ДЭЛХИЙД


Хэд хоногийн өмнө Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо (ОУХБХ - FIFA)- ны шинэ Ерөнхийлөгчөөр Европын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхий нарийн бичиг Жанни Инфантино гэж Швейцарын итали гаралтай хүн болов. Асар их мөнгө эргэлддэг энэ холбоо авилгал, хээл хахууль, засаглалын доройтолд орсон гэдгийг бүгд мэдэхийн дээдээр мэдэрсэн. Инфантино ОУХБХ-г өөрчилнө гэсэн уриатай байсан нь олон хүний итгэлийг татсан юм.Өмнөх Ерөнхийлөгч Блаттэрийг авилгалын хэргээр таванжил FIFA-гийн үйл ажиллагаанд оролцохыг Платинитай хамт хорьжээ.

Үүний өмнө FIFA-гийн удирдлагуудаас 10 гаруй хүнийг авилгалын хэрэгт буруутгаж,хөлбөмбөгийн үйл ажиллагаанд оролцох эрхийг нь хасч, мөрдөн байцаах болсон юм. Манайхаар бол Төрийн Бус Байгууллага гэж явдаг энэ холбоо хөлбөмбөг сонирхогч олон улс үндэстний дундын холбоо байсан бол сүүлдээ мөнгө олох гэсэн шунахай нөхдийн хоргодох байр болоод байна. Соёлжсон, засаглалын хувьд өндөр түвшинд гарсан хөлбөмбөгийн хөгжлийг тэргүүлдэг олон улсууд үүнийг эсэргүүцэж байсан юм. Хэрвээ бусад дөрвөннэр дэвшигчдийн нэг нь Ерөнхийлөгч болвол FIFA гэдэг байгууллага уруудах тийшээ хөдлөхийг олон хүн анзаараа байлгүй. Иймээс л Инфантино бусдаасаа ялгарч чадсан билээ. Тэр FIFA-г өөрчлөх бодитой алхамууд хийж эхлэхээ мэдэгдээд байна.

ӨӨРЧЛӨЛТҮҮД

Өөрчлөлт 1: Блаттэр сонгуульт жил Монтсеррат, Сент Лусиа, Ангилла, Түркиш ба Каикос, Каиман гээд хэний ч танихгүй шинэ гишүүдийг нэмж санал өгөх эрхийг нь худалдаж авдаг байв. Хамгийн их мөнгө босгодог Англи, Монтсерраттай адил нэг саналтай байна гэдэг шударга бус зүйл. Англитай ярьснаас Монтсерратын саналыг хямдхан худалдаад авах нь ашигтай. Испанийн саналыг Түркиш ба Каикосоор тэнцүүлчихнэ гээд цаашаа явж өгнө. Манайхыг бас Герман ч юм уу аль нэгээр нь тэнцүүлээ байлгүй. Блаттэр ардчиллын зарчмыг урдаа барьж, хөлбөмбөг сайн хөгжөөгүй улсуудаар FIFА-гийн засаглалыг ямар их доройтуулсныг харж болно. Швейцарчууд хүртэл Блаттэрийг швейцар хүн биш гэж хэлдэг нь ортой. Иймээс Европын холбоод Аргентин, Бразилыг нэмээд Дэлхийн Хөлбөмбөгийн Холбоо байгуулах яриа гарах үед Блаттэр анхлан нэрээ татаж байсан юм. АНУ, Япон, БНСУ, Австрали гээд засаглал сайтай улсууд үүнийг дэмжиж FIFA-гаас гарахаа мэдэгдэж байлаа.

Гэвч дахин нэр дэвшинэ гэдгээ мэдэгдэж, удалгүй Сахилга батын хорооноос шийтгэл амссан билээ.

FIFA-г унагасан хүн болохгүйн тулд эхлээд болгоомжилсон ч ардаа тохиролцоо хийсний үндсэн дээр дахин нэр дэвших болсон гэж ойлгож болно.

Чанаргүй шинэ гишүүдийн буянаар Катар дэлхийн аварга зохиох эрхийг АНУ, БНСУ, Япон, Австралиас “хүчээр” авсан бөгөөд авилгалын хэрэг нь одоо ч мөрдөгдсөөр байна. Дэлхийд спортын салбар нь асар өндөр хөгжсөн улсуудыг Катар ялаад гарна гэдэг ямар ч эрүүл хүн бодсон сэжигтэй. FIFA-гийн чансааны сүүлийн 70-80 – н улс энэ чанаргүй гэх тодорхойлолтод багтдаг гэхээр FIFA-г хөлбөмбөгчид биш улс төрчид удирдаж байсныг тодорхой харж болно. Африкийн 56-гийн 80 хувь нь, Азийн 47-гийн тал нь, Төв Америк, Австралийн 30 орчим арлын улсуудыг нэмэхээр ханатай гарах нь ойлгомжтой. Эдгээр улсад нийтлэг шинж байдаг бөгөөд ихэнх нь авилгал, хээл хахуульдаа баригдсан, улс төрчдөөс хараат, засаглалын хувьд доройтсон орнууд юм.

