Бидний танихгүй Н.Лхамсүрэн – 1
Дипломатчийн хөрөг нийтлэл
-Дипломатчийн хөрөг нийтлэл
Нямтайширын Лхамсүрэн гэх буурлын тухай элдэв хууч, домог яриа, бүр цуурхал ч бишгүй дээ нэг сонсож явлаа. Миний ба миний дээд үеийнхэн үлгэр домгийн ертөнцөд их ч аялсан даа. Тэр хэн байв гэдгийг XXI зуунд дахин хөндөж яагаад болохгүй гэж?
Үнэхээр нугалбал нугалахаар дарамт (сэтгэл санааны ба бие махбодийн), доромжлолыг амсаад тэсч гарсан нэгэн эрхмийн тухай өгүүлэхгүй байхын арга ч үгүй юм. Намтар түүх, туулсан зам гэвэл бас л өвөрмөц, заримдаа харамсмаар. Ер нь харамсах талдаа намтраа бүтээжээ. Бүтээх ч юу байхав, энхрий хайрт нам-засаг нь түүнийг золигт гаргахыг цаг наргүй үзүүлж өгч байжээ.
Түүний тухай газар нутгаа өгөхгүй хэмээн тэмцсэн эх оронч Аварзэдийн нэгэн адил элдэв домог, хууч яриа, аман түүх дэндүү олон байдаг учраас би цэгцлэхээр ийнхүү зориг шулуудаж байна. Цэгцэрсэн эсэхийг уншигчид, түүхчид, манай дипломатчид шүүх биз ээ. Цэгцэлж чадаагүй юм гэхэд цэгцэнд оруулахад бага ч гэсэн хувь нэмрээ оруулна гэдэгтээ итгэлтэй байна.
Лхамсүрэнгийн овог гэж толгой эргүүлэм олон нэрс тэр үеийн төвийн хэвлэл, хожим ч хэвлэлүүдэд бичигджээ. “Намтайширийн”, “Нянтайширын”, “Нямтайширын” гэсэн гурван ч нэр, эсвэл харьяалахын тийн ялгалын “-ын”, “-ийн” гэдгийг хольж хутгасан нэртэй мэдээ тун их тааралдлаа. Бүр гуйвуулаад “Нянтайсүрэнгийн” гэх нэр ч ганц нэг явж байх юм. Энэ бүтээлдээ төвийн хэвлэл, номд бичигдсэнийг нь би яг тэр байгаагаар нь эшлэлээ. Хэргээр би олон янзаар бичсэн юм биш шүү.Залуучуудыг шүүмжлэх дуртай ахмадуудад хандаж хэлэхэд, та нар ч гэсэн бичиг цаасандаа хайнга хандаж байсан юм байна. Нэг хүний нэг овгийг хичнээн ч олон янзаар бичиж будлиулав даа гэж зэмлэвэл бүү гомдоорой!
Лав эцэг нь Тайшир гэсэн нэртэй хүн байжээ. Бичиг үсэгт гэгээрсэн нэгэн байсан учраас нутгийн ардууд түүнийг “Номтой Тайшир” хэмээн хүндэтгэн нэрлэсээр тэр нь хоч нэр болж,явсаар Лхамсүрэнгийн овог болж, тэгээд дээрхи гурван нэр болж хувирчээ. Уг нь “Номттайшир” гэж тогтох ёстой байж л дээ. “Номттайширын Лхамсүрэн” гэж тогтож хэвшсэн бол чихнээ чимэгтэй дуулдах байсан ч юм бил үү.
Түүний сайдаар ажилласан 1950-иад он Гадаад хэргийн сайд нарт халгаатай нэгэн 10 жил байсан байж магадгүй. Гадаад хэргийн сайд тэгж олон солигдсон ба үүрэг гүйцэтгэгч удтал ажиллуулаад байсан нь түүхэн оньсого хэвээрээ үлдэнэ хэмээн би өмнөх бүтээлдээ дурдсан. Тэр 10 жилийн нэгээхэн үед нь сайдаар ажилласан Д.Адилбиш гуай “Ер нь 1955-60 онд ГЯЯ-ны сайд 4 удаа өөрчлөгдсөн” гэж хүлээн зөвшөөрч байжээ (Д.Адилбиш. Гадаад харилцааны албанд оролцон зүтгэж явсан тухай дурсамж, “Ертөнцийн чихнээ”- Монгол элч нарын дурсамж, УБ, 1991). Тэгвэл өмнөх хоёр сайд, нэг сайдын үүрэг гүйцэтгэгчийг оруулж тооцвол 6-7 удаа өөрчлөгдсөн болж таарна. Гадаад харилцаа огцом тэлж өргөжөөд манай дипломатын алба шаардлага хангаж ажиллаж чадаагүй, эсвэл сайд нар нь улс төрийн шалтгаанаар халагдаж солигдоод байсан байж болно.
