Г.Эрдэнэбат: Тэгвэл бүгдээрээ зодолдоод л амьдаръя
Шинэчлэлийн Засгийн газраас явуулж буй эрх зүйн шинэтгэлийн бодлогын хүрээнд Гэмт хэргийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцүүлж эхлээд байгаа билээ. Уг хуулийн төслийн ажлын хэсгийн гишүүн, Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбаттай ярилцлаа.
Шинэчлэлийн Засгийн газраас явуулж буй эрх зүйн шинэтгэлийн бодлогын хүрээнд Гэмт хэргийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцүүлж эхлээд байгаа билээ. Уг хуулийн төслийн ажлын хэсгийн гишүүн, Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбаттай ярилцлаа.
-Гэмт хэргийн тухай болон Зөрчлийн тухай хууль УИХ-аар хэлэлцэгдээд эхэллээ? Нэрнээс нь эхлээд өөрчлөх болсон шалтгаан юу вэ?
-Одоогийн бидний нэршиж заншсан Эрүүгийн хууль, Захиргааны хариуцлагын тухай хуулийг шинээр төрөлжүүлэн нэгтгэж боловсруулсан Гэмт хэргийн тухай хууль, Зөрчлийн тухай хуулиуд Засгийн газар хэлэлцэж дэмжээд, УИХ-аар хэлэлцэгдээд явж байна. Хуучин хуулиудтайгаа харьцуулахад тоо хэмжээ, багтаамжийн хувьд нэлээд өргөссөн гэж болно. Гэхдээ энэ нь Гэмт хэргийн хуулийг жишээ нь, агуулгын хувьд их өргөтгөөд, урьд нь гэмт хэрэгт тооцдоггүй байсан үйлдлийг шинээр гэмт хэрэгт тооцдог болсон гэсэн үг биш. Эсвэл урьд нь зөрчилд тооцдог байсан үйлдлийг гэмт хэрэгт тооцож, гэмт хэрэгт тооцдог байсан үйлдлийг зөрчилд тооцох маягаар хавтгайруулан өөрчилж байна уу гэвэл бас үгүй. Харин Эрүүгийн хууль болон Захиргааны хариуцлагын хууль, бусад хуульд заасан зөрчлийн хариуцлагын хэм хэмжээнүүдийн давхардал арилж байгаа. Зүй нь зөрчилд тооцогдох ёстой ч гэмт хэрэгт тооцсоноор нийгмийн харилцааг эрүүжүүлж, хүндрүүлж байна гэж үзсэн зарим үйлдлийг зөрчилд тооцож байгаа. Хэдийгээр цөөн хоногоор хорих, торгох мэтийн хөнгөн шийтгэл оноох нь зөв боловч ерөнхий үйлдлийн агуулгынх нь хувьд зайлшгүй гэмт хэрэгт тооцох ёстой гэсэн үйлдлүүдийг мөн гэмт хэрэгт тооцож байгаа. Өөрөөр хэлбэл, энэ хоёр хуулийн давхардал, хийдэл арилж, юуг зөрчил гэж үзэх, юуг гэмт хэрэгт тооцох вэ гэдэг нь нэлээд тодорхой болж байгаа гэж ойлгож болно.
-Хуулийн давхардал, хариуцлагын тодорхойгүй байдал алга болж байгаа гэдэг сурталчилгаа бол жил тойрон явчихлаа. Гэтэл Ц.Нямдорж сайд ч байдаг юм уу, хуульч С.Нарангэрэл зэрэг зарим шүүмжлэгчийн зүгээс “Хуучнаасаа ч илүү шоронжуулсан хууль болох нь” гэдэг болгоомжлол ч юм уу, эсэргүүцэл бас яваад байсан. Одоо энэ тал дээр хуульчид нэг байр суурьтай болж чадсан уу?