Нэгэнт эдгээр улс орныг гишүүн болгосон болохоор хасч болохгүй.

Тиймээс  Дэлхийн аваргын зохион байгуулагч улс орныг шинээр томилогдох холбооны зөвлөлөөс тодруулах саналыг Инфантино гаргасан. Холбооны 36 – н  гишүүний 6 нь эмэгтэй байна. Учир нь эмэгтэй хөлбөмбөгт зарж буй мөнгөнөөс 10 дахин их мөнгийг Швейцарын зочид буудалд зарсан гэсэн мөнгөн дүн бий. Холбооны зөвлөлд сонгогдох гишүүдийг тухайн тивийн холбоо өөрсдөө тодруулах учраас эрх мэдлийг тарааж, авилгалыг үгүй хийх бодлого юм. Ази тивээс 2 гишүүн сонгогдоно. Дан Арабууд азийг төлөөлөх биш, арабаас нэг гишүүн гарлаа гэхэд, зүүн азийн чанартай улсуудаас нэг гишүүн гарч ирэх юм.

Харьцуулалт: Жилийн өмнө болсон манай Монголын Хөлбөмбөгийн Холбооны сонгууль ямар болсон бэ? Битүү луйвар, булхай, улс төрийн хор найруулга. Ёс зүй, ёс суртахууны хэм хэмжээг бол ярих юм биш. Авилгал, хээл хахуульд баригдсан засаглал муу улсад болдог бүх юм болсон. Монголд яагаад хөлбөмбөг хөгждөггүй вэ? гэдгийг сонгуулиараа баталсан юм.


Б.Ганболд эрхээ хасуулснаар түүний залгамжлагч буюу түр томилогдож, 2 жил гаруй Хөлбөмбөгийн холбооны дэд Ерөнхийлөгч (ийм албан тушаал, орон тоо, томилох эрх ч дүрэмд байхгүй) - өөр ажилласан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зөвлөх А.Ганбаатар буюу “Габи”, Худалдаа,хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал хөлбөмбөгчин байсан Б.Мэдрээ, Хоромхон клубын ивээн тэтгэгч,манай улсын тэргүүлэх Уул уурхайн магнат Т.Лхагвадорж нар дэвшлээ. Ном ёсоор бол сүүлийн 2 нэр дэвшигчийн нэг нь Ерөнхийлөгч болж байж Монголд хөлбөмбөг гэдэг спорт өндийх байсныг уншигч Та мэдэх байлгүй. Санхүүгийн хувьд эрх чөлөөнд хүрчихсэн, улсын тэргүүний том хувийн хэвшлийн тэргүүлэгчид эрүүл улсад сонгогддог. Гэтэл төр, засаг болон хувийн хэвшлийн тулаан болж, манайх шиг улсад болдог уламжлалын дагуу мэдээж төрийн ялалтаар өндөрлөсөн билээ.
Хөлбөмбөгийн ямарч тэмцээн уралдаанд оролцдоггүй аймгууд гэнэт ИТХ, аймгийн Засаг дарга нар хөлбөмбөгийн холбооны сонгуульд ороод ирэх нь тэр. Яг л FIFA-гийн зарчмаар “Хоромхон” клубын саналыг Баян-Өлгийгээр тэнцүүлж, “Эрчим” клубын саналыг Хэнтийгээр гэх мэт явж өгөв. Энэ хоёр клуб гадаадад манай улсыг төлөөлдөг, манай улсын хамгийн их төсөвтэй клубууд.

Санал өгсөн клубуудын хамгийн дээд тал нь жилд 300 сая төгрөг хөлбөмбөгт зарцуулдаг бол тэдний эсрэг хөлбөмбөгт ямарч мөнгө зарцуулдаггүй аймгууд, түүний Засаг даргын Тамгын газрынхан, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынханыг оруулж ирсэн нь энэ юм.

Энийгээ хөлбөмбөгийг улс оронд жигд хөгжүүлэх зорилготой гэж пиардаж сурталчилж, өнгөлөн далдлалт хийнэ. Англи, Монтсерратад хөлбөмбөгийг жигд хөгжүүлдэггүй л биздээ. Тийм бололцоо ч байхгүй. FIFA энийг таслан зогсоосон бол бид чадаагүй. Тэгэхээр бид байрандаа үлдэх өөр сонголтгүй.

