Хаалттай хаалганы цаана...
Саяхан Gogo.mn сайтаас нэгэн нийтлэл олж үзэв. “Цагдаагийн байгууллагын өөрчлөлт цагдаагийн албыг цалгардуулж байна” гэсэн утга агуулга бүхий. Уг нийтлэлд Цагдаагийн албаны тухай хууль гарснаар “маш олон цагдаа” энэ байгууллагад ажиллах итгэлгүй болж, ар гэрийнхэн нь тэднийг элдвээр дарамтлан бараг л “Гэр бүлийн хүрээний хүчирхийллийн” нэг хэлбэр рүү шилжээд байгаа тухай бичсэн байна.
Саяхан Gogo.mn сайтаас нэгэн нийтлэл олж үзэв. “Цагдаагийн байгууллагын өөрчлөлт цагдаагийн албыг цалгардуулж байна” гэсэн утга агуулга бүхий. Уг нийтлэлд Цагдаагийн албаны тухай хууль гарснаар “маш олон цагдаа” энэ байгууллагад ажиллах итгэлгүй болж, ар гэрийнхэн нь тэднийг элдвээр дарамтлан бараг л “Гэр бүлийн хүрээний хүчирхийллийн” нэг хэлбэр рүү шилжээд байгаа тухай бичсэн байна. Гэвч яагаад ийм байдалд хүрсэн шалтгаан нь жаахан “асуудалтай”. Цагдаагийн цол зэрэг буурч, цолны нэмэгдэл хасагдсанаас ийм байдалд хүрч, маш олон цагдаа “нүдэндээ нулимстай” явахад хүрсэн гэнэ.
Тодруулбал, Цагдаагийн албаны тухай шинэ хуулиар цагдаагийн ажилтнуудад ажилласан жилээр нь тооцож цол өгдөг байсныг өөрчилж, олон нийтийн өмнө хүлээж буй хариуцлага буюу хашиж буй албан тушаалд нь дүйцүүлэн цол өгдөг болсон юм. Арван хүн удирдаж байгаа цагдаагийн ажилтан хорин жил энэ байгууллагад ямар ч үүрэггүй явж ирсэн хэн нэгнээс илүү цолтой байна гэсэн үг. Үүнээс нь болоод баахан хурандаа нар тушаал буурч, тэдний цалин урамшуулал хасагдсаны улмаас ар гэрийнхэн нь “цусаар уйлж” байна гэнэ.
Саяхан “Нээлттэй нийгэм форум” ТББ-аас нэгэн сургалтыг зохион байгуулсан юм. Энэ сургалтын үеэр Хүчирхийллийн эсрэг төвийн захирал Д.Энхжаргал нэгэн мэдээллийг хийв. Сүүлийн 2-3-хан жилийн дотор гэр бүлийн хүчирхийлийн улмаас 40 гаруй хүн амь насаа алдаж, түүнээс олон хүн эрүүл мэндээрээ хохирсон байна. Энэ бүхэн цагдаагийн байгууллага гэр бүлийн орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, хүчирхийллийн хэрэгт огт анхаарал хандуулалгүй явж ирсэнтэй холбоотой гэнэ. Эхнэр, нөхрийн нэг нь нөгөөдөө гар хүрлээ, эсвэл үр хүүхдээ тарчлаан зовоож байна гэсэн дуудлага ирэхэд цагдаагийн байгууллага үүнийг “гэр бүлийн дотоод асуудал”, “эр эмийн хооронд илжиг бүү жороол” гээд орхидог байв. Яагаад гэвэл цагдаагийн ажилтны ажил үүргийн хуваарьт “гэр бүлийн хүчирхийлэл” гэдэг үг огт байгаагүй, ажлын үр дүнг нь үнэлэхэд огт хамааралгүй явж ирсэнтэй холбоотой. Аз таарч хэн нэг нь дуудлага аваад ирлээ гэхэд хүчирхийлэгч нь “Та нарт хамаагүй, гэр бүлийн дотоод асуудал” гээд хаалгаа тас хаадаг байв. Үүнээс болоод хоёрхон жилийн дотор 40 гаруй хүн амиа алдсан байна.