-Энэ хуулийн төслийг хэлэлцүүлэх явцдаа бид эн тэргүүнд нэг гол үзэл баримтлалыг хэрэгжүүлж чадсан. Хууль бол нийгмийн гэрээ байх ёстой. Өмнө нь энэ мэт нийгмийн том харилцааг зохицуулсан хууль дээр нийгмийн бүх хэсгийг хамарсан хэлэлцүүлэг явуулж байсангүй л дээ. Тиймээс энэ удаа Гэмт хэргийн тухай хуулийг олон нийтээр жил дамнан хэлэлцүүллээ. Ингэж нийгмийн бүхий л хүрээний санал шүүмжийг авч байж Гэмт хэргийн тухай хуулийн тухай хуулийн үзэл баримтлал боловсрогдож, дэмжигдэж, хүлээн зөвшөөрөгдөж, саналууд нь тусч байх ёстой. Тиймээс олон нийтийн дунд албан ёсоор дөрвөн ч удаа хэлэлцүүлсэн. Үнэхээр хуулийн төсөлд чухал санал зөвлөмж өгсөн хүмүүс бий. Энэ санал шүүмжийн дагуу хуулийн төслийг байнга өөрчилж ирсэн. Хуулийн төсөл дээр алдаатай, буруу гэж үзсэн зүйлээ маш идэвхитэй шүүмжилж, хэвлэл мэдээллээр байр сууриа илэрхийлж байсан тэр хүмүүс ч гэсэн үнэн хэрэгтээ “Ийм хууль байх ёсгүй” гэхээсээ илүү “Энэ хууль илүү сайжраасай” гэж л үзсэн хэрэг шүү дээ. Мэдээж зарим хүний хувьд хуулийн төслийн бүр анхны хувилбар дээр өдгөө хүртэл санал өгсөөр ч байгаа. Тэр санал өгч байгаа зүйл заалт нь аль хэдийн өөрчлөгдөөд, зарим санал нь тусчихаад байхад хуулийн буруу зөвийн тухай анхны байр сууриа өнөөдрийг болтол барьсан ч хүн байна. Энэ бол айж эмзэглэмээр зүйл биш.
Дээр нь бид өөрсдөө хатуу зогсох ёстой, шинээр боловсруулж байгаа хуулийн маань гол үзэл баримтлал, зарчим гэж үзэж байгаа зүйл дээр бид холбогдох тайлбар, үндэслэлээ гаргаж өгсөөр байгаа, шүүмжлэгчид ч бас анхны байр суурь дээрээ зогссоор байгаа зүйлүүд ч бий. Жишээлбэл, гэр бүлийн хүрээний хүчирхийллийн асуудал. Ерөөсөө Монголд бий болоод байгаа хүчирхийлэлд дасан зохицох уур амьсгалыг халж өөрчлөхийн тулд гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийг зодож шийтгэхээс эхлээд аливаа хэлбэрийн хүчирхийллийг эрүүжүүлж, хариуцлагажуулж, төр хяналтандаа авах ёстой.
-Хуульд хүүхдийн эсрэг гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийлэл тусдаа бүлэг болж орсон уу?
-Гэр бүлийн хүчирхийлэл гэж тусдаа бие даасан гэмт хэрэг бий. Манайх бол дэлхийн аль ч улстай харьцуулахад хүн амины болон хүчирхийллийн гэмт хэрэг нэлээд өндөр хувиар бүртгэгддэг улс. Хүн амины хэргийн гаралтаар Азидаа нэг номерт явж байх жишээтэй. Шалтгааныг нь янз бүрээр л тайлбарладаг боловч үүний цаана бидний хүчирхийлэлд дассан уур амьсгал байдаг. Хүүхдүүдээ хоорондоо зодолдохыг нь дэмждэг, хүүхдээ хүнд дээрэлхүүллээ гэж үзвэл “буцаагаад цохихгүй яасан юм” гэж хэлдэг, хүүхэд хүмүүжүүлэхэд хатуу гар хэрэгтэй гэж тайлбарладаг. Үнэн хэрэгтэй өөрийг нь хүмүүжүүлэх гэхээр “хатуу гар хэрэглэлээ” гэж эсэргүүцдэг атлаа. Нийгэм маань бүхэлдээ хойч үеэ хүч хэрэглэж өсгөдөг, хар багаасаа хүчирхийлэлд дасч, дийлсэн нь захирч, дийлдсэн нь хохирч сурсан энэ хандлага явсаар байгаад эцэст нь бие биенээ жишим ч үгүй зодож, цохиж алчихаад “энэ ямар харгис юм” гэж гайхах бол эрүүл хандлага биш. Дэлхийн бүх улс орон үүнийг хүлээн зөвшөөрөөд хүчирхийллийн аливаа хэлбэрийг аль болохоор хязгаарлаж байна. Эрэмгий зоригтой, эршүүд дайчин байхыг хүч хэрэглэхтэй хольж, монгол уламжлал гэж ойлгож болохгүй л дээ. Ийм шалтгаанаар бид аливаа хэлбэрийн хүчирхийллийн үйлдлийг заавал хатуу чанга гэлгүйгээр зөөлөн аргаар, засч хүмүүжүүлэх хэлбэрээр нийгэмшүүлэх, хяналтандаа байлгахыг хууль эрмэлзэж байгаа.
