Ярилцах, хэлэлцэх, зөвшилцөх, дүйцэлдэх, цэц булаалдах, маргах, хэрэлдэх, тэмцэлдэх, хонзогнох, дайсагнах гэх монгол үгс утгын эрс ялгаатай. Амьдралаас ундардаг түмэн янзын нууцыг хамтын ухаанаар тайлах явцад энэ олон ойролцоо үг үүссэн биз ээ. Үг хэлээ ололцох шаталсан (аядуугаас ширүүсэх хүртэлх) олон хувилбараас ХХI зууны монголчууд-бид өдгөө хонзогнох, дайсагнах хоёрыг нь голдуу хэрэглээд байна уу даа. Үнэн бол харамсмаар. Худлаа байгаа гэж горьдон биеэ албадах гэхээр УИХ-ын зарим гишүүд журмын нөхдөдөө улайм цайм хонзогнож, дайсагнаж харагдах юм.

Сүүлийн үеийн байдлыг ажиглахад тэдний тархи ажил сайжруулах гоц гойд хувилбар сэтгэхгүй, ганцхан огцруулж чадаж байвал гоё гэж донтоод байх шиг. Гагцхүү огцруулж байж л санаа нь амарч, бах тав нь ханах юм бол уу. Цус үзэж байж тайвширдаг хүнтэй адил огцруулж байж л тайвшрах янзтай. Ийм өөдгүй чанар ажил сайжруулах мэргэн арга олдоггүй, зөв бодлого боловсруулахад ухаан нь хүрдэггүй мохоо хүмүүст гол төлөв байдаг. Тэдний гавалд огцруулах атаа хорсол л дөнгөн данган багтаж буй. Өөр орон зай бөндгөрт нь байхгүй. Энэ бол төрөлхийн гажиг биш. Бидний тархины багтаамж бусад үндэстнийхтэй ижил. Харин тархиныхаа чадамжийг бид бүрэн ашигладаггүйн улмаас сэтгэх эд эсийн маань үлэмж хэсэг унтаж орхисон байх. Тархиныхаа талыг юм уу, талын талыг юм уу дөнгөж ажиллуулдаг хүмүүс мунхаглах нь зүй. Бүрэн бус техник хөдөлгөөнд орох хориотой. Бид бүрэн бус тархиараа бие биеэ татаж унагахаас цаашхийг сэтгэхгүй, олигтой яваадаа атаархахаас бус баялаг бүтээхэд бүрэн бус гавал нь хүрэхгүй, ширээ сандал булаалдах төдий л мунхаглаж явна.

Мунхаглалаас гарцгаая. Ялангуяа залуус хуучны харанхуй хоцрогдсон тал тархитай мань мэтийн уршигтай муу зуршлыг бүү өвлө. Өндөр хөгжилтэй орны иргэдийн сэтгэлгээг хуучинсаг маний сэтгэлгээтэй жишээд үз. Тэгээд ямар зөрүү байна, тэр хоцрогдлыг залуус та нар тойр. Биднээс хойш та нар бидэн шиг сэтгэлгээгээр хоцрогдсон харанхуй бүдүүлэг амьтад бүү яв. Хорвоогийн шившиг явахгүйн тулд тархиныхаа сэтгэх багтаамжийг тэлээд бай. Тархи чинь ундраад өгнө. Монгол хүний тархины багтаамж хязгааргүй уужим. Энэ их оюуны баялгаараа амьдрах цаг иржээ хүүхэд минь. Түүхий эдээр баяжихын дээр оюунаараа баяжвал улам гоё харагдана.

УИХ ганцхан огцруулахаар дагнах бус, хамтран бүтээх, арвижуулахад ухаанаа уралдуулж, хүний оюун сэтгэлгээнд оромгүй шинэ шинэ гайхалтай бодлогын хувилбарууд нээ. Гишүүд та нарын гавалд тийм боломж заяасан байгаа. Амьдрал бол бэрхшээл. Бэрхшээлийг оюун ухаанаар давдаг. Нүүрэлсэн бэрхшээл бүрийг давснаар хөгжил цохьцолдог. Ашигт малтмалаар арвины хувьд гадаадын хөрөнгө оруулалт цутгах нөхцөлийг бүгдээрээ бодож ол. Сэтгэх багтаамжаа тэлж чадвал түүхий эдээ боловсруулах, экспортоо өсгөх, төгрөгийн ханшаа чангаруулах юухан байхав. Ухаан сийлж баялаг бүтээхийн төлөө уралд. Ухаан бүхнийг чадна. Ухаанаа ганцхан огцруулалтаар хязгааралдаг гишүүд эвгүй харагдах болжээ.  

