ХӨРӨНГӨЖСӨН МОНГОЛ
Удахгүй “Тусгаар тогтнолын ордон” ашиглалтад орох нь, энэ бол манай хамгийн том намын өмч. Төсвийн мөнгө, хандив хоёроор босч байгаа эд.
Оршил
Удахгүй “Тусгаар тогтнолын ордон” ашиглалтад орох нь, энэ бол манай хамгийн том намын өмч. Төсвийн мөнгө, хандив хоёроор босч байгаа эд. Харин хуучин байшингийх нь хомрогонд шатсан Хүмүүс сонины газар нэг гозгор байшин босгоод авчихсан. Энэ бол хувийн өмч. Намын өмчөөс ч өмнө баригдаж дууссан. Уул нь Хүмүүс сонин Соёлын төвийн архитектурыг нь эвдэн байж гаргасан байртай байсан юм. Одоо харин өмнөхөөсөө хэд дахин том талбайтай, тусгаар тогтносон City center-тэй болжээ. Гэхдээ тэр зун өлгөсөн “Хүмүүс сонины байр халдлагад өртлөө” гэдэг бичиг нь өнөөдөр ч өлгөөтэй. Сохорсон биш завшсан хүний ёс суртахууны зөвтгөл байх. Харин Уран зургийн галларейн гадна тал дөрвөн жилийн өмнөх тэр хэвэндээ. Утаа тортог нь ч арилаагүй, шатаж унасан чигтээ. Энэ бол улсын өмч. Үнэндээ бол эзэнгүй юм.
Хорин жилийн өмнө Монголын бүх юм улсынх байлаа. Эзэнгүй их хөрөнгө. ”Дуслыг хураавал тонныг хэмнэнэ” гэдэг лоозон дээр нь бичсэн цоргоноос ус дусах биш гоожиж байдагсан. “Ширхэг тариа шижир алт” хэмээх уриа хадсан ЗИЛ 130 машин явсан замаар тариа ширхэгээр бус тонн тонноороо асгарчихсан байдагсан.
Хорин жилийн өмнө Монголд өмч хувьчлал эхэллээ. Төр бүх өмчөө ард түмэндээ тарааж өгөв. Одоо эзэнгүй өмч гэж бараг үгүй. Үнэндээ бол ингэж тарааж өгөхөөсөө олон жилийн өмнө Монголын төр иргэдийнхээ хамаг хөрөнгийг хуу хураачихсан байлаа.
Хамгийг нь хам
Өмчгүй, төгс нийгэм байгуулах утопи санаа хүн төрөлхтөнд зуршмал үзэгдэл аж. Томас Моорын Утопи, Томмазо Кампанеллагийн Наран хот-оос ч өмнө энэ тухай бид бодож л явж. Н.А.Бердяевийн бичсэнчилэн “...Утопи үзэл хүний мөн чанарт шингэсэн бөгөөд түүнгүйгээр амьдрах ямар ч аргагүй юм. Амьдралын хатуу хүтүүд нухлагдаж шархадсан хүнд төгс төгөлдөр, зүй зохицолтой нийгмийг төсөөлөх хэрэгцээ бий”. Энэ хэрэгцээгээр туг хийсэн большевизмыг анхандаа философичид употи үзэл хэмээх ангилалд оруулж байсан ч удалгүй капитализм, либерализмаас ч илүү бодитой зүйл болох нь батлагдсан билээ. Хэдэн сая хүний амийг авч одсон хувийн өмчгүй нийгэм байгуулах коммунист туршилт хорьхон жилийн өмнө шувтарсан даа.
Гагцхүү нарыг хэвээр үлдээх коммунист санаагаа хэрэгжүүлэх зорилгоор 1919 оны гуравдугаар сарын 4-нд В.И.Лениний үүсгэсэн Коминтерний оросууд Монголд социализмыг ялуулахаар адгаж байлаа. МАХН-ын VII Их хурлын дараахан МАХН-ын Төв хороо, Засгийн газарт хаягласан “маш нууц” тодотголтой Коминтерний 2 452 тоот захидал иржээ. Түүн дотор феодалын хөрөнгийг хураах ажил эхлүүлэхийг сануулаад хэрхэн хийх талаар жич зааварчилга өгнө гэсэн байв. Удалгүй зааварчилгаа нь ирж, 1929 онд Феодалын хөрөнгө хураах ажлыг эрхлэх төв комисс байгуулан даргаар нь Х.Чойбалсанг тавиад, долдугаар сарын 13-нд ажлынх нь төлөвлөгөөг баталсан юм. Энэ комиисын нарийн бичгийн даргын ажлыг нэг хэсэг эрдэмтэн, зохиолч Ц.Дамдинсүрэн хийсэн байдаг.