Хөлбөмбөгийн холбооны сонгуулиар Аудитын хороо, Авилгалтай тэмцэх газар, тагнуул гэсэн төрөөс хараат байдаг газрууд төрийн албан хаагчаа биш хөлбөмбөгчдийг шалгаж, дуудаж байлаа. Сонгууль өгөх эрхтэй гишүүдийн хувийн компаниудад татвараар янз бүрийн торгууль тавьж, хэдэн сая төгрөг төлсөн хөлбөмбөгчин ч бий. Өөртөө санал худалдаж авах гээд дийлэхгүй болохоор төрөөр далайлгаж байгаа нь тэр. Дэлхийд сонгуулийг будлиантуулж гарч ирээд улсаа хөгжүүлсэн жишээ би лав мэдэхгүй. Ийм төрлийн хүмүүс үргэлж өөрсдийн хувийн эрх ашгаа нэн тэргүүнд тавьсан хүмүүс байдаг. Хэвлэлээр өөрийгөө худлаа магтуулж, манай улс хөгжиж байна, хөлбөмбөгт хөгжил авчирлаа гэж хэнэг ч үгүй бурна. Хэвлэлээр гарах хөлбөмбөгийн бүх юманд өөрөө гараад л, өөрийнхөө зургийг тавиад л. Угтаа бол хөлбөмбөг бол А.Ганбаатарын өөрийгөө сурталчилах хэрэгсэл. Хөлбөмбөгийг хөгжүүлж байгаа мэт энэ шоуны цаана ард юу болж байгаа бол. Ийм хүмүүс буусныхан дараа ардаа ямар их арилашгүй толбо үлдээдэг гэж санана.

Нийтэд нь багцлавал ТББ-ын сонгуульд төрийн нөлөө оруулсан 2, дүрэм зөрчсөн 5, ёс зүйн 7, өдөр тутмын үйл ажиллагааг доройтуулсан 2 үйлдэл (дээрх үйлдлийг Ерөнхийлөгчид бичсэн захидлаас харж болно http://batzaya.niitlelch.mn/content/6713.shtml )-ийг Монгол улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, нутгийн дүү А.Ганбаатар нь гаргажээ. Гэхдээ тэр сонгогдсон.

Өөрчлөлт 1 манайд ямар ашигтай вэ?

Хариулт нь ашигтай. Манай улсад хаана Дэлхийн аваргын тэмцээн болох нь тийм ч чухал биш. Харин улсыг төлөөлдөг эрхэм үүгээр яаж авилгал авдаг байсныг бид ч мэдсэн, дэлхий ч мэдсэн. Ингээд Б.Ганболдын эрхийг FIFA таван жилээр, хөлбөмбөгийн цэнгэлдэхэд орох эрхгүйгээр хассан юм. Харин түүний дүрэм зөрчиж томилсон, залгамжлагч А.Ганбаатарт энэ үүрэг, хариуцлага ноогдохгүй болж байна.

Манайх шиг улс засаглалаа сайжруулж, эрүүлжихгүй бол бидэн шиг улсуудад зориулсан хариуг FIFA энэ мэтээр өгсөөр байх болно.

Өөрчлөлт 2: FIFA бол манайхаар Төрийн Бус Байгууллага. Гэвч ТББ- ын дарга нарын орлого үргэлж хаалттай байлаа. Хаалттай байлгах сонирхол дарга нарт байсан бол Инфантино энэ жишгийг эвдэхээр шийдсэн юм. FIFA-г нээлттэй, улс төрөөс ангид, ил тод болгосноор FIFA-гийн бүх удирдлагуудын цалин, орлогыг мэдэх боломжтой бөгөөд үүнийгээ дагаад авилгалын хардалтыг бууруулна.

FIFA аль ч талдаа шилэн болж байна гэсэн үг. “Хувь хүний орлого, цалин нууц боловч манай байгууллагад энэ зохимжгүй” гэдгийг Инфантино хэлж байна. FIFA-гийн хаалттай байсан ганц данс нь энэ байлаа. Ирэх жилээс гишүүн орны Ерөнхийлөгчид хэдий хэмжээний мөнгө авдаг байсныг давхар мэдэх боломжтой. Энэ жишгийг ч тэр байхгүй болгох биз.

Харьцуулалт: Манай хөлбөмбөгийн холбоо бол яг FIFA-гийн эсрэг. Хэдэн төгрөг орж ирдэг (жилд багцаагаар 3 – 5 сая америк доллар орж ирдэг гэцгээдэг), юунд зарцуулдаг нь тодорхойгүй. Тодорхойгүй байлгах сонирхол дарга нарт нь бий. Ил тод байтугай Сахилга батын хороо, Аудит хяналт шалгалтын хороо, Ёс зүйн хороодыг манай Хөлбөмбөгийн холбооны одоогийн Ерөнхийлөгч, Ерөнхий нарийн бичгийн дарга, тэдний гар хөл бологч аппаратын ажилтнууд санаатайгаар байгуулахгүй байна.

Эдгээр хороог FIFA – гийн дүрмээр заавал байгуулах ёстой, үүрэгтэй. Б.Ганболд Удирдах зөвлөлдөө өөрийн хүмүүсээ тавьдаг байсан бол А.Ганбаатар дээрх хороодод өөрсдийнхөө хүмүүсээ тавьж, ил тод байдлыг хаах сонирхолтой. Өөрийнхөн гэдэг нь хөлбөмбөгт хамааралгүй хүмүүс юм. Харин шинэ Гүйцэтгэх зөвлөлийг ёс зүйтэй, хөлбөмбөгөө гэсэн сэтгэлтэй хүмүүс тал хувийг нь бүрдүүлж байгаа нь А.Ганбаатарын дураараа авирлахыг тодорхой хэмжээнд хязгаарлаж байгаа юм. Тиймээс л жил дамнан дээрх хороодыг байгуулахгүй, Гүйцэтгэх зөвлөлийн хэдээсээ арга саам хэрэглэн өөртөө урвуулах ажил хийж байна ... 11хүнээс бат зогсож буй хэдэн хүн дээр л Монголын хөлбөмбөгийн одоо, ирээдүй тогтож байна. Та бүхэнд амжилт хүсэе!  Ирээдүйд Та хэдийн тухай кино гарна гэж хэлэхэд таатай байна.

