Майкл Жексон амьд гэдэг шиг ҮЗХ амьд гэдгээ харуулаач
Өнөөдөр АН амьд эсэхээ харуулах цаг боллоо. Тэр нь ҮЗХ-ны хуралдаан юм. Эхлээд Их хурал нь байхгүй болсон. Дараа нь намын дарга нь байхгүй болсон. Одоо ҮЗХ нь байхгүй болох гээд байх шиг.
Өнөөдөр АН амьд эсэхээ харуулах цаг боллоо. Тэр нь ҮЗХ-ны хуралдаан юм. Эхлээд Их хурал нь байхгүй болсон. Дараа нь намын дарга нь байхгүй болсон. Одоо ҮЗХ нь байхгүй болох гээд байх шиг. Нам доторх фракц хэмээх ханлигийн эзэд нь өөр өөрсдийн хүмүүсээ хумьж хураагаад, хувийн эрх ашгаа урьтал болгосны хор хохирол УИХ-ын сонгуулиар гарсан. Харамсалтай нь үүндээ дүгнэлт хийгээгүй байцгаах шиг байна. Орон нутгийн сонгууль хаяанд ирчихээд байхад АН-ын дунд, доод шатанд энэхүү фракцуудын увайгүй зодоон үргэлжилсээр байгааг тус намын мянга мянган гишүүд, дэмжигчид шүүмжилсээр байна. Жишээ нь нийслэлийн хэмжээнд ардчилалд хамгийн өөриймсөг ханддаг Хан-Уул дүүрэг байна. АН нийслэлд хуйгаараа ялагдахад ганцхан Хан-Уул дүүрэгт АН ялж тус дүүргийг удирддаг. Их хурлын үе үеийн сонгуулиар энэ дүүрэгт л АН ганцаараа ялж ирсэн. Гэтэл энэ ялгуулсан замнал өнөөдөр энэ дүүрэгт түүх болох гээд байна уу, үгүй юу. Өнгөрсөн дөрвөн жилд намаа тартагт нь тултал талцуулж ирсэн фракцын толгойлогчид өөрсдийн хүмүүсийг тус дүүргийн намд дүрмийн бусаар шургуулж, ямар ч хурал, хамтын шийдвэргүйгээр орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлж байгаа нь том намд үүрлэсэн "ДОХ" нь доод шатанд халдварлан сульдааж байгаагийн илрэл юм. Жирийн гишүүд дэмжигсдийнхээ итгэлийг хамгийн ихээр хүлээсэн хүмүүсийг шахаж дарамтлах явдал тус дүүрэгт хэрээс хэтэрч байгаа бололтой. Үнэндээ аль ч шатны сонгуульд намаас нь хэн нэр дэвшвэл сонгогдох өндөр магадлалтайг судалгааны байгууллагаас илүү мэддэг хүмүүс бол тухайн дүүргийн намын жирийн гишүүд, дэмжигчид байдаг. Тэдний санал хүсэлтийг энэ дүүрэгт лав хүлээж авахгүй байгаа бололтой. Ингэж л АН алдаагаа дахин давтмааргүй байна. АН-ын фракцууд том эрх ашиг дээрээ нэгдэж, ухаалаг байж чадвал цаана чинь МАН-ын нэр хүнд өдрөөр бус цаг минутаар унаж байна шүү дээ. Тийм болохоор Жексон амьд байна гэдэг шиг эхлээд АН-ын эрх барих байгууллага ҮЗХ-оо амьд байгааг орон нутгийн сонгуулийн өмнө харуул. Дээрээсээ доошоо эмхэрч цэгцэр. АН-ыг улс төрийн бодлогын хувьд авч явах ганц газар чинь ҮЗХ юм. Тэнд тус намын бодлого зангигдаж, нэг фронтоор сонгуульд орох ёстой. ҮЗХ-ны гишүүд бол Монголын дөрвөн зүг, найман зовхисоос ирсэн, орон нутагтаа сайн сайхан ажиллаж амьдардаг нөхөд байдаг. Тийм учраас тэд Монгол Улсыг төлөөлж чаддаг. Тэгэхээр парламентад суудалтай намын хувьд ийм гайхамшигтай институциэ ажилд нь оруул. Албан ёсны даргатай бол, бодлоготой бол, зөв хүмүүсээ нэр дэвшүүл. Муугаа сайн нуусан, сайнаа тэнгэрт мандуулсан ҮЗХ-ны хурлаа хийж орон нутгийн сонгуульд ор. Зөв хүмүүсээ нэр дэвшүүлээд, тэднийгээ өөд нь татах нь намаа өөд нь татаж байгаа хэрэг юм билээ. Тэрнээс манай нам тийм ч ажил хийсэн, ийм ч мөрийн хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж яриад нөгөө талдаа фракцууд нь хоорондоо зодолдох нь АН гэсэн нэр байхаас бус нэр дэвшигчдийг нь байхгүй болгодгийг өнгөрсөн сонгуулиар харлаа. Үүнд л цэг тавих эхний алхам нь АН-ын уураг тархи болсон ҮЗХ-г боксын ринг шиг харагдуулдаг болсон дүр зургаас салсан хуралдааныг хийх явдал. Ингэж чадвал их олон хүн баярлаж, урам зориг нь сэргэнэ дээ.