Нийгэм хүнийг ийшээ ч нэг ташуурдаж, тийшээ ч нэг гуядаж байдаг. Үргэлж бусдын үзэл бодлоор хэмжүүр хийж явбал эрх чөлөөт, энгүүн амьдралын гоо сайхныг мэдрэхгүй. Энгүүн чөлөөт хувь хүн байхын тулд дотоод төвөө олох хэрэгтэй. Бясалгалын утга учир бол дотоод төвөө олж, дотоод дуу хоолойгоо сонсч сурахад оршдог. Өдөр тутмын амьдралдаа хэсэг зуур ч болов завсарлага авч, өөрийн цэвэр мөн чанарт уусч бай. Юу зөв, юу бурууг аяндаа мэдрэх болно. Энэ зөн мэдрэмжээ дагаж явах юм бол чи хэзээ ч төөрөхгүй.

Өвөө, жаалхүү хоёр илжигтэйгээ аян замд гарчээ. Хот руу ойртох үедээ мань хоёр илжгээ хөтлөн алхав. Гэтэл хэдэн хүүхэд дэргэдүүр өнгөрөхдөө “Энэ тэнэгүүдийг хараач. Идэр хүдэр илжигтэй мөртлөө явган сажилж явна. Адаглаад өвгөн нь илжгээ унамаар юм даа” гэж шоолцгоов.

Тэр үгийг сонсоод өвгөн, жаалхүү хоёр зөвлөлдөө: “Хүмүүс биднийг шоолж байна. Хот руу орох ч дөхлөө. Тэдний хэлснээр хийхгүй бол горьгүй нь” гээд өвгөн илжгээ унаж, жаалхүү даган алхлаа.



Удалгүй хэсэг хүн зөрөх зуур “Өөрөө илжиг уначхаад хээвнэг явах шив. Жаахан хүүхэд ядарч байна гэж боддоггүй юм байх даа” гэх дуулдав. Тэгэхлээр нь хүү илжгээ унаад, өвгөн явган алхлаа.

Зам зуур хэдэн хүнтэй ахиад таарав. “Тэрийг хар даа. Яасан ичдэггүй жаал вэ! Дэргэд нь яваа хүн өвгөн аав нь ч юм уу, багш нь байх даа. Ах захаа хүндлэх ёс бүр алга болжээ” гэж шүүмжлэв. Тэгэхлээр нь илжигнийхээ нуруунд хоёул сундлав. “Арай ч дээ. Хоёрын хоёр хүн ганц илжиг дээр мордчихжээ. Хөөрхий илжиг ядарч байгаа даа. Өөрсдөө илжгээ үүрээд явбал таарна” гэж өөр нэгэн хэлэв.

Өвгөн, хүү хоёр гүүрний наана дөрөө мултлан хэлэлцлээ. Гүүр өнгөрмөгц хот руу орох гээд байдаг. Энэ янзаараа бол хэн хүний хэл амны бай болж дуусах нь. Эцсийн арга сийлж, илжгээ үүрч явахаар шийдэв. Хулс олж дамнуурга хийгээд илжгээ хөлөөр нь уях гэв. Мэдээж илжиг эсэргүүцэж бөөн юм боллоо. Түүнд дэлдэн чих байлаа гээд бусдын үгийг сонсох биш. Данхар толгой байлаа гээд нийгмээс ичихээ мэдэх биш. Гэлээ ч хоёр хүний чадал илүү болохоор илжиг бууж өгч, модонд хүлүүлжээ.

Өвгөн, хүү хоёр илжигтэй дамнуургаа мөрөндөө үүрэн явж байтал гүүрэн дээр бөөн хүн таарав. “Таминь ээ, хүн илжиг унадаг байтал илжиг хүнийг унаж явна. Ямар гээчийн алиа солио явдал вэ!” гэж шагширцгаав. Олон хүний дуу чимээнээс цочсон илжиг олсоо тийрэн огло харайгаад, гүүрнээс уначихлаа. Өвгөн, хүү хоёр илжгээ аврах гэж доош буутал аль хэдийнэ мажийжээ. Голын хөвөөнд сууж байгаад өвгөн жаалхүүд хандан “За хүү минь, сонс...” гээд үгээ хэлжээ.

Энэ бол жирийн нэг түүх биш. Өвгөн өөрөө Сүфийн багш, гэгээрсэн хүн. Жаалхүү бол түүний шавь. Энэ явдал бүхэл бүтэн хичээл байлаа. Сүфичүүд нөхцөл тохиол бүрдсэн үед л сургаалаа заадаг юм. Эс бөгөөс хүн сургаалыг ой тойндоо шингээж чадахгүй. Жаалхүүгийн хувьд нөхцөл тохиол бүрджээ. Тэгээд өвгөн өгүүлрүүн: “Хэрэв чи бусдын үгийг хэт сонсвол энэ илжиг шиг талийх болно. Хүн бүхэн чамд үзэл бодлоо тулгаж, үг хэлээрээ шордоно. Тэр бүхний аясаар бөмбөрөөд байвал замаа алдаж төөрнө шүү.”

“Агнистын гэгээ” цуврал-“Чанадын чанадад” номоос