"Ёолк"-ны хажууд нэ­гэн жижиг­хээн гацуур суул­гаад арав гаран жил өнгөрчээ. Ямартай ч жилийн жилд хатаагаад сугалж хаядаг гудамжны улиасан суул­гацыг бодвол овоо ургаж байна. Энэ бол "Шинэ оны өглөөний на­рыг угтах" ёслол юм. Тэр жил У.Барсболд сайдын үед Байгаль орчны яам­ны нэр бүхий нөхдүүд, Төмөр замын дарга Рааш гуайтай хамтран хэдэн япончуудыг зугаацуу­лах гэж ийм нэгэн шоуг анх удаа санаачилж билээ. Нараа харж чад­даггүй Наран орны жуулчдад  Мон­голоос манангүй тал нутгийн өглөө л үзүүштэй нь байж.

Зохион байгуу­лагч­дын хэлж байгаагаар "Анхны өглөө­ний нарыг үзэхээр 2001 онд хоёр богоон хүмүүс явж байсан бол өнөө­дөр 2014 оны нарыг 16 богоон бүхий 400 гаруй жуулчид "Хан­гай" зөрлөг дээр ирлээ" гэлээ. Галт тэрэгнээс гадна нийс­лэлээс өөрс­дөө маши­наар явж өг­лөөний нар үздэг явдал жил ирэх тусам нэмэгд­сээр байна. Сонгуультай жилд бол бүр төрийн тахилга ёс­лолын хэм­жээнд дөхөж, хамаг том­чуул, бөө шаш­ныхан заларч сүртэй юм болдог болчихоод байгаа.

Ийнхүү өнгөрөн одох цагаа үддэг "мэрзийвтэр" гацуурны дэргэд мар­гаашаа тоссон "Нарны баяр" нь  утаатай Улаан­баатарт дажгүй ургаж байна шүү. Хуучин оноо үдэж шинэ оноо угтах хоёр өөр цаг хугацааг бид  "Шинэ жилийн баяр" гэж ярьдаг мөртлөө үнэндээ уг баярыг дөнгөж талд нь хүргээд л унтацгаадаг. Зөвхөн дурсамжаараа бахархаж, амьдарчих са­наа л энд яваад байгаа юм. Тэгсэн атлаа бид ши­нэ нийгмийг ардчиллыг хадаг барин ерөөл тавин угтсан бил үү.

Айлчлан ирж буй ши­нэ оны эхний өдөр бүх нийтийн амралтаар эхэлж одоо л баярлах нь уу гэтэл аль эрт арванхоёрдугаар сарын турш ажлын өд­рүүдээр  нүргэл­сээр шө­нийн 12 цагт дуус­гадаг. "Нэгэн"-д үдийн алдад шартсан нойр­мог­лосон хүмүүс увж цуван босоц­гоодог. Уг нь хотын утаа­наас гарч эрүүл агаарт гаран тархи тол­гойгоо сэргээн, өвлийн жаварт хацраа хайруул­сан шигээ жаргаж бай­гаад ирвэл зүгээрсэн. Улаан­баата­рын эргэн той­рон хаашаа ч явсан хэдхэн алхмаас л хөдөө­ний цэвэр тунгалаг агаар, шинэхэн цас, анир­гүй ор­чин угтдаг. Албан байгуул­лага, айл өрхүүд чухам энэ амралтын өд­рөөрөө л салхинд гарч шинэ оны баяраа архи дарсгүйгээр угтаж тэмдэг­лэж бай­маар. "Ёолк"-ны маргааш туй­лын гунигтай агаад бүх юм болоод дуус­чихсан мэт. Хаалттай сур­гууль дэл­гүүр, ил хуль гудамж, гэрт гадаагүй са­га­сан хог новш бүхий ши­нэ он эхэлдэг. Одоо ихэнх газар хуучин оноо дүгнэж "шилдэг"-үүдээ шал­гаруу­лах ёс­лолоо арванхоёр­дугаар сард бүр арван­нэгдүгээр сард ч тэмдэг­лэж "ёолк"-оо хийчих юм байна. Нэ­гэнт ингээд өн­гөрсөн ца­гаа базаад боо­чихсон бол дараа­гийн баярлавал зо­хих мөч нь нэг­дүгээр  са­рын нэгний өглөө л болж таарах гээд байгаа юм л даа.