ГХЯ-наас Дипломат албаны 100 жилийн ойгоор (2011 он) гаргасан “Монгол Улсын орчин үеийн Дипломат албаны нэрт зүтгэлтнүүд” номын гарчигт дээрээсээ Сайд нарыг тоолж жагсаахад 11 дүгээрт бичигдсэн хэрнээ доторхи намтрын хуудсанд 14 дэх сайд гэсэн нь ойлгомжгүй мэт. Бодвол Ардын хувьсгалын эхэн ба 1930-аад онд зарим нь хоёр удаа уг албан тушаалыг хашсанаас тэгж дугаарласан болов уу.
ГХЯ-наас Дипломат албаны 100 жилийн ойгоор (2011 он) гаргасан “Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд” номд Н.Лхамсүрэн нь Москвад ЭСЯ-нд ажиллаж С.Лувсангийн удирдлагад 1961-1963 онд ЭСЯ-ны II нарийн бичгийн дарга байсан гэх мөр байна. Ерөнхий сайдын орлогч, ГЯЯ-ны сайд, мөн дэд сайд нь байсан хүн хичнээн буруутлаа гэхэд, хичнээн буулгаж шийтгэлээ гэхэд ингэж ч доош нь оруулах гэж дээ хэмээн харамсмаар санагдлаа.Өс хонзонгоор түүнийг хэтэрхий доош нь хийж, дарамталж, дээрээс нь тавлаж байсан болов уу гэх сэтгэгдэл төрөхөөр.
Гадаад харилцааны яамнаас 2011 онд хэвлэлд өгсөн Дипломат албаны нэрт зүтгэлтнүүдийн тухай нөгөө номоос намтрыг нь үг үсэггүй эшлэж сонирхуулья. Үг үсгийн ба утгын алдаа, үл авцалдаануудыг нь бүгдийг нь тэр чигт нь буулгалаа.
Гадаад яамны арван дөрөв дэх сайд Намтайширийн Лхамсүрэн (1917-1992).1911 оноос хойшхи хугацаанд Монгол Улсын Гадаад яамыг тэргүүлж байсан арван дөрөв дэх сайд, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Намтайширийн Лхамсүрэн Сэлэнгэ аймгийн “Галттай” гэдэг газар 1917 оны 5 дугаар сарын 27-нд мэндэлжээ. Түүний эцэг өөрийн хичээл зүтгэлээр бичиг үсэгт суралцан,түүхсудар уншдаг жирийн малчин хүн байсан бөгөөд нутгийн зон олноос“Номтой Тайшир” алдар хүртэж, багийн зайсангаар сонгогдож, 1921 онд Улаан армийн анги нэгтгэл нутагт нь орж ирэхэд зүйл бүрээр дэмжиж тусалсан хэргээр цагаантнууд баривчлан тамлан зовоосны эцэст модон амбарт хүү Лувсангийн хамт хорьж, галдан шатаасан тухай нутгийн хөгшид дурсдаг байна.
Өмч малаа хуу дээрэмдүүлсэн эх Дэжид нь хэдэн хүүхдийн хувь заяаг бурханд даатгах санаатай багачуулаа дагуулан Их хотыг зорьж, орох оронгүй, оочих аягагүй амдралын эрхээр айлын хар бор ажил нугалж, овоохойд хүртэл өвөлжиж байсан нь Н.Лхамсүрэнгийн бага насны гашуун амьдралын нэгээхэн хэсэг ажээ.
Н.Лхамсүрэн 1925 оны 11 дүгээр сард Богдхаан уулын аймгийн Ноён уулын хошууны бага сургуульд 12 настайдаа элсэн орж, 1929 онд тамгын тал бичээчээр төгсөн, 1929-1931 ондЭрхүү хотын “Монгол курсы” сургуульд, 1931-1932 онд мөн хотын хүн эмнэлгийн техникумд, 1932-1934 онд мөн хотын эдийн засгийн Рабфакт, 1934-1938 онд мөн хотын Хөдөө аж ахуйн дээд сургуульд,1943-1944 онд Москва хотноо, ЗХУКН-ын Төв хорооны 6 сарын лекторын курст, 1956-1957 онд Москва хотноо Нийгмийн шинжлэх ухааны академид, 1957-1959 онд мөн хотод мал тэжээлийн аспирантурт тус тус суралцаж, хөдөө аж ахуйн шинжлэх ухааны дэд эрдэмтний (хуучин хэллэгээр) зэрэг хамгаалжээ. Үр тариа, малын тэжээлийн агрономч мэргэжилтэй. Орос, англи хэл мэддэг байжээ.
