Дарангуйлалын "аазгааг нь хөдөлгөдөг" үгс
Баабар Монголын цаг үеийн байдлыг "тайван замаар дарангуйлал руу шилжиж байна" хэмээн оноод хэлчихсэн
Баабар боловсролтой хүн. Тийм учраас улс, нийгмийнхээ ойрын ирээдүйн төлөв байдлыг багцаагаар хэлж чадна. Тэрбээр Монголын цаг үеийн байдлыг "тайван замаар дарангуйлал руу шилжиж байна" хэмээн оноод хэлчихсэн. Энэ шилжилт дуусахад монголчууд Дарангуйлалын гарт нэгэнт бяц атгуулчихсан байх болно.
Хайдеггер, аливаа юмс хүний хүсэл эрмэлзлэлийн эсрэг зогсож буй үедээ өөрийнхөө бодит утгыг мэдүүлдэг гэсэн. Ухаан нь эрх чөлөөг хүсэх хүний хүсэл дарангуйлалтай "мөргөлдөх" үед л Дарангуйлал "үнэн нүүр царайгаа" харуулж, түүний оппозициЭрх чөлөө хэмээгч өөрийн "бодит үнэ цэнээ" мэдүүлнэ. Харин нээлттэй нийгэмд Дарангуйлал "новшийн царай"-гаа нууж Эрх чөлөөг үнэгүйдүүлнэ.
Жишээ нь хойд солонгосчууд Дарангуйлалыг утгаар нь мэдэх бөгөөд Эрх чөлөөг хамгаас илүү хүсдэг юм. Тийм болохоор хойд солонгосын хүн; хатуу гар хэрэгтэй! чанга дэг журам тогтооё! эргэж социализмаа байгуулъя! гэх зэргээр Дарангуйлалыг мөрөөдөн хөөрцөглөж байгаа манай залуусыг харвал ертөнцийн хамгийн мунхаг улс гэх биз.
Энэ цагийн монгол залуус Дарангуйлалддаруулаад, дарангуйлагчаас ирэх хүчирхийллээс байнга айж ширвэгдэн амьдрах болсон тэр үедээ л одоогийн хойд солонгосчуудын адил эрх чөлөөг бодитоор мэдрэнэ л дээ. Өнөөдөр яахав, эрх чөлөөтэй болохоор Баабарын "тайван замаар дарангуйлал руу шилжиж байна" гэдэг үгийн сэрэмжлүүлэгийг үнэндээ "нохой хуцсан" чинээ ч үл тоож буй!
Өнөө үед Монгол Улсад Эрх чөлөө,түүний "гэр орон" болох Ардчилал үнэгүйдэж Дарангуйлал нэр хүндтэй болоод байгааг хэн ч үгүйсгэхгүй биз. Тэгээд л Баабар "шилжилт" эхэлснийг зарлаад байгаа юм шүү дээ!
Монгол улс дарангуйлал руу шилжих шилжилт огт санаанд оромгүй зүгээс гараагаа авч байгаа. Тэр тухай жич нарийвчлан авч үзнэ.
Энэ удаад, манай залуу үеийнхнийг ховсдон дарангуйлал руу хөтлөх ойлголт, үгс ирээдүйн дарангуйлагчийн захиалгаар "нойрноос сэрж" байгаа тул тэр үгсийн гарал үүслийн тухай нэн тэргүүнд өгүүлье.
Дундад зууны "нар жаргаж" Орчин цагийн "үүр цайж" байсан Гэгээрлийн цаг үед Жан Жак Руссо хэмээх эр ихэд алдаршсан. Руссо "Хүмүүсийн дундах тэгш бус байдлын үүслийн тухай" бүтээлээрээ, тухайн цаг үедээ моод болоод байсан "хувь хүн, оюун ухаан, хөгжил дэвшил" гэдэг ойлголтуудыг хайр найргүй дайрч "од" болсон юм.
Дараа нь мань эр "Нийгмийн гэрээ" нэртэй удаах бүтээлээрээ хувь хүний хүсэл эрмэлзлэл гэдгийн эсрэг "нийтийн хүсэл зориг","нийгмийн эрх ашиг" гэдэг шинэ ойлголтуудыг сөргүүлэн гаргаж иржээ.Гэхдээ, нийтийн хүсэл зориг бол "жинхэнэ ард түмний" хүсэл зориг, тэгээд ямагт "зөв байдаг" зэргээр яруу найрагч аятай уянгалуулаад байсан атлаа тэр нь яг чухам юу юм бэ гэдгийг тодорхойлоогүй, учир битүүлэг орхичихов. Энэ нь хувь хүний эрх,эрх чөлөөг үгүйсгэдэг, устгадаг шинэ арга замын эхлэлийг тавьсан гайтай хэрэг болжээ.
