Тэмүүжингүй засаг давхар дээлтэй ч даарна
Сайд нарын “давхар дээл”-ийг ирэх долдугаар сарын 1-нээс тайлахыг УИХ-ын чуулганы эхний хэлэлцүүлгээр гишүүдийн олонхи дэмжлээ. Ингэснээр шинэчлэлийн Засгийн газраа аврах, танхимаар нь авч үлдэх дөрвөн боломж Ерөнхий сайд Н.Алтанхуягт үлдэв.
-Сайн жишиг сул хуулиас хүчтэй-
Сайд нарын “давхар дээл”-ийг ирэх долдугаар сарын 1-нээс тайлахыг УИХ-ын чуулганы эхний хэлэлцүүлгээр гишүүдийн олонхи дэмжлээ. Ингэснээр шинэчлэлийн Засгийн газраа аврах, танхимаар нь авч үлдэх дөрвөн боломж Ерөнхий сайд Н.Алтанхуягт үлдэв.
Нэг
Унасан саналыг босгож ирэх. Нэгэнт чуулганы эхний хэлэлцүүлэгээр дээр дэмжсэн саналыг дараагийн хэлэлцүүлэг дээр ярьдаггүй. Харин эхний хэлэцүүлэг дээр унасан саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёрын дэмжлэгээр дахин босгох боломж Дэгийн хуульд бий. Тэр дагуу чуулганы эхний хэлэцүүлэг дээр унасан “2016 оны долдугаар сарын 1” гэх төслийн анхны хугацааг Байнгын хорооны хуралдаан дээр босгох боломжтой. Учир нь УИХ-ын бүх Байнгын хорооны бүрэлдэхүүний 90-ээс дээш хувь нь АН-ынхан. Гэхдээ ахиж босгосон санал нэгдсэн чуулган дээр дахин унахгүй гэх баталгаагүй. Чуулганы танхимд АН олон суудалтай болохоос олонхи биш. Анхны санал хураалтаар АН-ын дөрвөн гишүүн эсрэг санал өгч байсан бол энэ тоо хоёрдугаар хэлэцүүлэг дээр нэмэгдэхийг үгүйсгэхгүй. Яагаад гэвэл АН-ынхан Н.Алтанхуягийн танхимыг механикаар барьж байгаа л болохоос тэндээс хариуцлага тооцож солихгүй бол болохгүй боллоо гэдгээ мэдэж байгаа. Ерөнхийлөгч бол бүр эртнээс мэдэрч эхэлснээ хэлэв. Эхний хэлэлцүүлэг дээрх дөрвөн гишүүний эсрэг санал ч бусаддаа урам өгсөн байх. Мөн Засгийн газрын PR-чдын зөвөлгөө л байх, МоАХ фракц, сайд Х.Баттулгыг онилсон дайралт, эсрэг санал өгсөн гишүүдээ намаас хөөх, нэр дэвших эрхийг нь хасах зэрэг ардчиллагчдын коммунист арга, зохиомол, захиалгатай нь үл мэдэгдэх МАХН, АН-ын “нууц гэрээ” зэрэг нь тус нам доторхи сөрөг уур амьсгалыг улам дэвэргэж, далд зөрчлийг илүү ил болголоо. Эргэж нэгдэхдээ АН-ынхан маневр сайтай тул санал хайрцагдах боломж бас бий байх. Гэхдээ хараад байхад тус нам дотор сонгуулийн амлалтаа биелүүлэх эрүүл өрсөлдөөн бус, эрх мэдлээр дамжуулж бондын мөнгөө барих буцаацалдаан нь илүү байх шиг байна. Хэрэв тийм бол, Самуурай бондын 88 төслөө хувааж хуваарилдаггүй л юм бол санал эргэж хайрцаглагдах нь юу л бол. Яагаад гэвэл мөнгө бол хэзээд нэгтгэгч хүч бус, салгагч хүч болох нь илүү. Энгийн амьдрал дээр хүртэл хоёр сайн найз өр зээл, мөнгөнөөс л болж муудалцдаг салдаг шүү дээ.