Эдлэх ёсгүй эрх
Коминтерний судалгаагаар Монголын хүн амын 4.1 хувийг эзлэх феодалуудад нийт малын 45.1 хувь оногддог болж таарав. Мөн 500 бодоос дээш малтай иргэдийг “нударган” гэж тодорхойлов. Ингээд монголчуудын бараг цорын ганц хөрөнгө болсон малыг нь хурааж гарлаа. 1930 оны эхээр хуралдсан МАХН-ын VIII Их хурал дээр Х.Чойбалсан 5.2 сая төгрөгийн хөрөнгө хурааснаа илтгэжээ. Тухайн үед үхэр 50 төгрөг байсан гэдэг. Гэвч Коминтернд энэ тоо хангалтгүй санагдсан тул хөрөнгө хураах ажлыг Дотоодыг хамгаалах газраар гүйцэтгүүлэхээр болжээ. Одоо бол чамархайд нь буу тулгаад авна гэсэн үг. 1932 он гэхэд нийт 10 орчим сая төгрөгийн хөрөнгө хураасан гэх тоо бий. Хөрөнгө хогшилтой учир “нийтийн дайсан” болсон иргэдийн малаас гадна гэр хороо, байшин сав, алт мөнгөн эдлэлийг нь ч хуу хамжээ. Энэ түүхийг зөвтгөн өгүүлдэг кино ший нэлээд бий, тэдний дундаас Ш.Ёнхорын Эдлэх ёсгүй эрх теле жүжиг уран бүтээл талаасаа дөнгүүр эд.
Мөн бусад аргаар, тухайлбал арилжаа наймаа, жин тээврээр амьдралаа залгуулдаг ардуудыг ч орлогоос нь салгахаар шийджээ. Худалдаа, тээврийг зөвхөн Монголын эд хэрэглэгчдийн хоршоо, Монгол транс хоёр гүйцэтгэхээр болов. Хувьсгалт үзэл санаанд нь хувийн өмч, хөрөнгөтэй хүн хоёр л дайсан болох тул хайр найргүй устган туйлд нь хүргэхийг Коминтерн шаардаж, монголчууд ч гарамгай гүйцэтгэв. Хүн хувьдаа хөрөнгөтэй байх эрхгүй болжээ.
Хожимдсон гэмшил
Хөрөнгө хогшилоо бусдад зүгээр өгөх хэн байхав. Удалгүй монголчууд урагшаа хил даван нүүж эхэлжээ. 1930-1932 оны хооронд дүрвэлт туйлдаа хүрч, 7 542 өрхийн 30 000 гаруй хүн хөрөнгө мөнгөтэйгөө хил давсан аж. Дүрвэлгүй үлдсэн хэсэг нь зэвсэг барин бослого гаргав. Кино, ном зохиолд тэднийг Банчин ламаар дамжуулж гадныхантай сүлбэлдээд Ардын засгийг унагах гэсэн мэтээр харуулдаг ч чухамдаа бол хувхай цайтлаа дээрэмдүүлсэн ардын эсэргүүцэл байсан юм. Туйлдаж ядарсан монголчуудад Банчин лам аврал болон харагдаж байсан нь ч бас үнэний хувьтай. Энд тэнд гарч байсан эсэргүүцэл даамжирсаар Иргэний дайны хэмжээнд хүрч байж сая нэг зэвсгийн хүчинд дарагджээ.
Хөрөнгө хогшилтой байх хүний язгуур эрхийг зөрчсөн алдаагаа хожим дуртай дургүй зөвшөөрч “зүүний нугалаа” гэж нэрлээд хэсэг амсхийв. Хөрөнгө хураах ажлыг гардан гүйцэтгэсэн Х.Чойбалсан Монголын удирдагч болсон хойноо Тэргүүний малчдын зөвлөгөөн зэргийг санаачилж малчдыг зүйл бүрээр хөхиүлэн малыг нь өсгүүлэх бүх талын оролдлого хийсэн юм. Тухайн цагт Монголын ганц баялаг болж байсан малыг нийгэмчлэх гэж оролдоод тоо толгойг нь илт бууруулж, түүнээ дагаад улсынх нь эдийн засагч ч дордсон байлаа.
