Потсдамын бага хурлын жимээр
Потсдамын бага хурал Германы нийслэлээс баруун өмнө этгээдэд орших Потсдам хот дахь Цецилиенхоф ордонд 1945 оны 7 дугаар сарын 17-ноос 8 дугаар сарын 2-ны өдрүүдэд болж өнгөрсний 70 жилийн ойг энэ өдрүүдэд дэлхийн хамтын нийгэмлэг тэмдэглэж байна.
Эдүгээгээс 70 жилийн тэртээ болсон тэрхүү үйл явдлыг хүн төрөлхтөн мартаагүй.
Потсдамын бага хурал Германы нийслэлээс баруун өмнө этгээдэд орших Потсдам хот дахь Цецилиенхоф ордонд 1945 оны 7 дугаар сарын 17-ноос 8 дугаар сарын 2-ны өдрүүдэд болж өнгөрсний 70 жилийн ойг энэ өдрүүдэд дэлхийн хамтын нийгэмлэг тэмдэглэж байна.
Дэлхийн II дайнд Гитлерийн эсрэг эвслийг бүрдүүлсэн гурван гүрний удирдагч - Сталин, Трумэн, Чөрчилль (халааг нь К.Эттли авсан) нар дайны дараахи Европын олон улсын дэг журмыг энд хэлэлцэн шийдвэрлэжээ.
Цецилиенхоф ордон бол Германы кайзер II Вильгельмийн хүү, угсаа залгамжлагч хунтайж Вильгельмийн хуримаа хийсэн тэртээх 1905 оноос түүхнээ тэмдэглэгдсэн түүхт газар, түүхт ордон аж. Хунтайж Вильгельм энд 1918 оныг дуустал аж төржээ. Дараа нь хаант засаг унаж, тэрээр хэзээ ч Хаан болоогүй ч ордны эзэн үе үе байсаар байв.
Хожим энд III Рейхийн толгойлогчид цуглардаг болж, угсаа залгамжлагч маань ч нацистын үнэнч сурталтан болж хувирчээ. Цецилиенхоф ордонд 1935 оныг хүртэл Гитлер хүндэт зочиж байснаа хунтайж, Гитлер хоёр түнжин тасарч, мань ханхүү нацист намаас хөөгдөн нам гүм болжээ.
Хожим 1944 оны зун Гитлерийг хөнөөх төлөвлөгөө бүхий генералуудын хуйвалдаанд хунтайж Вильгельм оролцсон гэх сэжиг таамаг түүхнээ үлджээ. 1945 он гараад фронт ойртож ирсэн, Германы дотоод байдал хүндэрсэн тул хунтайж ордныг орхин явжээ.
Ордон тэр чигтээ эл хуль болсон нь 1945.04.12-ны өдөр аж. Тэр үед Зөвлөлтийн Улаан арми хотыг бүслэн байлдаж байв. Шуурган гал энэ ордныг дайрсангүй, цэцэрлэг, байшин барилга бүтэн үлджээ. Ингээд 4 дүгээр сарын 26 гэхэд ордныг зөвлөлтийн дайчид эзлэн авчээ.
Гитлерийн Герман бууж өгсний дараа, 6 дугаар сарын 5-нд Берлиний тунхаглалаар ялагч 4 гүрэн Германы засгийн дээд эрхийг гартаа авчээ. Засгийн эрх нэгэнтээ тэдэнд шилжсэн тул дайны дараахи Германы ба Европын хувь заяаг хэлэлцэхээр бага хурал хуралдуулахаар болж хамгийн найдвартай газраар энэхүү Цецилиенхоф ордныг сонгон авчээ.
Тэд ийнхүү 7 дугаар сарын 17-нд тэнд цугларчээ. Зөвлөлтийн До яам хамгаалалтыг дээд зэргээр нарийн чанд зохион байгуулсан байна. Хуралдаан 30 удаа явагдаж, халуун маргаан өрнөж, заримдаа шалтгаангүй завсарлаж, эцэст нь нэгдсэн шийдвэрт хүрсэн тухай түүхнээ тодорхой бичсэн нь бий.
Потсдамын бага хурлын тухай ном хэвлэлээс уншчихаж болох тул түүх өгүүлэх бус фото-нийтлэлээр үзсэн харснаа дор буулгая. Тэр ордонд зочлох хувь бидний хэдэн монголчуудад мөнөөхөн ногдлоо. Аяллыг бидний найз доктор Удо Хаазе зохион байгууллаа.
Цецилиенхоф ордон бол нүсэр том биш, гэхдээ бага биш. Аялахад нэг цаг элбэг багтана. Гэхдээ энэ байшинд дэлхийн гурван том гүрний гурван их удирдагч хагас сар хөршлөн аж төрж, амьдарч, өдөр бүр гурван талаасаа нэг том тасалгаанд цугларан хүн төрөлхтөний хувь заяа, ирээдүйг хэлэлцэн ярилцсан гэж бодохлоор өөрийн эрхгүй огшоод ирэх юм билээ. Сталины ажлын өрөө, Бериягийн хамгаалалтын өрөө, Чөрчиллийн тамхины өрөө, Трумэний өглөөний цайны өрөө, улаан бүтээлэг бүхий хурлын танхим, тэр танхим дахь дугуй ширээ, түшлэгт сандал, 1945 оноос хойш өлгөөтэй байгаа гурван улсын төрийн далбаа гээд үзвэл үнэхээр их түүхээр бахархмаар санж.