Хятадын хувьсгалч, онолч, сэтгэгч, марксизм-ленинизмын сургаалтан, БНХАУ-ыг үндэслэн байгуулагч Мао Зэдун өөрийн сургаал номлолтойгоо тэнгэрт халиад 40 жил болох гэж байна. Харин бид түүний “Сонгомол зохиолын ишлэлүүд”-ийг тусгай түүвэр болон хэвлэснээс нь хойш хагас зууны дараа үүнийг эх хэлээрээ унших гэж байна. Мао Зэдуныг амьд ахуйд түүний сонгомол зохиолууд, түүний сургаал номлол нь Хятадын ард түмний хамгийн үнэтэй цайтай зүйл, хамгийн үнэн гэж итгэсэн итгэл бишрэл байсан агаад “Соёлын хувьсгал”-ын үеийн улаан хамгаалагчид, самуун дэгдээгчид жижиг улаан номыг нь гартаа туг болгон барьж амандаа тарни мэтээр уншиж байсныг мэдэх нь мэдэх буй.

1945 онд болсон ХКН-ын VII дугаар их хурал дээр Хятадын тухайн үеийн нийгэм улс төрийн нэрд гарсан зүтгэлтэн агсан Лю Шаоци Маогийн сургаалыг “Мао Зэдунгийн үзэл санаа” хэмээн тунхаглаж, марксизмтай нэг түвшинд гаргаж тавьсан түүхтэй. Тэр цагаас эхлэн Мао Зэдунгийн үзэл санааг дэлхий дахинаараа “Маоизм” гэх болсон байдаг. Мао Зэдун 1893 оны 12 дугаар сарын 26-нд Хятадын Хунан мужид чинээлэг тариачны гэр бүлд мэндлээд улмаар 1921 онд ХКН-ыг үндэслэн байгуулалцаж, Хятадад өрнөсөн иргэний дайнд Гоминданы армитай хэдэн арван жил дайтан, япончуудтай сунжирсан дайн хийж эцсийн бүлэгт 1949 оны 10 дугаар сарын 1-нд шинэ Хятад улсыг байгуулж нийтэд тунхаглаж зарласан юм.

Мао Зэдун нэгэн насаараа Хятадын хувьсгалын үйл хэрэгт зүтгэж “их залуурч” гэгдсээр өтөл насандаа “Их үсрэлт”, “Ардын коммун”, “Соёлын их хувьсгал” зэрэг адал балмад ажиллагаа явуулж, байгуулсан гавьяанаасаа дутуугүй гай тарьсан юм. Гэвч түүнийг нас барсны дараа, тодруулбал 1978 онд болсон ХКН-ын Төв Хорооны бүгд хурлаар Мао Зэдуний нэгэн насны үйл хэргийг үнэлж дүгнээд түүний Хятадын нийгэм, нам, улсын хэрэгт байгуулсан гавьяа нь гаргасан алдаанаас нь хавьгүй илүү юм гэж онцлон заасан байдаг. Өнөөдөр ч Хятадын нийслэлийн төв талбайн хойморт Маогийн хөрөг байсаар, Хятадын хүн ард түүнийг биширсээр хүндэлсээр байгаа бөгөөд өнгөрсөн оны сүүлээр тохиосон түүний мэндэлсний 120 жилийн ойг тохиолдуулан Хятадын засгийн газар Мао Зэдуний хөшөөг шижир алтаар босгожээ. Алдаатай, оноотой, авах юмтай, бас хаях ч юмтай нэгэн насыг элээсэн энэ хүний сонгомол зохиолоос шүүж ишилсэн үгийн түүврийг дуун хөрвүүлэгч бээр хоёр гурван хэлээр харьцуулан үзэж, монгол хэлээр орчуулан буулгасан минь манай монголчууд, ялангуяа сонирхсон хүмүүс, судлаач багш, мэргэд болон хятад судлалаар ажиллаж байгаа хэнбугайд ч хэрэг болох вий гэснийх билээ.

Үгийн өвгөн утгын таяг тулж орчуулан үйлдсэний учир үнэн байдлаас энд тэнд болсон, эргэлзэж тээнэгэлзэх зүйл гарах нь энүүхэнд тул мэргэн уншигч авхайс дуун хөрвүүлэгчийн дутууг дүүргэж, дундуурыг засамжлан уншиж, авах гээхийн ухаанаар хандана гэдэгт эс эргэлзэнэ.

Орчуулагч, “МонЦаМэ” агентлагийн Ерөнхий редактор Цэрэнгийн Сүрэнжав


Мао Зэдун ингэж хэлжээ

СОНГОМОЛ ЗОХИОЛЫН ИШЛЭЛЭЭС...

