Хийд огторгуйн алтан суваргыг
Хэд гороолохоо мэдэхгүй.
Хэнхдэг чанадын торгон анирыг
Хэзээ тасрахыг таашгүй.

Унтагсдын дунд ганцаар сэрүүн,
Оддыг жингэнээг анирлана.
Сэрэгсдийн дунд ганцаар унтаа,
Нохдын хэрүүлийг алгасна.

Сүүн гэгээнд сүүдэр чирсэн
Сүнсний тавиланг агшнаа мартаж,
Сүмүүн жүнзэнд шүүдэр сөгнөсөн
Шүлэгчийн заяанд уусахыг хүснэ.

Аалзанд ч гоо буйг анзаараа нь үгүй
Урины хүлээс алдрахыг харна.
Алтанд ч зэв буйг ухаараа нь үгүй
Шуналын нүдэн анихыг үзнэ.

٭٭٭

Дээрхийн охин тэнгэр шиг ертөнц авхай мину,
Дэвсвэл ч намайг дэвсэгтүн.
Дэндүү гоо бүсгүйн хөл хүрэх агшинд
Дэлгэрч ургадаг гаслангүй мод шиг цэцэглэюү, би.
Дэвсэх бүрт чинь гомдож явсан алдас юугаа наманчилж,
Дэлгэмэл амьдралын үр жимсээ тахил болгон өргөе.

Найралт бадмын эх шиг ертөнц авхай мину,
Нулмивал ч намайг нулимагтун.
Найраг төгөлдөр бүсгүйн балгаж цацсан дарсанд
Нахиалж ургадаг гэсэр мод шиг цэцэглэюү, би.
Нулимах бүрт чинь зүхэж явсан нүгэл юүгээ наманчилж,
Нуугдмал сэтгэлийн чин хайраа тахил болгон өргөе.

Үхэлгүйн цогт дагина шиг ертөнц авхай мину,
Үнсвэл ч намайг үнсэгтүн.
Үнэн хайрт бүсгүйнх нь амьсгал хүрэх агшинд
Үхлээс сэрдэг баатар шиг сэргэюү, би.
Үнсэх бүрт чинь анзааргагүй явсан үйл үрээ наманчилж,
Үргэлж амраглахуйн цэнгэлээ тахил болгон өргөе.

٭٭٭

Цаг ирж нөгчвөөс би
Цагаан суваргын оройд солонго болон гэрэлтэнэ.
Царайлаг төрсөн Аниргүм охин тэр солонгын гэгээнд татагдаж,
Хаврын цэцэрлэг дэх болзоогоо мартан, сүмийн тийш алхана.
Алхсан мөрийг нь үнстлээ дурлах гэж
Амьдын хорвоод би эргэж төрнө.

Цаг ирж нөгчвөөс би
Цагаан Дар эхийн мутарт удвал болон цэцэглэнэ.
Цастын мэргэн Артасиди лам тэр удвалын үнэрт мансуурч,
Цанидын дацан дахь хурлаа мартан шүлгийн мөр тэрлэнэ.
Тэрлэсэн шүлгийг нь уншин хайлах гэж
Тэнгэрийн дор би эргэж төрнө.

٭٭٭

Чиний л дөлгөөн мэлмийг урлах гэж
Гол ус мянга мянган жил урсчээ.
Чиний л дулаахан долгиог бүтээх гэж
Наран түг түмэн жил бадарчээ.
Чиний л гэгээхэн үзэмжийг цогцлоох гэж
Одод сая сая жил гэрлээ цутгажээ.
Чиний л уяхан сэтгэлийг ундраах гэж
Сансар тэрбум тэрбум жил галваа юүлжээ.

٭٭٭

Хайрын дөлгөөн мөрөн минь!
Одоход чинь уул шиг үдэж,
Ирэхэд чинь далай шиг тосно.