Уул уурхай болон дэд бүтцийн хөгжил сул байгаа нь Баян-Өлгий аймгийн өрсөлдөх чадварын дүнг бууруулдаг үзүүлэлтүүдийн нэг. Тааруу тал руугаа түлхүү анхаарч ажиллах зорилт тавьсан аймгийн удирдлага байгалийн баялгаа, судлагдсан орд газруудаа эдийн засгийн эргэлтэд оруулах “аян дайнд мордсон” аятай л байна. “Улсдаа ч асуудлыг тавьж, хөрш орнуудад ч хандаж хөрөнгө оруулагчдыг идэвхтэй хайж байна” хэмээн Засаг дарга Х.Дармен өгүүлж суув. Албан ёсны мэдээгээр тус аймагт 691.3 мянган га талбай хамарсан 88 тусгай зөвшөөрөл өнөөдрийн байдлаар хүчинтэй байна. Мөнгө, цайр, зэс, хар тугалга, алт, төмөр, гянтболд гээд олон төрлийн баялаг агуулсан Алтайн уулсын нутагт судлагдаж, нөөц нь тогтоогдсон ордууд ч цөөнгүй бий. Асгатын мөнгөний ордод л гэхэд 1970-аад оны сүүл үеэс Зөвлөлтийн геологичид асар их хөрөнгө мөнгө заран хайгуул хийж, 1990 онд бүх тооцоо судалгаа, ТЭЗҮ-ийг нь боловсруулаад ашиглахад бэлэн болгосон байдаг.

    Асгатын мөрөөс

Монгол, Зөвлөлтийн хамтарсан экспедиц Асгатад 1982, 1987 онд хоёр ч удаа ажиллаж, эдийн засгийн үнэлгээ хийхэд цаг уурын эрс тэс уур амьсгалтай, туулахад бэрх уулын бүсэд оршдог гээд олон хүчин зүйлээсээ болоод ашиггүй гарч байжээ. Дараа нь Америк, Израилийн томоохон пүүсүүд судалж байсан хэдий ч ашиглах зориг бас л хүрээгүй. Зам тавих, эрчим хүчний шугам татах гэх мэт өртөг өндөртэй ажлуудаас бэрхшээж байлаа. “Хуучин бол Оросын хил рүү орж, буцаад наашаа гарч Асгат руу ордог байсан. Ноднин Монгол талаас шууд орсон 7,3 км зам, 72,8 м гүүр баригдсан. Манай аймагт байдаг барилга инженерийн тусгай батальон буюу зэвсэгт хүчний 340 дүгээр анги улсын төсвийн 3,7 тэрбум төгрөгийн санхүүжилтээр барьж байгуулсан” гэхдээ Х.Дармен дарга их л өөдрөг байлаа.

Гэхдээ л ордыг ашиглахад асуудал бий. Хүдрийн биетийн зарим хэсэг Оросын нутагт ордог гэсэн яриа гарч байсан боловч нарийвчилсан судалгаагаар 100 хувь Монголын нутагт байгаа нь тодорхой болсон. Хайгуул үндсэндээ Зөвлөлтийн хөрөнгөөр хийгдсэн. Лиценз нь Монгол, Оросын хамтарсан Монросцветмет нэгдэлд байдаг. Нэгдэл дэх Монголын хувь 51, Оросынх 49. Харин манай тал Асгатын ордын хувьд илүү оролцоотой байх эрмэлзэлтэй. Энэ сонирхолоо Оросын талд тавьж шинэ хэлэлцээр эхлүүлээд байгаа бөгөөд Монросцветметээс тусдаа хамтарсан компани шинээр байгуулж Асгатыг ашиглах хувилбарыг ярилцаж буй. Хойд хөрштэйгөө ойлголцоод, Асгатыг түргэхэн ашиглаад эхлээсэй гэсэн чин хүсэл Засаг даргын ярианаас илэрхий цухалзана. Ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулчихвал ганц Баян-Өлгийд биш Монгол Улсын баруун бүс нутагт олон талын ач холбогдолтой томоохон аж ахуй болох ирээдүй бий. Цаашлаад улсын төсөв мөнгийг арвижуулах томоохон төсөл юм.

