Карантинд өнгөрүүлсэн өдрүүд - Арав дахь өдөр
Гадаадад байгаа Монголчуудаа авч ирэх үйл ажиллагаа эрчимжиж, олон мянган хүмүүс ирж байгаа тул 3 сард карантинд байхдаа бичиж байсан өдрийн тэмдэглэлүүдээ оруулахаар шийдэв. Эх нутагтаа ирэх гэж хүмүүст бага ч болов мэдээлэл болох байх. Гэхдээ аль 5 сарын өмнөх мэдээлэл гэдгийг анхаараарай.
Өчигдрийг түгшүүртэй өнгөрөөсөн бид ер нь бол нойр муутай хоносоон. Өглөө эрт босч цайгаа уугаад 11 цагийн шуурхай мэдээг бүгдээрээ хүлээв. Нойр муутай хоноод өглөө эрт сэрсэн тул мэдээ үзэж байхдаа нам унтаад өгчээ. Эргэн тойрны хүмүүсийн шинжилгээ сөрөг гарсан тухай мэдээ нэтээс хальт хараад жаахан тайвширсан юм байгаа биз. Өдрийн хоол ирэх үед дуудуулж сэрэв. Өглөө босоод тэр дороо шахуу буцаж унтаж үзээгүй миний хувьд толгой дүйнгэ оргиод агаар амьсгалахгүй бол тухгүй байлаа. Унтаж унтаж боссон миний хувьд нээх сонин энэ өдрийн үдийн хоол өглөөний цай шиг л байлаа.
Паар дахиад байхгүй болжээ. Бүр хүв хүйтэн болсон байв. Утасдаж хэлэхэд нэг насос нь эвдэрсэн, хотоос сэлбэг захиад авч ирээд угсарч байна гэв. Хурдан угсраад усаа тавихгүй бол паар нь тас хөлдөх байлгүй дээ. Даанч шөнөжин паар сонин дуугарч хоносон юм. Усаа татаад, халуун хүйтэн харшаад төмөр нь дуугараад байсан бололтой. Оройхон халаалт ирж, нэмж паарнаас хий аваад овоо сайхан халж эхэлж байна. Нэг л хөлдөөж алчих гээд л байна даа. Гэхдээ одоо жигдрэх байлгүй дээ. Тийм азгүй юм гэж юм байх вэ. Гэрээс халдаг гудас авчруулсан боловч үүдэнд байгаа онцгой байдлынхан оруулаагүй. Цахилгаанаар ажилладаг юм оруулахгүй гэж хэлсэн байна лээ.
Өдөр тагтан дээрээ гарч агаар амьсгалж, мөн наранд жаахан зогслоо. Сайхан модон дунд дуу чимээгүй сайхан газар юм аа. Муухай өвчин байхгүй болсны дараа зуны налгар өдөр гэр бүл, хамт олноороо заавал эргэж ирнэ дээ гэж бодсон шигээ хэсэг зогслоо. Хажуу тагтны залуус өдөр гарч ирсэнгүй. Наран талдаа цонхтой тэр хэд өдийд яг сайхан унтаж байгаа байх аа. Доод давхрын бүсгүйчүүд тас тас хийж инээсэнгүй, таг чиг нам гүм. Нэг л түгшүүртэй.
Япон руу ЖАЙКА-гийн сургалтаар явсан билээ. Гэтэл өдөр ЖАЙКА-гаас ярьж байна. Карантинд яг ямар нөхцөлд байна, ямар хоол идэж байна, хоолны сонголт байна уу, жишээ нь цагаан хоолтон хүн, халал мах иддэг хүн байвал яах байсан, ор дэрний цагаан хэрэглэлийг нь сольж өгч байна уу, усанд орж чадаж байгаа уу, тээвэр унаагаар яаж очсон, яаж гарах юм, 00-ийн цаас өгч байна уу гээд аймаар аймаар тансаг тансаг асуултууд асуув. Зарим асуултыг нь монголоороо бараг ойлгохгүй, юун "балай хачин" доёолсон ч юм шиг, доромжилсон ч юм шиг юм асуугаад байна гэж хүртэл бодогдох шахав. Нөгөө “Энэ чинь угаасаа Монгол ш дээ, битгий шалчигна” гэдэг сэтгэлзүй сүүлийн хэдхэн хоногт надад хэдийнэ суусан байгааг энэ хүнтэй утсаар 3 минут ярихдаа анзаарлаа. Карантины тав тух, аюулгүй байдлын талаар Япон талаас мэдэхийг хүссэн байна. Япончууд айхтар улсууд намайг гэртээ очин очтол санаа тавьж, анхаарал хандуулах бололтой. Байгаа нөхцөл байдлаа бодит үнэнээр нь бүгдийг нь хэлээд л орхисон. Токио руу миний мэдээлэл тэр дороо очсон биз ээ.
Манай өрөөнийхөн Японы хөөрхөн дасгал хийж байгаа. Хэдхэн минут атлаа хөлс гаргадаг. Манай БСП компанийнхан энэ дасгалыг хийдэг, бас харилцагч нартаа зориулсан бүтэн өдрийн сургалт хийхдээ бас энэ дасгалыг ашигладаг. Ах хүү энэ дасгалыг аятай нь цуг цээжээрээ мэдэж байна. Тэдний компани бас хамт олноороо энэ дасгалыг сүүлийн хэдэн жил өдөрт хоёр удаа (11 ба 17 цагт) оффис дээрээ хийж байгаа гэнэ. Энэ ах хүү айхтар ааааа. Би та нарт эртээдээс хойш хэлээд байгаа шүү дээ. Монголын Тусгай Олимпын Хороо Япончуудаас энэ дасгалын зохиогчийн эрхийн зөвшөөрлийг нь аван монгол хэлээр орчуулж, дуу оруулан интернэтэд байршуулсан байна. Холбоос нь энэ байна. Хэд хэдэн хүн ямар дасгал хийж, жингээ яаж барьж байна гэж асуугаад байсан. Энэ хөөрхөн дасгалыг хийж заншаарай эрхэм уншигчид аа.
