2000-2004 онд хяналтгүйгээр төр барьж байсан түүний бүлэг улс орныг албан тушаалын гэмт хэрэг, хээл хахуулийн хүүдий болгож үүнд зориулагдсан бүхэл бүтэн систем босгожээ. Ерөөсөө 2000 оны сонгуулийн үеэр албан тушаалуудыг үнэ хүргэн зарж эхэлсэн юм. Худалдаа задгай болж намын гишүүнчлэл хамаагүй учир ахиухан мөнгө тушаасан нам бусчууд болон нам дамжигсад сайд болж байв. Тэнэг жишээ халдвартай байдаг ёсоор албан тушаал зардаг нутгийн индиан боссууд энд тэндгүй буй боллоо. Зарчим нь мөнгөө тушаагаад албан тушаалаа ав, мөнгөө тэндээсээ эргүүлээд авна биз, харин хэрэгтэй үед хандив тогтмол өргөж байх хэрэгтэй. Ингээд хандив гэж нэртэй улсаа тонох уралдаан эрчтэй өрнөлөө. Дангаараа төр хянаж буй намдаа хандив өргөнө гэдэг нь гэмт хэрэг биш, мөн байлаа ч нам өмөөрнө, намын хамгаалалт найдвартай гэсэн ойлголт батжижээ. Гэвч намд хандивлаж буй мөнгө дамжлагын шатанд жингээ олон дахин гээж байв. Миний нэг танил нэлээд ашиг өгөхүйц албан газарт санаархаж 50 мянган доллар намд хандивлажээ. Гэтэл үүнийг өөрөө шууд аваачаад түүнд өгчих суваг мань эрд байсангүй. Хэрэв биеэр уулзаж өгөхөөр болбол үүнээс хоёр дахин ихийг зарцуулах ба зуучлагчид хагасыг нь авах ёстой тогтсон ханштай. Намд гайгүй хандив өргөсөн хэмээгдэж танилын нэр түүний чихэнд хүрэх нь хүрч, гэхдээ мөнгөний тоо хэлэгдсэнгүй. Гэвч өдөр болгон үй олон ийм хандивлагчийн нэр хэн нэгнээр дамжин сонорт нь хүрдэг авч амьдралдаа огт харж сонсоогүй болохоор тогтоох байтугай анзаарах ч үгүй өнгөрнө. Харин 50 мянган доллар эхний ээлжинд 50 сая төгрөг болж хувирсан ба цааш багасан багассаар намын дансанд 15 сая төгрөг гэж бүртгэгджээ. Танил маань өдий зэргийн жижиг хандив өгдөг үй олны нэг болж санаархсан тушаалаа авч чадалгүй хоцорсон гэнэ. Албан тушаал худалдах наймаа хавтгайрч суманд бараг л цэвэрлэгчийн орон тоог зарж байв. Мэргэжлийн 15 мянган хүнийг улс төрийн шалтгаанаар төрийн албанаас халсан гэдэг авч үнэн чанартаа “хандив” төлөөгүйчүүд гудамжинд гарсан юм. Ийм олон хүн халсан мөртөө төрөөс цалинжигсадын тоо учиргүй ихээр өсчээ. Унаа тэрэгнээс эхлээд тэдний хангамж эрс нэмэгдсэн учир жилийн дотор ДНБ-д эзлэх улсын нэгдсэн төсөв 29 хувиас 46 болтол өслөө. Зөвхөн түүний шууд үзэмжээрээ зарцуулдаг нөөц сан 3 тэрбум байснаа 10 тэрбум төгрөг болон нэмэгдсэн юм. Гэлээ ч ганцаар засаглахад түүнд мөнгө үргэлж дутаж байлаа. Нэрийн дансыг хүртэл хуулиар тусад нь хадгалах ёстой атал улсын төсвийн тогоо руу оруулж хоослов.

