Нэг: Амьдралд шунах мунхаглал
Амьдралаас зугтах тэнэглэл

Сайн байна уу? Миний хүү. Аав нь чамд нэг түүх ярьж өгөе.

1970 оны өвөл. Тэгэхэд би 17 настай байлаа. Өвөл их хүйтэн болдог байсан. Толгой нүцгэн өнчин хүү надад өвөл хүйтэн байсан байх. Цэмбэн даавуу гуталтай аавд нь тэгэхэд өвөл хүйтэн байсан байхаа.  Гэхдээ мэдэхгүй. Би их даардаг байсан. Тэр өвөл 12 сард би ээжийгээ харах гээд эмнэлэг дээр очсон. Дүүгээ дагуулаад хоёулаа очсон.  Ээж эмнэлгийн коридорт хэвтэж байсан. Тасагт ор олдоогүй байх. Ээж коридорт  том модон вандан дээр хэвтэж байлаа. Эмнэлгийн коридорт их хүйтэн байсан. Ээжийг хоёр том үстэй дээлээр давхар хучсан байлаа. Ээж  ухаангүй байсан... Амьсгалах төдий...Ам нь өмөлзөөд...

Ээж юу ч хэлж чадахгүй байсан.

Би ээжийгээ хараад. Элэг зүрх эмтэрэн шаналж билээ. Гэлээ гээд. Ээжийнхээ төлөө би юу хийж чадах билээ. Өсөх насны өнчин хүү би: Юу ч хийж чадахгүй шүү дээ.

-    Тийм ээ. Миний хүү. Тэгэхэд аав нь. Ээжийнхээ төлөө. Юу ч хийж чадахгүй байсан юм.  Юу ч хийж чадаагүй юм.
-    Тэгэхэд би ээжийн эгчийнд байдаг байлаа. Шөнө бараг өглөө үүрээр. Тэдний том хүү Машлай ах ирсэн. Эмнэлэгт аавынх нь ээжийг сахиж байсан юм. Машлай ах хүйтэн хар цай уугаад дуугүй суугаад байсан. Би толгой дээгүүрээ хөнжилөө нөмрөөд... Чимээгүй хэвтээд байлаа. Юу хэлэх бол!!! гээд л хүлээгээд хэвтээд байсан.

 Тэгэж тэгэж нэг юм.

-    Эгч нь яав? Хүү минь. Явчихав уу даа? Хөөрхий дөө! гээд. Машлай ахын аав  Дэмбэрэл ах асуусан.
-    Тэглээ! Хөөрхий ! Тэгээд чимээгүй болсон. Хэн ч юу ч дуугараагүй. Бас юу ч асуугаагүй. Чив чимээгүй болцгоосон. ..
-    Тийм ээ. Аав нь санаж байнаа. Аав нь сайн санаж байна. Тэр үед би юу ч бодоогүй. Үнэндээ миний бодох бодол дууссан байлаа. Миний хоолой дээр нэг их том юм тулж ирээд байсан. Би хүчээр. Бас хорсолоор цааш нь залгиж байсан. Шүдээ зуугаад. Буцаагаад залгиад байлаа...
-    Тийм ээ. Аав нь тэгэхэд зовлонг буцаагаад залгиж чадсан. Хатуу байсаан. Гэлээ гээд яах билээ? Шүдээ зуугаад... Нүдээ аниад залгиад байсан. Залгиж чадсан.
-    Тийм ээ. Тэгэхэд аав нь. Амьдралын үнэн нүүр царайг тэндээс олж харсан юм.  Бас тэндээс би амьдралыг ухаарч эхэлсэн юм. Учир утгыг нь ойлгохыг хичээдэг болсон юм.


Хоёр: Ам ихтийг ангайхад
Буян ихт булаана  

Миний хүү аав нь чамд нэг юм хэлье.

Нэгдүгээрт: ТЭСВЭРТ СУРАЛЦ!

Тэвчээртэй бай! Аливаа сайн муу. Аль алинийг нь тэсээд өнгөрөөж сур. ХҮН НЭГ Л ЮМЫГ СУРВАЛ. БУСАД БҮХ ЮМЫГ СУРДАГ ЮМ. Тэр нэг юм бол тэсвэр.

Тийм учраас: Чи түүнд суралц. Тэсвэр бол амьдралын эхлэл. Тэсвэр бол амьдралын төгсгөл. Бүх юм үүгээр эхэлж түүгээр дуусдаг юм.

Тийм учраас: Тэсвэр бол амьдралын эх сурвалж мөн. Би ингэж бодож байна.

Тийм учраас: Миний хүү чи.Юмыг буцаагаад залгиж сур! Яг аав шигээ буцаагаад залги. Уур хилэн. Уйтгар гуниг. Зовлон зүдгүүр. Юу ч битгий тээ. Буцаагаад залги. Баяр цэнгэл. Алдар нэр. Баян тансаг. Юу ч битгий тоо. Буцаагаад залги. Тийм байж чадаж байж. Хүн хүссэндээ хүрдэг юм. Аав нь ингэж бодож байна.

Хоёрдугаарт: ТУЙЛШРАЛД СУРАЛЦ!

 “Амьдралд шунах мунхаглал. Амьралаас зугтах тэнэглэл. Аль аль руу нь хэлбийлгүй дунд нь орш! Энэ билгүүн ухаан” Бурхан Будда ингэж хэлсэн гэдэг.

