Намбарын Энхбаяр Ухнаа­гийн Хүрсэлсүхийн өрөөнд ойрмогхон морилж ирэх сон­гуулийн сценари ямар байж болох талаар тулгаж, басхүү сүрдүүлсэн өнгөөр нэг биш хоёр удаа ярилцсан гэдгийг ойрын эх сурвалж нотолсон хэмээн МАН-д  ойрхон явдаг сэтгүүлчид бичиж эхэлжээ. Уулзалтын тухайд үнэн эсэхийг  мэдэхгүй. Нэгэн цагт идүүр  нэг байж “нойтон” ах дүүсээс ч илүү элбэрэл журамтай явсан эл хоёр эрхэм эцэстээ хэрхэн тангараг тасарлаа даа. Олгой хагаравч тогоон дотроо гэдэг бол энэ хоёрын хагарал тогооноосоо халиад хавиар нэг асгарсан юмдаг. Үр дүн нь гэвэл яруу алдарт 90 жилийн түүхтэй, юу ч нөлөөлж үл чадах эв нэгдэлтэй гэгддэг нам нь хоёр хэсэг болоод бутарчихсан явдал. Яг сонгуулийн өмнөх жил шүү дээ, ядаж байхад. Хэн хэнд нь хэцүү байдал үүссэн. Тэр тусмаа МАН-ын залуусын “сүргийг” оройлон тэргүүлэгч У.Хүрэлсүх ба түүний командынханд. Учир нь тэдний эрин цагийг эзэгнэх агуу хүсэл мөрөөдөлд Н.Энхбаяр МАХН-ын жолоог атгаад дахин өндийн босч ирснээрээ асар том саад болов. Монголдоо л цорын ганц байж мэдэх жинхэнэ брэнд нэрийн (МАХН хэмээх) ач тусаар Н.Энхбаяр өдрөөс өдөрт өнгө орон, зүс засан гялалзаж харагдах боллоо. Хэрэв тэрбээр МАХН хэмээх ид шидтэй нэ­рийг авч чадаагүй байсан бол У.Хүрэлсүхийн өрөөнд болоод байгаа гэх уулзалт хэзээ ч болохгүй байх байсан гэдэг л үнэн юмдаг.

Өнөөдөр тэрхүү эргэж уулзахгүйгээр шахам эв тасарсан хоёрыг ингэж учруулах болсон учир шалтгаан юу байв аа.

ШАТРЫН ХҮҮ БОЛГОН БЭРС ГАРАХЫГ МӨРӨӨДДӨГ


МАН-д хамгийн нөлөөтэй хүн одоо хэн юм бэ? Сү.Батболд уу, С.Баяр уу, эсвэл У.Хүрэлсүх үү? Намын бага хурал болон Удирдах зөвлөлд хармаа зузаантай ч улс төрийн ажлын туршлага нимгэн залуучууд бодлогоор гарч ирснээр У.Хүрэлсүх нэлээд чөлөөтэй, бие даасан бодлого явуулаад эхэлсэн нь илт анзаарагддаг.

Ц.Шинэбаяр нарын “салан тусгаарлагчдыг” эсэргүүцэн бөмбөр, поошиг нүдэн Сүхбаатарын талбайд өнжсөн гэх мэт залуучуудынхаа зарим үйлдлийг Сү.Батболд ямар ч байсан таашаагаагүй юмдаг. Энэ тал дээр С.Баяр намын даргатайгаа адил байр суурьтай байсан байх. Яагаад гэвэл тэрбээр хөөрцгөн улстөрч биш. Ийм арга барилаар лавтайяа  улс төр хийхгүй.  МАН-д одоо залуучуудын үе иржээ, хөлөг онгоцны залуурыг залуучууд барих цаг боллоо гэх хандлага хүчтэй болсон. Шатрын хүү болгон л бэрс гарахыг мөрөөддөг гэдэг. Тэгэхээр У.Хүрэлсүх ба түүний баг ирэх сонгуулиар хөлгийн хүрдийг атгаж, капитаны суудал дээр залрах боломжийг эртнээс эрэлхийлж эхэлсэн. Ийм боломж ч Н.Энхбаярыг МАХН хэмээх нэрийг сэргээн авах өдрийг  хүртэл  байсан юм. МАХН гэдэг нэрийг ингээд алдчихна чинээ үнэндээ МАН-ынхан, тэр тусмаа У.Хүрэлсүх  төсөөлөө ч үгүй байх. Ирэх сонгуулиар нэр дэвшүүлэх тойргоо бараг л хуваагаад тохирчихсон байсан мөнгөлөг залуусын мөрөөдөлд хясал болж Намбарын Энхбаяр МАХН-ыг байгуулан нартай өдрийн аянга болон гэнэт гарч ирлээ.

Залуучуудад шахагдахаа мэдрэн яахаа мэдэхгүй байсан “хөгшчүүл”-ийн хувьд харин эсрэгээр харанхуй шөнийн бамбар мэт боломжийг  Н.Энхбаяр авчирдаг юм байгаа биз дээ. У.Хүрэлсүх ба түүний залуучуудыг одоо тэд айлгаж чадна. Бид нэр дэвшинэ. Эс бөгөөс Н.Энхбаярын МАХН-д дагаар ороод сонгуульд оролцоно гэж.

