Өнөөдөр хүссэн бүхнийг чинь өгөхөд бэлэн байгаа төр маргааш байгаа бүхнийг тань тонон дээрэмдэхэд бэлэн. Хүмүүс эрх чөлөөнийхөө зарчмаас алхам ухрахад төр засаг тэр орон зай руу алхам урагшилдаг.

Энэ тухай үндэсний эдийн засгийн сонгодог онолыг үндэслэгч, манайхны ч бас ойр ойрхон сануулж, онолоос нь иш татах дуртай Адам Смит “төрийн үүрэг бол хулгай дээрэм, хүчирхийлэл, аллага хядлага, гадны түрэмгийллээс иргэдээ хамгаалах явдал. Үүнээс бусад тохиолдолд төр зах зээлд оролцвол бусдын өмчид халдагч болдог” гэж хэлсэн аж. Түүнтэй хамт эрх чөлөөний онолыг үндэслэгч Жон Локк ч мөн адил “Хүний амь нас, сонголт буюу амьдралаа сонгох эрх, хувийн өмч гуравт хэн ч халдашгүй юм” гэж үзэж байв. Монголын Либертари Сангаас зохион байгуулсан “Эрх чөлөөний философи” залуучуудын зуны сургалтын гол үзэл санаа ч бас энэ.

Эртний Ромын эзэнт гүрний үед Ромд цэргийн алба хаасан, хувийн өмчтэй хүн бүрийг хэн байхаас нь үл хамааран Ромын иргэн гэж үздэг байв. Ромын иргэн учраас түүний эрхийг Ромын хуулиар хамгаалсан гэсэн үг. Харин энэ удаа манай залуус бидний сонгож байгуулсан төр бидэнд ижил тэгш боломж олгож, шударга өрсөлдөөнийг өөгшүүлэн дэмжиж чадаж байна уу, төрийн эрх үүрэг хаана дуусч, иргэдийн эрх эрх чөлөө юугаар хэмжигдэх ёстой вэ гэдгээр санал солилцож, маргаж мэтгэлцэн, бие биеэсээ суралцацгаасан юм.

Мэдээж бүх зүйлийг төр буюу нэг нам удирдан зохицуулдаг байсан социалист эдийн засаг, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас 20 жилийн өмнө татгалзаж, ардчилал зах зээлийн эдийн засгийг сонгосон гэх боловч өнөө хэр нь Монголд хувь хүний эрх чөлөө, түүн дундаа эдийн засгийн эрх чөлөө байна уу гэдэг хамгийн их анхаарал татсан асуудал хэвээрээ л байгаа.

Манайх шиг ДНБ буюу бүтэн жилийн турш бүтээсэн баялгийнхаа 50 гаруй хувийг төр буюу бидний сонгож байгуулсан УИХ, Засгийн газар нь захиран зарцуулдаг, нийт хүн амынхаа гуравны нэгийг халамжаар тэтгэдэг, хүн амынх нь дахиад гуравны нэгээс илүү нь ядууралд идэгдэж, баялгийн 80 гаруй хувийг 100 гаруйхан гэр бүл эзэмшдэг, улс орны хөгжлийг тодорхойлогч дундаж анги гэж бараг байхгүй, байгаа цөөн хэсэг нь өчүүхэн хямрал тулгарах төдийд л ядуу хэсэг рүүгээ буцаад уначих эрсдэлтэй орны хувьд төрийн оролцоо, зохицуулалтыг бүрмөсөн халах тухай яриад ч нэмэргүй, нийгмийн олонхи нь тэгтлээ дэмжиж хүлээж авахад бэрхтэй л болов уу.

Гэвч энэ их эрх мэдлийг төвлөрүүлсэн төр өөрөө шударгаж ажиллаж чадаж байна уу, тэнд хуримтлагдсан бүх баялаг үр ашигтай, зөв зарцуулагдаж чадаж байгаа юу гэдэг асуудал эргэлзээ төрүүлсээр байгаа нөхцөлд төрийн эрх мэдлийг аль болох боломжтой хэмжээгээр  хязгаарлах тухай яриа гарсаар л байх нь зайлшгүй. Учир нь төр гэдэг өөрөө хамгийн мэргэн түргэн, ухаалаг эд эс хараахан биш. Төрийг яг л бидэн шиг хүмүүсээр сонгож байгуулдаг учраас алдаа гаргахад хэзээд бэлэн байдаг. Үүн дээр нэгэн сонирхолтой тестийг бөглөөд үзэхэд гэмгүй. 

Хэрэв та хөрөнгө зарцуулагч бол энэ тохиолдолд яах вэ гэдэг асуултыг өөртөө тавиад үзээрэй.