Юу гэсэн үг вэ? гэвэл. Аливаа юманд бүү туйлшир гэсэн үг. Тэхий дунд нь орш гэсэн үг. Аливааг чи тэсэж өнгөрөө гэсэн үг. Тэгээд цаг нь ирвэл. Сөрж үлд гэсэн үг. Тэр цагийг хүлээ гэсэн үг. Дотоод сэтгэл рүүгээ чи нэвтэрч ор. Бүүр гүн нэвтэрч орж чад гэсэн үг. Түүнтэйгээ чи ярилцаж бай. Байнга ярилцаж бай гэсэн үг. Өөрөөр хэлбэл: Чи өөрөө өөртэйгөө ярилц. Болох болохгүйг ярилцаж бай гэсэн үг. Зовлонд чи уусаж бүү алга бол. Зовлонг чи тэсэж өнгөр. Тэгээд сөрж үлдэх ёстой гээд цааш нь ургуулаад бод гэсэн үг. Сэтгэл юугаан шинж судал. Бардам зан. Би-гийн үзэл. Харамч хомхой сэтгэл. Муу бүхнийг тэвч! Хая! гэсэн үг? Гэрэл гэгээг ухаарч хар гэсэн үг. Товчлоод хэлбэл: Чи миний хүү! Өнөө маргаашийг биш. ОРШИХУЙ ЭС ОРШИХУЙН УХААНД СУРАЛЦ гэсэн үг. Би ингэж бодож байна.

Гуравдугаарт: АМЬДРАЛД СУРАЛЦ!

Миний хүү чи: Бодит ахуйгаас гажууд зүйлд битгий итгэ. Хийсвэр хоосон төсөөлөлд хэт бүү авт. Зөвхөн бодит амьдралаас суралц.

Яагаад гэвэл: “Амьдралаас суралцсан хүн л хувь заяатай. Миний туршлага үүнийг баталдаг” гэж Бурхан багш хэлсэн юм.

Тийм учраас миний хүү чи амьдралд суралц.

Яагаад гэвэл. Амьдралаас суралцсан хүн гэгээрдэг юм.

Яагаад гэвэл: Мэдлэгээр биш. Туршлагаар хүн гэгээрдэг юм. Тийм учраас: МЭДЛЭГТ СУРАЛЦСАН БОЛ. ОДОО ЧИ МЭДЭХҮЙД СУРАЛЦ. Өөрөөр хэлбэл. Амьдралд суралц. Аав нь ингэж бодож байна.

Дөрөвдүгээрт: ИТГЭЛД СУРАЛЦ!

Миний хүү чи: Өөрөө өөртөө найд! Өөр юунд ч битгий найд. Өөрөөр хэлбэл: Өөрөө чи өөртөө итгэ! Тэгэж гэмээ нь: Өөр бусад хүмүүс чамд итгэнэ.

Миний хүү чи: Өөрөө өөрөөсөө зугтах хэрэггүй. Өөр хэн нэгний араас гүйх хэрэггүй. Өөрсдөө хүмүүс чам дээр ирэг. Өөртөө итгэлгүй хүн. Өрөөл бусад руу гүйдэг юм. Тийм учраас миний хүү чи. ӨӨРТӨӨ ИТГЭ. ӨӨРӨӨ ӨӨРТӨӨ НАЙД. ӨӨР ЮУНД Ч БИТГИЙ НАЙД.  Би ингэж бодож байна.

Тавдугаарт: АСАЖ СУРАЛЦ!

Тэгээд миний хүү чи. Өөрөө өөрийгөө асаа. Асаж чадахгүй бол чи урагшаа явахгүй. Тийм учраас чи заавал асах ёстой юм. Унтаа уймраа байж болохгүй.

Асаж чадаж гэмээ нь: Чи эрч хүчээр цэнэглэгдэнэ. Тэгэж гэмээ нь: Чи хүч чадалтай болно. Тэгэж гэмээ нь: Чи өөрийгөө мэдэрч чадна. Өөртөө итгэж чадна. ӨӨРӨӨ ӨӨРТӨӨ ИТГЭЖ БАЙЖ ХҮН САЙН САЙХНЫГ МЭДЭРДЭГ ЮМ. Аав нь ингэж бодож байна.

Зурагдугаарт: БОЛОМЖИНД СУРАЛЦ!

Миний хүү чи. Юу хэрэгтэй. Юу хэрэггүйг мэдрэхийг хичээ. Цаг үргэлж шинэ юм хай. Шинийг эрэлхийл. Бусдын хийснийг бүү давт. Бүү дуурай. ДУУРАЙХ ТУСАМ МЭДРЭХҮЙ ТАНЬ МӨХДӨГ ЮМ.

Тийм учраас: Бусдын хийсэн юмыг дагаж битгий хий. Бодож сэтгээд өөрөөр хий. Шинээр хий. Тэгэхдээ шинээр эхлээд хийх амаргүй. Магадгүй чи мухардалд орж болно. Тэгвэл түр амасхий. Хойшоо бага зэрэг ухар. Тэгээд эцсийн зорилгоо өөртөө чи дахиад нэг сануул. Дахин эргэх хүч тамир. Тэгэж өөртөө бий болго. Тэгэж бодит боломжийг дахин бий болго.

Тэгэхдээ: Боломж бол бодит биелэл биш.  Хэдий тийм ч бүх юм боломжоос үүсдэг юм. Бас бүх зүйлс боломжинд шингэдэг юм.

Тийм учраас: Боломжийг бүү алд. Чанга атга. Бодит байдал болго. Аав нь өнгөрсөнд суралцсан. Миний хүү чи ирээдүйд суралц. Бас яг одоод суралц. Аав нь ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна.

Батжаргалын БАТБАЯР