Өвгөд Эргүнэ Хунд уул хайлуулж...
Нээх гоё мөрөөдөх үү хэдүүлээ? Аан?
Монголд төмрийн хүдэр байнаа. Байх байхдаа их өндөр агуулгатай, маш том төмрийн хүдэр байна. Зөвхөн Сэлэнгэд ч биш хэд хэдэн газар байна. Өвөг дээдэс аль хэдий нь нээгээд бүгдийг нь Төмөртэй гээд нэрлэчихэж. Бид нарыг мэдэхгүй өнгөрчих вий гэж санаа зовоод тэгж нэрлэсэн байх даа. Заримыг нь бүр өөрсдөө хайлаад төмөр, ган гаргаж авч, болд хийж байсан байна. 2000 жилийн тэртээгээс шүү дээ. 21-р зуунд бид одоо төмрийн хүдрээ хайлахгүй байхад. Өвгөдийн өмнө заримдаа ч ичих нүүрээ хийх газар олдохгүй юм даа. Төмрийн технолог баруун Сибирийн Минусиний хотгороос Монголоор дамжиж 5-6 зуунд хятадад нэвтэрсэн гэж үздэг түүхчид ч байдаг. Тэндээсээ япон очихдоо ган хайлах татара арга, буха хөөргө, хатаана гэсэн монгол нэрүүд нь одоо хүртэл хадгалагдсан юм болов уу гэж би заримдаа мунхагладаг л юм. Сэлэнгийн төмрийн хүдэр бол үнэхээр сайн юм байхаа. Хятадууд саяхан нэг хэсэг тэндээс машинаар зөөж вагонд шилжүүлж ачаад урагш нь мянган бээр тээвэрлээд байхад хүртэл хуга нуга ашиг хийдэг байсан гэдэг.
Тэгсэн тэр төмрийн хүдрийг нь хайлуулж ган болгодог кокс нүүрс нь бас монголд байнаа. Байх байхдаа амьтан болгоны шүлс асгаруулсан маш сайн нүүрстэй асар том орд байна. Бараг л 100 жил маш ихээр ухаад ухаад барагдахгүй юм байхаа. Доор хаяхад 6 тэрбум тн гэж байгаа. Дээшлээд хэдэн арван тэрбум тн болох өндөр магадлалтай гэсэн. Таван толгойн ордын эхлэл нь биш төгсгөл нь олдохгүй зовоодог тийм сайхан баялаг юм гэнэ лээ. Өвгөд маань яахав ган хайлуулж, болд бүтээж байхдаа 19 зууны кокс нүүрсээр хийдэг технологийг мэдэх биш хусны нүүрс, буха хөөргөөрөө хайлж байсан шиг байгаа юм. Эргүнэ Хуний домогт итгэх юм бол атга, өвөр төдий ган хайлж хутга сэлэм төдийг хийх байтугай 70 бухын арьсан хөөргөөр тэр чигээрээ төмрийн хүдэр байсан Эргүнэ Хун уулыг сэт хайлуулж байсан гэдэг. Хайлуулсан их төмрөөрөө ган, болд хийж босож ирсэн гэнэ. Тэр ч хэтрүүлсэн домог юм аа гэхэд монгол сэлэмний болд домогт япон сэлэмнээс чанараар үлэмж илүү байсан гэдгийг сүүлийн үеийн хайтэк судалгаанууд нотолж байгаа. Тэгэхээр төмөр, ган, болд хийх маш сайн технологийг монголчууд эзэмшиж байжээ. Дархан хүн бурхан ухаантай гэж.
Эргүнэ Хуний домог түүхчдийн үзэж байгаагаар наашлуулаад наашлуулаад 7,8-р зууны үеийнх байж таардаг. Гэтэл монголчууд тэрнээс даруй дахиад 500 жилийн өмнө төмрийн технологийг эзэмшсэн байсан тухай мэдээ түүхийн сурвалжуудад дүүрэн бий. Сяньби, Жужаны үед түрэг аймгууд төмрийн боол болж, төмрөөр алба барьдаг байсан гэдэг. Тийм болохоор монгол угсаатан хүрэлийн үеийн хятадуудыг зөвхөн эр зориг, ухаан тэвчээр, хурдан морь, идэт нумнаас гадна технологийн хувьд түрүүлж төмрийн эринд орсон байсан эрэмбээрээ аархан ноёлж байсан болов уу.
