Нэг их гоё цэмцгэр цав цагаан байшин байна. Тулж очвол Буддын сургаалыг түгээх сүм гэжээ. Шат нэн намхан өргөн бөгөөд гадуур нь явсан хүн ороод гармаар ойрхон санагдах аж. Орлоо. Цэлийсэн том үүдэн хэсэгт Будда Сидхартийн хөргийг неореализмийн аргаар бүтээсэн гайхам сайхан хөрөг өлгөжээ. Эгц дороос нь бүдэг хөх өнгийн лазерийн гэрлэн  зул тусгасан нь уран зургын бичлэг өнгийг нэн тод болгоно. Үүдний 2 талаар тач скринтэй олон лавлахууд ярайна. Сидхартийн хөргийн хажуу ар талаас шилэн хаалганы цаана олон том жижиг өрөө байх нь лекц, хэлэлцүүлэг, мультимедиа үзүүлбэр, эрт бөгөөд орчин үеийн номын уншлагын өрөөнүүд ажээ. Сүмийн хаалгаар орохоос эхлээд л цагаан уул цэцгийн зөөлөн гүн үнэр эндхийн хэм чийгшлийг нь кондишиноор тааруулсан агаарт хаанаас ч юм зөөлөн үнэртэх нь хээр талд зуны дунд сарын өдрүүд мэт. Гэрэлтүүлэг ч гэсэн үнэтэй том люкстерүүд харагдахгүй мөртлөө энэ сүмийн адарын хамгийн холын булан ч нэг л зөөлөн цагаан туяанд сүлэгдэн байх нь гарцаагүй орчин үеийн сайн дизайнерийн ажил гэдгийг илтгэнэ.

Сайн дурынхан бололтой эмгэн өвгөн хоёр надаас “миний хүү ямар ажил хэргээр явна” гэж асуулаа. Зүгээр сонирхоод ороод ирлээ гэвэл над ам уралдан тайлбарлаж байнаа. Чи өөрөө авто лавлахаас үзэх үү бид хоёрын нэг нь дагуулж чамд газарчилах уу гэнэ. Би нэрэлхээд за лавлах компьютерээс үзье гэсэнд хүү минь дандаа ирж байгаарай, 24 цаг нээлттэй шүү, ядарч зүдэрч явбал хонож өнжиж ч болно, сэтгэл санаа тавгүй бол ухаарал тайвширалаа олно шүү гэж байна. Би дотроо лам бололтой хүн харагдах нь уу гэж ажиглах боловч миний мэдэх улаан ягаан хувцастан нүдэнд торсонгүй. Тэгэхээр хоёр хөгшнөөс асуулаа. Лам нар нь хаачаа вэ? гэсэн чинь эмгэн хэлж байнаа: дээр үеийнх шиг лам хайгаад байвал яг тийм ч хүн байхгүй ээ. Гэхдээ миний хүүд ямар хүн хэрэгтэй юм бэ гэж байна. Би дэмий нэрэлхээд хийморийн сан тавиулья, бас доржзодва уншуулая гэлээ. Эмгэн инээмсэглээд: Хийморийн сан ч үнэхээр сайхан хийморь сэргээх зохиол шүү. Чи зөвхөн сонсох гэж байвал Өндөр гэгээний анхны айлдсан хэлбэрээр нь ардын жүжигчин Равдангийн уншсанаар сонсож сэргэж болно. 13-а танхимд компьютер дээрээс миний хүү өөрөө ол. Сайн сони стерео чихэвч хамт байгаа. Харин утга агуулгынх нь юм уу хэл найруулгын тухай хэлэлцүүлэгт орно гэвэл ресепшин дээр нэрээ бичүүлээд ойрын хэлэлцүүлэгийн цагийн хувиарь хар, орчин үеийн монгол хэлээр хөрвүүлсэн нь тэр хажуугийн номын мухлагт эсвэл номын санд байгаа, эртний Өндөр гэгээний гар бичмэл, төвд, англи орчуулгыг нь сонирхвол номын санд орохтий, цаасаар нь үзэх үү, файлаар нь авах уу гээд явж өгч байнаа. Өвгөн тэгсэн бас мөчөөгөө өгөхгүй: хүү минь доржзодва үзнэ гэхийг бодоход нилээн судалсан сүрхий хүүхэд байх нь гэж ирээд л бас баахан лекц, хэлэлцүүлэг, маргаан, эрт одоогийн монгол, төвд, англи хэвлэлийг нь аль өрөөнөөс яаж олохыг зааж эхэлсэнд би ч сандран хоёр идэвхтэй хөгшнөөс салахын түүс болов.