Өөрчлөлт 2 манай ямар ашигтай вэ?

Хариулт нь ашигтай. Ашиг нь шууд харагдана.“Морь” хочит Б.Ганболдын хэдий хэр мөнгө шамшигдуулсныг хэн ч мэдэхгүй (сургаар бол Б.Ганболд АНУ, Австрали улсад хэд хэдэн хаус байшинтай гэдэг, үүнийг төр засаг шалгаж, ил тод болгох ёстой). Уул нь Монгол улсад хөлбөмбөгөө хөгжүүл гэж өгсөн мөнгийг Монголын төр засаг шалгах ёстой, тийм ухамсар, хариуцлага, ёс зүйтэй байх ч ёстой, энэ бол засаглалын төлөвшил, хэм хэмжээ мөн.

Авилгалжсан FIFA авилгалын хэргээр Б.Ганболдын эрхийг нь хасч байна гэхээр асар их мөнгө гэдэг нь ойлгомжтой. А.Ганбаатарын яаж байгааг бид бас л мэдэхгүй. А.Ганбаатарын ард төр байна. Төр өөрөө өөрийгөө шалгана гэж үү? Харин ч Гүйцэтгэх хорооны гишүүдийг ээлжлэн дарамтална. Шударга үнэний дуу хоолой болдог манай телевизүүд, хэвлэл мэдээллийнхан ямарч хэлэлцүүлэг, сурвалжлага хийхгүй байгаа гэдгийг энд цохон тэмдэглэе. А.Ганбаатар өөрөө Монгол улсын одоогийн Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээлэл хариуцсан зөвлөх гэдгийг анхаарах хэрэгтэй.

Ингэж харахаар FIFA-гийн ил тод, улс төрөөс ангид, нээлттэй байдал нь бидэд сайнаар нөлөөлнө. Өнгөрсөн жилийн сонгуулиар шилэн данстай болсон, бүх юм ил тод болсон гэж зарлаж байсан ч одоог хүртэл Blue Sky-д үрэлгэн зан гарган арга хэмжээ зохион байгуулдаг, гишүүд нь Corporate-ийн VIP өрөөнд тухалдаг тансаг холбооны шилэн данснаас үнэр ч алга. Сүүлийн өгүүлбэрээс хөлбөмбөгт зарцуулах мөнгө, зочид буудалд очдогийг уншигч авхай Та анзаараа байлгүй. Дэлхийд хөлбөмбөгийг ингэж хөгжүүлдэг юм байлгүй дээ.

Жич: Багадаа И Кван Юү гээд Сингапурыг босгож ирсэн удирдагчийн тухай уншиж байсан юм. Улсын мөнгөө хэрэгтэй зүйлд зарцуулахын тулд гадны уулзалтуудад туслахтайгаа 2-уулаа энгийн нислэгээр явж байхад, Бангладешийн Ерөнхийлөгч 300 бараа бологчтойгоо, тансаг хувийн онгоцоороо айлчилдаг байсан тухай бичсэн байдаг. Бангладеш одоог хүртэл намаг балчираасаа гараагүй, дараа дараагийн Ерөнхийлөгчид нь тансаглалд мөнгө зарсаар байгаа бол Сингапур 2016 онд нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүнээр дэлхийд 3- д жагсчээ. Удирдагчийн хийж буй үйлдлүүд ирээдүйд яаж тусдагийг үзүүлсэн сонгодог жишээ юм.

Өөрчлөлт 3: FIFA анх байгуулагдсан 1904 оноос хойш ердөө наймхан Ерөнхийлөгчийн нүүр үзжээ. Анхлан цэвэр хөлбөмбөгийн нэрийн дор байсан бол хүрээгээ тэлж, мөнгө олох тусам бизнесийн чиглэл давамгайлах болов. Харин нэг алдаа нь засаглалаа давхар сайжруулж, хөндлөнгийн хяналтаа чангатгаж чадаагүй юм. Үүний улмаас сүүлийн 2 Ерөнхийлөгч (Жоао Авэланж 1974 – 98 он, Зэпп Блаттэр 1998 – 2015 он) авилгалын хэрэгт унаад байна.

1974 оноос хойш хөлбөмбөг асар хурдацтай хөгжихөд FIFA-гийн засаглал сайжраагүй. Угтаа бол улс нь баяжаад хөгжөөд байдаг, төр нь засаглал муу хэвээр л байгаад байна гэсэн үг.