2004 оны сонгуулийн сураг авилгын сүлжээнд хамрагсадыг ихээхэн түгшээж байлаа. Гэвч олон газраар, түүний дотор гадаадын шинжээч нараар хийлгэсэн судлагаа “бүрэн ялалт” гэсэн ганц үзүүлэлт л гозойтол зааж байв. Пиар хийдэг гэх хэдэн оросууд хоёр зүйлийг зөвлөжээ. Эхнийх нь, судлагаагаар түүнийг Монголын ард түмэн бурханчлан шүтэж байгаа аж. Энэ сохор шүтлэгийг улам хөгжөөж өгөх ёстой аж. Ингээд XXI зууны боловсролтой монголчуудыг шооконд оруулмаар болхи суртал нүдэж өгвөө. 1997 онд Чингис хаан дахин төрнө гэж Нострдамус мэргэлж байсан нь тэр болж таарлаа. түүнд зориулж Хасбуу тамга хэмээхийг урлаж тэврүүлэв. түүний зургийг 20 метр томоор үйлдэн өлгөж байв. Янз бүрийн онцгой хүнээр зарим нэгний тоолсноор 27 удаа тодруулжээ. Нэр дэвшигч нэгэн царайлаг бүсгүй сонгуулийн сурталчилгааны нугалбар гаргаж тараасанд түүний пооз поозоор авахуулсан 9 зураг байхад өөрийнх нь ердөө ганцхан байлаа. түүнийг Самбарын хэмээн онож нэрлэсэн нь ч эндээс үүдэлтэй.

Нөгөө нь сонгуульд хэрэг болох олон тэрбум төгрөгийг хэрхэн босгох талаархи зөвлөлгөө байв. МММ босгоод санхүүжих, засаг бүрэн авсны дараа үүнийг төрийн мөнгөөр эргүүлээд дарах. МММ гэдэг нь олон түмнийг хуурч байж эгшин зуур мөнгө хүүлэх арга юм. Ерээд оны эхээр ийм луйвар Орост гарч бүх орныг хамарсан ба дараа нь энэ том гүрнийг аймшигт хямралд хүргэсэн юм. Олон арван сая хүн энэ луйврын золиос болон хоцорсон билээ. Монголын МММ нь Хадгаламж зээлийн хоршоо нэрээр хавтгай луйвар явуулав. Дорхноо хэдэн зуун ХЗХ буй болсон ба сонгуулийн “хандив” ч геометрийн прогрессоор өсөв. 2004 оны сонгууль МАХН-д 10 орчим тэрбум төгрөгийн өртөгтэй болсон гэсэн хөндлөнгийн тооцоо бий. Гэхдээ үүнээс хавьгүй их мөнгө дээр өгүүлсэн жишгээр дамжлагын шатанд алга болжээ. Зуучлагч буюу завсрын шатны зувчуулагчдын том сүлжээ бий болсон аж. Хандивийн цуваа гагцхүү ХЗХ-оос гоожсон юм биш, газрын наймаа, гааль, улсын өр төлөлт, хувьчлал, дипломат алба гээд хаанаас л бол хаанаас. Харин “хандивийн” тун өчүүхэн хэсэг нь намын дансанд орох аж. “Арван хувийн Баагий” цолтой их гарууд олон бий. Тэндэрээс 10 хувь авч намдаа хандивладаг нь жишиг болжээ. Гэхдээ авсныхаа өчүүхэн шавхрууг л намд өгнө, бусад нь тэдний давилуун тансаг амьдралын эх үүсвэр. Тэндэрийн 10 хувиа намдаа хандивлах гэсэн юм гээд ордноор болон намаар гүйдэг бизнечид ч олширсон. Хандивлагч, хандивлуулагч аль алин нь мөнгө намд очихгүйг сайн мэдэж байгаа. Одоо шуугиад байгаа Ардчилсан социалист залуучууд, Хадгаламж банк, ХЗХ чухам энэ үед гал хамгаалагчаа шаттал халаалттай ажиллаж байв. Улсыг