Нийтийн өмч
Х.Чойбалсанг нас бармагц Ю.Цэдэнбал бүх малыг нийгэмчилж, социализм байгуулах их ажилдаа шуударлаа. 1950 оноос эхлэн ардуудыг айлган сүрдүүлж, шахаж хавчин нэгдэлжүүлж эхэлсэн ч есөн жилийн дараа л Үнэн сонинд “Энэ жил ...Ардын аж ахуйтны 99 хувь, малын 72 хувь нийгэмчлэгдлээ” гэдэг мэдээ гарч байж. Хүнийг хөрөнгөөс нь салгасан энэ ажлаа Ю.Цэдэнбал Ардын хувьсгалтай дүйхээр үйл явдал хэмээн тодорхойлсон юм. Өөрийн гэх юмгүй болсон монголчууд “хувийн өмч” гэдэг үгийг хэрэглэх ч цээртэй болж, төрөөс лимит тогтоосон хэдэн малаа хүртэл “амины” гэж нэрлэх болов.
Гэлээ гээд хүний шуналыг дарсан нь үгүй. Нийтийн өмчийг бие биеэсээ өрсөн хулгайлах явдал хавтгайрлаа. Алиалагч “Халзан Цээеэ” хэмээх Цэдэнбалын цэцэрлэгээсээ орны цагаан даавуу хулгайлаад баригдаж буй няравын тухай шог үзүүлбэр сонгодгийн хэмжээнд үнэлэгдэнэ. Түүнийг үзэж нулимсаа гартал инээсэн үзэгч харин байгууллагаасаа боломжоороо хулгай хийдэг хэвээрээ. Тогооч махаа, эмч эмээ, жолооч бензинээ, барилгачин тоосгоо гэхчилэн гарт таарсанаа гэр рүүгээ зөөнө. Энэ бүхнийг сонин хэвлэлээр яаж ч бичээд, юу ч гэж матарлаад бахь байдгаараа. Хүний мөн чанар тэр л хэвэндээ.
Аль нэг газар байшин барилга барьж эхэлмэгц зэрэгцээд амины сууцууд босно. Угсармал байшингийн хана туургаар хувьдаа байшин барьсан овсгоотой нөхөд ч бий. Дархан, Сэлэнгэд амины гахай ихээр үржсэн нь ганц шалтгаантай. Тэндхийн Гурил тэжээлийн үйлдвэрүүдээс будаа хулгайлаад бараг зардалгүй хөрөнгөжиж болдог байлаа. Ганц гахай биш ээ. Нийгмийн суртахуун амины юмыг нүд үзүүрлэх боловч адтай нь аргагүй өсч үржинэ. 1981 онд 4.26 саяар тоологдож байсан амины мал 1990 онд 8.24 саяд хүрчээ. Харин улсын мал 1981 онд 20 сая байснаа 1990 онд 17.6 сая болсон байж. Хана туурга болгон дээр “Хир буртаг өчүүхэн ч хүргэлгүй нандигнан хайрлаж тахин шүтэж байх зүйл маань нэгдүгээрт нийтийн өмч, хоёрдугаарт социалист өмчийг цогцлон бүрдүүлэгч эх үүсвэр болсон ариун цагаан хөдөлмөр мөн” гэж бичээд хүчээр цээжлүүлсэн ч байдал ийм л байлаа.
Материал техникийн бааз
Бараг 2000 онд гэхэд коммунизмд орж, мөнгө төгрөг хэрэглэхээ болино, дэлгүүрт ороод хүссэнээ авдаг болно гэдэг байлаа. Гэтэл 1989 онд улсын хэмжээгээр 46 байгууллага тухайн үеийн ханшаар нийт 94.6 сая төгрөгийн алдагдалтай ажиллаж байсан аж. Нэг төгрөгийн бүтээдэхүүнийг аж үйлдвэрийн салбар нь 78 мөнгөөр, барилга угсралтын салбар нь 87 мөнгөөр үйлдвэрлэдэг улс хэзээ коммунизмд хүрэх байсан бол..? Таван жилд “20 жилийн ажил” хийчихдэг хөдөлмөрчдийн эх орон үнэндээ гялтайх юмаар бага. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих хүсэлтэй хэрэглэгч бараг олдохгүй. Дотоод үйлдвэрийн бараа гэдэг арга ядсан хүний сонголт бөгөөд гадаад юмс хаданд гарна. Ганцхан жишээ татахад, сурагчийн форм гэх хийц муутай хүрэн хилэн хослолыг хөдөөгийн хүүхдүүд голцуу өмсдөг байлаа.
