Спорт ч ойлгомжтой, энэ биеийн тамир бас л биш ээ
Хоёр лагерт хуваагдан хүйтэрч дайнжсан дэлхийг спорт л зөөлрүүлж нөхөрлүүлж байлаа. Биеийн тамир спортын хүн төрөлхтөнд үзүүлсэн гол гавьяа нь энэ юм. Коммунист систем нуран унаж зах зээлийн эрин үе хүчээ авч буй өнөө үед уг салбарын улс төрийн ач холбогдол багасаж, бизнес тал руугаа давамгайлах шинжтэй болжээ.
Хэрэв төр нь үзэл суртлаа бус иргэнээ боддог нийгэмд бол их спорт нь сайн дурын л асуудал юм. Гоц авьяастан, тусгай төрсөн хүмүүс улсын зардлаар тэр чиглэлээрээ уралдахад буруу юу байхав. Харин бүх нийтийг биеийн тамир спортод уруу татах нь алдаатай бодлого болоод байна. Улс төр, бизнесийнхний өмсдөг энэхүү бээлий нь жирийн иргэдийн аж амьдрал, эрүүл мэнд, боловсрол, хүмүүжилд гойд ач холбогдолгүй. Спортод татагдан орсон шалтгааны дийлэнх нь эрүүл мэндийн чиглэлийн сурталчилгаанаас үүдэлтэй байдаг. Байгууллага хамт олон ажилчдынхаа эрүүл мэндэд анхаарч байгаа нь энэ гээд “Бага олимп”, “Спартакиад” зохион байгуулж, түүнийг нь төр засгаас хөхиүлж, зөв зохистой арга хэмжээнд тооцсоор ирсэн. Спортоор тогтмол хичээллэсэн эрүүл бие дэх саруул ухааны номлол бидний эмээ өвөөгийн үеэс л ид яригдаж эхэлсэн байх. Хүний амьдралын эхний хэдэн үеийг туршлага хуримтлуулж гээд уучилж болох юм. Мөн үүнтэй зэрэгцээд биеийн тамир спортын ямар ч ойлголт байхгүй, түүнд огт хамрагдаж байгаагүй өчнөөн хөгшчүүл өнөө хэр үнээ малаа саагаад зүв зүгээр яваад байх юм. Энэ тухай судалгаа хийсэн тайланг харах, эрдэмтдийн гаргасан дүгнэлтийг хүлээх шаардлага байхгүй. Цаг хугацаа гэдэг сайхан юм өөрөө аяндаа хэлээд өгөх юм. Төр засаг, олон нийтийн байгууллага хөдөлгөөнүүд дуу дуугаа авалцан биеийн тамир спортыг алдаршуулан магтан дуулаад л байсан. Энд тэндгүй л байгууллагаараа цаначин боллоо, теннис, гар бөмбөг, сагс тоглодоггүй хүн, хүн биш юм шиг л байв. Тавин жил, бараг зуун жил спортсмен явж үзэцгээлээ. Эм тариа биш болохоор спортыг эхлээд хулгана мэлхий дээр туршаагүй. Одоо үр дүнг тооцох цаг аль хэдийнэ өнгөрчихөөд байхад урамтай юм сонссонгүй. Хүмүүс элдвийн саваагүй зангүй тусмаа илүү гоолиг, хөнгөн шингэн, эрүүл саруул амьдарсан байдаг. Тэгвэл спортоор их хичээллэсний эцэст өвчний үүр, хөгжлийн бэрхшээлтнүүд болон хувирах нь түгээмэл, ялангуяа зүв зүгээр явж байснаа “зүрх”-ээр гэнэт нөгөө ертөнцөд одсон сураг их дуулдах юм. Сүүлийн үед моод болоод байгаа фитнес, боди-гоор өөрийгөө тарчлаагсад хайран цаг хугацааг хивж, алба амины эдийн засгийг туйлдуулахаа алдаж байна.
Тэрбумтан, төрийн сайд дарга нар чухал арга хэмжээ уулзалтаа шууд орхиод хаашаа ч юм таг алга болчихдог. Сүүлд сонсоход заал руугаа гүйж ороод өргөж тээх дасгалаа хийн хөлсөө гоожуулаад суучихсан байна. Аж амьдралаа хүртэл хойш нь тавин байж спортод үнэнчээр зүтгэснийх ядаж эрүүл мэнд нь баталгаатай байж чадсан бол яамай гэхсэн. Өнөөгийн энэ халдварт, хавдарт өвчин эмгэгээс хамгаалахад хэрэг болохгүй. Харин ч хамгийн түрүүнд ханиад тусна. Байнга бэртэж гэмтэнэ.