Манай үйл хэргийг удирдан хөтлөгч гол хүчин бол Хятадын Коммунист нам мөн. Манай үзэл санааг тодорхойлогч онолын үндэс нь марксизм-ленинизм мөн.
БНХАУ-ын БХАТИХ-ын анхдугаар сонгуулийн анхдугаар чуулганы нээлт дээр хэлсэн үгээс (1954 оны 9-р сарын 15)

Ангит нийгэмд хүн бүхэн тодорхой ангийн бодгал мэтээр аж төрөх ба ангийн шинж тэмдэггүй тийм үзэл суртал гэж байхгүй юм.
“Практикийн тухай” (1937 оны 6-р сар) Сонгомол зохиол. боть 4

Ноцтой асуудал бол тариачдыг хүмүүжүүлэх явдал. Тариачдын аж ахуй эвдэгдсэн, ЗХУ-ын туршлагаас үзвэл маш урт удаан хугацаа зарцуулж, шаргуу ажиллаж байж сая хөдөө аж ахуйг нийгэмшүүлж чадах юм. Хөдөө аж ахуйг нийгэмшүүлэхгүйгээр социализмыг бүх талаар бэхжүүлж чадахгүй.
“Ардын ардчилсан диктатурын тухай” (1949 оны 6-р сарын 30) Сонгомол зохиол. боть 4

Ард түмний дутагдал доголдлын тухайд шүүмжлэх л шаардлагатай байдаг. Гэвч жинхэнэ ёсоор ард түмний талын байр суурин дээр зогсож, ард түмнийг дэмжиж, ард түмнийг сургах үнэн зөв сэтгэлээр ярих хэрэгтэй. Хэрэв нөхрөө дайсан болгож хандвал өөрийгөө дайсны байр суурин дээр зогсооход хүрнэ.
“Янаны соёл урлагийн семинар дээр хэлсэн үг”-ээс (1942 оны 5-р сар) Сонгомол зохиол. боть 3

Хувьсгалын гол зорилт түүний дээд хэлбэр бол зэвсэг хэрэглэх замаар засгийн эрхийг булааж авах, өөрөөр хэлбэл асуудлыг дайнаар шийдвэрлэх явдал болно. Марксизм-ленинизмын энэ хувьсгалт зарчим нь хаа сайгүй үнэн байдаг ба энэ бол Хятадын хувьд гарцаагүй үнэн байсан шигээ бусад орны хувьд ч үнэн байх юм.
“Дайн ба стратегийн асуудал” (1938 оны 11-р сарын 6) Сонгомол зохиол. боть 2

Хэрэв Америкийн монопольт капиталын бүлэглэл дайн түрэмгийллийн бодлогодоо улайрвал даян дэлхийн улс түмнүүд тэднийг дүүжлүүрт өлгөх өдөр ирэхдээ нэг ирнэ. Америкийн бусад хань хамсаатнууд ч мөн л ийм байдалд хүрэх юм.
“Төрийн Дээд зөвлөлийн хурал дээр хэлсэн үг”-ээс (1958 оны 9-р сарын 8)

Бидний хүсэл гэвэл бид нэг ч өдөр тулалдахыг хүсэхгүй юм. Гэвч нөхцөл байдал биднийг тулалдахад хүргэвэл бид дайныг эцэст нь хүртэл явуулж чадна.
“Өнөөгийн байдал ба манай зорилтууд” (1947 оны 12-р сарын 25) Сонгомол зохиол. боть 4

Хувьсгалт дайн гэдэг нь өргөн олны дайн байдаг ба зөвхөн ард олныг татан дайчилж, зөвхөн ард түмэнд түшиглэж баймаажин ийм дайн хийж болно. Хэрэв бидэн рүү довтолвол бид тулалдана. Энх тайвныг тогтоохоор тулалдах болно.
“Өргөн олны аж амьдралд санаа тавьж, ажлын арга барилдаа анхаарал хандуулъя”  (1934 оны 1-р сарын 27) Сонгомол зохиол. боть 4

Манай армийн дарга байлдагчид бид агуу их ардын чөлөөлөх арми, агуу их ХКН-аар удирдуулсан арми гэдгээ ямагт санаж явах хэрэгтэй. Намын зааврыг хэлбэрэлтгүй дагаж мөрдвөл бид гарцаагүй ялалтыг олох болно.
“ХАЧА-ийн тунхаглал” (1947 оны 10-р сар) Сонгомол зохиол. боть 4
 