-Хүүхдийн эсрэг гэмт хэргийг тусгайлан авч үзэж байгаа нь бас шүүмжлэл дагуулаад байсан. Өө, ингээд эцэг хүүхэддээ гар хүрч болохоо больчихсон юм байна, цагдаа ирээд бариад явчих юм байна, эцэг эхийн үүргийг багасгалаа, эрхэнд нь халдлаа гэм мэт?
-Нэг талаас нь харж шүүмжлэх нэг сэдэв болчих шиг боллоо л доо. Би хүүхдээ зодож болохгүй юм байна л даа ч гэдэг юм уу. Тэгвэл хууль зүйн талаас нь аваад үзье л дээ. Том хүн том хүнээ зодож болдоггүй, том хүн том хүндээ гэмтэл учруулахаар эрүүгийн хариуцлага хүлээдэг юм байна. Тэгвэл том хүн, хүүхэд хоёр байгаад, нэг нөгөөгөө бүр гарцаагүй зодож чадахаар байгаа нөхцөлд хүүхдээ зодож байгаа нь хэр шударга юм. Сайн санаж хийсэн, хүүхдээ хүмүүжүүлэх гэж зодсон юм байж. Тэгвэл зодуулж хүмүүжсэн хүүхэд том болоод юу болох вэ. Бусадтай зодолдож асуудлыг шийддэг л хүн болно биз дээ. Тэгвэл том хүнийг ч гэсэн өөрийг нь хүмүүжүүлэх гээд зодож бас болох уу? Өнгөцхөн хараад “Монголчууд хүүхдээ зоддог л шүү дээ, тэгж л хүн болдог юм чинь” гэж бодож байгаа болно. Тэгвэл бүр нэгмөсөн бүгдээрээ бие биендээ ойлгохгүй байгаа зүйлийг нь ойлгуулахын тулд нийгмээрээ зодолдоод л амьдарья л даа. Хуулийн үндсэн зарчим нь “Хэн нь ч хэнийгээ ч зодож болохгүй” гээд хуульчилчихсан юм, угаасаа.
Угаасаа одоогийн хуулинд ч байгаа “Хүнийг зодож, бусдын бие, эрх чөлөөнд халдвал” гэдэг заалт дотроосоо яагаад хүүхдийг салгаж аваад байна вэ гэвэл хүүхэд зодсон хүнд тохирсон хариуцлагыг нь хүлээлгэх тухай л ярьж байгаа юм. Аргаа олохгүй, хүүхдээ зодоод байгаа тэр хүнийг хүүхдээс нь тусгаарлаж, хүүхдийг нь хамгаалья, хүүхдээ зодохгүй байх аргад сургаж нийгэмшүүлье, хүмүүжлийн, нөлөөллийн арга хэмжээ авах үүднээс хүүхэд зодсон хүнтэй харьцах тусдаа бодлого гаргая гэж байна. Одоогийн хуулиар ч хүүхэд зодох хориотой, хүүхдээ зодвол ялтай. Одоо харин бид онцлоод хүүхдээ зодсон хүнтэй өөр арга барилаар харьцаж, хүүхдээс нь нь тусгаарлаж байгаад тэр хүнийг хүүхдээ зоддоггүй болгох талаас нь анхаарах юм. Түүнээс биш одоо хүүхэд зодохыг зөвшөөрөөд, ирээдүйд зөвшөөрөхөө болиод, Монголын нийгмийг баллаад хаячихья гэсэн зорилго байхгүй.
-Ямар ч байсан гэр бүлийн хоёрын нэг нь заавал шоронд яваад байхгүй л юм байна, тийм үү?
