Хот байгуулалт, хотын стандартын газрын Барилга, хот байгуулалтын хэлтсийн дарга С.Даланжаргалтай ярилцлаа.

 

-Улаанбаатар хотын утаа, түгжрэл, асуудлыг шийдвэрлэхэд улс төрийн алхам гэхээс илүү арга зам, мэргэжлийн шийдэл чухал байж таарна. Яг энэ чиглэлд сонгуулийн амлалтаас арай илүү бодитой зүйлс сонсмоор байна?

- Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө бол бидний хувьд хот байгуулах хууль юм. Хот яаж хөгжих, хүн ам нь хэд байх, хаашаа тэлэх гээд бүх үйл явц ерөнхий төлөвлөгөөнөөс хамаардаг. Энэ удаад Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг боловсруулсныг УИХ-ын хаврчуун чуулганы хугацаанд хэлэлцэн батлана гэсэн хүлээлттэй байна. Тэгэхээр энэхүү ерөнхий төлөвлөгөө бол хууль юм. Энэ нь Улаанбаатар хотын хэмжээнд цогцоор хэрэгждэг. Үүнийг хөрсөн дээр буулгахын тулд хэсэгчилсэн төлөвлөгөө, барилгажилтын төсөл, загвар зураг  гэх мэт үе шаттай ажлууд хийгдэх ёстой. Хамгийн чухал нь хотын ерөнхий төлөвлөгөөг маш сайн хийж чадвал бид цаашаа зөв голдрилоор явна гэсэн үг юм.

-Тэрхүү зөв голдрилыг тавих гол амин сүнс нь юу байгаа вэ?

-Улаанбаатар хот өнөөдрийг хүртэл нэг төвт хот байсаар байна. Хотын төв нь Сүхбаатарын талбай орчим дөчин мянгатыг тойрсон нэг л төвтэй нэг хот. Одоо хийж буйерөнхий төлөвлөгөөний концепт нь хот төлөвлөлтийнхөө хувьд компакт сити буюу олон төвтэй нягтруулсан хот бий болгох. Гэхдээ тэдгээр төвүүд нь “Хорин минутын хот”концептийг хадгална гэж үзэж буй юм. “Хорин минутын хот”  концепти нь “10 минутын хот”, “15 минутын хот” гэх зэргээр дэлхий даяар янз бүрээр хэрэгжсэн байдаг. Энэ нь хүн амьдарч буй орчиндоо өөрт хамгийн хэрэгцээтэй үйлчилгээг энэ хугацаанд авах боломжтой байхаар төлөвлөгдсөн зохион байгуулалтыг хэлж байгаа юм.  

Улаанбаатар хот бол төрийн болон нийгэм, урлаг соёлын үйлчилгээ, банк, театр, сургууль, цэцэрлэгийн хамрагдалт гээд зайлшгүй үйлчилгээнүүд нь ихэнхдээ хотын төвдөө төвлөрсөн нэг төвт хот. Энэхүү төвлөрлийг өөрчлөх, өөр төвүүд үүсгэх концептийг баримталж, өнөөгийн Улаанбаатар хотыг орон нутгийн зэрэглэлийн 14 хот, улсын зэрэглэлийн хоёр хот болгон хөгжүүлэхээр УИХ-ын 72 дугаар тогтоол, мөн дагуул хотуудыг бий болгох тухай УИХ-ын 76 дугаар тогтоолыг 2024 онд парламентаас тус тус батлан гаргасан. 

Улаанбаатар хотын хүн ам одоогийн байдлаар 1.6 сая байгаа бол 2040 он гэхэд 2.0 сая орчим байна гэсэн төлөвлөлтийг хийж, үүнд нийцсэн сургууль, цэцэрлэгийн хүртээмж, инженерийн шугам сүлжээ, зам тээвэр, харилцаа холбоо зэргийг төлөвлөлтөд тусгасан.  

-Хот төлөвлөлт, зохион байгуулалт нь тухайн улс үндэстнийг хэвээр нь авч үлдэх, эс бөгөөс бүр өөр үндэстэн мэт болтол өөрчилж ч болох хүчин зүйл гэж үздэг. Шинээр батлахаар зэхэж буй 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөг боловсруулахдаа хүн ам зүй, нийгэм, эдийн засаг, соёлын орчныг хэрхэн авч үзсэн бэ. Өмнөх төлөвлөгөөнөөс хойш бий болсон өөрчлөлт юу вэ? 