Ардын засгийн наадамд нэгдлийн морь ганцхан удаа түрүүлсэн түүхийг бүгдээр мэдэх хойно нэгдэл сайхан гэж ярихаар жууламлзаад өнгөрнө. Төр хүний идэвхийг сэргээх гэж түмэн янзаар үзсэн. Хүндэт самбарт зурагтай нь өргөмжилнө, диплом үнэ бүхий зүйлээр шагнана. Тав таван жилээр Гавшгайчийн тэмдэг тараана. Гэхдээ нөгөө гараараа хувийн сонирхлыг нь тас цохино. Хувийн сонирхол нь боогдмол хүн даллуур харсан тарвага шиг хошгороод байх нь ховор. Хувьдаа хөрөнгөгүй, хувьсгалдаа нэмэргүй үхээнц хүмүүсийн нийгэм нэг л жавхаагүй.
Өмч хувьчлал
1990 онд ялсан ардчилсан хувьсгал өмнөө хоёр зорилго тавьжээ. Иргэндээ улс төрийн эрх чөлөө олгох бас хувийн өмчтэй болгох. Өмч хувьчлал ганц манайд бус бүх посткоммунист оронд болж өнгөрсөн юм. XX зууны төгсгөлөөр Дэлхийн банк, Олон Улсын Валютын Сангаас санал болгосон Вашингтоны консесусын үзэл санаагаар явагдсан нөр их ажлын дүнд хувьдаа хөрөнгөгүй явсан хэдэн сая хүн хүний ёсоор амьдарч эхэлжээ.
Тухайн үеийн Монгол бусад социалист орнуудтай харьцуулахад жинхэнэ төрийн өмч ноёрхсон улс байлаа. Жишээлбэл, Польшийн улс ардын аж ахуйн 81.7 хувь, Унгарынх 65.2 хувь, Хятадынх 73.6 хувь нь төрд данстай байсныг Ж.Батхуяг эрдмийн зэрэг горилсон бүтээлдээ дурджээ. Харин манай улс ардын аж ахуйн үндсэн фондын 97.5 хувь нь төрийн мэдэлд байсан юм. Үүний 44.2 хувийг эхний ээлжинд хувьчлалд хамруулжээ.
Төвлөрсөн эдийн засгийг халах санаа 1990 онд хуралдсан “Эдийн засагчдын анхдугаар зөвлөлгөөн” дээр анх яригдаж, хойтон жил нь Засгийн газраас Өмч хувьчлалын комисс байгуулснаар их ажил эхэллээ. Энэ комиссын даргаар Тэргүүн шадар сайд Да.Ганболдыг, нарийн бичгийн даргаар нь Ё.Гэрэлчулууныг томилсон. Монголын бүх иргэдийн мөнгөн хадгаламж нийлээд нийлээд хувьчлахаар тооцсон хөрөнгийн 3.6 хувьтай тэнцэж байхад Хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр өмч хувьчлах нь цорын ганц зөв гарц байлаа.
Нэг бүр нь 10 000 төгрөгийн үндсэн хөрөнгөөр баталгаажсан эрхийн бичгийг ард түмэн “цэнхэр”, “ягаан” тасалбар гэж нэрлэв. Уул нь нэг тасалбар нь “ногоон” байхаар “Хөрөнгө оруулалтын эрхийн бичгийг тараах, ашиглах журам”-д заасан ч хэвлэх үйлдвэрт ногоон будаг байгаагүйгээс “ягаан” болж хувирсан гэнэ. Харин хувьчлахаар тооцсон хөрөнгийн 70 хувь нь их хувьчлалд, 30 хувь нь бага хувьчлалд хамрагдах тооцоо гарсан тул цэнхэр тасалбарыг 7 000, ягааны тасалбарыг 3 000 төгрөгөөр үнэлсэн аж. Тухайн үеийн нэгдлийн үнэлгээгээр хонь дунджаар 95 төгрөг, үхэр 500 төгрөг байжээ.
Малыг малчдад
Ийм нэртэй Б.Цэнддоогийн нийтлэл Хөдөлмөр сонины 1989 оны есдүгээр сарын 15-ны дугаарт нийтлэгдэв. Өдөр тутмын сониныг тамхи орооход ашигладаг малчид сэтгүүлчийн нийтлэлийг уншсан төдийгүй бас ойлгожээ. Нийгэмчлэх гэж хэдэн он дамнасан драм туулан арай гэж төрийн болгосон малаа эргүүлээд хувьчлах хамгийн ярвигтай байсныг Өмч хувьчлалын комиссын нарийн бичгийн дарга Ё.Гэрэлчулуун дурссан.