болон ард түмнийг шуудаар тоногчид намын хамгаалалттай гээд цагаандаа гарч. Харин өрмийг нь хамж иддэг зуучлагчид хоорондоо нэлээд өрсөлдөөнтэй байв. Социалист залуучуудын лидер гэх нэгэн улаан хамгаалагч түүнтэй муудалцан эхнэрийг нь дайруулан олны өмнө харааж байсан нь үзэл бодлын ялгаа гэхээсээ зуучлал хийж албан тушаал хувиарлах квотын асуудал аж. ХЗХ-ы мөнгө болон иргэд, улсаас тоносон намын “хандив”-ийн дэндүү дийлэнх хэсэг нь хувь хүнд хамаарах байшин, орон сууц, үл хөдлөх хөрөнгө, газар, хадгаламж болон хувирчээ. Социалист залуучуудтай зэрэгцүүлэн “Улаан сарнай” хэмээх бас л квот бүхий байгууллагыг тэр байгуулсан нь хооронд нь өрсөлдүүлж хяналтаа бүрэн тогтоодог Сталин, Гитлерийн шалгарсан арга байв. Өрсөлдөгчид хоорондоо ширүүн тэмцэлдэж байв. Үүний үр дүнд аль аль талын хулгай луйврын бүрэн мэдээлэл түүнд очно.

2004 оны сонгуулийн шөнө санаанд оромгүй дүн гарч эхэллээ. Шөнө дунд бүх холбоог тасалсан учир хаанаас ч мэдээ ирэхээ больж, олон газар тог тасдан улайм цайм сонгуулийн дүн будилаантуулах ажил өрнөжээ. Үүнд төрийн бүх байгууллагууд оролцсон аж. Төрийн хөрөнгийг захиран зарцуулах эрх бүхий 40 орчим мянган хүнээс сүлжээнд хамрагдаагүй нь цөөн байсан тул тэдний хувьд сонгуулийн дүн шорон амьдрал хоёрын сонголт байлаа. МАХН хэдэн хоног таг чиг болсон ба тэгэж тэгэж идэвхитэй нэг тэнэг “сонгуулийн үр дүнг бид зөвшөөрөхгүй” гэсэн түүний үгийг дамжуулав. Тэр дурак л гэхэд Чехийн өр төлөлтөөс амьдралдаа сонсоогүй их мөнгө завшсан тухай яригддаг. Чимээгүй болсон энэ хэдэн өдрүүдэд олон жил зарагдахгүй зэвэрч байсан баримт устгагч машинууд эгшин зуур борлогдсон төдийгүй яаралтай захиалга асар их ирж байлаа. Уг нь цагдаа энэхүү баримт устгагчийн борлуулалтын он сараар хөөхөд ихээхэн сонин юм руу орох юм. Гэвч Цагдаагийн газарт ч баримт устгах явдал амин чухал хэрэгтэй байсан бололтой. Хэрэв ардчилсан хүчин төв телевиз рүү дайран ороогүй бол өдгөө Монголын хувь заяа ихээхэн өөр байх байсан. Ардчилсан хүчин ч хэдэн жил гудамжинд яваад өлсөж үхэхтэй шахсан байлаа. Иймээс тэд сонгуулийн дүнг шудрагаар гаргуулъя гэхээсээ наймаанд ороход илүү автамхай болчихсон байв. Сонгуулийн дараах шоконд орсон хэдэн өдөр тэрээр тэдний байхгүй уураг тархитай биш, хоол идэх хязгааргүй дур хүсэлд автсан өлөн ходоодтой нь ажиллажээ. Нөөцөнд байсан Алтан гадас авралын гудас болж хувирав. Чухам ингэж ТЭРЭЭР УИХ-ын дарга болж шудрага шийтгэлээс амь гарч дөнгөсөн юм. Харин сонгуулийг үеэр нервтэн салганаж байсан дүрс нь үлджээ. Берлиний бункерт хоногоо хүлээж байсан Гитлерийг санагдуулам.