-Улаанбаатар хотыг анх төлөвлөхдөө 400-600 мянган хүн амтай хот байна гэж төлөвлөлтийг нь хийсэн. Одоо бол бүх талаар ачаалал, нягтрал эрс нэмэгдсэн. Тиймээс орчин үетэйгээ нийлүүлэн хийх зүйл маш их байна. 

Өмнө нь бид байшин барилга барихыг маш их хүсдэг байсан. Одоо бол ямар байшин хаана барих вэ гэдгийг нарийн төлөвлөж байж шийдэхгүй бол маш хэцүү. Өмнө нь Засгийн газрууд гэр хорооллыг байхгүй болгох, утаагүй болох асуудлын шийдлийг зөвхөн орон сууцны бодлого дээр аваачиж тавьж, 10 мянган айлын орон сууц, 40 мянган төрийн албан хаагчийн орон сууц гэх зэргээр тоог чухалчилж ирсэн. Орон сууцыг хаана гэдэг нь хамаагүй аль болох олноор барьж, гэр хорооллынхныг нүүлгэн оруулж байж утаа, агаар, хөрсний бохирдол, түгжрэлээс сална гэж үзэж байсан бол одоо гэр хорооллын газарт өөр дээр нь төлөвлөлт хийж, олон төвүүд үүсгэх бодлого баримталж байна. Үүний нэг тод жишээ нь Сэлбэ дэд төв юм. Нийт 150 гаруй га газарт хэрэгжих уг төслийн хүрээнд газар чөлөөлөлтийн ажил 70-80 хувьтай явж байна. Тухайн газар дэвсгэр дээр нийт 10 мянган айлын сууц барина. Яагаад гэр хорооллын газрыг чөлөөлж, дээр нь төлөвлөлт хийх нь илүү оновчтой гэж үзэж байгаа вэ гэхээр хүмүүс орон сууцанд нүүж орсон ч хашаа байшин нь хэвээрээ байж л байдаг. Тэр хавьдаа дасал болчихсон учраас хашаа байшингаа үгүй болгодоггүй. Эсвэл дахиад өөр айл ороод сууна. Тэгэхээр гэр хороолол огт хумигдахгүй байгаа учраас хүмүүсийг нь нүүлгэх биш орчинд нь хот төлөвлөж өгөх гэдэг бодлого баримталж байна. Өнөөдөр Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Сэлбэ дэд төв, Баянхошуу дэд төвийн бүх шугам сүлжээнүүд нь хийгдээд байна. Бие даасан байдлаар дулааны эх үүсвэрийг нь шийдвэрлэж, дэд бүтэц, шугам сүлжээ, зам харилцааг барьж байгуулна.

-Улаанбаатар хотод айл болгон машинтай мөртлөөялангуяа орон сууцны хороололд айл болгон гаднаа зогсоолтой байж чаддаггүй. Зам дээрээ багталцдаггүй. Ер нь бол зорчих хөдөлгөөнд автомашин голлож байгаа ийм хотод авто зам нь олон эгнээтэй ч гэх юм уу, арай өөр сүлжээтэй байх ёстой болов уу. Шинэ төлөвлөгөөгөөр үүнийг хэрхэн шийдэрлэх вэ?

 

-Манай хот айл болгон автомашинтай байх үеийн төлөвлөлт биш. Нийтийн тээврээр зорчих хөдөлгөөнөө шийдвэрлэхэд зориулсан төлөвлөлт. Тийм болохоор зам, зогсоол төлөвлөж өгөөгүй. Сүүлд ерээд оноос хойш зах зээлийн нийгэмд шилжсэнээр айл болгон авто машинтай болж, тоосгон гарааш энд тэндгүй бариад өөрсдөө дураараа хийгээд эхэлсэн. Төлөвлөлттэй нь цөөхөн. Одоо бол тэдгээрийг бүгдийг нь буулгаж байна.