-Энэ Гэмт хэргийн хуулийг уншсан хүн хуулийн нэг л зүйлийг ойлгох ёстой. Энэ хуулийг бичдэг техник нь өөрөө ямар нэг хэрэг үйлдсэн хүнийг дээд тал нь ингэж шийтгэнэ, ийм хэрэг хийж болохгүй гэдэг хориг, урьдчилан сэргийлэх философио зарлачихаад, тэрний цаана “хэрвээ энэ хүн гэм буруугаа хүлээгээд, хохирлоо арилгасан бол, өөр төрлийн ял шийтгэл зохимжтой байна” гэж үзвэл нийгэмшүүлэх, торгох, зан төлөвийг засах гэх мэт маш олон төрлийн арга хэмжээ авч болдог. Хүүхдээ зодсон болгон шоронд суухгүй. Гэхдээ хүүхдээ зодсон болгоныг шоронд суулгана шүү гэдэг урьдчилан сэргийлэх анхааруулгыг хуулинд бичиж байгаа. Үнэхээр удаа дараа үйлдээд, харгис хэрцгийгээр шийтгээд байвал тохирсон ял шийтгэлийг нь өгөөд нийгмээс тусгаарлах л хэрэгтэй болно. Хүүхэд зодох гэмт хэрэг байхдаа яахав дээ гэж байгаа бол том хүнийг зодохыг ч гэсэн гэмт хэрэгт тооцохоо больчихьё л доо. Хүүхдийг зодож болдог бол том хүнийг бүр л зодож болох ёстой биз дээ.
-Хорих ялыг багасгана, альтернатив олон төрлийн ялыг бий болгоно гэж яриад байгаа. Ямар нөхцөлд тэр шинэ төрлийн ял үйлчлэх юм? Нэг талаас шоронгоос татгалзана гээд, нөгөө талаар шоронгоо улам томруулья гээд байгаа?
-Хүн төрөлхтөний гэмт хэрэгтэй тэмцсэн түүх их сонин шүү дээ. Эхний 1000-аад жилд дэлхийн олон орон гэмт хэрэг үйлдсэн хүнийг маш олон төрлөөр цаазалж, алж хороож байсан. Соёл иргэншилтэй гэгддэг Европын оронд, зөвхөн нэг улсад л гэхэд 32 төрлийн цаазын ялаар гэмт хэрэгтнийг гэсгээдэг байв, түүхэн сурвалжаас үзэхэд. Чулуугаар шидэж алах, галд шатаах, усанд үйх, толгойг нь таслах, мөчлөх гээд. Явж явж ингээд асуудал шийдэгдээгүй, гэмт хэрэг улам харгис болоод байсан. Үүний дараа нийгмээс тусгаарлах гэдэг ялыг бий болгосон, бидний одоогийн яриад байгаа хорих ял. Гэмт хэрэг үйлдээгүй хүмүүсээ амар тайван байлгахын тулд гэмт хэрэг үйлдсэн хүмүүсээ нэг саванд хийгээд авсан. Энэ маань хөгжөөд их олон янзын дэглэмтэй, олон янзын орчин нөхцөлтэй болсон. Хүнийг олон янзаар цаазалж байснаа болиод олон янзаар хорьдог болсон. Энэ нь тодорхой хэмжээнд сайн талууд үзүүлсэн боловч бас сөрөг үр дагавартай байсан. Эрт, орой хэзээ нэгэн цагт шоронгоос гарсан гэмт хэрэгтэн маш олон асуудал дагуулж байсан. Таван жил нийгмээс тусгаарлагдсан хүн эргэж гарч ирээд нийгмийнхээ амьдралд дасахад асар хүнд байдаг. Найз нөхөдгүй, гэр бүлгүй, бүр олон жил болбол эцэг эх ч үгүй болдог. Нэгэнт гэмт хэрэг үйлдсэн гэдэг тамга тэмдэгтэй учраас тэднийг ажил хийлгэх ч хүн олдохгүй. Ядахдаа тав, арван жил хоригдчихсон тэр хүн нийгмийн харилцаанд гарч байгаа энгийн асуудлуудыг мэдэхгүй, хамгийн энгийнээр хэлэхэд хүмүүсийн ярьж байгаа хошин шогийг ч ойлгохгүй бололцоогүй, хоцрогдчихсон байдаг. Ийм хүн нэгдүгээрт өөрийн проблемаа дийлэхгүй, хоёрдугаарт эргээд нийгэмдээ асуудал болж эхэлдэг.