1938-1942 онд Мал, тариалангийн яаманд орчуулагч, агрономч, Хөдөө аж ахуйн техникумд багш, Хөдөө аж ахуйн яаманд тасгийн дарга, газрын орлогч дарга, дэд сайд, сайд, МАХН-ын Төв Хороонд Хөдөө аж ахуйн хэлтсийн эрхлэгч, 1941-1953 онд Намын шинэ хүчний дээд сургууль, МУИС-д багш, тэнхимийнэрхлэгч, 1942-1946 онд “Намын зохион байгуулалт”, “Ухуулагчийн өврийн дэвтэр” хэвлэлийн эрхлэгч, 1943-1945 онд Намын Төв Хорооны лекторын товчооны дарга, Радио хорооны дарга, 1946-1951 онд Гадаад явдлын яамны орлогч сайд, 1951-1954 онд ГЯЯ-ны сайд, Сайд нарын зөвлөлийн ерөнхий сайдын орлогч, 1954-1956 онд Намын Төв хорооны нарийн бичгийн дарга, 1959-1960 онд “Үнэн” сонины Москва дахь сурвалжлагч, 1960-1961 онд Хөдөө аж ахуйн дээд сургуульд эрдэм шинжилгээний ажилтан, 1961 оноос Москвад суугаа ЭСЯ-ны хоёрдугаар нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ.
МАХН-ын Төв Хорооны УТТ-ны гишүүн, УИХ-ын депутат, Бага хурлын гишүүн, Шинжлэх ухааны хүрээлэнгийн жинхэнэ гишүүн байв.
Н.Лхамсүрэн Монгол-Зөвлөлтийн найрамдалт харилцааг бэхжүүлэх үйлсэд тодорхой хувь нэмрээ оруулсан хүн юм.
БНМАУ-ыг НҮБ-д элсүүлэх асуудлаар Нью-Йорк хотноо 1946 онд очсон Монголын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд оролцож байлаа.
1946 онд МАХН-ын Төв Хорооны суртал ухуулгын хэлтсийн дарга бөгөөд Гадаад яамны орлогч сайдын албыг давхар хашиж байхдаа Хятадын гоминданы урилгаар Намын Төв хорооны дарга Д.Дамбын хамт айлчилж, төрийн сүлд дуугаа шинэчлэх шаардлагатай болсныг ойлгож, нутагтаа ирээд санал дэвшүүлэн хэрэгжүүлжээ. Тэр үед манай сүлд дуу “Гуравдугаар интернациональ” байв. Тэрбээр төрийн ёслолын хөгжмийн тулгын чулууг тавилцаж, түүний санаачилгаар ГЯЯ-ны сайд, элчин сайд нар ёслолын үед өмсдөг дүрэмт хувцастай болсон байна.
Н.Лхамсүрэн түүх шастир, олон улсын харилцааны төлөв байдлыг сайн мэддэг, өндөр боловсролтой, ажилсаг даруу, эрдэм шинжилгээний ажилдаа шаргуу, ажлын хариуцлага, зохион байгуулах чадвар, хувийн сахилга бат сайтай, соёлтой хүн байжээ. Олон баримтаас үзвэл Н.Лхамсүрэн улс эх орондоо ихийг хийж бүтээх эрмэлзэлтэй, ард түмнийхээ амьдралыг дээшлүүлэхэд тус нэмэр болохын төлөө шаргуу ажиллаж явсан байна.
Түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлэн Сүхбаатарын одон, Байлдааны гавъяаны улаан тугийн одон, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Ардчилсан Солонгос улсын одон, “Бид ялав”, “Японыг ялав” медалиудар шагнаж байжээ. Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар 1949 онд “Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд” диломат дээд цол олгожээ.
1959 онд эрдмийн зэрэг хамгаалж ирээд ШУА-д эрдэм шинжилгээний ахлах ажилтнаар ажиллаж байхад нь 1965 онд намын эсрэг бүлэгт оролцсон хэмээн улс төрийн хэрэг хилсээр тулгаж, Увс аймтийн Баруун турууны “Хар цагаан ус” гэдэг газарцөлөгдөж, 1969-1974 онд баазын механикч, ногооны комбинатын өргөст хэмх, улаан лоолийн тариалангийн бригадын дарга, сармис таригч, 1974 оноос Баянхонгор аймагт эмийн ургамал тариалах агротехникч, Төвшрүүлэх, Амгалангийн САА зэрэг олон газар мэргэжлийн ажлаа хийж явсаар 1977 онд тэтгэвэртээ гарч, 1992 онд насан өөд болжээ.