Инфантино энэхүү өөрчлөлтийг мэдэрч Ерөнхийлөгчийн улиран сонгогдох хугацааг 3 биш 2 болгохоор хөдөлгөөнд оруулаад байна. Өмнөх Ерөнхийлөгчийн үед өөрийн эрх ашиг хөндөгддөг байсан болохоор энэ талаар өөрчлөлт хийдэггүй байлаа. Дээр нь Ерөнхийлөгчийн эрх мэдлийг багасгаж, Холбооны зөвлөлийн үүргийг нэмэж байна.

Харьцуулалт: 1998 оноос хойш зууралдсан Блаттэр, Б.Ганболд нар 2014, 2015 онуудад дамнан эрхээ хасуулсан. Ийм удаан хугацааны муу түншлэл ядаж дөрвөн жилээр багасна. Хэрвээ хөлбөмбөгийг хөгжүүлье гэж ухаалгаар харж чадвал толгой байгууллагын хөгжил дэвшлээс бид суралцах боломжтой. Тэд Ерөнхийлөгчийн сонгуулийг ил тод, нээлттэй хийж байгааг бид харлаа. Манайд сонгуулийн бүх булхай ил байсаар байхад юу ч болоогүй. Инфантино Ерөнхийлөгч болсныхоо дараа “FIFA-д хөлбөмбөгийг, хөлбөмбөгийг FIFA”-д нь эргүүлэн авчирна гэсэн утгатай үг хэлсэн.

Манайд жинхэнэ хөлбөмбөгчид нь “Хөлбөмбөгийг хөлбөмбөгчдөд” гэсэн уриатай оролцоод улс төр, төр, засгийн багт яалт ч үгүй ялагдсан. Монгол улсын Ерөнхийлөгчийн зөвлөх маань Хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч болж, Жэнко Х.Баттулгын туслах Хөлбөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга болж, Б.Ганболдын эхнэр Ази тивд Монгол улсын төлөөлөгч болж, амар сайхандаа жаргаж, амин хувийн ажлаа гүйцэлдүүлсээр л байна. Орчиноо цэвэрлэж байгаад ажлаа хийх гэсэн “хулгайн төгс баг”-т Гүйцэтгэх хорооны хэд саад болоод байгаа юм.

Үлгэр энд хүрээд дуусвал үлгэр жишээ авах үлгэр гэдэг утгаа алдана. Үлгэр үргэлж сайхан дуусдаг. Сайхан дуусгахад сайн хүмүүсийн үүрэг чухал. Харамсалтай  нь Бангладеш манай хоёрт үлгэр дуусах яагаач үгүй байх шиг. Бидэнд засаглалаа сайжруулахаас өөр хөгжих гарц үгүй. Хөлбөмбөг хөгжиж байна, сайхан болж байна гэсэн пластик үгээр хэвлэлээр бөмбөгдөөд л байна. 100 сая төгрөг хөлбөмбөгт босгож урд хожид байгаагүй ажлыг А.Ганбаатар хийлээ гэнэ. Гэтэл Б.Ганболдын үед эдийн засаг тэлээгүй байхад Д.Тэрбаатар нарийн бичиг байхдаа дотоодоосоо 280 сая төгрөг босгож байсан жишээ бий. Хүн хуурах, худлаа хэлэх тал дээр өрсөлдөгч алга даа. Хөлбөмбөгт хувийн хэвшил хичнээн мөнгө өгөөд нэмэр байхгүй. Олон залуус хөлбөмбөгт орж, клуб байгуулж байна. Гадны хөлбөмбөгөөс үлгэрлэж буй эдгээр шинэ хүмүүс Монгол, Англи биш шүү гэдгийг ойлгох хэрэгтэй. Бид засаглалаараа бараг л Зимбабве, Мугабэгийн засгийг Таны мөнгө дэмжинэ гэсэн үг. Банкны захирал бөгөөд хөлбөмбөгийн тоглогч асан, Уул уурхайн магнат хөлбөмбөгийн клубын ивээн тэтгэгч Монголын Хөлбөмбөгийн Холбооны сонгуульд оролцоод гарч чадаагүй гэхээр африкийн улсаас ямар ялгаа байна. Сүүлийн жишээ Нигерид ийм явдал болж л байлаа. Монголын урдаа барьдаг хувийн хэвшлийг төрөөс өөр ялах гарц байхгүй. 

Өөрчлөлт 3. манайд ямар ашигтай вэ?

Хариулт нь ашигтай. Ялангуяа, үлгэр дуурайлал авах тал дээр илүү чухал юм. Дээр нь шинэ Ерөнхийлөгч Инфантинод манайх шиг муу нэртэй, луу данстай улсуудын Хөлбөмбөгийн холбооны засаглалыг сайжруулах, хөлбөмбөгийг дэлхийн жишгээр хөгжүүлэх сонирхол бий. Чанартай гишүүнтэй болно гэдэг хаа хаанаа хэрэгтэй.