Мөн Толбо сумын нутагт судалгааг нь хийгээд, ТЭЗҮ-ийг нь тооцоод бэлэн болчихсон полиметаллын болон зэсийн хоёр ч орд байгаа аж. Хөрөнгө оруулж хамтран ашиглах түншүүдээ л хүлээж байгаа гэнэ. Саяхнаас “Оюуны ундраа” компаний охин “Эс эс Монголия” ХХК урьд ажиллаж байгаад сүүлийн гурван жил зогсчихсон байсан гянтболдын уурхайг сэргээн ажиллуулж байна. Ногооннуур сумын Чихтэй багийн нутаг Улаан-Уул хэмээх газарт байх энэ уурхай руу 110 мВт-ийн цахилгааны шугам татаж, 100 ажилчдын байр шинээр барьжээ. Түүнчлэн өмнө ашиглаж байсан компани гар аргаар олборлолт явуулдаг байсныг “Эс эс Монголия” ХХК шинэчлэн тоноглож, конвероор гаргадаг болгосон гэнэ. Засаг даргын онцлон дурдсан бас нэг уурхай бол Дулаан харын цайр, хар тугалгын уурхай. Яг өнөөдөр нээлт нь болж, уул уурхайн сайд Д.Ганхуяг болон Баян-Өлгийгөөс сонгогдсон УИХ-ын гишүүд тууз хайчилж байгаа.

    Үйлдвэрийн гадуур

“Баяжуулах үйлдвэр нь баригдаад дууссан, улсын комисс ажиллачихсан” гэх Х.Дармен даргын мэдээлэл биднийг тэр зүг хөтөллөө. Ховд гол тахиралдан урсах үзэсгэлэнт Тавалтайн хавцлыг баруун тийш туулан гарахад тэртээ зүүн өмнө зүгт буурал зулайт Цамбагарав дүнхийн цэнхэртэнэ. Хавцлын баруун хойхно өвөрмөц тогтоцтой, долоон оройт сэргэр хар уул бараантана. Ховд голын хойд эргийн гоёмсог хөндийд орших, нутгийнхан Долоон хар гэж нэрлэдэг энэ уулсын төв хэсэгт Их, Бага Дулаан хар уулс буй. Бага Дулаан хард нь Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Юүшэнгминг” ХХК-ий уурхай ажиллах аж.

Социализмын үед Зөвлөлтийн геологичдын олж судлан, нөөцийг нь тогтоосон “Бага дулаан хар”-ын ордод 2006 оноос Хятадын Минтую компани нэмэлт хайгуул хийжээ. Нийт 12.0 сая тонн хүдрийн нөөцтэй энэ ордод цайр, хар тугалгаас гадна зэс, кадми, бага зэргийн мөнгө ч бий. Үндсэндээ холимог металлийн орд юм. “Юүшэнгминг” ХХК ордын тусгай зөвшөөрлийг 2012 онд Минтую компаниас шилжүүлэн авч ашиглалтаа эхлүүлжээ.

Биднийг уурхайн дарга Ян Шү Жин, орон нутгийн захирал М.Ермурат нар угтан уулзаж, уурхайн налуу ам, баяжуулах үйлдвэрийн барилга, баяжмалын талбай болон Алтанцөгц сумаас татсан 110 кВт-ын цахилгаан дамжуулах шугамын подстанц, Ховд голоос татсан усны хоолой зэргээ үзүүлсэн юм. Цагаан сарын баяртаа явцгаачихсан хятад мэргэжилтнүүд нь лацадчихсан болохоор баяжуулах үйлдвэр рүүгээ оруулаагүй. М.Ермурат даргын тайлбарласнаар нарийн, бүдүүн хоёр бутлуураар дамжаад, шигшүүрээр орж шигшигдээд, улмаар тээрэмд оруулж нунтагласан хүдрийг платиацын аргаар хөвүүлэн баяжуулах технологи суурилуулсан юм байна. Сэндвичин байгууламжууд зарим газраараа онгорхой, бутлагдсан хүдрийг агуулах савны битүүмж гүйцэт хийгдээгүй зэрэг дутуу гуцуу ажил багагүй байх шиг харагдсан. Ховд голоос татсан усны хоолой багагүй газраараа ил задгай байлаа. Уурхайн дарга Ян Шү Жиний орчуулагч, өвөрлөгч эр Бүрнээ усны хангамжаас шалтгаалаад баяжуулах үйлдвэр зөвхөн зун, намартаа буюу Ховд гол хөлдөөгүй байх үед ажиллана гэсэн юм. Харин ажил аваад нэг жил болж байгаа М.Ермурат захирал улирлаас шалтгаалахгүй жилийн турш тасралтгүй ажиллана гэсэн ойлголттой байсан юм. Үйлдвэрийн хүчин чадлыг тэрээр жилдээ 600 мянган тонн хүдэр баяжуулна гэж танилцуулсан бол ТЭЗҮ-д 300 мянган тонн/жил гэсэн байх юм.