Ихэрхүү бардмыг цээрлэ. Энэ бол удирдагч хүн болгоны хувьд зарчмын асуудал, эв найртай байхын чухал нэг нөхцөл мөн. Том алдаа гаргаагүй хүн байтугай ажил дээрээ маш сайн амжилт гаргасан хүн ч ихэрхэж бардамнаж болохгүй юм.
Намын хороодын ажлын арга барил” (1949 оны 3-р сарын 13) Сонгомол зохиол. боть 4

Олон түмний дунд төвлөрүүлэхээс олон түмний дунд тогтоох хүртэл удирдлагын зөв зүйтэй саналыг бүрдүүлэх нь удирдлагын үндсэн арга болно.
“Удирдлагын арга барилын зарим асуудлын тухай” (1945 оны 4-р сарын 24) Сонгомол зохиол. боть 3

Ардын дайны үндсэн дээр арми, ард түмэн эв нэгдэлтэй байх, захирагч болон цэрэг дайчид эв нэгдэлтэй байх болон дайсны армийг тараан сарниулах зэрэг зарчмын үндсэн дээр Ардын чөлөөлөх арми өөрийн хүчирхэг улс төрийн ажлыг бий болгосон нь бид дайсныг ялан дийлэх чухал хүчин зүйл болсон юм.
“Өнөөгийн төлөв байдал хийгээд манай зорилтууд” (1947 оны 12-р сарын 25) Сонгомол зохиол. боть 4

Цэрэг армид захирагч бүрийн үзэл санааны үүднээс асуудлыг шийдэж, тэдэнд засгийг дэмжиж, ардыг халамжлахын чухал чанарыг бүрэн дүүрэн ухамсарлуулах хэрэгтэй. Армид энэ ажлыг сайтар явуулбал орон нутгийн байгууллага болон оршин суугчдаас армид хандах хандлага лавтайяа сайжрах юм.
“Чөлөөлөгдсөн бүс нутгууд дахь 1946 оны ажлын чиглэл” (1945 оны 12-р сарын 15) Сонгомол зохиол. боть 4

Цэрэг армид ч тэр орон нутагт ч тэр намын дотоод ардчилал нь сахилга батыг бэхжүүлэх, дайчин чадварыг нэмэгдүүлэх зорилготой болохоос биш харин ийм сахилга бат хийгээд дайчин чадварыг сулруулах явдал биш болно.
“Үндэсний тэмцэл дэх ХКН-ын байр суурь” (1939 оны 10-р сар) Сонгомол зохиол. боть 2

Цэргийн сургуулийн хувьд хамгийн чухал асуудал бол сургуулийн захирал, багш нарыг сонгон авах, сургалтын чиглэлийг тогтоох явдал байдаг.
“Хятад дахь хувьсгалт дайны стратегийн асуудлууд” (1936 оны 12-р сар) Сонгомол зохиол. боть 1

Аливаа тэмцэлд үрэгдэл байдаг, хүн үхэж үрэгдэх бол хэвийн явдал. Гэвч бид ард түмний эрх ашгийг санаад, олонхи болсон ард түмний хүчир зовлонг бодоод, бид ард түмний төлөө үхэж үрэгддэг, учир утгатай үхлээр үхдэг. Гэхдээ бид тийм гарцаагүй үхэл үрэгдлийг аль болохоор багасгах ёстой.
“Ард түмэнд үйлчилье” (1944 оны 9-р сарын 8) Сонгомол зохиол. боть 3

Бид ямар ч нөхцөлд биеэ тоосон их гүрний хандлага гаргах ёсгүй. Ямар ч байсан тэр хувьсгалын ялалт хийгээд бүтээн байгуулалтад зарим амжилт олсон гээд бардамнан сагсуурч болохгүй. Улс орон жижиг ч бай, том ч бай өөр өөрийн ололт, өөрийн гэсэн дутагдалтай байдаг.
“ХКН-ын Бүх Хятадын VIII их хурал дээр хэлсэн үг”-ээс (1956 оны 9-р сарын 15)

Шийдвэр зориг төгс байж, үхэж үрэгдэхээс үл айн, түмэн бэрхийг туулан давж, ялалтыг олдог.
“Юү гун уулыг нүүлгэсэн нь” (1945 оны 6-р сарын 11) Сонгомол зохиол. боть 3

Бид өөрийн хүчинд тулгуурлахын төлөө байна. Бид гаднаас тусламж авахыг хүсдэг ч гэлээ өөрийгөө тэднээс хамааралтай байлгаж болохгүй юм. Бид өөрийн хүч, манай арми болон нийт ард түмний бүтээлч хүчинд найдлага тавьж байна.
“Аж ахуйн ажлыг хөтөлж суръя” (1945 оны 1-р сарын 10) Сонгомол зохиол. боть 3

