Аливаа улсын эдийн засгийн хөдөлгүүр нь хувийн хэвшил. Хувийн хэвшлийн цөм нь хамгийн олон хүн ажиллуулдаг жижиг, дунд үйлдвэрүүд (ЖДҮ) юм. Орон бүрт өөрийн тодорхойлолт байдаг ч дийлэнхийнх нь ажиллагсдын тоо, жилийн борлуулалтын хэмжээгээр нь ялгаж ЖДҮ гэж нэрлэдэг. Монголын Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулиар 199 хүртэл хүн ажиллуулдаг, жилд 1.5 тэрбум төгрөгөөс бага борлуулалттай аж ахуйн нэгж, хувь хүнийг ЖДҮ эрхлэгч гэж тодорхойлсон байдаг. Манай 70 гаруй мянган аж ахуйн нэгжийн бараг 90 хувь нь энэ ангилалд хамаардаг учир ЖДҮ-ийг хөгжүүлэх талаар үе үеийн Засгийн газар үргэлж анхаарч, бүгд л хөнгөлөлттэй зээл тэдэнд олгох, эсвэл татварын хөнгөлөлт үзүүлэх тухай л ярьж ирсэн юм.

Засгийн газрын хөнгөлөлттэй зээлүүд ихэнхдээ төрийн ажиллагсадтай холбоо сүлбээтэй аж ахуйн нэгжид очиж байна, олдохгүй байна гэсэн шүүмжлэл хэвлэл үүдээр үргэлж гардаг. Тэгээд ч тэр, зээл аваад бизнес нь өргөжиж зах зээлээ тэлсэн, бараа, үйлчилгээгээ гадаадад гаргасан, импортыг орлуулж чадсан ЖДҮ эрхлэгчид бий эсэх, зээлээ цаг хугацаанд нь төлсөн эсэх, төрийн бодлогын үр дүнгийн талаар нэгтгэж гаргасан тайлан мэдээлэл тун хомс.

Эдийн засагт хамгийн чухал үүрэгтэй ЖДҮ-ийн хөгжилд юу саад болж байгаа тухай нарийн судалгаа хийж, нэгдсэн мэдээлэл гаргаж, асуудал дэвшүүлж байгаа аж үйлдвэрийн холбоо бараг байхгүй. Холбоодын хамгийн гол үүрэг нь төрийн тусламж дэмжлэг, хөнгөлөлттэй зээл авахаас хэтрэхгүй байна.

Аль нэг жилийг ямар нэг үйлдвэрлэлийг дэмжихээр зарлаад, эсвэл хямдхан зээл олгосноор ЖДҮ-ийг өрсөлдөх чадвартай болгож чадахгүй байгаа. Жишээ нь, ноолуурын үйлдвэрүүдэд өмнөх Засгийн газрын өгсөн 200 сая долларын зээлийн үр дүн нь юу болсон бэ? Манай ноолуурын бэлэн бүтээгдэхүүний экспорт хэдэн хувиар өссөн бэ? Өнөөдөр тэд ахиад л эргэлтийн хөрөнгийн зээл авах гээд хөөцөлдөж байна. Засгийн газар бонд гаргах замаар гадаадаас зээл аваад ЖДҮ-дэд дамжуулан олгож байгаа нь хангалттай юу?


ЗОРИЛТ НЬ БУРУУ ТӨРИЙН БОДЛОГО

Монголын төр засгийн ЖДҮ-ийг хөгж үүлэх бодлого санхүүгийн хөнгөлөлттэй зээлийг олж, тараахаас хэтрэхгүй байгааг дээр дурдсан. Бизнес эрхлэгчид нь ч төрийг хямдхан мөнгө зуучлагч, хүмүүнлэгийн байгууллага гэж хүлээн авдаг болжээ. Төр засаг ч макро эдийн засгийн тогтвортой байдлаас цааш хүнд үйлдвэржүүлэх, төрийн хөрөнгө оруулалтыг улам нэмэгдүүлэх буюу тодорхой компаниуд, салбаруудад давуу эрх эдлүүлэх бодлого баримталж ирлээ. Томоохон төсөл хэрэгжүүлэх гэж буй бүх компани эхлээд Засгийн газрын баталгаа гаргуулах гэж олон жил хөөцөлддөг зуршил тогтов.

Монгол Улс эдүгээ дундаас доогуур хөгжилтэй, дэд бүтэц сул, төрийн өмчит компаниуд ноёлсон, төр засаг нь эдийн засагтаа улам бүр оролцож, улстөрч ба бизнесмэн нь ялгагдахаа байсан, цахилгаан, бензиний үнийг төрөөс хязгаарлаж байгаа учраас чөлөөт өрсөлдөөн улам хумигдаж, ЖДҮ эрхлэгчид төртэй холбоотой байх, хөнгөлөлт, баталгаа авахыг л чин зорилго болгожээ. Нэгэнт л хөнгөлөлттэй зээл авсан учир хэзээ ч төлөхгүй гэсэн ойлголт газар авч байна.