1. Өөрийнхөө мөнгөөр өөртөө ху­далдан авах гэж байгаа бол,
2. Өөрийнхөө мөнгөөр бусдад ху­дал­дан авах гэж байгаа бол,
3. Бусдын мөнгөөр өөртөө худалдан авалт хийж байгаа бол,
4. Бусдын мөнгөөр бусдад зориулж худалдан авалт хийж байгаа бол яах вэ?

Тестийг бөглөсөн бүх хүмүүс мэдээж, эхний тохиолдолд хамгийн хямд бөгөөд чанартайг, хоёр дахь тохиолдолд чанар хамаагүй боловч хамгийн хямдыг, гурав дахь тохиолдолд үнэ хамаагүй, харин хамгийн чанартайг, сүүлчийн тохиолдолд үнэ ч хамаагүй, чанар ч хамаагүй гэдэг хариултыг өгсөн билээ.

Тэгэхээр бусдын бий болгосон баялгийг өөртөө татан төвлөрүүлсэн төр баялгийг хэр үр ашигтай, зөв зарцуулж чадах вэ гэдэг асуултын хариулт ойлгомжтой болж байгаа юм. Тийм ч учраас “төр бол хамгийн муу менежер” гэж ярьдаг шүү дээ. Зах зээлийн эхэн үед улсын үйлдвэрийн газар, төрийн өмчит компани, банкууд ар араасаа дампуурч, ашиггүй ажиллаж, одоо ч энэ процесс үргэлжилсээр байгаагийн шалтгаан энэ. Тиймээс л бизнес дэх төрийн оролцоог аль болох багасгах, хувийн хэвшлийг дарамт шахалтгүй орчинд ажиллуулж, зах зээлийн чөлөөт өрсөлдөөнийг дэмжих тухай яриа, “Манаачийг хэн манах” тухай маргаан мэтгэлцээн цаг ямагт үргэлжилсээр ирсэн.

Үүнтэй холбогдуулаад манай төрөөс/төр гэдэг хоосон зүйл, түүний цаана төрийн эрхийг хэрэгжүүлж байгаа хэсэг хүмүүс л байгаа шүү дээ/ үе үе, ялангуяа сонгууль дөхөөд ирэхээр авч хэрэгжүүлдэг “Малчдыг татвараас чөлөөлөх” тухай хууль, “ямаанд өгсөн 5000”, оюутны 500 мянга, эх орны хишиг 21 мянга, шинэ гэр бүлийн 500 гээд энэ хугацаанд зарсан бүх мөнгөний үр дүнг та тооцоод үзээрэй, хэр үр ашигтай зүйл болсон бэ гээд. Мөн жил жилийн намарт босч ирдэг шатахууны үнийн өсөлтийг хазаарлах, хаврын хаварт хотынхонд тулгамддаг махны үнийг буулгах ажил үр дүнгээ өгч, үнэ зохицуулагдаж байсан уу.

Онолын хувьд бол үнийн өсөлт нь хэмнэлтийг, хэмнэлт нь хуримтлалыг бий болгож, хуримтлал нь яваандаа эргээд үнийг буулгадаг зах зээлийн хууль бий. Жилийн өмнө үхрийн мах 7500 төгрөг хүрэхэд нийслэлчүүд 2500 төгрөгөөр тахианы мах идэж байсан шиг л бодитой зүйл. Адам Смит энэ тухай, ашиг чєлєєт єрсєлдєєний явцад тухайн капиталийн хvрээнд бий болдог. Энэ бол ердєє капиталийн хvvг л илэрхийлж байгаа юм. Энэ нь vйлдвэрийн чармайж ажилласний эцэст олж буй шагнал буюу бодит ашиг биш юм. Капитал эзэмшигч нар буюу хєрєнгєтнvvд нь нийгэмд хэрэгтэй vvрэг гvйцэтгэдэг юм. Тэд капиталаа арвижуулж, хуримтлалийг ихэсгэснээр, улсийн эдийн засаг єснє, vvнийг дагаад ажилчдад ногдох хувь ч мєн адил єсдєг. /Гэхдээ энэ бол бидний “төрөөс төрсөн тэрбумтнууд” гэж нэрлээд байгаа төрийн эрх мэдлээр дамжуулан бизнесээ өргөжүүлж байгаа нөхдийн тухай биш гэдгийг санах хэрэгтэй. Тэгээд ч манайд жинхэнэ капиталистууд тийм ч олон биш/. Ажилчин хvний нєхцєл байдал сайжрахгvй л юм бол капиталистууд єєрсдийгєє ємнєх vеийнхнээсээ илvv төвшинд хvрсэн гэдгийг батлах гэж оролдоод яах ч юм билээ? гэсэн байна.