Гайтай явдал ч удалгүй эхэлсэн .
Францад хаант засгийн эсрэг хувьсгал болов. Хувьсгалаар парламентийн ардчиллыг тогтоов.Гэтэл төд удалгүй Руссог шүтдэг якобинчуудын нам, эсрэг этгээдүүдээ терророор айлгах, олон түмнийг үгээр ховсдон өөртөө татах зэргээр дарангуйллаа тогтоохоор шуудрав. Энэ зорилгодоо мөнөөх учир битүүлэг "нийтийн хүсэл зориг" гэх ойлголтыг шүүрэн авч "урдаа" бариад дайрч эхэлсэн аж.
Уг нь Францын хувьсгалын зорилго хувь хүнд эрх чөлөө олгох зорилготой ,уриа нь хүртэл Эрх чөлөө! Тэгш эрх! Ах дүүсэг ёс! гэсэн юм шүү дээ! Харин якобинчууд, нийтийн хүсэл зориг гэдгийг "улс үндэсний эрх ашиг" , "хувьсгалын язгуур эрх ашиг" гэх зэргээр коммунитари утгатай үгс болгон задлаад, өөрсдийнх нь дарангуйллыг эсэргүүцсэн хүн бүрийг хүчирхийлэн дарахад ашигласан юм. Гаргууд ашигласан.
Ийнхүү,якобинчууд дарангуйллаа тогтоох чин хүслээ "нийтийн хүсэл зориг" зэрэг үгсээр нуун далдалаад тэмцэхдээ хэсэг зуур боловч амжилтанд хүрснээрээ улстөрийн үйл ажиллагааны цоо шинэ загварыг бий болгосон. Олон түмэндсонсголонтой атлаа учир битүүлэг тодорхойгүй ойлголт, үгсээр; олон түмнийг яаж ховсдон дагуулж болдгийг, хувьсгалын жинхэнэ зорилгыг мушгин гуйвуулж өөртөө ашигтай байдал яаж бий болгодгийг, эсэргүүцэгчдийг яаж буруутган устгаж болдгийг яруу тодоор үлгэрлэн харуулсан.
Үнэхээр шинэ туршлага. Хувьсгалт улс, нийгмийн язгуур эрх ашгийн төлөө Эрх чөлөө,Тэгш эрх,Ах дүүсэг ёсыг "түр зууртаа хойш тавьж" диктатур тогтооход хүрлээ! хэмээн якобинчуудыг зарлахад ухаантнууд хүртэл няцаах ухаанаа олохгүй байсан юм шүү дээ.
Диктатур тогтоох якобинчуудын оролдлого бүтэлгүйтсэн.Гэхдээ тэдний эхлүүлсэн улстөрийн шинэ туршлагыг амжилттай хэрэгжүүлэх хүн нь удалгүй олдсон. Тэр хүн бол Наполеон Бонапарт билээ.
Наполеон, нийтийн хүсэл зориг, нийгмийн язгуур эрх ашиг мэтийн үгсээр бамбай хийн өрсөлдөгч нараа жадалсаар эхлээд дарангуйлагч, дараа нь хаан болсон юм даа.
Ёстой хачин байлаа. Францын "колоничилол"-ын эсрэг тэмцэж явсан "хаа холын"корсик залуу Францын хаан болчихов. Руссогийн нийтийн хүсэл зориг, нийгмийн эрх ашиг гэдэг ойлголтыг эгзгийг нь олоод хэрэглэж чадвал ийм хүчтэй,тийм ид шидтэй ажээ.
Чухамдаа Францын хувьсгалаас хойш бүх төрлийн, бүх хэлбэрийн дарангуйлагчид бүгдээрээ, эрх мэдэлд найгүй шунах хувийн хүсэл зоригоо нийтийн хүсэл зориг гэдгээр халхавчлах аргыг олж авсан юм. Өөрийнхөө төлөө дарангуйлал тогтоох гэж байна гэхийн оронд нийтийн хүсэл зориг,нийгмийн эрх ашгийн хамгаалах гэж л дарангуйлал тогтоолоо гэхэд олон түмэн дагана. Урьдын цагт бол хаад "Бурханы хүсэл зориг" гэдгээр гул барьдаг байсан. Шинэ цагийн дарангуйлагчид "Ард түмний хүсэл зориг" хэмээн сольжээ.
