Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд илгээх ил захидал
Аяа, амгай шаргиж, агт морьд үүрсэн янцгаах чимээг сонсохуйд монгол хүн яахан тогтож сууж чадахсан билээ.
Аяа, амгай шаргиж, агт морьд үүрсэн янцгаах чимээг сонсохуйд монгол хүн яахан тогтож сууж чадахсан билээ. Номин ногоон зүлгэн дээр асар, майхан дэрвэлзэж, дээр хөхрөгч хөх тэнгэр, дор тулагч бор газар шороог уясуулан эгшиглэх хүүхдийн гийнгоо, цэвэр тунгалаг агаарыг зүсэн исгэрэх сум, сурчдын уухай, хүдэр хүчит эрсийн зодгондоо багтаж ядсан од хийморь, бяр чадал, хангарьдын дэвэлт...
Энэ хорвоо дэлхийд Монголоос минь өөр хаана ч үгүй, дэлгэр зуны дэнж хотойлгосон Монгол наадмын айсуу баярын мэндийг Та бүхэнд айлтган мэндчилж, энэхүү ил захидлыг наадамчин түмний зараалаар сийрүүлэн, өргөн хүргүүлж буйг минь учирлан болгооно буй за. Нар, хур тэгширсэн энэ өдрүүдэд уяачдын галаар саатан өнжиж, жинхэнэ Монголын үнэртэй яриа хөөрөөг чагнаархан явахуйд эл ил захидлыг Та бүхний сонорт хүргээч гэж хичээнгүйлэн хүсэгчид нэн олон байсныг онцлон дурдсу.
Нэгэн зүйл: Монголчууд бид эрт цагаас эхлэн эдүгээг хүртэл эрийн гурван наадмыг наадсаар ирэхдээ ямагт хурдан морьдынхоо уралдаанаар эхлүүлж ирсэн нь морин эрдэнийг юутай ихээр эрхэмлэн дээдэлдгийн маань илэрхийлэл баталгаа билээ. Төрийн наадмын түрүү магнай болох шандаст хурдан хүлгийг олж таних, сойж хагсараах, уяж уралдуулах арга ухааныг монголчууд бид үе уламжлан эзэмшиж, түүх шашдиртай бичиглэн дараа дараагийн үедээ өвлүүлэн үлдээсээр ирсэн нь хүн төрөлхтний оюуны санд жичдээ орох хандив бөгөөд өөр ямар ч улс оронд бүрэлдэн бий болоогүй, хаана ч үл давтагдах эрдэм, соёл, уламжлал болой. Наадам хийж морь уралдуулах нь зөвхөн зугаа цэнгэл төдий бус энэ бол монголчууд бидний бусдаас онцгойрон ондоошсон эрдэм мэдлэг, шинжлэх ухаан, бас тусгаар тогтнол, эрх чөлөөний маань баталгаа болсон онц нандин утга учрыг агуулсан өв соёл маань юм. Гэтэл энэ бүхэн утга учраа алдаж болох аюул тулгараад буйг уяачид төдийгүй Монголдоо, мориндоо, монгол наадамдаа хайртай хүн болгон санаа зовинон өгүүлэх боллоо.
Өгүүлэх нь: Сүүлийн үед санаатай хийгээд санамсаргүйгээр басхүү бодлоготойгоор Монгол наадмын утга учрыг үгүй болгох гэсэн хандлага эрс нэмэгдэж байгаа нь хэдэн зууны түүхтэй, ёс жаягтай хурдан морины уралдаанд чиглэсэн хэт популист үйл ажиллагаанаас анзаарагдах болсон нь нууц бишээ. Тухайлбал, хурдан морийг хүүхэд биш насанд хүрэгчид унаж уралдаж байх талаар үнэн балай зүйлийг зарим хүн ярих боллоо. Монголчууд наандаж найман зуун жилээр наадаж ирэхдээ хүүхэд, багачуудаар морьдоо унуулж уралдаж ирсэн нь бидний зэрлэг балмад, гаж сэтгэлгээ биш билээ. Сэтгүүлч миний бодлоор хүүхэд хурдан морь унах нь зэрлэг явдал тэр тусмаа зэрлэг цэнгэл огтхон ч биш ээ. Би өөрөө морь малгүй сэхээтний гэр бүлд өссөн ч, багадаа хурдан морь унах гэж яаж мөрөөдөн тэмүүлж байснаа тод санаж байна. Амьдралдаа анхны бөгөөд сүүлчийн удаа наадамд