Ингэхээр Блаттэр шиг зүгээр мөнгө өгөх биш, манайх шиг улсын засаглал тал дээр илүү анхаарал хандуулж, мөнгөө яг юунд зарцуулж байгааг нь хянах тал дээр анхаарал тавина. Манай жилийн өмнө болсон сонгуулиар хөдөө орон нутгийнханд FIFA-гаас орж ирсэн мөнгийг тарааж, санал худалдаж авч байсан явуургүй үйлдлүүдийг таслан зогсоох боломжтой.

FIFA бидэнд механизмыг нь бодож өгөөд дээр нь механизмаа хянадаг жишгийг нь гаргаад өгчихсөн. Сахилга батын хороо, Аудит хяналт шалгалтын хороо, Ёс зүйн хороо бол монголд хөлбөмбөг хөгжих суурь болох хяналтын хэсэг юм. Өнгөрсөн жилийн сонгуулийн дараа хамгийн түрүүнд хийх ажил энэ байсан боловч өөрт нь ашиггүй, бүх булхай нь илрэх гээд байгаа учраас одоог хүртэл байгуулахгүй байгаа юм. Хэрвээ эдгээр хороо бие даасан үйл ажиллагаа явуулаад эхэлвэл засаглалд өөрчлөлт орж Б.Ганболд, А.Ганбаатар шиг хүмүүс Монголын Хөлбөмбөгийн Холбоонд ажиллах боломжгүй болно. Хичнээн сайн загвар байгаад хяналтгүй бол юу ч биш болдгийг үүнээс харж болно.

ИРЭЭДҮЙД ЮУ БОЛОХ ВЭ?

Манайд бол юу ч болохгүй, дэлхийн хөлбөмбөгт хачин сайхан өөрчлөлтүүд орох л байх. Манайд хөлбөмбөг хөгжиж байна гэж баахан хүн хуурах ажил хийнэ. Б.Ганболдын үед хуурч болдог байсан одоо бол үгүй. Ази, Дэлхийн аваргын ганц чанартай тэмцээн болоход бүх юм тодорхой болно. FIFA-гийн манай чансаа ч бүхнийг хэлээд өгнө. Гаднаас нэг сайн дасгалжуулагч авчираад нэг хожоод хүмүүсийг хуурна гэсэн гэнэн төсөөлөл байгаа биз. Уучлаарай, тоглолтын сахилга байтугай хувийн сахилга бат ч суугаагүй манай тамирчдыг ямарч сайн мэргэжилтэн ирээд амжилт гаргалаа юу. Хоромхон 1978 оны Дэлхийн аваргын тоглогч, сайн дасгалжуулагч ирээд ямар өөрчлөлт оруулсан юм бэ? Францад тоглож байсан Япон дасгалжуулагч ямар гавьяа байгуулав. Тухайн 2 клуб бахь байрандаа. Гадны хөлбөмбөг шиг дасгалжуулагчаа солиод л амжилт гаргадаг гэсэн хүүхдийн бодлоосоо манай хөлбөмбөг салдаггүй ээ. Нэгэнт техникээ буруу сурсан, зан характерийн хувьд лифт шиг үсчисэн, сахилга батын талаар анхны ойлголтгүй, багаар тоглох, багаар сэтгэх, багийн чадвар бий болгох тал дээр суралцаагүй хүмүүс гэнэт багаар тоглоод, сэтгээд эхлэх үү.

Гадаад дасгалжуулагч нь оройн цагаар гарч болохгүй гэдэг энгийн шаардлага тавихад бүх хөлбөмбөгчдийг доргиосон асуудал болгож буй тоглогчдоос ямар амжилт хүлээх вэ? Монгол дасгалжуулагчтайгаа нийлж дураараа, тааваараа байхыг илүү дээр гэж үзнэ. Манай хөлбөмбөг амжилт гаргана гэж бодохоосоо өмнө Бутан, Камбож, Непалд яаж хөлбөмбөг хөгжих вэ гэж бодоод үзээрэй. Засаглалаа сайжруулахгүй бол ямарч тохиолдолд эдгээр улсуудад хөлбөмбөг хөгжихгүй. Манайд ч ялгаагүй. Тэгэхээр ирээдүйд юу ч болохгүй, зурагтаараа гадны багаа дэмжээд суухаас өөрт сонголт алга даа.

FIFA ЮУ Ч ХИЙДЭГГҮЙ

Сонсоход утгагүй мэт боловч үнэндээ бол тийм. Европын топ-5 лиг хөлбөмбөгийг сурталчилж, бизнесийн хувьд өндөрт авч явдаг. Мэссиг Барсэлона дэлхийд таниулдаг болохоос FIFA биш. Дэлхий нийт эдгээр топ лигүүдийг үздэг. Харин FIFA эдгээр лигийн алдаршуулсан тамирчдаар нүүрээ тахалдаг. Дэлхийн аваргад европын улсууд, европт тоглодог тамирчид оролцохгүй бол хэн ч үзэхгүй, орон нутгийн тэмцээн шиг болно. Хөлбөмбөгийн ойлголттой хүнд FIFA-г эдгээр лигүүд авч явааг сайн мэднэ.

