, мөнгө төлсөн гэнэ. Хэн хэдийг авчихав?” хэмээн бөөн хэрүүл уруул болцгоосныг санаж байна. Ерөнхий сайдын үүд, ЗГХЭГ-ын даргын өрөө хавиар олон ч хүн эргэлдсэн байх. Гэхдээ энд “өгсөн нь буруу” гэхээсээ илүү “Би яагаад хоцорчихов?” гэсэн хорсол, гомдол л дийлэнх байсныг одоо ирж нуугаад, ичэж нэрэлхээд байх шаардлагагүй л дээ. Н.Алтанхуягийн Засгийн газар гарч ирээд “Хямралтай тэмцэхийн тулд бүсээ чангална. Хэвлэлүүдэд нэг ч мөнгө төлөхгүй” гэснээс болж яам, агентлагуудаас хэвлэл сурталчилгаандаа зарцуулдаг байсан өчүүхэн жаахан мөнгөний тасарч, олон ч редакци дампуурлын ирмэгт ирсэн.

Тоорой бандийг байхад
Торгоны сайныг өмсдөг байлаа
Тоорой бандиас хойш
Тостой даавуу ч олдохоо болилоо...
гээч л болцгоосон байх. Ядаж байхад хямралтай цаг үе таарсныг хэлэх үү. Хэвлэлийнхний энэ мэт шахалт шаардлагаар Засгийн газар арга буюу хэдэн сонин, телевизтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан юм биз. Нийт 27 сонин, телевизэд өгсөн мөнгөний дүн нь 390 сая төгрөг гэнэ. Барагтайхан айлын дөрвөн өрөө байрны мөнгө. Дундажлаад хуваах юм бол нэг байгууллагад 13 сая төгрөг ноогдож байна. 5000 хувь хэвлэгддэг сонины гурван өдрийн хэвлэлтийн зардалтай дүйх мөнгө. Гэтэл манай зарим журмын нөхөд энэ гэрээний хувийг олж аваад “Засгийн газар 390 сая төгрөгөөр хэвлэлүүдийн амыг үдсэн нь батлагдлаа. Сэтгүүлчийн мэргэжил шударга үнэний дуу хоолой байхаасаа өнгөрлөө, элий халаг” болцгоов. Ингээд Засгийн газартай гэрээ хийсэн 29 байгууллагын нэр төр, хөдөлмөр зүтгэл, гэрээ байгуулаагүй үлдсэн /бодвол уншигчдын тоо нь чамлалттай санагдсан юм байгаа биз дээ/ нэгнийхээ нэр сүрд арчигдах нь тэр. Ядаж байхад тэр “юм”-ыг нь яасан олон хүн дамжилна вэ.

Уг нь бол манай хэвлэл мэдээлийн байгууллагын 99,9 хувийг хувийн хэвшлийнхэн эзэлдэг. Цорын ганц төрийн өмчит байгууллага байдаг нь МҮОНРТВ. Гэхдээ тэр нь хүртэл арилжааны үйл ажиллагаа явуулдаг. Тийм байхад хувийн хэвлэл мэдэллийн байгууллагуудыг “Та нар төр засгийн үйл ажиллагааг үнэ төлбөргүй сурталчил, өөрсдөө зардлаа гарга” гэж хэлэх эрх хэнд ч байхгүй. Тгэх шалтгаан нь бидэнд хэвлэлийн эрх чөлөөний хууль бий. Энэ хууль,

-Хэвлэл мэдээллийн эрх чєлєє, хэвлэл мэдээллийн хэрэгслийн чєлєєт байдлыг хязгаарласан хууль батлан гаргахыг хориглоно.

-Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь єєрийн нийтэлж, нэвтрvvлж байгаа зvйлийнхээ тєлєє хариуцлага хvлээнэ. Тєрєєс олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт /цензур/ тогтоохгvй.

-Тєрєєс хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэх, нэвтрvvлэх мэдээлэлд хяналт тавих байгууллага байгуулахгvй бєгєєд ийм хяналтын vйл ажиллагааг санхvvжvvлэхгvй.

-Тєрийн байгууллага єєрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглоно...
гэсэн дөрөвхөн заалттай. Уг нь энэ дөрвөн заалтыг уншиж ойлгоход тийм ч хэцүү биш. Тєр олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт /цензур/ тогтоохгvй гэдэг нь төрийн байгууллагууд давуу эрх эдлэхгүй, тэдний үйл ажиллагааг сурталчлах, хэвлэн нийтлэх үүргийг хэвлэл мэдээллийн байгууллагад үүрүүлэхгүй л гэсэн үг шүү дээ. Мөнгөө төлөөд нь хөгжмөө захиал гэдэг зах зээлийнхээ зарчмаар явна аа гэсэн үг. Гэхдээ нийтэлж, нэвтрүүлсэн зүйлийнхээ үнэн зөвийн талаар хэвлэл мэдээллийн байгууллага өөрөө хариуцлага хүлээх ёстой. Үүнээс өөр ямар эрх чөлөө бидэнд хэрэгтэй юм. Энэ эрх чөлөөгөө өөрсдөө эдэлж, ариглаж авч явж чадахгүй байж яагаад хаа хамаагүй мөнгө төлсөн байгууллагад буруу өгөөд, барьж ноцоод байгаа нь харин ч гайхалтай. Худлаа үнэн ёс суртахуун яриад, хүмүүсийн тархи угаагаад явах шаардлага бүр ч байхгүй. Эцсийн эцэст хэн хэнийг гурван сая Монголын төлөө ганц олдох амьдралаа золиослоод, зулын гол болоод, сонин хэвлэл хийгээд шатаад үх гэсэн юм бэ. Өөр өөрсдийнхөө чаддаг чаддагаар л амьдралаа залгуулж, талхныхаа буланг тэвэрч яваа жирийн монголчуудын л нэг шүү дээ. Харин тэр амьдралаа авч яваа арга ухаан нь зөв байна уу, буруу байв уу, сайн муу, сайхан муухайгийн аль талд нь олон гишгэсэн бэ гэдгийг цаг хугацаа аяндаа харуулаад өгнө. Сэтгүүлч гэдэг бол зүгээр л мэргэжил. Бусад мэргэжлийн л нэг адил өөрийн гэсэн ёс зүй, шаардлага шалгууртай. Түүнээс биш дуунд гардаг шиг “Эх орныхоо төлөө энэ биеэ зориулсан” Матрасовууд биш. Ингэж бусдыг мэхэлж, өөрсдийгөө ч онигоонд оруулах шаардлагагүй.  