Энэ жил бидний хэсэг нөхөд шинэ өглөөний на­рыг угтахаар хотоос ба­руун тийш гарч Хустайн нурууг зорьсон юм. Хустай бол цэвэр онгон байга­лиараа дэлхийд байтугай Мон­голд ховорхон газар нутаг бөгөөд дархан цааз­тай газар. Дэлхийд дар­хал­сан тахийн сүргээс гадна сүүлийн үед хараг­дахаа байсан олон амь­танг эндээс харж нүдээ баясгаж болно. Өчигд­рийн байдлаар бол агнаж ч болохоор эзгүй байна билээ. Хотоос ердөө 87 километр, хар замаас до­лоон километрт. Өглөө аажуухан долоон цагийн орчимд босоод гарахад баруун тийших зам ямар ч түгжрэл байхгүй тул гэ­рийн гаднаас Хустайн даваа хүрэх хугацаа цаг хүрэхгүй байна билээ. Өвлийн өдийний нар дэл­хийн бөмбөрцгийн хойд хагаст улс хотуудын  тог­тоосон хуваарийн дагуу хаа ч ялгаагүй наймаас есөн цагийн хооронд манд­­даг. Жишээ нь Ховд Улаанбаатараас нэг ца­гийн хоцролттой ч тэнд­хийнхээ найм 35-д ман­даж байна уу. Тэгэхээр заавал "Хангай" зөрлөг ч юм уу арлын Японд л оны хамгийн анхны нар манд­даг юм биш. Өвөл цагийн нар мандахыг олон жил харж буйн хувьд хэлэхэд тал газраас нар цухуйхад их бүдэгхэн байдаг. Өглөө хэдий агаар тунгалаг ч гэлээ тэгш газрын хэт алслалт нар хоёрын дунд сэмжин үүлний хэвтээ байрлалаас өгсүүлээд дөнгөж цухуйх тэр хэдхэн секундийн агшинг бүү­дийл­гэх зүйл бишгүй то­хиолддог. Харин талын нар ман­даад жаахан дээр гарчихлаараа маш тод хурц болох нь дамжиггүй. Нэг удаа тал дээр нар мандах тэр агшинд наа­гуур нь мал бэлчиж ороод таг­ласан тохиолдол ч бай­даг. Мөн нар үзэхээр оч­сон хүмүүс нэг дор бөөг­нөрснөөс болоод нараа ч үзсэн юмгүй хэрэлдээд тарсан наргиантай явдал бий. Яг мандлаа гэмэгц нь уулга алдаад нэгнийхээ урдуур дэнхийтэл гүйж ороод халхалчихсан. Ар дахь нь бас л адилхан харчих санаатай холдоо­чээ гээд бахирч байх хоо­ронд нь нар аль хэдийнэ суга үсрээд тээр дээр гар­чихалгүй яахав. Газар мундсан юм шиг манай мон­гол­чуудын л зан байх­гүй юу. Өвлийн өглөө их хожуухан эхэлдэг юм чинь шөнийн баяраа жаахан эртхэн дуусгахад л хан­галттай нойр авах хугацаа бий.

Бид Хустайн  хөтөл дээр гараад яг нар тусах цэгийг уулын оргилд таа­руулан хүлээсэн юм. Уулын оргил нь бас орой дээрээ бүүрэг хэлбэртэй. Аяганы хонхор шиг тэр ялимгүй хотгор дотроос нааш ямар ч үүл утаа, ягаан жаваргүй тунгалаг байдлаар бидэн рүү анхны илчээ  тус­гатугай хэ­мээн хүлээв. Тэмээ ба хулгана хоёрын үлгэр шиг энд тэнд нар тусаад л гэрэлтээд л байсан.  Энэ өглөөний нар бидэнд анх­ны гэрлээ илгээхэд маш том, тунгалаг, өвөл гэ­хээргүй илчтэй байлаа. Хустай дахь өвлийн бай­галь ч янзтай. Үүрээр баахан буга өмнүүр сүрэг­лэн орж ирээд л тэрүү­хэнд дэлхийд ховорхон тахийн сүрэг хангинатал янцгаан давхилдахыг харсан хэ­ний ч хийморь сэргэнэ биз дээ. Уулын хөх салхи, үүрийн жавар, цэлмэг тэн­гэр дэх агаарын хөлөг­ний цагаан заман зураас, битүү цан хүүрэг болсон борог өвсөн дунд бид хэ­дээс өөр хэн ч алга. Хамт явсан Наран гэдэг нэртэй бөх барилддаг сайхан залуу "Үнэхээр гоё байна шүү. Ёстой жилийнхээ хийморийг сэргээ­чих­лээ" хэмээн дуу алдсан юм. Хам­гийн өнтэй дулаахан өвөл энэ жил гарлаа. Тэглээ ч өвөл цаг боло­хоороо үүрээр тачигнасан жавар хэсэг хай­раад л авна билээ. Бид задгай галд гараа ээн, халуун савтай цайгаа уун цасан дээр жаал сууцгаав. Энд хэдий хүйтэн ч буцаад утаанд булуулсан хот руу­гаа орно гэхээс бүгд л халгаж байв. Ийнхүү "Шинэ жилийн баяр"-аа тэмдэглэж, 2014 оноо, ирж буй морин жилээ Хустайн хөх салхийг зүсэн төвөр­гөх тахийн сүрэг рүү тахилаа өргөн угтсан юм.