Улс орныг гэмт хэргийн систем болгосон ул мөрөө өөрөөсөө зайлуулж баллах хэрэгцээтэй байлаа. Гэвч 2005 оны Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл үүнийг хэвээр хадгалж байх бас нөгөө талын шаардлага байв. Мөрөө баллахын тулд МАХН-ыг бүрэн самарч хаях, гэмт хэргийн сүлжээнд оролцсон нэгдүгээр эгнээнийхнийг илчлэн шоронд илгээх, улс төрийн хүүр болгох төлөвлөгөө юм. Иймээс залгамжлагчийг зөв сонгох хэрэгтэй. Ингэж тэрээр зарчимтай боловсролтой, хатуу нягт Баярыг гол гаргаж, сул дорой Энхболдыг сонгож авчээ. Хулгай хийгээд сурчихсан мөнгөтэй луйварчид хүчний тэнцвэр буй болчихсон ийм үед дорой Энхболдыг элэг барьсаар задралд орон сүйрэл авч ирэх нигуртай. Сонгуульд өөртэй нь өрсөлдөх санаа агуулсан Улааныг түүний эмзэг цэгийн нэг болох Баатараар бульдозордуулав. Гэхдээ түүнээс ч эмзэг асуудал болох цайрын ордын хэргийг нь жоорондоо аваад үлджээ. Энэ нь Улааныг дараагийн дайралтанд өөр газар танк болгох гэсэн санаа. Улаан одоо үхэхээ мэдэхгүй энэ үүргийг биелүүлэн улайрч буйн шалтгаан энэ. Тухайн үедээ Энхболдыг Элбэгдоржийг зайлуулахад ашиглажээ. Нэг талаас Улаанбаатар санг шалгах ажлыг Элбэгдоржийг ятган эхлүүлсэн ба нөгөө талаас Засаг эргүүлэх ажлыг үүгээр нь сүрдүүлэн Энхболдоор хийлгэжээ. Тэртээ тэргүй хэдхэн сарын дараа гэрээ ёсоор засаг солилцох атал гэнэт улайрдаг ч ийм учиртай. Гүйцэтгэх засаглалыг өөрийн үзэмжээр толгойлох бололцоог түүнд Энхболдын параличд орсон Засгийн газар олгож байгаа юм. Энэ хооронд тэрээр Гончигдорж, Энхсайхан гэсэн шинэ холбоотонтой боллоо. Ялангуяа Энхсайхан түүнд зориулж шүлэг бичих хүртлээ амьтан болсны шалтгаан оньсого. Шалтгааны тухай хэд хэдэн вээрс явдаг, аль нь ч үнэмшил муутай. Юутай ч Оросын өрийн асуудал Энхсайханы шалгалтаар цэвэр болох нь батлагдав.

Хадгаламж зээлийн хоршоо жам ёсоороо ээлж дараалан сүйрч эхлэв. Энэ луйврыг олон түмэнд суртчилан хөгжөөсөн гол гурван суваг нь түүний өөрийнх нь хувийн ТВ 9, мэдэлд нь байдаг Үндэсний телевиз, ТВ 5 гурав байлаа. Эд зөвхөн эндээс хоёр тэрбум төгрөг олжээ. ХЗХ-уудыг телевизүүд найдвартай түншээр шалгаруулан туг дарцаг, диплом өргөмжлөлөөр шагнаж байв. Худалдаа үйлдвэрийн танхим энэ хэрэгт онц шуналтай оролцон шилдгийн шилдгийг ааг амьсгаагүй шалгаруулан олны мөнгийг дээрэмчдээр дамжуулан цуглуулж байв. Одоо үйлчилж буй “Зар суртчилгааны хууль”-иар хуурч мэхэлсэн, баталгаагүй зүйл суртчилсан бол гарах үр дүнгийн хариуцлагыг уг газар хариуцна гэсэн заалт бий. ХЗХ-ы хохирогсод хэнээс хохиролоо нэхэхээ мэдэхгүй байгаа, бага ч гэсэн хуулиар нэг гарц нь энэ юм. Хадгаламж зээлийн хоршооны ард Төрийн мэдэлд үлдсэн сүүлчийн банк болох Хадгаламж банк байлаа. Төрийнх гэдэг нь цорын ганц эзэнгүй банк гэсэн үг.