Тиймээс дэлхийн улс орнууд гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг шийтгэж болно, гэхдээ энэ нийгмийн хэвшлээс нь салгачихгүй, тусгаарлахгүйгээр шийтгэх ямар боломж байна вэ гэдгийг л ярьдаг, хийдэг болсон. Зарим хүн үүнийг энгийнчлээд “хорихгүйгээр шийтгэх” гэж ойлгоод байгаа. Нэг талаас тэгж ойлгож болно. Хоёрдугаарт хорьсон ч нийгмээс нь холдуулчихгүй хорьдог арга бас байна. Өнөөдөр бид хорих ялнаас татгалзаж чадахгүй юм байна, нийгэмд аюултай хүмүүсээ тусгаарлая. Гэхдээ тэдний заримыг нь эргээд нийгэмтэйгээ харилцаатай байдаг, гэр орныхонтойгоо уулздаг, боломжтой үедээ гараад ажил хийчихдэг, гэр орондоо очоод хоночихдог, бусад орны нэрлэдгээр “нээлттэй дэглэмийн” хорих ангиудыг байгуулья. Ерөөсөө засрахгүй, болж бүтэхгүй байгаа “чанга” нөхдүүдийг бол нийгмээс нь тусгаарлаад хаалттай дэглэмийн хорих ангид нь байлгая. Нийгмээ аюулгүй байлгахын тулд ингэхээс өөр арга байхгүй.
-Нээлттэй дэглэмийн хорих анги манайд байхгүй юу?
-Байхгүй. Одоо бол бид өөр гурван дэглэмийн хорих байгууллагатай. Түүнийгээ л өөрчилье гээд байгаа юм. Ингэж хүнийг хорихоос гадна нийтэд тустай ажил хийлгэх, торгох, хянан харгалзах арга хэмжээний хүрээнд тэр хүмүүст нөлөөлдөг, гэмт хэргийн улмаас учирсан хор хохирлыг нь арилгуулдаг байя, тэр хүнийг өөрийг нь өөрчилдөг байя гэсэн ийм л хөшүүрэг, механизмыг Гэмт хэргийн хууль дээр ярьж байгаа юм.
-Яг хэдэн төрлийн ялыг шинээр бий болгож байгаа юм бэ?
-Зорчих эрхийг хязгаарлах ял шинээр бий болж байгаа. Бусад нь бол үндэс суурь нь манай Эрүүгийн хуульд байсан ялын төрлүүдийг агуулгын хувьд шинэчилж хөгжүүлсэн гэж болно. Жишээ нь, албадан ажил хийлгэх ялыг нийтэд тустай ажил хийлгэх болгож, тэнсэж хянан харгалзах ялыг агуулга, зорилго, хэрэгждэг зарчмыг өөрчлөөд хуульчилж байгаа. Хянан харгалзах ялын нэлээн явцуу хэлбэр “тэнсэж хянан харгалзах” ял одоогийн Эрүүгийн хуульд байгаа. Энэ хэлбэрийг илүү боловсронгуй болгож, гэмт хэрэг үйлдсэн хүнийг тодорхой хугацаанд хяналтанд байлгаад тэр хүн засарч хүмүүжсэн, бусдад учруулсан хохирлоо төлсөн тохиолдолд ял шийтгэлээс чөлөөлдөг, энэ хянан харгалзах хугацаанд найдвэр төрүүлэхгүй, аюулгүй болоогүй, хүнд учруулсан хохирлоо төлөөгүй бол ялыг нь эдлүүлээд явдаг ийм шинэ хяналтын тогтолцоо л бий болгохоор хуулийн төсөлд тусгаад явж байна. “Тэнсэж хянан харгалзах”-аас ялгаатай нь тэр хүнд үүргүүдийг нь тодорхой хүлээлгээд, эрхийг тодорхой хэмжээгээр хязгаарлаад явах юм. Чамд ял өгчихсөн, одоо чи чөлөөтэй гэх биш, харин “Чамд ийм үүрэг өгсөн, энэ үүргүүдийг биелүүлбэл чи чөлөөтэй биелүүлэхгүй бол хоёр жилийн дараа, таван жилийн дараа чамтай хариуцлага ярина” гэдгийг нь хуульчилсан.