Нэгдэлд хураалгаснаа тоо толгойгоор нь эргүүлж авах хүсэлтэй хүн байхад, нэгдлийн даргын суудлаа ашиглан завших гэсэн хүн мундахгүй. Гэхдээ мал хувьчлал манайд өрнөсөн өмч хувьчлалын зөв зүйтэйг дорх нь харуулж, тоо толгой нь яралзтал өссөөр өдгөө бэлчээрийн даац ярих хэмжээнд хүрлээ. Төр одон амлаад ч малаа мянга хүргээгүй малчин хувьдаа авмагцаа түм болгов. Энэ жил ганц Хэнтий аймагт 366 мянгат малчин бүртгэгджээ.
Бусад салбар ч өөрцгүй, хувьд очоод өнгө орсон. Тэгэхдээ мал шиг нүдэн дээр үржээд өсөөд явчихаагүй, багагүй хугацаа шаардлаа. Хувьчлагдсан олон үйлдвэр дараалан хаалгаа барьж байлаа. Үүний шалтгааныг Гутлын үйлдвэрийг хувьчилж авсан УИХ-ын гишүүн Батж.Батбаяр тун энгийнээр талбайрлав. “Зах зээлгүй, хоцрогдсон техник технологитой, өрсөлдөх чадваргүй, эргэлтийн хөрөнгөгүй, банкнаас авах зээлгүй нөхцөлд үйлдвэр ашиг олно гэж байхгүй. Ашиггүй үйлдвэр хэдэн зуун хүн тэжээгээд явах ямар ч боломжгүй”. Зах зээл чөлөөтэй болж, өрсөлдөөн нэмэгдэхээр “45-ын гутал” гэдэг ганц брендээр амбан явахгүй л дээ. Өнөөдөр хүн бүхэнд ойлгомжтой санагдах энэ шалтгаан тухайн үеийн хүмүүст нэг л буухгүй байж. Үйлдвэр завод нь ашигтай ажиллаж байгаа эсэхийг бодохын оронд өөрөө ажлын байртай үлдэх гэсэн хүмүүс өмч хувьчлалыг элдвээр муулна. Үнэндээ үйлдвэр нь ашигтай ажиллаж байж ажлын байртай үлдэнэ гэдгийг л ойлгохгүй, амьдралаас тасарчихсан улс явлаа, бид.
Өмч хувьчлал Монгол улсын иргэн бүхэнд гарааны ижил нөхцөл олгож байлаа. 2.1 сая хүнд тараасан Өмч хувьчлалын эрхийн бичгээр аль ч газрын хувьцаанаас худалдан авах боломж өгсөн. Хүлэг болгон жороогүй хойно бүгд баяжиж хөлжөөгүй нь мэдээж. Гэхдээ өмч эзэнтэй болж, үр ашиггүй нь зах зээлийн хуулиар мөхөж, эдийн засгийн эрүүл саруул тогтолцоо үүсэх нөхцөл бүрдсэн юм. Хувийн өмчийг жигшин зэвүүцэгчид өнөөдөр түүнийг тахин шүтэгчид, өсгөн үржүүлэгсэд болсонд л өмч хувьчлалын буян бий.
Мөн чанар ба хэрэгцээ
Туйлын төгс ертөнцийг төсөөлөх хэрэгцээгээ оюун ухаанаар хангаж, хөрөнгө чинээтэй явах язгуур эрхээ бодитоор эдэлсэн иргэн бүрийн хөрөнгө нийлээд улсынхаа баялгийг бүрдүүлж байна. Эх орноо хөгжүүл гэж хэнийг ч албадаагүй боловч хүн бүрийн хувиа хичээж, довоо шарлуулах үзлийн хаялагаар Монгол өдрөөс өдөрт өнгө нэмсээр хорин жилийг үджээ.
иргэн
Цогтгэрэл
suragch
IT’S VERY READABLE BESTSELLER
IT’S VERY IMPORTANT WARNING
Зочин
Зочин
ганбаа
Зочин
FFF
Зочин
Зочин
copypaster
Зочин
Зочин
Зочин
д тэмүүжин
Зочин
onom
yag unen sh uu
DOOYO
ZOCHIN
Зочин
fen
Зочин
TATAR
NB
батаа
eebii
eebii
kuurkii
zochin
Зочин
Зочин
Зочин
Да Ганболд
баагий
зочин
сэтгүүлч БАТБАЯРТ
manlai
СЭТГҮҮРЧИД ЭЭ ГЭЖ
хилчин
хилчин
Зочин