Процесс ингэж явагджээ. ХЗХ-ы ард баталгаа болох мөнгөний томоохон зузаатгал хэрэгтэй байлаа. Тэгэж байж энэхүү үнэмшимгүй өндөр хүүг хугацаанд нь төлж сүлжээ рүү улам олон хүнийг хамж оруулах боломжтой. Зузаатгал Хадгаламж банкнаас гарна. Өндөр хүүний эхний өрөмийг төрийн болон хувийн мөнгө бүхий байгууллагыг төлөөлсөн хувь хүмүүс хамж эхэллээ. МММ маягийн луйвар эхний үйлчлүүлэгчид тун ээлтэй байдаг нь сүүхээтэй хүнд ойлгомжтой байдаг. Ингээд сүлжээ өргөсөн ХЗХ асар их мөнгөнд дарагдаж эхэллээ. Гэвч ямар ч сайхан үлгэр төгсгөлтэй байдаг. Хадгаламж банк зузаатгалд байршуулсан бүх мөнгөө алдаж таараа. Иймээс банкаа өөрсдөө хувьчилж авахаас өөр аргагүй болжээ. Ийнхүү гэнэт Хадгаламж банкны хувьчлалын асуудал дорхноо шууран дуудлаганд орлоо. Харин энэ банкны үнэ 23 тэрбум хүртлээ өссөнийг дуудсан Төрийн өмчийн хорооноос эхлээд хэн хүнгүй гайхаж байсны учир энд. Чингис банкны Громов Монголын эдийн засгийн гэнэтийн өсөлттэй холбогдуулан энэхүү сүүлчийн төрийн банкыг худалдаж авах цаанаасаа захиалгатай байсан нь банкаа өөрсдөө авч гэмт хэргээ далдлах гэсэн гэмт этгээдүүдийн сонирхолтой зөрчилдөн үнэ санаанд оромгүй тэнгэрт хаджээ. Банк өөр хүний гарт оруут хулгай баригдах нь тодорхой боллоо. Үүнээс гарч болох сүүлчийн боломж бол азаа үзэх явдал. Азыг ганцхан казинод л үздэг. Хувьчлагдсанаас хойш хэдэн тэрбум төгрөг алга болсон гэдгийн учир энэ. Гэвч тэнгэр харж үзсэнгүй, иймээс л тэдний амиа хорлох гэж оролдсон тухай яриа ортой байж таарна.