Уул уурхайн салбар дэлхий нийтээр унаж эхлэв. Нүүрсний уналт бусад эрдсээс бүр ч илүү хурдаар доошилж байна. Төмөр замаа 7 жил хэрэлдээд тавьж чадаагүй байтал нүүрсний гадаад зах зээл дэх эрэлт эрс буурав. 2012 оны сонгуулийн өмнө гадаадын хөрөнгө оруулалтыг үргээсэн хууль бидний оюун ухаан баталсан. Өнөөгийн бэрхшээл эндээс эхтэй. Эдүгээ бид шалдаа бууж хөрөнгө оруулагчдыг гуйж аргадаж, гай тарьсан хуулиа өөрчилсөн. Гэвч хаширсан егзөр хөрөнгө оруулагчид манай тогтворгүй улс төрчдийг дахин хулхидах вий гэж болгоомжлоод орж ирсэнгүй. Энэ нь итгэл алдсаны гай. Энэ мэт бидэнд биенээ огцруулахаас ондоон ухаан зарах ажил толгойтой үснээс олон байна. Бэрхшээлийг давах арга ухаанаа дайчлан бүтээн байгуулалт, мөнгө олохын төлөө Төр Засаг нэг хүн шиг нэгдмэл ажиллавал хөгжих ирээдүй цэлийж байна. Газар дэлхий, мал сүргийнхээ энэ их баялгийг оюун ухаанаа нэгтгэн удирдахгүй яагаад үргэлж тэрсэлдээд байна аа.

Сайдын суудал юу юм бэ? Юу ч биш шүү дээ. Нэг сайдыг нөгөөгөөр солиод, байхгүй мөнгө бий болохгүйгээс хойш ямар ч ашиг гарахгүй. Тэгэхээр энэ бол атаа жөтөөгөө тайлж кайф авах гэсэн мунхаглал болохоос эх оронч үзэл биш. Бодлогоо Засгийн газрын танхим боловсруулдаг атал хэн нэг сайдыг сугалан хусах гэж ингэж үхэлдэж буй чинь атаа жөтөөгөөр цэнэглэгдсэн мунхаглал.  Жалга довоороо бүлэглэн эрх мэдэлд хүрэх нутгархаг үзэл эдүгээ улс төрд ноёлж байна. Эх орон ард түмэн гэдэг үг Их хурлын танхимд үнэ цэнээ алдав. Сонгуульд ялах юу юм бэ. Адилхан монголчууд юм чинь нэг нь олонх болоод нөгөө нь цөөнх болно л биз. Ямар дайсандаа ялагдаж байгаа биш. Үүнд бүр үхэлдэх юм. Төр барихгүйгээр баялаг бүтээж, ард түмэндээ зарж баяжаач. Буяны зам чинь энэ л байна.

Засгийн газрыг огцруулсан ч шинээр гарч ирэх Засаг мөн л өнөөдрийнхөө унасан бодит бэрхшээлийн намагт тэлчилнэ. Дэлхийд зэс нүүрсний нийлүүлэлт эрэлтээ давж буй тул бидэнд гэгээтэй ирээдүй харагдахгүй байна. Ийм бодит бэрхшээлд сөхрөөд байхад “бодлого буруу байна” гэж нэг гишүүн өөрийгөө рекламдаад болихоо байлаа. Зөв бодлогоо хэлээд өгөөч дээ. Зөв бодлого олж харсан хүнд бодлогын буруу ил тод харагдсан байж таарна. Аврах зөв бодлогоо ядууралд живсэн хайртай ард түмнээ өрөвдөөд харамлалгүй хэлээч. Зарим сайдыг огцруулсан цагт хэлнэ гэж нөөцлөөд байна уу. Эсвэл бусад журмын нөхөдтэйгөө ижил хямралаас гарах гоц гойд зөв бодлого олж сэтгээгүй атлаа “бодлого чинь буруу байна” гэж хий хоосон сүржигнэж, өөрийгөө дөвийлгөөд байна уу. Мөнгөөр сонгуульдаж, төрийн эрх луйвраар авснаа цайруулах гэж жүжиглээд байна уу. Засгийн газрыг дараалан унагаж, аль болох олон сайд онхолдуулбал 2000 оны сонгууль шиг 2016 онд хэт олонх болгож өгье гэж Монголын нийт сонгогч амлаагүй баймаар. Сонгуулийн дүнд олонх цөөнх болсон хоёр нам бие биедээ хонзогнох утгагүй. Харин цөөнх болгосон сонгогч нартайгаа хайр сэтгэл яривал ирэх сонгуульд хэрэг болж юун магад.

Тархиндаа заяасан сэтгэх баялгийг бүрэн ашиглахгүй, зөвхөн албан тушаал, эрх мэдэл, амин хувийн явцуу шуналд дөрлөгдөн, хор найруулсаар яваад тархины чинь өчүүхэн хэсэг л ажилладаг болж. Ихэнх хэсэг нь ажиллахгүй байсаар үхжилтэд оржээ. Тархинд чинь зөвхөн “огцруулна” гэх ганц цэг гялтайгаад бусад нь гэрэлгүй харанхуй болсон байна. Бүтээх чадваргүй улс төрчид л огцруулах гэдэг. Огцруулаад л байвал гадаадаас хөрөнгө урсаад, дотоодод иргэд мөнгөөр бялхаад эхэлдэг үлгэр ч байхгүй. Эрхэм улс төрчид минь сэтгэх цар хүрээгээ тэлцгээ. Та нарын тархины сан хөмрөгт ашиглагдаагүй үхмэл нөөц их бий. Тэр нөөцөө ашиглавал хямралаас өлхөн гарна.
                                                                                                                    2014-06-13