Амжилттай хөгжсөн орнуудын жишээнээс харахад үйлдвэрлэлийн анхдагч хүчин зүйлүүдээ хөгжүүлэн шинэчилж, дэвшинг үй хүчин зүйлүүд болгож чадсанаар харьцангуй давуу талаа өрсөлдөх давуу тал болгосон байх юм. Одоо монголчууд бид байгалийн нөөц баялаг, цаг уур, байршлын онцлогоо илэрхийлсэн, мэргэжилгүй болон хагас мэргэжилтэй ажиллах хүч голлосон, төр нь өр зээлд баригдсан анхдагч хүчин зүйлтэйгээ л зууралдсаар байна.

Эдгээрийг орчин үеийн тоон мэдээлэл, харилцаа холбооны дэд бүтцийг бүрэн ашиглан, өндөр мэргэжил, боловсролтой боловсон хүчин, түүний дотор инженер, техникийн ажиллагсад, шинжлэх ухааны эрдэмтэд, судлаачдыг мэргэжлээр нь өгөөжтэй ажиллуулж, судалгаа шинжилгээний байгууллагуудыг бизнестэй холбох замаар дэвшилт хүчин зүйл болгох шаардлага гараад удаж байна.

Монголын хувийн хэвшлийхэн, юуны өмнө ЖДҮ-үүд үйлдвэрлэлийн хүчин зүйлээ дэвшилт шатанд гаргах чиглэлээр стратеги төлөвлөгөө боловсруулж, компаниа өргөж үүлэн хөгжүүлэх, өрсөлдөх чадвартай болох шаардлагатай байгаа. Үйлдвэрлэлийн хүчин зүйлийн чанарын дэвшил гаргахын тулд төр засаг бизнест оролцохоо багасгаж, төрийн өмчит компаниудыг хувьцаат болгон нийтэд эзэмшүүлэх шаардлагатай байна.

Улмаар ЖДҮ-ийг хөгжүүлэх бүх бодлого, үйлдэл бүрээ Монголын бизнес бүрийн бүтээмжийг дээшлүүлэхэд төвлөрүүлж, үнэ тогтооход оролцохгүй, чөлөөт өрсөлд өөнийг дэмжихэд чиглүүлж чадвал улс орны хөгжилд чанарын өөрчлөлт гарах юм. Гэхдээ энэ бол төр засаг хүний аюулгүй байдал, байгаль хамгаалах стандартын шаардлагаа сулруулна гэсэг үг биш.

Энэ бол бизнесийн бүх нөөцийн (орцын) болон дэд бүтцийн чанар өгөөжийг өсгөсөн, мөн шинийг санаачлах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх процесийг сайжруулсан алхам бүрийг дэмжсэн бодлого, зохицуулалтыг бий болгоно гэсэн үг. Төр засаг худалдаа бизнесийн харилцааг саадгүй болгох, сайн чанарын боловсрол, сургалтыг нэвтрүүлэх, чанартай дэд бүтцийг байгуулахад түлхүү оролцох хэрэгтэй болно.


ХОНГОРЦОГ БАЙГУУЛАХ НЬ

Улс орноо хөгжин цэцэглүүлэхийн тулд хөгжлийн бүх бодлого, хууль журам, институцуудаа бүтээмжийг бүх шатанд өсгөхөд суурилан байгуулах, улмаар иргэдийнхээ чадварыг үргэлж дээшлүүлдэг, чөлөөт худалдаа бизнесийг дэмжсэн дэд бүтэц байгуулж, түүнийгээ үргэлж шинэчлэн боловсронгуй болгох шаардлагатай ажээ.

Бүтээмжээ өсгөх, өрсөлдөх давуу тал олж авахын тулд бизнесээ төрөлжүүлэх (specialization) шаардлагатай тулгардаг. Компаниуд төрөлжсөн байршилд харилцан уялдаатай бизнес, бэлтгэн нийлүүлэгчид, төрөлжсөн институцууд төвлөрч эхэлдэг. Нэг байршилд харилцан холбоотой олон компаниуд үүсэн бөөгнөрөхийг үйлдвэрлэлийн хонгорцог (кластер) гэдэг.

Хүчтэй өрсөлдөөн, олон тоглогчтой хонгорцог үүссэн цагт компаниудын давуу тал нь заавал компани дотроо биш, бас гадна нь бий болдог. Компаниуд “хамтын үнэт зүйл” буюу боловсон хүчин, мэдээлэл, бүтээмж, зах зээлийн тухай нэгдсэн мэдээллийн сантай болж, үйлдвэрлэлийн холбоодын үүрэг, нөлөө ч эрс өсдөг. Хонгорцгийн компаниуд ч бас төр засагтай хамтран дэд бүтэц байгуулахад оролцдог.

Манайхтай төстэй, ганц зэсийн ордоос хамааралтай Чили улс яг энэ замаар түргэн хурдацтай хөгжиж байгааг анхаарах хэрэгтэй. Хонгорцог нь шинийг санаачлахыг өдөөж, бүтээмжийг өсгөн, улмаар компаниудыг олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай болгохоос гадна олон шинэ бизнес төрөх боломж олгодог.

Монголын ЖДҮ-үүд энэ замаар хөгжиж, өрсөлдөх чадвартай болох бөгөөд тэр цагт Монгол Улсын эдийн засаг солонгорон хөгжиж олон улсын хөдөлмөрийн хуваарилалтад өөрийн байр суурьтай болж чадах юм.