Өдрийн хоолоо идчихээд, дасгалаа хийчихээд ажлаа харин тачигнатал хийсэн дээ. Нэвтрүүлгийн текстүүдээ эцэслэн видеотой нь цуг сайтууд руу өгч, ажлынхаа ганц хоёр төсөл дээр саналаа нэмэрлэж, ТББ-ын хэдэн имэйлүүдээ тухтай үзэж бас хариу өглөө. Мөн гадны байгууллагад хийх танилцуулгын араг ясыг нь түнштэйгээ хамтраад зангидав. Утсаараа конферэнс кол хийж УБ, Унгартай хүртэл холбогдоод амжлаа. Гэхдээ л карантинд ингэж суугаад муухай залхуу болж байна. Яг мэдрэгдээд байна. Хуучин шигээ нам суугаад юмаа хийдэг хүн байхгүй болох гээд л байна. Хүн орчиндоо асар хурдан дасдаг ажээ.
Өдрийн хоолонд хар мөөгтэй хуурга ирж байна. Нарийн нандин хоолнууд ирээд эхэлсэн шүү. Хоолны дараа манай өрөөнийхөн насны тухай хэсэг ярилцав. 40 насыг залуу гэх үү, хөгшин гэх үү гээд л. Монгол эрчүүдийн дундаж наслалт 60 гаран болохоор 40 нас яагаад ч залуу биш гэх нэгэн байхад 40 наснаас амьдрал ид эхэлдэг юм гэж би бас ах хүү зүтгэсэн. Гэхдээ л яах аргагүй дараагийн сери задарсан гэдэг дээр хүссэн хүсээгүй санал нэгдэв. Дараа нь Баттулга, Элбэгдоржийн тухай ярьж бас манай өрөөнийхөн маргалдав. Би тэр маргаанд нь ороогүй, зүгээр л модератор хийсэн. Тэр хэдийн яриа, санал, үзэл бодлын зөрүүг нь сонсож байхад манай австрали аав, ээжийн хэлж байсан зүйл санаанд оров. Тэд маань надад “Ганаа, чи улс төр, шашин, сексийн талаар хэзээ ч хүнтэй битгий маргалдаж мэтгэлцэж байгаарай. Эдгээр сэдэвт ялагч гэж байдаггүй юм” гэж захидаг байсан сан.
Бид хааяа яах аргагүй ганц хоёр найтаах юм аа. Хамар ам хааяа загатнана ш дээ. Ах хүү тэрийг мэдээд байнга шахуу бидний хажууд мастай сууна. Маскаа авахаар нь гэнэдүүлж найтаах гэж байна гэж айлгах гээд бид бас сахилгагүйтнэ. Сая яах аргагүй маскаа аваад орондоо орж байхад нь би найтааж орхилоо. Аан чи гээд хөнжлөөрөө шалавхан нүүрээ дараад хэвтээд өгсөн. Удалгүй бүр цаашаа хана руугаа эргээд харна лээ. Янзын нөхөр шүү бүр нэг.
Оройхон ТВ үзээд сууж байтал манай өрөөнийхөн гадаа нэг юм болоод байна аа гээд шуугиад явчихлаа. Корридорт яагаад пижигнэлдээд байгаа юм бол гээд хэрэгт дурлаад хаалгаа хагас онгойлгоод толгойгоо гаргаад шагайтал нөгөө цуг салхилдаг тагтны залуусын өрөөний гадаа 4, 5 битүү цагаан хамгаалалтын хувцастай хүмүүс шамбааралдаад зогсож байна. Эмч намайг харангуутаа өрөө рүүгээ ор гээд шууд хаалга хаалгав. Пал гээд л явчихлаа. Сонсоод байхад тэр өрөөний дөрвөн залуугийн нэг юм уу, хоёрыг нь лав чемодан савтай нь аваад явчих шиг болов. Манай өрөөнийнхөн ээлжит шокондоо орлоо. Унтах гээд орондоо орсон байсан хүмүүсийн нойр сэргээд, санаа нь зовоод юун унтаж хэвтэх. Бүгдийнх нь зүрх нь түг түг. Ус буцалгаад цай уунгаа, хар шөнө бүр боов шоов идээд шомбойгоод суучихлаа хэдүүлээ. Тэр өрөөний залуусын нэгний бие нь муудаад, шинж тэмдэг илрээд Халдварт руу аваад явлаа даа гээд бүгд санаа зовов. Эмч нарыг гарсны дараа үлдсэн залуус тас тас хөхрөлдөөд инээлдэх нь сонсогдсон. Тэгэхээр гайгүй байх аа, нэгнийгээ өвдөхөд арай ч ингэж инээлдэхгүй байх гээд ёстой урамгүй орондоо орцгоосон доо.
Маргааш өглөө хурдан болоосой, юу болсныг нь мэдэж авах юмсан даа. Ёстой л кино шиг өнгөрч байна даа энэ хэдэн хоног!
Үргэлжлэл бий...
Монгол
Зураач Лондон
Уншигч
zochin