Нийтийн хүсэл зориг гэдэг ойлголт төрсөн цагаасаа хойш өнөөг хүртэл,тухайн нөхцөлд дарангуйлагчийн хүсэл сонирхолоос хамаараад ; ард түмний хүсэл зориг,улс нийгмийн язгуур эрх ашиг, хувьсгалын эсэргүү,ангийн дайсан,хамтын олны эв нэгдэл,итгэл үнэмшил гэх мэт үгс болон хувирсаар байгаа . Эдгээр үгс, хувь хүнийг хүчирхийлэн дарангуйлах явдлыг "зүй ёсны байдал" мэт болгодог увидастай."Хувьсгалын эсэргүү" гэсэн шошго наан жинхэнэ хувьсгалчийг цаазлах,"ангийн дайсан" хэмээн төлөөлсөн ангийнхаа гишүүнийг устгах ,"улс нийгмийн язгуур эрх ашиг" гэнгүүтээ хувь иргэнээ хэлмэгдүүлэх, "хамт олны эв нэгдэл" гээчийн төлөө үнэнийг өчсөн нөхрөө өширхөн шившиглэх,"эх орныхоо төлөө" уриагаар ясны эх орончдыг урвагч болгон яллахад хуульгүй ч байсан төөрсөн олон түмэнд бол зүй ёсны мэт харагдана. Тийм учраас л "нийтийн хүсэл зориг" гэдэг энэ бүрхэг ойлголтоос гаралтай үгс Дарангуйлалын "аазгааг нь хөдөлгөдөг" байсаар иржээ! Одоо ч хөдөлгөсөөр буй!
Муссолини Италид,Гитлер Германд,Сталин Орост нийтийн хүсэл зориг гээчийг өөрийн хүсэл зоригтой эрээ цээргүй тэнцүүлэн "тоглож",тоталитари дэглэмийг босгож байх үед Людвиг Витгенштейн гэдэг хүн өрнийн философийн "од" болов. Витгенштейн , хэл бол хүний санаа бодлыг илэрхийлэх хэрэгсэл байгаад зогсохгүй ухамсарыг нь удирдан ажиллуулдаг болохыг илрүүлжээ. Тодруулахад, хэл бол нийгмээс бүтээсэн "софтвер" маягтай зүйл байсан юмсанж.
Витгенштейнийн энэ "нээлт"-ийг нийгмийн улстөрийн харилцаанд буулгаад харвал, улстөрчдийн үйл ажиллагааны нэг зорилго бол хэл буюу "софтвер"-ийг ашиглан олон түмний оюун ухааныг ховсдож араасаа дагуулах явдал гэдэг нь ойлгогдоно. Нэн ялангуяа хэлэн дэх тодорхойгүй учир битүүлэг үгс бүр ийм боломж олгодог гэдгийг улстөрчид туршлагаараа мэднэ.
Витгенштейн; дэлхийн дайнууд,хувьсгалууд,иргэний дайнууд,супер дарангуйлагчдын мандалт болоод сүйрэл зэргийг бүгдийг өөрийн биеэр үзсэн. Тэр их үймээн самуун аллага хядлага ард түмний хүсэл эрмэлзлэл,нийтийн хүсэл зориг гэсэн мөнөөх ойлголтоор тоглосон улстөрийн тэмцлийн хөрсөн дээр явагдсан юм.
Ард түмэн, нийтийн хүсэл зориг зэргийг хамгийн ичгүүргүй бөгөөд эрээ цээргүй ашиглан олон түмнийг ховсдож чадсан удирдагчид болоод улстөрийн жигүүрүүд ялж байлаа. Хувь хүн гээч хөөрхий, сүйдсэн.
Тэгээд Витгенштейн аливаа ховсдуулалтаас хүний оюун ухааны "эрүүл ахуйг" хамгаалахын тулд, утга бүрхэг ойлголтын контекстийг яв цав тодорхой болгох нь философийн гол ажил хэмээн лүндэгнэсэн авай!
Дахин дахин цохон анхааруулахад, хувь хүнийг гэсгээн цээрлүүлэх явдлыг зүй ёсны мэт харагдуулдаг нийтийн хүсэл зориг гээчийн "террорист" хувилбар болох "нийгмийн язгуур эрх ашиг" гэх бүрхэг ойлголт ирээдүйн дарангуйлагчийн захиалгаар "ажлаа хийхээр айсуй"! Витгенштейн шиг, бид бүрхэг ойлголтыг тодорхой болгохыг шаардах хэрэгтэй!
Миний ойлголтоор манай нийгмийн язгуур эрх ашиг гэдэг бол монгол хүний эрх, эрх чөлөөний халдашгүй байдал! Хүний эрх, эрх чөлөөг хангах нь төрийн үндсэн үүрэг гээд манай Үндсэн хуулинд тов тодорхой заасан байгаа!
Дарангуйн сэтгэлгээтэй улстөрчид болон шинэ коммунистууд санаатайгаар Дур зоргыг Эрх чөлөөтэй хутган гутааж байна! Жирийн иргэдээс биш шунхай улстөрчид төрийн дээдсээс тэр Дур зорго чинь төрсөн юм шүү!