Сүүлд баригдаж буй орон сууцны хотхон хороололд норм дүрмээрээ нийт айлынхаа 75 хувьд зогсоол төлөвлөж өгч байгаа. Өмнөх асуудлуудыг яаж шийдэх вэ. Дахиад давхар зам барих уу, зогсоол нэмэх үү гэдэг дээр би үүний эсрэг байр суурьтай байдаг. 

Дэлхий нийтээр хот төлөвлөгчдийн харж байгаагаар машин техник, хувийн авто машинд орон зайг тавьж өгөөд байх юм бол улам л ихсээд байна. Тийм учраас хувийн тээврийн хэрэгслийг багасгах, нийтийн тээврээр 30 хувь, хувийн тээврээр 30 хувь, явган алхах болон унадаг дугуйгаар 30 хувь, мөн 10 хувь нь аль аль руу шилждэг байдлаар зорчих хөдөлгөөнийг шийдвэрлэх концептийг баримтална. Яг энэ концепци бүхий хотыг тогтвортой тээврийн хэрэгслийн хот гэж үздэг. Дэлхий нийтээр үүн рүү чиглэж байгаа бөгөөд Копенгагенаас эхлээд Европын олон хот ийм шийдэлтэй байдаг.

Улаанбаатар хот мөн үүн рүү чиглэх ёстой. Хувийн тээврийн хэрэгсэлд зориулсан зогсоол талбай, зам нэмэхээс илүүтэй нийтийн тээврээ хөгжүүлэх хэрэгтэй. Энэ утгаар хотын төв зам дагуу метро байгуулах төслийг БНСУ-ын хөрөнгө оруулалттай компани өмнөх ТЭЗҮ-ийг шинэчлэх замаар зураг төслийг нь гарган ажлыг эхлүүлээд байна.  

-Метрог зөвхөн хэвтээ чиглэлд тавина. Бусад чиглэлд ямар шийдэл байх вэ?

 

-Хойноос урагш буюу Сэлбэ дэд төвөөс Сүхбаатарын талбай хүртэл трамбайны трасс тавина. Сүхбаатарын талбайгаас урагш Яармаг руу трамбай болон LRT, BRT зэрэг багтаамж ихтэй нийтийн тээврийн асуудал яригдаж байгаа. Ер нь тээврийн хэрэгслийн холимог байдлаар шийднэ гэсэн үг.Гэхдээ замыг орхигдуулж болохгүй. Үндсэн Бага тойруу, Их тойруу, эдгээрийн гадна талаар дахиад Том тойруу орж ирнэ. Авто замын тойрог замуудтай, тэгээд авто замын сүлжээ тасралтгүй байх ёстой. Улаанбаатар хот маань мухар зам ихтэй. Нэг гудамжинд ч юм уу тулаад зогсдог замууд ихтэй. Тэгэхгүйгээр тасралтгүй сүлжээ, холболт байх ёстой гэж үздэг. Одоо байгаа дээр шинэчлээд мухар замуудыг сүлжээнд сайн холбож өгөх хэрэгтэй.Үүнээс гадна манай блокын хэмжээ их том байгаад байгаа юм. Дөчин мянгат орчим блокууд 400, 400 орчим метртэй. Гэтэл гадны улсуудыг харахад 100-200 метрийн блокуудтай. Тэгэхээр блокуудын дотор талын нэвтрэн өнгөрч байгаа замуудын сүлжээг бас торлож өгөх шаардлагатай.

-Бидний шийдэх гээд байгаа асуудал бол Улаанбаатар хотын даац, багтаамж, түгжрэл, гол нь утаа. Хот хөгжүүлэх 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөө хэрэгжсэний дараах үр дүн, хүрэх цэгийг хэрхэн тодорхойлох ёстой вэ?

 

-Хамгийн нэгдүгээрт Улаанбаатар хот маань ногоон хот болох. Агаарын бохирдлыг бууруулна гэсэн үг. Төлөвлөлт, концепт, үйл ажиллагааны бүх чиглэл тийшээ зорино. Агаарын бохирдлын ихэнх буюу 60-70 хувь нь гэр хорооллоос үүдэж байгаа. Мөн хөрсний бохирдол ялгаагүй. Тэгэхээр ерөнхий төлөвлөгөөний хүрээнд гэр хорооллууд руу чиглэсэн ажлуудыг их хийнэ. Томоохон дэд төвүүдийг байгуулж байна. Гэр хорооллын суурьшлууд дээр газар шинэчлэн зохион байгуулах ажлуудыг хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд гэр хорооллын айлуудын дулааныг хийн эх үүсвэрээр шийдэх, сүлжээнд холбох асуудлууд яригдаж байна. 