Дэлхийн түүхэнд өөрийн философио хамгийн олон хувиар зарж чадсан, саяхнаас монголчууд номыг нь шимтэн унших болсон, хувь хүний эрх чөлөөний философийн авторуудын нэг гэгддэг Айн Рэнд “Танин мэдэхүйн үндэс нь бодитоор сэтгэх, танин мэдэх хэрэгсэл нь оюун ухаан, ёс суртахууны үндэс нь хувийн ашиг сонирхол, улс төрийн үндэс нь капитализм юм” гэсэн аж.

Хувь хүний эрхийг негатив буюу заяагдмал эрх, позитив буюу төрөөс олгодог эрх хэмээн ангилдаг. Жишээ нь Финлянд улс иргэддээ “Хүн бүр 1G-ийн багтаамжтай интернетийн хэрэглээгээр заавал хангагдсан байх ёстой” гэж хуульчилсан бол Монгол Улс сүүлийн хоёр жил “иргэн бүртээ сар бүр 21.000 төгрөгийн хишиг хүртэх” эрх олгоод байгаа. Үндсэн хуулиар заагдсан “амьд явах, сурч боловсрох, ажиллаж хөдөлмөрлөх, үзэл бодол болон шашин шүтлэгээр ялгаварлуулахгүй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх” зэрэг таны төрмөл эрхэд хэн ч халдах эрхгүй бол төрөөс олгож буй дээрх эрхүүдийг төр дуртай үедээ өгч, дуртай үедээ, эсвэл санхүүгийн чадваргүй болсон цагтаа буцаагаад авчих боломжтой гэсэн үг. Тиймээс л хувь хүний эрх, эрх чөлөө гэж юу болох, ямар үед төр түүнд халдаж, ямар үед хамгаалах ёстой тухай яриа, хувь хүний эрх чөлөөг эрхэмлэх буюу либертари үзэл залуусын нэгээхэн хэсгийнх нь сонирхдог сэдэв, хувь хүний чиг хандлага болон төлөвшиж байна.  

Харамсалтай нь, манайд энэ чиглэлийн боловсрол, амьдарч буй нийгмийнхээ мөн чанарыг танин мэдэхэд чиглэсэн сургалтын программ одоо хэр нь байдаггүй.  ЕБС-иудын хичээлийн 92 хувь байгалийн ухаан, 7 хүрэхгүй хувь нийгмийн ухааны хичээл байдаг гэдгийг судлаачид хэлж  байсан. Тэгээд тэр 7 хувьдаа ч гэсэн зөв зүйтэй, системтэй мэдлэг олгож чаддаггүй, ихэнх нь хичээлийн программ өнгөрсөн нийгмийнхээ сургалтын агуулгаараа яваа гэдгийг бас хэлчих хэрэгтэй. Улс төрийн хүрээндээ ч бас нэг их дээрдэх зүйлгүй л дээ. Баабар, Э.Бат-Үүл, “Алтан тариа”-н П.Цэнгүүн, философийн багш Ч.Батчулуун, Х.Тэмүүжин гишүүн гэсгээд либертари үзлийг Монголд импортлох гэж оролдож байгаа нөхдийн хүрээлэл дуусч байгаа бол бороо хур оруулах, нутаг орноо хөгжүүлэх, сонгуульд ялахын тулд овоо тахиж, суварга босгодог, найр наадам хийж, тэнгэр лүү “факс илгээдэг” феодал маягийн зан үйл, түүнд итгэгчдийн тоо хавьгүй олон байх жишээтэй. 

Энэтхэгийн  их сэтгэгч, эрх чөлөөний  төлөө тэмцэгч Махатма Ганди “Эрх чөлөөнд хүрэх зам үгүй, эрх чөлөө өөрөө зам юм” гэж хэлсэн аж. Энэ тухай “Эрх чөлөөний философи” сургалтыг зургаа дахь жилдээ зохион байгуулсан багш, Х.Тэмүүжин гишүүн “Ардчилал ч бас үүнтэй адил. Ардчилалд хүрэх зам үгүй, ардчилал өөрөө зам юм” гэсэн.

Нөгөө талаар “Хэн шударга ёсыг хайж байна, тэр шударга ёсыг бүтээгч байдаг” гэж бас нэг үг бий. Тэгэхээр үүнийг хайгч Монголын залуу үе ч бас улам олон болтугай.

Эх сурвалж: "АРДЫН ЭРХ" сонин

2011.08.23