Хоёр
Ерөнхийлөгчийг ашиглах. Ерөнхийлөгчөөр хориг тавиулах, бас төслийг бүхлээр нь татуулах хоёр боломж бий. Харин Ерөнхийлөгч тэдний санаснаар тэгж хөдлөх үгүйг мэдэхгүй. Ерөнхийлөгчийн зүгээс аль ч үйлдлийг нь хийсэн өөрийнхөө санаачилсан ухаалаг төрөөс ухарсан хэрэг болно. Тийм учраас АН-ын угшилтай ч, төрийн тэргүүн, ухаалаг төрийн автор гэдгээ бодолцон төслөө буцааж татахгүй нь тодорхой. Харин Засгийн газрын тогтвортой байдлыг хадгалах, цаг үеэ олоогүй улстөрийн бужигнаан үүсгэхгүйн тулд хориг тавьж мэдэх. Тэгсэн тохиолдолд хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны нэг дэмжихэд л хугацаа 2016 он болж батлагдана. Тийм учраас Ерөнхийлөгчийн хориг бол Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хувьд хамгийн боломжит, бас хамгийн найдвартай арга нь. Тэгэхэдээ энд “би үхэхээр, чи үх” гэдэг шиг цаашдаа хэр удаан тогтох нь баталгаагүй засгийн төлөө Ерөнхийлөгч ухаалаг төрөө улстөрийн шаавартай хутгах уу, үгүй юү гэдэг эргэлзээтэй. Хорин жилийн буруу жишгийг засах том зорилгоо “давхар дээл”-тэйгээ үлдэх гэсэн хэдхээн улстөрчийн сонирхлоор наймаалцах үгүйг Ерөнхийлөгч өөрөө л мэднэ. Тэрээр Сү.Батболдын Засгийн газрын томилгоон дээр сайд нараа УИХ-ын гаднаас оруулж ир, буруу жишгийг нэг өдрийн өмнө ч болов засъя гэж яарч байсан удаатай. Бүр, сайд нарын томилгоог төрийн тэргүүнтэй зөвшилцөнө гэдэг нь адис өгөөд гаргахын нэр биш хэмээн бухимдаж байлаа. Одоо тэгвэл хоёр жилийн өмнө нэг өдрийн өмнө ч болов засахаар яарч байсан буруу жишгээ хоёр жилийн дараа дахин хоёр жилээр хойш сунгаж 2016 он болгох үгүй нь Ерөнхийлөгчөөс хамаарах боллоо.
Харин Х.Тэмүүжин сайдыг огцруулах Байнгын хорооны шийдвэрийн дараа Ерөнхийлөгч байр сууриа илэрхийлж жиргэжээ. Тэрээр, Тэмүүжинд ноцтой алдаа дутагдал бий, харин энэ засгаас эхэлж огцруулах сайд нь биш” гэжээ. Энэ жиргээгээр “давхар дээл”-ийн хуульд ч яаж хандах санагаа Ерөнхийлөгч давхар хэлэх шиг боллоо. Ерөнхийлөгчийн үгнээс хэд хэдэн дүгнэлт хийж болно. Нэгд, сайд Х.Тэмүүжинд ноцтой алдаа дутагдал бийг төрийн тэргүүн хэллээ. Хоёрт, алдаа байлаа ч энэ засгаас огцруулах эхний сайд тэр биш гэсэн нь Х.Тэмүүжингээс өмнө, түрүүлж огцруулах ёстой өөр сайд энэ танхимд бий гэж Ерөнхийлөгч үзэж явдаг юм байна. Телевизээр ч хэллээ. Ерөнхийлөгчийн л санаад яваа, Х.Тэмүүжингээс түрүүлж огцруулах нийгмийн хүлээлттэй тэдгээр сайд нар нь “давхар дээл”-ээр цомхотголд өртөж таарна. Гэтэл тэднийхээ “дээл”-ийг тайлуулахгүй гэж хориг тавих нь Ерөнхийлөгч өөрөө ярьснхаа эсрэг хий л юм байх даа. Тэр Х.Тэмүүжин сайд огцрохгүй гэх юм. Гэтэл Төрийн тэргүүн өөрөө АН ба эвслийг зангидахгүй л Хуульзүйн сайд огцрохгүй гэсэн баталгаа байхгүй. Манайх Ерөнхийлөгчийн бус, парламентын засаглалтай учир УИХ-ын олонхиор Х.Тэмүүжин огцорч, түүнтэй хамт хууль шүүхийн шинэчлэлд нь түр боловч гацаа үүсч болзошгүй. Ингэснээр Ерөнхийлөгчийн телевизээр ярьсан ч, жиргээ нь ч худлаа болж таарна. Үгэнд нь ороогүй АН-ынхантай, шинэчлэлээ хамгаалж чадаагүй засагтай Ерөнхийлөгч өөрөөр харилцах шинэ нөхцөл байдал үүсч ч магадгүй. Тэр тохиолдол “давхар дээл”-нд хориг тавимааргүй ч юмшиг.