-Хийгээр дулааны үйлдвэрлэх эх үүсвэрийг тухай тухайн хэсэгт шийдвэрлэж, айл өрхүүд рүү шугамаар холбоно гэсэн үг үү?

-Газар чөлөөлөлтийн явцад тухайн хэсэгт баллон байрлуулаад айл өрхүүд рүү 20 км дотор шугамаар холбох шийдлийг ярьж байна. Хийн хувьд LPG буюу түлшнээс гаргаж авч буй хий, LNG буюу байгалийн хий гэсэн хоёр төрлийг ашиглах боломжтой.

-Хотын гэр хорооллын утааны асуудал үндсэндээ дулааны шугам хаана хүрээд дуусаж байна тэндээс эхэлж байгаа. Төвийн дулааны шугамыг гэр хороолол руу тэлэхийн тулд дараагийн шинэ станц хэрэгтэй гэсэн ойлголттой, тийм ч учраас V цахилгаан станц барих ёстой гэсэн хүлээлттэй лав гучин жил болж байна. Одоо таны ярьж байгаачлан дулааны эх үүсвэрийг шйидэх боломж байсаар л байсан...

-Улаанбаатар хот өөрийн нэг тийм онцлогтой. Цахилгаан станцаас бүгдийг нь хангаад өгчихдөг. Халуун усыг хүртэл станцаас аваад айлын гэрт нь шахаад хүргээд өгчихнө. Цаг агаарын хүйтэн нөхцөлтэй ч холбоотой юм уу, бүх сүлжээ нь тэгээд хийгдчихсэн. Сүлжээ нь байгаа учраас түүнийг ашиглахаас өөр арга байхгүй. Цаашид 3 болон 4 дүгээр цахилгаан станцыг шинэчлэх, 5 дугаар цахилгаан станц барих хэрэгцээ шаардлага байсаар л байна. Учир нь тэдгээрт үйлдвэрлэж байгаа цахилгаан, дулааныг төвийн шугамаар айл өрх, албан газруудад хүргээд л явна. Харин цаашаа төвийн шугамыг нэмж тавихгүйгээр хотын алслагдсан хэсгүүдийг бие даасан эх үүсвэрүүдээр хангах концептийгбаримтална. 

Улаанбаатар хот дөрвөн уулын дунд байгуулагдсан. Уул руугаа өгсөж баригдсан хэсэгт төвийн шугам хүргэх бололцоогүй учраас бие даасан байдлаар шийдэхээс аргагүй. Гэхдээ байгаль орчинд ээлтэй, сэргээгдэх эх үүсвэрээр шийдье гэж байгаа юм. Монгол оронд нарны эх үүсвэр хамгийн ирээдүйтэй. Учир нь жилийн 365 хоногоос хамгийн олон өдөр нь нар үздэг. Тэгэхээр нарны эх үүсвэр түлхүү ашиглая, салхин станцыг судалья гэдэг чиглэл баримталж байна. 

-Гэр хорооллын төлөвлөлтийг улс хийнэ, суурь дэд бүтцийг төсвийн хөрөнгөөр шийднэ байх. Айл өрхүүд өөрсдөө юу хийх, яаж оролцох вэ. Ер нь бол бүтээн байгуулалтын зардлыг хэрхэн хувааж, хэрхэн бууруулах боломжтой вэ?

-Дэд бүтцийг шинэчлэн байгуулах, үүнд цахилгаан, дулааны эх үүсвэр, инженерийн шугам сүлжээ барих, зам тээврийг өргөтгөх ажлуудыг багтаасан 23 мега төсөл нийслэл дээр яригдаж буй. Хэн нэгэн хувийн хэвшил очоод хөрөнгө мөнгөөрөө хийх боломжгүй төслүүд гэсэн үг. Засгийн газрын дэмжлэгтэйгээр урт хугацаанд яаралтай хийх шаардлагатай.