Европын улсууд Бразил, Аргентинтай нийлээд FIFA-гаас тусдаа гарчихвал FIFA оршин тогтнож чадахгүй. Засаглал сайжрахгүй бол ирээдүйд ийм юм болох нь тодорхой. Инфантино болон илүү ухаалгууд нь үүнийг аль дээрээс олж харсан. Европын аваргад урилгаар Бразил, Аргентинийг оруулах санал гарч байсныг мартаж болохгүй. Өмнөд Америк өөрийн аваргадаа(Copa America) урилгаар Япон, АНУ, Мексикийг оролцуулж байсан гэхээр боломжгүй зүйл биш. Мексик 2 удаа өөр тивийн аваргад түрүүлэнгээ алдаж байлаа. Европт энэ давтагдвал Дэлхийн аваргаас илүү сонирхолтой болно.

Английн Премьер лиг үзээд адилхан тэмцээн зохиогоод хөгжчих юм шиг ойлголт олон хүнд бий. Гэтэл тэр том тэмцээн зүв зүгээр байж байгаад гараад ирсэн юм биш. Хөлбөмбөгийн Холбоо бол тэмцээн зохиох биш бодлого боловсруулдаг газар. Засаглал сайн байж бодлого амжилттай хэрэгжинэ. Харин тэмцээн энэ бүхний нийлбэрийн үр дүн. Манайд яг эсрэгээр хийгээд тэмцээн зохиогоод л хөлбөмбөг хөгжүүлнэ гэж бодоод байх шиг. Бодол, сэтгэгдэлийнхээ зөв бурууг ядаж ойлгох хэрэгтэй байх аа.

МОНГОЛД ХӨЛБӨМБӨГ ХӨГЖИХ ЁСГҮЙ!

Хөлбөмбөг бол мэргэжлийн салбар. Мэргэжлийн хүмүүс ажиллаж, удирдаж байж хөгжинө үү гэхээс улс төрчид, тэдний ойр дотныхон хөлбөмбөг хөгжүүлнэ гэж үгүй. Тэд мэргэжлийн салбарыг бялуу хуваахаас цааш харна гэж үү!

Одоог хүртэл Б.Ганболдын баг тэр чигээрээ хөлбөмбөгийн холбоонд ажиллаж, уг холбооны ажлыг унагасаар байна. Монголын Хөлбөмбөгийн Холбоонд хөлбөмбөгийн наад захын мэдлэгтэй нэг ч хүн ажилладаггүй. Угаасаа монголд хөлбөмбөг хөгжих ёсгүй юм чинь.

Монголд хөлбөмбөгийн нэг ч сайн дасгалжуулагч байхгүй. Одоогоор нэг серб, нэг япон дасгалжуулагч ажиллаж буй. Шигшээ баг болон “Эрчим” багийг дасгалжуулж, Азийн тэмцээнд оролцуулсан серб дасгалжуулагчийг 15 нас хүртэлх шигшээ багийг дасгалжуулж байхад нь хүүхдүүдээр нь зохион байгуулалттай зодсон гэдэг гүжирдлэг зохиож (ийм ёс зүйгүй юмыг хар пиарчин хүн л хийж чадна байх), хэвлэлээр хүртэл худал мэдээлэл цацаж байлаа. Өөрт нь санал өгөөгүй клубуудыг дасгалжуулдаг учраас нэр хүндийг нь унагаж тухайн клубуудыг унагах зорилготой байсан юм. Уг нь өөрийнхөн нэр хүндийг ганц авах явах дасгалжуулагч нь байлаа. Удалгүй хүүхдүүд нь өөрсдөө үнэнээ хэлж асуудал дуусчээ. Энэ дасгалжуулагчийн хүчээр манай тамирчид тактик гэж юу байдгийг ойлгож, хөлбөмбөгийн “А” үсгээ заалгасан “анхны багш” нь юм. Инфантино өөрт нь санал өгөөгүй улсад мөнгө хуваарилахгүй гэж хэлэх болов уу! Энэ бол наад захын соёл юм. Монголд хөлбөмбөг хөгжих ёсгүй.

БНСУ-ын хөлбөмбөгийн академийг дүүргээд, Английн Күинс Парк Рэйнжэрс, Тоттэнхэм клубт шалгалт өгөөд тэнцсэн тоглогч бий. Биднээс тэс өөр тоглогч. Тактикийн маш өндөр чадвартай энэ тоглогч Монголд тоглох ёсгүй.