Бас нэг гашуун баримт дурьдахад эмэгтэйчүүдийн хориход ял эдэлж байгаа эмэгтэйчүүдийн 20 хувь нь залилан, үлдсэн 80 хувь нь хүн амины хэрэгт холбоотой байдаг. Тэдгээр эмэгтэйчүүдийн дийлэнх нь урт удаан хугацааны сэтгэл санааны дарамт, бие махбодийн тамлан зовоолтыг тэсвэрлэж чадаагүйн улмаас нөхрийнхөө аминд хүрсэн, эсвэл амийг хөнөөхийг оролдсон байдаг гэнэ.
Харин 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Цагдаагийн албаны тухай шинэ хууль гэр бүлийн орчинд үйлдэгдддэг хүчирхийлэл, гэмт хэрэгтэй тэмцэхэд маш том ахиц болж байгаа гэдгийг Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал онцолсон. Учир нь, уг хуульд цагдаагийн ажилтны ажил үүргийн хуваарьт “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” үүргийг оруулж, ажлынх нь үр дүнг тооцохдоо ч харгалзан үздэг болсон байна. Одоо цагдаагийн зарим хэлтэс дээр гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдийг хамгаалах байр хүртэл бий болгож, Нийслэлийн цагдаагийн газарт гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх тусгай хэлтэс байгуулсан байна. Зөвхөн Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн дэргэдэх хамгаалах байранд 30 гаруй хохирогчийг хамгаалалтад аваад байгаа юм байна. Ядахдаа л 200-300 мянган хүн амтай дүүрэгт нэг байсан цагдаагийн хэлтсийг хоёр болгож өргөтгөснөөр гэмт хэргийн дуудлагаар очдог цагдаагийн ажилтны хүн хүч, хурд хоёр дахин нэмэгдсэн байх учиртай.
Уг нь одоогоос 10 жилийн өмнө Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг УИХ-аар баталсан ч өнөөг хүртэл гэр үлийн орчинд үйлдэгддэг гэмт хэргүүд буурахгүй, хүний амь нас хохирох, гэмтэх, хүүхэд өртөх зэргээр хүчирхийлэл илүү ноцтой хэлбэрт шилжсэн байна. Хэдийгээр уг хуулиар “Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг нь хувь хүний асуудал биш, хүний эрхийн зөрчил мөн” болохыг хуульчилсан ч хохирогчийг хэрхэн хамгаалах, үйлчилгээг хааанаас яаж авах, хүчирхийлэгчид хүлээлгэсэн шүүхийн шийдвэрийг хэн, ямар журмаар хэрэгжүүлэхийг тодорхойлоогүйгээс хууль хэрэгжих боломжгүй, тунхаглалын шинжтэй болж үлдсэн байна.
Тиймээс Засгийн газар, Хууль зүйн яамнаас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулан УИХ-аар хэлэлцэж эхлээд байна. Хамгийн наад зах нь гэр бүлийн хүчирхийллийг иргэний маргааны журмаар шийдвэрлэдэг байсныг өөрчилж, зарим ноцтой үйлдэл, эс үйлдлийг гэмт хэрэгт тооцож, ингэснээр хохирогчийг хамгаалах хуулийн процедур ч бас тодорхой болж байгаа юм байна.
Мэдээж уг хуульд заасан бусдыг сэтгэл санаа, бие махбодийн хувьд тарчлаан зовоох, эрүүл мэнд, амь насанд нь хохирол учруулах гэх мэт үйлдлүүдийг Гэмт хэргийн тухай хуульд ч гэсэн “гэмт хэрэг мөн” гээд заачихсан байгаа. Ялгаатай нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль нь хүчирхийлэл үйлдэгдэхээс өмнөх шатанд гэмт хэргийг таслан зогсоох тухай, энгийнээр хэлбэл хүний амь нас, эрүүл мэндийг хэрхэн хамгаалах вэ л гэдэг хууль юм. Ингэхдээ хаалттай хаалганы цаана буюу бусдаас тусгаарлагдсан, нүднээс далд байдаг гэр бүлийн харилцаан дотор үйлдэгдэж байгаа гэмт хэргийг таслан зогсоох, түүнээс урьдчилан сэргийлэх тухай юм. Түүнээс биш зарим нэг гишүүдийн яриад байгаа шиг “хүүхдээ РС тоглуулахгүй гэсний төлөө эцэг эхийг нь барьж хорих”, эсвэл “Уламжлалт гэр бүлийн харилцааг үгүй хийх” тухай асуудал биш. Энэ бол огт өөр харилцаа.