Түүнийг МАХН-ын Төв Хорооны тэргүүлэгчдийн 1990 оны тавдугаар сарын 18-ны 20 тоот тогтоолоор цагаатгасан байна.
Н.Лхамсүрэн “Хөдөлмөр” сонины 1989 оны 131 дүгээрт “Өнгөрч байгаа дуртгалын хэсгээс” гэсэн дурдатгал бичиж, Монгол оронд ардчилал, ил тод байдал хөгжих болсонд талархаж, “Ардчилал нь хүн хүнээ хайрлан хүндэтгэх, хүнлэг ёс юм” хэмээн бичиж байжээ. Мөн “Одоогийн эрхэм зорилго бол хүүхэд багачуудаас аваад нийт ард түмнийг өөрийн баялаг түүхийн бичиг баримт, утга зохиол урлаг, монгол хүний эх оронч хүчин чадавхи, саруул ухааны талаар ном хэвлэл маш олноор хэвлүүлэх нь монголчуудыг шинэ бүтээлд хөтлөн удирдах хүчин болно.
Өөрийн болон хөрш улсуудынхаа түүхийг сайн мэдэж байгаа тэр хүн л хөршийн сайн муу талыг ойлгосон үндсэн дээр айл хөршийн сайн харилцаа тогтооход эрдэм боловсролоо нэмэрлэн хандивлаж чадмуй” гэжээ.Тэрбээр амьсгал хураахынхаа өмнө “Ямар ч байлаа би эх оронч хүн байсан” хэмээн хэлж амжсан байна.
Одоо миний бичвэр эхэлж байна. Би өөрөө дипломатч, олон улсын харилцааны түүхч. Тэр утгаар ГЯЯ-ны сайд асан С.Аварзэдийн намтрыг тэр үеийн түүхэн нөхцөл байдалтай нь холбон үндсэндээ Монголын дипломат албаны нэгээхэн үеийг түүхийг ил тод болгож, хар цагаан сүүдэрт нь гэгээ тусгая гэж шийдсэн билээ. Яг тийм зорилгоор Н.Лхамсүрэн гэх энэ эрхэмд хандвал ердөө 10 жилийн адармаатай түүх буюу албан тушаалын үсрэлт ба савалгаа нь давхцахаар юмсанж. 1946 оноос эхэлсэн яруу алдрын замнал нь 1956 онд шувтраад 1957 оноос уруудах руугаа орсон мэт. Монголын төр түүнийг 40-хөн настай нь хөсөр хаяжээ гэчихвэл бараг хэтрүүлэг болохгүй дээ. Гэмт хэрэг хийгээгүй байхад нь шүү.
Тэгэхлээр Н.Лхамсүрэнг ГЯЯ-ны орлогчсайдаар хэзээ хэрхэн томилов гэдгийг сурвалжилсаарбагцаагаар тодорхой болгож авлаа. Лав 1946 онд Москвагийн ОУХДС-д анхны 6 оюутан явахад тэрээр дэд сайд болчихсон, тэднийг шалгаж, бас үдэж өгч байсан байна.
Тэр оны намар нь төлөөлөгчдөө ахлан НҮБ-д улсаа элсүүлэхээр явах яриа өрнөж байхад лав ГЯЯ-ны сайд Чойбалсангийн орлогч болчихсон, үүрэг даалгавар авчихсан байж таардаг. 1946 оны эхээр ДИУ манай улсыг хүлээн зөвшөөрч дипломат харилцаа тогтоох шийдвэр гарч, БНМАУ-ын Засгийн газрын төлөөлөгчид Хятадад айлчлах гэж байх үед ГЯЯ-ны орлогч сайдын хувиар Ч.Сүрэнжавын ахалсан төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орсон гэсэн дурсамж байна. Лав гурван жил хагас маршалын дэргэд дэд сайд байх нь байжээ.
Харин ГЯЯ-ны сайдаар жинхэлсэн нь 1950 оны эхээр юм. “Монголын үнэн” сонины архив, Төв номын сангийн сан хөмрөгт сууж нягтлах гэсэн боловч 1950 оны эхний улирлын “Үнэн” сонины цуглуулга алга. Төв номын санд “Улаан од”, “Хөдөлмөр” сонины үдээстэй хавтаснуудад харин тэр тухай болон энд эшлэх бусад чухал мэдээлэл дурайтлаа байна билээ. (Үргэлжлэл бий)