Нэг тосгон байж гэнэ. Тосгоныхны ихэнхийн бодлоор бол хүмүүс социализмын үед огт бааж шээдэггүй байснаа ардчилалд шилжингүүт баадаг болж хувирсан бөгөөд зөв дэглэм, ёс суртахууны ачаар аажимдаа огт баахгүй ариун гэгээрэлд хүрэх боломжтой. Тиймээс ч тэр тосгонд ямар ч жорлон байдаггүй, жорлон бол орчлонг бузарлагч, нийгмийг ялзруулагч. Тосгоны ариун номлолын дагуу бол хүн амьтанаас ялгарах үндэслэл нь хүн амьтан шиг баахгүй байх явдал. Ямартай ч баас бол муухай зүйл гэдгийг нийтээрээ мэднэ.

Мэдээж одоохондоо ёс суртахууны төлөвшилд хүрээгүй учир шөнө нууцаар баацгаана, харин өглөө нь тааралдахдаа огт баагаагүй мэт аашилж, гудамж талбай ямар их баастай байгаа талаар харуусан халаглацгаана. Хашаатай нь хашаандаа ч баана, заримдаа түүнийгээ хүрздэж гудам уруу шиднэ. Мухар гудам, эзэнгүй хонгил гээд нуугдаж болох бүх газар баана. Хэдэн азгүй нь нэг мухар хонгилд бааж байгаад азаартаж чулуугаар цохиулж алуулна. Тэр хонгилыг нь шударга бусын хонгил гээд нэрлэчихнэ. Баасны эсрэг жагсаал тэмцэл хийгээд ч нэмэргүй, төр засаг нь бааснаас салгах хөтөлбөр байсгээд л боловсруулна, муусайн баагч новшнуудаас салсан цагт л тосгон маань цэвэрхэн болно гэж сурталдана. Хэд хэдэн тосгоны дарга сольж үзсэн ч өнөөдүүл нь ялгаагүй л баадаг хүн байж таарчээ, “Баастай гараар л баас цэвэрлэдэг юм..” гэж зарим нь тунхаглаж удирдагчаа өмөөрцгөөнө. Хүмүүс цөхөрчээ, зарим нь “Социализмын үед арай бага иддэг байсан, тиймээс ч арай бага баастай байж дээ, социализмдаа буцах юмсан..” гэж санаа алдана. Хэн нэг гэгээнтэн гарч ирээд баахгүйгээр хэрхэн амьдрахыг зааж өгөх болов уу? Сураг дуулах нь хойд ах нар нэг том баадаггүй удирдагчтай юм байх, лав ихэнхи нь тэгж итгэнэ, тиймээс найдвар байна.

Харин ганц нэг ёс суртахуунгүй этгээд хашаандаа жорлон ухаадахжээ. Тэгээд тэндээ бааж шээхээр шийдсэн гэнэ. Бүгдээрээ пүү паа болцгоолоо: “Баасгүй тосгонд амьдрахыг бүгд зорьж байхад энэ муу новш бүр шийдээд жорлон ухчихаж. Жорлон бол баасаар бузарлагч”. Анхандаа өнөө жорлон барьсан нөхрийг бүгдээрээ жигшин зэвүүцэж байлаа, гэхдээ л шөнө бүр сэмхэн ирж жорлонд нь баах хүмүүс нэг нэгээрээ цувж эхлэв. Мэдээж мань эр жорлон барихад их хүч хөдөлмөр зарцуулсан учир тодорхой жаахан төлбөр аваад эхэлж. Төд удалгүй жорлонгийн залуу нүдэн дээр баяжин хөрөнгөжлөө. Учир нь тэр ганцаараа жорлонтой, түүний гэрийн ойролцоо баас шээсгүй, учир нь тэр жорлонтой. Гэхдээ хүмүүс түүнийг бүгдээрээ үзэн ядацгаана, учир нь тэр жорлондоо баадаг /уг нь бүгд л баадаг/. Энэ нь засгийн газарт таалагдсангүй, тосгоны дарга түүний жорлонг буулгах тогтоол гаргалаа. Хүмүүс бүгд ариун цэвэр сахих ёстой атал жорлон барьж буй нь бохир заваанд уриалан дуудаж байна, энэ жорлон гэдэг бол нийгмийн хамгийн бузар булай зүйл мөн. Хөөрхий жорлонгийн эр жорлонгоо буулгуулахгүйн тулд засгийн газрынханд баахан л авлига өгөв. Жорлонгоо ашиглаж мөнгө олж болно, гэхдээ орлогынхоо хагасыг төр засаг гэгдэх намчин сдаа нарт өгнө. Засгийн газрын сдаа нар харин өөрсдөө юу ч хийхгүй, зүгээр л жорлон барих зөвшөөрөл өгчихөөд л, уур нь хүрвэл жорлонг нь хаачихаад л, жорлонгийн хамаг орлогыг нь шаачихаад л, тэгсэнээ сонгууль дөхөхөөр л “Тосгоноо жорлонгоос аварна.. Бүх жорлонг нураацгаая..” гэсэн уриа хашгичина. Жорлон .. Жорлонгоос л салаадахвал ер нь тосгон маань бохир булайгаас салах нь дээ. Жорлон барьж байгаль дэлхий бузарлаж буй хүн баяжиж байгаад ард түмэн дургүйцнэ, зарим нь булаад орхисон жорлонг дахиж сэндийчэн нинжадна.