ХЗХ, Хадгаламж банкны асуудлыг ТЭР улам эрчийг нь чангалж, сумны үзүүрийг МАХН руу чиглүүлнэ. Гитлер өөрийг нь Засгийн эрхэнд гаргаж өгсөн намын нөхдөө толгой дараалан хядсан нь түүхэнд “Урт хутганы шөнө” нэрээр оржээ. Гучаад оны хядлагыг гараараа үйлдсэн До яамныхныг Сталин дараа нь шинээр гарч ирэгсэдээр эргүүлж хядуулж байсны жишээ нь Ягода, Ежов, Бериягийн хэрэг гэж нэрлэгддэг. Хятадыг хөмрөх шахсан улаан хамгаалагчдыг дараа нь Мао дарга толгой дараалан тосгон руу цөлсөн нь тэдний хэлмэгдүүлсэн сэхээтнүүдийн тооноос хэдэн мянга дахин олон байлаа. Чухам ингэж самарснаар өөрийнх нь мөр баллагдана. Ийм бужигнааны дараа л тэд цөм улсын жинхэнэ эзэн болж байжээ. Энэ учир шалтгаанаар л ТЭРЭЭР ХЗХ-ыхныг хатуу шийтгэхийг шаардан “шудрага явдал” тогтоох аж. Прокуророос буцалгүй ногоон гэрлээр жирэлзэж буй ийм хэргийг цагдаагийнхан амьдралдаа үзээгүй. 33 оны нацист намынхан, 37 оны чекистүүд, 72 оны улаан хамгаалагчид өөрсдийг нь зориуд алж буй эзнээсээ аврал гуйн эцсийн найдлагаа тавьж байсны нэгэн адил ХЗХ-ы хэрэгт орогсод Ганц худгаас чухам түүнд л найдан хандаж шудрага ёсыг хайн аврал эрнэ. Өөрснөө ч мэдэхгүй шунахайрч явж байж торонд орооцолдсон тэд одоо аалзандаа баригдаж идэгдэх ёстой. Олны өмнө тэрээр бузар булайг илчлэн хатуу ширүүн шийтгэдэг удирдагч болж харагдах ёстой. Тийм л учраас ард түмэн Гитлерийг, Сталинийг, Маог улам их хайрлаж нягт хүрээлсэн юм. Одоо тэрдараагийнхаа ажилдаа орсон. Юун түрүүн Засгийн газрыг онхолдуулж Энхболдоор боодог хийх хэрэгтэй. Маавр хийдгээ хийсэн, маавар одоо зайлах ёстой. Иргэний хөдөлгөөнүүд сүүлийн үед Улаанбаатар сангийн тухай шуугин олдох аргагүй нарийн баримт дэлгэх болсны эх ориг нь мөн л түүний сейфнээс “алдагдсан” байна. Тэнэгдүү боловч арай ч хулгай хийдэггүй Нямдорж Цэцээр яллагдах нь МАХН-ыг самрах нөгөө гарын самардалт нь. Нийгэм улам бужигнан учир замбараагаа алдах хэрээр хүмүүс эмх замбараа хүсэж таарна. Үүнээс гарах цорын ганц арга бол Ерөнхийлөгчийн засаглал юм гэсэн туршилтын лекцээ тэрээр саяхан хойд хэдэн аймгаар орохдоо нүдэнд харагдаж гарт баригдтал уншиж сонсгов. Үндэстнийхээ өмнө үйлдсэн асар их гэмт хэргийн ялыг амьд байхдаа эдлэлгүй өнгөрч болох магадгүй цорын ганц гарц нь үнэхээр Ерөнхийлөгчийн засаглал юм, түүний хувьд. Мурчийн зүтгэж байж байгуулсан Авилгын хороо нь түүнд асар том мэдээллийн сан буй болгож өгнө. Энэ нь яг л хоолны цэс шиг захиалгаар үйлчлэх ба нийгмийг бужигнуулах, хүмүүсийг хооронд нь муудалцуулах, улс төрийн намуудыг хяналтандаа байлгах, хүмүүсийн төрд итгэх итгэлийг бөхөөх, өөрөөр ганц үгээр илэрхийлбэл түүний өөрийнх нь гэмт хэргийн ул мөрийг баллахад зориулагдана.

Ийм л вээрс байна. Өөрт буй баримт, болж өнгөрсөн процессийн явц даамжиралыг харьцуулан анализ хийж ийм вээрс гаргаж ирж байгаа юм. Үнэмшилтэй сонсогдож байгаа биз? Би л лав ингэж дүгнэж, задлан хийж байна. Өөрөөр тайлбарлагдахгүй байх аа!

 

2007 оны 3 дугаар сар 23