Хаалтын гэрээ, хаалтын гэрээ л гэнэ. Хаана тийм гэрээ байсан юм. Хамтран ажиллах гэрээ гэж байдгийг бол мэдэх юм. Тэнд захиалагч ба гүйцэтгэгч хоёрын эрх, үүргийг хуулийн дагуу яг таг заагаад өгчихдөг. Монгол Улсын хэмжээнд үйлчилж байгаа бүх гэрээ контракт ингэж, хуулийн хүрээнд хийгдэх ёстой.Хэрвээ тэнд хуулиас гадуур, хэн нэгний хэвлэн нийтлэх эрх чөлөөг хязгаарласан, шударга үнэнийг хавчин боосон зүйл байгаа бол хэнбэгуай ч түүнийг нь бариад шүүх дээр очих эрхтэй.  Аль ч шатны шүүх энэ зэргийн юмыг аваад шийдчих чадвартай гэж би хувьдаа боддог. Сүүл сүүлдээ юу гэнэ вэ, ”Хаалтын гэрээ хийдэггүй цорын ганц телевиз” ч гэх шиг. Харин ч эсрэгээрээ хаалтын гэрээний талаар хамгийн их мэдлэгтэй, хамгийн чинээлэг хэсэг нь ингэж яриад явна уу гэсэн хардлага төрөхөд хүрч байна. 

Яг үнэндээ хэвлэл мэдээллийнхэнтэй  гэрээ байгуулсан нь ганц Н.Алтанхуягийн Засгийн газар ч биш. С.Баярын Засгийн газрын үед анх гарч, С.Батболдын Засгийн газар ханшийг нь жаахан өсгөж өгсөн юм. Харин ч хэвлэлийн эздийн халаас руу сул ордог байсан мөнгө хуулийн дагуу бүртгэгдээд, татвар тайландаа тусгагдаад, араас нь ажил явж, хариуцлага нэхэгддэг болсон гэсэн үг. Тэглээ гээд хэн ч тэр гэрээг нь бариад, “Монголын хэвлэлүүд сөнөтүгэй” гээд “Ура!” хашгирч яваагүй. Гэрээ гэрээгээрээ үлдэж, ширээ ширээндээ багтдаг байсан хэрэг. Харин Н.Алтанхуягийн Засгийн газар мөнгөгүйдээ, магадгүй зарим нэгийг нь хоосон үлдээсэндээ буруудсан байж мэдэх юм. Урагшгүй ноёнд ухаангүй албат гэж, Ч.Сайханбилэг, Ц.Мөнхтөр хоёрынх нь байж байгаа царай ч тэр. Тэр гэрээг тэдний өрөөнд түлхүүр тааруулж ороод, сейфнээс нь хулгайлаагүй нь тодорхой. Хэн нэг нь дотроосоо л хэвлэлийнхэн лүү бариад гүйж байгаа шүү дээ. Гэхдээ л Монголын сэтгүүлчид арай дэндүү увайгүй болж байна. Хэн, хэзээ, хэний мөнгийг авчихаад, хүлээсэн үүргээ биелүүлэхийн оронд хариу заргалдаад “еэ еэ бөө бөө” гээд явж байсан юм. Ёстой нөгөө “хутга бариагүй л болохоос хулгайч, дээрэмчин“ гэдэг болох нь байна. Хэрвээ хамтран ажиллах гэрээ гэдэг нь халхавч төдий зүйл, хээл хахууль, авилгын албан ёсны хэрэгсэл юм бол өмнөх Засгийн газруудтай, УИХ-тай, Ерөнхийлөгчтэй, Монголбанктай гээд төрийн бүх байгууллагатай байгуулсан гэрээгээ гаргаж ирээд шүүхдэх хэрэгтэй шүү дээ.

Жич:

Б.Ганчимэг: Би Засгийн газрын зарим удирдлагатай уулзаж “Аль нэгэн бүтээн байгуулалтын сурталчилгааны төсөл авах” санал тавьж үзэж байсан. Аливаа бүтээн байгуулалтыг анхнаас нь ард түмэнд уяж тэдний анхаарал дунд, тэдний дэмжлэг дунд хамтдаа амьсгалж босговол тэр сая ард түмний хайртай бүтээн байгуулалт болно гэж шударгаар хэлж үзсэн. Хачирхалтай нь ийм ажил хэрэгч саналыг хэн ч хүлээж авдаггүй юм билээ. Засгийн газар хэвлэлүүдийн амыг 390 сая төгрөгөөр үдсэн нь батлагдлаа..