Энхбаяр, Энхсайхан хоёрын ууланд авирсан үйл явдлын эргэн тойронд энд тэндгүй л эрудим цангинаж, нисдэг тэрэгнүүд нэг бишээрээ дээгүүр нь эргэлдэн ёслолын үзүүлбэр үзүүлж, улсын төв радио телевизийн дарга нь өөрийн биеэрээ камер мөрлөн онгоцноос олсоор дүүжлэгдэн нисэлттэй зураг авч энэ зууны эхээр тохиосон хамгийн онцгой үйл явдлын гарааг түүхийн хуудаснаа тийнхүү сонин содноор тэмдэглэн үлдээж билээ. Түймэр унтраахаар томилогдсон онцгой байдлын ажилтнууд нисдэг тэрэгтэйгээ осолдож албан үүргээ гүйцэтгэж явсан арван хэдэн сайхан залуу эмгэнэлтэйгээр амь насаа алдаж ард иргэд эмгэнэн гашуудаж байгаа энэ өдрүүдэд яагаад гэнэт тэр тухай тэмдэглэн дурсаж буйг уншигчид маань нэг их тааж ядахгүй байгаа байх. Улаан гал руу улаан гарнаас өөр зэвсэггүй тушаалаар мордсон бүхэл бүтэн салаанд ядаж ганц ширхэг эрудим утас байгаагүй гэх гашуун гэхэд дэндүү гашуун мэдээ элэг эмтэлж, өөрийн эрхгүй харьцуулж бодоход хүргэв.

Монголд ихэсийн явдал энгийн иргэдийн амьдрал хоёр үнэхээр тэнгэр газрын зөрөөтэй болжээ. Амь эрсэдсэн алба хаагчид тэрэлжид түймрийн голомтод гар хумхилгүй ажиллаж ажиллаж орон гэрээрээ ч оролгүй үүрэг хүлээн дараагийн голомт руу нисчээ. Идэх уух юм байтугай, онгоцонд дарагдан амь голтой тэлчилж байгаа нэгнээ салгаж авах гэж ноцолдтол ихэнхи нь хүнд хэлбэрийн гэмтэл бэртэлтэйн хажуугаар гартаа барих ганц хүрз ч байхгүй эмгэнэл бас л тэдэнд тохиолдсон байх юм. Бүхэл бүтэн улсын онцгой байдлын газар ийм ч байх гэж. Отгонбаяр сайд нь өөрөө Онцгой байдлын газраасаа баян хүн гэдэг аргагүй ингэж батлагдаж байна. Орд харшаасаа орд харшийнхаа хооронд л арав хорин хамгаалагч, өдий төдий машин тэрэг болон даналзаж явдаг энэ эрхмийн монголын төрд шахсан хэмхэрхий онгоц гамшгийн үед ёр юм шиг унаж, амьдралын сайн сайхны зах зухаас амсаж эдэлж амжаагүй шахам арван хэдэн сайхан залуугийн амь насыг авч одов. Амьдын хагацал, асгарах нулимсны үнэ цэнэ бизнесмен сайдын авах юмгүй ялзарсан ёс суртахууны талаарх олон гайхширмаар баримтуудыг илчилж байна. Гал сөнөөгчид амь эрсэдсэн мэдээлэл батлагдмагц сайд хэрхэн яаж амиа авч үлдэх тухай л толгойгоо гашилгаж зогсоо нь сохор хүн тэмтрээд ч мэдмээр ил тод харагдаж байв. Онгоцны нэгдүгээр нисгэгч өөрөө л ИНЕГ-аас нисэх зөвшөөрөл очиж авдаг ч гэх шиг цүл пал үг унагаад л. Тогтож ядаад л…нэг л биш байсныг бид бүгдээрээ харсан.Ёстой нөгөө гэмт хүн гилбэлзэнэ гэдэг л энэ байх. Тэр их уй гашуун дотроос түүнийх шиг сэргэлэн сэжигтэй нүд би л лав олж хараагүй.