Цаг хугацааны хувьд хэрэгцээ шаардлага нь аль эрт бий болсон ч өнөөдөр л яригдаж байгаа ажлууд юм. Таны асууж буй V цахилгаан станц, метро, тойрог замууд, холбоос гүүрүүд, дэд төвүүд, Туулын арын хурдны зам гэх мэт. Цаашдаа эдгээр төслүүд рүүгээ шат дараатай ороод явна. Гэхдээ энэ бүгдийг төр дангаараа хийж чадахгүй. Тэгэх ч ёсгүй. 

Тэгэхээр төр, хувийн хэвшлийн түншлэлээр том төслүүд дээр хувийн хэвшлүүд маань орж ирээд ажиллах боломжтой. Миний ярьж буй гэр хорооллууд дээр бол өрхүүд хэрэв хийн эх үүсвэрт холбогдох гэж байгаа бол та өөрөө хашаагаа шинэчил, байшингаа дулааны алдагдалгүй болго гэх мэт шаардлагуудыг тавьж, ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулна. 

-Хүний амьдрал, улс орны хөгжлийг төлөвлөж байгаа юм чинь хот төлөвлөгчдөөс гадна бусад шинжлэх ухааны мэргэжилтүүд оролцож байгаа байх. Мөн төлөвлөөд ч цэгцэлж чадахгүй ажил гэж бас байна байх?

 -Төлөвлөсний дараа хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах ёстой. Өмнөх ерөнхий төлөвлөгөөг баталсны дараа үйл ажиллагааны төлөвлөгөөг нь таван жилийн дараа  баталсан байдаг. Одоо бол энэ хоёр хамтдаа явж байгаа. Тэрхүү үйл ажиллагааны төлөвлөгөөнд улс, хот анхаарал тавих ёстой. Мөн “Хорин минутын хот” гэдэг концепт дээр иргэд өөрсдөө юу хийх боломжтой юм бэ гэдгээ хороо хэсэгтээ саналаа гаргаад хийх хэрэгтэй. Иргэд, аж ахуйн нэгжүүдийн саналыг төлөвлөгөөнд уялдуулаад явах зорилготой байна.

-Бүх бодлого шийдвэр өөрөө зардалтай, эрсдэлтэйбайдаг. Энэ төлөвлөгөө хэрэгжихэд нийгэм, эдийн засгийн орчноос учирч болох эрсдэл хүндрэл юу байх бол. Тухайлбал, улс төрийн нөхцөл их нөлөөтэй байдаг. 2040 он хүртэл хэчнээн ч сонгууль байгаа юм бэ гээд бодохоор? 

-Өнөөдрийн нөхцөл байдлаар бол нийслэл Засгийн газраас маш том дэмжлэгтэй явж байгаа. Энэ цаг үеийг алдахгүйгээр зайлшгүй хэрэгцээтэй цахилгаан станц, барилгажилтын дэд төв, нэгдсэн хангамж, зам харилцаа гээд бүгдийг нэн тэргүүнд барьж авах шаардлагатай. Бид зөвхөн өөрсдийн эх үүсвэр, хувийн хэвшил, аж ахуйн нэгжийн тусламжаар бүх зүйлийг хийж чадахгүй. Тэгэхээр үүн дээр гадны зээл тусламж авах асуудлаа ч ойрын үед шийдэх хэрэгтэй. Цаашдын улс төрийн нөхцөлийг бид хэлж мэдэхгүй.

Хот төлөвлөлт бол цаасан дээр буусан ажил. Газар дээр буулгаж хийхэд өчнөөн хууль дүрэм, журам засварлах, шинэчлэх шаардлагатай. Дээрээс нь улстөрчдийн нөлөө ч байна. Ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд бас нэг асуудал нь газар зохион байгуулалтын төлөвлөгөө байдаг. Өмнө нь олгосон байгаа газар дээр төлөвлөлт хийхэд иргэн аж ахуйн нэгжүүд ойлгох, ойлгохгүй асуудал үүснэ. Харилцан ойлголцож, иргэн бүр гар бие оролцож байж л хотын ерөнхий төлөвлөлт хэрэгжинэ. Зөвхөн нийслэлийн хийх ёстой ажил гээд суугаад байх юм бол явахгүй.

Хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө хоёр аргаар хэрэгжинэ. Нэг нь Засгийн газрын оролцоотой явах мега төслүүд. Нөгөө нь иргэн, аж ахуйн нэгжийн санаачилгаар хэрэгжүүлэх шаардлагатай микро төслүүд. Энэ болгон дээр ерөөсөө хөрөнгө мөнгөний асуудал л яригддаг. Нэг юм хиймээр байдаг мөнгө яах билээ гээд л. За тэгээд зураг төслийг нь батлуулна. Дараа нь тендер зарлана. Тендер нь хуулиараа зургаан сар болох ёстой гээд явж байтал хүйтний улирал болчихно. Дараа жилийг хүлээж байтал төсөвт өртөг нь өснө. Тэгж байтал сонгууль болоод улс төр өөрчлөгдөнө. Тендерт ялагдсан нь ялсантайгаа шүүхдэлцдэг гээд асуудал их бий.

 

-Энэ хотод өөрийн гэсэн хуучин өнгө төрх байдаг. Тэрийг яаж хадгалах вэ?

 

-Тухайн үеийн барилгын чиг хандлагаар орчин үеийн хот гэж яригддаг байсан. Ихэнх нь классик хийцтэй барилгууд. Энэ хэв маягийг хуучин төвдөө хэвээр авч үлдэнэ. Тийм барилгуудыг буулгалаа, нураалаа гэж шүүмжилдэг. Тэдгээрийг хэвээр нь авч үлдье гэвэл байнгын арчилгаа тордолгоо хийх зардлыг төсөвт тусгадаг, арчилдаг байж л аварч чадна. Жишээ нь Байгалийн түүхийн музейн барилганэгэнт буулгахаас аргагүй болчихсон байсан. Хана нь цуураад хүчитгэхэд хүндрэлтэй болсон байсан. Тэгэхээр цаашид дурсгалт барилгуудаа ийм байдалд хүргэхгүйн тулд жил жилд урсгал засварыг нь тогтмол хийж, байнгын арчилгаатай байж л насжилтыг уртасгана. Төлөвлөлт дээр тэдгээр барилгыг хэвээр нь авч үлдэхээр тусгасан байгаа. Гэхдээ яг энэ шаардлагаар байнга арчилж, засварлаж авч явахгүй бол бас хэцүү нөхцөл үүснэ.

 -Дэлхий дахинд хотжих үйл явц хаа сайгүй эрчтэй явагдаж, хөдөө аж ахуй эзгүйрч байгаа дүр зураг ажиглагдаж байна. Энэ дунд дэлхийн хотуудыг тодотгох нийтлэг чиг хандлага байдаг болов уу. Үүнийг ерөнхий төлөвлөгөөнд хэрхэн тусгасан бол?

-БНСУ-д докторын зэрэг хамгаалаад 2012 онд буцаж ирсний маань дараахан манай профессор багш Монголд ирсэн юм. Тэгэхдээ нэг зүйлийг хэлсэн. Хотын төв битүү өндөр барилга боллоо гэж хүмүүс шүүмжилдэг юм аа. Сөүл бас тийм л байсан. Хотын төв рүү хүмүүс гоё  барилга барих сонирхолтой байгаа дээр төлөвлөлтийн барилгуудаа бариулаад авахад зүгээр шүү. Аажимдаа хотын төв рүү байшин барих сонирхол нь буураад явчихдаг юм билээ. Дараа нь яах вэ гэхээр бүгдээрээ хотын зах руу очоод нам тайван орчинд амьдрах чиглэл рүүгээ л явдаг. Европын бүх хотууд тийм байна, Сөүл ч бас тэр чиглэл рүүгээ явж байна гээд ярьдаг байсан. Тэр яг үнэн байсан. Манайд бас энэ үйл явц хэдийнэ эхэлсэн. Хотын зах, уулын ам, зуслан руу хаус загвар руу илүү явж байна. Тэгэхээр мөн энэ чиг хандлагыг анзаарч, хотын төлөвлөлтөд тусгасан.