1500 жилийн өмнө өвөг дээдсийн хайлуулж чадаад байсан төмрийн хүдрийг хайлуулж, хийж чадаад байсан төмөр, ганг гаргаж болдоггүй улс уу бид чинь. Маш сайн төмрийн хүдэр нь байна. Маш сайн кокс нүүрс нь байна. Юм хум заагаад өгөөч гэж гуйвал үгүй гэдэггүй япон улс байна. Хамтраад ган хайлуулаад ашгаа хувааж авч болмоордоо. Солонгосууд ч цаашаа гээд байхад дайраад л орж ирэх гээд байдаг бас нэг том ган үйлдвэрлэгч, хэрэглэгч байна. Дэлхийн төмрийн бүтээгдхүүний 50%-г ганцаар залгигч аварга хэрэглээт зах зээл Хятад хажууд байна. Үйлдвэрлэгч хэрэглэгч аль аль талаасаа хуучин танил Орос ч бүр нэг их гологдоод байхааргүй байж л байна. Заавал төмрийн хүдрээ гадагш шороо чигээр нь гаргаад л, кокс нүүрсээ хэдэн арван сая тонноор нь зөөж зардалд нь шатаад л, аль аль нь түүхий эд тул нэг их үнэ хүрэхгүй ашиг багатай гуриатаад л, хүн амьтанд баялгаа хүрздэж зөөхөөс өөр идгүй залхуу тэнэгээрээ дуудуулаад л, халбага хадаас болгоноо гадаад далайн чинадаас тээгээд л байх хэрэг байна уу?
Дэлхийн гангийн үйлдвэрийн 90% нь Япон, АНУ, Хятад, Солонгос, Орос-д гэдэг. Яг л цөмийн зэвсэгтэй орнуудын цөмийн клуб шиг пээдгэр гангийн клуб. Энэ клубийн гайгүй гишүүн болчихвол хүн амьтантай нэг их хөл алдаж дуугараад ч хэрэгггүй. Ер нь л дээд эрэмбийн технологийн ангилалын амьтан болчихно. Хүн амьтан ч чамайг өөрийн эрхгүй хүндэлж эхэлнэ шүү дээ монгол минь.
Нээх сайхан мөрөөдөе гэсэн юм чинь давай мөрөөдөцгөөе: За тэр төмрийн хүдэр, нүүрсээ эхэндээ гадагш гаргаж зарж жаал зугаа мөнгө олдог л юм байгаа биз. Гэхдээ хажуугаар нь Японуудтай нийлээд 2-3, Солонгосуудтай нийлээд ганц нэг ган хайлуулах үйлдвэр байгуулж, яг япон технологоор нь үйлдвэрлээд ниппон стиил гээд дээр нь тамгалчихсан байхад, нилээн хямдавтар үнэтэй байхад амьтан хүн булаалдаад авахгүй хаачих вэ дээ. Монголыг тойроод япон, солонгос, хятад, энэтхэг гээд машин, усан онгоц, төмөр зам, барилга, гүүр хийдэг дэлхийн гангийн хэрэглээний 70% нь хаяа дэрлээд байж байхад.
Эхлээд даруухан шиг гулдмай, арматург, нимгэн төмөр, ган утас хийж эхэлнээ. Тэрийгээ зарна. Тэгэж байгаад том төмөр ган хийцүүд хийнэ. Тэгэж байтал тэр гангийн үйлдвэрүүдийн хажууд хувь хувьсгалын олон жижиг ган хийцийн үйлдвэрүүд борооны дараах мөөг шиг ганц нэгхэн жилийн дотор уралдаад л гараад ирнэ. Зарим нь бээжин жипний раам, хаалга хийнэ, зарим нь өндөр хүчдэлийн шугам хийнэ, зарим нь хьюндай, киагийн эд анги хийнэ. Өө зарим сэргэлэн нь тоёотагийн моторийн блокний захиалгыг японуудтай хамт хийж эхэлнэ. Аягүйдвэл хүүхнүүд маань ган халбага, сэрээ, савх хийж эрчүүдээсээ илүү ашигтай ажиллана. Дархан Эрдэнэт хоёр хоорондоо зайгүй шахам нэг их үргэлжилсэн том үйлдвэрийн бүс болно.
Тэгж байтал Оюу толгой, Эрдэнэтийн хажууд зэс утас, машины доторхи кабелийн иж бүрдэл хийж эхэлнэ. Зарим нь компьютерийн эд анги хийж эхэлнэ. Тэгсэн нэг гар Говь Алтайд хагас дамжуулагч, транзисторийн үйлдвэрийг АМД-тэй хамтран эхэлнэ. Самсунгийн чип ч хийж байж мэднэ. Тэгсэн нэг сэргэлэн гар энэ дундаас яг орос 69 шиг хялбар мөртлөө тоёота ланд шиг эвдэрдэггүй жип 10,000 доллар дотор босгох үйлдвэр хятадууд германуудтай хамтран эхлүүлээд бөөн шуугиан болно. Дэлхий даяар “Татар” нэртэй тэр машиныг эхлээд басамжилан шоолж байснаа гэнэт л юу болов гэмээр уралдан захиалга өгөөд тун удалгүй 2, 3 дахь үйлдвэрүүд нь зэрэг зэрэг нээгдэж баларна. Нөгөө ажилгүй улстөрчин монголчууд чинь хоорондоо ч хэрэлдэх завгүй ажил ажил гэж гүйлдээд л, мөнгөө тоолж амжихгүй бөөн бөөнөөр нь банкинд хийгээд л баларнаа. Харин ажиллах хүч олдохгүй дутагдсанаас нэг хэсэг гацах шахах байх. Ямар сая сая хятад оруулж ирэлтэй биш. Тэгснээ гэнэт ухаарч баахан буриад, өвөрмонгол, халимаг, тува, ойрадуудаа гуйх шахам сарын 2000 долларын цалин амлан оруулж ирнэ. Өөрсдөө бол тийм бага цалинтай хүнд ажил хийх ч үгүй. Тэгээд ч аягүй бол хүн хүч хүрэхгүй бүр хазар, татар руугаа ч орж мэднэ. Тэднээсээ эрүүл мэнд, монгол хэлний шалгалт авч оочирлуулаад, голж шилээд бөөн юм болно.