Дараагийн нэг зүйл бол гэмт хэрэг хийсэн хүнийг төр заавал өөрийнхөө байшин саванд хийж байх ёстой юм уу, эсвэл орчин үеийн технологийн боломжийг ашиглаад, тухайн хүний хувийн нөхцөл байдалд тохируулаад өөрийнх нь зардлаар гэрт нь хорьж болж байвал ийм байдлаар цээрлүүлье гээд бидний уламжлалт ойлголтоор “гэрийн хорио” буюу “зорчих эрхийг хязгаарлах” гэдэг ялын шинэ төрлийг бий болгосон. Нийгмээс нь тусгаарлахгүй, найз нөхдийн хүрээлэлдээ байх боловч бусдад аюул занал учруулах нөхцөлийг хааж байгаа юм.
-Захиргааны хариуцлагын тухай хууль Зөрчлийн хууль болсон шалтгаан юу вэ?
-1992 оноос хойш бид эрх зүйн тогтолцоогоо үзэл баримтлал, агуулгын хувьд шинэчлээд явсан боловч нэг салбарт шинэчлэл хийж чадаагүй, алдчихсан. Энэ бол одоогийн хэрэглэж байгаа Захиргааны хариуцлагын тухай хууль, үүнийг эрх зүйн шинжлэх ухааны хийдэл хэсэг гэж хэлж болно. Социалист нийгмийн үед захиргаанаас хэм хэмжээ тогтоогоод тэрийгээ зөрчсөн хүмүүст хүлээлгэдэг хариуцлагын хэм хэмжээг Захиргаанаас хариуцлагын хуулиар заагаад, захиргаа ажлаа яаж явуулах ёстой вэ гэдгийг захиргааныхаа ашиг сонирхлын үүднээс хуульчилсан. Нэг үгээр хэлэхэд, захиргаа хуульгүйгээр ажилладаг, иргэнд хууль үйлчилдаг ийм л систем л дээ.
Тэгээд 1992 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр захиргаа өөрөө хуультай, захиргаа хуулиа зөрчвөл захиргааны үйл ажиллагаа, албан тушаалтанд хариуцлага тооцдог энэ системийг бүрдүүлж эхэлсэн. Төрийн албаны хууль, Захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай гээд тодорхой хуулиуд гарсан. Одоо Захиргааны ерөнхий хууль гарна. Өөрөөр хэлбэл, захиргаа ажлаа яаж хийх вэ, төрийн байгууллага ажлаа яаж хийх вэ, хийхгүй бол хариуцлагыг яаж тооцох вэ гэдэг хуулийн тогтолцооо бүрдэж байна л даа. Гэтэл нөгөө захиргааны энэ үйл ажиллагаа ямар ч хуульгүй явдаг, харин захиргааны эрх зүй гэдгээр иргэнд захиргаанаас тогтоосон дүрэм журмыг зөрчвөл ямар хариуцлага хүлээлгэх вэ гэдэг хуулийг яг тэр чигээр нь, яг тэр философиор нь үлдээчихсэн. Энэ бол Захиргааны хариуцлагын тухай хууль. Ийм хууль дэлхийн бусад оронд байдаг уу гэвэл байдаг. Гэхдээ нийтээр дагаж мөрдөх дүрэм журмыг зөрчсөн иргэнд хариуцлага хүлээлгэдэг энэ хуулийг бид өнөөдөр дэлхийн бусад улсад нэрлэсэн жишгээр нь Зөрчлийн хууль гэж нэрлээд байгаа юм. Энэ хуульд захиргааны эрх зүйн асуудал биш, эрүүгийн эрх зүйн асуудал, гэмт хэрэгтэй тэмцэх салбарын нэг хэсэг нь байх ёстой юм. Гэтэл үүнийг шинжлэх ухааны хувьд хүртэл хаяад өөр салбар эрх зүйн асуудал болгоод, “Эрүүгийн эрх зүй, хууль тогтоомж гэдэг зөвхөн Эрүүгийн хуулийг хэлнэ. Захиргааны хариуцлагын тухай хууль гэдэг бол зөвхөн захиргааны эрх зүйн асуудал. Төрийн захиргааны байгууллага үүнийг шийднэ” гээд хаячихсанаас болоод хоёр асуудал үүссэн. Нэгдүгээрт хийдэл, хоёрдугаарт давхардал үүссэн.