Гурав
Хэрвээ хуулийн хугацааг 2014 оны долдугаар сарын 1 гэж баталсан тохиолдолд Засгийн газраа огцруулахгүйгээр авч үлдэх хэд хэдэн боломж Ерөнхий сайдад бий. Танхимын 50 хувь нь нэгэн зэрэг огцорвол Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох Үндсэн хуулийн заалттай. Иймд хуулийг мөрдөж эхлэх долдугаар сарын 1-нээс өмнө “тоосго сугалах” замаар танхимынхаа 50 хувийг энгийн иргэн болгож авбал засаг огцрохгүй. Үүний тулд “давхар дээл”-тэй байхыг нь хуулиар хүлээн зөвшөөрсөн тав Ерөнхий сайд ба ерөнхий чиг үүргийн дөрвөн сайд, одоо гаднаас байгаа хоёр Ч.Гансүх, Н.Удвал-оосоо гадна гурван сайдынхаа “дээл”-ийг дан болгоход л Засгийн газар танхимаараа үлдэх эрхзүйн боломжтой. Үүнээс гадна намын листээр УИХ-д орж ирээд сайд болсон хүмүүс УИХ-ын гишүүнээсээ татгалзаж болно. 4-5 сайд УИХ-ын гишүүнээсээ татгалзахад л одоогийн танхимыг хадгалж үлдэж болно. Жишээ нь, намын листээр УИХ-ын гишүүн, дээр нь сайд болсон Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, Хуульзүйн сайд Х.Тэмүүжин Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Сангийн сайд Ч.Улаан, Эрчим хүчний сайд Сономпил нараас дөрвийг нь УИХ-ын гишүүнээс татгалзуулахад Засгийн газар бүтнээрээ үлдэхийн дээр парламент дахь хүчний харьцаанд өөрчлөлт орохгүй. Нам тус бүр дээрх жагсаалтын дараагийн хүн нь УИХ-д орж ирнэ. Олзыг арай олуулаа “идэх” энэ хувилбар гэхдээ явуургүй. Яагаад гэвэл энэ Засгийн газар цаашдаа тогтвортой байх баталгаа харагдахгүй байгаа учраас “давхар дээл”-тэй явсан хүмүүс удахгүй дан цамц ч үгүй Төрийн ордны гадна үлдэж болзошгүй. Иймд тэд хувийн эрх ашгаа илүү үзэх бөгөөд үүний буруу гэж бас байхгүй билээ.
Дөрөв
Хуулийг энэ оны долдугаар сараас мөрдөнө гэж баталсан тохиолдолд Цэцэд хандаж болно. Буруу жишиг бага боловч засагдаж, парламент, Засгийн газар хоёрыг тусгаарлаж байхад эсэргүүцэж чин хүслээрээ Цэцэд хандах хүн бараг гарахгүй л дээ. Гэхдээ Засгийн газрынхан хэн нэгнээр Цэцэд хандуулах байх. Тэр тохиолдолд Цэцийн дунд суудлын хуралдаан, дараа нь Цэцийн дүгнэлтийг хэлэлцэх, тэгээд Цэцийн их суудлын хуралдаан гээд нэг хэсэгтээ эцэс төгсгөлгүй маргаан үргэлжлнэ. “Эцэг” хуульд УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүнийг хавсарч болно гэж байхад түүнээс “жижиг” хуулиар Үндсэн хуульдаа халдаж болохгүй ч гэсэн Цэцийн дүгнэлт гарч ч магадгүй. Дээл тайлах маргаан эцэстээ Үндсэн хуулийн зөрчийн маргаан болж өрнөнө гэсэн үг. Залгаад зуны урт амралт эхэлнэ.
Төгсгөл
Энэ төслийн ач холбогдлыг тоочих нь илүүц. Хууль тогтоох болон гүйцэтгэх засаглал хоёр тусдаа, харилцан хяанлтай явах Үндсэн хуулийн агуулга санаа хэрэгжинэ. УИХ нь засагт хяналтаа тавих, засгийн халааснаас гарах бололцоо нээгдэнэ. Харин энэ том ач холбогдлын өмнүүр МАН-ынхан Засгийн газрыг огцруулах, АН нь засгаа хамгаалж үлдэх улстөрийн зорилгоо илүүд үзэж байна.