Зөвхөн өнгө гэрэлтэй талыг нь хараад бэрхшээлийг анзаарахгүй бол тэр хүн намын өмнө тулгарсан зорилтыг биелүүлэхийн төлөө амжилттай тэмцэж чадахгүй.
“Эвслийн засгийн газрын тухай” (1945 оны 4-р сарын 24) Сонгомол зохиол. боть 2

Хүмүүсийн нийгмийн оршин тогтнол нь тэдний үзэл ухамсрыг тодорхойлдог. Өөрийн ээлжинд, зөв зүйтэй, тэргүүний ангийг төлөөлсөн үзэл ухамсрыг өргөн олон түмэн өөрийн болгомогц тэр даруйд нийгмийг өөрчлөн байгуулагч, дэлхий ертөнцийг өөрчлөн байгуулагч материаллаг хүчин болдог юм.
“Хүний зөв зүйтэй үзэл ухамсар хаанаас бий болдог вэ?” (1963 оны 5-р сар)

Шинжилгээ судалгаа нь “үр хөврөл арван сарын хугацаанд бойждог”-ийг сануулах шиг атал “асуудлын шийдэл” нь “жирэмсэн байгаад нэг л өглөө төрдөг” шиг зүйл юм. Судалж шинжилнэ гэдэг бол асуудлыг шийднэ гэсэн үг юм.
“Номчирхлын эсрэг” (1930 оны 5-р сар)

Хүнд хүчир ажил бол дарамт ачаа шиг байдаг бөгөөд биднийг үүрч даах нь уу үгүй юу гэсэн шиг харж хүлээж байдаг. Дарамт ачаа хөнгөн ч бий, хүнд ч бий. Зарим хүн хөнгөнийг шилж, хүндээс айдаг. Бусдад хүндийг өгч, өөрөө хөнгөнийг нь ялгаж авдаг. Энэ бол сайн хандлага биш юм. Зарим нөхөд ийм биш. Ашиг тусыг бусдад үлдээж, ачааны хүндийг өөрөө үүрдэг. Адармаатай зүйлд хүний өмнө орж, ашигтай зүйлд бусдын ард явдаг. Ийм нөхөд бол сайн хүмүүс юм. Ийм коммунистын оюун санаанаас бид суралцах ёстой.
“Чунчин дэх хэлэлцээрүүдийн тухай” (1945 оны 10-р сарын 17) Сонгомол зохиол. боть 4

Эв нэгдлийг хангаж болох ба зөвхөн бүх анги нийт үндэстний эв нэгдлээр дайсныг ялан дийлж, үндэсний болон ардчилсан хувьсгалын зорилтыг биелүүлж чадна.
“Олон сая өргөн олныг Японыг эсэргүүцэх үндэсний фронтод татан оруулахын төлөө тэмцэл” (1937 оны 5-р сарын 7) Сонгомол зохиол. Боть 1

Бидэнд шүүмжлэл, өөрийн шүүмжлэл гэдэг тийм марксист, ленинист зэвсэг байна. Бид эрүүл биш арга барилыг таягдан хаяж, шилдэг арга барилыг хадгалах ёстой.
“ХКН-ын долоо дахь удаагийн сонгуулийн Төв Хорооны 2-р Бүгд хурал дээр тавьсан илтгэл”-ээс (1949 оны 3-р сарын 5) Сонгомол зохиол. боть 4

Коммунист хүний хувьд түүний үг, үйлдэл ямар хэмжээгээр хамгийн өргөн ард олны эрхэм дээд ашиг сонирхолд нийцэж байгаа эсэх, өргөн олон түмэнд ямар хэмжээгээр дэмжигдэж байгаа нь бүхий л хэлсэн үг хийсэн ажлынх нь дээд шалгуур юм гэдгийг хүн бүхэн зайлшгүй ухаж ойлгох шаардлагатай.
“Эвслийн засгийн газрын тухай” (1945 оны 4-р сарын 24) Сонгомол зохиол. боть 3

Коммунист намын боловсон хүчний бодлогын шалгуур нь намын чиг шугамыг хэлбэрэлтгүй явуулж чадах эсэх, намын сахилга батад захирагдаж, олон түмэнтэй нягт холбоотой байх, бие даан ажиллах чадвар, идэвхтэй ажиллах, хувиа хичээхгүй байх явдал болно. Энэ бол “зөвхөн хувийн чанараар томилох” чиг шугам юм.
“Үндэсний дайн дахь ХКН-ын байр суурь” (1938 оны 10-р сар) Сонгомол зохиол. боть 2