Сайд онгоцныхоо хувийн хэрэгт засвар хийсэн байж болзошгүй

Бидэнд ирсэн мэдээллээр бол мань сайд ашиглалтын хугацаа нь дууссан хулхи онгоцныхоо техникийн хувийн хэрэгт засвар хийсэн ноцтой хэргийг үйлдсэн байж болзошгүй байна. Талийгаачдыг хөдөөлүүлж ч амжаагүй байхад ИНЕГ-ын орой толгойд заларч буй чухал эрхмүүд болон Онцгой байдлын сайд нарын дунд туйлын маапаантай нууц хэлцлүүд явагдаж, элдэв төрлийн бичиг баримтуудад засвар хийгдэж байгаа тухай мэдээлэл ирж байгаа нь өөрийн эрхгүй анхаарал татна. Аль эрт ашиглалтын хугацаа нь дууссан онгоцоо С.Отгонбаяр 1500 цагийн нислэгийн нөөцтэй байсан хэмээн нүдээ бүлтгэнүүлэн дайрч байгаа гэнэ. Эр хүний нүд ийм юманд бүлтгэнэж байдаг цөвүүн гэмээр цаг үнэхээр энэ төрийн өнгөн дээр даан ч дээ гэмээр газар авлаа. Бороо шороотой цаг агаарын тааламжгүй нөхцлийн улмаас МИАТ орон нутгийн бүх нислэгээ зогсоох шийдвэр гаргаад өнгөрөөж байхад манай онгоцны ченж сайд бодох юмгүй л нис нис гэх командыг өгч орхисон. Урьд цагд бензиний, бүр урьд цагт урдаас чирдэг хамба хилэн шаархайны ченж явсан энэ залуугаас төрийн сайдын зангараг нэхэж суувал бид өөрөө адгийн тэнэгүүд болох биз. Аргаа бараад эр хүнийх нь хувьд жаахан жудаг, хүн чанарын хэлтэрхий, залуу хүний гялс хийсэн зөв мэдрэмж л эрж ядан байгаа маань энэ.

Ардын хүүхдүүд амь эрсэджээ. Бүр арван хэдээрээ. Өөрийнх нь монголын төрд хууль бусаар шахсан онгоцоор үүрэг гүйцэтгэж яваад осолдож 14 залуу амь насаа алдчихаад байхад эмгэнэлт явдлын эхний цахилгаан ирэнгүүт сандал ширээгээ тавьж өгөөд ард түмнийхээ өмнө толгой гудайлган зогсож, буруугаа хүлээгээд өөрөө сайдынхаа сэнтийгээс сайн дураар огцорчих сэтгэлийн боловсрол энэ хүнд байсангүй. Албан тушаалын төлөө нүдээ эргэлдүүлээд л дайраад байдаг адгийн заваан эрчүүдээр саарал байшин дүүрчээ.

Эхчүүдийн нулимс энгэрээ нэвтэлж байхад энэ цагийн улстөрчид титэм булаалдан хуралдаж байна