Асуудлын гол нь жорлондоо ч биш, засгийн газартаа ч биш, жорлон барьж сэргэлэнтсэн залууд ч биш, ганц нэг паалан жорлон үзчихээд “модон жорлонгоо буулга” гэж гадаадаас орилолддог бэртэгчингүүддээ ч биш юмаа. Ер нь бүр анхнаасаа “Хүн баах ёсгүй” гээд тархинд нь суулгачихсан хиймэл ёс суртахуунаас болж буй юм. “Хүн баах ёсгүй” ба “Хүн баяжих ёсгүй” төстэй л сонсогдох юм. Айлд хүн баавал тэр айл нь баяждаг гэсэн хэлц ч философи утгатай байж мэднэ.. заза маазарсын. Тэгэхээр хүн гэдэг амьтан угаасаа баадаг, шээдэг амьтан юм. Тиймээс ариун цэвэр сахихын тулд жорлон барьдаг болохоос бааж шээхийг хориглодоггүй. Харамсалтай нь өнөөдөр Монгол улсад “Баахгүй амьдрах урлаг” гэх маягийн ном бэстсэллэр болж, ард түмний дийлэнхи нь “Цаазын ял өгвөл баасгүй болно” гэсэн үзэл бодолтой, хүүхдүүд нь “Хайраар хооллобол баахгүй байж чадна” гэсэн сургамжит өгүүллэгээр тархиа угаалгаж, “Бал дарга 40 жил баагаагүй” гэх маягийн социалист домог яриандаа итгэж хийрхэнэ. Би хийдгээ хийсэн хүн, одоо яасан ч яадын гэж зандрах авгай нарын үгийг баасны философи уруу хөрвүүлбэл “Би баахгүй олон жил тэвчсэн, одоо баахад яадаг юм..” гэсэн утгатай.

Зарим шашинд зургаан эхнэртэй байх нь ёс суртахуунлаг атал зарим шашинд эхнэрээс гадуур ганц сээгсдчихээр тамд унадаг. Хүн чанар, ёс суртахуун гэгчийг ер нь хэн тогтоодог юм? Ихэнхи хүн өөрт таалагдсан зан харилцаатай хүнийг л ёс суртахуунтай, өөрийнх нь үгэнд ордог залуусыг л хүмүүжилтэй гэдэг юм. Ихэнхи хүн өөрийнх нь санаа нийлсэн зүйлийг л шударга, өөрийнхөө итгэдэг зүйлийг л үнэн гэдэг. “Боловсрол биш ёс суртахуун чухал” гээд цэцэрхэгчид ерөнхийдөө бол өөрийнхөө хүүхдийг л боловсролтой бусдын хүүхдийг ёс суртахуунтай байлгах санаатай нь харагддаг. Боловсрол хүмүүжил эзэмшихдээ ч асуудал байгаа юм биш, асуудал харах өнцөг нь арван настнаас долоон дор өчнөөн л PhD професорууд байна даг. Бүгд боловсролтой, хүмүүжилтэй байх албагүй, харин бүгдээрээ хүн гэж ямар амьтан бэ гэдгээ нэг ойлгочихмоор байгаа юм. Үүний тулд харин хүний мөн чанарыг харуулсан ном зохиолоо уншина уу, киногоо үзнэ үү бүү мэддээ. Хүн чанар гэдэг хоосон хийсвэр зүйл, харин хүний мөн чанар гэдэг бодитой, барьцтай зүйл. 

Хүчирхийлэлтэй тэмцэхийн тулд ягааны гудам байгуулдаг болохоос хүчирхийлэгчид цаазын ял оноогоод нэмэргүй. Архидалттай тэмцэхийн тулд архи уух соёл заасан нь дээр болохоос архи зарахыг хориод нэмэргүй. Манай асуудал архи ууж буй хэмжээндээ биш ууж буй соёлдоо л байдаг юм. Авлига, шударга бус байдалд ёс суртахуун ёстой тэг зууны нэг хувийн л нөлөөтэй байх. 76 –ын хагас нь ЖДҮ хуссан байгаа нь харин ч манай парламент ёс суртахуун өндөр байгааг илтгэнэ, боломж байсаар атал хагас нь хусаагүй л байна шүү дээ. Хүн угаасаа баадаг амьтан юмаа гэдэг шиг хүн угаасаа хулгайлдаг, сээгсддэг, тархинд нь гаж бодолт төрдөг амьтан юмаа гэдэг энгийн үнэнийг ойлгочихвол уг нь. Хулгайчтай тэмцэх, хулгайтай тэмцэх хоёр тэс ондоо зүйл юм. Хулгайчтай тэмцэнэ гэдэг нь баахыг хориглоно гэсэн үг, хулгайтай тэмцэнэ гэдэг нь жорлон барьж, тэртээ тэрэнгүй баах баасыг нэг тийш далдруулна гэсэн үг.