Одоогоор компани 36 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулаад байгаа юм байна. Нэг босоо, хоёр налуу амаар үндсэн хүдэртээ хүртэл нэвтэрчээ. Налуу амууд нь 32 градусын налуугаар 240 метр явсан байна. Одоогоор тогтоогдсон нөөцийг 16 жил ашиглах графиктай бөгөөд дөрвөн жил хагасын хугацаанд хөрөнгө оруулалтын зардлаа нөхнө. Баяжмалаа эднийх Даянгийн боомтоор Хятад руу гаргах юм. Үүний тулд уурхай, боомтын хооронд зам тавих үүрэг хүлээсэн байна. Аймгийн удирдлагууд “асфальтан зам тавина” гэсэн ойлголттой байсан бол уурхайн ашиглалтын төлөвлөгөөнд “сайжруулсан шороон зам” тавихаар тусгасан байх юм. Үүнийг тодруулбал М.Ермурат захирал, “Цагааннуурын чөлөөт бүсийг Хятадтай холбох нэг төсөл байгаа юм байна лээ. Тэднийхтэй манай компаний хөрөнгийг нийлүүлж асфальтан зам татах асуудлыг Засгийн газар, УИХ-ын түвшинд ярьж байгаа” гэсэн тайлбар өглөө. Гэвч Даянгийн боомт одоогоор шалган нэвтрүүлэх хүчин чадалгүй байгааг Хилийн цэргийн 0165 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Мөнхбат сануулав. “Хилийн боомтын ажиллах хугацааг уртасга гэсэн тушаал өгвөл бид нээж ажиллуулахад бэлэн байгаа. Хамгийн гол нь аймгийн засаг захиргаа, гаалийн байгууллагын зүгээс боомтын ажиллах нөхцөл бололцоог хангасан тохиолдолд хилийг нээж ажиллуулах ёстой. Яг өнөөдөр бол Даянгийн боомтод шалган нэвтрүүлэх нөхцөл үндсэндээ бүрдээгүй байгаа” гэж тэрээр тодруулсан юм.

    Кэмпийн дотуур

Уурхайн баяжуулах үйлдвэрт Ховд голын усыг ашиглахаар 200 гаруй метр урт хоолой татжээ. Голын эрэг дээр нэг, мөн хоолойн дунд хэсэгт нэг насос тавьсан гэнэ. Одоогоор ус ашиглаж эхлээгүй байна. Үйлдвэрийн усан санг эхний ээлжинд 100 000 тонн усаар дүүргэх аж. Түүгээр хүдэрээ баяжуулаад, ашигласан усаа цэвэрлэх байгууламжид оруулж цэвэрлээд, дахин ашиглах юм байна. Гэхдээ хоногт ашигласан ус 10 хувийн алдагдалтай байх юм. Тэгэхээр хоног тутам Ховд голоос 10 000 тонн ус усан сан руу нэмж байна гэсэн үг. Нутгийн иргэд голын усыг соруулж хэрэглэх энэ шийдэлд тийм ч таатай бус байдаг бололтой юм. Загас, жараахайны шүүлтүүргүй хоолой татсан, голын урсац, усны нөөц, гольдролд сөрөг нөлөөтэй зэрэг олон шүүмжлэлийг хүмүүс хэлж л байлаа.

Уурхайн өрөмдлөгийг Улаанбаатарын “Номгон хайрхан оргил” компани, босоо, налуу амуудын малтлагын ажлыг Баян-Өлгийн “Металл Кэн” компани туслан гүйцэтгэж байгаа аж. Биднийг очиход эдгээр компаниудын 150 гаруй уурхайчид кэмпэд байлаа. “Юүшэнгминг” компаниас хоёр захирал, хоёр эмч, менежер болон тогооч, жолооч нар л байгаа гэнэ. Хятад мэргэжилтнүүд нь цагаан сараа тэмдэглэхээр яваад, эргээд иртэл хөдөлмөрийн виз олдохгүй, хил дээр гацчихаж. “Өргөдөл өгсөн 60 мэргэжилтэн хил нэвтэрч чадахгүй байгаа. Үүнийг Засгийн газарт тавьсан. Гэвч Хятад ажилчдын квот хэтэрсэн гээд виз олгохгүй байна. Удахгүй шийдэгдэнэ гэж найдаж байгаа” хэмээн уурхайн дарга Ян Шү Жин ярьсан юм. Гэвч жил гаруйн өмнө эднийх зөвшөөрөлгүй хятад ажилчид ажиллуулж байгаад баригдсан гэсэн мэдээлэл бидэнд олдов. Мөн МХЕГ-аас явуулсан шалгалтаар ТЭЗҮ, уулын ажлын төлөвлөгөө, уурхайн дээр байх бичиг баримтын бүрдэл, шав тэмдгийн акт, хаалтын төлөвлөгөөгөө хийгээгүй, байгаль хамгаалах менежментийн төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний хөтөлбөр байхгүй, тухайн жилд олборлолт явуулсан талбайн 50 хувьд нөхөн сэргээлт хийгээгүй, улсын комисс уурхайг хүлээж аваагүй байхад олборлолт явуулсан зэрэг зөрчил илэрч байжээ. Урьд гаргасан энэ мэт алдаа нь өнөөдөр тэдэнд тээг болж байгаа ч байж магад.