Р.Гончигдорж гишүүн уг хуулийн хэлэлцүүлгийн үеэр ярьж байна лээ. “Авлигын эсрэг хууль бол уг нь авлигаас урьдчилан сэргийлэх тухай хууль юм шүү дээ. Гэтэл өнөөдөр авлигыг илрүүлэх тухай хууль болоод хувирчихлаа” гэж. /үнэхээр ч уг хууль гарч, АТГ байгуулагдсанаас хойш “Тэрийг баривчиллаа, тэдэн хүнийг авлигын хэргээр шийтгэлээ” л гэж ярьж, бичиж байгаагаас биш “Авлигын гэмт хэрэг тэдэн хувиар буурлаа, тэгж урьдчилан сэргийлж чадлаа” гэж нэг ч хүн дуугарахгүй л байгаа биз дээ/ Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль ч мөн ялгаагүй. Гэр бүлийн орчинд үйлдэгддэг гэмт хэрэг, хүчирхийллийг яаж таслан зогсоох, хэрхэн урьдчилан сэргийлэх вэ гэдэг хуулийн эхний зорилго байх ёстой. Харин нэгэнт гэмт хэрэг үйлдэгдсэн тохиолдолд ямар шийтгэл оногдуулах вэ гэдэг бол дараачийн асуудал.
Бичвэрийн эхэнд хэлсэн санаа руугаа эргэн орьё. Цагдаагийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүн ойролцоогоор 7000 орчим. Тэдний хэд нь хошууч, хурандаа цолтой байсан бэ? Яг энэ тоог гаргаад өгчих гэхээр гаргах хүн олддоггүй юм билээ. Учир нь, цагдаад цол олгох асуудал ямар ч учир шалтгаан, эмх замбараагүй явж ирсэн учраас. Тиймээс ойролцоогоор 1000 орчим нь дээд тушаалын офицер байсан гэж тооцьё л доо. Тэдний тал хувь нь тушаал буурсан байлаа гэж бодоход 500 хүний “нус нулимсны” асуудал нийт цагдаагийн байгууллагад хийгдэж байгаа шинэчлэлт өөрчлөлт, нийгэмд гарч байгаа эерэг хандлагыг үгүйсгэх шалтгаан болж чадах уу? Иргэнтэй тулж харьцаж байгаа цагдаагийн ажилтны цол өндөр байх тусмаа хүч хэрэглэх, захиран тушаах хандлагатай байдаг гэдгийг бүгд л мэднэ. Нэгэнт цагдаа бол хүчний байгууллага биш, иргэнд аюулгүй байдлын үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий үйлчилгээний байгууллага гээд хуульчилчихсан, үзэл хандлагаа ч ингэж өөрчилсөн байхад тухайн байгууллага дотор хэн өндөр цол хэргэмтэй гэдэг нь жирийн иргэнд ямар хамаа байна. Энэ байгууллага дотор хэн нь хэнийгээ захирах, захирагдахын тухай л асуудал шүү дээ.
Яг үүнтэй адилхан гэр бүлийн орчинд үйлдэгддэг хүчирхийллийн гэмт хэрэг нэмэгдсэн үү, нэмэгдсэн. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль шаардлагатай юу, шаардлагатай. Үүн дээр УИХ-ын гишүүдийн олонхи ямар ч байсан нэг байр суурьт хүрэх нь хүрлээ. Тиймээс ч уг хуулийг яаралтай хэлэлцэн батлах нь зүйтэй гэж үзэв. Олон нийт ч гэсэн үүнийг харж хүлээж байгаа. Харин Засгийн газраас боловсруулсан уг хуулийн төсөл анхныхаа хэлбэрээр батлагдаж чадах уу, эсвэл өмнөх шигээ араа, шүдийг нь бүгдийг нь сугалаад тунхаглалын шинжтэй, хэрэгждэггүй хууль дахиад нэгийг гаргах уу гэдэг УИХ-ын өөрийнх нь асуудал.
Зочин
Зочин
Хуульч
Tэмуулэн
Амгаа