“Гол тоглогч”-оос олсон олз
Хамгийн сүүлд уншсан ном минь сэтгүүлч дүү Д.Дамдинжавын маань “Гол тоглогч” байлаа.
Хамгийн сүүлд уншсан ном минь сэтгүүлч дүү Д.Дамдинжавын маань “Гол тоглогч” байлаа. Дуусгаж чаддаггүй ээ. Муу болохоор нь биш, дуусгамааргүй байсан хэрэг л дээ. Ядахдаа чухам нандин үг, том ачааг гарын үсгийнхээ өмнө дурсамж болгон дурайлгасан нь өчүүхэн надад нэг ёсны “нокаут” болсон байж мэднэ. Зохиолчийн хувьд тун чиг дотогшоо хүн. Дотогшоо хүнээс л ийм сүү асгасан, цус буцалсан бүтээлүүд гардаг гэдэг.
Түүний цөөхөн боловч чанарлаг бүтээлээс “амссандаа” баяртай байна. Угтаа бидэн хоёр түүний номд гардагчлан “До.Цэнджавын тэнэг шавь нар” л даа. Нэг редакцид хамт байхад бүтээлээрээ урамтай ч байгаа эсэх нь үл мэдэгдэнэ. Тэгснээ гэнэт өдөр тутмын сонинд аль болох ховор жанр барьж авна. Яг л туршилт хийж буй эрдэмтэн шиг түүндээ сэтгэл зүрхээ зориулж, амжилттай болсон бол хөл сэтгэл нь хөнгөрчихсөн гүйж явдаг байв.
“Гол тоглогч” номын талаарх гол зүйлдээ оръё. Гайхамшигтай гэж бялууруулахгүй ээ. Дүүд минь “гай” болно. Олзуурхсан, амтархсан, арааны шүлс, аз жаргалын гормон ялгаруулсан хэдэн сайн памфлет нь нандигнууштай. Гэхдээ цаадах чинь үүнээсээ хэд давах илүүг хийчихээд миний өнөөдрийн бичиж буй “энэ юмыг” няц гишгэж чадах хүн.Тэгэхээр би ичиж таарна.
Д.Дамдинжавын “Гол тоглогч” улам илүү хуудас нэхсэн, дахиад хэдэн хүний тухай үтэр түргэн бичээсэй, унших юмсан гэсэн өдөөлттэй бүтээл байлаа. Ийм эрэлтийг бий болгох ямар хэцүүг мэргэжил нэгтнүүд маань л ойлгох байх.Сайн сайхан тал нь энэ. Харин нотлох аргагүй зарим баримт байна. Тодорхой дурдаад яах вэ, уншицгаана биз. Ер нь бичихэд гарт амархан ч сэтгэлд хөндүүр, “Би үүнийг юугаар нотлох билээ, зөвхөн сонссон шүү дээ” гэмээр үе олон таардаг. Ялангуяа хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон олон хувь хэвлэгдэн гарах бүтээлд энэ бол хэцүү даваа. Хоёрхон хүн уулзаад яриад өнгөрсөн бол, хэн нэгнээс сурагаар сонссон бол, авлига авсан, өгсөн гэх яриа байдаг бол сэтгүүлч байтугай ямар ч туршлагатай тагнуулч үгээр илэрхийлж үнэнийг нотолж үл чадна. Яг ийм элемэнт уг номонд хэдэнтээ таарлаа. Туйлын үнэн гэж байдаггүй. Харин түүхэнд үнэнийг худлаар бичиж үлдээсэн бол айхавтар том нүгэл болно. Үнэн гэдэгтээ бат итгэлтэй байвал зөвхөн бичигч, сэтгүүлчийн эр зоригт л найдаад өнгөрөхөөс яах вэ. Иймэрхүү эргэлзүүлсэн, домог мэт “үнэн” энэ номд цөөнгүй таарсан.
“Гол тоглогч”-ийн бичлэгийн хэв маяг, амтат ёгтлол зэргийн хувьд ярих юм байхгүй, аугаа. Хөрөг бичих амаргүй. “Гол тоглогч” номд орсон объектууд, үйл явдлууд, цаг хугацааны фактор зэрэг нь тун бачим давчуу хугацааны тухай өгүүлэх боловч олдох хэмжээнд хангалттай судалгаа хийсэн харагдана. Нөгөөтэйгүүр энэ цаг үеийн “саарал түүх” гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, хар цагааныг хольж сүлсэн, хэт нэг талыг баримтлаагүй, тодорхой зорилго сэлтэд баригдаагүй. Ийм түүх энэ цаг үед зохиолын баатруудад ч өөрсдөд нь хэрэгтэй л дээ.
Миний ойлгосноор энэ цуврал төгсөшгүй үргэлжилнэ гэсэн. Гараа сайн бол бариа сайн гэдэг. Эхний дэвтэрт орсон гол баатруудыг харахад түүвэрлэхэд их учир байгаа бололтой. Аливаа бүтээлийг “сайн, муу” гэж хэлэх хамгийн амархан. Хамгийн гол нь өөрөө хийсэн бүтээсэн зүйлтэй, хийж бүтээхийн “зовлон, жаргал”-ыг мэддэг байх ёстой. Тиймээс санаанд орсон бүхнээ “тургиж” уран бүтээл рүү дайрах би дургүй. Харин энэ удаад ном хэлбэрээр “Дараагийн дугаарт хэн орох бол” гэсэн хүлээлт үүсгэх нэг “сэтгэлийн уяа”-тай болсондоо олзуурхана. Яг л”Цензургүй яриа” нэвтрүүлгийн зочин хэн байх бол” гэдэг шиг. Ямартай ч дараагийн цувралыг тэсэн ядан хүлээе. Эрхэм дүүд уран бүтээлийн өндөр амжилт хүсье.