Тэгээд цааш явж үзлээ. Гаднаасаа гайгүй 3 давхар жижиг байшин харагдаад байсан чинь дотроо бол нилээн зайтай олон хүн амьтан хөлхсөн их том юмаа. Хэлэлцүүлгийн өрөөнүүдээс нэгийнх нь үүдийг татан орвол арваад хүн хагас тойрон жижиг сандал ширээнд сууж ээлжлэн бодол саналаа ярьж маргах аж. Жоохон сонсвол мань мэтийн мэдлэгээс арай л дээгүүр яриад байх шиг. Их сургуулийн физикийн багш нар, буддын түүх судлаач, философийн хүрээлэнгийн ажилтан, хөдөөнөөс ирсэн малчин, оюутан ч гэх шиг хүмүүс нэг жиинс, футболктой өөрийгөө гавжийн зэрэг хамгаалах гэж байгаа гэх 20-д насны залуутай нилээн халуун маргаан өрнүүлж байнаа. Жиинстэй залуу лам: материйн хамгийн жижиг хэсгүүд хүртэл зөвхөн бөөм кваркийн төлөвөөс гадна долгион төлөвт шилжиж чаддаг гэсэн орчин үеийн физикийн шинжлэх ухааны ойлголтонд Нагаржуна өөрийн цаг үедээ австракт оюун дүгнэлтээр хүрсэн нь хоосон чанар юм гэж байнаа. Тэгсэн физикийн багш: наадах чинь хэт өнгөц нимгэн ойлголт байна. Аливаа матери антиматеритай байдаг. Энэ 2 эсрэг материйн хооронд үргэлж 0 байна. Энэ 0 бол хар нүхийг хэлж байгаа юм биш. Бүр тусдаа. Матери антиматери байгаа бүх ертөнцийн цэг бүрт, мөн ертөнц даяар байна. Гэхдээ нэг л 0 юм. Энэ 0 төлөвт орвол ертөнцийн хаана ч бодлын төдийд матери юм уу антиматери байгаа дурын газар хүрч болно. Үүнийг л хоосон чанар гэнэ хэмээн том ЛСД дэлгэц дээр зурж тайлбарлалаа. Философийн багш залуу: хоосон чанарыг бүү материалжуул. Яг Нагаржуна багшийн сургаалаар энэ чинь юмс үзэгдлийн мөн чанар ба хүлээн авах бидний тусгал сэтгэлгээ, логик дүгнэлт хийх аргачлалын онолын ерөнхийлөл болохоос ганц физикийн шинжлэх ухаан гэж жижигрүүлж хэрэггүй гээд бут авлаа. Тэгсэн нэг математикч залуу Нагаржунагийн 8 үгүйсгэл бол арай дутуу, яг логикийн онолоор бол энэ үгүйсгэл хязгааргүй үргэлжлэх ёстой гээд засварлаж байхийн.