Зүүн Тимортой хийсэн тоглолтод тактикийн ямарч ойлголтгүй монгол дасгалжуулагч (манайд угаасаа тактикийн ойлголттой дасгалжуулагч байхгүй) Г.Гандэлгэрийг ашиглаж чадаагүй. Та бүхэн боддоо монголд гаднаас ямар хөлбөмбөгчид ирдэг бол? Хурдан гүйж, хүн хуурахаас өөр ид шидтэй тоглогчид ирдэггүй юм. Ийм тоглогчид дэлхий даяар хэдэн мянгаар тоологдоно. Манайхан гүйдэг, хуурдаг бол сайн гэдэг ойлголттой. Тэд яагаад Европ биш юм гэхэд Япон, БНСУ-д тэнцдэггүй юм бэ? Адаглаад Сингапур, Малаиз, Австралид тэнцэхгүй. Орчин үеийн хөлбөмбөг яг боловсрол шиг болсон. Үсгээ заалгаад, тоогоо бодоод дараагийн дунд, ахлах сургуульдаа ордог. Энэ зарчмыг ойлгодог хүн маш ховор. Монголоос Мэсси, Роналду шиг тоглогч төрнө гэж цээжний пангаар аваад байдаг. Манайхаас хэд дахин боломжтой Оросоос яагаад Мэсси биш гэхэд дундаж зэргийн хөлбөмбөгчид гарч ирэхгүй байгаа юм бол. Чэлси, Арсэнал, Монако, Борнмут гээд орос эзэдтэй клубуудэд олон орос хүүхэд тоглож байгаа. Угтаа дэлхийн том клубууд орос хүүхдүүдэд нээлттэй. Тэдний нэгнийхэн ч нэр яагаад дуулдахгүй Барсагийн Япон, БНСУ хүүхдүүд илүү алдартай байдаг юм. Хөлбөмбөгийн сургалт яг боловсрол шиг болчихсон гэдгийг энгийнээр тайлбарлахад ийм.

Г.Гандэлгэр өнгөрсөн жилийн Лигээр “Дэрэн” клубт тоглосон. Би Монгол дасгалжуулагчийн удирдлагад ахиж тоглохгүй гэж байхад серб дасгалжуулагч багтаа тоглох урилга тавьж байсан юм. Өндөр зэрэглэлийн бэлтгэл, дасгалжуулалтад байсан хүн голох нь аргагүй. Харвардаас сумын сургуульд шилжиж ирсэн хүнд ямар хүндрэлүүд гарах бол. Монголын лигт Г.Гандэлгэрийг төвийн хагас дээр гарсан бүх тоглолтод Дэрэн хожигдоогүй гэдгийг серб дасгалжуулагч, Г.Гандэлгэр хоёр л мэдэж байгаа. Монголын хөлбөмбөг ямар боловсролгүй байгааг энэ жишээ бэлхэн хэлээд өгнө!

Улаанбаатар ФС клуб анх байгуулагдахдаа Хойд Солонгосоос хоёр тоглогч авчирав. Нэг нь 2010 оны дэлхийн аваргад шигшээ багаа төлөөлж байсан айхтар тоглогч. Нэг жилийн дараа монголд ирсэн нь тэр. Гэвч монголд дэлхийн аваргад оролцоогүй нь илүү алдартай болж, сайн тоглож байлаа. Эндээс Та бүхэн хэт сайн тоглогч, тактикийн өндөр түвшиний тоглогч манайд яагаад зохицохгүй байгааг харж болно.

Хэрвээ серб дасгалжуулагч шиг сайн дасгалжуулагчтай нөхцөлд л Дэлхийн аваргын солонгос, Г.Гандэлгэр шиг тоглогчид манай лигт тоглох боломжтой болох юм.

Монголд хөлбөмбөг хөгжих ёсгүй! Бидний зурагтаар үздэг тэр сайхан тоглолт, хөлбөмбөгийн хөгжил монголын хөрсөнд буух ёсгүй. Мэдлэгтэй, чадварлаг хүмүүсээ ажиллуулахгүй байх нь Монголын Хөлбөмбөгийн Холбооны үндсэн зарчим. Наанаа хөлбөмбөг хөгжиж байгаа гэж баахан хэвлэлээр цацах л байх. Цаанаа тэс өөр ажил хийнэ. Яагаад би Б.Ганболд, А.Ганбаатар нарын тухай яриад байна вэ, эдгээр хүмүүс засаглалд асар их хор хүргэж байгаа учраас нэр дурьдахаас өөр арга алга. Мод, чулуу, компьютер хөгжүүлээд, ядууруулаад байгаа биш. Хөгжсөн ч, хөгжөөгүй ч үүний ард нэр устай хүн бий. Үүнийг мэргэн уншигч, хөлбөмбөгийн хорхойтон Та тунгааж бодох байлгүй. Засаглал сайжрахгүй бол ямарч нөхцөлд хөлбөмбөг хөгжихгүй. Үүнийг дэлхийд хөлбөмбөгийн хөгжлөөр тэргүүлж буй бүх улсын жишгээр харж болно.

Яагаад хууль дүрэм байдаг үүнийгээ дагаж мөрдөж, хяналт тогтоодог юм бэ? Хөгжье гэвэл хууль дүрмээ л дага, түүнийгээ хяна. Өөр сонголт үгүй. Хэрвээ дагахгүй, мөрдөхгүй, хянахгүй бол Монголд хөлбөмбөг хөгжих ёсгүй гэхээс өөр төгсгөлийн үг олдохгүй нь.

Монголд хөлбөмбөг хөгжих ёсгүй!!!