“Металл Кэн” компаний уурхайчин залуус “цалингаа цагтаа өгөхгүй байна” гэсээр тохь тух муутайхан өрөөндөө цугласан юм. Он гарснаас хойш санхүүжилт саатаад байгаа аж. 15 хоног ажиллаад 15 хоног амардаг тэдэнд амрахад нь цалинг нь өгөөд явуулдаг байсан бол ирэхэд нь өгдөг болжээ. Ямар цалинтайг нь лавлавал, 330 мянгаас суутгуулаад гар дээрээ 270 мянган төгрөг авдаг гэцгээв. “Хийснээрээ цалинждаг” гэсэн тайлбар дагалдуулж байна. Өглөө 07:00 цагт гараад ажлаа дуусгаад шөнийн 11-12 цагт буудаг аж. Өдрийн нормоо хийж дуусгахаа “хийснээрээ цалинжих” гэж тайлсан бололтой.

Кэмпэд хоёр ч гүний худаг ухсан боловч ундрагыг олоогүйгээс ус гараагүй юм байна. Голоос хоолойгоор ус татаж эхлээгүй байгаа болохоор энд ажиллаж байгаа хүмүүсийн ахуйн болон амны усны асуудал хүндхэн байдаг гэнэ. Ховдоос зөөж хэрэглэдэг ус нь уурхайчдын хэрэгцээг гүйцэт хангахгүй, шүршүүрт ч орж чадахгүй байгаа юм байна. Гар нүүрээ л хальт мөлт угаахад хүрэлцдэг гэнэ. Ажилчдын байр байдлыг ажиглахад эрээн мяраан элдэв янзын хувцастай, түрийтэй гутал нь шавар шороо болжээ. “Одоо хэрэглэж байгаа нормын хувцасных нь хугацаа дуусч байгаа юм” гэж “Металл Кэн” компаний захирал н.Мухтар хэллээ. Нормын хувцасыг хагас жилийн хугацаатай олгодог юм байна. Хагас сар ажиллаад, хагаст нь амардаг болохоор гурван сар хэрэглэдэг гэсэн тооцоотой юм байна.

    Өчигдөр, маргаашийн хоорондуур

“Юүшэнгминг” ХХК-ийн лицензтэй талбайн хэмжээ 449.21 га. Энэ талбайд хоёр малчин айлын өвөлжөө байсныг компанийхан тус бүрийг нь 80 сая төгрөгөөр худалдан авсан гэж М.Ермурат захирал хуучилсан юм. Харин http://www.mglradio.com сайтад сэтгүүлч Б.Баярын бичсэн “Дэлбэрэлтэн дундах амьдрал: Сири биш Баян-Өлгий” хэмээх малчин Б.Солтаныхаас хийсэн сурвалжлагаас тэднийг амьдрах бололцоогүй болгоод явуулж дээ гэсэн сэтгэгдэл төрнө. Уурхайн дэлбэрэлтээс болж малын хашаа, малчны байшин хүртэл нурж бутарсан зургуудыг сэтгүүлч сурвалжлагадаа хавсаргасан байна. “Тэд малын хашаагаа 100 саяар үнэлж, “Юүшэнгминг” харин 15 сая гэж дуугарчээ... Харин Баян-Өлгий Аймгийн Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга нэг малчны газрыг доод тал нь 50 сая төгрөгөөр үнэлнэ гэдгийг хэлж байна” хэмээн сэтгүүлч Б.Баяр бичсэн байх юм. Бидний үнэлэмжээр үйлдвэр, кэмпийн байгуулалт нь хараахан гүйцэт бус, ашиглалтын зарим асуудлыг эцэслэн шийдээгүй, хятад мэргэжилтнүүд нь ирж амжаагүй байгаа ийм л үйлдвэрийг өнөөдөр нээж, сайд дарга нар улаан тууз хайчилж байна.

Дулаан харын уурхайгаас буцах замдаа бид Ховд голын хөндийн үзэсгэлэнтэй, эрүүл сайхан байгалийг бахдаж явлаа. Мөдхөн энэ хөндийгөөр хүдрийн баяжмал ачсан хүнд даацын машинууд сүлжилдэнэ. Асар их тоос шороо босно. Ургамлын давхарга шороон давхаргаар хучигдана. Өлгийнхөн, Ногооннуурынхан ид хүчин чадлаараа ажиллах уурхайн сөрөг үр дагаварыг хараахан мэдээгүй байгаа болохоор өнөөдөртөө амар амгалан, мал ахуйгаа адуулан, уулсынхаа салхин дунд дэрвэн явцгааж буй биз ээ.

2014.03.10