Улаанбаатарт талийгаачдын цогцсыг ачсан фургон машинууд олны анхаарлаас болгоомжлон орой үдшээр сэм давхилдан орж ирж байлаа. Ийнхүү цуглаж жагсаад тушаалын өмнө ёслоод мордсон эрчүүд маань цогцос болоод цуварч увран “ирэв”. Ийм үйл явдлын үед энэ улсын парламент дараагийн спикерийн төлөөх цусгүй дайнд мордон нэгийгээ үзэлцэж байв. Өргөсөн тангаргаа биелүүлж яваад алтан амиа зуурдаар алдсан цэл залуухан хөвгүүдийнхээ дурсгалыг хүндэтгээд оршуулах ёслол дуустал түр хойшлуулж болдоггүй л байсан юм байх даа гэж иргэд харамсан шагширч байгаа нь зүйн хэрэг. Урд орой нь нас барсан гал сөнөөгчдийн нэрсийг өөрөө гарч ирж зарлан “гэнэдэж” санаанд оромгүй хурц нөхцөл байдалтай нүүр тулгарч мэгдэхдээ арагшаа гүйн орсон Ерөнхий сайд маргааш нь ордны хонгилд зогсчихсон хээв нэг сэтгүүлчдэд УИХ-ын томилгоонд ингэж бойкот зарлаж байгаа нь зохисгүй явдал гэх маягийн тайлбар өгөөд тууж явав. Ажлын алба, хамтран зүтгэгчид нь хэрэв хүнлэг сэтгэлтэй улс байсан бол энэ хүнийг ийм эвгүй байдалд оруулахгүйгээр аваад гарч болох байсан. Муу мэдээг өөрөө гарч ирээд пал хийтэл уншиж, тэр бүү хэл нас барсан хүмүүсийн нэрсийг ямар нэгэн өөр үед л дууддаг өнгө аясаар хээв нэг дуудуулчихаж байхыг харахад эднийхэн нэг нэгэндээ нүгэлтэй хайргүй улс юм даа гэж эрхгүй халагламаар байв. М.Энхболд хонгилд сэтгүүлчидтэй таарчихаад шинэ спикерийн тухай асуултад “Уучлаарай, та бид хүнд хэцүү зүйлтэй учирлаа. Олон сайхан хөвгүүдээ алдлаа. Одоогоор цөмөөрөө энэ сэдвийг түр орхиё тэгэх үү” гээд хариулчихсан бол….Гэвч түүнд ийм хэмжээний зөвөлгөө өгчих хамтрагчид алга ажээ. Ямартаа л яаж санаанд нь орсон юм гэмээр бас нэг балай үгийг түүний амаар хэлүүлээд амжсаныг ард түмэн шивэр авир гэлцээд эхэлж. Манай Ерөнхий сайд амь үрэгдэгсдийн талаар “Цэрэг хүн эх орондоо амиа өргөх нь байдаг л ёс” гэх маягийн шинэ цагийн улс төрд баахан болхидсон үгийг бас унагаад авч гэнээ. Сайн хамтрагчгүй дарга сайхан тэнэгийн дүрийг бүтээж яваад дуусдгийг сайтар мэддэг хэн нэгэн инээдэг дайсан л түүнийг янз бүрийн нүх рүү ийнхүү түлхчихээд байх шиг. Яасан ч хорон юм. Ямар ч увайгүй юм. Ядаж намаасаа эмгэнэл гаргаад явуулчихыг тэр дор нь зөвлөчихөөгүй байж хадаасан дээр суулгахдаа гаргуун гэдэг нь. Хүн чанарын хомсдол төрийн байшинд энэ мэт төрөл бүрээр, янз бүрийн түвшинд нүүрлэж гүйцжээ. Улс төрийнхөн нэг нэгнээ алах аянд ханцуй шамлан орсон төдийгүй, энэ үед нь тэдэнд ардынх нь нүднээс асгарсан нулимс юу ч биш болохыг ил тод үзүүлсээр байна. Эрх баригчид байчихаад эрдэнэт хүний амь насан дээр хүртэл мөнгө шидээд асуудлаас мултарчихна гэж тооцож байна. Юм болгон дээр мөнгө…мөнгө…Хүүхэд төрсөн ч мөнгөөр авилгалдаж, хүмүүс гэрлэсэн ч мөнгөөр авилгалдаж, адаг сүүлд нь өөрсдийнх нь хариуцлагагүй, хайр найргүй байдлаас болж амь насаа алдсан албан хаагчдын ар гэрийг хахуулдах маягийн арга сэдээд явж байна. Энэ хорвоод эрдэнэт хүний амийг мөнгөөр үнэлдэг хачирхалтай жишгийг Эрдэнэт үйлдвэрийнх нь босс эхлүүлж, эдүгээн засгийн газар үргэлжлүүлэн улбаалж авлаа. Төрөөс гар сарвайн тусламж гуйсан мянга мянган иргэд бий. Тэдэнд сохор зоос хялайлгахгүй хатуурхаж байдаг төр өнөөдөр өөрсдийн алдаа завхрал болгоноо мөнгөөр халхлан шийдвэрлэж, ард иргэдийн цагаан цайлган, гэнэн итгэмтгий сэтгэлийг нүглийн нүдийг гурилаар хуурахын үлгэрээр аргацааж байна.
Ингээд бодохоор адгийн бохир түшээдийн дор алга хавсран ёсолж, эх орныхоо төлөө хэмээн гэнэн цагаанаар итгэн гал усны гашуун зовлон тийш эгнээгээрээ мордоод эргэж ирээгүй хөвгүүдийн амь дэндүү үнэгүй санагдаад болохгүй нь.
2007