Энэ бол байж болох  бодит сүрдүүлэг. Хуучны “Ху” намын хөгшид, залуусын хооронд хэн нь хэнийгээ вэ гэх тулаан ирэх сонгуульд өрнөвөл МАН, МАХН-ын аль алинд нь аюултай. Үүнийг Сү.Батболд, С.Баяр нар хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй.

Намынхаа нэрийг солиод ирэх сонгуульд ялагдвал толгойгоо “цавчуулахад” бэлэн гэдгээ цээж  гэдгэр, ам бардам зарласан У.Хүрэлсүхийн хувьд бүр ч аймшиг. Ийм нөхцөлд тэгээд яах вэ? Уулзахгүй гэсэн хүнтэйгээ гурав учирдгийн жишгээр үзэн ядалцах болсон хэдий ч Н.Энхбаяртай тэрбээр нүүр тулахаас аргагүй болсон. Өөр гарц ч түүнд байхгүй. Сайнаар эхэлсэн зүйл муугаар төгсдөг гэдгийг эрхбиш улстөрд хутгалдаж яваа  багагүй он жилийнхээ туршлагаар У.Хүрэл­сүх ойлгохтой болсон биз ээ. Харин муугаар эхлүүлбэл бүр ч дампууралд хүрдэг гэдэг бас нэг хоржоонтой үг байдаг юм билээ.

МУУДСАН САРНАЙ ХОГИЙН УРГАМЛААС Ч МУУХАЙ ҮНЭРТЭЙ

Улс төрийн өршөөлгүй, энэрэлгүй талбарт Намбарын Энхбаяр шиг “шарх” авсан өөр хэн ч түүн шиг ингэж тэсэхгүй байх байсан болов уу. Хавханд орсон хөлөө чоно тас хаздаг шиг тэрбээр нэр төр, ёс зүй, моралийн хэв хэмжээг торолгүйгээр тас хазаад эргэн ирлээ. Хэн хүнд байхгүй бас л хүчирхэгийн шинж юм даа. МАХН гэдэг нэрийг МАН-ынхан голсноороо түүнд ийм, том боломжийг нээж өгсөн юм. Угийн хонзонч, зальтай, эрх мэдэлд хязгааргүй дуртай энэ хүчирхэг нөхөрт МАХН гэдэг нэр хэзээ ч дарагдахааргүй сэргээш болж өглөө. Одоо тэрбээр урьдынх шигээ тоглолтыг үзүүлэхдээ илүү чадварлаг, бас хашир, хол илүү муу санаатай болсон байх вий. Түүний хамгаас түрүүнд тооцоо бодох дайсан нь С.Баяр, Сү.Батболд, бас У.Хүрэлсүх нар. Гэхдээ хоёр “Б”-г дарахын тулд У.Хүрэлсүхийн дэм эхний ээлжинд түүнд гарцаагүй хэрэгтэй болно. Үүнийгээ хэрэгжүүлэх аргаа Н.Энхбаяр шиг хүн тооцоолоогүй бол өөр хэн тооцоолж боловсруулсан байх билээ. Тэрбээр долоо буудуулсан чоно шиг хашир бөгөөд хорлонтой хөдөлж эхэлжээ. У.Хүрэлсүх хийгээд МАН-ын залуучуудын халин дэвэрч буй амбийц түүний атгаж авсан гол хөзөр.

Залуусаа өөд нь татъя гэвэл хоёр “Б”-гээс даруй сал гэдгийг У.Хүрэлсүхэд тэрбээр тулгах болно. Бас МАН-ын сонгуульд ялах магадлалыг яаж яйруулж чадахаа сануулан бас сүрдүүлж чадна. Намбарын Энхбаярын эл төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд нь туслах хүч МАН дотроос харин ч нэг төвөггүй олдоно доо. Эрх мэдэл, албан тушаалын бялууны амтанд орсон, түүнээсээ салбал амиа ч хорлож мэдэхээр явуургүй, дорой “амьтад” аль ч намд байдаг шиг МАН дотор ч бий. Байх байхдаа бүр ч олон. Нас явчихлаа, ханалаа цадлаа, одоо боллоо гэх  сэтгэл дутсан эрхмүүд эгнээ эгнээгээрээ бий. Тэднийг хэрхэн ашиглахаа Н.Энхбаяр ч гаргууд мэднэ. Ийм нөхцөл байдлын дунд тэрбээр У.Хүрэлсүхийг өөдөөсөө харуулан суулгаж байгаад үг яриагаа тулгаж чадна гэдгээ ч мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Магадгүй эл хоёр эрхэм уулзаагүй байж болох ч ийм уулзалт болохдоо л нэг болно.

Н.Энхбаярын  гэлтгүй улс төр өөрөө ийм  өршөөлгүй, за­ваан дүрмээр явдаг. Муудсан  сарнай хог ургамлаас ч муухай үнэртэй байдаг юм гэдэг шүү дээ.