-Жишээ нь?
-Захиргааны хариуцлагын тухай хуульд “төрийн захиргааны байгууллагаас тогтоосон дүрэм журмыг биелүүлээгүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулбал торгоно” гэж байхад энд Эрүүгийн хуульд “Аж ахуйн үйл ажиллагааг зөвшөөрөлгүй явуулбал хорино” гэж заах жишээтэй. Ингээд захиргаа ашиг сонирхлынхоо үүднээс торгох тухай ярьж байхад Эрүүгийн хууль мөн л нийтлэг ашиг сонирхлынхоо үүднээс гэмт хэрэгт тооцож, шийтгэхээр заачихсан. Ингээд нэг мэдсэн чинь нөгөө хоёр хуулийг барьж ажилладаг хууль сахиулагчдад хоёр мундаг зэвсэг гарч ирсэн. Нэг гарт нь хорих хүртэл ялтай Эрүүгийн хууль,нөгөө гарт нь торгоод явуулж болох Захиргааны хариуцлагын тухай хууль. Нэг асуудлыг хоёр өөрөөр шийдээд зохицуулаад ирэхээр хууль сахиулагчид хоёр өөр сонголт, хоёр өөр хувилбар, бүр цаашилбал хоёр өөр санал тавих боломж үлдсэн. “Чи хуулиар хориглосон мөрийтэй тоглоом тоглосон байна, хоёр жил хорих ялтай” гэж нэг айлгах, эсвэл “Чи хонжворт, тааварт тоглоомын үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүй явуулсан байна” гээд 50 мянгаар торгоод явуулах. Ямар тэнэг хүн л үүнийг ашиглахгүй байх вэ дээ, энэ хоёрын дунд нь их л олон боломж гарч ирнэ ээ дээ. Ийм давхардал гарсан нь үндсэндээ үзэл баримтлалын асар том алдаа.
-Бас хуулийн байгууллагуудын авлигын уг сурвалж...?
-Нөгөө талаар ингэж хоёр хуулиар нэг асуудлыг зохицуулсан давхардал нь авлигын уг сурвалж болсныг, энэ дунд бүх юмыг, юуг ч гэсэн зүгээр л хаяж болдог хийдлийн уг сурвалж болсныг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын эрүүгийн тогтолцооны нэг хэсэг “Захиргааны хариуцлагын тухай хууль” гэсэн нэрээр яваад байсан юмаа л гэсэн үг. Өнөөдөр л бид үндэсний эрүүгийн хариуцлын тогтолцоо, эрүүгийн системээ нэгтгэж, нэг систем болгож байна. Ингэхийн тулд бид Захиргааны хариуцлагын тухай хуулиа Зөрчлийн хууль, аргагүйн эрхэнд Үндсэн хуулийнхаа “Эрүүгийн хууль тогтоомж” гэдэг агуулгаа өргөжүүлж, зөв утгаар нь нэрлэхийн тулд нөгөө хүнд ноцтой үйлдлийн хэсгээ Гэмт хэргийн тухай хууль гэсэн нэрээр хоёр хууль болгож боловсруулаад байна. Нийтээр дагаж мөрдөх, захиргаанаас тогтоосон хэм хэмжээ зөрчсөн хэсгийг Зөрчлийн хуулиар хариуцлага тооцох, үүнээс цааш ноцтой хор уршиг, аюул занал учруулдаг хэсгийг нь Гэмт хэргийн хуульд заасан гэмт хэрэг гэж үзэж ял шийтгэхээр заасан байгаа. Нийтдээ энэ хоёр хуулиа Монгол Улсын эрүүгийн хууль тогтоомж, эрүүгийн тогтолцоо гэж хуульчилж байгаа юмаа.
Зочин
догсом
Зочин
Зочин
Зочин
Byambasuren guai
Byambasuren guai
Byambasuren guai
Зочин
Зочин
Зочин
Тэгвэл бүгдээрээ зодолдоод л амьдаръя
Зочин
Зочин
Зочин
Зочин
......