Шинэ жилээр аятайхан даашинз өмсөх гээд бүсгүйчүүл нэлээд хугацаанд фитнесээр хичээллэдэг. Энэ тухай бичилтгүй бараг бүгд хэлнэ дээ. Даанч урамгүй шүү. Гурван сар хичээллэснийх ядаж ганц сар дураараа идэж уухад жин бан дээрээ санаа зоволтгүй явж чаддаг билүү. Арай гэж гурван “хил” хасаад ганц өдөр өнжөөд жаахан идсэний маргааш буцаад л хуучиндаа орчихдог. Энэ үнэн биз. Өвчин нь хэт таргалалтаас үүдэлтэй. Хүмүүс өнөөдөр дайны өлсгөлөнгийн үед амьдарч байгаа мэт байнга идэх юм мөрөөдөн шүлсээ залгин амьдрах боллоо. Энэ зовлонгоос салгах авралын од нь спорт л лав биш. Мөн байлаа ч хэтэрхий их өртөгтэй.
Манай бөхчүүл олны өмнө аятайхан галбиртай харагдахыг боддог юм байна л даа. Бэлтгэлийн чөлөө цагаараа хэвтээ шахалт хийхээр хөх нь түхийгээд нэг хэсэг сайхан болдог гэнэ. Тэгээд уг дасгалаа хийлгүй өнжчихлөөр л шалчийгаад хуучиндаа орчихдог. Хэрэв галбираа байнга анхааръя гэвэл барилдах, бэлтгэл хийх ч зав гарахгүй юм билээ гэж байна.
Биеэр хийх ажил хөдөлмөр хөнгөвчлөгдөөд буй өнөө үед хөдөлгөөнийг нөхөх хэрэгсэл нь биеийн тамир гэдэг. Энэ нь Монголын нөхцөлд тохирч өгсөнгүй. Эсвэл тохируулж чадсангүй.
Бид хэдэн мянган жилийн турш гүйх нь байтугай явган явж үзээгүй ард түмэн шүү дээ. Ядарсан ч янгиагаа тохох унаатай гээч. Мөн түүнээс гадна өдөр турш хонь мал хариулах процесс нь тийм хөлс асгаруулсан хөдөлмөр биш. Бусад эрхлэх аж ахуй нь ч туйлдаж ядрахаар гүйсэн харайсан өргөсөн тээсэн юм болдоггүй. Гүү саах, унага татахад бяр биш эв ордог. Хөдөлгөөн гээд гойд хийсэн юмгүй атлаа хооллох болохоор тарган махыг цадталаа цохиж аваад унтаад өгнө. Иодтой давс ч хэрэглэх энэ тэр бол бүр үгүй. Ингэхэд одоо аль нь зөв зарчим болоод байна даа таминь. Биеийн тамир спортгүй байсан үеийн монгол эр эм хүмүүсийн фото зураг дандаа л туранхай шөрмөслөг харагддаг. Бөх нь хүртэл чөрийсөн юм. Тэгэхлээр энэ хөдөлгөөн дутагдах гэдэг ойлголт бидэнд л лав хамаагүй юм шиг. Муур гахай хоёрын хөдөлгөөн бас их сонин. Гахай могжигноод үргэлж гүйж явдаг бол муур өдөржин шөнөжин унтана. Эцсийн үр дүнд энэ хоёр амьтны таргалах жингээ барьсан байдал манай онолын эсрэгээр илэрхийлэгддэг. Орчин цагийн япончууд муур аятай бүх л юманд болгоомжтой удаан, сүүлд хөдлөх боловч хөгжлөөр ямагт хошуучилна. Харин бид гахай шиг түнтэгнэж гүйгээд юм болгоны туршилтын туулай болж явна. Улс орон маань олон ч туршилтанд хамрагдлаа. Цаашид таргалах, турах, эрүүлжих элдэв туршилтад орохоос үнэндээ халгаж байна. БТС-ын өөр ямар нэгэн шинэ давалгаанд ч өртмөөргүй байна. Яамаар ч юм бэ дээ. Яамтай болсных спортын талаар төрөөс баримтлах чигээ сайжруулан шинэчилж засмаар юм их байна. Өнөөгийн монголчууд хэсэгхэн хугацаанд хүрз, нийвий барьж гар ажиллагаатай явснаа одоо гар утас, ширээ, жолооны ард дарга цэрэггүй суугаад авлаа. Эрт урьд цагт бэлчээр дээрээ өдөржин овойж суудаг байсан бол өнөөдөр өрөөндөө, кабиндаа хуруугаа хөдөлгөх төдий хөдөлгөөний адил төстэй хэмнэлд буцаад оччихлоо. Тэгэхлээр гимнастикаа өөрчилсөн нь зөв байх. Өөрчилж байгаа нь гээд дахиад туршилтанд оролгүйгээр цаг хугацааны шалгуур давсан хуучин цагийн уламжлалаас хайж үзвэл ямар вэ. Жишээ нь хүмүүс өдөр болгон мөргөл үйлддэг, байсгээд найрладаг байсан. Найран дээр хоёр тал болж байгаад хангинатал дуулна. Уянгалаг хөгжмийн аясанд харвах, гайхалтай өвөрмөц хөдөлгөөн бүхий бий биелгээг хийхдээ түүндээ уусч зүрх сэтгэлээ шингээсэн байдаг. Одооных шиг “1.2.3...марш...” гэсэн хэг ёг албадлага байхгүй. Биеийн тамирын хичээлээр орчин үеийн спортыг заахаас гадна хөдөлгөөнийг дээрхээс санаа аван урлаг, шашинтай холбовол байнга хөдлөх олон шалтгаан, ач холбогдолтой болно.