морь унаж уралдсан минь хэзээ ч мартагддаггүй юм. Хэдийгээр бай шагналд хүрээгүй ч, морь унаж уралдсан минь намайг үеийнхэн дотор баатар болгосон бөлгөө. Би морь унаж уралдахдаа огтхон ч айж байсангүй ээ. Намайг унахгүй гээд байхад уна гэж хэн ч хүчлээгүй билээ. Миний адил Монголын хүүхэд бүр морь унаж уралдахыг хүсэж мөрөөддөг гэдэгт эргэлздэггүй. Энэ бол хүүхдэд олдож буй бас нэгэн эрх чөлөө юм шүү дээ. Хүүхдэд “хайртай” хэмээн бусдаас чанга хашгирч, хүүхдээс морь, наадмыг харамлаад байгаа хүмүүс харин энэ эрх чөлөөг ойлгохгүй ээ. Монгол наадмын, монгол морин уралдааны хэзээ, хаана ч давтагддаггүй, харсан хэний ч сэтгэл хөдөлж, баяр бахдал, өхөөрдлийн нулимс эрхгүй бөмбөрдөг тэр онцлог нь хүүхэд, монгол морь хоёрын зохицолд байдаг юм. Энэ бол бидний гэсэн соёл, бас эрдэм ухаан , өөрчилж үл болох уламжлал юм. Сахал, үс нь сэрвийж, гэзэг хөх нь савчсан эрчүүд, эмэгтэйчүүд морь унаж уралдаад гийнгоо хадааж байгаагаар Монгол наадмыг төсөөлөөд үз дээ. Ийм юм төсөөлөгдөшгүй зүдэг бас бүдэг байгаа биз. Олны анхаарлын төвд орох гэж, нэр алдарт гарах гэж ийм юмаар оролддог хүмүүс харин хамгийн зэрлэг, цэвдэг нэгэн байдаг гэдэгт эргэлзэх хэрэггүй ээ. Бид нааддагаараа л наадцгаая. Гагцхүү морь унаж уралддаг хүүхдүүдийнхээ аюулгүй байдлыг л улам сайн хангаж өгөхийг хаана хаанаа хатуу сахидаг байх ёстой.
Нэгэн зүйл: Монгол наадмын, морин уралдааны уламжлалт дүр төрхийг өөрчлөх болж буй бас нэгэн гамшиг бол цэвэр монгол адууг эрлийз морьдтой уралдуулах болсон хандлага юм. Ийм хандлага үзэгдэл байхаа больж одоо бүр хуульчлагдах шахаж байгаа нь Монгол наадмын түмнийг цэнгүүлдэг, шудрага шинж байдлыг устгахад хүрэх аюултай билээ. Сүүлийн жилүүдэд хурдан морины уралдааны бай шагнал, бооцоо өндөр болсонтой холбогдоод гадаадаас тухайлбал, араб, англи, будённый, ахалеткин, орлов зэрэг үүлдрийн адууг монгол адуутай үржилд оруулан, гарсан төлөөр нь уралдах хандлага гаарлаа. Хэдийгээр адууны угшлыг сайжруулах талаасаа зөв хэдий ч эрлийз адууг монгол адуутай уралдуулахыг хэрхэвч зөвшөөрч боломгүй гэдгийг уяачид маань өгүүлж байна. Хэдхэн тооны мөнгөтэй баячуудын зугаа цэнгэлийн төлөө Монгол наадмын утга учрыг алдуулж болохгүй биз дээ.Тэд асар өндөр үнээр худалдаж авсан эрлийз морьдоо монгол адуутай уралдуулснаар цэвэр цусны монгол морьдыг тамлаад зогсохгүй уяачид, унаач хүүхдүүдийн нэг насны мөрөөдөл, хүсэл, урсгасан хөлс , хөдөлмөрийн үнэ цэнийг устгаж, шороотой хутгаж байна. Хэдийгээр эрлийз морьдыг сэрвээ, мундааны өндөр, гадаад хэлбэрээр нь ялган тусад нь уралдуудаг хэдий ч, бас л санаатайгаар болон санамсаргүйгээр мэдэн будилж монгол морьдтой уралдуулдаг явдал байнга гарах болж олон түмнийг бухимдуулж байгааг зүгээр нэг хөндлөнгөөс хараад сууж болохгүй билээ. Уг нь баяр наадмынхаа хуулийн дагуу эрлийз адууг долоодугаар сарын 13 нд буюу Уяачдын баяраар тусад нь уралдуулж наадаж ирсэн зөв жишгийг эвдэх гэж хэсэг бүлэг хүн улайран зүтгэх