Чойном ба ард түмэн
Зурагт асаахад нэг шударга хүн, радиогоо нээхэд бас нэг шударга хүн, индүү залгахад ч зүрхшээмээр тийм олон шударга хүн. Эх орноо өөрөө хайрлаж, хайрынх нь нэгж зохих хэмжээндээ хүрэхгүй байгаа нэгнийгээ илчилж, төр засгаа зад шүүмжилж байна. Бахдах ч юм алга, халаглах ч юм алга. Тийм цаг үе болоод л тэр биз.
Зоримог зоримог, лут шударгагэгдсэн хүнүүс өнөө үед л бий болсон юм биш. (Чойном шиг тэрслүү зоригтнууд энд хамаагүй)Социалист нийгэмд ч өөрийн гэсэн шударга гарууд байсан. Хувийн санаа бодолтой байхыг хатуу чандлан хорьж, зөвхөн эрх баригч намзасгаас батлан гаргасан санаа бодлыг нийтээрээ “хувийн санал” болгон өөриймшүүлж авах үүрэгтэй тэр цаг үед шүү дээ. Ингээд бодохоор шударга байх нь амархан ч юм шиг.
Үе үеийн шударга гарууд нэг зүйлээрээ нийтлэг. Тэр нь аймхай байдал. Сонин шүү, тэмцэгчид аймхай байна гэхээр. Тэд тухайн үеийн ноёлогч суртал, голлох зарчмын эсрэг хэзээ ч хандаж байгаагүйгээс энэ нь харагдана. Социализмын үеийн шударгууд ардчиллыг магтахгүй шиг, ардчиллын үеийн шударгууд төрийг хэзээ ч дэмжихгүй. Харин ч тогтсон дэглэм хийгээд ноёрхогч зарчмуудын“улаан хамгаалагч” болно.
Социализмын үеийн тэмцэгч хэнээтэн “засгийн бодлогыг эсэргүүцсэн”, “зөвлөлтийн эсрэг” юм ярьсан гэхчлэнгийн эрх баригч сурталд таагүй этгээдүүдийг илрүүлэх ажилд хувийн санаачилгаараа манлайлна. Тэд өөрсдийгээ “дутагдлыг хажуугаар дуугүй өнгөрдөггүй” хэмээн рекламдах ба анги нийгмийн дайсныг эрэлд хатна. Тэднийг эсэргүүцэх нь төрийн бодлогыг эсэргүүцэхийг өөгшүүлсэн явдал болж буруутна.
Социализм нь хүний л нийгэм болсон хойно, өөрийн зай завсар, сиймхийтэй байв. Дарга удирдагч ч бай, дотоодыг хамгаалахын агент ч бай хүн л юм болсон хойно зарим дутагдлыг нүд анин өнгөрөөх нь байсан. Үнэн хэрэгтээ шашин шүтлэг тас хориотой ч дов жалга болгон сан тавьдаг хүнтэй, айл өрхийн олонхи нь зурмал бурхнаас эхлээд ямар нэг шүтлэгийн элементтэй байсан. Харин мөнөөх шударга гарууд тэр бүгдийг илчлэн дөвчигнөнө.
Хурал цуглаан дээр зоримог үг гээчээ хэлж, шашингүйн суртал нэвтрүүлэгтэй зэрэгцэн сүсэг бишрэл, шашин ном оршсоор байгааг илчлэнэ. Золгүй нэгнээ ажил албанаас салгаж, нийгмээс гадуурхуулах ажил сэднэ. Бүгдээрээ түүнийг ханцуй дотроо зүхэвч түүнээ ил гаргаж чадахгүй. Ил гаргавал шударга тэмцлийг сөрөгч, бурангуй суртлыг дэмжигч этгээд “төрийн дайсан” болно.
Хурал болгон дээр үг хэлж, элэг нэгтнээ шиншилж, ардын дайсан илрүүлдэг, тэр хэрээрээ дэглэмдээ үнэлэгдсэн “зоригтой хүн”, “хувьсгаалч”, “зарчимч коммунист”, “дутагдалтай эвлэршгүй тэмцэгч”, “Эх оронч, интернацианальч”, “ах дүүгийн найрамдалд үнэнч” гэхчлэнгийн албан ёсны цолтой амьтад их байсан даа. Харин ард түмэн тэднийг “коммунист царайлсан” гэж хочлох. Илчлэгдлээ гэхэд коммунизм байгуулж байгаа нийгмийн нэг гишүүнийг коммунистаар нь дуудсан гээд гүрийж болно гэсэн үг.
Төр солигдох амархан ч хүний мөн чанар солигдох амаргүй. Тэд ардчилсан нийгэмд шилжсний дараа ардчиллыг хамгаалагчид, ардчилсан ёсны дайсныг илрүүлэгчийн үүрэг гүйцэтгэх болов. Маркст үнэнчээ илэрхийлэхийн хэрээр марксизмын дайснуудтай эвлэршгүйгээ нотолдог шиг төр засаг, хууль сурталтай үл эвлэрэхийн хэрээр ард түмний талынх болдог аж. Тэдний ярьж байгааг эсэргүүцвэл ард түмний эсрэг этгээд болж харагдах тул бүгд л амаа хамхина. Яг л Монгол зөвлөлтийн найрамдлын нэрийг барин довтлогчийг эсэргүүцвэл монгол зөвлөлтийн найрамдлын эсрэг этгээд болдог байсан шиг Хятадын эсрэг лоозонтой этгээдийг сөрвөл хятадын талынх болон адлагдах тул хулчийна. Уул уурхайг дэмжвэл эх орныхоо “байгаль хамгаалах” лоозонтой бүлэглэлийн дайсан болно. Тэдний дайсан болбол эх орны төдийгүй, нарны аймгийн гурав дахь гаригийн дайсанд тоологдоно. Учир иймд тэд буруу юм ярилаа ч эсэргүүцэх хоншоор дутна. Дал наяад оныхоос юу өөр болсон юм бэ гэж заримдаа бодогдоно.
Өмнөх үед төрийн дайсан болохоос айдаг байсан хувь хүний сэтгэхүйн эрх чөлөө, өнөөдөр олон нийтийн санаа бодлын дайсан болохоос эмээн дуугаа хураажээ. Хуучин дэглэмд төрийн үзэл санаан дор хувь хүний үзэл санаа мөхөстөж байсан бол өнөөдөр ард түмний үзэл санааны дарамт дор хувь хүний үзэл санаа сөхөрч байна.
Ингэхэд “монголд хэн зоригтой юм бэ”, “зориг гэж юу юм бэ” гэсэн асуулт гарна.Социализм хатуу, харгис дэглэм байсан ч “Төр чи буруутай” гэж хэлэх Чойномтой байсан. Харин ардчилалд “ард түмэн буруутай” гэж дуугарч чадах өөрийн Чойномоо төрүүлээгүй л байна.