Кино, концерттэй адил билет таслаад мөнгө олохгүй л бол энэ спортын уралдаан тэмцээний хэрэг юу байна. Манай Монголд үндэсний бөхийн улс аймгийн цолтнуудын барилдаанаас өөр ашиг олчихоор спортын тэмцээн байдаггүй. Өөрийн гэсэн олимп дэлхийн аваргуудтай төрлүүд өөрийн орондоо дэлхийн хэмжээний уралдаан зохиогдсон ч очиж үздэггүй. Энэ нь төр засаг л улс төрийн дотоод гадаад сонирхолдоо их спортыг ашиглаж байгаа болохоос жирийн иргэдийн хувьд үнэгүй жудог биш, үнэтэй Жавхлангийн тоглолт илүү сонирхолтой. Ард түмний үг, үйл нэгийг хэлээд байгаа юм. Тэрнийг болиулж зааланд хөөж оруулах биш харин сонсох хэрэгтэй. БТС хөгжлийнхөө чинээнд дөхөж байгаа мэдрэмж төрөөд байх боллоо. Англи хүн хөлбөмбөгөө, япончууд сумо барилдахаа өөрсдөө улам больсоор л байна. Харин ирж үздэг нь хэвээрээ. Манай баячуул морь уядаг атлаа өөрсдийнхөө хүүхдийг унуулдаггүй шиг. Ер нь спортод горилогсод гэгч нь аль нийгмийн давхаргын ямар үндэстэн зонхилж байгааг ч бодууштай юм билээ.
Биеийн тамир нь эрүүл мэнд, чөлөөт цагт хэрэгтэй гэдгийг ойлгосон ч ер нь хүмүүс түүгээр тогтмол хичээллэх тун дургүй дээ. Аль ч цаг үед тийм л байсан. Соёлын довтолгооноор нийтийг спортын секцэнд хуу хамж байсан. Эцэст нь хүмүүс усанд орж, шүдээ угааж хэвшсэн болохоос зарятка хийж сураагүй. Газар болгонд цөөн тооны спортын фанаат, хэнээтнүүд бол бий. Тэдний зүгээс амьтан уруу татаж, дарга нараар төсөв гаргуулж тэмцээн зохиодог юм. Зарим нь ажлынхнаасаа хариугаа авч чадах зорилгоор спортын арга хэмжээ найруулдаг гэж байгаа. Тэр хамт олны тэмцээн уралдаан нь жижиг гэлтгүй хөөрхөн шар хор буцлуулна. Хэрүүл маргаан үүснэ. Атаа жөтөө луйвар булхай болно. Тоглоод байгаа ч юм шиг, шоглоод ч байх шиг. Хүмүүс их бэртэж гэмтдэг. Бэртдэггүй юм гэхэд ойрд хөдлөөгүй бие буларч сүүний хүчил нь исэлдэн бие нэлдээ маш их өвддөг. Энэ нь эрүүл мэндэд тийм сайн юм биш шүү дээ. Ийм алдаг оног биеийн тамирын арга хэмжээ ба байнгын өглөө үдэш шогших аль нь ч дэмий гэдгийг өнгөрөн одсон цаг хугацааны дараа л мэдэж авав. Арай өргөн хүрээний улсын чанартай уралдаан томрох тусам их муухай юм болдог. Олон сайхан анд нөхөдтэйгээ тангараг тасарч гомдоосны эцэст энгэртээ медаль зүүх бол түгээмэл. Дараа нь спортоо спиртээр угаах гэдэг юм болно. Цус асгаруулан хөнөөлдөж байхаар энэ нь арай дээр гэсэн тэмцэл тулааны л нэг хувилбар юм. Энэний оронд байгууллага хамт олноороо, гэр бүлээрээ салхинд гарч дуулж бүжиглэдэг, харзны усанд шумбадаг, мөргөж залбирдаг өдрүүдтэй болж хэвших нь хамаагүй дээр. Ялангуяа Улаанбаатар хотод хамаагүй гүйвэл угаартана шүү. Дулаахан ба баян орны хийх ажилгүй иргэдийн хувьд бол өөр байх л даа.