Би за энэ ч арай том ангид нь орчихжээ гэж бодоод сэмхэн гарч лекцийн зааланд орвол харьцангуй том зааланд зуугаад хүн чихэвч зүүчихсэн нэг залуухан америк хүүхний яриаг анхааран сонсож зарим нь тэмдэглэл хөтөлж байна. Намайг ороход ч бас нэг зузаавтар дэвтэр үзэг өглөө. Нээгээд үзвэл дэвтрийн хуудасны зүүн талд нь Зонховын Бодь мөрийн зэргийн эхний боть орчин цагийн монгол хэлээр байх бөгөөд хуудасны баруун талын хоосон хэсэгт илтгэгчийн ярианаас тэмдэглэх эсвэл асуулт, ойлгоогүй зүйл, бодол, эргэлзсэн санаагаа тэмдэглэх ёстой юм байна. Энэтхэгийн шашны их сургуулийн багш гэх энэ америк хүүхэн 5-р бүлэг бясалгах журмын бэлтгэл хэсгийг өөрийн болон, эртний мэргэд, орчин үеийн найз нөхдийнхөө жишээн дээр баяжуулан энгийн тайлбарлаж байнаа. Нэг хүн илтгэгчээс асууж байнаа: Буддагийн тааллын шүтээнүүдийг засна, тахил бэлтгэнэ гэхээр заавал Буддагийн эртний цутгамал сэрэг дүр, 8 тахил бэлтгэнэ гэсэн үг үү? Илтгэгч: Заавал хуучинүр байх албагүй ээ. Юуны өмнө яг таны сэтгэлд Сидхарта яаж төсөөлөгддөгөөүй юу. Магадгүй таны сэтгэлд буудаг тэр Будда хүүхэд үеийнхээ гэнэн томоогүй дүрээр ч байж болно. Эсвэл бадарчилан явж байгаа дүр ч байж болно. Гэхдээ ихэнх хүмүүс яагаад ч юм түүний бясалгал хийж мацаг барьж байсан үеийг юм уу, өндөр настай өвгөн багш сургаалаа айлдаж байх үеийг төсөөлөх дуртай байдаг. Тэгэхээр та өөрийнхөө сэтгэлд байдагтай ойрхон тийм зураг, фото, баримал, магадгүй австракт уран зураг ч байж болно. Тийм л Буддаг бясалгал хийх өрөөндөө, өмнөө байлгавал төвлөрөхөд амар байх болов уу гэж байнаа. уламжлалт баримал д хэлэхг

Би дараагийн танхимд орвол цахим номын сан ажээ. Нэг компьютерт нь орж үзвэл  27 инчийн том дэлгэц дээр Буддын сургаалын эртний ном судар, түүхэн газруудаас авахуулаад орчин үеийн монгол хэл дээрхи мульти медиа танилцуулга, интернетийн интерактив сургалт хүртэл бүгд байх юм. Над их сонирхолтой санагдсан нь интернетийн монгол хэл дээрхи олон хэлэлцүүлэгийн блогууд байлаа. Бүх л сэдвээр: Сидхартагийн намтар түүхийн маргаантай хэсгээс эхлээд орчин үеийн физикийн туршилт, онолын тааврууд хүртэл орсон байх юм.

Харин эртний ном судрын хэсэг нь нилээн хатуу дэг журамтай бөгөөд зарим нэн ховор номыг зөвхөн Монголын Соёлын Сангийн тусгай зөвшөөрөлөөр мэргэжлийн номын санчийн дэргэд зааврынх нь дагуу тусгай орчинтой өрөөндүзэж болох юм байна. Харин файл нь бол үнэгүй. Бүр энд ирэх ч хэрэггүй интернетээр үнэгүй татаж авч болох ажээ. Буддын сургаалын их алдартай судлаачидын лекц, хэлэлцүүлэг, сүүлийн үед болсон нилээн сенсацитай маргаан мэтгэлцээнүүд ч бас блү-рэйгээр байж байнаа. Би сонирхоод лалын сүфи урсгалын нэгэн нэрт судлаач, МУИС-н цөмийн физикийн эрдэмтэн, гүн бясалгал хийгээд саяхан дууссан нэг залуу лам гуравын сэтгэлийн төлөв байдлуудын тухай их сонирхолтой мэтгэлцээн ном хаясан бичлэгийг авлаа.