болсныг Баяр наадмын комисс өөгшүүлж хэрхэвч таарахгүй. Шуудхан хэлэхэд түмэн олон, төр,засагтаа хөдөлмөрөө үнэлүүлсэн ганц нэг тод манлай уяач хүн хүртэл ийм бусармаг бодол санаагаа хэрэгжүүлэх гэж зүтгэж байгаа нь туйлын харамсалтай. Тэд юунд ингэтлээ Монгол наадмын төрхийг эвдэх гэж тэчьяадна вэ? Тэртээ тэргүй эрлийз морьдын уралдааны бай шагнал, уяачдад олгодог алдар цолны үнэлгээг монгол морьдоос тусдаа уралдууллаа гээд ялгаатай авч үздэггүй шүү дээ. Түрүүлж, айрагдсан морьдод олгодог мөнгөн шагналын дүн ч тэр, уяж уралдуулсан уяач, эздэд нь олгодог цол зэрэг ч эрлийз морьдын уралдаанд яг л адилхан мөрдөгддөг билээ. Өнөөдрийн байдлаар нэгдүгээр үеийн эрлийз адууг гаргаж аваад монгол морьдтой уралдуулж байна. Монголын морин спорт, уяачдын холбооноос гаргасан судалгаагаар Монгол Улсад маань жар гаруй мянган уяач байдаг юм. Тэдний олонхи буюу 95 хувь нь энэхүү шударга бус хандлагад дургүйцэж, эрс эсэргүүцэж байгааг баяр наадмын комисс анхааралдаа авах буй за. Гагцхүү цөөхөн бүр тодруулвал дээр дурдсан ганц нэг тод манлай уяач, өөрийгөө морь судлаач гэж тодотгосон арав хүрэхгүй хүн тодорхой зорилгоор, өнгө мөнгөний төлөө сэтгэлээр, бусдын захиалгаар монгол наадмын тогтсон уламжлал, дэг жаягийг өөрчлөн цөөн хүний эрх ашигт нийцүүлсэн наадам болгох гэж зүтгэж байгааг ард түмний хийгээд наадмын комиссын сонорт хүргэхийг уяачид шаардаж байгаа юм. Хот, хөдөөний олон мянган уяачийн наадамдаа оролцох бололцоо боломж, хүслийг энэхүү хэсэг бүлэг хүмүүс хааж боож чадахгүй билээ. Ганц нэг хүний ханашгүй шунал хүсэл, нэр алдрын төлөөх юугаа ч золиослоход бэлэн хувь араншингийн төлөө монгол түмний эрх ашгийг хөсөр хаяж болохгүй ээ. Өнгөрсөн өдрүүдэд болсон зарим нэг сунгаан дээр очиход цугласан олон маш ихээр бухимдсан үйл явдал болж байхтай таарлаа. Тухайлбал морь судлаач А.Баярмагнай гуай түмнийг бужигнуулан бухимдуулж явахыг хараад гайхав. Тэрбээр эрлийз адууг монгол морьтой хамт уралдуулахын тулд этгээд санаа сэдсэн байх юм аа. Сүүлийн жилүүдэд монгол морь бие томтой, өндөр болсон тиймээс орчин цагийн монгол морины жишиг өндрийг тогтооно хэмээн уяачдын тархийг угааж явах юм. Түүний хэлж байгаа, хэмжиж байгаа стандартаар өнөө цагийн бүх эрлийз морьд монгол морьдтой уралдах болж байна. Дал шахсан насанд даруулга хэрэгтэй баймаар атал энэ эрхэм, басхүү Монгол Улсын тод манлай уяач Д.Онон нар хэний зараалаар, ямар үнэ өртгөөр ийн монгол наадмыг харьжуулахаар зүтгэнэ вэ? Тэр ч бүү хэл эдгээр эрхмүүд Уяачдын нам байгуулж тэмцэнэ хэмээн яваа нь ичмээр бас харамсаар. Эрлийз нь тусдаа, монгол адуу тусдаа уралддаг байдлыг одооноос яг энэ наадмаас хатуу мөрдлөг болгон журамлах нь олны таашаалд нийцэх билээ. Монголчууд бүгдээрээ мөнх хөх тэнгэрийнхээ дор монгол наадмаа монгол ёс жаягаараа мянга, мянган жилдээ хийж, бултаараа цэнгэл жаргалыг эдлэн наадцгаая л даа. Энэ нь Та бүхний үйл ажиллагаанаас шууд шалтгаалах билээ. Монгол наадам мандтугай.