Хорин жил явсан буруу жишгийг эхлүүлж хамгийн анх “давхар дээл” өмссөн хүмүүс нь АН-ынхан. Тэд 1996-2000 онд засаглаж байхдаа Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг 100 хувь УИХ-аас бүрдүүлж байлаа. Одоо энэ буруу жишгээ өөрсдөө бас эхэлж засах гэж оролдож байгаа нь сайн хэрэг. Гэхдээ энд нэг чухал зүйлийг АН-ынхан орхиж, Ерөнхийлөгч дутуу тооцоолж байна. Хэрвээ 2016 оноос гэвэл тэр үед байгуулагдсан парламент энэ хуулийг өөрчлөх эрхтэй. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн гишүүд дараагийн УИХ, гишүүдийн эрхэнд халдсан хууль баталж болж байхад, дараагийн Их хурлынхан өмнөх парламентынхаа хуулийг өөрчлөх эрхтэй. Үүний тод жишээ нь Үндсэн хуулийг дордуулсан долоон өөрчлөлтийг 1998 онд хийж Цэцээс хүчингүй болгосон шийдвэр 2000 оны эхээр гарсан. УИХ-ын гишүүн нь сайдаар хавсарч болох ч юмшиг болохгүй ч юмшиг тодорхойгүй байдал үүссэн байв. Гэтэл 2000 оны долдугаар сард байгууулагдсан, МАХН-ын 72 суудалтай УИХ Үндсэн хуулийн уг өөрчлөлтийг яг хэвээр нь дахиж батлаад УИХ-ын зарим гишүүн нь сайд болж байлаа. Энэ түүх давтагдахгүй гэх баталгаагүй. Тэгээд ч олонхийн суудал авсан нам өнөөдөр баталсан хуулийг өөрчлөөд бүх сайдаа УИХ-аас томилох нь Үндсэн хуулиар нээлттэй хэвээр байгаа. Тийм учраас АН-ынхан “дээл” өмсөх муу жишгийг эхлүүлсэн шигээ түүнийг тайлах сайн жишгийг өөрсдөө эхлүүлэх нь шударга бөгөөд илүү өгөөжтэй. Өгөөж гэдэг нь дараагийн Их хуралд олонхи болсон нам нэгэнт эхэлсэн жишгийг л үргэлжлүүлнэ. Яагаад гэвэл сайн жишиг сул хуулиас ч хүчтэй байдаг. Бидний даган дуурайдаг АНУ-д шүүх нь зарим гэмт хэргийг жишгээр шийддэг нь үүнийг нотолно. Иймд энэ хуулийг 2016 оноос биш, энэ оны долдугаар сараас мөрдөж эхлэх нь “давхар дээл”-ийг тайлах, цаашдаа тайлж явах магадлал илүү нэмэгдэнэ.
Нөгөөтэйгүүр Ерөнхийлөгчийн санаачилсан энэ хуулийг энэ оны долдугаар сараас мөрдөх нь АН-д ашигтай. Хэрвээ тэд үнэхээр л энэ засгийг хэзээ нэгэн цагт огцруулах л юм бол зүгээр унагаж байснаас улстөрд урагшаа алхаж огцруулах нь нийгэмд ч, тус намын нэр хүндэд ч хэрэгтэй. Тэгээд ч Х.Тэмүүжинг огцруулсан эс огцруулснаас үл хамааран “давхар дээл”-ээр ганхаж эхэлсэн Засгийн газрын тогтвортой байдал цаашдаа хоногондоо сул холхих нь тодорхой болж байна шүү дээ. Ер нь Х.Тэмүүжинг огцруулах үгүй нь давхар дээлийн хугацааг өөрчлөх үгүй, засаг хэр удаан тогтвортой байх эсэхийн гол индикатор боллоо. Ирж буй хавар зуны халуун өдрүүдэд Тэмүүжингүй засаг давхар дээлтэй ч даарнаа л гэсэн үг.
Х.Тэмүүжинд алдаа бий байх. Бас тэрээр бидний төсөөлж байсан, итгэж байсан Тэмүүжингийн хэмжээнд ажиллаж чадаагүй ч байж болно. Гэхдээ сошиал ертөнцийн мэдээллийг харвал тэрээр АН-ын шинэ үе, тус намын туг, энэ засгийн гол тулгуурын хэмжээнд үнэлэгдэж итгэгдэж байна. Тэгэхээр Н.Алтанхуягийн танхимд ч АН-д Х.Тэмүүжинг огцруулсны ашиг, нэмэх оноо гэж юу ч ирэхгүй нь. Хуульзүйн сайдад огцруулах хэмжээний шүү алдаа байгаа түүнийг нь ил гаргаж олон нийтийн санаа бодлыг эргүүлэхгүй л бол Х.Тэмүүжингээр хаалттай оролдох нь АН-ынхны бөөнөөрөө суусан мөчрийг дотроосоо хэсэг нь хөрөөдөж эхэлсэнтэй адилхан.