Сүмийн ард маш том цэцэрлэгтэй бөгөөд дэлхийн хойд бүслүүрт ургадаг бүх л ургамал энд байх шиг. Эрт галавын ойд орсон ч юм шиг нэн таатай. Моддын хоорондуур бор гөрөөс, буга, хандгай өтгөн ургасан өвсөнд бэлчиж цөөрмийн уснаас уун зогсох үзэгдэнэ. Цэцэрлэгийн эргэн тойрон жижиг 1-2 давхар байшингууд байх нь сүмийн дэргэдэх буяны эмнэлэг, ядуусыг усанд оруулж ундлах газар, өнчин хүүхдүүдийг асрах цэцэрлэг сургууль юм байна. Тэдэнд үйлчлэх сайн дурынхан буян хийх өдрөөүртгүүлээд хувиарьт өдрөө ирж ажилдаг гэнэ. Хагас жилийн өмнөөс бүртгүүлэхгүй бол хувиарьт орох амаргүй, удаан хүлээдэг гэнэ. Сайн дурынхан цөм цав цагаан монгол дээл өмссөн нь нэг л хүндэтгэл төрөм харагдана. Цэцэрлэг дотуур болон сүмийн ар ханаар эрт эдүгэгийн энэтхэг монгол төвд дорно дахины олон мэргэдийн боржин барималууд бүтээлчдийнхээ ур чадвараар амилсан мэт эгнэн харагдана. урьдчилан б

Эргээд сүмийн гол барилга руу орлоо. Яагаад ч юм багаас төсөөлж сурсан хуучин сүмийн бараан харанхуйвтар модон барилга, олон зууны турш шингэсэн шар тос хир даагины үнэр, утаа тортог аалзны шүлс, зулын гэрэлд сүүмэлзэх сүрлэг алтан бурхад, аймшигт догшин нүүр царайнууд, төвд хэлээр дүнгэнэх рэп үглээ шиг уншлага, хонины махны үнэр ханхалсан халзан толгойтой банди нар, бүрээ бишгүүр, хонх дамарын танил дуу хаа нэгтэй үгүйлэгдэх ч шиг. Аль 15-р зуунд Зонховын тогтоосон дэг жаяг сан. Арга ч үгүй юм уудаа, цаг нь ирж.

Сүмийн гол хаалганы довжоо намхаан 4 шаттай бөгөөд цагаан гантиг шат болгон дээр Будда Сидхартагийн гайхалтай энгийн нээлт 4 үнэнийг бичжээ: 1. зовлонгийн үнэн: хүний амьдрал бол зовлон (үхэл, өвчин, хөгшрөлт, хүссэн бүхэн үл биелэх), 2. зовлонгийн шалтгааны үнэн: зовлон нь хүсэл шуналаас үүсдэг, ялангуяа бие сэтгэлийн хангаж үл барам хүсэл шуналаас. 3. Зовлонгийн шалтгаанаас салах үнэн: тэгвэл зовлон үүсгэх шалтгааныг буюу хүсэл шуналыг тасалвал үр дүн зовлон нь ч арилна. 4. зовлонгийн шалтгаанаас салах замын үнэн: хүсэл шуналаас салах буюу зовлонг үүсгэгч шалтгаанаас салахын тулд 8 гишүүнт замаар амьдрах ёстой:  зөв үзэл, зөв бодол, зөв үг, зөв ааш, зөв амьдралын хэвшил, зөв тэмүүлэл, зөв бясалгал, зөв сэтгэл. Би 3 дахь шатан дээр бодол болон удаан суулаа.

Тэгээд нэг л мэдэхэд цэмцгэр цагаан сүмээс сэтгэлдээ нэг л зөөлөн гэгээтэй алхаад гарч байлаа.  

 

Б.Болдсайхан    эмч                       2009-5-24