Тэгснээ удахгүй төрөөс чиглэл өгч гангийн үйлдвэр, машины эд анги, машин үйлдвэрлэл зэрэг хэтэрхий нүсэр, байгал орчинд сайнгүй, ашиг нэг их биш үйлдвэрүүдийг цаашид нэмэхийг хязгаарлана. Тэгээд эм, биотехнолог, цахим, нано зэрэг хайтекд зовж олсон хэд гурван триллион доллараа зориулж байх үндэсний хөтөлбөр боловсруулж бүх их дээд сургуулиудаа тийш нь чиглүүлж эхэлнэ. Монгол хүн их цамаан, язгууртан араншинтай. Нээх удалгүй нөгөө хүнд үйлдвэр машин механизмийн гэх мэт бүдүүлэгдүү үйлдвэртээ нэгдүгээр үеийн цагаач монголчуудаа ажиллуулж өөрсдөө дан хайтек, бирж, хөрөнгө оруулалт мэт хэт өндөр ашигтай салбарт шилжиж эхэлнэ. Жиипний үйлдвэртэй нэгнээ шоолж хөөе слесар гуай хэдэн хувийн маржинтай байна? 30%-аа ха ха гэж доргицгооно. Би бас дутахгүй ээ нэг стиим сэлл лаборатори гээд харайж явна.
Нэг л их хувьдаа нисдэг тэрэг, тийрэлтэт онгоцтой тэнэх дуртай нүүдэлчин удмынхан дураараа нисэлдэж агаарт мөргөлдөн дэлхий даяар шинэ монголчуудын тухай дурак дурак онигоонууд тарна. Хурдан морины их насанд 5000 морь уралдахад 500 нисдэг тэрэг дагаж, 56 хиймэл дагуул шууд гүүглдэн нэвтрүүлж 4 морь бахардаж 5 онгоц унаж гэнэ гээд л. Ганц даага Дарь Гангаас авчирахын тулд А380 хөөргөж гэх шиг ч. Эзэн нь СНН-н сурвалжлагчид уурлаж: тэр даагыг чинь би тэгээд үүрээд явах юм уу, унаад явах юм уу гэж гэнэ ч гэх шиг. Гэхдээ дэлхийн хаана ч очсон монгол хүнийг нэг их сонирхсон, хүндэтгэсэн байдлаар харьцаад л. Аргагүй ээ ийм хүмүүсийн өвөг дээдэс л одоогийн Орос, Хятад, Дундад Ази, Зүүн өмнөд Ази, Ойрхи дорнод, Зүүн Европ, Энэтхэгийг бүгдийг нь нийлүүлсний дайтай хүний ухаанд багтамгүй аварга их гүрэн байгуулж байсан байх нь гэж дотроо эмээн бодоцгоогоод л.
За за нэг тэнэг эмч жоохон мөрөөдөө л биз. Юунд нь шоолсийм. Манай монголоо боддог улстөрчид, хурц ухаант бизнесчид, нүүрс төмрийн мэргэжилтнүүд над шиг тэнэгтэж ил гаргадаггүй л болохоос дотроо бол энэнээс 100 дахин илүүг мөрөөдөж, 1000 дахин бодатай болгох арга замыг сүвэгчилж л суугаа даа. Гэхдээ л төмрийн хүдэр нь байна, кокс нь байна, авхаалжтай ард иргэд нь байна, ухаант мэргэн улс төрчид нь байна, төмрийн мангас зах зээлүүд байна, заагаад өгөх япон солонгос нь байна. Мөрөөдөөд, эхлүүлээд, оролдоод үзэхэд яагаад болохгүй гэж. Болж л таараа. Ямар 1500 жилийн өмнө 70 үхэр алаад уул хайлуулах гэж байгаа биш. Тэнгэр мэднэ.
Б.Болдсайхан эмч
2009 оны 5 дугаар сар 14