“Өдрийн сонин”-ы №140-д Б.Нямаа УИХ-ын чуулганыг хаалттай хаалганы цаана хийдэг болох санал дэвшүүлжээ. Гишүүд цэнхэр дэлгэцээр нэг сая үзэгчийн өмнө хуурамч эх оронч дүрд жүжиглэдэг нь яах аргагүй үнэн. Санал нэг байна. Харин УИХ-ын чуулганыг хүн амдаа шууд дамжуулдаггүй болгох саналаас тань миний бодол арай өөр байна. Энэ тухай өгүүлье хэмээн зориглов.

Б.Нямаа ямар санал тавьж вэ? “Сая үзэгчийн өмнө хүн өөрийнхөөрөө байж чадах уу. Чаддаггүйг бид хангалттай харлаа. Жүжиг тавихаас өөр арга байхгүй юм байна... Яагаад гэвэл нэг сая үзэгч өөрсдийг нь харж байгааг мэдэж байгаа болохоор “эх оронч” зүйл ярихгүй бол болдоггүй... юм шиг байна. Энэ зовлонгоос нь Их хурлын гишүүдийг ангижруулж, УИХ-ын чуулганыг хаалттай хийдэг болъё. Тэгэх нь хэн хэндээ амар байна, эх оронд минь хэрэгтэй байна” гэжээ. Яг үнэн. Жүжиглэдэг. “Жүжиглэдэггүй” хэмээн эсэргүүцэх хүн Монголд УИХ-ын тодорхой хэдэн жүжигчин-гишүүнээс ондоо гарахгүй. Б.Нямаа таны анзаарсныг ард түмэн анзаарч бухимдаж байгаа. Жишээ нь аясын салхи дагуулан цэнхэр дэлгэцээр жүжиглэдэг Ц.Нямдоржийн инээдэмтэй хамелион дүрд дургүйцэгчдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдээд л байгаа. Энэ чинь дэвшил явагдаж буй үйл явц.  

Харин жүжиглэдгийг болиулахын тулд чуулганыг ард түмэн-сонгогчдын нүд чихнээс тусгаарладаг нь хэр оновчтой вэ? Өөр илүү арга байхгүй юу? Тэдний жүжиглэдэг дуршлыг бүр хөөргөдөөд, шившиг болгоод, хэн нь хэн бэ гэдгийг ээлжит сонгууль хүртэл яс махандаа сайн мэдээд авбал яасан юм бэ. Ардчилалд дасаж, суралцаж буй хүн ам маань сонгуулиас сонгуульд улам ухаажаад л байна. Онцгой жүжиглэдэг хэдэн гишүүнийг Б.Нямаа та нэр цохсон байна. Тэдний ичгүүртэй хуурамч “эх оронч” дүрд таны дургүйцэж явдгийг уншигч-би гадарлав. Би ч гэсэн хуурамч хүнд яснаасаа дургүй, тэдний багийг хуулахын төлөө бичдэг.

Гэхдээ сая үзэгчийн тархийг эзэмдэх гэсэн тэнэг жүжиг УИХ-аас тонилох цаг ойртсон. Харин чадлаараа жүжиглэх боломжийг нь бүр дэврээж өгвөл тэдний нас улам богиносно. 2012 оны сонгуульд эрх баригч нам өр тавьж байж бэлэн мөнгөний халамжаар сонгогчдыг хэрхэн цусардлаа. Тэгээд яаж төгслөө? Ялагдсан! Энэ чинь ард түмэн ухаажиж буйн үзүүлэлт. Сонгогчид саналаа мөнгөөр худалдахгүй тийшээ хандвал параламентын жүжиг аяндаа унтарна. Гишүүдийн жүжиг хичнээн тэнэг тусмаа үр өгөөж нь арвижна. Хичнээн олон байх тусмаа хүн амыг залхаана. Эрхэм гишүүд минь цэнхэр дэлгэцээр эх оронч баатарлаг зоригоо илэрхийлээд байгаарай, ард түмэндээ хязгааргүй хайртайгаа тангараглаад байгаарай. Ингэж уриалмаар байна. Уг нь энэ бол ард түмэн-бидний эрхэм гишүүдэд ажиг авахуулахгүй нуух ёстой уриа л даа. Гэхдээ гишүүдийн мулгуу нь жүжиглэсээр дараагийн сонгуулиар сонгогчдод гологдоно. Ухаалаг нь жүжиглэхээ болчихно. Ингэвэл гишүүд болоод ард олон гэгээрэлд нэг шат ахих юм биш үү.

Б.Нямаа “...үнэн үгээ хэлдэг гишүүдтэй, үнэн шийдвэр гаргадаг парламент байхын тулд өнөөдөр шууд дамжуулалтыг хаая” гэжээ. Жолоодлого хаалттай хаалганы цаана орсноор ариусдаг бол хуучин Улс төрийн товчоо шиг ариун дагшин газар байхгүй байх сан. Гэтэл Улс төрийн товчооны нууц хуйвалдааныг бид одоо ч бүрэн гүйцэд уудалж чадаагүй л явна шүү дээ. Тэд аль ноцтой гэснийгээ архивлалгүй устгачихсан болохоор мэдэж чадах ч үгүй биз. Үүнийг би шүүмжилж буй юм биш. Удирдлагын ил тод чанарт сургамж юм уу л гэж бичлээ.

Б.Нямаа таныг эрхэм гишүүдийн хуурамч жүжгийг хаах нэрийдлээр чуулганы үйл ажиллагааг хүн амаас зориуд далдлах гэлээ хэмээн сэрдээгүйгээ өчье. Төр засгийн ажил хэрэг телевизийн тунгалаг дэлгэцэнд ил тод өрнөж, хүн зоноороо хянуулж сурвал хэн хэндээ хардлагагүй амар агаад тэмүүлэх ирээдүй тийшээ гэж өчүүхэн молхи толхи өвгөн би бээр бодном. Улс төрчид жүжиглэж л байг. Жүжиглэсээр байгаад тар нь танигдаж, явцгүй болохоороо шулуун шударга замыг сонгож хүмүүжих болно. Ард түмэн ч гэсэн тэнэг жүжгийг таньдаг болж дур нь гутна. Таны жишээ татсан аварга Бат-Эрдэнэ, босоо Гамбаа нарын хуурамч эх оронч хийрхлийг дампууртал нь сайн дэврээгээд өгвөл нийт олон тоохоо больж, Төр засгийн түвшинд үнэ хүндээ алдана. Ингэсний үр дүнд хуурамч жүжгийг гадаадын хөрөнгө оруулагчид хүртэл таньж, тэдний хийрхэлд саатахгүй Монголын эрүүл саруул оюун ухаантантай хамтран ашигтай ажиллах болно. Ер нь хуурамч зан их хүчтэй, тэр хэрээрээ их уршигтай байдаг. Тийм дийлдэшгүй луйврын үзлийг дурыг нь дагуулан хөөсрүүлээд, өөрийг нь өөрөөр нь номхруулах, хор уршиг нь ёроолоороо эгүрт арилдаг талтай байж мэднэ. Үүнийг санаж явахад илүүдэхгүй байх шүү, хүүхэд минь.       
                                                                                                                   
 2014-06-10